Багшийнхаа үгийг биелүүлсэн нь

Баадайг нэг өдөр хамба лам дуудаж уулзаад “За чи манайд хэд хоног бай! Ядаж ус зөөж хоол хийж тус бол! Тэгээд надад шавь орсон нь дээр байх” гэж гуйсанд Баадай тэднийд дуртайяа очиж гэнэ. Тэгээд Баадай хамба ламд мөргөж багш шавь бололцож гэнэ. Багш нь Баадай хэлэхдээ “За чи миний юу хэлснийг “за” гэж хэлээд тэр ёсоор хийж байна шүү! Зөрж болохгүй!” гэж захиж гэнэ. Багш лам нь хурал номдоо явах үедээ Баадайд “Чи гадуур тэнүүзэй, гэртээ нам суугаад номоо цээжилж бай!”... гэж захиад явсанд Баадай “За” гэж хэлээд өдөржин суусаар байгаад багшийгаа ирэхэд нь гал ч үгүй, хөс ч үгүй, цай ч үгүй байж гэнэ. Багш нь ирээд,
- Баадай минь чи яав даа! Цай хоолоо хийхгүй гэсэнд Баадай,
- Таны үгнээс зөрөхгүй гээд л нам суугаад байлаа гэж гэнэ. Маргааш өдөр нь багш лам нь хуралд явахдаа “Баадай минь чи намайг хурлаас ирэхэд ядаж ганц аяга цайтай байж үзээрэй” гэсэнд Баадай “За” гэж хэлээд үлдэж гэнэ. Орой багшийгаа ирэхэд нь өөрийн нь муу омгор аяганд яг таарсан ганц аяга цай чанаад түүнийгээ барьсанд багш нь уучаад,
- Дахиад цайнаасаа хийгээрэй гэсэнд Баадай,
- Таны үгнээс зөрөхгүй гээд л ганцхан тагш цай хийсэн нь энэ гэсэнд,
- Иш Баадай минь чи яав даа? гэж гаслаад -За би айлд очоод ирнэ, намайг ирэхэд чи хүн шиг дориун хоол хийгээд байж үзээрэй гэж захиад гадагш гарч гэнэ. Баадай оройхон багшийгаа ирэхэд нь гурилаар баахан хүний дүрс үйлдээд түүнийгээ жигнэн суутал багш нь ирээд
- За Баадай наад хоолоо гарга! гэсэнд дандаа хүний дүрс “арим” байсанд багш нь уурлан,
- Чи ер нь яаж байна? гэсэнд Баадай,
- Би таны үгнээс зөрөөгүй шүү. Та хүн шиг хоол хийгээрэй гэсэн шүү дээ гэхэд багш нь,
- Иш Баадай минь яана даа! гэж үглээд маргааш нь хуралд явахдаа Баадайд захисан нь “Оройхон манайд нэг авгай ирнэ. Түүнд чи “Ямар ч байсан надтай уулз! гэж хэлээрэй” гэсэнд Баадай мөн л “За” гээд үлдэж гэнэ. Оройхон нөгөө багший нь авгай ирж гэнэ. Тэгэхлээр нь Баадай түүнд “Багш “Ямар ч байсан чамайг надтай уулз” гэсэн” гэж хэлээд нөгөө авгайг тэврээд автал өнөө авгай нь ичээд тэр чигтээ яваад өгч гэнэ. Дараа нь багш нь ирээд асуусанд Баадай,
- Тэр авгайг ирэхэд нь таны хэлснээр “Ямар ч байсан надтай уулз” гэж багш хэлсэн гээд уулзах санаатай тэврээд автал чарлаад яваад өгдөг байна. Харин тэр чинь баахан зөрдөг хүн байна гэсэнд багш,
- Баадай минь чи даан ч яав даа! Чи бид хоёр ч таарахгүй юм шиг байна, юу ч болсон маргааш энэ хашаанд байгаа модыг цөмийг хөрөөдөөд дуусгасан байгаарай! гэж захисанд Баадай мөн л “За” гэж гэнэ. Маргааш нь багш нь яваад оройхон ирсэнд Баадай нэг ч мод хөрөөдөөгүй байна гэнэ. Багш нь,
- Баадай чи яагаад мод хөрөөдсөнгүй вэ? гэсэнд Баадай,
- Би мод хөрөөдөх гээд гартал таны хэлсэн “Чи бид хоёр ч таарахгүй юм байна” гэснийг санаад бас л таныг зовоохын нэмэр гээд байчихлаа гэж гэнэ. Багш нь бүр цөхрөнгөө бараад,
- Баадай минь чи зүгээр замаараа тонилж үз! гэсэнд Баадай,
- Эрхэм багш минь би дандаа л “За” гэж байснаас биш “үгүй” гэж зөрөөгүй шүү дээ. Ингэхлээр нүгэл нь цөм таных болно биз дээ? гэж хэлээд яваад өгч гэнэ.


Цааш нь...

