Их бага Клаус

Эрт урьд цагт нэгэн тосгонд Клаус нэртэй хоёр хүн амьдарч байжээ. Тэдний нэг нь дөрвөн морьтой, нөгөө нь ганцхан морьтой юмсанжээ. Дөрвөн морьтойг нь их Клаус, ганц морьтойг нь бага Клаус гэнэ. Бага Клаус долоо хоногийн зургаан өдөр ганц мориороо их Клаусын газрыг хагална. Хариуд нь долоо дахь өдөр түүний дөрвөн морийг авч өөрийнхөө талбай дээр ажилладаг байв.
Нэгэн өдөр бага Клаус таван мориор газраа хагалж байлаа. Хүмүүс сүмд мөргөхөөр түүний дэргэдүүр явж өнгөрнө. Бага Клаус таван морио ташуурдан “Ээ хээ, морьд минь давхиад байгаарай!” гээд хөндийгөөр нэг золбоотой нь аргагүй хашхиран байв гэнэ. Үүнийг нь хажуугаар явж байсан их Клаус сонсоод, “Чамд ингэж хэлэх эрх байхгүй, морьдын ганц нь л чинийх шүү дээ” хэмээн газар дэвслэн омогдов гэнэ. Дараагийн удаа бага Клаус мөн л “Морьд минь, зүтгээд байгаарай” хэмээн хашхиран газраа хагалж байхтай их Клаус таарч “Чи яагаад хэлсэн үг авдаггүй юм бэ? Хэрэв чи дахиад миний морьдыг өөрийнхөө гэж хэлэх юм бол би ганц морийг чинь цохиж ална шүү” гэж нүүрээ мэнчийлгэн, нүдээ улайлгаж ирээд уурлаж гэнэ. Бага Клаус, “Тэгэлгүй яахав, их Клаус минь, би дахин тэгж хэлэхгүй” гэж амлажээ.
Тэгтэл хүмүүс хажуугаар нь өнгөрөхдөө: “Сайн уу, бага Клаус аа? Таван мориор газраа хагалаад сайхан байх шив дээ?” гэж хэлэхэд нь баярлаж хөөрсөндөө: “Тийм шүү, миний морьд мөн ч чадалтай шүү” хэмээн бардамнан хэлж орхив гэнэ. Энэ удаа их Клаус уураа барьж дийлсэнгүй гэр рүүгээ гүйн ороод сүх авчирч бага Клаусын морины духан дундуур ганц цохивол морь газарт үхэдхийн унажээ.
Бага Клаус:
- “Ээ! Хайран морийг минь алчихлаа гэж үү? Одоо би яаж амь зуух билээ?” гэж ихэд харуусан уйлжээ.
Ингээд бага Клаус үхсэн мориныхоо арьсыг салхинд тавьж сайтар хатаагаад хатсан ширээ шуудайд хийн хот орж худалдахаар явжээ. Явсаар байгаад гүн ойд төөрчихөв гэнэ. Эргэж буцан мунгинасаар арайхийн замаа олвол аль хэдийн үдэш орой болсон байж гэнэ. Хот ороход дэндүү хол, буцаад явахад бүр хол, хаашаа ч явсан харанхуй шөнө нөмрөх гээд байв.
Гэтэл замын хажууд нэг байшин байхыг олж хараад “Ээ ашгүй, энд хоног төөрүүлье байз” гэж бодон үүдий нь тогшвол гэрийн эзэгтэй хаалгаараа шагайв. Бага Клаус төөрсөн учраа хэлж, гэртээ хонуулахыг гуйвал эзэгтэй: “Би нөхрийнхөө эзгүйд танихгүй хүн хонуулахгүй” гэж хэлээд хамры нь хавчих шахан хаалгаа хаачихжээ.
Бага Клаус байшингийн дэргэдэх сүрлэн дээвэрт амбаар дээр авирч гараад унтахаар хэвтжээ. Эзэгтэй цонхныхоо хөшгийг хаагаагүй байсан тул амбаар дээрээс байшин доторх бүх зүйл илхэн харагдаж байлаа. Ширээн дээр шарсан мах, утсан загас, нарийн боов, хатуу дарс өрөөстэй байх агаад эзэгтэй сүмийн хонхчинг дайлж байв. Бага Клаус “Болдогсон бол энэ хоёртой хамт наргихсан” гэж шүлсээ залгин хэвтэж байтал морин төвөргөөн сонсдон гэрийн эзэн болох тариачин эр ирж явлаа. Эзэгтэй тэвдэн амтат хоолоо пийшин дотор, лонхтой дарснуудыг орон дор тавьж, харин сүмийн хонхчинг авдар дотроо нуухыг бага Клаус нэгд нэгэнгүй харжээ. Амбаар дээрээс бууж очоод төөрсөн учраа хэлвэл тариачин эр гэртээ дагуулан оров гэнэ.
Эзэгтэй тэр хоёрт будаа аягалж өгөхөд гэрийн эзэн ихэд өлссөн тул амтархан идэж гарчээ. Харин бага Клаус пийшин дотор нуусан амтат хоолыг идэх аргыг сүвэгчлэн хөлийнхөө дэргэд тавьсан шуудайтай ширэн дээрээ шархийтэл гишгэжээ. Тэгснээ бөхийн: “Чшш, чимээгүй бай л даа” гэж хэлэв. Гэрийн эзэн ихэд гайхан “Чи хэнтэй яриад байна аа? Наад шуудайд чинь юу байгаа юм бэ? гэж асуувал бага Клаус: “Энэ дотор шидтэн байгаа юм. Тэр бид хоёрыг будаа бүү ид, пийшин доторх мах, загас, нарийн боовыг ид” гэж догосч байна гэв. Ингэж хэлэхийг сонссон эзэгтэй ихэд сандран учраа олохгүй тэвдэж байна гэнэ. Тариачин эр ч гайхаж пийшингийн амыг нээж харвал хэлсэн бүгд байлаа.
Тэр хоёр амттай хоолоо идэж цадахад бага Клаус шуудайтай ширээ дахин шархийлгэн дуугаргавал тариачин эр: “Шидтэн чинь бас юу гэнэ вэ? гэж асуув. Бага Клаус чагнаж буй дүр эсгэснээ “Энэ удаа тэр бидэнд орон дор гурван шил дарс илбэдэн буй болголоо” гэж хэллээ гэхэд нь эзэгтэй бүр тогтож суух газраа олж ядан айжээ. Тариачин эр орон доогуураа шагайн хараад үнэхээр гурван шил дарс байсанд мэл гайхаж, бага Клаусыг шидтэнтэй юм байна гэдэгт үнэхээр итгэжээ.
Тэр хоёр дарс уун нэлээд халамцсаны дараа гэрийн эзэн: “Бага Клаус аа, би чөтгөр гээч юмны тухай сонсож байснаас, харсангүй. Чиний шидтэн надад чөтгөр гэж юу байдгийг үзүүлж чадах уу?” гэж асуув. Бага Клаус авдарт сүмийн хонхчин нуугдсаныг санан: “Миний шидтэн хүссэн бүхнийг минь биелүүлдэг юм. Тийм биз дээе? гэж хэлээд шуудайгаа өшиглөж тонгойн шивнэв. Тэгснээ сонсож буй дүр үзүүлэн толгой дохин: “Авдар дотор чинь чөтгөр хийчихлээ, алдчихав мэдээтэй байгаарай” гэж хэллээ гэв. Энэ удаа эзэгтэй айснаас царай нь цонхийн муужран унав гэнэ. Харин тариачин авдраа нээж харснаа учиргүй сандарч: “Ти.... тий... тийм байна. Энд чөтгөр байна” гэж хэлээд бушуухан тагийг нь буцаан тавьж цоожлов.
“Үгүй ер өө, энэ чөтгөр манай сүмийн хонхчинтой андуурмаар адилхан юм байна шүү” хэмээн ихэд хачирхан гайхаж гэнэ.
Тариачин эр, бага Клаус хоёр шөнөжин дарс уун наргиж хоножээ. Өглөө эрт гэрийн эзэн: “Чи надад шидтэнээ худалдаач. Би уут дүүрэн алтан зоос өгье” гэж шалж гарав. Бага Клаус цааргалах мэт дүр үзүүлснээ дараа нь зөвшөөрч гэнэ. Харин тариачин эр түүнээс авдартай чөтгөрийг авч явахыг гуйжээ. Бага Клаус түүнд шуудайтай ширээ өгч, оронд нь авсан уут дүүрэн алтан зоос, авдартай сүмийн хонхчинг тэргэн дээрээ ачин гэрийн эзэнтэй салах ёс хийжээ.
Тэргээ түрж явсаар нэгэн голд тулж ирээд гүүрэн дээр гарав. Тэгээд сүмийн хонхчинд сонсогдохуйц чанга дуугаар: “Энэ хүнд авдрыг тэргэнд түрж өөрийгөө зовоож байхаар усанд хаяж орхиё” гэж хэлээд нэг булангаас нь өргөж жаахан өндийлгөвөл ихэд айсан сүмийн хонхчин: “Амийг минь өршөө, алтан зоос өгье” гэж хашгирч гарчээ.
Бага Клаус сүмийн хонхчноос бас уут дүүрэн алтан зоос авч, гэртээ харьж ирээд тариачин эрийн өгсөн зоостой хамт тоолж гарав. Тоолоод тоолоод баршгүй их алттай болсон тул жинлэж үзэхээр шийдэн дэнсийг нь гуйлгахаар хүүгээ их Клаусынх руу явуулжээ. Гэтэл их Клаус юу хэмжихийг нь мэдэх гэж дэнсний ёроолд давирхай түрхээд өгч гэнэ. Бага Клаус алтан зоосоо жинлэж хэмжээд дэнсийг буцааж өгвөл ёроолд нь гурван алтан зоос наалдсан байжээ.
