Төө алаг шартай эмгэн

Төө алаг шартай Тооцго эмгэн гэж байж гэнэ. Алаг шараа алж иджээ. Богино хавиргыг нь босон суун идээд ч барсангүй, өндөр хавиргыг нь өнжин хонон идээд ч барсангүй гэнэ. Хавирганы нь хугархайг гэртээ идээд ч барахгүй, гадаа идээд ч барахгүй юмсанжээ.
Тэгээд идэх хүн эрээд явжээ. Нэг шаазгай дайралдаж эмгэнийг “Чи хаачиж яваа вэ?” “Алаг шараа алж идсэн сэн. Хавирганы нь хугархайг идэж барахгүй. Идэх хүн эрж явна” гэсэнд шаазгай
“Би очиж идье” гэв. ...
“Чи юугий нь идэх вэ?” гэж.
“Би өрөөсөн нүдий нь өөхөн цөвдөлтэй нь иднэ” гэж.
“Чи идэж хороохгүй, тусгүй!” гэж цааш явжээ. Бас идэх хүнийг эрээд явжээ.
Нэг хэрээ дайралджээ.
“Эмгэн хаачиж явна?” гэж.
“Би алаг шараа алж идсэн юмсан. Хавирганы хугархайг барахгүй. Идэх хүн эрж байна.
“Би очиж идье” гэв.
“Чи юугий нь идэх вэ?” гэжээ.
“Өлөн гэдэсний нь тасархайг өрөөсөн нүдтэй нь иднэ”
“Өө, чи тусгүй, хороохгүй юмаа” гэжээ. За тэгээд цааш явжээ. Идэх хүнийг эрээд явжээ. Тэгсэн нэг мангас дайралджээ.
“Ээ хэ-хэ-хэ, эмгэн гуай хаачиж явна?” гэжээ. Тэгсэн
“Алаг шараа алж идсэн юмсан. Хавирганы нь хугархайг барахгүй. Та очиж иднэ үү?” гэжээ.
“Ээ хэ-хэ-хэ!”
Тэгээд мангасыг дагуулаад гэртээ иржээ. Нэг завьжаараа махыг, нэг завьжаараа ясыг цувуулаад идчихжээ. Тэгээд эмгэнийг үүрээд явжээ. Явж явж нэг модон дээр амарчээ. Тэгсэн эмгэн мод үүрүүлчихээд гэртээ явчихжээ. Эмгэн гэтээ буцаад явж байжээ. Тэгэхлээр нь хойноос нь яваад бариад авчээ. Бас үүрээд явжээ.
Явж явж нэг хадан дээр амарчээ. Тэгэхлээр нь хад үүрүүлчихэж. Эмгэн буцаад явжээ. Мангас нэлээд явж тэгснээ
“Эмгэн минь ийм хүн билүү? Ийм тарган сан билүү?” гээд эргээд харжээ. Хад үүрээд явж байжээ.
“Аа ингээд байгаа юу?” гэж
Хадаа хаячихаад буцаад явжээ. Эмгэнийг бариад авч, үүрээд явжээ. Гэртээ иржээ. Гэртээ ирээд
“Хэ-хэ-хэ гэж. миний хэдэн хүүхэд эмгэнийгээ болгож идээрэй!” гэж хэлээд тоононоосоо бүдүүн аргамжаар оосорлоод зүүчихжээ.
“Дороос нь их гал түлж болгож идээрэй” гэсэн. Тэгээд өөрөө гөрөөлөхөөр явжээ. Тэгсэн эмгэн хэлжээ:
“Хүүхээд, их хутгаа аваад аль” гэжээ.
“Тос нь гоожлоо” гээд л долоожээ. Тэгсэн сэн хутга аваад тас огтлож тэгээд буужээ. Мангас таван хүүхэдтэй юмсанжээ. Таван хүүхдийн нь алж нэг их тогоо гал дээр нь тавиад чанажээ, таван хүүхдий нь махыг чанаж, таван толгойгий нь орон дээр нь тавьж хөнжлөөр хучжээ. Тэгсэн баруунтай нь их хар тэвш байжээ. Тэрэнд нь махыг гаргажээ. Хүүхдийн нь цусыг нь гэдсэнд нь хийж өвөртлөөд баруун урд туурга завсар нь зогсоод байжээ. Тэгсэн орйо болжээ. Тэгтэл мангас ирж гэнэ.
“Хэ-хэ-хэ! Миний хэдэн хүүхэд эмгэнийгээ болгоод байгаа юу?” гэж.
Тэгж хэлээд махнаас нь идэж гэнэ. Эмгэн
“Ичгээ ичгээ. Хүүхдийнхээ махыг иддэг” гэж.
-Хэ-хэ-хэ! Баруун хана маань горьдож” гээд нэг хөлий нь өлгөж тэгээд бас иджээ. Эмгэн гэрийн хойно гарч
“Ичгээ ичгээ. Хүүхдийнхээ махыг иддэг” гэж.
“Хэ-хэ-хэ! Хойт хана маань горьдож” гэж нэг хөлий нь өлгөөд бас өөрөө идэж гэнэ. Эмгэн зүүнтэй нь гарч
“Ичгээ ичгээ. Хүүхдийнхээ махыг иддэг” гэжээ.
“Хэ-хэ-хэ! Зүүн хана маань горьдоо юм байх” гээд нэг хөл өлгөжээ.
Эмгэн үүдийг сөхжээ. Мангас харжээ. Хөнжлөө сөхжээ. Таван хүүхдий нь толгой ойчжээ. Эмгэнийг мангас хөөжээ. Эмгэн их мөсөн дээр зугтаажээ. Эмгэн хальтраад унаж байтал цус цутгаад гоожсон байна. Тэгэхлээр мангас
“Миний хүүхдийг чи алсан тулд би чиний цусыг иднэ” гэж өөрийнхөө хүүхдийн цусыг долоожээ. Эмгэний цус гэж санажээ. Тэгсэн мангасын хэл нь мөсөнд авцалджээ. Тэгэхлээр мангас хэлэв:
“Эмгэн, би чамайг алахгүй. Чи миний хэлийг мөснөөс салгаач” гэв. Тэгэхлээр нь Тооцгон эмгэн очив. Мангас бас хэлэв:
“Хэл мөс хоёрын завсраар цавч” гэжээ. Тооцгон эмгэн “Аман хүзүү агтан хүзүү хоёрын завсраар цавч гэн үү чи?” гээд сүхээр нь толгойгий нь тас цавчжээ. Ингээд амар сайхан жаргажээ.


Цааш нь...

Эрдэм сурсан хүү

Эрт урьд цагт ганц хүүтэй өвгөн эмгэн хоёр байжээ. Гэтэл хүү нь нэг өдөр гэнэт мэдээ чимээгүй алга болчихож гэнэ. Эцэг эх хоёр ганц хүүгийнхээ хойноос санаагаар унаж үргэлж асууж сурагласаар байсан боловч огт сураг гарсангүй. Гурван жилийн дараа хүү нь гэнэт ороод ирж гэнэ. Эцэг эх хоёр бөөн баяр болжээ.
- Миний хүү гурван жил хаагуур хаагуур явж юу юу үзэж сурч ирэв? гэж асуужээ. Хүү,
- Би гурван жил олон газраар явлаа. Гурван зүйлийг сурлаа. Эхний нэг жилд нь үсэг бичиг сурлаа. Хоёр дахь жилд нь дуу дуулж хөгжим дарж сурлаа. Гурав дахь жилд нь шатар тоглож сурлаа гэж ... хэлжээ. Ингээд гурвуулаа хуучин ёсоороо амьдран суужээ.
Нэгэн өдөр хэсэг аянчин явж байгаад тэр айлын ойр ирээд бууж үдлэв. Нөгөө хүү тэр аянчин дээр очиж үзвэл нэг том ноён явж байна гэнэ. Хүү ноёны амар мэндийг мэдээд,
- Ноён та хаа хүрэхээр морилж явна? гэж асуужээ.
- Би алс холын нэг гүрний эзэн хаантай очиж уулзахаар явж байна гээд,
- Чи энд юу гэж ирэв ээ? гэж хүүгээс асуужээ.
- Би худалдаа хийхээр явж байна гэж хүү хариулжээ.
- Чи юуны худалдаа хийх юм бэ? гэж ноён асуужээ.
- Би өөрийгөө худалдана гэж хүү хариулжээ.
- Тэгвэл чиний бие ямар үнэтэй юм бэ?
- Миний бие нэг тулам алтны үнэтэй гэж хүү хариулжээ.
Ноён “Энэ муу хүү намайг алт мөнгөгүй гэж басамжилж байна. Үүнээс сүүлд хариугаа авна” гээд нэг тулам алт аав ээжид нь өгөөд нөгөө хүүг тулманд хийж нэг бичиг бичиж толгойных нь үсэнд уяад туламныхаа амыг үдээд “Манайд аваачиж тушаа” гээд хоёр зарлагаар явуулжээ. Тэгээд хоёр зарлага хүүг аваад буцаад явжээ. Хүү замдаа тулман дотор хачин сайхан дуу дуулж явж гэнэ. Хоёр зарлагын сэтгэл уярч өрөвдөөд туламнаас нь гаргаад ил авч явах болжээ.
Гурвуул явсаар нэг их зэгстэй голын дэргэд үдлэжээ. Хүү тэр зэгснээс нэгийг авчирч лимбэ хийгээд гайхамшигтай сайхан лимбэдэж гэнэ. Хоёр зарлага чагнасаар байгаад унтчихжээ.
Энэ завсар хүү үсэндээ байгаа бичгийг авч үзвэл “Үүнийг шоронд хийгээд намайг очтол сайн цагдаж байгаарай” гэсэн байжээ. Түүний нь аваад оронд нь “Үүнийг манай гэрт суулгаж сайхан хоол өгч дураар нь байлгаж сайн асарч бай” гэж бичээд үсэндээ уячихжээ.
Тэгээд өнөөх хоёр зарлага сэрээд хүүг дагуулан цааш явсаар ноёны гэрт ойртохын үед хүүг тулманд нь хийж үдээд аваачиж захирагчид нь тушаажээ.
Захирагч нь тулмыг ханзалж үзвэл нэг залуу хүү гарчээ. Түүний үсэнд байгаа бичгийг үзвэл “Үүнийг манай гэрт суулгаж сайхан хоол өгч дураар нь байлгаж сайн асарч бай” гэсэн байжээ. “Тэгээд тулманд хийж явуулдаг нь яаж байгаа юм бол? Хүнд үзүүлэхгүй чухал хүн байсан юм болов уу?” гэж элдвийг бодсоор ноёны хатан өнөөх бичгийг нь аваачиж үзүүлээд хүүг ноёныд суулгажээ.
Хүү ноёны гэрт янз бүрийн сайн хоол хийлгэж идээд дураараа суудаг болжээ. Ажиглавал баруун хамар дээр нь ер хүн гарахгүй бололтой юм гэнэ. Нэг өдөр нэг хүнээс хүү,
- Энэ баруун хамар дээр яагаад хүн гардаггүй юм бэ? гэж асуужээ.
- Энэ баруун хамрын цаад талд нэг их шатарчин айхавтар хааных байдаг юм. Тэр хаан өөртэйгээ шатар тоглоод хожигдсон хүний толгойг авдаг юм гэж нөгөө хүн хэлжээ. Үүнийг сонсоод хүү “Би нэг жил шатрын сургууль хийж шатар сурсны хэрэг юу билээ. Энэ хаантай нэг нүүгээд үзье. Ер нь энд удаж байж бүтэхгүй байх” гэж бодоод нэг өдөр баруун хамар дээр гарч гэнэ. Гэтэл тэр хааны манаач нар нь барьж аваачаад хаантай уулзуулжээ.
- Чи юу гэж энэ зүүн хамар дээр гарч ирэв? гэж хаан асуужээ.
- Би эндэхийн хүн биш учраас гардаг гардаггүйг мэдсэнгүй, зүгээр хэсэж явтал танайхан барьж авчирлаа гэж хүү хэлжээ.
- За тэгвэл хоёулаа шатар тавина даа. Хожигдвол толгойгүй гэж мэдээрэй гэж хаан хэлжээ.
- За би ч шатар мэддэггүй дээ гэж хүү хэлжээ.
- Мэдэх, мэдэхгүй хамаагүй гэж хаан хэлээд шатраа аваад ирж гэнэ.
- Тоглож байгаа юм болохоор хэн хожигдсон нь адилхан л шийтгэлтэй байна биз дээ? гэж хүү асуужээ. Хаан,
- Чи хожих заяатай төрсөн бол тэр хожсон үед чинь болъё гэж гэнэ.
- Үгүй, тусгүй. Тоглоом болохоор урьдаас сайн болзож тогловол дээр гэж хүү хэлжээ.
- Чи тэгээд яах гээд байгаа юм бэ? гэж хаан уурлаж гэнэ.
- Та намайг хожигдвол толгойгүй гэсэн шүү дээ. Та хожигдвол бас л толгойгүй болох ёстой. Энэ бол тоглоомын мөрий болохоос биш хаан төрийн хууль биш шүү дээ. Хэрэв ингэж тогтвол цаасан дээр биччихээд дэргэдээ хоёр сэлэм тавиад тоглоё гэж гэнэ.
Хаан “Энэ муу хүү байтугай нэртэй сайн шатарчин намайг хождоггүй юм чинь. Энэ намайг яаж хожих вэ дээ. Нэгэнт хожихгүй юмыг юу ч гэсэн яах вэ” гэж бодоод,
- За яах вэ, чиний хэлснээр болъё гэж хэлээд бичээчээ дуудаж "Бид хоёрын хэн хожсон нь хожигдсоныхоо толгойг авна” гэж бичүүлээд дэргэдээ хоёр сэлэм тавиад тогложээ. Эхлээд нэг тавьсанд хэн нь ч дийлсэнгүй тэнцжээ. Гэтэл хааны царай хачин болж их л тэвдэж байх шиг болж гэнэ. Дараа нь нэг тоглоод хүү хожоод хэлэлцээр ёсоор хааны толгойг тас цавчжээ. Хааны түшмэлээс эхлээд хавь ойрын нь амьтад тэр хүүд их баярлаж гэнэ.
Тэр хаан өдөр бүр нэг хүнтэй заавал шатар тавьж толгойг нь авдаг байсан учраас ойр хавийн хүн амьтан маш их дургүйцэх болсон юмсанж. Энэ үед нөгөө алс хол явсан ноён нь иржээ. Үнэндээ тэр ноён энэ аюулт хаанаас зугтааж явсан байжээ.
Ийм учраас тэр ноён хүүг шийтгэх байтугай адуу мал, эд хөрөнгө тэргүүлэн их зүйлээр шагнажээ. Хүү гэртээ буцаж ирээд аав ээжтэйгээ уулзан амар сайхан жаргажээ.


Цааш нь...