Ээжтэй сайн хүү

Эрт цагт хүмүүс хөгширч доройтсон эцэг эхээ нутаг дээрээ орхиж нүүх буюу хээр аваачиж орхидог байжээ. Эмгэн өтөлбөл бэр нь хээр аваачиж орхидог, өвгөн өтөлбөл хүү нь хээр аваачиж орхидог байжээ. Настныг хээр орхихдоо гадуур нь “Гурван давхар хот” гэж зураад гурав хоногийн хоол, аяга, савтай орхидог байжээ.
Тэр цагт, нэг бэр хадам эхдээ их хайртай, хадам эх нь ч бэрдээ их хайртай байж гэнэ. Хадам эх өтөлж, хээр орхих нас, хугацаа болсон тул бэр хадам эхээ хээр аваачиж орхих юмаа бэлтгэж, сайхан хоол аяга сав аваад өтөлсөн эхээ дагуулаад хээр очжээ. ... Эх бэр хоёр салж чадахгүй уйлан байв. Бэр нь савтай идээ, цай, аягыг хадам эхдээ өгсөнд эх нь “Би одоо нэгэнт үхэх боллоо. Тийм болохоор надад энэ аяга хэрэггүй, чамд өгье. Хожим чамд хэрэг болно” гэв. Бэр энэ үгийг сонсож “Би бас удахгүй өтөлж ингээд л хаягдана. Нэгэн жил боловч хадам эхээ гэртээ нууж тэжээе. Хэрэв хүн мэдвэл тэр цагт хээр орхиж болно” гэж бодоод хадам эхээ үдэш болсон хойно аваад харьжээ. Тэгээд нуун тэжээх болов. Хэдэн жилийн дараа өөр орны хаанаас дөрвөн зүйлийн бэлэг ирүүлээд “Тааж хариу ирүүл! Хэрэв тааж чадахгүй бол нутаг орноо өг!” гэжээ. Тэр дөрвөн бэлгийг таадаг хүн байдаггүй гэнэ. Хаар арга ядахдаа “Энэ дөрвөн бэлгийг таасан хүнийг газар нутаг, албат иргэдийнхээ тэн хагасаар шагнана” гэсэн зар тараажээ. Энэ үед нуугдаж байгаа эмгэний хүү хааны ордонд алба хаадаг байжжээ. Нөхөр нь хэдэн орой гэртээ ирэхдээ царай муутай, зовж шаналсан байдалтай байхад бэр учрыг асуув.
“Хаанд дөрвөн зүйлийн бэлэг ирсэн. Нэг нь үхэр мэт биетэй, хулган адил сүүлтэй том амьтан. Нэг нь адилхан хоёр могой. Нэг нь адилхан ширхэгтэй нэг мод. Нэг нь хадаас байхгүй битүү хайрцаг. Нэг дэх амьтан ямар амьтан болох, хоёр могойны аль нь эр, аль нь эм болох, модны аль тал нь үзүүр, аль тал нь орой болох, битүү хайрцгийг эвдэхгүй яаж нээх зэргийг таах ёстой юм. Үүнийг мэдэхгүй олон хүн зовж байна” гэв. Бэр энэ учрыг хадам эхээсээ асуувал
“Хулганын их нь заан мэт болдог гэдэг. Тэгэвч өөрийн дайсан муураас айна. Түүнийг муураар туршвал мэдэгдэнэ. Аливаа эм амьтан зөөлөн хивд дуртай байдаг. Бүдүүн бөс, зөөлөн торго хоёрыг тусад нь дэвсэхэд эм могой торгон дээр, эр могой бөс дээр хэвтэнэ. Ямар ч модыг усанд хөвүүлэхэд үнэдс тал түрүүлж живдэг гэдэг. Тэр хайрцганд хадаас ороогүй юм бол цавуугаар наагаа биз. Халуун ууранд сойвол цавуу нь дэвтэж хайрцаг эвдрэхгүй онгойно” гэжээ. Бэр маргааш нөхрийгөө ирэхэд энэ бүх учрыг хэлж өгчээ. Нөхөр эхнэрийнхээ хэлсэн ёсоор бүх зүйлийг тэнсэж үзвэл цөм зөв байжээ. Дөрвөн зүйлийн бэлгийг дэс дараасан танихад олон бүгдээр их гайхав. Таньсан хүнийг хаан дуудаж нутаг орон, албат иргэдийнхээ талыг зааж өгөхдөө
“Чи тэр бэлгийг яаж таав?” гэж асуухад
“Эхнэрээсээ мэдсэн” гэжээ.
“Эхнэрээсээ яаж мэдсэний учрыг асуугаад ир” гэжээ. Эхнэрээсээ асуувал
“Эхийг хээр орхих цаг болсон боловч хайрлаад хадгалан тэжээж байсан юм. Бэлгийн учрыг хадам эх хэлж өгсөн” гэжээ. Энэ учрыг нөхөр , хаанд ирж айлтгавал хаан
“Одоо өтөлсөн хүнийг хээр амьдаар орхих ёсыг гээе. Харин настныг хүндлэн асарч байя” гэсэн зарлиг гаргаж хүн ард амар сайхан жаргажээ.


Цааш нь...

