Сайн морь буг болно.

Урьд нэг данжаад хүний сайн морийг өрөндөө булааж аваад явж байжээ. Тэгтэл нутгийн нэг сайн эр уул морийг буцаан авахаар шийдэж гэнэ. Тэгээд тэр хүн данжаадын хөтлөж яваа морины хазаарыг сэм мултлаж өөрөө хазаарыг толгойдоо углачихаад байж.
Нэлээд явсны дараа хазаарын цулбуураас чангаахад үүрэглэж явсан данжаад сэрээд эргэж харвал хөтлөж явсан морины нь оронд нүцгэн хүн явж байсанд учиргүй айн ум хумгүй зугтжээ. Тэгээд эргэж харахад нь нөгөө хүн морь мэт ялаархан толгой хаялж зогссоныг ихэд гайхан “Хааяа сайн морь буг болно” гэсэн гэдэг.


Цааш нь...

Нэрэлхүү зан

Урьд хөдөөгийн нэг баян хүн хотод ирээд улаан лууван худалдан авч их л амтархан идэж гэнэ.
Тэр хүн дараагийн жил бас хотод аялан ирээд яаран, нэг дэлгүүрт ормогц улаан лааг хуруугаар зааж худалдан аваад идэв.
Тэгэхлээр нь дэргэдэх нөхөд нь “Таны энэ чинь лууван биш улаан лаа байна шүү дээ” гэлээ.
Тэгэхэд тэр баян хүн их уурлаж “Баян хүн мөнгөөрөө луувангаа ч авч ид лаагаа ч авч ид, та нарт юуны хамаа байсан юм бэ?” гэж нөгөө лаагаа үмхлэж гарав гэнэ.


Цааш нь...

Нэг хар хоньтой гурван хүн

Урьд цагт нэг нь дэрсэн хөлтэй, нэг нь хялгасан хоолойтой, нэг нь өндгөн толгойтой ийм гурван хүн байж гэнэ. Нэг хар хоньтой юм гэнэ. Гэтэл нэг хар хонио нэг нэг өшиглөөд алчихаж гэнэ. Тэгээд дэрсэн хөлт нь хар хониныхоо сэвсийг асгах гэж яваад дэрсэн хөлөө хугалаад үхэв. Хялгасан хоолойт нь нэг бөөн мах үмхээд хахаад үхэв. Өндгөн толгойт нь “Хар хониныхоо махыг ганцаараа иддэг” гэж баярлаад бурхандаа мөргөсөн чинь өндгөн толгойгоо хага мөргөөд үхэв гэнэ.


Цааш нь...