Тором дагины үлгэр

Эрт урьд цагт гурван хүүтэй нэг охинтой эмгэн байж гэнэ. Охин нь өсч эрд гарах нас гүйцжээ. Тэгэхээр эмгэн “Охиныхоо нэрийг таасан хүнд охиноо эхнэр болгон өгнө” гэж зар тараасан юм байжээ. Нэгэн өдөр тэднийх нүүж охин ачаатай тэмээгээ хөтлөн явж байжээ. Тэгсэн нэг шулам нохой болж хувираад тэр айлын ачааны захад очиж сүүлчийн тэмээнийх нь хамрыг бурантагтай нь орооцолдуулчихжээ. Тэгтэл эмгэн,
- Хүүе, Тором дагинаа, зогс энэ муу нохой тэмээний бурантаг орооцолдуулав гэж хашгирчээ. Шулам охины нэрийг сонсож аваад эргээд явчихжээ. Нөгөө эмгэн шинэ нутагтаа ирж бууж гэрээ бариад их сан тавьж “Миний охинд заяаны хань олж өг” гэж бурхандаа мөргөж гэнэ.... Тэгтэл бурхан нь “Маргааш өглөө саарал илжигтэй хүн ирнэ, тэр заяаны нь хань тул түүнд өгөөд явуул” гэж гэнэ. Эмгэн “Ямар хачин юм бэ? Саарал илжигтэй ирдэг нь юу билээ?” гэж боджээ. Гэвч гэрийн хойт талд шулам зогсож байгаад бурханы араас ийнхүү хэлснийг эмгэн мэдсэнгүй. Харин “Бурхан охины минь заяаны ханийг зааж өгөв” гэж итгэсэн ажээ. Маргааш өглөө нь нар тусаж байхад үнэхээр саарал илжигтэй хүн иржээ. Нөгөө хүн орж суугаад,
- Надад охиноо өг, танай хүргэн болох хүн би байна гэжээ.
- Чи манай охины заяаны нөхөр юм бол миний охины нэрийг олж хэл гэж эмгэн хэлжээ. Тэр хүн худал үнэн нэр хэлж байгаад сүүлд нь “Тором дагина” гэжээ. Ингээд эмгэн хүүхнээ өгөхөөр зөвшөөрч гэнэ. Нэгэн хүйтэвтэр өдөр адуугаа хотонд хураачихаад байж байтал хэдэн хүн ирж хурим найр болон хүүхнийг авч явахаар болж гэнэ. Тэр үед охин гадаа гарч гэнэ. Тэгтэл ах нарынх нь аль муу үздэг ноос үсгүй нэг муу хүрэн даага үүднийх нь дэргэд ирчихсэн зогсож байж гэнэ. Охин дааганаас,
- Чи энд юунд зогсов, даараа юу? гэж асуужээ. Даага,
- Чамайг арван таван толгойтой атигар хар мангаст эхнэр болгон өгөх гэж байна. Би сэтгэл зовоод ирлээ гэжээ. Охин8
- Би тэгвэл яавал дээр вэ? гэж дааганаас асуухад даага ингэж хэлжээ.
- Их ахынхаа эмээл хазаарыг ав. Дунд ахынхаа буу саадгийг ав. Бага ахынхаа хэт хутгыг ав. Тэгээд их ахынхаа эмээл хазаарыг тохоод дунд ахынхаа буу саадгийг үүрээд бага ахынхаа хэт хутгыг зүүгээд нэгэн залуу эр болоод унах унаандаа намайг шилж аваад яваарай гэж хэлжээ. Нөгөө цугласан улс гурван хоногийн газар олон сайхан хүүхэн харчуул болцгоон явснаа гурав хоногийн дараа цөм мангас болоод хувирчихсан гэнэ. Охин даагандаа хэлж гэнэ,
- Одоо яадаг билээ. Цөм мангас болоод хувирчихлаа гэж.
- Яах юу байхав. Одоо дахиад гурав хоногийн газар яваад цаадуул чинь унтана аа. Тэгэхээр хоёулаа зугтааж амжинаа гэжээ. Гурван өдөр шөнө яваад унтацгааж гэнэ. Тэгэхэд даага,
- Мангасууд нам унтахаараа амнаасаа цагаан хөөс гаргадаг юм. Хөөс эс гарвал унтаагүй сэрүүн хэвтэж байгаа нь тэр билээ. Одоо амнаас нь цагаан хөөс цахарч эхэлж байна. Хоёул зугтъя гэжээ. Ингээд зугтаж явсаар бараг жил болж нэгэн эзгүй хээр газар иржээ. Охин тэр хээр газар ан гөрөө хийж амьдардаг болж гэнэ. Нэгэн өдөр ан хийж явтал ганц морьтой залуу дайралджээ. Тэр залуу,
- Чи хаанаас ирэв? Би ганцаар энэ нутагт ах хийж амьдардаг билээ. Би ганц хөгшин ээжтэй л хүн. Үдэш болохоор манайд оч! гэж хэлжээ. Үдэш болохоор охин залууг дагаад гэрт нь очиход нэгэн эмгэн байж гэнэ. Эмгэн хөл болж “Хүүхэд минь, эзгүй газар ан агнаж аж төрж суудаг улс бид чинь” гээд хоол унд хийж сүйд болж гэнэ. Ингээд охин залуугийн гэрт хамт амьдарч түүнтэй хамт ан агнасаар хоёр жил шахуу болжээ. Нэг өдөр эмгэн хүүгээсээ асуужээ,
- Хүү минь чи үүнийг эрэгтэй хүн гэж бодож байна уу, эмэгтэй хүн гэж бодож байна уу? гэжээ.
- Та юу ярьж байгаа юм бэ? Эрэгтэй байлгүй яахав вэ? гэж хүү хэлэв. Эмгэн,
- Хүү минь чи арван таван бухан марлын мах давхар баглаад “Энэ морин дээр тавь гэж түүнд хэлээч, хэрэв эрэгтэй бол даагаад тавина, эмэгтэй бол чадахгүй байх гэжээ. Хүү хэлснээр нь үзэхэд арван таван бухан марлын махыг бяцхан ч тоосонгүй морин дээр тавьчихжээ.
- За хүү минь яав? гэж эмгэн асуухад
- Зөнөсөн үг ярих юм. Бяцхан ч тоосонгүй авч тавилаа гэжээ. Эмгэн тэгэхээр,
- Аа жигтэй, чи юу ярив? Одоо хоёул нэг барилдъя гэж хэлээд үзээч” гэжээ. Залуу барилдвал тэн барилджээ. Эмгэн орой нь “Барилдав уу?” гэж асууж гэнэ. Хүү,
- Барилдлаа, та ер нь зөнөсөн юм ярьж байх юм, эрэгтэй хүн л байна гэв. Тэгтэл нөгөө эмгэн хүүхдийнхээ чихийг амраахгүй ятгасаар эмэгтэй болохыг мэдэж гурван жил болоод гэр бүл болгожээ. Нэгэн эрэгтэй хүүхэд төрж гэнэ. Нөгөө эмгэн бэрдээ,
- Чи нөхөртөө нэг л юм оёж өгөх ёстой. Юм оёж өг гэж загнаад байдаг болжээ. Тэгээд ээж нь уурлаад байхаар хэтэвч оёж нөхөртөө өгч гэнэ.
Тэгсэн нэг өдөр хачин жигтэй салхи гарч гэнэ. “Энэ юу болов?” гээд харсан чинь мангасын байдаг зүгээс төсөр хэдрэг унасан эмгэн ирж явна гэнэ. Охин хүрэн даагаа унаад хүүхдээ сундлаад зугтаажээ.шулам хойноос нь хөөж даагыг нэг цойлоход нэг хөлий нь дөрөв цойлоход дөрвөн хөлий нь тас цохижээ. Дахиад нэг цойлоход хүрэн даага хоёр хэсэг болжээ. Даага,
- Чи хүүхдээ өвөртлөөд миний цээж рүү ор гэжээ. Охин хүүхдээ өвөртлөөд дааганы цээж рүү оронгуут унтчихжээ. Хүүхэн унтаж байтал “Яасан их унтдаг юм бэ?” гэх хүний дуу гарах шиг болоход сэржээ. Тэгтэл нэгэн том гэрт ширээтэй орон дээр унтчихсан, эрэгтэй эмэгтэй улсууд цай хоол хийж байна гэнэ. Нэг өдөр морь унаж явж байтал олон мал хариулсан хүнтэй тааралджээ. “Энэ ямар хүний мал вэ?” гэж асуухад “Тором дагины мал” гэж байна гэнэ.
Ингээд Тором дагина өргөн сайхан нутагтай, их мал хөрөнгөтэй болсноо мэдэж гэнэ. Түүний хүүхэд нь том болж ан гөрөө харж гүйдэг болжээ. Тэр хүүг ан харж явахад нэгэн залуу ан агнаж яваад дайралддаг байжээ. Тэр хүү залуугийн алсан анг булааж аваад “Би ан агнав” гэж ээждээ авч ирдэг цовоо хүү болжээ. Нэг өдөр нөгөө залуу буга алаад түүнийхээ дор нуугдаж хэвтэж байгаад хүүг хүрээд ирэхээр бариад авчээ. Тэр залуу асуужээ,
- Чи дандаа хүний юм булаадаг хаанахын хэн гээчийн хүүхэд вэ? гэжээ.
- Би Тором дагинын хүүхэд гэхэд “Үнэн юмуу?” гэж залуу асууж. “Үнэн” гэхээр “За тийм бол энийг ээждээ хүрэгж өг” гэж нэг хэтэвч өгчээ. Тэгсэн нөгөө хүүхэд гүйж яваад үхрийн зэлэн дээр гээчихсэнийг нь Тором дагина нэг өдөр олж авчээ. “Үүнийг хэн авчрав?” гэж амьтан хүнээс сурвал мэдэх хүн гарсангүй. Гэтэл хүү нь,
- Нэгэн үл таних хүн танд өг гэж надад өгснийг би мартаад гээчихэж гэв.
- Тэгвэл тэр хүнээ дагуулаад ир гэж хүүгээ явуулжээ. Хүү дагуулаад иртэл өөрийнх нь нөхөр мөн байжээ. Түүний ээж нь нас бараад ганцаар үлдэж ан агнаж амьдарч яваад ийнхүү уулзах нь энэ ажээ. Ингээд Тором дагины нутаг эзэн хаантай болоод амар сайхан жаргаж гэнэ.


Цааш нь...

Элдээ дэлдээ хоёр

Элдээ дэлдээ хоёр Эрдэнэдондог дүүтэй юмсанжээ. Элдээ Дэлдээ хоёр нь эхнэртэйгээ суудаг, Эрдэнэдондог дүү нь ганцаараа суудаг байжээ. Хоёр ах нь ан гөрөө хийж халиу булга албал дүүдээ өгдөг, үнэг хярс албал хоёр эхнэртээ өгдөг байжээ. Нэг өдөр хоёр ах нь ан хийхээр явж дүү нь гаднаа тоглоод үлджээ. Хоёр ахын эхнэрийн нэг нь нөгөөдөө ингэж хэлжээ, ...
- За хөө Эрдэнэдондогийг алъя. Үүнийг байхаар цаад хоёр ах нь халиу булга албал дүүдээ өгөөд үнэг хярс албал бид хоёр өгөөд байх юм. Хэрэв Эрдэнэдондог байхгүй бол бүгдийг бид хоёрт өгөхгүй яах вэ? гэхэд нөгөө нь,
- Энэ хөөрхөн амьтныг харсаар байгаад яаж алах вэ? Тэр хоёр ганц өнчин дүүдээ өгөлгүй хэндээ өгөх вэ? Бид хоёрт үнэг хярс бололгүй яахав гэжээ. Нөгөө нь,
- Элдээ Дэлдээ хоёрын хамаг хүнд хүчир ажлыг бид хоёр хийж муугий нь аваад, зүгээр тоглож явдаг дүү нь хамаг сайн сайхныг авна гэсэн чинь юу гэсэн үг вэ? Үүнийг алахад амархан. "Хоёр эгчтэйгээ тоглоё" гэж хэлж авчраад болох юм гэхэд нөгөө нь,
- Тийм амархан юм бол яах вэ дээ! гэжээ.
- Эрдэнэдондог нааш ир! хоёр эгчтэйгээ тоглоё! Чи юунд ганцаараа тоглож байдаг юм бэ? гэж хоёр эгчийгээ хэлэхэд Эрдэнэдондог дуртай гүйгээд иржээ.
- За гурвуулаа бэлзэг үмхээд шилээрээ гаргая гэж нэг эгч нь амандаа бэлзэг үмхээд шилэн дээрээ нэг бэлзэг сэм тавиад,
- За би гаргачихлаа. Миний дүү одоо гарга гэхээр Эрдэнэдондог “За” гэж бэлзгий нь аваад залгих гэж оролдож байгаад хахаад үхчихжээ. Хоёр эгч нь түүнийг чирч аваачаад гэрт нь хаяжээ.
Элдээ Дэлдээ хоёр ан ав хийж халиу булга олныг алаад,
- За өнөөдөр муу өнчин дүүдээ өгөх юмтай. Дүү минь унтаж байгаа юм болов уу? Бараа харагдах газраас хоёр ахыгаа тосоод ирдэг сэн. Яагаа юм бол? гэж ярилцаад гаднаа ирж,
- Дүү яав? гэж хоёр эхнэрээсээ асуухад хоёр эхнэр нь,
- Яав гэж дээ, саяхан гадуур тоглож явсан, бодвол унтаж байгаа биз дээ гэжээ. Хоёр ах нь дүүгийнхээ гэрт орсон чинь дүү нь үхчихсэн байжээ. Хоёр ах нь даагатай гүү далд ортол, унагатай гүү урстал гурван өдөр, гурван шөнө дүүгээ тэврээд уйлжээ. Элдээ нь Дэлдээдээ,
- Чи надад нэг буга бариад ир. Дүүгээ эврээс нь зүүгээд тавья. Ийм хөөрхөн дүүгээ яаж газар дээр зүгээр тавих вэ? гэжээ. Тэгээд Дэлдээ нь буга барихаар явж. Элдээ нь дүүгээ хөвөнд хучиж торгонд ороогоод алтан хайрцагт хийж алтан хайрцагны гадуур мөнгөн хайрцагт хийж гадуур нь төмөр хайрцгаар хайрцаглажээ. Тэр хооронд Дэлдээ нь буга бариад иржээ. Элдээ Дэлдээ хоёр уйлж, бугын эврээс зүүгээд тавьчихаж гэнэ. Далайн зах дээр байдаг ганц үнээтэй, үр хүүхэдгүй эмгэн өвгөн хоёрын гэрийг нэг том юм мөргөхөөр эмгэн нь гараад хартал нэг буга гэрий нь шөргөөж байгаад эмгэнээс үргэж ухасхийж эвэртээ байсан нэг том юмыг унагчихаад явчихжээ. Эмгэн тэр юмыг аваад,
- Өвгөөн, бид хоёр буга юм хайрлалаа шүү! Лав бугын эвэрт яасан ч муу юм байхгүй. Өвгөөн, задлаарай гэхээр өвгөн нь,
- За яахав, гурав хоног бурхан дээрээ залъя гэж бурханы авдар дээр тавьж гурав хоног тахижээ. Эмгэнийг өглөө босоод цайгаа чанаж тогоотой сүүгээ юүлээд хусмаа хусаж байтал,
- Ээж ээ хүүдээ хусамнаасаа өгөөч гэх дуу гарчээ.
- Өвгөөн би чамд юу гэж хэллээ? "Хусамнаасаа” гэж байхыг дуулж байна уу? Босоорой гэж эмгэн хэлэхэд өвгөн нь санд мэнд босон харайж гар нүүрээ угаагаад өнөөх юмаа задлажээ. Гэтэл хайрцагнаас мөнгөн хайрцаг, мөнгөн хайрцагнаас алтан хайрцаг, алтан хайрцганаас торгонд ороож хөвөнгөөр хучсан хөөрхөн бүсгүй хүүхэд гарч, тэрний дэргэд зэвтэй бэлзэг байжээ. Өвгөн эмгэн хоёр хөөрхөн охинтой болсондоо их баяр хөөр болжээ. Охин нь том болоод нэг тайж хүний эхнэр болж хөөрхөн хүү төрүүлж гэнэ. Нэг өдөр хоёр ах нь ан гөрөө хийж яваад тэр айлд буужээ. Эрдэнэдондог нь хоёр ахдаа таниулах санаатай хоол цай хийж өгчээ. Гэтэл хоёр ах нь таньсангүй гэнэ. Хоёр ах нь хээр гараад,
- Энэ хөөрхөн авхай чинь ямар сайн хүн бэ? Маргааш ирээрэй гээд байх юм гэж ярилцсаар явжээ. Тэгээд тэр хоёр өдөрт ирж хоол цай идэж уугаад явдаг байжээ. Нэг өдөр Эрдэнэдондог хүүхдий нь авч байдаг эмгэндээ хэлсэн нь,
- Өнөөдрийн ирдэг хоёр гөрөөчнийг маргааш ирвэл би хоол цай хийж байна. Та хүүхдээ уйлахгүй бол чимхэж уйлуулаад:
“Хар лусын хааны ач юм шүү
Харалтай тайжийн хүү юм шүү
Элдээ Дэлдээ хоёрын зээ юм шүү
Эрдэнэдондогийн хүү юм шүү” ингэж хэлээд бүүвэйлээрэй гэж эмээдээ захижээ.
Маргааш нь хоёр ах нь ирж Эрдэнэдондог дүү нь цай хоол хийхээр зэхэж байтал эмгэн хүүг чимхэн уйлуулаад
“Хар лусын хааны ач юм шүү
Харалтай тайжийн хүү юм шүү
Элдээ Дэлдээ хоёрын заа юм шүү
Эрдэнэдондогийн хүү юм шүү” гэж бүүвэйлэхэд хоёр ах нь дүүгээ тэврэн авч ах дүү гурав даагатай гүү далд ортол, унагатай гүү урстал уйлжээ. Хоёр ах нь дүүгээсээ юу болсон тухай асууж дүү нь хоёр ахдаа өнгөрсөн явдлаа бүгдийг нь ярьжээ. Хоёр ах нь уурлаж уушги зүрх нь амаараа гарах шахаад гэр рүүгээ явах гэхэд Эрдэнэдондог дүү нь хорьж,
- Ухаантан хүн урьдынхаас сэрэмж авч хойшид болгоомжилдог юм шүү. Тэр хоёрыг битгий зовоогоорой! гэж захижээ. Хоёр ах нь гадаа очмогц,
- Та хоёр юугаар дутаад ганц өнчин дүүг минь алав. Хурдан морины сүүлэнд үхнэ үү! Хурц хутганы ирэнд үхнэ үү! гэж агсарчээ. Тэгэхэд нэг эхнэр нь,
- Би алахгүй гэхээр энэ “ална” гэсээр байгаад алсан. Бид хоёр хурдан морины сүүлэнд үхье гэжээ. Тэгээд тэр хоёр хүүхнийг жаран адууны дэл сүүлнээс хаа гуяар нь зүүж алаад ах дүү гурав амар сайхан жаргажээ.