Баадай зөвлөсөн нь

Нэг өдөр Баадай нэг хятад наймаачинтай уулзаж гэнэ. Тэр хятад хүн дотор газраас саяхан ирсэн учир монгол газрын юмны учрыг сайн мэдэхгүй нь үнэн байжээ. Тэгээд тэр хятад Баадайгаас ийн асуужээ,
- Одоо би айлуудаар явж өр цуглуулна. Ингэхлээр өрөндөө ямар мал авбал сайн байдгийг зааж өг! гэж гэнэ. Тэгэхэд нь Баадай ийн зөвлөв,
- Ай луухаан! Чи сайн мал авъя гэж бодож байвал толгой дээрээ хоёр сайхан дуузуутай бөгсөндөө нэг сонгинотой бас хажууд нь давсутай, ам арчих даавуутай тийм бэлэн мал авбал идэхэд сайхан биш үү? гэсэнд тэр наймаачин луухаан,
- Ай би үзваа гэсэнд Баадай айлаас нэг ухна хөтлөн ирсэнд тэр луухаан ... нөгөө ухнын эвэр засаа зэргийг барьж үзээд
- Дуузу чиг яахав болноо. Сонгино ч ёстой сонгино байнаа. Давус жаахан тааруухаан! гэснээ хөгний нь даавууг үзээд,
- Ам арчих даавуу ч яахав! Над шинэ даавуу байна. Харин энэ үнэр юу байнаа! гэсэнд Баадай,
- Энэ чинь мааюутай дофуны үнэр байхгүй юу? гэсэнд луухаан,
- Ай манай дотор газрын дофу үүнээс сайхан шүү гээд,
- Чиний энэ заасан мал зөв байна, бие том, бас жаахан бэлэн юм байна гэж гэнэ. Тэгээд Баадай зөвлөгөө ёсоор айлаар явж өрөндөө авах мал цуглуулсан нь дандаа хөгшин ухна цуглуулсан байж гэнэ. Баадай ингэж хятад наймаачиныг чадсан ажээ.


Цааш нь...

Баадай да хүрээ орсон нь

Баадай лам болохоор шийдээд явган явж нүцгэн жирийлгэсээр да хүрээнд орж гэнэ. Да хүрээнд ороод олон лам, хувраг, дацан, сүмийг сонирхон үзээд “Аргагүй лам болох нь дээр юм байна” гэж үзээд хурал номын газар нь хувраг болж нэгэн ламд шавь орж гэнээ. Гэтэл нэг өдөр багш нь Баадайд сахил хүртээх болж гэнээ. Баадай багшийнхаа өмнө залбиран суутал багш нь Баадайд винайн ёсыг сурган ийн хэлжээ,
- За сахил хүртсэн хүн авгай авч болохгүй ээ! Амьтан алж болохгүй, эх болсон зургаан зүйлийн хамаг амьтны тусын төлөө бишрэн зүтгэх ёстой! гэсэнд Баадай гэнэт,
- Байзаарай! Байзаарай! Багш минь би нэг юм мартчихжээ! гэсэнд... багш нь,
- За чи юу мартаав? гэж асуусанд,
- Би лам болно гэдгээ авгайдаа хэлэхээ мартчихсан юм байна. Таныг авгай гэхээр гэнэт санаанд ордог юм байна шүү. Ингэхлээр сахил хүртэхээсээ өмнө авгайдаа дуулгахаас биш болохоо байлаа гээд гараад явчихсан гэдэг.


Цааш нь...

100 мянга дахь хандалт

2012/01/18-нд ЗУУН МЯНГА дахь уншигч маань манай хуудсанд зочилжээ.


Цааш нь...

Айраг дээжилсэн нь

Баадай бадарч нэг удаа гүү барьсан айлд очвол айлын эзэн сайхан тос даасан шар айраг зооглож суусан мөртөө Баадайд усаар хярамласан айраг хийж өгсөнд Баадай айргийг хоёр гардан аваад айраг дээжлэх уншлагын аялгуугаар хэлсэн нь:
“Цэхэр нүдэн цээлэн буу
Чонон нүдэн чодлоон буу
Усан хүрээ Баадай буу
Уухын түрүүч өршөөн буу...
Умаа хум!” гэсэнд айлын эзэн санаа зовохдоо өөрийнхөө баруун гарын сайн айрагнаас нэг хулыг хийж Баадайд барьсанд Баадай дахин ингэж уншив гэнэ:
“Тосон нүдэн тодлоон буу
Тойроод гарсан ороолон буу
Баруун гарын нандин буу
Баадайн амсах заяан буу
Умаа хум!” гэсэнд айлын эзэн “Сайхан ерөөв” гэж бодоод “Тэр бэлэг бат сайхан оршин болтугай” гэж гэнээ.


Цааш нь...