Шунаг бадарчин

Урьд нэг бадарчин том үүргэндээ түүртэж ядраад, амарч суутал намрын сайхан үс гүйцсэн хазгар туулай дэргэдүүр нь гарав.
Бадарчин ухасхийн түүнийг хөөж хариу ч үгүй гүйцэн алдаж явлаа. Тийнхүү ухаан жолоогүй туулайг хөөж явсаар, хэд хэдэн гүвээ давж халууцахдаа дээлээ тайлж хаяад хөөсөн чинь туулайн сүүлний үс гарт өртөн алдаж явав гэнэ. ...
Ингэхэд нь бадарчин урамшиж хоёр гутлаа тайлж хаяад хөөсөн чинь бараг сүүлнээс нь шүүрэн алдаж шүүрэн алдаж явахлаар нь бас цамцаа тайлж хаячихаад хөөсөн чинь туулайн сүүлнээс барьж алдаж барьж алдаж явав гэнэ. Гэвч бадарчин маш их ядарсан тул цааш явж чадахаа байжээ. Тэгээд буцаад явах гэтэл хаашаа хэдэн даваа гүвээ өнгөрч аль жалга гуугаар орсноо бадарчин гуай ч санахаа байсан байна гэнэ.
Нэг мэдэхэд аль хэдийн харанхуй болж, баруун хойноос жихүүн салхи сэвэлзэж, бүдүүн ширхэгтэй цас хаялж цасан шамарга оров.
Туулайд шунасан бадарчин гэнэт мэдээ орж дээл гутлын зүг явах гэтэл нүүр нүдгүй шавж байгаа цасан шамарганд төөрч хөөрхий бадарчин хөлдөж үхэв гэнэ. Харин хэдэн хоногийн дараа туулай бадарчингийн өвийг цуглуулж аваад сууж байтал нэг хэрээ ирээд “Туулай хүүгээр сонин юу байна? Чи яасан их юмтай болчихов?” гэв.
Туулай “За яахав дээ! Нэг бадарчингийн өв дээр сууж л байна. Чам шиг амьтан харганан дээр суугаад маани тоолж суухад энэ л дээр байх” гээд бадарчингийн шар модон эрихийг авч өгсөнд хэрээ баярлан хүзүүндээ зүүгээд нисэв. Хэрээний дараа чоно ирж мөн туулайгаас юм гуйлаа. Туулай “Чам шиг амьтанд энэ л дээр байх, үүнийг өмсөөд айлын хотонд ороход ер чимээ анир гаргахгүй сайн юм байх ёстой” гээд оймс гутлыг авч өгсөнд чоно баясан аваад явжээ. Дараа нь нэг бар ирж туулайнаас бас юм гуйсанд туулай “За танд энэ л дээр байх даа. Хүүхдээ төрөхөөр үүгээр саатуулж байгаарай” гэж бадарчингийн хэнгэрэг цанг өгч гэнэ.
Туулайн өгсөн бэлэг нь тэр гурван амьтанд тус бүрд нь гай болж, хэрээ модон дээр сууж байгаад нисэх гээд эрихээр модонд өлгөгдөж үхэв. Чоно гутлыг өмсөж айлын хотонд ороод цохиулчихав гэнэ.
Барын зулзага дөжирч мангууртлаа хэнгэрэг цан цохиж байгаад анчинд мэдэгдэж алуулчихав гэнээ.


Цааш нь...

Утгууры нь авсан уу?

Нэлээд хөрөнгөжиж байгаа нэгэн айлд хоёр бадарчин иржээ. Айрагны үнэр гэр дүүрэн сэнгэнэээд алжааж яваа хоёрын хорхой баахан хүрч суужээ. Гэтэл гэрийнхэн айрагнаасаа өгөх шинж ер үгүй бололтой, хорссон хоёр бадарчин хол гарч арга зохион, хөлийн чимээ тасарч хүн амьтан унтсан хойно ирж хөхүүртэй айргийг нь аван хөдөө гарч сайн ууж авахаар тохирчээ. ...
Ингээд харанхуй шөнө хамаг амьтан нойрон дунд нэг нь хөл нүцгэн хөхүүртэй айрганд нь гэтсээр орж нөгөө нь тосч авахаар гадаа нь үлджээ. Айлын хүүхэн нөхөртөө их эрх гэдэг нь яах аргагүй, шөнө шээхэд нь нөхөр нь тэвэрч гаргадаг юмсанжээ. Гэтэл яг энэ үеэр тэр нь таарч үүдээ онгойлгоод эхнэрээ тэвэрсээр гартал гадна нь байсан бадарчин “Утгууры нь авсан уу?” гээд тостол нөхөр нь цочсондоо болж эхнэрээ босгон дээрээ ууцаар нь унагаж гэмтээсэн гэдэг.


Цааш нь...

Өнхрүүш(Орос)