Цааш нь...

Өөхөн хүү, Тосон хүү, Дэрсэн хүү

Өөхөн хүү, Тосон хүү, Дэрсэн хүү гурав байжээ. Нэг өдөр салхи хөдөлж өрхий нь бүтээчихжээ. Дэрсэн хүү өрхөө татах гэж гараад салхинд хийсчихэж. Өөхөн хүү нь хойноос нь гараад нохойд үмхүүлчихжээ. Тосон хүү гарахаасаа айгаад бүгчим гэрт галын захад суусаар байгаад урсчихжээ. Тэгээд амар сайхан жаргажээ. ...


Цааш нь...

Бух хар нохой хийгээд бух хар шувуу

Эрт урьд цагт нэг сүрхий залуу хатантай, өтөлсөн хаан байж гэнэ. Энэ хатан нь хааныхаа адууны хүнд дурлаж элдэв аргаар аргалан аль бүх сайныг хэлж, эд мөнгөөр өдөөж, өөрийн зүгтээ татахаар ородсон ч адуучин залуу ер ойшоохгүй байжээ.
Ингэхэд энэ харгис хатан дотроо их л хорсч хаандаа хэлсэн нь: “Сонсвол тэр баруун хойно түмэн эрд дийлддэггүй Бух хар нохой хийгээд Бух хар шувуу гэж байдаг гэнэ. Хэрэв энэ хоёр амьтныг барин авчирч ... Бух хар нохойгоор нь хот хашаа сахиулж Бух хар шувуугаар нь адуу малаа харилуулбал хот хашаанд минь халдах дайсангүй болж хонхор гуу дүүртэл адуу мал үржинэ” гэсэнд хаан нь их баярлаж “энэ харин сайн хэрэг байна. Гэвч хэн яаж энэ хоёр амьтныг авчирч чадах вэ? Миний сонссоноор бол энэ хоёр амьтан сүрхий догшин, урьд очсон хүн бүхэн цөм идэгдэж амьд буцаж ирсэн хүн нэг ч гарсангүй гэдэг” гэж зовоход хатан дотроо бодсон нь “ Одоо энэ адуучин хүүг явуулж барьж ир гэвэл тэр муу амьтан очин амиа өгөхгүй хаа явна?” гээд хаандаа хэлсэн нь “Би үзвэл манай тэр адууны залуу идэрхэг баатар маягтай. Түүнийг явуулбал олж ирж чадах магадгүй” гэсэнд хаан нь даруй зарлиг буулгаж адууны залууг дуудан авчраад тушаасан нь: “Чи баруун хойш явж Бух хар нохой хийгээд Бух хар шувууг барьж ир! Үгүй бол толгойг чинь авна” гэсэнд хатан адуучин хүүг харж үзээд “Чи ямар аймшиггүй миний санаанаас зөрчдөг вэ? Одоо хатан эхийнхээ сүрхийг мэдэх болно” гэж бодож гэнэ.
Тэгээд адуучин хүү “Аргагүй энэ хатны хорт санаа байна” гэж мэдээд мориндоо мордож өндөр уургаа атгаж явсаар нэг ухаа толгойн энгэрт ирээд мориноосоо бууж толгойгоороо баруун хадыг дэрлэж, хөлөө зүүн хадны дээр тавиад “Баахан унтъя” гэж байсанд чихэнд нь яг хүн уйлж байх шиг, дуулж байх шиг инээж байх шиг сонсджээ. Тэгээд босч үзсэнд юу ч харгдахгүйд “Энэ эзгүй хар хээр газар хэн инээж уйлж дуулах вэ?” гэж бодоод дахин хэвтээд “Унтъя” гэтэл үнэхээр бас хүн уйлж дуулж инээж байх тул адуучин хүү босоод морио унаж ухаа толгойг давж гараад үзсэнд нэгэн цагаан хас гэрт нэг охин нь уйлж бас нэг охин дуулж гуравдугаар охин нь инээж байна гэнэ.
Тэгээд адууны хүн очиж асуусанд энэ гурван охины хэлсэн нь “Бид гурвуулаа Хан Гарьдын арван гурван охины хамгийн бага гурав нь билээ. Бидний арван эгчийг аварга могой өдрийн нэгийг залгисаар байгаад арвуулыг цөм залгив. Одоо энэ өдөр бас ирна. Тийм болохоор бидний энэ өдөр залгигдах нь уйлж, маргаадар залгигдах нь дуулж нөгөөдөр залгигдах нь инээж байна” гэсэнд адуучин залуу асуусан нь “Таны ээж чинь юунд таныг хамгаалахгүй вэ?гэсэнд охид “Ээж минь хэдэн удаа аварга могойтой тулалдаж дийлсэнгүй” гэж хэлжээ.
Ингэж байтал гэнэт салхи сэржигнэн боссоныг үзээд гурвуулаа царай зүс нь хувирч өөд уруугаа гүйж адуучин залууг “Чи түргэн яв. Одоо могой ирж байна. Хэрэв чи зугтахгүй бол чамайг ч бас залгина” гэж адуучин хүүг шаардсаар гаргасанд адуучин хүү агт мориндоо мордож алс хойш гарч харсанд улаан тоос дэгдэн уул хад түрчингэж ус мөрөн цалгиж салхин жавар дэгдэн нэгэн их аварга могой гулган явж ирж байна гэнэ. Үүнийг үзээд гэнэт морио ташуурдан давхиж ойртон очоод урт уургаа даллаж хүзүүнд нь хаян оруулаад хүчний чинээгээр мушгиж хүдэр их могойг хөдөлгөхгүй боомилсонд аварга могой бачимдаж амь тэмцэн үсэрсэнд уургын шижмийн эрч нь чангарч урван хөрвөн дутаахын зайгүй болж хий амьсгаа нь бөглөрч, хэцүү сүүлээрээ гуядсаар үхэв гэнэ.
Тэгээд энэ гурван охин үүнийг үзээд адуучин хүүд талархан цай хоол өгч их баярлаж байхад их охин нь хэлсэн нь “Одоо манай ээж ирэх шавах. Манай ээж бол уур түргэн, хилэн догшин хүн юм. Хэрэв чи энд байвал чамайг цохиж алахад саатахгүй. Чи урд ухаагийн толгойд нуугдаж бай. Ээж ирсэн хойно бид учрыг нь хэлж үзье” гээд адуучин хүүг ухаагийн толгойд очуулж нуулгав гэнэ.
Тэгээд адуучин хүүг нуун сууж байтал алс өмнөөс нэгэн хэсэг хар үүл харвасан сум шиг түргэн нисч ирээд энэ цагаан гэрийн дээгүүр гурав эргэж хар үүлний дундаас нэгэн хэсэг цагаан үүл далбалзан гарч шууд дорогш буугаад цагаан гэрийн тооноор нисэн оров гэнэ.
Тэгээд Хан Гарьд үлдсэн гурван охин нь нэг ч дутуугүй бөгөөд их л баяртай байхыг үзээд “Аварга могой ирсэнгүй юу?” гэж асуужээ. Охидын хэлсэн нь: “Энэ өдөр нэг адуучин залуу ирж аварга могойг уургалж боомилж алав” гэсэнд Хангарьд их л баярлаж “Тэр адуучин залуу хаа байна! Та нар харин амиа аварсан хүний ачийг хариулахгүйгээр хааш нь явуулав?” гэсэнд “Мөн өмнө ухаагийн толгой дээр нууж байна” гэсэнд “Адуучин хүүг хурдан авч ир” гэв.
Ингээд адуучин хүүг Хан Гарьд эхтэйгээ уулзуулсанд Хан Гарьд хэлсэн нь “Хүү минь их баатар байна. Бидний дайсан аварга могойгалж охидын минь амийг аварсан ачийг чинь хариулна. Хүү минь аль нутгийн хүн бэ? Алсын зорилго юунд вэ?” гэсэнд адуучин хүүгийн хэлсэн нь: “Бух хар нохой хийгээд Бух хар шувууг барихаар явж байна” гэсэнд Хан Гарьд “Энэ харин бэрхтэй явдал байна. Гэвч ээж нь чамд туслаж өгье” гэж хэлжээ.
Тэгээд гурван өдөр бэлтгэл хийж Хан Гарьд нэг хатуу төмөр дэгээ хийж аваад хоёулаа явж, удсангүй. Бух хар нохой хийгээд Бух хар шувууны нутагт ирж үзсэнд хоёр хар уул шиг сууж байна гэнэ.
Бух хар нохой нь бол газар дээгүүр амьтан явуулахгүй барьж иддэг бөгөөд Бух хар шувуу нь агаар дээгүүр жигүүртэн нисүүлэхгүй хөөж иддэг тул эд хоёул адуучин хүү, Хан Гарьдын ирэхийг үзээд шувуу нь хар солонго татаж дээш босч Хан Гарьдыг шууд нэхэн ирэхэд Хан Гарьд хатуу төмөр дэгээгээрээ нэгэнтээ гохдож Бух хар шувууг барьж авав. Бух хар нохой нь адуучин хүүг барьж идэхээр гүйн ирэхэд адуучин хүү алавхийж чихдэн мордоод цохисоор номхон болгож өгчээ.
Тэгээд адуучин хүү Хан Гарьдад гүн талархал хийж салаад Бух хар шувуугаа мөрөн дээрээ суулгаж Бух хар нохойгоо дагуулж нутагтаа харьж ирэхэд хаан нь сургийг нь сонсоод их л айж “Энэ Бух хар нохой хийгээд Бух хар шувуу хүн барьж иддэг. Одоо яах билээ?” гэж хаан үнхэлцгээ хагартал айгаад ширээнээсээ бууж уутаа үүрч дутаан явав гэнэ.
Хатан нь хамаг сайхан заслаа гаргаж чимэглээд адуучин хүүг угтан ирэхэд Бух хар нохой хийгээд Бух хар шувуу нь хамтаар очиж хатны нь хоёр тийш нь салгаж идэв гэнэ.
Тэгээд адуучин хүү хаан ширээнд сууж Бух хар нохойгоороо хот хашаагаа сахиулж Бух хар шувуугаараа адуу малаа харилгаж амар сайхан жарган суув гэнэ.


Цааш нь...

Гэр

Монголын дээд өвөг хээрээр гэр, хэцээр дэр хийж явсан өнө эртний үед юм гэнээ. Хөх цэнхэр дээвэртэй, хөрст ногоон дэвсгэртэй орчлон дэлхий хэмээх оосор бүчгүй нэгэн их гэрт хүн амьтан цөмөөрөө л эвтэй сайхан амьдарч байжээ. Тэгтэл юунаас болсныг бүү мэд, нэг л мэдэхэд хоорондоо муудалцан уралцаж, хүчтэй нь хүчгүйгээ барьж идэхэд хүрэв гэнэ. Амьтад мөр мөрөө хөөн салж, зарим нь газар нүхлэн шургаж, нэг хэсэг нь усны гүнд, нөгөө хэсэг нь модны оройд гэртэй болжээ. Газар харин хүссэн бүхнээ хийж чадах ухаан гэгчийг хүнд заяажээ. ... Тэр цагт насан өндөр болтлоо ухаанаас ондоо өв хөрөнгө хураагаагүй нэгэн өвгөн байж гэнэ. Нэгэн өдөр долоон хүүдээ,
"Их гэрийн үлгэрээр бага гэрийг барьж болно" гэхэд хөвгүүд нь бодоод бодоод учрыг үл ухав гэнэ.
Өвгөн ханаран хүрээлсэн эргэн тойрны уулсыг дуурайлган бургасан хана хийв. Цасан шуурганд хаагддаг, цагийн сайханд нээгддэг өмнийн тооно, тал тал тийш урссан алтан цацрагнаас нь унь, уулын араас ургасан манан будангаас туурга, дээгүүр бүрхсэн зузаан үүлсээс дээвэр хийх санаа олжээ. Түшилдэн ханхайсан уул нуруудын араар сансрын хүрдэн салхи эрчлэн эргэж байгаа даа гэж бодуутаа хялгас томж бүслүүр хийв ээ.
Тэгээд өвгөн долоон хүүтэйгээ ханаа дэлгэж, хаалгаа босгож тооноо өргөж, униа өлгөж, туургаа барьж, дээврээ тавьж, бүслүүрээ татаад бөмбөрцөг дэлхийн хэлбэртэй бөмбөгөр цагаан гэртэй болов гэнэ.
Нарны гэрлийг наашлуулж татдаг, салхины хүчийг цаашлуулж хорьдог, нүүе гэвэл эвхээд ч ачдаг, бууя гэвэл дэлгээд барьдаг тийм таатай гэр хийсэн өвгөн буурал эцгийнхээ ухаанд хөвгүүд нь биширч аятай тавтай аж төрөх болжээ. Гэвч үлгэр үүгээр дууссангүй. Урт насалж удаан жаргасан өвгөн аав нь нэг өдөр хэвтэр орж, хөвгүүдээ тойруулан суулгаж,
-Төрөх нэг өдөр байхад, төгсөх нэг өдөр бий. Ханан гэрээсээ аав нь хадан гэртээ буцах боллоо. Яаж аж төрөхийг гэр чинь заагаад өгнө. Гагцхүү бүслүүрээ л чангалж яваарай гээд насан өөд болжээ.
Хөвгүүд нь урьдын адил мөн л учрыг ололгүй гайхаж хоцров. Тэгтэл нэг өдөр гэрийнх нь бүслүүр суларчээ. Бие биедээ найдсаар хэн нь ч чангалж таталгүй суутал гэр нь яйжийж унав гэнэ. Ах дүү долоо чамаас боллоо, танаас боллоо гэлцэн хэрэлдэж сүүлдээ бүр таарч тохирохоо больж тарж салахдаа хүрчээ. Эцгээс үлдсэн хөрөнгийг эн тэнцүү хувааж авахаар шийдээд хана, унь хаалга, тооно, дээвэр, туургаа салган үүрч харсан зүгтээ одоход отгон дүүд нь бүслүүрээс өөр юм үлдсэнгүй.
Ууган хүү нэгэн газар хүрч хаалгаа босгон хэрүүл уруулгүй амар жимэр сууж байтал өдөржин хурц нар төөнөөд арай л шатаачихсангүй. Удаах хүү сараалжин ханаа дэлгээд унтаж хэвттэл гэнэт ширүүн бороо асгаж, аянга тасхийж эгээтэй л ниргэчихсэнгүй.
Дараах хүү туургандаа хоргодон суутал уулын үер урсгаад явчихаж. Бас нэг нь дээвэр дороо амарч хэвттэл хуй салхи босч хуу татаад хаячихав гэнэ. Нөгөө нь толгой дээрээ тооноо өргөөд сууж байтал шөнө болж, араатан чоно тал талд нь архиралдаж золтой л хүү татчихсангүй.
Униа боож овоохойлчихоод хоргодож суусан нэгийг нь хүйтэн жавар хойрч хөлдүүс болгох дөхөж гэнэ. Бүслүүрээс ондоо юм үлдээгүй болохоор отгон дүү нь бүр ч хэцүү байсан нь мэдээж. Тэгтэл нэг өдөр түүн дээр хана үүрсэн ах нь буцаад иржээ. Удаах ах нар нь удалгүй хаалга, тооно, унь, дээвэр, туургаа үүрсээр ар араасаа цувран айсуй. Тийнхүү долоон хүү өвгөн буурал эцгийнхээ гэрээс үгний учрыг сая л ухаарч түүнээс хойш үеийн үед сургаалтай өргөө цагаан гэрээ эвийн сүлд болгон дээдэлсээр амар сайхандаа жаргажээ.