Өвгөн эмгэн хоёр

Эрт урьд цагт өвгөн эмгэн хоёр амьдран сууж байжээ. Эмгэн нь ажилтай, анхиатай, өвгөн нь залхуу, ховдог юм байжээ. Өвгөн хамгийн сүүлд үлдсэн таван хар ямаагаа өдрийн нэгээр алж идсээр байгаад дуусгаад ганцхан хөх үнээтэй үлджээ. Эмгэнийгээ усанд явсан эзгүй хойгуур нь өвгөн ганц үнээгээ алчихаад ирэхэд нь махыг нь шарж идэж суужээ. Эмгэн үзээд ихэд уйлан “Чи бид хоёр нэг ч малгүй боллоо. Одоо амьдарч чадахаа болилоо” гээд үнээнийхээ ганц дэлэнг аваад яваад өгчээ. ...
Эмгэн явсаар байгаад нэг элгэн улаан хаданд хүрч очжээ. Үнээнийхээ дэлэнг тэр хаданд наачихаад “Ганц хөх үнээнээс минь илүү их сүү саалгаж байгаарай” гэж гуйгаад л шувтраад байдаг болжээ. Удалгүй дэлэнд сүү ороод урьдын адил сайхан амьдрах болжээ. Нэг өдөр “Муу өвгөн минь яаж амьдарч байгаа бол, очиж нэг эргэе” гэж бодоод нэг хүүдий ааруул, нэг гүзээ тос аваад явжээ. Очоод гэрийнхээ цоорхойгоор шагайж харвал өвгөн үнсээ зуурч идээд сууж байв гэнэ. Эмгэн ааруул тос хоёроо тооноор нь шидэж өгчихөөд харагдалгүй алга болжээ.
Өвгөн хэн өгснийг ч мэдэж чадалгүй хоцорчээ. Хэд хоносны дараа эмгэн бас л нэг хүүдий ааруул ээзгий , нэг гүзээ тос аваад өвгөнөө эргэж иржээ. Өвгөн бас л үнсээ зуурч идэж байлаа. Эмгэн авч очсон ааруул ээзгий, тосоо тооноор нь шидчихээд гүйгээд явжээ. Өвгөн түүнийг нь тосч авч идчихээд “Над хэн ийм юм өгдөг байна, мэдье” гэж бодоод гүйгээд гарсан чинь эмгэн нь хойд гүвээний ар руу шоволзоод далд орж байна гэнэ.
Өвгөн хойноос нь мөрдөж явсаар байгаад эмгэнийгээ олоод очжээ. Өвгөн эмгэнийгээ өнөөх дэлэнгээ хаданд наачихаад сааж амьдарч байгааг нь мэдээд авчээ. Нэг өдөр эмгэнийгээ усанд яваад ирэх хооронд нь дэлэнгий нь хуу татаж аваад шараад идчихжээ. Эмгэн ирээд дэлэнгий нь идсэнийг мэдээд уйлж уйлж “Чамтай ингэж суугаад амьдарч чадахгүй юм байна” гээд ганцаараа амьдрахаар яваад өгчээ. Эмгэн явсаар байтал нэг хадан хавцлын ёроолд янзаглаж байгаа шаргачин олж үзэв. Гэтсээр яваад тэр зээрийг бариад авчээ. Шаргачингаа саагаад түүний сүүг ууж идээд амьдардаг болжээ.
Өвгөн эрсээр яваад нэг өдөр эмгэнээ олоод авчээ. Эмгэн өвгөндөө:
“Би зээр сааж амьдарч байгаа, энэ зээр хээрийн амьтан учир чи биеэ үзүүлж дуугаа сонсгож болохгүй шүү. Хэрвээ чамайг мэдвэл үргээд алга болно” гэж захиад шаргачингаа саахаар гарчээ. Янзагаа тавьж ивэлгээд зогсож байтал нь “Эмгээн, тогооны бариул хаана байна?” гэж өвгөн гэрээс хашгирах дууг сонсоод зээр нь үргээд алга болжээ.
Эмгэн уйлж уйлж “Одоо чи бид хоёр турж үхэхээс зайлахгүй. Тэртэй тэргүй турж үхнэ. Би тэнэж явж үхнэ” гээд эмгэн яваад өгчээ. Өвгөн “Энэ эмгэнийг дагаад байвал өлсөхгүй юм байна” гэж боджээ. Эмгэн явсаар байтал нэг оосор бүчгүй орд цагаан өргөө байна гэнэ. Ороод очсон чинь нэг ч хүн амьтан байхгүй, харин зөндөө мах шөл, идэх уух юм байна гэнэ.
Эмгэн “Энэ айлд ямар амьтан ирэх бол?” гэж бодоод л хүлээгээд байжээ. Шөнө дундын үеэр л нэг чоно тэргүүлэн олон амьтан орж иржээ. “Энэ үмхий самхай юуны үнэр вэ? Ол, мэд” гэж баавгай чононд тушаажээ. Чоно үнэрлээд эмгэнийг олж гаргажээ. “Би ганц бие ядуу эмгэн байна. “тэнэж явж үхье” гэж бодоод явж байтал танайх дайралдлаа. Би тогоо шанагыг чинь барьж өгөөд та нартай хамт амьдаръя. Намайг бүү идээч” гэж гуйжээ.
“чи үнэхээр ганцаараа бол энд байж болно. Хоёулаа бол тас татаж иднэ шүү” гэжээ. Эмгэн тэдний тогоо шанагыг бариад амьдран суудаг болжээ. Өвгөн эмгэнээ мөрдсөөр яваад нэг өдөр олоод иржээ. Өвгөндөө хоол унд өгөөд “Эдгээр амьтад “хоёул бол тас татаж иднэ” гэсэн, чи энд унтаж болохгүй. Өдөр ирээд шөнө яваад бай” гэжээ. Өвгөн нь “За” гэж зөвшөөрчээ. Өвгөнөө “яв” гэсээр байтал идэж уусаар байгаад орой болгочихжээ.
“Би ийм орой яаж явдаг юм бэ? Унтана” гээд явж өгсөнгүй. Эмгэн аргаа бараад өвгөнөө авдар барааны ард нуугаад “Үүр цайж гэрийн эзэн амьтдыг явтал дуугарч огт болохгүй” гэж гуйж гуйж орхижээ.
Шөнө амьтдыг унтаж байтал өвгөн “Эмгээн, даараад байна, хучлага өгөөч” гэж дуудав. Тэгэхээр амьтад “биднийг алах дайсан ирж” гэж бодоод өвгөнийг барьчихаж гэнээ.


Цааш нь...