Их Клаус, бага Клаусынд хар эрчээрээ харайлган ирээд: “Чи хаанаас ийм их алттай болоов?” гэж шижир алтан зоосуудыг ширтэн шуналтай нь аргагүй асуув. Бага Клаус: “Зах гарч адууны ширээ арилжаад ийм их алттай боллоо” хэмээн түүнийг хуурчээ. Их Клаус ч яаран гэртээ харьж, дөрвөн морио цохиж алаад арьсыг нь өвчин шуудайлж үүрээд хот оржээ. Олон хүн үймсэн, хөл ихтэй зах дээр ирээд “шир аваарай, шир аваарай” хэмээн дуу хадаан хашгирвал гуталчин, элдүүрчин хүмүүс үнийг нь асууж гэнэ. Их Клаус: “Уут дүүрэн алтан зоосоор солино. Хямдхан бол зарахгүй” гэж хэлэхэд хүмүүс “биднийг доромжлов” хэмээн тал талаас нь уурсан балбаж гарчээ. Ичиж балмагдсан их Клаус арайхийн амь зугатан гараад “зальт муу бага Клаусыг заавал цааш нь харуулна даа” хэмээн занаж явав.
Энэ үед бага Клаусын эмэг эх нь нас баржээ. Бага Клаус хөөрхий эмээгээ орон дээрээ хэвтүүлж өглөө болохыг хүлээн өрөөний буланд гашуудан суув гэнэ. Шөнө дундын үед их Клаус сүр сархийн гэрт нь орж ирээд орон дээр хэвтэх эмэг эхийнх нь толгой дундуур сүхээ далайн ганц цохичихоод гараад гүйхэд нь “ намайг алах санаатай байж шүү” хэмээн бага Клаус бодон хоцорчээ.
Маргааш өглөө тэрээ талийгаач эмэг эхээ тэргэн дээр суулган унахааргүй даруулж уяад оршуулахаар авч явав. Замд дэн буудал тааралдахад нь өлсөж байсан тул хоол идэхээр орж гэнэ. Дэн буудлын эзэн хэдий их баян ч, цочмог ууртай нэгэн байлаа. Түүнийг харсан бага Клауст нэг санаа төрж: “Чи гараад тэргэн дээр суугаа эмээд минь аяга халуун цай хүргэж өгөөч. Чангахан хэлээрэй, чих хатуутай юм шүү” гэжээ. Буудлын эзэн аяга цай барин тэрэгний дэргэд очоод: “ Хүү чинь танд аяга цай өгүүллээ” гэж хэлэв. Талийгаач эмгэн юм дуугарсангүйд буудлын эзэн: “Хүүе, та сонсохгүй байна уу, цай авчирлаа гэж байна” хэмээн уцаарлавал эмгэн тоосон шинжгүй харагдав гэнэ. Тэгтэл буудлын эзэн “Хүүш, хөгшин зөнөг минь, хүү чинь цай өгүүлээд байна” гэж чадлаараа хашгираад ч сонсохгүй байсан тул багтартлаа уурлан аягатай цайг нүүр рүү нь цацаад, угзарч, угзарч татан эмгэнийг унагачихав гэнэ. Энэ чимээнээр бага Клаус гарч ирээд түүнийг заамдан авч: “Чи эмээг минь алчихлаа. Духы нь хар, том нүх гарчихсан байна” гэвэл буудлын эзэн ихэд айж чичрэн: “Ка...Ка...Клаус минь, миний буруугаас боллоо. Би чамд алтан зоос өгье, бас эмэг эхийг чинь оршуулахад тусална. Харин энэ тухай хүнд бүү хэлж үзээч” хэмээн гуйж гарчээ.
Ийнхүү бага Клаус эмээгээ оршуулаад дэн буудлын эзний өгсөн алтан зоосыг авч харьжээ. Бас л алтан зоосоо жинлэхээр урьдын адил дэнсийг нь авчруулахаар хүүгээ Их Клаусынх руу явуулжээ. Гэтэл их Клаус “Үхчихсэн байх ёстой хүн чинь юу гэнэ ээ? Ерөөсөө очиж үздэг хэрэг” гэж дэнсээ авч бага Клаусынх руу гүйж очив. Бага Клаусынд ирээд: “Хүүе, чи чинь үхчихээгүй юм уу гэснээ, хаанаас ийм их алтан зоос олоов?” гэж нүдээ бүлтийлгэн асуулаа. Бага Клаус: “Чи намайг биш, харин эмээг минь цохиж алсан шүү дээ. Харин би талийгаач эмээгээ хотод аваачин уут дүүрэн алтан зоосоор худалдчихлаа” хэмээв.
Их Клаус ч гэр рүүгээ яаран буцаж, эмээгээ цохиж алаад тэргэн дээр ачин хот руу явж гэнэ. Зах дээр очоод: “Үхсэн хүн аваарай, уут алтан зоосноос өгнө шүү” гэж хашгиран явахад нь олон хүн түүнийг элэглэн шоолж, “лавтайяа галзуурсан биз” гэлцжээ. Хүмүүс түүнийг тойрон бүчиж: “Наадах чинь тэгээд хэн юм бэ?” гэвэл их Клаус: “Би эмээгээ цохиж алсан юм. Одоо уут дүүрэн алтан зоосоор зарах гэж явна” гэж хариулахад хурсан олноос шоолох нь шоолж, уурлах нь уурлаж гарчээ. Гэтэл олны дундаас нэг хүн: “Эмээгээ хөнөөсөн яргачныг хаанд тушааж дүүжлүүлье” гэж хашгиралдахад хүмүүс түүнийг татаж унаган тал талаас нь балбаж гарчээ.
“Дүүжлүүлье” гэдэг үгийг сонсон Их Клаус сүнсээ зайлтал айж эргэж ч харалгүй зугатав. Бага Клаусыг бодохоос уур нь хүрч, “За яахав энэ удаа заавал чамайг зүйл дуусгана даа” хэмээн ууртай үглэн явжээ.
Тэгээд бага Клаусыг усанд живүүлэхээр шийдэн гэрт нь очиж: “Чи яасан их хүн залилдаг хүн бэ? Чамаас болоод би хайртай дөрвөн морио, бас эмээгээ хөнөөлөө. Адаг сүүлд нь олны элэг доог болж, баахан зодуулж, хэрэгт орох шахав. Яасан ч чамайг өршөөхгүй дээ” гээд бага Клаусыг барьж аван шуудайд хийж үүрээд гол руу алхав.
Замд нь сүм дайралдахад “Хүн хороож нүгэл хийх гэж яваа хойно орж мөргөөд гарья” гэж бодон шуудайтай бага Клаусыг үүдэнд орхиод оржээ. Энэ үеэр нэгэн малчин өвгөн сүмийн үүдээр үхрээ тууж явав гэнэ. Үүнийг анзаарсан бага Клаус: “Би ч их азтай хүн юм аа, цэл залуугаараа диваажинд очих нь ээ” гэж чанга дуугаар хашгирч гэнэ. Өвган хашхирахыг сонсоод: “Би нас дээр гарсан хөгшин хүн. Залуу зандан насандаа буян үйлдэж яваагүй учир тамд унаж юуны магад. Одоо л диваажинд очдог хэрэг” гэж бодоод бага Клаус дээр хүрч очив. “Би диваажинд очихсон” гэхэд бага Клаус: “Та үнэхээр диваажинд очихыг хүсэж байгаа бол намайг гаргаж, шуудайнд ор. Харин би үхрийг чинь хариулж байя” гэжээ. Өвгөн зөвшөөрч бага Клаусыг шуудайнаас гаргаад өөрөө дотор нь орж амыг боолгов.
Их Клаус сүмээс гарч ирээд шуудайг өргөтөл нэлээд хөнгөн болсон санагдсан тул “ Мөргөл үйлдэж нүгэл маань арилаад бяр оржээ” гэж бодон шуудайгаа үүрч явсаар малчин өвгөнийг гол руу шидэж орхив. Тэгээд нуруугаа үүрэн баяртай нь аргагүй харьж явтал замд нь баахан үхэр тууж яваа бага Клаусыг хараад зогтусч нүдэндээ ч итгэсэнгүй. “Энэ чинь юу болж байна аа. Би чамайг саяхан усанд живүүлсэн биш үү? гэвэл бага Клаус: “Тиймээ. Намайг голын ёроолд живж байхад хаанаас ч юм нэг лусын дагина гарч ирээд шуудайны амыг тайлж, амийг минь аварлаа. Тэр хэчнээн сайхан аальтай, юутай үзэсгэлэнт бүсгүй байсан гэж санана.
Надан өгөөмөр сэтгэлээр хандаж үхэр сүрэг бэлэглэсэн нь энэ. Дэргэдүүр минь загас сүлжин сэлээд, дээгүүр жараахай үсчин цовхчоод, өргөн нугаар үхэр сүргээ тууж явахад хичнээн сайхан байсан гэж санана” гэв.
Тэгтэл их Клаус: “Намайг очвол лусын дагина үхэр сүрэг бэлэглэх болов уу?” гэж асуухад нь бага Клаус: “Мэдээж, өгөлгүй яах вэ” гэж хариулжээ. “Тэгвэл чи намайг шуудайд хийж гол руу шидэж орхиоч” гэж их Клаусын гуйхад бага Клаус зөвшөөрч хоёул голын эрэг дээр очив. Их Клаус: “Гай болж, би живэхгүй хөвөөд байж юуны магад, шуудай дотроо нэг том чулуу хийчихье” гэв. Бага Клаус түүнийг том чулуутай хамт шуудайд хийн амы нь боож голд хаяад: “Чи хэзээ ч усны ёроолоос үхэр сүрэг олохгүй биз ээ” хэмээн хөгжилтэйеэ хэлээд үхрээ туун гэрийн зүг оджээ.
Ийнхүү авхаалжит сэргэлэн бага Клаус санаа муут их Клаусаас үүрд салан аз жаргалтай, амар жимэр амьдран суужээ.