Өвгөн эмгэн хоёр амьдран суудаг байжээ. Өвгөн нэг өдөр:
-Эмгээн өнхрүүш боов хийгээч гэхэд эмгэн нь:
-Гурил байхгүй юугаар хийх билээ дээ.
-Ээ эмгэн минь авдрын ёроол шавхавал атга гурил гарна. Савны ёроол шавхвал шанага гурил гарна.
Эмгэн авдрынхаа ёроолоос атга гурил, савныхаа ёроолоос шанага гурил олоод өрөмтэй сүүгээр зуурч өнхрүүлж элдэж хийгээд өтгөн тосонд хайрч өнхрүүш боов хийгээд хөргөөх гээд цонхон дээрээ тавьжээ... Гэтэл өнхрүүш боов гэнэтхэн хөдлөөд цонхноос тавцан дээр, тавцангаас шалан дээр буугаад хаалгаар гаран хашаагаар дамжин зугтжээ. Түүнийг замаар өнхөрч явтал туулай тааралдаад:
-Ямар сайхан боов бэ. Одоо чамайг иднэ дээ.
-Дэлдэн туулай минь намайг бүү идээч. Би чамд дуу дуулж өгье.
Авдрын ёроолоос авсан
атга гурилаар хийсэн,
савны ёроолоос авсан
шанага гурилаар хийсэн,
өрөмтэй сүүгээр зуурсан,
өтгөн тосонд чанасан,
өвгөн эмгэн хоёроос
өөрийн чадлаар зугтаасан,
дэлдэн туулай чамаас
дэгдэн зайлж чадна гээд өнхрөн явтал чонотой тааралджээ.

-Өнхрүүш боов чамайг одоо би иднэ дээ.
-Чоно гуай чоно гуай намайг бүү идээч би танд дуу дуулж өгье.

Авдрын ёроолоос авсан
атга гурилаар хийсэн,
савны ёроолоос авсан
шанага гурилаар хийсэн,
өрөмтэй сүүгээр зуурсан,
өтгөн тосонд чанасан,
өвгөн эмгэн хоёроос
өөрийн чадлаар зугтаасан,
дэлдэн туулайг тааралдахад
дэгдэн зайлж чадсан
өлөн чоно чамаас
өнхрөн зугтаж чадна гээд өнхрөн явтал баавгай тааралджээ.
Ямар сайхан боов бэ? Яг одоо иднэ дээ.

-Баавгай ахаа та намайг бүү идээч. Би танд дуу дуулж өгье.

Авдрын ёроолоос авсан
атга гурилаар хийсэн,
савны ёроолоос авсан
шанага гурилаар хийсэн,
өрөмтэй сүүгээр зуурсан,
өтгөн тосонд чанасан,
өвгөн эмгэн хоёроос
өөрийн чадлаар зугтаасан,
дэлдэн туулайг тааралдахад
дэгдэн зайлж чадсан
өлөн чоно чамаас
өнхрөн зугтаж чадсан
майга маахай чамаас
магад зугтаж чадна гээд өнхрөн одоход баавгай барааг нь хараад хоцорчээ.
Түүнийг цаашаа явж байтал зальт шар үнэг тааралдав.
-Амттай сайхан боов байна. Алив одоо идье.
-Үнэг эгч минь намайг идээд яах вэ. Үнэхээр сайхан дуу дуулж өгье.
Авдрын ёроолоос авсан,
Атга гурилаар хийсэн,
Савны ёроолоос авсан
Шанага гурилаар хийсэн,
өрөмтэй сүүгээр зуурсан,
өтгөн тосонд чанасан,
өвгөн эмгэн хоёроос
өөрийн чадлаар зугтаасан,
дэлдэн туулайг тааралдахад
дэгдэн зугтаж чадсан,
өлөн чонотой учирсан ч
өнхрөн зайлж амжсан,
майга баавгай тааралдахад
мадаггүй зугтаж чадсан,
зальт үнэг чамаас
зайлж бас чадна гээд өнхрөн одох гэтэл зальт шар үнэг:
-Ямар сайхан дуу вэ? Даанч эгч нь нас хөгшрөөд чих хатуутай болсон тул сайн сонсож чадсангүй. Алив чи хоншоор дээр минь гараад ахиад нэг дуулаад өгөөч гэхэд өнхрүүш хоншоор дээр нь үсрэн гараад нөгөө дуугаа дуулж дуустал үнэг түүнийг ганцхан хм гээд идчихжээ.


Цааш нь...