Хоёр банди

Эрт урьд цагт ноёны банди, баяны банди хоёр ном эрдэм сурах гэж Баруун Зуу, Утайд явж гэнэ. Баруун газар очоод ном үзэж дээ, хоёулаа. Гурван жил сууж. “За, одоо явья!” гэж ноёны банди баяны бандидаа хэлж. Гурав хоногийн газар очоод үдлэж сууж. Тэгтэл ноёны банди,
- За, чи ном эрдэм аль зэрэг үзэв? гэж. нөгөөх нь,
- Барагтай даа л гэж байж. Ингээд хоёулаа зурхай зурж суужээ.
- Энэ гол хэдий хүртэл үерлэх вэ? гэж баяны банди асууж. Ноёны банди,
- Луу цагт, үдээс хойш гол татарна гэж. Харин ноёны ... банди,
- Нар ханын толгойд байхад, нохой цагт гол татарна гэж. “Нохой цагт мэдэж” гэлцэв. Үнэхээр нохой цагт гол татарч ноёны банди таажээ. Тэгэхлээр баяны банди төмөр үзгээр чих рүү нь хатгаад ноёны бандийг аллаа. Үхэхдээ “Аваршиг” гэж хэлээрэй! гэж.
За тэгээд ноён баяны хүү харьж ирж гэж дуулаад очиж “Аваршиг” гэж хэлээд үхсэнийг дуулжээ. Ингээд долоон банди, хорин нэгэн даяанчдаа,
- Та нар “Аваршиг” гэж юу гэсэн үг болохыг мэд. Түүнийг эс мэдвэл, би та нараар махан овоо цусан далай хийнэ! гэж хэлж. Өнөөдүүл чинь мэргэлээд мэргэлээд мэдсэнгүй гэнэ. Харин нэг ядуу хүү байшингийн цонхоор гараад явж нэг хадны ёроолд сууж байж. Нэг хэрээ өмнөөс нь хүрээд ирж. Бас нэг хэрээ зүүн хойноос хүрээд л ирж, хоёулаа болж. Тэр хоёр нь эр эм хоёр юмсанж. Эр нь,
- Чи юу олж идэж явав? гэхэд эм нь хэлж,
- Нэг хүн хонь гаргаж байхаар нь баас шээсийг нь идэж авлаа. Чи юу идэж, үзэж харав?
- Идсэн ч юмгүй, үзсэн ч юмгүй. Харин нэг сайхан юм дууллаа.
- Тэр чинь юу вэ? гэж эм нь асууж.
- Хэлэхгүй гэж. Эм нь,
- Чи надад тоож үг хэлэхээ байж. Би одоо боож үхдэг! гэж орилж чарлаж. Тэгэхлээр нь эр нь,
- Хадат газар хатуу үг битгий хэл,
- Модот газар муу үг битгий хэл! гэдэг биш үү. Би чамд одоо хэлэхгүй ээ гэж. Эмийг,
- Дор хүн алга байна шүү дээ гэхэд
- Тэгвэл би хэлье! Урьд нэг ноёны банди, баяны банди хоёр баруун зүгт ном үзээд буцаж явахдаа “Аваршиг” гэж хэлж. Энэ нь “ариун сайхан нөхөр минь чих рүү маань төмөр үзэг шааж аллаа” гэж. "Хэлэхгүй учиртай юм байна" гэж тэр хэрээ хэлж. Хүү тэр үгийг дуулаад гүйгээд гэртээ харьж. Гэртээ хүрч ирэхэд ноён долоон банди, 21 даяанчийнхаа толгойг авах гээд балт сэлэм ирлүүлж байв гэнэ. Хүү хаанд,
- "Аваршиг" гэж “Ариун сайхан нөхөр минь төмөр үзэг чих рүү шааж аллаа” гэсэн үг байна гэж тайлж хэлжээ. Ингээд ноён баянд хүрч ирээд,
- Танай банди манай бандийг ингэж алжээ гээд баяны хүүг хүнгүй цөл усгүй шил газар цөлж алжээ. Тэрнээс хойш
___Санаа муут явах хатна
___Сарьсан багваахай наранд хатна гэдэг үг гарсан гэдэг.


Цааш нь...