Цааш нь...

Шидэт хэт

Эрт урьд цагт нэгэн цэрэг эр “Нэг хоёр, Нэг хоёр....” хэмээн гараа хаялан тоостойхон замаар торолгүйхэн алхаж явав гэнэ. Аргагүй шүү дээ, тэр цэрэг аян дайнаас харьр яваа юм чинь. Гэтэл замд нь доод уруул нь энгэрээ бүрхэн унжсан үзэшгүй муухай царайтай эмгэн шулам тааралдаж гэнэ. Тэр эмгэн :
-Урт сэлэмтэй, уужим үүргэвчтэй цэрэг эрийн амрыг эрье. Харваас чи эрэлхэг эр байна. Ханатлаа цэнгэж, хагартлаа баяжих мөнгө чамд хэрэгтэй байгаа биз дээ гэж гэнэ. Цэрэг ч:
- Тэгэлгүй яах вэ, тэр их мөнгө чинь тэгээд хаана байгаа юм бэ? гэж асуужээ.

Эмгэн ойролцоох аварга том царс модыг заагаад:
- Тэр царс модыг харж байна уу? Тэр мод дотроо хөндий юм. Чи мод руу авирч гараад хөндийгөөр нь орж мухарт нь хүртэл явах хэрэгтэй. Бүсэлхийгээр чинь би олс уяя. Гарч ирэх болохоороо намайг дуудаарай. Чамайг би татаж авна гэж гэнэ.
- Би тийшээ ороод яах юм бэ? гэж цэрэг асуужээ.
- Алт, мөнгө авахгүй юу? Доошоо ороход чинь нэг том хонгил угтана. Тэр хонгилыг олон зуун дэнлүүгээр гэрэлтүүлсэн байгаа. Хонгилын төгсгөлд гурван хаалга бий. Хаалганд нь түлхүүр зоолттой байгаа. Эхний хаалгаар ороход хоймрын том авдар дээр аягын чинээ нүдтэй нохой хэвтэж байх вий. Битгий айгаарай. Чамд би хөх хормогч өгье. Түүнийг дэвсэж нохойг хэвтүүлээд авдрыг нээ. Дүүрэн зэс зоос байгаа. Түүнээс хүссэнээрээ л ав. Мөнгөн зоостой болъё гэвэл хоёр дахь хаалгыг нээгээрэй. Тээрмийн бул шиг том нүдтэй нохой тэнд хэвтэж байгаа. Айх хэрэггүй шүү. Нохойг хормогчин дээрээ өргөж тавьчхаад авдрыг уудлаарай. Цалин цагаан мөнгөн зоосноос чадлынхаа хэрээр аваарай.
Харин алттай болмоор санагдвал гурав дахь хаалгаар ороорой. Гэрийн тооно шиг том нүдтэй нохой чамайг хараад хэвтэж байна. Айж сандрах хэрэггүй. Эр зоригтой хүн рүү дайрдаггүй юм тэд чинь. Авч очсон хормогчин дээрээ хэвтүүлчхээд алтнаас нь хүссэнээрээ л аваарай гэж эмгэн хэлж гэнэ.
Хэлснээр чинь болдог бол сайхан л хэрэг байна. Хариуд нь чи надаас юу хүсээд байгаа юм? гэж цэрэг эр эмгэнээс асуужээ.
- Би чамаас сохор зоос ч авахгүй. Хөгшин эх маань олон жилийн өмнө тэнд хэт цахиураа мартаад гараад ирсэн юм. Түүнийг л надад аваад өгчих гэж эмгэн шулам хэлж гэнэ. Цэрэг эр:
- Алив наад олсоо аваад аль гээд бүсэлхийгээрээ уячхаад мод руу авирах гэтэл эмгэн хөх хормогч өгчээ.
Ингээд нөгөө цэрэг аварга том хөгшин царсны хонгилоор ороод явчихаж гэнэ дээ. Модны хөндийгөөр доош буухад эмгэний хэлснээр хэдэн зуун дэн асаасан их том хөндий байх юм гэнэ.
Цэрэг айж эмээсэн ч үгүй. Эхний хаалгыг нээгээд оржээ. Өө тэгтэл чинь, аягын чинээ нүдтэй нохой цэхийтэл хараад авдран дээр хэвтэж байна гэнэ.
“Чи ч ёстой сүрхий амьтан байна даа” гэж цэрэг эр хэлээд түүнийг эмгэний өгсөн хормогчин дээр өргөөд тавьчихжээ. Тэгээд авдрыг онгойлгож зэс зоосноос нь үүргэвчээ дүүргээд авч гэнэ. Дараа нь нохойг буцааж авдар дээр нь хэвтүүлчхээд хормогчоо аваад хоёр дахь хаалгыг нээхээр гарчээ.
Эмгэний хэлсэн бас л үнэн байлаа. Хоёр дахь танхимд тээрмийн бул шиг том нүдтэй нохой хэвтэж байх юм гэнэ. Цэрэг эр:
“Намайг битгий бүлтийтэл ширтээд бай” гэчхээд нохойг нөгөө хормогч дээр суулгаж гэнэ. Авдрыг уудалбал дүүрэн мөнгөн зоос байх юм гэнэ. Цэрэг эр өмнө авсан зэс зоосоо тэнд нь асгаж орхиод үүргэвчээ мөнгөн зоосоор дүүргэж авчээ.
Дараа нь гурав дахь хаалга руу хүрч очиж дээ. Яваад ортол гэрийн тооно шиг том нүдтэй нохой нүд нь эргэлдээр хэвтэж байна гэнэ. Цэрэг эр нохойны амар тэндийг эрснээ шуудхан нөгөө хормогчоо дэвсээд дээр нь суулгачихжээ. Авдрыг нь нээгээд үзсэн чинь дүүрэн алт байх юм гэнэ. Энэ их алтаар бүхэл бүтэн хотыг худалдан авсан ч хүрэлцэхээр санагджээ. Цэрэг эр ч үүргэвчээ ханзартал алт мөнгө чихэж авчээ. Тэр алт мөнгөө дааж ядан байв гэнэ. Тэгээд нохойг буцааж авдар дээр суулгаад үүдийг нь хаачхаад:
- Хөгшин шулам минь намайг татаарай гээд хашгирчээ. Эмгэн хариуд нь:
- Миний хэтийг авсан уу? гэж асуужээ.
- Өө, тэрийг чинь мартчихаж гээд цэрэг эр эргэж хэтийг нь авч гэнэ.
Алт мөнгө нь асгарч цутгасан цэрэг эрийг эмгэн шулам арай чүү гэж татаж гаргажээ. Цэрэг:
-Энэ хэт чамд ямар хэрэгтэй юм бэ? гэж асуужээ. Эмгэн:
-Чамд огт хамаагүй хэрэг. Одоо чи мөнгөтэй болсон. Хэтийг минь нааш нь өгөөдөх гэж гэнэ.
- Хэт ямар хэрэгтэйг хэлэхгүй бол хэдэн хэсэг болгоод цавчиж орхино шүү гэж цэрэг эр эмгэнийг айлгаж гэнэ.
- Үгүй, би чамд хэлэхгүй гээд эмгэн шулам хэтээ булаан авах гэтэл цэрэг эр:
-Энэ эмгэн шулам хүмүүс бидэнд ямар нэг муу юм хийх гэж байгаа биз гэж бодоод түүний толгойг тас цавчиж орхижээ.
Ингээд цэрэг эр алт мөнгө нь асгарч хальсан үүргэвчээ дааж ядан үүрээд хот руу алхжээ. Их сайхан хот байна гэнэ. Хотод очоод хамгийн тансаг, хамгийн үнэтэй буудалд бууж дуртай хоолоо захиалж идээд ёстой л хөлгүй баян хүн шиг хөлбөрч гарч дээ.
Гэтэл нэг удаа түүний гутлыг арчиж цэвэрлэж байсан хүн:
-Та ийм баян хүн атлаа тааруухан гутал өмсөх юм гэжээ.
Цэрэг үүнийг сонсоод тэр өдөртөө гутал хувцасны дээдийг авч өмсөөд жинхэнэ баян эрхэм шиг харагдах болжээ. Тэгтэл нөгөө үйлчлэгч бүр их хүндэлж хотын бүх сонин хачин, тэр байтугай хаан болон түүний үзэсгэлэнт гүнжийн тухай ярьж өгчээ. Цэрэг:
-Үзэсгэлэнт тэг гүнжийг чинь үгүй дээ нэг харах юмсан гэжээ.
Зарц хариуд нь:
-Энэ боломжгүй зүйл. Урьд нэг төлөгч хүн хааны гүнжийг жирийн нэгэн цэрэг эртэй гэрлэх юм байна гэсэн гэдэг. Хаанд энэ үг таалагдаагүй учир хэн ч нэвтэршгүй төмөр шилтгээнд охиныг хорьж байх болсон юм. Хаан хатан хоёроос өөр хэн ч түүнтэй уулзах боломжгүй гэжээ.
Цэрэг эр театрт юм үзэж, хааны цэцэрлэгээр зугаалж мөнгөө үрсээр л байлаа. Тэр угаасаа мөнгө төгрөгөөр дутагдаж гачигдаж өссөн болохоор ядууст мөнгөө баруун солгойгүй цацаж байжээ. Цэрэг эр олон найз нөхөдтэй болж түүнийг хот даяараа л сайхан сэтгэлт баян эрхэм хэмээн хүндлэн үзэх болжээ. Тэр мөнгөө үрж тараасаар эцэст нь хоёрхон зоостой үлджээ. Тэгээд буудлаасаа гарч дээврийн хонгилд амьдрах болж гэнэ. Гутал хувцсаа өөрөө цэвэрлэж, онгорхой цоорхойгоо ч оёж шиддэг болжээ. Анд нөхөд болон аврал тусламж хүсэн уулзаж байсан хүмүүс ч түүнийг мартжээ. Тэр нэг өдөр дээврийн хонгилдоо бяцхан гэрэл гаргах санаатай нөгөө хэтээ гаргаж ирэн цахиураар нь цахиж гэнэ. Гэтэл хэтийг цахимагц газар дороос аягын чинээ нүдтэй нохой гарч ирээд:
- Ноёнтон та юу хүсэж байна гэж гэнэ. Цэрэг эр ч:
- Энэ хэт чинь ид шидтэй болж таарлаа гэж бодоод тэр нохойд:
- Надад жаахан мөнгө хэрэгтэй байна гэж гэнэ. Нохой ч хэдхэн
Хормын дараа өмнө нь дүүрэн зэс зоостой уут зуучихсан зогсож байв гэнэ. Цэрэг эр хэтийг нэг цахимагц зэс зоосны, хоёр цахимагц мөнгөн зоосны, гурав цахимагц алттай авдрын манаач ноход гарч ирээд хамаг хүслийг нь биелүүлэх юм байна гэдгийг мэдэж авчээ. Тэр дахиад л баян болж өмнөхөөсөө ч олон хүндлэн бишрэгч найз нөхөдтэй болжээ. Тэгээд нэг үдэш:
- Би яагаад үзэсгэлэнт гүнжийг нэг удаа ч гэсэн харж болохгүй билээ. Хөөрхий гүнж яахаараа адгийн тэр төмөр шоронд хоригдож байх ёстой юм бэ? гэж бодоод хэтээ цахин аягын чинээ нүдэт нохойг дууджээ.
- Би тэр гүнжийг харахыг маш их хүсэж байна гэхэд нохой гав гэж ганц ч дуугаралгүй гараад явжээ. Гэтэл удаа ч үгүй байтал нөгөө нохой гүнжийг ор дэр юутай хүйтэй нь нуруун дээрээ тээгээд унтаагаар нь аваад ирж гэнэ. Гүнж үнэхээр хүсгүй үзэсгэлэнтэй тул цэрэг эр түүнийг хайрлан үнсэхгүй байж чадсангүй гэнэ. Ингээд гүнжийг баахан үнсчихээд сэрэхээс нь өмнө гэрт нь хүргэж өгчээ. Гүнж өглөөний цайгаа уух зуураа хаан аав, хатан ээждээ урьд шөнө аягын чинээ нүдтэй нохой унаж яваад алдартай нэгэн цэрэг эрд үнсүүлж байна хэмээн зүүдэллээ гэж ярьж гэнэ. Ээж нь:
- Ямар хачин зүүд вэ? гэж гайхахад аав нь зүүд мөн эсэхийг шалгах хэрэгтэй гэж бодож суужээ.
Тэгээд охиныхоо дэргэд ордны нэгэн хатагтайг нүд цавчилгүй сахиулан суулгах болжээ. Цэрэг эр үдэш болмогц гүнжийг дахин харахыг тэсгэлгүй хүсжээ. Нохой ч урьдын адил гүнжийг аваад шилтгээнээс гарч гэнэ. Харин ордын хатагтай араас нь дагасаар яваад орсон байшингийнх нь хаалган дээр цэрдээр тодоос тод чагт тэмдэг тавьжээ. Мөнөөх нохой гүнжийг шилтгээнд нь хүргэж өгчихөөд буцахдаа нөгөөх чагт тэмдгийг анзаарч бүх айлуудын хаалган дээр яг тийм тэмдэг тавьж орхижээ. Маргааш нь хаан хатан албаттайгаа гүнжийн очсон байшинг олох гэж явсан боловч айл бүхний үүдэн дээр тавьсан тэмдэг ижил байсан болохоор зорьсон хэрэг бүтэлгүй болжээ.
Хатан ухаалаг сэргэлэн хүн болохоор нэгэн арга сэдэж хоргой торгоор олон жижиг уут оёод будаагаар дүүргэж бяцхан нүх гаргаад охиныхоо хувцсанд бэхэлж орхижээ. Цэрэг эр гүнжийг бүр ч их хүсэн мөрөөдөж түүнтэй гэрлэе гэж бодох болжээ. Тэгээд бас л нохойгоо явуулж гүнжийг авчруулаад түүнийг таалан үнсэж гэнэ. Өглөө нь хаан, хааны албатууд будаа асгарсан замыг даган явсаар цэрэг эрийн байшинд орж түүнийг баривчилжээ. Хаан цэргийг гянданд хориод:
- Чамайг маргааш дүүжлэх болно гэжээ.
- Хэт надад байхад хэн ч намайг яаж ч чадахгүй дээ гэж цэрэг бодоод халаасаа тэмтэртэл түүнийгээ буудалд орхисноо сая мэджээ. Ингээд харанхуй гянданд үхлээ хүлээн суух болж гэнэ. Маргааш өглөөний нар ч манддагаараа манджээ. Гяндангийн төмөр сараалжин гэгээвчээр харахад түүнийг дүүжилж алахыг үзэхээр хүмүүс цугларч байх юм гэнэ. Гэтэл гяндангийн хажуугаар гүйж явсан хөвгүүний шаахай нь суга үсрээд төмөр сараалжин гэгээвчээр харж зогссон цэрэг эрийн нүүр лүү золтой л дэлсчихсэнгүй. Цэрэг эр хүүг дуудаж:
-Чи тийшээ яараад яах вэ? Дүүжлүүлэх ялтан нь би байна. Намайг очоогүй байхад тэнд юу ч болохгүй. Хэрвээ чи буудлаас хэтийг минь авчраад өгвөл чамд дөрвөн зоос өгье гэжээ. Хүү ч дөрвөн зоосны сургаар хөлийнхөө тавхайг гялалзуулан хурдалсаар хэтийг нь авчирч өгчээ.
Тэгтэл ч гяндангийн хаалга чахран дуугарч нээгдээд гав гинжтэй цэрэг эрийг дүүжлүүрийн зүг авч явжээ. Дүүжлүүрийн тавцанг тойроод олон арван цэрэг зогсож, хотын иргэд тэр аяараа цугласан байх юм гэнэ. Хаан, хатан, шадар түшмэдтэйгээ хүндэтгэлийн ширээнд заларсан байна гэнэ. Цэрэг эрийг тавцан дээр гарч ирэхэд ард олон түүнийг таньж:
- Сайн санаатан, өглөгч буянтан эрийг бүү дүүжил. Түүнийг суллах хэрэгтэй. Манай хаан харгис харамч. Харин энэ цэрэг эр бол харамгүй сайхан сэтгэлтэй хэмээн хашгиралдаж гэнэ. Хаан сандарч “Даруйхан түүнийг дүүжил” гэж тушааж гэнэ. Гэтэл цэрэг эр:
- Үхэх хүний сүүлчийн хүслийг ёсоор болгодог эртний ёс байдаг билээ. Хаан таныг зөвшөөрвөл эцсийн удаа ганц тамхи татаадахъя гэжээ. Хаан хэсэг тээнэгэлзсэнээ ард олны дургүйг хүргэхээс эмээж толгой дохин зөвшөөрч гэнэ.
Цэрэг эр хэтээ гаргаж ирээд гурван удаа цахимагц дэргэд нь аягын чинээ, тээрмийн булны чинээ, гэрийн тоононы чинээ нүдтэй аварга ноход нь гараад ирж гэнэ. Ард олон ч айх гайхах зэрэгцэн шуугилдаж гэнэ. Цэрэг эр нохдодоо:
- Амьд мэнд гарахад минь туслаач гэжээ. Ноход ч хаан хатан, шадар түшмэд, цэрэг эрс рүү уулгалан дайрч тэдний хөл гар, хүзүү толгойноос нь зууж агаарт ёстой л сэнсэн дүүгүүр мэт шидлэн хаяж шидийг үзүүлэв гэнэ. Хаан “Амийг минь өршөө” хэмээн хашгиран зугтааж байжээ. Яаж ч тэмцээд нэмэргүйгээ мэдсэн хааны цэргүүд ухран зугтаж гэнэ. Ард олон харин:
- Цэрэг чи бол жинхэнэ өгөөмөр сэтгэлтэн. Үзэсгэлэнт гүнжтэй чи гэрлэх ёстой хэмээн хашгиралдаж түүнийг сүйх тэргэнд хүндлэн суулгаж гэнэ шүү. Цэрэг эр гурван нохойгоо дагуулан явсаар гүнжийг хорьсон төмөр шилтгээний үүдэнд иржээ. Тэгээд хэрэм цайзыг нь эвдлэн охиныг чөлөөлөөд “Надтай гэрлээч” хэмээн гуйж гэнэ.
Гүнж ч өнгөрсөн шөнийн явдлууд зүүд биш, үнэн болохыг мэдэж хувь заяандаа итгээд түүнтэй гэрлэхийг зөвшөөрчээ.
Ийнхүү эр зориг, сайхан сэтгэлтэй эгэл нэгэн цэрэг үзэсгэлэнт гүнжтэй гэрлэж хот даяараа баясан цэнгэж хосгүй тансаг хурим долоо хоног үргэлжилжээ. Үнэнч сайн ноход нь ч бас найрын ширээний ард том нүдээ эргэлдүүлэн сууэ байв гэнэ. Хаан хатан хоёр цэрэг эрээс уучлал гуйж хамаг улсынхаа хагасыг нь түүнд бэлэглэж гэнээ.