Манжин(Орос)

Өвгөн нэг удаа манжин тарьжээ. Томоос том манжин ургажээ. Өвгөн манжингаа сугалах гэж татаад татаад дийлсэнгүй.
Өвгөн эмгэнээ дуудав. Эмгэн ирж өвгөнийхөө араас бариад хоёулаа нийлж татаад татаад бас л сугалж чадсангүй гэнэ. Эмгэн ач охиноо дуудав. Ач охин эмээгээсээ, эмгэн өвгөнөөсөө өвгөн манжингаасаа барьж татаад татаад дийлсэнгүй. Ач охин нь нохойгоо дууджээ. ...Нохой ач охины хормойноос зууж, ач охин эмээгээсээ, эмгэн өвгөнөөсөө, өвгөн манжингаасаа барьж татаад татаад манжингаа сугалж чадсангүй. Нохой нь муураа дууджээ. Муур нь нохойныхоо сүүлнээс, нохой ач охины хормойноос зууж, ач охин эмээгийнхээ араас тэвэрч, эмгэн өвгөнийхөө араас барьж, харин өвгөн манжингаасаа татсан боловч бас л дийлсэнгүй.
Муур нь хулганаа дууджээ. Хулгана гүйж ирээд муурынхаа араас, муур нохойноос, нохой ач охиноос, ач охин эмгэнээс эмгэн өвгөнөөсөө, өвгөн манжингаасаа барьж бүгдээрээ хүчээ нийлүүлэн татаад манжингаа газраас суга татан гаргаж чаджээ.


Цааш нь...

Лхаарамба гуай

Урьд Нямсүрэн лхаарамба гэгч “Туулж төгссөн нэрт эрдэмтэн” гэж алдаршсаар их хүрээнд орж ирээд нэг өдөр Батцагаан дуганд олон лам нарын хурал хурж байхыг шагайж хараад “Энэ олон үхэр юу гэж мөөрөлдөж байгаа юм бол доо!” гэв.
Гэтэл нэг бага хүүхэд “Ижил буруу үхэр хараад мөөрөлдөж байна шүү дээ” гэсэнд нөгөө лхаарамба цаашаа явлаа.
Удалгүй нэг ном хуйлж барьсан банди лхаарамбатай дайралдав. Лхаарамба гуай тэр бандид “Ном хуйлж болохгүй, хойт насандаа могой болж төрнө шүү” гэжээ.
Нөгөө банди “Аа тийм үү? Тэгвэл дүнчүүр маанийн хүрд бүтээсэн хүн бас л бүдүүн могой болж төрөх байгаа даа” гэв. ...
Лхаарамба юу ч хэлэлгүй цааш явжээ. Мөн лхаарамба хөдөө гарч явсаар нэг айлд ортол эмгэн нэг адсагыг “Ум аа хум” гэж сэгсрээд дэвсч өгсөнд лхаарамба “Таны энэ ум аа хум дээр би сууж чадахгүй” гэв.
Эмгэн “Хамсум хорвоо ум аа хум! Одоо ламтан хаа морилон суух бол” гэсэнд лхаарамба арга барагдан нөгөө адсага дээр суун давагдав гэнэ.



Цааш нь...

Нутаг санагдана

Эрт урьд баруун газраас ирсэн түвд панзач нэг айлд хонох болжээ. Тэр айл томоохон хийсэн банш хоноцдоо чанаж өгсөнд урьд өмнө нь ийм банш идэж үзээгүй панзач нэг баншийг бүхлээр нь үмхсэн чинь ам нь халж гаргаяа гаргаж чадахгүй, залгияа залгиж чадахгүй дэмий л сандран нүднээсээ нулимс асгаруулан байжээ.
Ингэхлээр нь гэрийн эзэн “Хүүе, та яаж байна. Та яаж байна?” гэсэнд панзчин:
“Зүгээр зүгээр, банш идэхлээр баруун газрын нутаг санагдаж нулимс гарах юм даа” гээд санаа алдан нулимсаа хээв нэг арчиж суухад нь “Ээ хөөрхий! Танай нутаг халуун ч байх даа” гэж гэрийн эзний хэлсэнд панзач “Тийм ээ, заримдаа пүү гэмээр халуун ч байна” гээд үлээхэд гэрийн доторхи хүмүүс цөм жиг жуг инээлдэж гэнэ.


Цааш нь...