Цааш нь...

Шившгийн эм

Урьд нэг эхнэр өөрийнхөө эрийг голоод, өөр эрд очих гэж явтал хулгайч дээрэмчингүүд ирээд хамаг хувцас хунар элдэв юмыг нь аваад нүцгэн орхиж. Тэгэхлээр тэр эхнэр нэг их далайн захад очиж. Модны навчаар биеэ хучиж. Хэвтэж байтал нэг үнэг мах зуугаад ирж. Тэгтэл далай долгилж, далайн долгиогоор загас гадагшаа гарч. Тэгэхлээр махаа хаячихаад, загас авах гэж ухасхийж. Тэгтэл далай дахиж долгилоод загас орж явчихаж. ...Тэгэхийн хооронд махыг хэрээ зуугаад нисээд явчихаж, үнэг мах ч үгүй загас ч үгүй ийшээ тийшээ харж байж.
Тэгэхлээр эхнэр хэлж:
- Уужим санасан мах чинь тэнгэрт гарлаа, урьдаар авах билээ гэж санасан загас чинь далайн ёроолд явчихлаа. Муу өлөгчин үнэг чи хэнийг харж сэртэлзнэм? гэхэд үнэг хэлж:
"Өөрийнхөө эрийг байсаар байхад
Өөр эрд очих билээ гэж явж
Дээрэмчин хулгайчид
Дээл хувцас хамаг юмаа тонуулаад
Дэлгэр их далайн захад
Дал модны навчаар
Хамаг юмаа
Халхалж хэвтэж байгаа
Арга нь барагдсан ядуу муу шившгийн эм чамайг харнам” гэж явчихаж.
“Бусдыг хэлвэл, буцаад өөрөө хэлэгдэнэ” гэдэг энэ ажгуу.


Цааш нь...

Ертөнцийн гурав (III хэсэг)

Ертөнцийн гурван буг

Харамч эм гэрийн буг
Хавтгай түлээ галын буг
Хагсан ховоо худгийн буг

Ертөнцийн гурван даардаггүй

Ууланд төрсөн бүргэд даардаггүй
Усанд төрсөн загас даардаггүй...
Урцанд төрсөн уйгур даардаггүй

Ертөнцийн гурван давхрагатай

Өндєр тэнгэр үүлэн давхрагатай
Өвсєн дэлхий цасан давхрагатай
Өргөн далай мөсөн давхрагатай

Ертөнцийн гурван догшин

Эмээлээ туйлсан морь нэг догшин
Эхнэрээ голсон хархүү нэг догшин
Эрэг уруу буусан ус нэг догшин

Ертөнцийн гурван дєт

Сарны гэрэлд нар дөт
Насны туршид хань дөт
Ноёны хэрэгт боол дөт

Ертөнцийн гурван дунд

Сал, онгоцноос салбал далайн дунд
Саадаг нумнаас салбал дайсны дунд
Сайн мориноос салбал талын дунд


Цааш нь...

Онгироо ухна ба чоно

Эрт урьд цагт нэг онгироо ухна байжээ. Нэг өдөр чононд ингэж хэлжээ. “Чоно та миний алдрыг дуулсан хойно олон дахин эргэлдсэний хэрэггүй биз” гэхэд чоно тас тас хөхрөн,
“Таны алдар ч гавихгүй юм байна.
Сэлмэн эвэрт сэлдгэр хаан,
Сахал ихт санж хаан,
Гүзээ ихт гүнд хаан, ...
Засаа ихт занхгар хаан гэлүү? Ай бүү мэд дээ, амьтны түүхийг үзвэл чамд тийм алдар нар таарахгүй байх аа!” гэж. Ухна,
“Тэгвэл чамайг би
Тархийг чинь хагартал,
Нүдийг чинь бүлтэртэл,
Хэлийг чинь унжтал мөргөнө!” гэхэд чоно доогтой
“Чи намайг бүү сүрдүүл! Мөргөх гэхэд чинь би зайлаад аргална. Би чиний жинхэнэ эрлэг чинь байна”гэхэд ухна
“Ойгоод ирвэл олгойг чинь хагална.
Дайраад ирвэл давсагийг чинь цоолно,
Гүйгээд ирвэл гүзээг чинь сүлбэнэ,
Хөөж ирвэл хөлийг чинь хуга татна” гэж хэнэг ч үгүй хэлж гэнээ. Чоно хэлсэн нь
“Би чиний эрлэг байна шүү. Бодож ярь! Чамаас өмнө чиний өвөг Янгир овогтныг бид номхруулж ирсэн түүхтэй. Чи юу ч гэж яриад нэмэргүй. Миний аманд....! тийм ээ?” гэхэд ямаа гэнэтхэн арга сүвэгчлэн,
“Чоно гуай таны хэлдэг зөв байх нээ. Гэвч та эндээ хөлөө цахдан амаа ангайгаад зогс! Би холын холоос гүйн ирээд таны ам руу шууд нисээд орох уу?” гэхэд “Тэг” гэжээ.
Чоно ч ухны хэлснээр зогсож гэнэ. Ухна ч улаан тоос татуулсаар чонын толгой руу хар эрчээрээ дайран мөргөжээ. Чоно ч ухаан алдан унаж. Ухна ч улам хурдласаар сүрэгтээ нийлжээ.
Чоно ухаан орж, эргэсэн толгойгоо сэгсчин бодсон нь:
“Амаа ангайгаад зогссон, ухна ч давхиж ирээд тагхийтэл мөргөөд ам руу орсон юм. Бас цус гоожсоныг бодвол би зажилсан бололтой гээд гэдсээ харвал хоосон байдаг мөн хачин юм аа. Амаар ороод хуниасаар гараад явжээ. Ай даа их онгирохын гай л энэ дээ. Мэдсэн бол онгироо ухныг олон үг хэлүүлэлгүй дор нь л иддэг байж. Дараа таарвал онгирохоо л больё!” гэж бодон гуйван шогшсон гэдэг.


Цааш нь...

Өвгөн хулганын үлгэр

Урьд цагт нэгэн уудам газар холбоотой хоёр өндөр уул байв. Тэр ууланд нэгэн арслан амьдарч насан багаасаа эхлэн хоёр уулын үзүүр хооронд үсрэн харайж наадан тоглодог байжээ.
Мөн хоёр уулын хоорондох гуу жалганд нэгэн хэсэг олон хулгана үүрлэн оршиж байсны дотор нэг өвгөн хулгана байжээ. Тэр нэгэн өдөр хулгануудаа цуглуулж өгүүлсэн нь: “Энэ хоёр уулын орой дээр ээлжлэн үсрэн гарч нааддаг энэ арслан бол одоо нас хөгширсөн нь лав биз ээ. ... Тиймийн тул, мөн түүний хүчин тамир доройтсон атал идэр залуутай адил санаж үсэрсээр нэгэн цагт эндэгдэн энэ гуу жалганд унаж биднийг дарж алах магадгүй учир эндээс зайлж өөр газар үүр засч нутаг сольё” гэв.
Олон хулгана өвгөн хулганын үгийг үл зөвшөөрөн “Энэ маань нас нь өвгөжрөөд дэмий үг чалчих болжээ. Арслан уулын хавцалд унаж дарж алахаас айн зугтаж болно. Хэрэв дээд хөх тэнгэр хөхөрч харагдсаар олон он болсон нь одоо мөн хөгширсөн байх магадтай! Тэр бас газар дээр унаж үхэх магадгүй тул түүнээс зайлан хаашаа зугтаах билээ. Бид явахгүй, түүний үхэхийг үзэж махы нь иднэ” гэж хөгшин хулганыг наадаж үгийг эс хайхрав. Иймд хөгшин хулгана өөрийн ганц хүүгээ дагуулж бус газар одоод нэгэн үүр засч нутаглан суув. Өнө удалгүй нэгэн цагт мөнөөх арслан нь нэгэн уулын үзүүрээс үсрэн харайхад тэнхэл муудсаны харгайгаар нөгөө уулын оргилын тэгш газар хүрч чадалгүй ташуу этгээдийн элгэн хаданд хүрч хөл алдан улмаар бөмбөрсөөр олон хулганын ордог гуунд нэгэн баахан хад чулууны хамтаар түжигнэн унахад олон хулгана хичнээн айн сандравч зайлж чадалгүй ихэнх нь дарагдаж үхэв.
Тэр уулын ойр зуур нутаглах нэгэн хэсэг аймаг улс байсны дотор ан агнаж огт үзээгүй тэнэгдүү хөвгүүн, нэгэн өдөр анд мордох гэхэд Арьяа нэртэй нэгэн саваагүй хүн өгүүлрүүн: “Чамайг гурав хоногийн дотор оготно хулганаас олзтой ан авлаж ирвэл хувхай модноос жимс ургахад хүрнэ” гэв. Тэнэг өгүүлрүүн: “Аа хэрэв би ан агнавал чи надад эхнэрээ өгнө үү?” гэхэд нөгөө хүн “Тийм болтугай” гэж зөвшөөрөв. Тэгээд тэнэг хөвгүүн анд зүүх нэгэн нум авч яваад тэр арслангийн үхдэсийг үзэж нумаа сайтар хөвчилж дэргэд нь тавьж эгж ирээд эл учраа хэлэхэд Арьяа наадан өгүүлрүүн:
“Чи нумаа ан агнах ёсоор зүүхгүй, зүгээр хөвчлөн тавьсан нь тэр хэрхэн амьтныг хорлох вэ? Бас цагаан арслангийн үхдэлийг ямар амьтан идэхээр халдаж очих вэ?” гэхэд тэнэг хөвгүүн цөхөрч “Нумаа маргааш авчиръя” гэж шийдэв.
Тэр шөнө нэгэн үнэг мөнөөх үхдэлийг үзэж баярлаад ийн сэтгэрүүн: “Энэ мах хэзээ ч миний болов. Ийм их хоолонд учрах юун зузаан заяа билээ. Бус хоол эрэлгүй үүнийг идэж насад болно доо. “Үхнэ үхнэ гэж үхрийн мах бүү бар, баран идэхээр мэрэн ид” гэсэн хуучны үг бий тул үүнийг зүй нь урьдаар хатуу гүтүүгээс нь идэж хожим аль сайн сайхныг аажмаар идье”гэж санах хөвчлөн тавьсан нумын хөвчийг мэрж химлэсээр байтал хөвч нь тасармагц нумын гичирт өлгөгдөн үсэрч үхэв.
Маргааш нь тэнэг хөвгүүн нумаа очиж авах гэж урамгүй явсаар иртэл нэгэн үхсэн үнэг байхыг үзэж ихэд баярлавч тэр үхсэн үнэгт гар хүрч болох эсэхийг мэдэхгүй аймшиглан хардаж нумын хөвчийг гүймэг горхилон уяж түүгээр үнэгний хүзүүг оосорлон чирсээр харьж явах замын зуур ийн боджээ.
“Би энэ үнэгээ худалдаж гэр хогшил засч төхөөрнө. Бас Арьяагийн эхнэрийг авах тул тогоо шанагаа бариулж хөлөө хучуулна. Хэнээс ч дутуугүй хөрөнгөтэй, хэнээс ч дутуугүй эхнэртэй ийм хүн болох болов” гэж баярлан гүйж хариад “Арьяагийн эхнэрийг авна” гэж Арьяа ба түүний эхнэртэй зууралдаж гурав хоног ноцолдоход Арьяагийн гэргий төрхөмдөө очлоо. Иймд тэнэг хөвгүүн хоосон хоцорч үнэгээ худалдах гэвэл чирэн явж үсий нь халцгай болгосон тул хэн ч эс хэрэглэв.
Үүнд бусад хүмүүс ийн хэлэлцэв. “Эрийг бүү бас, далайг бүү янд” гэдэг хуучин сургаал Арьяад хэрэгтэй байсан санжээ. Хэтэрхий доромжилж эхнэрээсээ салав. Бас “Шунал хэтэрвэл олз зайлах” гэгч үлгэр тэнэг хөвгүүнд болов. Мэлзээ хэлэлцсэн Арьяагийн эхнэр төрхөмдөө очоод хоосон. Мэхийж чирсэн үнэгний үс зулгарч өртөггүй хоосон” гэж хэлэлцэв.
Тэр үед бус нэгэн газар арван нэгэн хулгайч хамтаар бүлэглэн хол ойроос юм хулгайлан амьдарч байсан нь нэгэн цагт хулуух юм эс олдоод өлсч ундаасахийн зовлонг эдлэж олзтой газар эрэн явсаар мөнөөх арслангийн үхдэлийг нэг нь үзэж түүний ойр нэгэн газар буудаллаж тав нь арслангийн махнаас авчрахаар явав. Бусад зургаа нь унд бэлтгэх зэрэг ажлыг үйлдэхээр хоцров.
Явсан тав нь хоорондоо ийн хэлэлцрүүн: “Энэ үхсэн арслан их боловч ганц амьтан тул бид бүгдээр идсээр байвал барагдах нь юун бэрх. Хэрэв энэ барагдвал бид урьдын адил мөн л өлсгөлөн болох юуны магад. Иймд нэгэн арга хэрэгтэй” гээд бүгдээр зөвлөж аваачих маханд хор шингээгээд өөрсдийн идэх махыг тусгай авчрав.
Бас үлдсэн зураа нь явсан тав мэт зөвлөөд уух цайнд хор хольсон бүгдээрээ нийлэлдэж хоол цайгаа ууж идээд цөм нас эцэслэв.
Үүнийг хөгшин хулгана нь хянамжлан мэдээд хөвгүүндээ ийн сургав.
“Өтлөсөн байтал залуу мэт наадвал хөгшин арслан мэт болном.
Өөр бусдыг хэтэрхий басамжилвал саваагүй Арьяа мэт болном.
Өнгөр хиншүүгүй загнавал өнөөх үнэг мэт болном.
Өтөс хорт сэтгэлийг агуулбал олон хулгайч мэт болном.
Өвөрмөц учир иймийн тулд хөвгүүн минь,
Өвгөн миний үгийг сайтар бодож
Өөрийн биеийн хэрийг мэдэж
Өнөд зүйг олж явахыг хичээтүгэй” гэжээ.