Цааш нь...

Андерсен.Х.К

“Эрэлхэг тугалган цэрэг”, “Хааны шинэ хувцас”, “Нугасны муухай дэгдээхий” зэрэг олон гайхамшигт үлгэрээрээ дэлхий дахины бяцхан уншигчдын сайн танил болсон нэрт зохиолч, яруу найрагч Х.К. Андерсен 1805 оны 4-р сарын 2-ны өдөр Дани улсын Оденсе хэмээх хотод мэндэлжээ. 11-хэн настайд аав нь өөд болж өнчин хоцорсон бяцхан Андерсен өөрийгөө тэжээхийн тулд нэхмэлийн, тамхины үйлдвэрүүдэд хүнд хүчир ажил хийж хатуу хөтүү амьдралыг туулж өнгөрүүлсэн аж.
Андерсен багаасаа уран зохиолд маш их сонирхолтой хүүхэд байсан тул түүнд орой бүр эмээ нь Дани ардын үлгэр ярьж өгдөг байжээ. Тэрээр өөртөө жижигхэн тоглоомон театр, хүүхэлдэйнүүд хийгээд тэдэндээ хувцас оёж, В.Шекспирийн бүхий л жүжгийг цээжлэн хүүхэлдэйнүүдээрээ тоглуулдаг байжээ. Ийнхүү жүжиг болон ардын үлгэр сонихож эхэлснээр түүний уран зохиолын агуу их ажлын гараа тавигдсан түүхтэй.
Түүний үлгэрүүд гайхамшигт уран сэтгэмж, яруу дүрслэлтэй бөгөөд бодит амьдралын үнэн тусгал болж чадсан тул хичнээн уншсан ч уйдахын аргагүй билээ.