Ухна унасан баатар

Урьд цагт нэг хаан байжээ. Тэр ганц охинтой юмсанжээ. Хаан хатан хоёр охиндоо тусгай гэр орон бэлтгэж өгөөд хаан аав нь нэг гоё сайхан залуугийн зургийг зурж орны ард хадаад “Үхдэггүй, өтөлдөггүй, үргэлжийн хорин таван настай байдаг, нэг хашгирахдаа замба тивийн түмэн амьтны зүрхийг чичрүүлж байдаг ийм сайхан баатар эртэй суугаарай” гээд гарч гэнэ. Тэдний ойролцоо хэдэн хар ямаатай нусгай бор хүү ээжтэйгээ хоёулаа... амьдран суудаг байжээ. Тэр хүү өдөртөө ямаагаа хаиулаад орой гэртээ ирдэг байж гэнэ. Нэг өдөр хүү ирээд ээждээ ийн хэлж гэнэ.
“Ээжээ та хааны охиныд оч. Тэнд цай ууж байгаад орны нь ард хадсан зураг руу гэнэт хараад “Хүүш чи юу хийж айл хэсэж яваа юм бэ? Одоо бушуу гэтээ харь!” гэж загнаад байгаарай. Тэгэхлээр чинь хааны охин “энэ чинь таны хүү биш, харин таны хүүтэй адилхан зураг байгаа юм. Хэрэв та итгэхгүй байгаа бол хүүгээ манай руу ирүүлэхгүй юу?” гэж хэлнэ. Тэгэхлээр нь “Манай хүү өдөр айлд ордоггүй. Шөнө л ордог юм даа” гэж хэлээрэй” гэв. Маргааш нь нусгай бор хүү хэдэн ямаагаа туугаад гарч. Ээж нь хааны охины руу явжээ. Хүүгийн ээж хааны охиныд ороод сууж байснаа зураг харангуутаа,
- Чи юу хийж энд дэмий тэнэж яваа юм бэ? Одоо түргэн яваад харь гэж загнахад охин инээмсэглэж,
- Энэ чинь танай хүү биш, харин түүнтэй адилхан зураг байгаа юм. Тэгэхдээ та хүүгээ манайд ирүүлэхгүй юу? гэж гуйхад эх нь,
- Манай хүү өдөр айлд ордоггүй, шөнө л айлд ордог юм даа гэхэд хааны охин хариуд нь,
- За тэгвэл өнөө шөнө ирүүлээрэй гэжээ. Ээж нь зөвшөөрөөд гэртээ харьжээ. Хүү орой ирээд асуувал,
- Чиний хэлсэн ёсоор болсон гэж эх нь хэлж гэнэ.
Хүү унхан дээрээ ус асгасаар мөс болтол хөлдөөж муу савраа барьж ухнаа унаж хатируулсаар хааны охины гадаа иржээ. “Аав ээжийн минь сургасан үхдэггүй, өтөлдөггүй, үргэлжийн хорин таван настай байдаг, нэг хашгирахдаа замба тивийн түмэн амьтны зүрхийг чичрүүлж байдаг ямар сайхан баатар эр ирэх бол?” гэж тэсэн ядан хүлээж байсанд нэгэн хүн шажигнуулан хангир жингэр гүйлгэсээр ирээд уяан дээр буужээ. Хүүхэн “Энэ хангир жингэр гэсэн тун ч сайхан эдлэл чимэгтэй морь унаж яваа хүн байна. Үүнийг үзэх юмсан” гэж хорхойтсоор хэвтжээ. Гэтэл хүү орж ирэхдээ үүдэн дээр нь муу савраа тархийтэл хаяад ороход нь хүүхэн бас л “Нум сумтай баатар эр байх нь. Нум сумыг нь үзэх юмсан” гэж боджээ. Ингээд хүү хааны охинтой сайхан нойрсож хоноод үүрийн шөнөөр явах гэхэд нь охин явуулахгүй.
“Одоо хаан аав хатан ээждээ хэлж айл гэр болъё” гэжээ. Үүнийг хүү эс зөвшөөрсөн тул үүрийн жингээр мөн л хангинуулан жингэнүүлэн хатируулсаар явжээ. Тэгэхэд нь хүүхэн аргагүй уйлагнан хоцорч гэнэ. Харин хүүхнийг “Өнөө шөнө ирээрэй” гэхэд нь хүү зөвшөөрсөн юм байжээ. Хүү гэртээ ирээд ямаагаа хариулахаар явахдаа “Ээж ээ, авдар саваа уудлаж байгаад нэг ширхэг будаа олоод байгаарай” гэж захиад явжээ. Хүүгийн орой ирэхэдээж нь ширхэг будаа олоод байж гэнэ. Хүү хааны охины руу явахдаа нөгөө будаагаа аваад явжээ. Хүүхнийд очоод унтаж байтлаа хүү гэнэт ёолж гэнэ. Хүүхэн “Юу болов, яав?” гэж сандарч асуухад нь хүү “Дороос юм нухаад” гээд эрж байгаад ганц ширхэг будаа олжээ. Хүүхэн “Миний оронд байгаа ганц ширхэг будааг андахгүй мэдэж байгааг бодоход энэ хүний унтдаг ор дэвсгэр ямар сайхан зөөлөн эд байдаг бол?” гэж их л гайхаж гэнэ. Хүүг бас үүрийн шөнөөр явах гэхэд нь хүүхэн “Хаан аав, хатан ээждээ хэлье” гэхэд нь хүү зөвшөөрсөнгүй. Харин орой ирэхээр болж гэнэ. Хүү гэртээ ирээд ээждээ “Самбай зүйгээд нэг дээл оёод байгаарай” гэж хэлээд хэдэн ямаагаа туугаад явав. Орой ирэхэд нь ээж нь сэмэрхий самбай нийлүүлсээр байгаад нэг дээл хийсэн байв. Хүү дээлээ өмсөөд хуучин ёсоороо хүүхнийд аваад очвол тэр шөнө хүүгийн дээлэнд гараа хүрвэл гар нь наалдаж байв гэнэ.