Цааш нь...

Ертөнцийн гурав (II хэсэг)

Ертөнцийн гурван баян

Эрдэм ном дээд баян
Vр хүүхэд дунд баян
Эд хөрөнгө адаг баян

Газар усаар баян
Тэнгэр одоор баян
Далай усаар баян...

Эрдэмтэй хүн нэг баян
Өргүй хүн нэг баян
Хүүхэдтэй хүн нэг баян

Дэлхий өвсөөр баян
Далай загасаар баян
Дээдэс (огторгуй) одоор баян

Далай лам жанчаар баян
Дайтуу хот зоосоор баян
Хөх тэнгэр одоор баян
Хөрст дэлхий үндсээр баян

Ертөнцийн гурван бээрэг

Vүрээ засдаггүй шувуу бээрэг
Өвлөө мартсан аж ахуй бээрэг
Өтөг бууцгүй мал бээрэг

Ертөнцийн гурван бэрх

Замгүй давааг давахад бэрх
Зангилсан үгийг тайлахад бэрх
Зааны соёог залахад бэрх


Цааш нь...

Оготно

Эрт урьд цагт мөнгөн сүүжтэй оготно мөсөн дээгүүр гүйж явжээ. Хальтарч ойчоод мөнгөн сүүжээ хугалчихжээ. Тэгээд оготно,
- Мөс, мөс, чи хэцүү юу? гэж
- Хэцүү гэж.
- Хэцүү байтлаа чи юунд наранд хайлдаг вэ? гэж.
- Нар хэцүү л дээ...
- Нар чи хэцүү юу гэж
- Хэцүү гэж
- Хэцүү байтлаа юунд уулын цаагуур тонгойн тонгойн орчихдог вэ?
- Уул хэцүү л дээ гэж
- Уул, чи хэцүү юу чи гэж
- Хэцүү гэж
- Хэцүү байтлаа юунд тарвага зурманд давсгаараа цоолуулаа вэ? гэж
- Тарвага зурам хэцүү л дээ гэж
- Тарвага зурам чи хэцүү юу? гэж
- Хэцүү гэж
- Хэцүү байтлаа хоёр хөлтэй хохимойгоос юунд айдаг вэ? гэж
- Хоёр хөлтэй хохимой хэцүү л дээ гэж
- Хоёр хөлтэй хохимой, чи хэцүү юу? гэж
- Хэцүү гэж
- Хэцүү байтлаа хэнгэрэг цанын дуунаас юундаа айдаг вэ чи?
- Банди хэцүү л дээ
- Банди, чи хэцүү юу? гэж
- Хэцүү гэж
- Хэцүү байтлаасаа юунд бурханд тонгойгоод мөргөдөг вэ чи? гэж
- Бурхан хэцүү л дээ гэж
- Бурхан, чи хэцүү юу гэж
- Хэцүү гэж
- Хэцүү байтлаа чи юунд хар хайрцганд хавхаглуулдаг вэ? гэж
- Хайрцаг хэцүү л дээ гэж
- Хайрцаг чи хэцүү юу? гэж
- Хэцүү гэхээр нь оготно ёроол, арыг нь мэрээд нүхлээд хаячиж гэнэ. Ингээд амар сайхан жаргажээ.


Цааш нь...

Бухын үлгэр

Эрт урьд цагт нэг бух байжээ. Толгой, бөөр, бөгсөнд нь тус бүр гурван баян айл нутагладаг юм гэнэ. Толгойн баян хүн өвөлжөө хаваржаатай юм байж, бөөрний баян хүн мөн өвөлжөө, зуслан, хаваржаатай юм байжээ. Толгойн баян хүн дундахдаа хэлжээ,
- Энэ бух ойрноос өвс огт идэхгүй байна. Дундах баян нь,
- Аа энэний хүнхэр цүнхэр гэдэс нь хонхойж цонхойж байх боллоо гэж бөгсний хүнд хэл хүргэжээ. Бөгсний хүн,...
- Аа манайх энд олон жил нутагласан, ойрын төсөр энэ бух ер баагаагүй шүү. Энэ ямар учиртай вэ? гэжээ. Тэр хүн бол аргалыг нь авч түлдэг юм байжээ. Тэгсэн тэр бух үхэж хоцорсон байжээ. Бух үхчихлээр нэг үнэг гурван жил идээд дүүрчээ. Тэрний дүүрсэн хойно өнөө бухын далны яс хээр хэвтэж байжээ. Тэр ясан дээр далан цэрэг бууж далан майхан шаажээ. Тэр цэргүүдийг нүүгээд явчихлаар нэг шувуу бууж ирээд тэр далны ясыг зуугаад нисжээ.
Тэгтэл нэг өвгөн тарган цагаан ухныхаа сахал доор борооноос нөмөрдөн сууж байтал өнөө шувуу ухнын эвэр дээр сууж далны ясыг идэх гэтэл унагаад өвгөний нүдэнд оруулчихжээ.
Өвгөний нүд өвдөж тороод байхлаар ойр хавийн улс хүрз зээтүүгээр хүчилж авах гээд чадсангүй гэнэ. Тэгэхлээр нь гэртээ гүйгээд харьтал эмгэн нь далны ясыг хэлээрээ долоогоод аваад хаячихжээ. Эдний аль нь их вэ?
“Далны яс их гэвэл мунхаг хүний бодлого
Шувуу их гэвэл бүдүүлэг хүний бодлого
Өвгөн их гэвэл урт өнийн бодлоготны санаа
Эмгэн их гэвэл богино бодлоготны санаа
Ухна их гэвэл цэцэн ухаантай хүний санаа
Далан цэрэг их гэвэл олон санаатай хүний бодлого” гэжээ.


Цааш нь...

Ертөнцийн гурав

Өнөөдрөөс эхлэн та бүхэндээ Монгол ардын аман зохиолын өвөрмөц нэг төрөл зүйл болсон Ертөнцийн гуравуудыг цуврал болгон хүргэе хэмээн шийдлээ. Хүүхдийн хэл яриаг хөгжүүлж, уран цэцэн үгтэй болгоход үлгэр туйлс, зүйр цэцэн үгээс гадна Ертөнцийн гуравын ач холбогдол их билээ. Ингээд таалан болгооно уу: ...

Ертөнцийн гурван ариун

Ургаж байгаа арц нэг ариун
Уугиж байгаа хүж нэг ариун
Урсаж байгаа ус нэг ариун

Ертөнцийн гурван бага

Өвс ургасан нуур бага
Эрээгүй эхнэр бага
Ахлагчгүй албат бага

Ертөнцийн гурван бах

Азрага унасан хүн өдрийн бах
Эмээл авсан хүн сарын бах
Эхнэр авсан хүн жилийн бах

Ертөнцийн гурван бараан

Малгүй айлын хот нэг бараан
Өнчин хүний элэг нэг бараан
Эрдэмгүй хүний тархи нэг бараан

Ертөнцийн гурван бардаг

Зуудаг нохой шүдээ бардаг
Зусарч хүн үнээ бардаг
3уйрган хүн зулгаа бардаг

Ертөнцийн гурван бардам

Хад сайтын үнэг бардам
Хадам сайтын хүргэн бардам
Ноён сайтын албат бардам
Нохой сайтын хот бардам


Цааш нь...

Бухандай

Нэг айлд нас бие гүйцсэн Бухандай байжээ. Гэтэл сүрэг сүрэг хэсэн урамдан явтал гэнэт чоно тааралдаад,
- Бухандай минь цаг нь ирж дээ. Бүдүүн бух идэж үзсэнгүй тул чи намайг баярлуулах нь байна гэхэд Бухандай айсангүй,
- Хоёул нэг мөргөлдөх үү? гэхэд чоно “Мөргөлдөж үзсэн ч яадаг юм" гэж бодоод мөргөлдөхөөр хэрэх Бухандайг хараад гайхан,
- Хөөш Бухандай минь, мөргөлдөхгүй шүү. Эмгүй байна гээд ухарчээ. Бух хэрсээр байж, чоно ухарсаар л байж, ... чоно эргэн харвал их хадан хясаанд ойртов. Чоно,
- Бухандай минь. Мөргөлдөхөө больё. Би эвэр ургуулж ирээд мөргөлдье гэхэд Бухандай,
- Уур ч хүрлээ. Чиний эвэр ургуулдаг гонж. Чонын толгойг эвэртэй гэж дуулсангүй! гээд хэрэн явахад чоно улам айж,
- Бухандай минь, чиний сүргээс чинь би идэхээ больё гэхэд Бухандай улам уурсан,
- Урьд бурхан багшаас хоол заяахдаа чоно чамайг “Мянган амьтнаас нэгийг зооглож яв” гэж хэлэхэд буруу дуулсан нэрээр “Мянган амьтан зоогло гэсэн” гэж цуу үг тараасан амьтан тул би танай чоно төрөлхтөнгөөс мянгыг хороохоор бурханы зарлигийг авсан юм гээд дайрч хаданд хавчуулан эвэртээ өлгөөд газар шидэхэд чоно уртаар амьсгаалан “Хойч үед минь дуулгаарай!” гээд чимээ тасарчээ.


Цааш нь...

Алтан гургалдай шувуу (Хувилбар)

Эргэн эргэн ирдэг, энэрэлт зуны улирлын найртай сайхан цагт алтан гургалдай шувуу таван өндөг гаргаад тавтай сайхан амьдарч байжээ. Гэтэл нэг өдөр гай дайрч аргал шаргал өнгөтэй аргат шар үнэг ирээд “Алтан гургалдай гуай, алтан гургалдай гуай, та надад таван өндөгнийхөө нэгийг өгөөч” гэсэнд алтан гургалдай “Өгөхгүй” гэжээ. “Чамайг өгөхгүй бол алтан улиасыг чинь хуга мөргөнө, ариун худгийг чинь ховх сорно, арсгар далавчийг чинь тас татна, асгат даваагий чинь сэт дайрна” гэж ... аргат шар үнэг хэлэхээр алтан гургалдай айгаад таван өндөгнийхөө нэгийг өгөөд явуулчихжээ. Ахиад маргааш болоход аргат шар үнэг хүрч ирээд “Алтан гургалдай гуай, алтан гургалдай гуай, та надад дөрвөн өндөгнийхөө нэгийг өгөөч” гэхэд алтан гургалдай “Өгөхгүй” гэжээ. “Тэгвэл алтан улиасыг чинь хуга мөргөнө, ариун худгийг чинь ховх сорно, арсгар далавчийг чинь тас татна, асгат даваагий чинь сэт дайрна” гэаж аргат шар үнэгний хэлэхэд алтан гургалдай айгаад дөрвөн өндөгнийхөө нэгийг өгөөд явуулчихжээ. Аргал шаргал өнгөтэй аргат шар үнэг ирж ингэж хэлсээр байгаа дөрвөн өндгийг нь авчихжээ. Ганц өндөгтэй хоцорсон алтан гургалдай шувуу аргагүйн зовлонд автаж гайхаш тасран уйлж суужээ. Энэ үед нэгэн ухаант оготно уйтгарлан суугаа гургалдайнд ирээд “Алтан гургалдай гуай, алтан гургалдай гуай, та юунд уйлж байна? Надад учраа хэлээч” гэв. Аль ч учраа мэдэхгүй больсон алтан гургалдай шувуу ухаант оготнод учраа гарган хэлсэн нь: “Эргэн эргэн ирдэг, энэрэлт зуны улирлын найртай сайхан цагт алтан гургалдай би таван өндөг гаргаад тавтай сайхан амьдарч байлаа. Гэтэл нэг өдөр гай дайрч аргал шаргал өнгөтэй аргат шар үнэг хүрч ирээд “Та надад таван өндөгнийнхөө нэгийг өгөөч” гэлээ. “Өгөхгүй” гэж хэлсэн чинь “Ай чамайг өгөхгүй бол алтан улиасыг чинь хуга мөргөнө, ариун худгийг чинь ховх сорно, арсгар далавчийг чинь тас татна, асгат даваагий чинь сэт дайрна, гэхээр нь айгаад өндгөө нэг нэгээр нь өгсөөр байтал адаг сүүлд нь ганцхан өндөгтэй хоцроод арга ухаанаа олохгүй уйлж сууна даа” гэлээ. Ухаант оготно түүний үгийг сонсоод “Одоо ирэхээр нь алтан улиасыг хуга мөргөх эвэр чинь хаана байна, ариун худгийг ховх сорох ходоод чинь хаана байна, арсгар далавчийг минь тас татах хумс чинь хаана байна, асгат даваагий минь сэт дайрах чадал чинь хаана байна? Гэж хэлээрэй гэж үг зааж өгөөд яваад өгчээ.
Маргааш өглөө нь үнэгийг ирэхэд алтан гургалдай нөгөө үгээ хэлсэнд аргат шар үнэгний уур нь хүрч ухаан санаа нь сарниж алтан улиасыг нь хуга мөргөх гээд духаа хагалах дөхөж, ариун худгийг нь ховх сорох гээд ходоодоо язлах шахаж, арсгар далавчийг нь тас татах гээд хумсаа булгалах дөхөж, асгат даваагий нь сэт дайрах гээд хөлөө хугалчих шахжээ. Энэ бүгдийг эс дийлээд эцэст нь аргат шар үнэг алтан гургалдайгаас “энэ үгийг чамд хэн зааж өгөв?” гэж асуужээ.
“Хэн ч зааж өгөөгүй” гэж алтан гургалдай хэнэг ч үгүй хариулжээ. “Түлэнхий бор огтоно л энэ үгийг чамд зааж өгсөн гэж би мэдэж байна. Түүнийг очиж иднэ” гээд аргат шар үнэг явжээ. Алтан гургалдай араас нь дагажээ. Үнэг оготны гадаа очоод түүнийг “Гараад ир” гэж дуудсанд “Хүлээж бай! Би галаа түлж байна” гээд оготно гарч ирсэнгүй. Дахиад дуудсанд “Байз, цайгаа чанаж байна” гэж хариулжээ. Тэгэхээр нь аргат шар үнэг “Оготны дуугарах нь ямар сайхан юм бэ? Олон амьтад ирээд сонсох гээд хүлээж байна. Бутан дээрээ гарч ирээд бувар бувар гэвэл бүх амьтад сонирхон бүгд ерөөл дэвшүүлнэ ээ, чамд” гэсэнд оготно энэ үгийг сонсоод бутан дээрээ гартал отож байсан аргат шар үнэг барьж аваад амандаа хийчихэв.
Алтан гургалдай түүнийг үзээд “Ангар ангар гэж идвэл амттайхан байдаг сан, өмөр өмөр гэж идэх чинь өмхий болдог юм” гэсэнд аргат шар үнэг ангар ангар гэх гээд амнаасаа оготноо гаргаад алдчихжээ. Аргат шар үнэг оготны хойноос хөөсөнд оготно мөсөн дээгүүр гарахдаа огиод бяцхан цус гаргажээ. “Үнэг гуай, үнэг гуай, долоогоорой” гэж алтан гургалдай хэлсэнд үнэг долоогоод орхитол хэл нь мөсөнд наалдчихжээ. Оготно гургалдай хоёр орон гэртээ очоод жаргаж хэлэхэд орь ганцаараа зовсон үнэг орилсоор хоцорчээ.


Цааш нь...