Цааш нь...

Улаан малгайт

Эртээ урьдын цагт нэгэн энхрий бяцхан охин байжээ. Бяцхан охиныг харсан бүгд л баясаж хөөрөн өхөөрдөнө. Харц нь гэрэлтэж хацар нь бумбайсан эгдүүтэй хөөрхөн ач охиндоо эмээ нь бүр ч их хайртай. Ач охиноо гэхээр л баяр хөөр болон өгөх бэлэглэх юмаа олж яддаг гэнээ. Эмээ нь нэгэн удаа ач охиндоо улаан хилэн малгай бэлэглэжээ. Малгай нь түүнд зохисон гэдэг гайхалтай. Энэ өдрөөс хойш охин улаан малгайгаа үргэлж өмсөж явдаг болжээ. Ингээд л түүнийг бүгдээрээ Улаан малгайт хэмээн дуудах болж гэнэ.

Нэг өдөр ээж нь эртлэн босоод хуушуур хайрчээ. Тэгээд “Миний охин нааш ир” гэж Улаан малгайтыг дуудаад:
- Энэ хуушуур, савтай сүүг эмээдээ аваачиж өг. Бие нь тэнхрэхэд хэрэгтэй. Эмээ нь ойрдоо ядраад байгаа юм. Эртхэн гарсан нь дээр. Болгоомжтой яваарай. Замаасаа гарч болохгүй шүү. Мод чулуунд бүдэрч унаад сүүгээ асгачихна. Тэгвэл эмээдээ юугаа хэлэх билээ. Эмээгийндээ оронгуутаа л “Өглөөний амгаланг айлтгая” гэж мэндлэхээ мартав. Ийшээ тийшээ ширтээд л эмээгээ хайхрахгүй байв даа гэж гэнэ.
Улаан малгайт “За, ээжээ санаа зоволтгүй ээ. Захисан үгнээс тань би гарахгүй ээ” гээд ээждээ үнсүүлчхээд замдаа гарчээ.
Эмээгийнх нь тосгоноос холгүй, ойд байдаг юмсанж.
Охин ойн зөрөг замаар алхаж явтал гэнэт урдаас нь чоно гараад иржээ. Улаан малгайт чоныг догшин араатан гэж мэдэхгүй тул түүнээс огтхон ч эмээсэнгүй гэнэ. Чоно ч их л эелдэгхэнээр:
- Өглөөний мэнд хүргэе! Улаан малгайтхан минь гэжээ.
- Баярлалаа чоно гуай.
- Улаан малгайт аа, чи ийм эрт хаа хүрч яваа юм бэ?
- Эмээгийндээ очъё.
- Наад сагсандаа юу хийчхээв?
- Халуун хуушуур, шинэхэн сүү. Эмээ маань өвдчихөөд байгаа юм л даа. Тэгээд л эмээдээ өгч биеийг нь тэнхрүүлэх гэсэн юм.
- Улаан малгайт аа, эмээгийнх чинь хаана байдаг юм бэ?
- Ойд байдаг юм. Эндээс холгүй ээ. Тээр тэнд гурван том царс модны нөмөрт харагдаж байгаа модон хашаатай байшин чинь манай эмээгийнх байхгүй юу. Та ч бараг мэдэх байлгүй дээ. Улаан малгайтыг ингэж хэлэхэд чоно:
- Ай даа, энэ нялх гэнэн амьтан, азгүй тэр чавганцаас хавьгүй зөөлөн хоол болно доо. Арга ухаан сийлж байгаад хоёулангий нь залгиж орхих юм шүү гэж бодож байжээ. Тэгээд охины урдуур хойгуур хэрэн явснаа чоно:
- Улаан малгайт аа, жаахан хүлээ. Урдаас чинь тосоод алаглан байгаа цэцэгсийг хараач. Чи тэднийг огт анзаарахгүй, ойн шувуудын жиргээг ч сонсохгүй байх юм. Яг л сургуульдаа явж байгаа юм шиг, нэг л замаар гэлдрээд байвал ойд хичнээн хөгжилтэй сайхан байдгийг олж харж чадахгүй шүү дээ гэжээ.
Улаан малгайт ч эргэн тойрноо анзааран харж гэнэ. Ургах нарны туяа моддын чөлөөгөөр асгаран бүжээд л... Өнгө өнгийн цэцэгс өөдөөс нь мишээж ганхаад л.... Үнэхээр үзэсгэлэнтэй сайхан харагдаж гэнээ. “Тэвэр дүүрэн цэцэг эмээдээ бэлэглэвэл яасан их баярлах бол. Тэгээд ч одоо эрт байна шүү дээ” гэж Улаан малгайт бодоод замаасаа гарч цэцэг түүж эхэлжээ. Нэг цэцэг тасдаж аваад л өндийхөд дахиад цаана нь бүр гоё цэцэг харагдах юм гэнэ. Охин ийнхүү цэцэг түүсээр ойн гүн рүү оржээ.
Чоно энэ завшаанд эмээгийнх рүү нь амжиж очоод хаалгыг нь тогшиход эмээ нь “Хэн бэ?” гэж ядрангуй дуугаар асууж гэнэ. Чоно дуугаа нарийсган:
- Улаан малгайт байнаа. Танд халуун хуушуур, шинэхэн сүү авчирлаа. Үүдээ нээгээч гэхэд эмгэн:
- Ивий ивий, охин минь ирчихэж. Хаалганыхаа бариулыг доош нь сайн дар. Хялбархан онгойчихноо. Эмээд нь босох ч тэнхэл алга гэжээ.
Ингээд л чоно хаалгыг нь нээж ороод эмгэний ор луу харайн очиж хүүе гэхийн завдалгүй хөөрхий хөгшнийг залгичихаж гэнэ. Тэгээд хувцас, малгайг нь өмсөж оронд нь орж хэвтээд хөшгийг нь татаж гэнэ.
Яг энэ үед ойд хуй салхи дэгдэн Улаан малгайтын түүсэн цэцэгсийг шүүрээд явчих шахаж гэнэ. Ой шуугих чимээнээр охины сэтгэлд ч айдас төрж эргэж замдаа ороод эмээгийнх рүүгээ яаран алхжээ.
Эмээгийндээ очиход үүд нь онгорхой, гэрт нь орвол ямар ч чимээ аниргүй байх юм гэнэ. “Баяр хөөр болсоор эмээ минь намайг угтдагсан. Байгаа байхгүй нь мэдэгдэхгүй нэг л түгшүүртэй санагдах чинь” гэж охин өөрийн эрхгүй боджээ. Тэгээд “Эмээ танд өглөөний амгаланг айлтгая” гэж хэлсэн боловч хариу алга гэнэ.
Улаан малгайт орных нь өмнө очиж хөшгийг нээвэл эмээ нь малгайгаа духдуулж тавьчихаад нэг л жигтэй хачин байдалтай хэвтэж байжээ. Улаан малгайт эмээгээсээ:
- Пөөх! Эмээ таны чих чинь яагаад ийм том болчихсон юм бэ? гэж асуужээ.
- Чиний ярихыг улам сайн сонсох гэж л тэр шүү дээ.
- Тийм үү? Таны нүд яагаад ийм том болсон юм бэ?
- Чамайг улам сайн харах гэж.
- Тэгвэл гар чинь яагаад ийм том байгаа юм бэ?
- Чамайг л сайн барьж авахын тулд.
- Юу?! Эмээ наад ам чинь яагаад ийм даравгар том байгаа юм бэ?
- Чамайг л төвөггүйхэн залгих гэж....
Ингэж хэлэнгүүтээ л чоно эмгэний орноос огло харайн бууж Улаан малгайтыг ухасхийн залгижээ.
Ховдог саарал ийнхүү хомхой хүслээ биелүүлж аваад хуррр харрр гэсэн муухай дуугаар хурхиран унтаж гэнэ. Тэр үед байшингийн дэргэдүүр өнгөрч явсан анчин “Энэ хөгшин чинь яасан их дуутай хурхираад байх юм бэ? Арай өвдчихсөн юм биш байгаа” гээд гэрт нь оржээ.
Тэгтэл харин чоно эмгэний орон дээр хурхираад унтаж байна гэнэ. “Аа муу ховдог саарал энд хэвтэж байдаг вий. Чамайг ч их удаан хайсан даа” гээд анчин буугаа тулган буудах гэснээ “Энэ чинь арай эмгэнийг залгичихсан юм биш байгаа. Тэгвэл аврах хэрэгтэй шүү дээ” гээд буудахаа больж хутгаа гаргаж ирээд гэдсийг нь зүсжээ. Гэтэл дотроос нь нэг улаан малгай цухуйж гэнэ. Ахиухан том зүстэл Улаан малгайт үсрэн гарч иржээ. Охин гарч ирээд “Би ямар их айсан гэж сананаа. Чонын гэдсэн дотор яасан аймаар харанхуй, юутай муухай үмхий юм бэ” хэмээн бөмбөлзтөл чичрэн уйлж гэнэ. Тэгээд анчинтай хамжин чонын гэдэснээс эмээгээ гаргаж авлаа. Хөөрхий эмээ нь дөнгөж л амьсгалах төдий байжээ. Улаан малгайт самбаачлан гүйж чонын гэдсэнд хэд хэдэн чулуу авчирч хийжээ. Анчин ч амжиж гэдсийг нь оёж гэнэ.
Чоно сэрээд зугтаах гэсэн боловч хүнд чулуугаа даасангүй шургачин унаад үхчихжээ.
Эмээ нь ач охиноо харангуутаа л тамир тэнхээ орон босч ирээд тэд тэврэлдэн уулзаж баяр хөөр болж гэнээ. Ингээд хоёулаа амь насыг нь аварсан анчинд талархлаан илэрхийлж хамтдаан суугаад халуун хуушуур идэж, шинэхэн сүү ууцгаажээ. Тэр цагаас хойш Улаан малгайт “Ээж маань болохгүй л гэсэн бол ойгоор явахдаа, ер нь хаашаа ч явсан замаасаа хэзээ ч гарч байхгүй юм шүү” гэж бодох болж гэнээ.


Цааш нь...