Уран Гомбожав

Урьд уран Гомбожав нэгэн харамч баян айлд эсгий гэрийн нэг сайхан хаалга хийж өгөх болжээ. Тэр баян айл уран Гомбожавтай хаалга хийлгэхээр хэлэлцэхдээ “Үнэ хайргүй, харин сайхан хийсэн байх ёстой” гэжээ.
Гэтэл тэр баян айл уран Гомбожавт нэг шүдлэн хонь хүргүүлж “Манайх хэдэн хоногоос нүүж бууна. Энэ нүүдлээр хаалгаа барих гэж бодож байгаа тул уг хаалгыг өгч явуулна уу” гэсэн юмсанжээ.
Уран Гомбожав тэр хаалгыг нь хийж гүйцээд байсан боловч “Маргааш ав” гээд өгсөнгүй. Маргааш нь уран Гомбожав хаалгыг урьд бас захиж хийлгэсэн ёсоор хоёр домбын хамт баян айлд явуулжээ. ...
Баян айл шинэ нутаг дээр буухдаа хаалгаа бариад их л баясч байв гэнэ. Гэтэл нөгөө хаалгыг хаах онгойлгох бүр “Уран Гомбожавын хийсэн хаалга үнэ нь арай багадсан юм” гэж дуугараад байв гэнэ.
Цай чанаад хоёр домбонд уудлажээ. Домботой цайнаас аягалахад нь “Боль, боль” гэж дуугараад ер аяга дүүрч өгөхгүй харамчийг илтгэж байв гэнэ.


Цааш нь...

Өдөт суман утаа харважээ

Урьд нэг айл хүүхдийнхээ даахийг авч найр хийжээ. Тэр нутгийн нэг өвгөн их урт сахалтай хүн байсан юм байжээ. Сахалд нь цагаан будаа наалдчихаад байсан юм байжээ. Түүнийг мэдэлгүй сууж байхад нь нэг залуу ирээд сахлын нь будааг хараад
“Өдөт суманд
Утаа харважээ!” гэж хэлжээ. Өвгөн учрыг мэдээд сахлаа арчжээ.
Тэр найр дээр ноён нь байсан юм байжээ. Ноён “Энэ залуу яасан сүрхий үг хэлэв. Би ч бас хиагийнхаа цэцнийг үзүүлье байз” гэж сэтгэн цагаан будаа сахалдаа наагаад нүдээ ирмэсхийж хиадаа дохио өгсөнд хиа нь:
“Ятууны хошногонд
Чацга наалдчихлаа!” гээд ноёноо олны өмнө түлэх нь тэрээ!


Цааш нь...

Нэг төө өвгөн

Эрт урьд цагт нэг төө биетэй хоёр төө сахалтай нэг өвгөн байжээ. Тэр хүн хөрөнгө болох бөөсөн бяруутай, хуурсан нохойтой, дэрсэн тэрэгтэй юмсанжээ. Бөөсөн бяруугаа бөн бөн хийлгэж хуурсан нохойгоо хав хав хийлгэн дэрсэн тэргээ хар хар хийлгээд явж байжээ. Өвгөн явж байтал нэг гүвээн дээгүүр гартал нэг могой тохиолдон түүнийг эр хүнд олз гэж аваад дэрсэн тэргэн дээрээ хаячихаад цааш явтал нэг айлын нутаг тааралджээ. ...
Тэнд очсон чинь нэг шивээ, нэг муу тэвнэ, нэг шувууны долоон өндөг, нэг муу төмөр муна байсныг аваад цааш явж байтал мангасын өндөр хар овоохой дайралдаж гэнэ. Мангас нь эзгүй байна гэнэ. Төө өвгөн орж хоол унднаас нь идэж уучихаад мангасыг хорлох гэж тэвнээ орон дээр нь хатгаж, айраг руу нь могойгоо хийж нурман дотор нь өндгөө булж шивээгээ цаваг өөд нь хийж төмөр мунаа тотго дээр нь тавьж орхиод дэрсэн тэргээ нуужээ. Өөрөө бараан дотор нь ороод хэвтэж байжээ. Харанхуй шөнө мангас гэртээ хүрч ирээд цаваг өөдөө ташуураа хийх гэтэл шивээ хатгаж орон дээрээ суух хэмээтэл тэвнэ хатгаж, айрагнаасаа уух хэмээтэл могой хатгажээ. “Галаа ноцоож гэрэл гаргая, ер нь юу болж байна?” хэмээгээд нурмыг хутгатал өндөг хагарч нүдийг нь сохложээ. “Ингэж гэрт үхсэнээс гадаа гарч үхье” гээд ухасхийтэл төмөр муна унаж толгойг нь бяц цохиж алжээ. Түүнийг өнөө өвгөн үзээд “Тийм том мангасыг ийм жижигхэн хүн алчих гэж байх уу?” гэж онгирон хөхөрсөөр байгаад ээрч элэг нь хөшөөд үхчихжээ.