Хэвтээ хүүгийн үлгэр

Эрт урьдын цагт нэгэн эмгэн өвгөн хоёр аж төрж амьдарч байж гэнэ. Тэгээд өндөр нас хүрээд нэг хүүтэй болсонд өвгөн эмгэн их л баярлаж гэнэ. Гэвч тэр хүү нь долоон нас хүртэл хэвтээ тул өвгөн эмгэн хоёр:
- Бид хоёрын хувь заяа ийм л юм байна. Хүүтэй боллоо гэж баярласан чинь хэвтээ ажээ гээд тэнгэр бурхандаа залбиран даатгасаар ирсэн боловч ер тус болсонгүй мөн л хэвтээгээрээ байжээ.
Тэр үед тэдний дэргэд нэг Боролдой хаан гэж байж, тэр хаан шөнө бүрий гаднаа гарч тэнгэр лүү харж өөрийн одоо шинждэг байжээ.... Гэнэт нэгэн шөнө тэр хааны ордны дэргэд бас нэгэн бага од гарчээ. Үүнд хааны сэтгэл санаа тун амаргүй болж дараа шөнө нь дахин дахин шижлэхээр харвал харин тэр бага од нь хааны одноос их болсон мөртөө гэрэл гялбаа нь ч их цацрангүуй болсон тул хаан үзээд их л цочиж тэр төрд хосгүй нэгэн шинжигчийг залж одны учраа нарийн тодорхой хэлж шинжлүүлсэнд тэр шинжигч:
- Нар гарах зүгт долоон нас хүрсэн нэгэн хэвтээ хүү удалгүй хаан сууж төр улсыг чинь эзлэх совинтой болсон байна гэв.
Боролдой хаан ихэд цочиж:
- Түүнийг дарах арга байна уу? гэсэнд тэр шинжигч:
- Над аргагүй. Гагцхүү хаан эзэн өөрийн санаагаараа болгосугай гэв.
Тэгээд Боролдой хаан нэг өдөр ард маягаар энгийн хувцас өмсч наран гарах зүг хэвтээ хүүг сураглан явжээ. Тэгж явсаар байгаад хэвтээ хүүгийн гэрийг олов. Тэгээд ямар нэгэн аргаар түүнийг хорлох арга бодож хэвтээ хүүгийн гэрт нь орж:
- Би бол хааны шударга түшмэл мөн билээ. Хааны зарлигаар хүү таныг ордонд урьж байна. Өчүүхэн түшмэл миний бие тусгайлан хүү танд урилга талбиж байна гэж хэлсэнд хүү хааны зарлиг тул зөрчиж үл болох учраас арга буюу очихыг зөвшөөрөв. Хаан их л баярлан одоо ч бодсон хэрэг бүтүүзэй гэж бодоод буцаж явжээ. Боролдой хааныг ирэхэд энэ хүүгийн эцэг эх нь цөм гэртээ байсангүй тул хүү хааны зарлигийг хүлээж сонсмогц зогсож чадах болоод байтал эх нь ус дамнаж орж ирэхлээр хүү нь харин босч зогсоод:
-Ээж ээ! Энэ өдөр хаан эзний зарлиг ирлээ. Намайг ордондоо дуудсанд би зогсож чаддаг болов. Ээж минь надад гурван бэлгэтэй үг хэлж өг! гэв. Ээж нь:
- Хаан эзний зарлиг ирсэн нэг бэлгэ. Хэвтээ хүү минь босч зогссон хоёр бэлгэ. Ээж нь ус дамнаж ирсэн нь гурван бэлгэ шүү! гэж хэлэхэд хүү нь ихэд баярлан ээж аав хоёртоо цагаан идээ барин мөргөж, гадна тэнгэр бурхандаа ариун сан сэржмээ өргөж, өргөө гэртээ орж өмсөх зүүхээ авч, салаа гэртээ орж саадаг нум сумаа авч, булган хар мориндоо мордоод баруун хойт зүгийн Боролдой хааныд очихоор явжээ. Явсаар байтал гэнэт түүний зам дээр хар цагаан хоёр арьс үүрсэн хүнтэй золгожээ. Хэвтээ хүү түүнээс:
- Таны үүрсэн хар цагаан хоёр арьс ямар хэрэгтэй арьс буй?гГэж асуусанд тэр хүн:
- Миний энэ хоёр арьсны эрдэм чадал их буй! Хар арьсыг тавьбал тэнгэр бүрхэнэ. Сэгсэрвэл бороо орно. Цагаан арьсыг сэгсэрвэл тэнгэр гэгээрнэ. Тавьбал цас орно гэхэд хэвтээ хүү ихэд баярлан,
- Та над энэ хоёр арьсаа өгнө үү? Хожим таны ач тусыг чинь хариулъя гэсэнд тэр хүн:
- Болно болно гээд өгчээ. Тэгээд хэвтээ хүү арьсыг аваад явж байтал бас нэг хэнгэрэг үүрсэн хүнтэй золгожээ. Хэвтээ хүү,
- Таны энэ хэнгэрэг ямар хэрэгтэй буй? гэж асуусанд тэр хүн,
- Зөв талыг нь цохьвол аянга дуугарч мөндөр унана. Буруу талыг нь цохьвол газар доргиж уул нурна гэсэнд хэвтээ хүү,
- Та энэ хэнгэрэгээ над өгнө үү? Хожим би таны ачийг хариулъя гэхэд тэр хүн үүрсэн хэнгэрэгээ хүүд өгчээ. Хэвтээ хүү хэнгэрэгээ аваад цааш явж байтал замын хажуу дээр нэгэн сүх үүрсэн хүн явж байхтай золгожээ. Хэвтээ хүү тэр сүх үүрсэн хүнээс,
- Таны энэ үүрсэн сүх ямар хэрэгтэй буй? Гэсэнд тэр хүн,
- Миний энэ сүх бол хаашаа далайвал тэр зүгийн дайсныг дарах чадалтай, чиг дээшээ барьвал хаан суух чадалтай сүх болно гэхлээр хэвтээ хүү,
- Тийм бол энэ сүхээ над өгнө үү? Хожим таны ачийг хүндээр хариулъя гэсэнд тэр хүн сүхээ өгчээ. Ингээд хэвтээ хүү хоёр арьс болон хэнгэрэг, сүхээ аваад Боролдой хаанд хүрсэнд Боролдой хаан түүнийг нэг ширмэн байшинд хааж тэр шөнөдөө ширмэн байшингийн гаднаас чулуу нүүрс овоолоод түлсэнд хэвтээ хүү хар арьсаа дэлгэж цагаан арьсаа сэгсэрсэнд хоромхон зуур тэнгэр бүрхэж их бороо орсонд бүх хотоороо усан аюул болж хотын ард түмэн их л айн сандарч, ширмэн байшингаас хэвтээ хүүг гаргаж олон цэрэг түшмэлээр бариулахаар очсонд хэвтээ хүү хэнгэрэгийнхээ буруу талыг цохьсонд газар доргиж уул хад нурж хад чулуун их аюул болсон тул, хаан сангийн хамаг амьтан гуйн айлтгаж,
-Хэвтээ хүүг амар төвшнөөр ордны нэгэн сул гэрт суулга гэсэнд хаан арга буюу урьдаар зарлиг буулгаж, ширмэн байшингаас гаргаж нэгэн сул гэрт хориод удалгүй наян нэгэн шидтэн баатраа дуудан ирүүлж, бариулахаар болсонд хэвтээ хүү энэ байдлыг мэдээд хэнгэрэгийн зөв буруу талыг ээлжлэн цохьсонд тэнгэрээс аянга дуугарч газраас их доргион босч салхи мөндөр орж, уул хад нурсанд Боролдой хааны төрийн хамаг амьтан түгшүүртэй болсон тул хэвтээ хүүг сул гэрт хорихоо больж ордонд түр залж суулгаад дараа нь зуун түмэн цэргээр хэвтээ хүүг дарахаар бэлтгээд очиход хэвтээ хүү хэзээний мэдээд сүхээ барьж Боролдой хааны ширээн дээр сууж зүүнш, баруунш дөрвөн зүг найман зовхист далайсанд түүнийг дарахаар ирсэн зуун түмэн цэрэг агшин зуур бүгд үхсэн тул Боролдой хаан өөрөө дутаан нэг уулны даянч ламыг шавь бож бясалган суусан гэнэ.
Тэндээс хэвтээ хүү хаан сууж, хамаг амьтныг захирснаас тэр төрийн ард түмэн энх амгалан сайн сайхан амьдарсан гэнэ.


Цааш нь...

Алтан алим (Орос)

Нэгэн хаан амьдардаг байжээ. Тэрээр хаан ширээнд олон жил суусан ба бүгд л түүнээс айцгаан, байдгаараа үйлчилдэг байлаа. Тэгтэл хаан маш ихээр уйтгарлан гуниж эхэлжээ. Улсынхаа өнцөг булан бүрээс хөгжимчдийг дуудан ордонд цуглуулахыг тушааж гэнэ. Хөгжимчид түүнд лимбэ, ятга, шагшуур болон бөмбөр тоглож өглөө. Энэ нь хааныг үхтэл нь залхаажээ. ...
Тэр бүжигчдийг дуудахыг тушаалаа. Бүжигчид ч ёстой нэг бүжиглэсэн дээ, тэд ингэж тэгж, янз бүрийн хөдөлгөөн хийж, бараг л хөлөө хугартал бүжиглэцгээв. Харин хаан тэднийг харахыг ч хүсэхгүй байлаа.
Хаан уйтгарласаар л байв. Тэгээд хаан хамгийн шилдэг морин уралдаанчдыг дуудахыг тушаав. Тэд хааны өмнө морио эмээллэн мордож, морин дээрээ зогсон, тэгш газраар, уулын энгэрээр давхилдав. Харин хаан тэднийг хараад эвшээхээс өөр зүйл хийсэнгүй.
Хаан уйтарласаар л байв. Хамгийн бяртай хүчтэнгүүдийг ч дуудлаа. Тэд барилдан өөрсдийхөө хүч чадал авхаалж самбаагаа сорьж эхэлжээ. Гэвч хааныг улам уйдаав. Хаан уйтгарлан суусаар, хэрхэн хөгжил, цэнгэлтэй болох вэ хэмээн гэж бодсоор. Нэг өдөр тэрээр нэгэн арга олж гэнэ. Тэгээд улаачдыг явуулж бүх л талбай болон замын огтлолцолд хааны зарлигийг өлгөж хадахыг тушаав:
- Манай ивээлт эзэн хаан агуу их уйтгар гунигт автаад зарлаж байна: Хааныг хүртэл хуурч чадах, болоогүй зүйлийг зохиох тийм арга зальтай хүнд шагнал болгон алтан алим өгөх болно.
Хорвоо дээр худлаа хэлэхдээ үнэрхдэг хүн их олон байдаг, харин энд бол тэдэнд алтан алим амлаж байлаа. Хүсээгүй хэдий ч худлаа хэлнэ шүү дээ. Ордон руу янз бүрийн хүмүүс цувж эхэллээ. Язгууртнууд, худалдаачид, шүүгчид, мөнгө хүүлэгчид гээд л хөлтэй нь хөлхөж хөлгүй нь мөлхөн ирэв. Худлаа хэлж, юу ч юм бүү мэд зүйлийг ярьж байлаа. Харин хаан зөвхөн гараа дохиж:
- Явцгаа, та нарыг сонсох уйтгартай байна! Олигтойхон ч худлаа хэлж чадахгүй байна! гэнэ. Эцэсэт нь ордонд нэг ядуу эр орж ирэв. Тэр хүн хаанд гүнээ мэхийгээд, түүний өмнө ваар тавилаа.
- Чамд юу хэрэгтэй юм бэ? гэж хаан гайхан асуув. Ядуу эр хариулж,
- Би эрхэм дээдсээс өрөө авахаар ирлээ. Ивээлт хаан минь, та надад ваар дүүрэн алтны өртэйгөө мартчихсан юм уу гэхэд Хаан сандлаасаа огло үсрэн бослоо,
- Чи чинь өөрийн ухаантай байна уу? Би чамаас хэзээ алт авсан юм бэ? Чи чинь худалч гэхэд дэндүү худалч юм аа!
- За, хэрвээ би тийм сайн худалч юм бол алтан алимаа өгнө үү гэж ядуу эр хэлэв. Ядуу хүний хувьд энэ ч гэсэн бага зүйл биш ээ. Хаан яг л хавханд орсон хулгана шиг баригдсанаа мэдлээ. Хаан,
- Чи ямар юмных нь худалч байхав дээ гэхэд ядуу эр,
- Хэрвээ энэ худлаа үг биш юм бол алтаа буцааж өг хуруугаараа ваараа тогшлоо. Хаан яахаа мэдэхээ байв. Алтан алимаа өгөх харамсалтай байдаг, харин ваар дүүрэн алтан зоос өгөх бүр чи харамсалтай байдаг. Хаан бодоод бодоод бодын шийр дөрөв гэгч болов. Тэгээд хаан алтан алимаа өгөхөөр болов. Ядуу эр ч гэртээ ирэн аж жаргалтай амьдарч, харин хаан түүнээс хойш дахин гуниглахаа больжээ.


Цааш нь...

Үнэг тогоруу хоёр (Орос)

Үнэг тогоруу хоёр нөхөрлөдөг байжээ. Бүр эртний андууд юм гэнэ. Нэг удаа үнэг тогорууг дайлахаар шийдэж түүнийг гэртээ урихаар очоод,
- Найз минь, хүрээд ирээрэй хонгор минь, манайд ирээрэй! Би чамайг дайлах болноо! гэв.
Тогоруу хэрэндээ бэлдээд үнэгийнд айлчлан очиж гэнэ. Үнэг зутан чанаж түүнийгээ тавганд хийж өгөөд ингэж хэлж гэнэ: ...
- Миний хонгор найз минь, ид дээ! Би өөрөө хийсэн юм шүү. Тогоруу хамраараа топ-топ гэж тоншсоор байсан ч аманд нь юу ч орсонгүй. Харин үнэг энэ хооронд зутангаа долоосоор байгаад бүгдийг нь идчихжээ.
Зутан дуусахад үнэг хэлж гэнэ:
- Хонгор найз минь битгий юм бодоорой! Дахиад дайлах зүйл алга байна даа.
- Найз минь баярлалаа! Манайд зочлон ирээрэй гэж тогоруу хариу урилга өгөв.
Маргааш нь үнэг тэднийд очлоо. Тогоруу буудай жигнээд урт нарийхан амсартай вааранд хийж ширээн дээр тавиад хэлэв.
- Ид дээ, найз минь! Өөр хоол даан ч алга байна даа. Үнэг ваарны хажууд эргэлдэж эхэллээ. Ингэж ч үзээд, тэгж ч оролдоод, долоогоод, үнэрлээд ч юунд ч хүрч чадсангүй. Толгой нь вааранд багтахгүй байв. Харин тогоруу тэр хооронд тоншсоор бүгдийг нь идчихээд,
- За найз минь, битгий гомдоорой! Дахиад дайлах юм алга даа! гэв.
Үнэг уурлав. Тэр уг нь долоо хоногийхоо хоолоо иднэ гэж бодож ирсэн аж. Гэвч өлөн ходоодтойгоо гэр рүүгээ буцах болов. Тэр үеэс хойш тогоруу үнэг хоёр нөхөрлөхөө больсон юмсанжээ.


Цааш нь...