Эрхийн чинээ хүү

Эрт урьдын цагт элбэг хангалуун амьдралтай, элгэмсэг сайхан сэтгэлтэй тариачин эр, эм хоёр байж гэнэ. Нэгэн үдэш тариачин эр галаа засан хөгжөөж ганц нэг мод хийнгээ:
- Айл хөршүүдэд маань хүүхдийн дуу цангинаж байхад бидэнд л үр хүүхэд заяахгүй юм даа гэж хэлж гэнэ.
Эхнэр нь түүний хэлэхийг сонсоод:
- Тийм ээ. Хувь заяа бидэнд хуруухан чинээ ч гэсэн үр хүүхэд заяавал юутай их аз жаргал вэ? Түүндээ бид хичнээн их хайртай байх бол! гэжээ.

Гэтэл удалгүй эхнэр нь жирэмсэлж долоон сарын дараа хүү төрүүлж гэнэ. Хүү нь эрүүл саруул, эгдүүтэй хөөрхөн атлаа хуруун чинээхэн биетэй юмсанжээ.
Ээж, аав хоёр нь “Үнэхээр л бидний хүссэнээр заяажээ. Үр хүүхэдтэй болж түүнийгээ хайрлаж энхрийлэх ямар сайхан юм бэ? хэмээн баяр хөөр болж хүүдээ Эрхийхэн гэдэг нэр өгч гэнэ.
Сар жил өнгөрөвч Эрхийхэн хүү өсөж том болсонгүй. Сая төрсөн юм шиг л бяцхан хэвээр байх юм гэнэ. Харин тэр нүүрэндээ гэрэлтэй, нүдэндээ галтай, ухаалаг, сэргэлэн хүү байжээ.
Нэгэн удаа тариачин эр түлээ бэлтгэхээр явахдаа:
- Араас минь морин тэрэг аваад ирэх хүн байдаг ч болоосой хэмээн амандаа үглэжээ.
Тэгтэл Эрхийхэн хүү:
- Аав аа, би байна шүү дээ. Хүүдээ та итгэ. Хүргээд өгч чаднаа гэж шулганаж гэнэ. Аав нь хүүгээ алган дээрээ өргөж инээгээд:
- Миний хүү яаж чадах вэ дээ. Морь тэрэг хөтлөхөд арай л жижигдэнэ гэжээ.
- Зүгээр ээ ааваа. Ээж морь хөллөөд өгвөл би морины чихэн дотор орж суугаад хаашаа явахыг нь хашгирч заагаад байна шүү дээ гэж хүү хэлжээ. Аав нь:
- Тийм бол яахав. Үзээд алдъя гэж гэнэ. Ингээд ээж нь морь хөллөж, Эрхийхэн хүү чихэн дотор нь суугаад замдаа гарчээ. Хүү “Зүүн тийшээ. Одоо баруун тийшээ! Чү- Чү!” гэж хашгирсаар л явж гэнээ.
Ийнхүү хэзээ хэзээний хөтөч шиг морио залж явсаар ой руу оржээ. Нэгэн замын эргэлтэн дээр Эрхийхэн хүү “Баруун тийшээ, Баруун тийшээ” гэж хашгирч байтал үл таних хоёр хүн өөдөөс нь ирж гэнэ. Тэгээд:
- Хараач хөөе! Хачин юм даа. Хөтөчгүй морин тэрэг явж байна шүү дээ. Тэгсэн мөртлөө хэн нэг нь тийшээ яв, ийшээ яв гэж хашгираад л, залаад л байх юм гэж нэг нь хэлэхэд нөгөө нь:
- Харин тиймээ, энэ ч хачирхмаар явдал мөн шүү. Хойноос нь дагая. Хаа хүрэхийг нь харъя гэж хэлж гэнэ. Морин тэрэг ч явсаар мод огтолж байгаа хүнийг чиглээд иржээ. Эрхийхэн хүү эцгийгээ олж хараад:
- Дрр....дрр гэж цовоо дуугаар хашгирсанаа”Ааваа би морин тэрэг аваад ирлээ. Одоо намайг буулгаад өгөөч” гэж гэнэ.
Аав нь зүүн гараараа морины жолооноос атгаж баруун гараараа хүүгээ морины чихнээс гаргаж аваад, газарт буулгажээ.
Эрхий чинээ хүүг харсан нөгөө хоёр хүн мэл гайхаж цэл хөхрөөд үг ч дуугарч чадсангүй гэнэ. Тэгснээ аав хүү хоёроос сэмхэн холдоод:
- Жинхэнэ ид шид гэдэг чинь энэ байна шүү дээ. Гайхалтай энэ бяцхан жаалыг хотын хүмүүст мөнгөөр үзүүлэх юм бол хоёулаа ч ёстой баяжна даа. Одоохон түүнийг худалдаад авчихъя гэж ярилцжээ. Тэгээд тариачин дээр очиж:
- Энэ жижигхэн амьтнаа худалдчих. Чамд бид хангалттай их мөнгө төлөх болно гэжээ. Тариачин эр:
-Үгүй ээ. Энэ миний хайртай хүү. Мах цусны минь тасархай. Ямар ч их алт мөнгөөр худалдахгүй шүү гэжээ. Эрхийхэн тэдний хэлэхийг сонсоод “Нэртэй хүний зүстэй хүүг нэг муу жижигхэн амьтан гэнээ. Хэн болохоо та нарт нэг харуулъя” гэж боджээ.
Тэгээд хүү аавынхаа дээлийн хуниасаар дамжин мөрөн дээр нь гараад, чихэнд нь:
- Ааваа намайг эдэнд зарчих. Айлтгүй ээ, би эргээд ирж чадна гэж гэнэ.
Тариачин эр төрөлхийн сэргэлэн хүүдээ итгээд тэр хоёрт нэлээд үнэтэй худалдчихжээ. Эрхийхэн хүү ингээд эцэгтэйгээ салах ёс хийгээд замд гарч гэнээ. Тэд хүүгээс:
- Бид чамайг хаанаа хийгээд авч явах вэ? гэхэд хүү:
- Бүрх малгайныхаа хүрээн дээр тавьчих. Алсын юм харагдаад аятайхан байдаг юм гэжээ.
Тэд ийнхүү явсаар байтал үдшийн бүрэнхий болж гэнээ. Энэ үед бяцхан хүү:
- Хөөе, намайг буулгаадах! Би бие засмаар байна гэжээ. Харин тэд:
- Наанаа болгочихоо. Хааяа шувуу хүртэл бидний дээрээс юм унагаж л байдаг юм гээд түүнийг огт тоосонгүй гэнэ. Эрхийхэн хүү:
- Хаана бие засахаа би өөрөө мэдэж байна. Хурдхан намайг буулгаадах. Үгүй гэвэл үсэрлээ шүү гээд улам чанга хашгирчээ. Ингээд хүүг буулгахаас өөр аргагүй болж гэнэ.
Хүү буунгуутаа л булт үсэрч зугтаад оготны нүхэнд орчихож гэнэ. Тэгээд оготнын нүхэн дотроос:
- Эрхэм ноёд оо! Баяртай. Эртхэн харьж унтацгаа гэж хашгираад тэднийг шоолон инээжээ.
Нөгөө хоёр нь нүхний аман дээр гүйн ирээд модоор хатгаж төнхсөн ч нэмэр болсонгүй. Эрхийхэн хүү нүхний бүр гүн рүү орчихсон байж гэнэ. Удалгүй харанхуй болж бяцхан хүүд хууртсан тэр хоёр сэтгэлээр унан гэр гэртээ харихаар явцгаажээ. Тэдний явсныг мэдээд Эрхийхэн хүү хулганын нүхнээс гараад ирж гэнэ. Яг энэ үед тэргэл сар мандаж байлаа. Эрхийхэн хүү “Тухтай унтаж хоночихмоор оромж байр олъё” гээд хайж явтал аз болоход замд нь дун хорхойн гэр тааралджээ. “Ашгүй дээ” гэж баярлаад амарч унтахаар яваад орж гэнээ. Тэгтэл хажууханд нь хүмүүс ярилцах чимээ гарчээ. Чих тавин сонсвол:
- Тэр ламтан ч цадиггүй баян юмаа. Амбаар саванд нь орж алт мөнгийг авах арга мэх л хэрэгтэй байна гэж ярилцах юм гэнэ. Тэгэхээр нь Эрхийхэн хүү:
- Би л та нарт тус болж чадна даа гэжээ. Гэтэл хулгайч нар:
- Энэ чинь юу вэ? Хаанаас хэн ингэж хашгираад байна гээд л сандарч байна гэнэ. Эрхийхэн хүү тэсэлгүй инээд алдаж “Хи хи. Намайг аваад яв. Би та нарт тусална” гэсээр дунгийн гэрээс гараад иржээ.
- Чи хаана байна вэ? гэж тэд асууж. Та нар намайг газраас хайцгаа. Миний дуу хаанаас гарч байгааг сонсохгүй юу? гэж Эрхийхэн хэлж гэнэ. Хулгайч нар түүнийг хайж олоод гар дээрээ авчээ. Тэгээд:
- Чи бидэнд яаж туслах юм бэ? гэхэд нь
- Би ламтны төмөр хашааных нь завсраар төвөггүйхэн яваад орчихно. Салхивчаар нь амбаарт ороод санасан бүгдийг чинь аваад өгч чадна шүү гэжээ.
- Санадаг л санаа. Хуруун чинээ хүний хийж чадах ажил ч мөн дөө гээд хулгайч нар явсаар ламын гэрийн хаяанд ирж гэнэ. Эрхийхэн хүү ч ядаж цөхөх юмгүй амбаарт нь орчихжээ. Тэгээд:
Та нар алийг нь авах юм бэ? Алт уу? Эсвэл мөнгө үү? гээд хамаг чадлаараа хашгирчээ. Хаяанд байсан хулгайч нар сандран зугтаж, хажуу өрөөнд нь унтаж байсан зарц эмэгтэй цочин сэрж чагнажээ. Харин хулгайч нар “Энэ муу жаал биднээр даажигнаад байна. Буцаж очъё” гээд эргээд иржээ. Тэгээд “Бяцхан жаал минь битгий маяглаад бай. Алт мөнгө юу дайралдсанаа аваад аль. Хурдал” гэж зандарчээ. “Одоохон, одоохон аваад өгье. Олигтойхон сунгаач дээ наад гараа” гээд Эрхийхэн хүү өмнөхөөсөө чанга хашгирч гэнэ. Энэ удаа зарц орноосоо үсрэн босч амбаар луу гүйжээ. Хулгайч нар ч чимээнээр нь харвасан сум шиг харайлгаж харах бараагүй алга болж гэнэ. Зарц хүүхэн амбаарт ороод хэнийг ч олж харсангүй. Лаа асааж ирэхээр буцаад явжээ. Лаа бариад ирэх хооронд Эрхийхэн хүү өвсний хашаа руу зугтчихжээ. Зарц эмэгтэй ч “Хий юм л сонсож дээ” гэж бодоод унтахаар хэвтэж гэнэ. Эрхийхэн хүү харин тэндээ тухтайхан амарч хоноод өглөө эртхэн гэртээ харихаар шийджээ.

