Оймс залгидаг мангас

Энэ бол оймс залгидаг мангас. Давжаа жаахан биетэй, дэрсэн хоёр хөлтэй. Хумс нь махир, гар хөл нь чөргөр. Данхар толгой даравгар амтай. Өргөн барсгар нүүрэнд нь дөрвөн том нүд эргэлдэнэ. Яг энэ мангас миний оймсыг залгисан юм. Ер нь би оймс өмсөх тун дургүй. Гутлаа холхиндог өмсөх нь оймс мэтийг углах гэж бөхийж, бөгтийж янцаглахгүй амар. Найзууд гадаа шүгэлдэхэд гялс манас гараад л гүйчихнэ. Нэг удаа оймсоо удаан өмссөнөөс болж дээвэр дамжин гүйх уралдаанд оролцож амжаагүй юм. Тэгээд ч энэ намраас ээж...,
- Чи одоо том болсон оймсоо өөрөө угаах хэрэгтэй гэдэг боллоо. Нэгэнт би өөрөө угаах учраас тэр болгон өмсөж хир болгох хэрэггүй биз дээ. Өвөөгийн найз Дамбий гуай малгайгаа гээчихнэ гээд өмсдөггүй гэсэн. Хачирхалтай нь сүүлийн хэд хоногт оймснууд маань хосоороо эсвэл өрөөсөн нь алга болдог боллоо. Энэ нь намайг хувцаслаж цэцэрлэгт хүргэж өгдөг ахыг минь маш их бухимдууллаа. Аргагүй шүү дээ. Тэр миний оймсноос болж хичээлээсээ хоцордог юм чинь. Нэг орой ах хичээлээсээ ирээд,
- Чиний оймснуудыг мангас залгичихаж! Гэв.
- Мангас гэнээ? Оймс иддэг мангас гэж байдаг гэж үү? Одоо бас намайг идэх болов уу гэсэн чинь ах,
- Үгүй энэ мангас бол зөвхөн замбараа муутай хүүхдийн тарааж хаясан оймсыг л залгидаг юм. Өөр хэнийг ч юуг ч иддэггүй юм гэлээ.
Ингээд би тэр үдэш мангасыг хайлаа. Намайг орон доогуур шагайх мөчид салхивч салхинд падхийн савж онгойх нь тэр. За одоо л орж ирлээ дээ гэж бодохоос аймаар. Хараач тэр яг дүрээрээ. Оймс залгидаг мангас ороод ирэх нь тэр. Муухай чөргөр гар хөлтэй, данхар толгойт мангас намайг аягүй зэвүүнээр цэхэлзэж харснаа цонхны тавцангаас орон дээр, орон дээрээс ширээн дээр үсрэн гарч зогслоо. Тэр даравгар амандаа миний улаан, ногоон цагаан йомснуудыг зуучихжээ. Тэр над руу давшилж “Оймсоо авах уу? Чи” гэж архирлаа. Би айгаад “үгүй, үгүй” гэлээ. Мангас чөрийсөн гар хөлөө ийш тийш савчуулан дөрвөн том нүдээ сүртэй эргэлдүүлж байснаа,
- Одоо чиний үлдсэн бүх оймсыг авна гээд хөлд минь углаатай байгаа хоёр цагаан оймсыг шувт татан авлаа. Би,
-Ээжээ намайг аваач! Гээд байдгаараа чанга хашгирлаа. Аав ээж хоёр сандран гүйсээр өрөөнд минь орж ирлээ. Гэвч тэдний хэн нь ч мангасыг олж харсангүй. Ээж “ Энэ хүүхэд өвчин тусав уу” гэхэд аав, “Адармаатай золиг аав ээж хоёроо дамшиглаж байгаа нь!” тэр гээд тоосон ч үгүй. Ах маань харин болсон явдлыг сонсоод,
- За тэгнээ тэр. Би чамд эс хэллүү. Миний дүү тэр Мангасаа яг үзсэнээрээ дүрслээд зурчих гэлээ. Ингэж л би энэ мангасыг зурсан юм. Маргааш нь ах миний зурсан мангасыг үзээд зургийн доод хэсэгт их л томоор, “Миний дүү оймсоо хамаагүй тайлж хаяхгүй гэж надад амлалаа. Урьд залгисан оймснуудаа эргүүлж бидэнд өгнө үү” гэж биччихээд хананд наачихлаа. Үнэхээр хэд хоногийн дараа “Мангас чиний оймснуудыг буцааж өглөө” гээд миний алга болсон бүх оймсыг ах надад өгсөн юм. Түүнээс хойш би бүх оймсондоо хайртай, нямбай хүүхэд болсон. Оймс залгидаг мангас ч манайхаар дахин айлчилсангүй.


Цааш нь...

Ах дүү хоёр

Ах дүү хоёр байж гэнэ. Ах нь гурван настай, дүү нь нэг настай юмсанжээ. Ах нь дүүдээ туйлын хайртай, цаг ямагт дүүтэйгээ наадна. Дүүгээ унтах, хэвтэх, уйлах, орилоход нь сувилан зугаацуулна. Ийнхүү ээждээ их л тустай эрхэм сайн хүү билээ.
Гэвч насан балчир, хашир томоогүй тул байн байн эндүү ташаа зүйл олонтаа үйлдэнэ. Нэг өдөр эх нь хүүгээ унтуулаад үнээгээ саахаар гарч одоход ах нь дүүгийнхээ дэргэд сууж өлгийг нь хөдөлгөж ... сувилан унтуулж байтал дүүгийн нь нүүрэнд ялаа суугаад тайван нойрсуулдаггүй гэнэ.
Ах нь гараараа ялааг үргээх гэтэл нэг ялаа хацарт нь шигдээд нисдэггүй гэнэ шүү. Тэгэхлээр ах нь хилэгнэж, гараа далайгаад ялаан дээр буулгаж орхив. Гагцхүү ялаа нь аль хэдийн нисэн одсон бөгөөд дүүгийн нь хацар агшин зуур улайж дүү нь тэсэж ядтал чарлав. Ах нь сая эндүүрснээ мэдэж хичнээн аргадавч дүү нь улам уйлсаар. Эх нь хүүгийнхээ чарлах дуунаар сандран орж ирвэл нялх хүүгийн нь нэг хацар улайгаад хавдсаныг үзэж ихэд гайхан яасныг асуув.
-Миний дүүгийн хацар дээр нэг ялаа суугаад босохгүй болохоор нь цохиод авсан нь дүүгийн хацар тааралджээ гэж өчив.
-Ээ тийм үү? Нүүрэнд нь суусан ялааг үргээхээс биш цохиж болдоггүй юм. Хойшид сайтар мэдвэл зохино гэж ээж нь хэлжээ.


Цааш нь...