Гурван торой (Англи)

Эрт урьдын цагт ах дүү гурван торой амьдардаг байжээ. Гурвуулаа адилхан инээдтэй ягаахан мушгирсан сүүлтэй аж. Торойнуудын нэрийг Ниф-Ниф, Нуф-Нуф ба Наф-Наф гэдэг. Тэд зунжин өвсөн дээр өнхрөлдөн, наранд биеэ ээн хэвтдэг байв. Гэвч хүйтэн намар хүрээд ирлээ.
- Одоо өвлийн тухай бодох цаг болсон байна. Дулаахан байшин бариад бүгдээрээ тэнд хамтдаа амьдарцгаая гэж Наф-Наф хэлэв. ...
- Үгүй шүү! гэж Ниф-Ниф, Нуф-Нуф хоёр уурлалаа. Өвөл болтол хаа байсан юм бэ. Амжина шүү дээ.
- Хүссэнээрээ л бол доо. Тэгвэл би өөрөө өөртөө байшин барьж эхэлнээ гэж Наф-Наф тэдэнд хэлжээ.
Харин Ниф-Ниф, Нуф-Нуф хоёр урьдын адил эрхлэлдэн наадсаар байлаа. Ингээд замын хажуугийн том усан шалбааг хөлдөж эхлэхэд ах дүү хоёр нь ажилдаа оржээ. Нуф-Нуф өөртөө сүрлээр хурдхан шиг байшин барьчихав. Нуф-Нуф ч бас өөртөө байшин барихаар шийджээ. Сүрлээр биш харин мөчрөөр. Орой гэхэд байшингууд нь бэлэн болчихсон байлаа.
- Наф-Наф дээр очицгооё, гэж Нуф-Нуф санал болгов. Түүний барьсан байшин ямар болсон бол? Сонирхолтой байна. Харин Наф-Наф яаралгүйгээр чулуугаар бат бөх, найдвартай байшин барьсан байлаа. Тэр чоныг оруулахгүйн тулд замган түгжээтэй хүнд хаалга хийсэн байв.
- Түүнийг чононоос хичнээн их айдгийг нь хараач! гэж Ниф- Ниф хэлээд ах дүү хоёр нь шоолон хөхрөлдөж гэнэ.
Тэд маш их чимээ шуугиан гаргасан тул нарс модон доор унтаж байсан өлсгөлөн чоно сэрчихжээ.
- Энд ямар гээчийн чоно байхав дээ! гэж гахайн торойнууд хөгжилдөж байснаа шүдээ ярзайлган амаа ангайсан жинхэнэ амьд чонотой тулгарав. Торойнууд айсандаа чарлан зугатаалаа. Ниф-Ниф өөрийнхөө сүрлэн байшинд түрүүлэн гүйж ороод хаалгаа хаав.
- Алив, хаалгаа нээ! гэж чоно архирлаа.
- Нээхгүй ээ! Гэж Ниф-Ниф хуухирч гэнэ. Тэгэхээр нь чоно хамаг хүчээрээ: “Фу-у-у!” гээд үлээж эхлэв. Дээврийнх нь сүрэл хууларч, хана нь чичирч эхэллээ. Тэгээд байшин нь нурчихаж гэнэ, харин Ниф-Ниф зугтаан Нуф-Нуфын байшинд хүрч ирлээв Тэгээд ах дүү хоёр хаалгаа түгжив. Чоно торойнуудыг зальдахаар шийджээ. Тэр хонины арьс нөмрөөд хаалгыг нь аяархан тогшив.
- Хэн бэ? гэж айсан торойнууд асуув.
- Би-и-и хөөрхий жижигхэн хонь байна аа. Би төөрчихлөө. Намайг хонуулаач дээ! гэж чоно гийнан хэлэв. Үнэмшсэн торойнууд хаалгаа жаахан нээтэл аймшигтай шүдтэй том амыг олж харлаа. Ах дүү хоёр хаалгаа арай л гэж хааж амжив. Чоно маш их уурлан: “Фу-у-у!” гээд үлээж эхэллээ. Байшин ганхаж байснаа нурчихаж гэнэ. Торойнууд Наф-Нафын байшин руу гүйцгээлээ. Наф-Наф тэднийг байшиндаа оруулаад хаалгаа замган цоожоор нь түгжив. Чоно хаалгыг нь тогшив. Наф-наф тайвнаар,
- Хэн бэ? гэж гэв.
- Одоохон хаалгаа нээ! гэж чоно бүдүүлгээр бархирав.
- Үгүй шүү! гэхэд нь чоно хаалгыг хүчтэй сэгсчиж эхлэв. Хаалга нь нээгдсэнгүй.
Чоно агаарыг томоо гэгч нь сороод үлээв. Гэвч байшин байрнаасаа хөдөлсөн ч үгүй! Чоно дээвэр дээрх том янданг гэнэт олж хараад “Аха!” хэмээн баярлаад мөлхөн орлоо. Гэвч ухаантай Наф-Наф ус буцалгаж байсан тогооныхоо тагыг нь авчихав. Яндан цэвэрлэгч шиг хар өнгөтэй чонь буцалж буй усанд шууд уначихжээ! Түлэгдсэн чоно зэрлэгээр улин дээвэр дээр буцаж гараад, тэндээсээ өнхрөн буугаад зугтаажээ. Гурван торой санаа муут чоныг ийнхүү хашраагаад эвтэй найртай амьдарч, амар сайхандаа жаргажээ.


Цааш нь...

Нохой, муур, хулгана гурав

Анх нохой, муур, хулгана гурав эгч дүү мэт эвтэй сайхан амьдардаг байж гэнэ. Хүн нохойг хогшил хөрөнгөө харж хонь малаа хамгаалж явдаг болохоор нь “Хоточ” гэдэг цол шагнаж алтан бичигтэй үнэмлэх өгчээ. Үүний нь муур мэдээд ихэд атаархаж хулганад,
- Нохойн алтан бичигтэй үнэмлэхийг үгүй хийхгүй бол чи бид хоёр хүнд ойр дотно явж хоол унднаас нь хулгайлж идэх аргагүй боллоо шүү дээ.... Чи тэгэхлээр тэр бичгийг сэмхэн хулгайлах хэрэгтэй гэж захижээ. Хулгана ч тэр дороо нохойн алтан бичигтэй үнэмлэхийг хулгайлан авч гөлчгийндөө өгөөд уруулчихжээ. Тэгээд муур хулгана хоёр нохойд очоод,
- Чи яагаад хүнтэй ингэж ойр дотно нөхөрлөх болов оо? Чамд араатны хаан тийм эрх олгоогүй шүү дээ гэж асуувал нохой,
- Надад тийм эрхийн алтан бичигтэй үнэмлэх бий гээд үнэмлэхээ үзүүлэх гэж эрээд олсонгүй ээ. Нохой хулганад хар санаж,
- Чи хулгайлж аваа байлгүй гээд ухасхийтэл хулгана цочихдоо сандраад,
- Би хулгайлаагүй, муур ах ав гэсэн юм гэж үнэнээ хэлчихжээ. Тэгэхээр нь нохой муурыг элдэж, харин муур “Чамайг барьж иднэ” гээд хулганыг хөөв. Хулгана санд мэнд гэгч нэг нүхэнд шургачихаж, муур нэг модон дээр авиран гарч нохой дор нь хоргоон боорлож гэнэ. Ингэж нохой, муур, хулгана гурав одоо болтол бие биеэ үзэж чадахаа байсан юмсанжээ.


Цааш нь...

Муур багш

Урьд цагт нэг лам бясалгал хийж суудаг байж. Тэрээр нэг муур тэжээдэг байжээ. Тэр муур нэг өдөр ламын хөөргийг нь хулгайлжээ. Лам хөөж явж хөөргөө олж авав. Бас нэг өдөр эрихийг нь хулгай хийж аваад нүхэнд орчихож. Сүүлнээс нь чангаагаад сүүлийг нь тас татжээ. Тэгээд муураа гэрээсээ хөөчихөж гэнэ. ...
Муур яваад олон оготно хулгана байдаг газар очиж. Нэг оромж барьж ламын эрхийг хүзүүндээ өлгөж суужээ. Нэг өдөр олон оготно ирж, эс халдаж. Тойрон байж. Тэгэхлээр муур хэлжээ,
- Та нар надаас бүү ай, би Муур багш байна! Амьтны амийг тэвчсэнийхээ төлөө та нарт ариун ном зааж өгье! Ирцгээ! Ирцгээ! гэжээ. Тэгэхлээр оготнууд ойртоцгоож ном заалгах болж гэнэ. Нэлээд хэдэн хоног болсон хойно тэр оготнуудын хаан Хүчин туст хэлжээ,
- Аа, энэ манай багш биднээс иддэг бололтой. Бие махбод нь машид их таргалж. Баас нь болбоос яс үс холилдон гарсан байна. Та нар айлын нутаг дээрээс нэг хонх олж ир!” гэж хэлээд хэдэн оготно явуулж. Тэд ч айлын нутаг дээрээс хонх олж ирээд “Багшид чимэг өргөе!” гээд хүзүүнд нь зүүчихжээ. Тэгээд Хүчин туст хулганууддаа хэлж,
- Энэ өдөр номоо заалгаж цөм цувж гарцгаа, хэрвээ хонх дуугарвал цөм эргэж орцгооно шүү! гэж. Ном заалгаж дуусаад цөм цувж гарч. Хонх дуугарчээ. Яаран эргэж орцгоосонд муур багш нэг оготно бариад идэж байжээ. Тэгэхлээр Хүчин туст оготно хэлж,
- Хуурамч сэтгэлт чоно мэт багшийн худал үгэнд итгэж хайран хулганууд минь цөөрч бид хохирлоо.Одоо эндээс өөр газар нүүе гэж хэлээд ондоо нутагт нүүцгээжээ. Харин муур “Би баасаа нуусан бол ийм хэрэг юунд болох вэ?" гэж ихэд гэмшин бодсоноос хойш муур баасаа үргэлж булж нуудаг болсон гэдэг.


Цааш нь...

Үнэг чоно хоёр

Үнэг чоно хоёр хамт явж байгаад нүүж яваа айлын мөр дээрээс гүзээ шар тос олжээ. Энэ тосыг хоёулаа тэгш хувааж идэхийг завдаж байтал үнэг,
- Энэ тосыг энд идэхэд зохисгүй, хүн явна. Харин өндөр уулын орой дээр гарч идье гэж. Чоно,
- За тэгье, яаж авч явах вэ? гэв. Үнэг,
- Авч явах ч юухан байх вэ? Үүрээд л явчихна. Харин аахилах гэж л нэг айхавтар ажил бий дээ гэхэд чоно, ...
- За би үүрэхийг нь үүрье. Чи аахилж үз гээд тос үүрээд явахад үнэг,
- За тэгэхээс дээ гээд амаа ангайгаад араас нь дагаж явжээ. Ингээд хоёулаа өндөр уулын оройд гарав. Гэтэл үнэг,
- Энэ тосыг хувааж идсэний хэрэггүй, нэг нь л идвэл зохино гэлээ. Чоно,
- Хэн маань идэх вэ? гэхэд үнэг,
- Хэн ах настай маань идвэл таарна. Чи хэдэн настай вэ гэж асуулаа. Чоно үнэгийг мэхлэж өнөөх тосыг идэхийн тулд,
- Намайг бага байхад
Сүмбэр уул дов шиг,
Сүн далай шалбааг шиг байсан билээ гэхэд үнэг учир зүггүй уйллаа. Чоно дотроо “Шар гайхал чамайг ч нэг мэхлэлээ дээ. Одоо уйлсан ч уйлаагүй ч тос минийх болсон доо” гэж бодоод “Чи юунд уйлаа вэ?” гэхэд үнэг,
- Би гурван гавартай байсан юм аа. Хамгийн бага нь чамтай чацуу юм байна. Тэгээд сэтгэл уярлаа гэхэд чоно түүнийг сонсож ихэд ичээд өлөн хоосон хонхолзсоор хонгилдоо буцахад үнэг өнөөх тосыг ганцаараа цадталаа иджээ.


Цааш нь...

Үнэг, зараа, чоно гурав

Урьд цагт чоно, үнэг, зараа гурав амьдарч байжээ. Гэтэл нэг өдөр ганц чавга олж түүнийгээ хэн нь идэхийг хэлэлцжээ. Чоно,
- Архинд хэн амархан согтдог маань идье гэв. Энэ саналыг бүгдээрээ зөвшөөрөв. Тэгээд чоно:
- Би амсаад согтдог гэв. Үнэг,
- Би үнэрлээд согтдог гэв. Зараа,...
- Би сонсохоороо согтдог” гээд гуйвж байж гэнэ. Ингээд зараа идэхээр болж гэнэ. Гэтэл үнэг,
- Уралдаад хэн түрүүлсэн маань идье гэжээ. Бусад нь нэг зэрэг зөвшөөрөөд уралдаж гэнэ. Зараа үнэгний сүүлэнд нь зүүгдэн явж гэнэ. Үнэг хар эрчээрээ давхиж ирээд өөрийгөө түрүүлсэн гэж бодоод эргэж хартал зараа ард нь зогсоод,
- Чи чинь одоо л дөнгөж ирж байгаа нь энэ үү?” гэж хэлжээ. Ингээд зараа түрүүлсэн болж идэж гэнэ.


Цааш нь...

Үнэг арслан хоёр

Урьд цагт үнэг арслан хоёр хамтарч ан гөрөө барьж иддэг байлаа. Барьсан олзоо ямагт арслан үүрдэг байжээ. Гэтэл нэг өдөр нэг буга бариад үнэгийг “Чи үүр!” гэж арслангийн хэлэхэд “Би үүрэхэд ч үүрье. Харин янцаглах гэж нэг хэцүү ажил бий шүү. Түүнийг чи чадах уу?” гэж үнэг хэлэв. Тэгэхэд нь арслан “Би араатны хаан байтлаа энэ муу үнэгний хойноос дагаад янцаглаж явах гэдэг ичгэвтэр... хэрэг” гэж бодоод “Хүүе, би янцаглаж чадахгүй, үүрэхий нь би үүрье. Янцаглахы нь чи янцагла!” гээд бугаа зоон дээгүүрээ тавьж хөлөөс нь зуугаад их зантай алхаллаа. Үнэг хойноос нь янцаглаад дагав. Дагасаар уг газартаа хүрч нөгөө махнаас нь дажгүй идэлцэж гэнэ.


Цааш нь...

Ховдог чоно

Төөтгөөхөн хүү төө халзан бяруугаа унаад түлээ түүхээр балт сүхээ бүсэндээ хавчуулаад
Айлын гадуур агдайлгаж
Хүний гадуур хүгдийлгэж
Татаж таахайлгаж
Тавьж бөөхийлгэж явсаар
Ойн захад хүрч очжээ. Гэтэл гай газар дороос,... гахай модон дотроос гэгчээр ойгоос өлөн чоно гарч ирээд замы нь боон хөндөлсөөд,
“Ходоод гэдэс минь
Хоосон болохоор
Хоёр бөөр минь
Хонхос хонхос хийж байна.
Төөтгөөхөн хүү чамайг иднэ” гэжээ.
“Ачит буурал чоно гуай минь,
Амий минь авар!
Төөтгөөхөн хүү би чинь
Төө халзан бяруугаа өгье” гээд бяруугаа төхөөрөөд цусы нь олгойд нь хийж чонын нүдийг харуулдаж байгаад сэмхэн өвөртлөжээ. Бярууны махыг чоно нүд ирмэхийн зуур залгиж орхиод,
- Төөхөн бярууны мах юухан болох вэ дээ. Шүдний чимхлүүр ч болсонгүй. Одоо чамайг идэж ов шуналаа дарна гээд ухасхийжээ. Төөтгөөхөн хүү айн сүрдэж горхины мөсөн дээгүүр гүйнгүүтээ хальтарсан болоод олгойтой цусаа хагалаад гоожуулжээ. Тэгээд чононд,
- Чоно гуай! Долоогойроо, долоогойроо, цус минь гоожлоо гэхэд ховдог чоно долоох гээд хэлээ мөсөнд наалдуулчихжээ. Чоно сандрахдаа,
- Төөтгөөхөн хүү минь! Балт сүхээрээ хэл, мөс хоёрын дундууд цавчаарай! гэхэд,
- Аман хүзүү, хатан хүзүү хоёрын дундуур цавч гэв үү? гээд чонын аман хүзүү, хатан хүзүү хоёрын дундуур нь цавчаад ховдог чонын толгойг таслажээ. Ингэж Төөтгөөхөн хүү аюулт чонын амнаас амь мэнд гарч амар сайхан жаргажээ.


Цааш нь...