“Миний ийм зөөлхөн гар наалдаж байгааг бодоход ямар сайхан эд бол, үзэхсэн” гэж ихэд сонирхон хэвтжээ. Тэгээд хүүхэн хүүг шөнөжингөө гуйсаар байгаад өглөө болгожээ. Гэтэл хүүхэн босоод өрхөө татах гэсэн нь гэр дээр нь нэг муу савар хэвтэж байв гэнэ. “Энэ юун савар билээ?” гээд аваад хаячихжээ. Өрхөө татчихаад урагшаа харвал уяан дээр нь нэг ухна уяатай байв гэнэ. “Энэ муухай ухна яагаад энд ирээ юм бол?” гээд тайлаад хөөчихөв. Гэртээ орж ирээд хүүг харвал сэмэрхий самбай дээлтэй үзэшгүй муухай нусгай бор хүү байв гэнэ. Ертөнцөд хамгийн гоё, үхдэггүй, өтөлдөггүй, үргэлжийн хорин таван настай байдаг, нэг хашгирахдаа замба тивийн түмэн амьтны зүрхийг чичрүүлж байдаг тийм сайхан баатар эртэй сууна гэсэн нь үзэшгүй муухай нусгай бор хүү байжээ. Хүүхэн энэ бүхнийг үзээд учир зүггүй уйлж “Хаан аав хатан ээж нар намайг загнана. Чи одоо түргэн яв” гэж хүүг хөөжээ. Нусгай бор хүү явсангүй гэнэ. Өглөө бүхэн хаан аав нь охиноо эргэж ирдэг тул аргагүй айхдаа аавынхаа ирэхээс өмнө хүүг авдартаа хийгээд цоожилчихож гэнэ. Хаан аавыгаа ирэхэд охин нь уйлж суужээ.
“Чи яав?” гэж охиноосоо асуухад юу ч хэлсэнгүй уйлаад л байж. Энэ үед хүү авдрыг дотроос нь маажиж гэнэ. Гэтэл хаан аав нь “Юу билээ? Оготно хулгана ороогүй биз!” гэж асуужээ. Тэгэхээр нь улам чанга маажиж гэнэ. Түлхүүрийг нь охиноосоо авч онгойлговол нусгай бор хүү гарч иржээ. Хаан үүнийг үзээд уурлаж охиноо загнаж хоёулангий нь “миний нүдэнд үзэгдэхгүй, чихэнд сонсогдхгүй газар яв” гэж хөөжээ. Харин хатан ээж нь хоёуланг нь үнсээд “Өлсөж ядрахын цагт хэрэглээрэй” гэж тэр хоёр нэг алтан ембүү өгчээ. Хүү хүүхэн хоёр хүүгийн гэрт ирж гэнэ. Тэгээд нэг ямаагаа алж хирэндээ л хурим найр хийж гэнэ. Ингэж амьдран суусаар хэдэн ямаагаа цувруулж алж идсээр байгаад дуусгаж амьдрах аргагүй болоход хүрч гэнэ. Энэ үед хүүхэн нөхөртөө “За чи энэ ембүүгээ зах дээр хоёр гурван тэрэг будаанаас өгөөд ир” гээд явуулах гэхэд нь хүү ембүүг үзэж “Үүний чинь хэн тоож авах юм бэ?” гэж гайхан “Миний ямаа хариулдаг уул бүхэлдээ үүгээр чинь бүтсэн юм” гээд ер явж өгөхгүй болохоор нь хүүхэн арайхийж шахаж шаардсаар байгаад нөхрөө явуулж гэнэ. Алтан ембүүгээ барих газраа барьж өшиглөх газраа өшиглөсөөр дуртай дургүй очиж гэнэ. Гэтэл захын худалдаачид булаацалдан гурван тэрэг будаагаар авчээ. Хүү ихэд гайхаж буцаж иржээ. Тэд хоёр тэрэг будаагаа идэж дуусаад нэг тэргийг нь ээждээ үлдээгээд эхнэр нь хэлжээ.
“За чиний ямаагаа хариулдаг тэр ууланд чинь очъё” гэжээ. Очвол ямаа хариулдаг уул нь тэр чигээрээ алтан уул байсан тул тэр уулнаас алт авчирч зах дээр худалдаж улам баяжсаар сүүлдээ гүрний эзэн хаан болж олонд их алдар хүндтэй болж гэнэ. Тэгээд нусгай бор хүү ч үнэхээр сайхан эр болжээ. Хаан нэг өдөр хатандаа “За чи бид хоёр ядуу зүдүү өлсөж цангаж ч явлаа. Одоо ядуучуудыг цуглуулж гурван өдөр хооллуулъя” гэсэнд хатан нь түүнийг дуртай зөвшөөрч ядуучуудыг хооллох гээд олон тогооч нараар хоол бэлтгүүлээд эхний өдөр дээрээс нь эхлээд аягалаад байсан чинь сүүлчийн хоёр хүнд яаж ч болсонгүй хоол дутжээ. Маргааш нь хоол хийгээд доод үзүүрээс нь эхлээд аягалсаар байсан чинь дээд талын хоёр хүнд бас л хоол яаж ч болсонгүй дутаж гэнэ. Сүүлчийн өдөр хоёр захаас нь аваад аягалаад байсан чинь голын хоёр хүнд яаж ч болсонгүй бас л дутчихаж гэнэ. Энэ учрыг тогооч эзэн хаандаа мэдүүлсэнд “Тэр хоёр хүнийг даруй оруул” гэжээ. Гэтэл нөгөө хоёр хүн нь хүү хүүхэн хоёрыг хөөсөн хаан аав, хатан ээж нь мөн байв гэнэ. Тэгэхээр нь хаан
“Бид та нарыг хооллуулах гэж олон янзаар оролдсон боловч тун ч бүтсэнгүй. Иймд та хоёр бидний дэргэж байж хааны алтан сангаас хүртэх заяагүй улс юм байна. Энэ бол баян тарган явахдаа ядуу хоосон хүнийг үзэж чаддаггүй байснаас ийм болжээ. Одоо яая гэх вэ. Энд байж болохгүй, түргэн явах хэрэгтэй” гээд хөөжээ. Харин хатны нь “Ядууд энэрэлтэй, хэнийг ч ялгалгүй бид хоёрыг адилхан үнсэж алтан ембүү өгсөн учир хошуу захирсан эзэн болгоё” гэжээ. Ингээд ядуу байсан нусгай бор хүү хаан суугаад хатантайгаа амар сайхан жаргаж гэнэ.