Цааш нь...

Мэргэн ноёны зарлигаар бяруу ч үгүй, ваар ч үгүй болов.

Ууртай догшин ноёны толгой алга болсны дараа хоёр дахь ноён нь ширээнд сууж хамаг олон нь түүнийг “Ухаантай уужим сэтгэлтэй хүн” гэж урьд хожидгүй магтах болж гэнэ. Ингээд ноёноосоо юм бүхнийг асууж шийддэг болж гэнээ. Нэг өдөр ноёны мэргэн түшмэд ноёнд бараалхан ирээд ийн асуужээ:
“Манайх нэг эрх танхи хүүтэй юмсаан. Түүнийгээ ажил хийлгэж сургахаар нэг үхэрчнийг дагалдуулан явуулж ганц бяруугаа хариулгасан юмаа. Нөгөөх маань бяруугаа услахыг мартаад хичнээн ч хоносон юм бэ? Бүү мэд? ...
Бяруугаа услана гэхлээр нь би “Ваартай усаа тавиад өгчих” гэсэн юм. Тэгтэл цангасан бяруу ваартай усыг уухдаа толгойгоо дотор нь хийчихжээ. Тэгээд яаж бяруу ваар хоёроо амьд мэнд салгаж авахыг гайхаж цөхөрлөө ноёнтон минь? Нэгэн мэргэн арга айлдаж хайрлана уу” гэхэд ноёнтон нь ийн айлдруун:
“За тийм бол бяруу ваар хоёрын заагаар бялуу сүхээр цавчвал хоёулаа амьд мэнд гарна” гэж айлдаж гэнэ.
Түшмэл очоод бялуу сүхээр цавчаад орхисон чинь ваарны дотор бярууны толгой тор хийтэл унаад үлдчихэж гэнэ. Тэгэхэд нь бяруу ч нэгэнт өнгөрсөн болохоор одоо ваарнаасаа бярууны толгойг яаж гаргахаа олж ядаад мэргэн ноёноосоо дахин ирж асуусанд ноён нь бас ийм зарлиг буулгав.
“Ваараа балт сүхээрээ балбаж орхивол чинь аль аль нь амьд мэнд сална” гэж гэнэ. Мэргэн түшмэл нь тэр ёсоор ваараа балт сүхээр балбатал ваар нь хагараад дотроос нь бярууны бас бяцарчихсан гарч ирж гэнэ. Ингээд бяруу ч үгүй ваар ч үгүй болоод мэргэн ноёндоо очиж ийн өгүүлрүүн:
“Мэргэн ноёнтоон! Таны зарлигаар би ваар, бяруу хоёроо амьд мэнд салгаж авах ёстой байтал хоёулаа авах танаггүй болоод бяруу ч үгүй, ваар ч үгүй боллоо. Яагаад ингэснийг мэдэхээ байлаа” гэсэнд мэргэн ноён нь
“Би биеэрээ очиж үзье” гэж гэнэ.
Мэргэн ноёнтон морилон очиж үзээд “Та нар бяруу гэж надад хэлсэн, тэгтэл чинь үхэр байсан байна шүү дээ” гэж гэнээ. Тэгэхэд нь нөгөөдүүл нь:
“Аа! Тийм байсан байлгүй. Манай мэргэн ноён буруудах учиргүй” гэж ярилцаад уг хэрэг дуусч гэнэ.


Цааш нь...