Хулан хэрээ чоно гурав

Эрт урьд цагт хулан , хэрээ, чоно гурав гэмгүй сайхан нөхөрлөж гэдэс тэжээн амьдарч байжээ. Гэтэл нэгэн өдөр шинэ нутаг сэлгэхээр ярилцаж хэрээ нутаг үзэж ирээд ингэж хэлэв гэнэ.
- Бид гуравт элбэг сайхан хоолтой газар холгүй байна. Харин тэр нутагт хавх, буутай нэг сүрхий анчин байна. Түүний хавх л бидэнд аюултай юм гэж хэлэхэд нь чоно дотроо “Хэрэв тэр хавханд хулан орчих юм бол олгой гэдэс нь надад олдох юуны магад” хэмээн бодоод,
- Тийм сайхан нутагт түргэн очиж амьдаръя. ... Тэр муу анчнаас айх юу байх вэ?” гэж хэлжээ. Тэгээд гурвуулаа тэр нутагт нүүдэллэн очиж, аятай тавтай амьдран сууж байтал нэгэн өдөр хулан анзааргагүй явж байгаад анчны хавханд орчихжээ. Үүнийг мэдмэгц чоно хэрээнээс урьтаж очоод,
- Чи яагаад энэ хавханд орчихов? гэсэнд хулан,
- Яах юу байхав, явж л байсан нь ийм аюулд орчих юм. Яавал үүнээс түргэн ангижирч болох вэ? гэж чоноос асуувал,
- Чи түргэн сайн үсчээд бай. Тэгвэл үүнээс салж магадгүй гээд явжээ. Чоно “хуланг үхэхээр иднэ” гэж бодоод ойрхон отоод хэвтэж байж гэнэ. Гэтэл хэрээ нисэн ирж хуланг хармагц,
- Хулан чи яагаад үсчиж цовхчоод байгаа юм бэ? гэхэд
- Яах юу байхав? Нөгөө анчны хавханд орчихоод байхад чоно ирээд “Сайн үсчээд бай. Тэгвэл түргэн гарна” гэсэн юм. Тэгээд л би үсчиж цовхчисоор байгаад хамаг чадлаа барчих нь энэ. Хөл ч үнэхээр их өвдөж байна гэжээ. Хэрээ,
- Чи ингэж үсчиж цовхчиж болохгүй. Хэрэв ингэх юм бол хөл мөчөө хугалаад одоохон үхэх аюулд учирна. Харин чи ер хөдлөхгүй үхсэн мэт хэвтэж бай! Тэгвэл анчин чамайг үхсэн гэж санаад хавхаа салгаж авах болно. Тэгэхээр нь түргэн босоод зугтах хэрэгтэй гэж зөвлөн хэлээд өөрөө анчны гэрийн тоонон дээгүүр эргэлдэн нисэж түүнд мэдээ өгөхөөр учиргүй чанга гуаглан орилжээ. Хашир анчин “Хавханд ямар нэг юм орсон нь магадтай буй заа” хэмээн санаж тэр дороо буугаа үүрэн гарав гэнэ. Энэ үед чоно “балагт хэрээ ирж хулангийн нүдийг ухчих вий” хэмээн өндийн хартал анчин ирж яваа харагдав гэнэ. Чоно үүнийг хараад “Одоо л олгой ходоод олдох цаг болов” гэж санаад дороо хяран хэвтжээ.
Анчин хавханд хулан орсныг үзээд маш их баярлан иртэл тэр үхсэн бололтой байв гэнэ. Тэгээд хавхаа салгаж аваад тамхи татаж суутал гэнэт хулан босон харайж чонын хэвтэж байсан зүг зугтсан тул анчин сандрахдаа түүний хойноос хэд дахин бууджээ. Гэтэл “Муу санаа эзнээ отно” гэгчээр тэнэсэн сум нь хуланг бус харин хулангийн гэдэс дотроос ч бол хувь хүртэнэ гэж горьдож хэвтсэн чонын тархийг нь хага буудаж гэнэ.


Цааш нь...

Ухна ишиг чоныг айлгасан нь

Урьд нэг баян айлын хуучин өвөлжөөн дээр цагийн гачаал бэрхэд туйлдаж цасан доор дарагдаж үлдсэн нэг ухна ишиг бухан бяруу хоёр байжээ. Гэтэл удалгүй хаврын урин улирал ирж хамаг бодис шинэтэн дулаан бүлээн болоход хоёулаа цасан доороос арай чүү амьтай голтой гарч бага зэрэг тэнхэл ороод хамт явж байтал зам дээрээс нэгэн чонын арьс олжээ. Түүнийг аваад цаашаа явтал талд нэгэн цагаан гэр үзэгдлээ. ... Тэр зүг чиглэж гадна нь очоод арьсаа үүдэнд нь тавиад орж үзвэл долоон том чоно найрлан сууцгааж байна.
Эхний чоно, дээр суусан бухан бяруунаас,
- Чиний нэр хэн бэ? гэсэнд бяруу,
- Гүзээ ихт гүрний жанжин гэв. Чоно дахин ухна ишигнээс,
- Чиний нэр хэн бэ? гэсэнд ухна ишиг,
- Миний нэр сэлэм эвэрт Сэнгэ баатар гэдэг гэсэнд олон чоно баахан гайхаж бас дахин асуусан нь,
- Эрхэм та нар тухайлан ямар хэргээр явж байна? гэсэнд ухна ишиг хэлсэн нь,
- Хаан хурмастад далан сайн чонын арьсаар дах хийж өргөх албанд оногдоод явж байтал баруун жалганаас нэг муу чоно аллаа. Тэгээд наашаа иртэл харин энд долоо байна” гэсэнд эхний чоно,
- Би гарч шээгээд ирье гэж гарч одоод гаднах чонын арьсыг үзэж ихэд аюун зугтав. Дараах чононууд түрүүчийн хашир чоно эргэж ирсэнгүйд бүгд гайхаж нэг нэгээрээ шээх гэж гарч явсаар хамгийн сүүлд нэг чоно үлдсэнд ухна ишиг хамт гарвал тэр чоно гадаа байгаа арьсыг үзмэгц нэг амьсгалаар дөрөв тав харайн ухаан зулаггүй зугтав. Ухна ишиг хойноос нь амь тэмцэн хөөв.
Хөөж явтал нэг бага мөрний ус хөлдсөн мөсөн дээгүүр чоно зугтан гарахад ухна ишиг хойноос нь хөөн гартал хальтран салтаагаа хагалав. Ухна ишиг салтаагаа хагарсныг чононд мэдэгдэхгүйн тулд түүний хойноос өндөр дуугаар хашгиран,
- За чамайг би өмдний тэлээ тасраагүй бол! хэмээн их л идэрхэг эрэлхэгээр хараан сүрдүүлж заналхийлээд эргэн гэрт очиж амар сайхандаа жаргажээ.


Цааш нь...

Заан, оготно хоёр

Урьд цагт нэгэн бяцхан хотын захад нэг заан амьдардаг байжээ. Заан өдөр бүр голд очиж ус ууна. Тэр голын эрэг дээр бас нэгэн оготно амьдарч байжээ. Заан ус ууж ханаад оготны нүхийг усаар шүршиж усанд авахуулдаг байжээ. Ингээд оготныг тэсэхийн аргагүй зовлон зүдүүрт унагахаар нь оготно,
- Миний өчүүхэн орон байрыг битгий сүйтгээч гэж олон удаа гуйжээ. Гэвч заан оготны үгийг тоомсорлохгүй урьдын адил сүйтгэж хөнөөсөөр байжээ. ...
Нэгэн өдөр зааныг ирэхэд оготно,
- Миний орон байрыг сүйтгэхээ зогсохгүй бол танд дайн зарлана гэжээ. Заан энэ үгийг сонсоод үл тоомсорлон хөх инээд нь хүрч гэнэ. Оготно тэр хавийн ардуудад,
- Би заантай байлдана. Ийм учраас маргаашийн дотор та нар эндээс нүүж холдохгүй бол дайны хөлд үрэгдэнэ шүү гэж зарлажээ.
Гэтэл баячууд оготны үгийг бас л тоохгүй "Энэ өчүүхэн муу оготно заантай яаж байлдах юм бэ? Тэгээд бас улс амьтныг сүйтгэх нь ч гайгүй л биз" гээд нүүсэнгүй. Харин ядуу ардууд оготны үгийг сонсоод "Бидэнд аюул учирч магадгүй" гээд нүүцгээжээ.
Маргааш нь зааныг усанд ирэхэд оготно хамрын нь нүхээр орж улаан хоолой уушги зүрхийг нь урж гарчээ. Заан амь нь тэмцэж чарлан цовхчин туйлж хавь ойрын айл амьтныг дайран сүйтгэж нүүгээгүй үлдсэн айлуудыг үнсэн товрог болгожээ. Заан галзуурч галзуурч үхсэнд оготно зааны хамрын нүхээр буцаж гараад голын эрэгтээ очиж амар сайхан жаргаж гэнэ.


Цааш нь...

Түргэн гар

Манай айлд таван настай Баадай гэдэг хүү бий. Баадай хүүгийн гар нь жигтэйхэн түргэн хөдөлгөөнтэй. Бусдаас боов чихэр, тоглоом авахдаа тун ч шалмаг хурдан билээ.
Аав нь нэг өдөр хоёр хөөрхөн эрээн бөмбаг авчирч гэнэ. Тэр бөмбөгийг үзэнгүүтээ Баадайн хоёр гар яах ийхийн зуургүй ухасхийж дүүгээсээ өрсөн хоёулангий нь шүүрэн авсан гэнэ. Бас нэг өдөр ээж нь ... цаасан уутаар дүүрэн алим авчраад гурван настай охин дүүд нь нэг ширхэгийг өгөхийн хооронд Баадайн түргэн гар нүд ирмэх зуур тав зургаан алим шүүрчихээд хагасыг нь шалан дээр өнхрүүлэн байжээ.
Оройн хоол болмогц л Баадайн хоёр гар аль хэдийн аяга халбагаа зэхчихсэн байдаг аж. Нэг орой хоолны дараа ээж нь Баадайг дуудаж,
-Миний хүү аяга, халбагаа угааж цэвэрлэ гэхэд дуугарсангүй гэнэ. Гэтэл дүү нь,
-Ээж ээ ахын хоёр гар нь алга болжээ гэв. Ээж нь ирээд үзвэл Баадай дээлээ нөмрөөд хоёр гараа өмднийхөө халаасанд хийчихээд хэнэггүй зогсож байжээ. Тэгэхэд нь дүү нь ээждээ гараа үзүүлээд,
-Надад гар байна. Би цэвэрлэе! гэжээ.
-Миний охин сайн байна. Идэж уухдаа гартай байгаад ажил хийхдээ нуудаггүй юм гээд ээж нь охиноо үнсчээ.


Цааш нь...

Ухна ишиг

Урьд нэг баян айл байж. Намар хүйтэн болж өвөлжөөндөө гарахдаа тэнхээ муутай нэгэн ухна ишгийг буурин дээрээ үлдээжээ. Ухныг ганцаар хороондоо байж байтал нэг бар хүрч ирээд идэхээр завдав. Ухна айснаа мэдэгдэлгүй өөдөөс нь босоод зогсож гэнэ. Бар асууж:
- Дээдэх чинь юу вэ? гэхэд нь ухна хэлэх юм гэнэ,
- Бар алах жад сэлэм хоёр. Бар,
- Энэ доотох чинь юу вэ? гэхэд ухна,
- Барын мах амталж идэх чинжүү давс гэв. Бар,...
- Энэ эрүүн дэх чинь юу вэ? гэхэд ухна,
- Барын мах идээд тогоо арчдаг алчуур гэжээ. Тэгээд ухна бархираад барыг мөргөхөөр ухас хийтэл.
бар айгаад зугтаж. Зугтааж явсаар нэг чонотой тааралдаж. Чоно,
- Бар гуай, та ямар юмнаас ингэтлээ айн зугтаагаа вэ? гэж.
- Энд явж байсан, нэг айхтар амьтан байна, тэрнээс зугтаж явна гэж бар хариулав.
- Аа, тэр мууг чинь ухна гэдэг юм. Тэрний чинь хоёулаа очиж идье! гэж чоно хэлж гэнэ шүү. Тэгсэн бар,
- Би айж байна, очихгүй гэтэл чоно,
- Айлтгүй, хүзүүгээрээ холбоотой очьё! гээд модны үндсээр өөрийгөө бартай холбоод ухныг идэхээр очиж.
Тэгсэн ухна урдаас нь,
- Гөлийсөн хөх нохой! Долоон барын өртэй чи ганцхан бар олж ирээ юу? гээд ухас хийж. Бар ч үхтэлээ айн эргэн зугтаав. Чоно ч чирэгдсээр ярзайн үхжээ. Түүнийг харсан бар “Чамд инээд, надад ханиад. Хүн айж явахад инээлээ” гээд улам хурдлан зугтаажээ. Ингэж ухаант ухна ишиг авхаалж самбаа гаргасны хүчинд айх аюулгүй амар сайхан өвлийг давж хавартай золгожээ.


Цааш нь...

Хоёр морь

Эрт урьд цагт хол газар худалдагдсан хоёр морь эх нутгаа санаж харихаар гүйж явтал хөгшин нэг нь харьж чадахгүй замдаа хоцрох болжээ. Тэгээд залуу мориндоо:
"За, залуу дүү минь
Замдаа сайн яваад хариарай!
Хөгшин ах чинь одоо үхэх боллоо.
Дүү минь
Болзоогүй замаар бүү яваарай!...
Бөртөлзсөн юман дээр битгий очоорой!
Боолттой юмыг бүү задлаарай!” гэж захиад хоцорч гэнэ. Залуу морь нь нэг залхай замаар орж явжээ. Гэтэл нэг бөртөлзсөн бор юмны бараа харагдаж гэнэ. “Түүнийг очиж үзэх юмсан” гэж бодоод тэсч чадсангүй, гүйж очтол уутанд хийсэн юмны ам нь боодолтой бөгөөд дотор нь амьтан байгаа бололтой хөдлөж байжээ. “Түүний дотроос юу гарах бол, үзэс юмсан” гэж тэсч ядаад сонирхон амыг задлатал дотроос нь нэг том, өлссөн чоно гарч ирээд,
- Чи юун морь ингэж миний боодлыг задлав? Би нэг баян айлын малаас барьж идсээр байтал тэр айлын эзэн намайг чиний адил хурдан мориороо хөөн гүйцэж барьж аваад энэхүү уутанд хийж орхисон билээ. Иймд одоо би чамайг иднэ гээд барихаар завдтал нэг туулай явж байгаад тэр хоёрыг үзмэгц,
- Та хоёр юу хийж байгаан бэ? гэж асуув. Тэд үнэн байдал учраа тоочсонд тэр туулай морины аминд орох арга бодож ийн өгүүлрүүн,
- Үгүй, чоно гуай та ийм сайхан том эр байтал уутанд хийлгэж ам нь боолттой хэвтэж байна гэдэг чинь худал буй заа. Хэрэв үнэн бол би харин энэ морин дээр өөрийн биеийг шагналд нь өгч идүүлье гэв. Тэгэхэд чоно
- Үнэн, би энэ уутанд байсан гэж хэлжээ. Туулай,
- Эрхэм чоно та энэ уутанд яаж багтах билээ? Би нүдээр үзээгүйдээ үнэмшихгүй гэхэд чоно морь, туулай хоёуланг идэхээр бодож нөгөө уутандаа дахин ороод толгойгоо хараахан далд оруулаагүй байхад туулай,
- За тэр, толгой чинь багтахгүй байна гэж хашгирмагц чоно толгойгоо даруй далд оруулав. Туулай тэр даруй уутны амыг хуучин хэвээр нь боож орхив. Ингээд өчүүхэн биетэй боловч арга онолтой туулайн гавьяагаар амь гарсан залуу морь нутагтаа очоод сайн эрийн итгэлт хүлэг болоод амар сайхандаа жаргасан гэдэг.


Цааш нь...