Цааш нь...

Онгоц шиг аяга

Эрт урьд цагт эзэн ноён, харьяат албатуудаараа хэсэн яваад нэг жижигхэн бор гэрт оржээ. Тэр гэрт нэг хүү хул аягаар тараг ууж суужээ. Ноён “Онгоц шиг аягаар тараг ууж суугаагий нь” гэж зандрахад хүү “Танай онгоц энэ аяга шиг байгаа бол усладаг мал нь хэдий зэрэг бол?” гэжээ.
Ноён тэр айлд эмээлээ гадаа тавиад хонож гэнэ. Ноёныг өглөө босоход эмээлий нь ганзага жирмийг ямаа идчихсэн байжээ.... “Ганзага жирмээ төлүүлнэ” гэж ноён загнаж гэнэ. Тэгэхэд хүү “Ямаа идсэн жирмээ бид нараар төлүүлдэг юм байж. Ям идсэн хамраа хэнээр төлүүлэх бол?” гэжээ. Нахиу хамартай ноён ичиж юу ч хэлэлгүй яваад өгчээ.


Цааш нь...

Хүнд хоол

Нэг гүрний хаан ан гөрөө хийж яваад төөрч хэд хоног хоол ундгүй явж байгаад нэг овоохойд очжээ. Овоохойд ганц бие эмгэн байж. Тэр эмгэн усанд шар будаа чанаж өгчээ. Тэр нь хаанд хүн болсоор идэж үзээгүй амттай хоол байжээ.
Хаан ордондоо буцаж ирээд шар будаагаар янз бүрийн хоол хийлгэж идсэн боловч эмгэний хийж өгсөн хоол шиг амттай болохгүй байв. Хаан уурлаж ...
- Та нар тэр эмгэн шиг сайхан хоол хийж чадахгүй байна. Тэр эмгэнийг олж ир гэжээ. Эмгэн ирээд,
- Миний хоол бол хүнд хоол юм. Ийм учраас хаантан минь та гурав хоног зоог барихгүй бай гэжээ. Хаан сайхан хоол идэх гэж гурав хоног хүлээжээ. Тэгээд эмгэн усанд шар будаа чанаж өгөхөд хаан,
- Яг ийм амттай сайхан хоол байсан юм гээд идэж гэнэ ээ.


Цааш нь...

Үлэмж биетний үлгэр

Эрт урьд цагт нэг өвгөн таван эр үхэр туугаад нэг модтой даваагаар давахаар хяр дээр нь гарахад нэг эмгэн бүхэл хонины мах чадаад шөлтэй нь төмөр торхонд хийгээд үүрэн явахыг үзээд,
- Та хаачих нь вэ? гэсэнд эмгэн,
- Миний хүү энэ модонд түлээ бэлтгэж байгаа юм. Түүнд хоол өгөх гэж явна гэж өчвөл тэр хүн эмгэнийг түлхэж унагаад мах шөлийг идэж уугаад давааны өвөр рүү маш маадгар сажилж гэлдэрч явжээ. ... Харин өнөөх эмгэний хүү хоолгүй болсондоо уурлаж дэргэдээ байсан нэг ургаа модыг үндэстэй нь булга татаж аваад нөгөө өвгөний хойноос явган гүйжээ. Мөнөөхөн өвгөн эргэж харахад эмгэний хүү бололтой нэг их том хар мод барьсан хүн хойноос нь гүйж явахыг үзээд өвгөн маш хурднаар морио гуядан таван шараа туух гэтэл тэр үхэр нь тарж зугтаад болохгүйд бүгдийг түүж өвөртлөн давхиад явж байсан нь гүйцэгдэхийн үед нэг гүвээ байжээ. Түүний цаана нэг өвгөн гэрийн гадаа түлээ хагалж суусанд саях хүн өгүүлрүүн,
- Өвгөн гуай. Өвгөн хүнд ялгаа юу байх вэ! Та надад туслана уу. Намайг энд хүн барих гэж явна. Та намайг нэг сайн газар нууж өгвөл болох уу? гэсэнд түлээ хагалагч өвгөн зөвшөөрч,
- За тэгвэл миний хамрын зүүн нүхээр орогтун! гэв. Өнөөх өвгөн хамрын нүхээр давхин ороод байтал эмгэний хүү модоо барьсаар түлээ хагалж байгаа өвгөний дэргэд ирээд,
- Морьтой өвгөн хаана байна? Чи түүнийг яасан бэ? гэсэнд,
- Би мэдэхгүй гэж тэр өвгөн хэлбэл,
- Чи яагаад мэдэхгүй байх вэ? Чиний дэргэд ирээд мөр нь алга боллоо гээд модоо далайжээ.
Түлээ хагалагч өвгөн айхдаа:
- Миний хамрын баруун нүхээр орно билээ гэж хэлсэнд мөнөөхөн хүү модоо чирсээр хамарт нь орж цааш явж байсанд харин мөн өвгөн морьтойгоо зогсож байсныг үзээд хоёулаа хэрэлдэж хүү модоо далайх гэтэл түлээ хагалж байгаа өвгөний хамар дотор юм сэрвэгнээд найтаасанд хамрын баруун нүхэнд байсан хүү нь баруун тивд унаж зүүн нүхэнд байсан өвгөн зүүн тивд унаж амар сайхан жаргажээ.


Цааш нь...