Гэвч түүнд азгүй явдал тохиолдож гэнэ. Энэ ертөнцөд ер нь элдэв учрал ээлжилж байдаг хойно доо. Зарц бүсгүй үүрээр босоод үхэртээ өвс тавьж өгөхөөр гарч гэнэ. Ингээд тэр өвс аваад явахдаа Эрхийхэн хүүг харалгүй хамаад тэвэрчихжээ. Харамсалтай нь хүү маш бөх унтаж байсан учир үхрийн аманд орсон хойноо л сэрж гэнэ. Хүүд гурилын тээрэмний бул дунд орчихсон юм шиг л аймшигтай санагджээ. Гурил болж няцлагдахаасаа өмнө эндээс гарах юмсан гэж зүтгэж байтал өвстэй хамт үнээний ходоодонд орчихож гэнэ. “Энэ нүхэнд чинь гэрэл гэгээ тусахгүй юм. Цонх хийхээ марчихсан юм шиг байна. Ядаж лаа ч асаадаггүй юмуу даа” гэж хүү цухалджээ. Үнэнийг хэлэхэд, хүүд энэ явдал огт таалагдсангүй. Хамгийн хэцүү нь, хаалгаар үргэлж өвс цуван орж ирэхэд Эрхийхэн хүүд амьсгалахад ч бэрх болж байна гэнэ шүү. Сандарч бачимдсан хүү хамаг байдаг чадлаараа:
- Дахиад шинэ өвс хэрэггүй ээ. Надад шинэ өвс дахиад битгий өгөөч гэж хашгирч гэнэ. Түүний ингэж хэлэхийг сонссон зарц нь айж балмагдан ламтанд очоод:
Бурхан өршөө! Ламтан минь. Манай үнээ яриад эхэллээ гэж гэнэ.
- Чи чинь хий юм сонсдог болоо юу? гэж ламтан гайхаад өөрөө үзэхээр явж очжээ.
Ламтанг хашаанд дөнгөж оронгуут нь Эрхийн чинээ хүү мөн л:
- Надад өвс дахиад битгий өгөөч! Надад өвс дахиад битгий өгөөч! гээд л орилжээ. Тэгэхэд нь ламтан ч айж үнээнд нь чөтгөр шүгэлчихэж гэж итгээд төхөөрүүлэхээр шийдэж гэнэ. Яргачин үнээг төхөөрөөд дотор нь Эрхийхэн хүү сууж байгаа сэвстэй ходоодыг жалга руу чулуудчихжээ.

Өвс сэвсээр дүүрэн үхрийн ходоодноос гарах гэж Эрхийхэн хүү их л зүдэрчээ. Толгой нь шоволзож, гар нь сарвалзаад яг л гардгийн даваан дээр дэргэдүүр нь гүйж явсан чоно, үхрийн ходоодыг юутай хүүтэй нь залгачихаж гэнэ.
Энэ удаа Эрхийхэн хүү айж сандрахын оронд арга ухаан сийлье гэж боджээ. Тэгээд чонын гэдсэн дотроос:
- Эрэлхэг ноён чоно гуай. Эрхэм танд таалагдах амттайхан хоол хаана байгааг би мэднэ шүү гэжээ. Ховдог чононд хоолноос өөр юм бодогдсонгүй:
- Хаана байна тэр чинь гэж асуужээ. Эрхийхэн хүү:
- Тариан талбайн урд захад байшин, амбаар хоёр байгаа. Амбаарт нь гахайн махан хиам, галууны шарсан гуя гээд л дуртай бүхэн чинь бий” гээд өөрийнхөө гэрийг маш сайн заагаад өгчихөж гэнэ.
Чоно ч өөд уруугуй шогшсоор яваад өнөөх амбаар луу яваад орчихжээ. Арааны шүлс асгармаар амттан шимттэнг чоно ч залгиж гарч дээ. Амаараа гартал идэж гэдэс нь хэнгэрэг болсон чоно алхаж ч чадахаа болиод амбаарын буланд хэвтэж гэнэ. Яг энэ үед Эрхийхэн хүү чонын гэдсэн дотор харайж цовхорч, хашгирч гуугалж гарчээ.
Чоно:
- Дуугаа татаач чи! Гай болоод хүмүүсийг сэрээчихвэл яана гэхэд хүү:
Ходоод чинь хоолоор дүүрээд сайхан байгаа биз дээ. Үүний төлөө би чамд баяр хүргэж байна шүү дээ гээд өмнөхөөсөө чанга хашгирч гэнэ.
Ярилцах шуугих чимээнээр сэрсэн аав ээж хоёр нь яаран гүйж ирээд амбаарын завсар зайгаар шагайжээ. Гэтэл нэг чоно гэдсээ хагартал идчихээд хэвтэж байх юм гэнэ. Тэд буцаж гүйгээд аав нь сүх, ээж нь хадуур барьсаар ирж гэнэ. Тэгээд нөхөр нь амбаар луу орохдоо эхнэртээ:
- Дэргэд минь ойрхон яв. Дэлсээд авахад чоно үхэхгүй ч байж мэднэ. Тэгэх юм бол чи хадуураараа гэдсийг нь хүү татаарай гэж хэлжээ.
Эрхийхэн хүү эцгийнхээ дууг таниад:
- Аав аа болгоомжтой! Би энд, чонын гэдсэн дотор байна гэж хашгирчээ.
Эрхийхэн хүүгийнхээ дууг таниад аав нь:
- Ээ бурхан минь. Хүү минь амьд мэнд байна. Чонын гэдсэн дотор байна гээд эхнэртээ “ Хадуураа цааш нь тавьчих. Хүүгээ шархдуулчихна” гэж гэнэ. Чоно тариачин эр лүү дайрах гэсэн боловч цүрдгэр гэдсээ даах ч тэнхэлгүй дэмий л архирч байжээ. Тариачин эр сүхээ далайж далайж буулгачихсан чинь чоно тэр дорхноо нам болж гэнэ. Ингээд аав, ээж хоёр нь хутга авчраад чонын гэдсийг зүсэж хүүгээ гаргаж авцгаажээ. Эрхийхэн хүүгээ тэд энхрийлэн тэвэрч, эсэн мэнд уулзсандаа энгүй их баяр хөөр болцгоож гэнэ.
Тэгээд аав нь:
- Хайртай хүүтэйгээ уулзахгүй нь гэж яасан их зовж шаналав аа гэхэд:
- Ээж аав хоёртойгоо уулзах гэж хичнээн их яарсан ч элдэв бэрхшээл зөндөө тохиолдлоо гэж Эрхийн чинээ хүү хэлжээ. Аав нь:
- Чи тэгээд хаана байв гэхэд Эрхийхэн хүү:
Аав минь би
Ачтай тустай оготнын нүхэнд
Амарч тухалмаар дунгийн гэрт
Алттай мөнгөтэй ламын амбаарт
Аймаар идэмхий үхрийн ходоодонд
Амттанд шунасан чонын гэдсэнд байлаа.
Харин одоо та нартайгаа үргэлж хамт байна.
Хаашаа ч би явахгүй гэжээ.
Аав ээж хоёр нь:
- Тэгэлгүй яахав үр минь. Энэ дэлхийн бүх баялгаар ч Эрхийхнэ хүүгээ солихгүй гээд эрхлүүлэн өхөөрдөж гэнэ. Ингээд энхрий хүүгээ идээ ундааныхаа дээдээр дайлж, урт замын туршид урагдаж хуучирсан дээлийг нь бас сольж, шинийг оёж өгчээ.
Энэ өдрөөс эхлээд Эрхийхэн ийш тийш явахын оронд эрдэм ном сурч ээж ааваа баярлуулсан эрхэм сайн хүү болж гэнэ.


Цааш нь...

Чоно ба долоон ишиг

Эрт урьдын цагт эрх танхил долоон ишигтэй эелдэг сайхан ааштай нэгэн ямаа байжээ. Түүнд нялх хонгор ишигнүүдээс нь өөр нандин эрдэнэ үгүй гэнээ.
Ямаа нэгэн удаа өвсний шимтэй, усны тунгалагт идээшлэхээр явахдаа ишигнүүдээ дуудаад:
- Энхрий үрс минь ээж нь явлаа. Хүүхдүүд минь чононоос болгоомжлоорой. Араатан чоно ороод л ирвэл арьстай үстэй чинь залгичихна шүү. Хорлолтой тэр амьтан ямар ч дүрд хувирчихсан байж мэднэ. Хууртав аа! Тэр хахир бүдүүн дуутай, хар саарал хөлтэй гэдгийг та нар мэднэ шүү дээ гэж хэлжээ.

Тэгтэл ишигнүүд нь “Зүгээрээ зүгээр, ээжээ. Санаа зоволтгүй ээ. Зөндөө яргуй авчраарай. Өөдгүй муу чоно ирвэл үүдээ бид нээхгүй” хэмээн зэрэг зэрэг майлалдаж гэнэ. Ээж нь тэднийхээ цовоо дуунд баясаж, энхрийлж нэгэнтээ майлчихаад л замдаа гарчээ.
Удаа ч үгүй байтал тэдний хаалгыг хэн нэг нь тогшиж:
- Энхрий үрс минь хаалгаа нээ. Ээж нь ирлээ. Та нартаа дэлэн дүүрэн сүү, сагс дүүрэн яргуй авчирлаа гэжээ.
Харин ишигнүүд хахир бүдүүн дуугаар нь чоно байна гээд төвөггүйхэн таньчихжээ. Тэгээд:
“Хаалгаа бид нээхгүй. Хайртай ээж маань энхрий зөөлөн дуутай. Харин та бол хахир бүдүүн дуут чоно байна шүү дээ” гэж майлалдаж гэнэ.
Чоно “Гайгүй ээ, та нарыг дээ” гэж үглэснээ хүнсний мухлаг руу харайлгажээ. Мухлагаас тэр түүхий өндөг авч уугаад дуугаа шингэрүүлж гэнэ.
Чоно эргэж очоод хаалгыг нь тогшиж:
- Энхрий үрс минь хаалгаа нээ. Ээж нь ирлээ. Та нартаа дэлэн дүүрэн сүү, сагс дүүрэн яргуй авчирлаа” гэж шингэн дуугаар хэлжээ.
Ингэж хэлэхдээ чоно урд хөлөө цонхон дээр тавьчихсан байсныг нь ишигнүүд олоод харчихжээ. Тэгээд тэд:
- Хаалгаа бид нээхгүй ээ. Хайртай ээж минь цагаахан хөлтэй. Харин та бол хар саарал хөлтэй, хатуу сэтгэлт чоно байна шүү дээ гэж майлалдаж гэнэ. “За гайгүй ээ, та нарыг залгихдаа л нэг залгина” гэж чоно үглэсээр өвгөн талхчныд очжээ. Тэгээд талхчинд:
- Ёох ёох. Би хөлөө гэмтээчихлээ. Алив зуурсан гурил хурдхан шиг түрхээдэх гэжээ.
Өвгөн талхчин зуурсан гурилыг чонын хөлөнд зузаан гэгч нь түрхэж өгчээ.
Дараа нь чоно тээрэмчин дээр очоод:
- Хөлөн дээр минь хуурай гурил цацаадах гэв.
Тээрэмчин “Хэзээний энэ зальтай амьтан хэн нэгнийг мэхлэх л гэж байна дээ” гэж бодоод “Үгүй ээ, чадахгүй” гэж гэнэ.
“Алив хурдал. Шанага гурилаа харамлаад байвал чамайг ч гэсэн иднэ шүү” гэж чоно сүрдүүлэхэд тээрэмчин айсандаа шанага гурилаа санд мэнд цацаж өгөөд явуулжээ.

Гайхал саарал гурав дахь удаагаа ирж хаалгыг нь тог тог тогшоод:
“Энхрий үрс минь хаалгаа нээ. Ээж нь та нартаа дэлэн дүүрэн сүү, сагс дүүрэн яргуйтай ирлээ” гэж энхрий ялдам дуугаар хэлжээ.
“Эхлээд бидэнд хөлөө үзүүл. Ээж минь мөн эсэхийг мэдье” гэж ишигнүүд майлалдаж гэнэ. Чоно хөлөө цонхон дээр тавихад хөл нь цагаан харагдаж гэнэ. Ишигнүүд ээжийгээ гэж итгээд үүдээ нээжээ.
Гэтэл хэн орж ирсэн гэж бодно. Араа шүд нь ярзайсан, жартгай саарал чоно байлаа. Ишигнүүд сүнсээ зайлтал айж нэг нь ширээн доогуур, хоёр дахь нь орон доогуур, гурав дахь нь пийшин дотор, дөрөв дэх нь тогооны саванд, тав дахь нь шүүгээнд, зургаа дахь нь угаалтуур дотор, долоо дахь нь ханын цагны гэрэн дотор харайн орж нуугдацгаалаа. Чоно тэднийг хүүе хаая гэхийн зуургүй олоод нэг нэгээр нь залгиж орхилоо. Харин хамгийн жижиг ишиг нь цагны гэрэнд нуугдсаныг чоно анзааралгүй орхижээ. Ховдог саарал чоно гэдсээ дааж ядан алхсаар гэрээс гарч, нэгэн модны ёроолд хэвтээд, хахир муухай дуугаар хурхиран унтаж гэнэ.

Тэгтэл удалгүй энхрийхэн ишигнүүддээ яаран, шовор шовор шогшсоор эх ямаа иржээ. Хөөрхий ямаа гэтэл юутай учирсан гээч. Хаалга үүд нь дэлгэгдэж, хамаг ширээ сандал нь яйжийж хэмхрээд, сав суулга, ор дэр нь шалаар нэг хөглөрчихсөн байх юм гэнэ.
Ишигнүүдээ ямаа эрээд хайгаад олсонгүй. Нэр зүсээр нь дуудавч нэг ч хариу алга гэнэ. Харин тэгтэл хамгийн бага ишиг нь “Хайрт ижий минь би цагны гэрэн дотор байна” хэмээн дуулдах төдий майлжээ. Ээж нь түүнийг гаргаж автал айсандаа бүр бөмбөлзтөл чичирч, бөмбөртөл уйлаад “Аймшигт чоно, ах эгч нарыг маань цөмийг нь залгичихсан” гэж хэлжээ.
Хөөрхий эх нь тэднийхээ хойноос хичнээн их уйлж харууссан гэж санана. Түүнийг гашуудан уйлсаар гадагш гарахад бяцхан ишиг нь араас нь дагажээ. Ямаа гэрээсээ гараад ойролцоох модны ёроолд нэгэн бүдүүн саарал юм хэвтэж байхыг олж харжээ. Ойртон очвол нэг чоно модны ёроолд хэвтээд мөчир чичиртэл хурхиран унтаж байна гэнэ. Сайн ажиглавал түүний голийж цүдийсэн гэдсэн дотор нь ямар нэг юм хөдлөх ажээ. “Тэнгэр минь, хүүхдүүд маань амьд байгаа юм биш үү? гэсэн бодол ямаанд төрж ишгээ гэр лүүгээ гүйлгэж усас, зүү, хутга авчруулжээ. Тэгээд ухаангүй унтаж буй чонын гэдсийг зүсэж орхитол нэг ишигний толгой цухуйлаа гэнэ. Гэдсийг нь бүр том зүстэл зургаан ишиг нь ар араасаа цувран гарч иржээ. Хомхой чоно сувдаглахдаа хөөрхий тэднийг бүхэл бүхлээр нь залгисан нь харин ч аз шүү. Ишигнүүд хайртай ээжээ тэврэн үнсэж, халуун энгэрт нь эрхлэн наадаж, баярлан дэвхцэж гэнэ. Энхрий хонгор үрстэйгээ эсэн мэнд уулзсандаа баярласан ямаа нулимсаа арчаад:
- Алив хүүхдүүд минь, чулуу түүгээд ир. Аймшигтай энэ араатанг сэрэхээс нь өмнө гэдсэнд нь чулуу чихээд оёчихьё гэжээ.
Ишигнүүд ч яах ийхийн зуургүй баахан чулуу түүж ирээд чонын гэдсэнд багтах чинээгээр нь чихжээ. Ямаа гэдсийг нь оёж байхад чоно яраглан зүүдэлсээр л унтаж байв гэнэ. Унтаж унтаж нойр нь ханасан чоно босоод иржээ. Гэдсээр нь дүүрэн чулуу байгаа болохоор ам нь их цангасан байж гэнэ. Чоно ус уухаар худаг руу явлаа. Түүний алхах тоолонд гэдсэн дэх чулуунууд нь харшилдан мөргөлдөж хөл нь гуйвалж байжээ.
Тэр худаг руу очих замдаа,
“Ходоод гэдсэн дотор маань
Харшин дуугарах нь юу вэ?
Зургаан ишиг гэж бодсон чинь
Чулуу шив дээ, ээ чааваас гэж” үглэн үглэн явж гэнэ.
Тэгээд чоно худгийн дэргэд очоод ус уухаар тонгойтол гэдсэн дэх хүнд чулуундаа татагдан худагт унажээ.
Ишигнүүд түүнийг очиж үзээд:
- Чоно үхчихжээ. Чоно үхчихжээ хэмээн баярлан майлалдаж ээжтэйгээ худаг тойрон бүжиглэж баясан хөгжилдөцгөөжээ. Ингээд эрх танхил долоон ишиг ээжтэйгээ хамт айх аюулгүй амар сайхан жаргаж гэнэ.


Цааш нь...

Ах дүү Гримм

ХVIII Зууны сүүлээр есөн хүүхэдтэй германы нэгэн өнөр гэр бүлд ах дүү хоёр Гримм төржээ. Эхээсээ ердөө жилийн зайтай төрж, тэрсхэн өссөн ах дүү хоёр тун ч ойр дотно байсан аж. Тэд ах дүү төдийгүй үй зайгүй дотны найзууд байсан тул бүхий л зүйлийг эхнээс нь дуустал сэтгэл нийлэн хамтдаа хийж, хаана ч байсан хамтдаа явдаг байжээ.
Тэртээ хоёр зууны өмнө телевиз, радио хоёрын аль нь ч сураггүй байхад хүмүүс өвлийн урт шөнийг дулаан гэртээ зуухныхаа хажууд тухлан суугаад үлгэр ярин өнгөрүүлдэг байжээ. 1800 оны эхээр ах дүү хоёр Гримм айл хунараар явж, ардын үлгэрийг яриулан тэмдэглэж авснаар хожим “Ах дүү Гриммийн үлгэрүүд” хэмээн алдаршжээ. Тэдний үлгэрүүд хэлнээс хэл дамжин товчлогдсоор, бас баяжсаар, өнгө аяс нь өөрчлөгдсөөр урт богино олон янзын хувилбартай, өөр өөр үлгэр мэт болжээ. Ах дүү Гриммүүд герман үндэстний 86 шидэт үлгэрээс бүрдсэн анхны номоо 1812 онд хэвлүүлж байсан түүхтэй.
Багаасаа үлгэр цуглуулж, ардын аман зохиол сонирхож эхэлсэн нь тэднийг ирээдүйд нэрт эрдэмтэд болоход нөлөөлжээ.


Цааш нь...