Хүрэлдэй

Эрт урьд цагт нэг хархүү байлдаанаас буцаж явжээ. Түүний нэрийг Хүрэлдэй гэдэг аж. Хүрэлдэйг явж байтал замд нь тогоотой ус шиг мэлтэлзэх мөртөө гялгар юм дайралджээ. “Юу юм бол?” гэж бодон очтол үй түмэн хорхойн* цуглаан болж байжээ. “Могойн цуглаантай дайралдвал мориноос бууж гурав мөргөдөг юм билээ?” гэж Хүрэлдэй бууж тэр олон хорхойн өмнө мөргөжээ. ... Гэтэл тэр олон урт хорхойн дундаас ганц шүрэн эвэртэй хорхой гарч ирээд биеий нь гурав эргэж эврээ хормой дээр нь унагаачихаад буцжээ. Хүрэлдэй түүнийг хадагт нямбайлан боож цаашаа явж байтал нэг хорхой хойноос нь “Хүүе, хүүе” гэж дууджээ. Эргэж ирэхэд нь “Чи хормойгоо тос” гэжээ. Хүрэлдэй хормойгоо тосвол амнаасаа нэг цагаан юм гаргаад “Үүнийг ид” гэжээ. Түүнийг Хүрэлдэй бүхлээр нь залгичихаад цаашаа явжээ. Тэр цагаан юм нь эрдэнэ байжээ. Тэгэхдээ амьтан болгоны хэлийг мэдүүлдэг эрдэнэ байжээ. Хүрэлдэй амьтан бүгдийн хэлийг мэддэг болжээ. Тэгээд замдаа нэг айлд хонож тэр айл нь хонь гаргаж өгчээ. Тэгэхэд нь нохой хуцаад чоно улиад байжээ. Хүрэлдэй түүнийг чагнавал “Хоноцынхоо хоёр морийг над өгөөч” гэхэд нохой “Манайх хоноцдоо хонь гаргасан, ууцнаас нь над өгвөл би хоёр морийг нь өгөхгүй, ууцы нь өгөхгүй бол хоёр морий нь өгнө" гэж хуцаж байв гэнэ. Ингэж байтал мах болж ууцаа тэр айл Хүрэлдэйд тавьжээ. Гэтэл нохой шуугиад гэрт ороод ирж. Хүрэлдэй ууцаа огтлох гээд унагаатал нохой нь зуугаад явжээ. “За боллоо” гэж боджээ. Гэрийн эзэн “Яах билээ?” гэж дуу алдахад “Зүгээр зүгээр” гэжээ. Нохой гараад хуцахдаа “Хоноц маань хонины ууцнаас над өгсөн. Хоёр морий нь чамд өгөхгүй” гэж хуцахад чоно чимээгүй болжээ. Тэгээд шөнө тэр айлын хоттой хонинд чоно орж хонь үргэн алга болоход Хүрэлдэй босч шөнөжин явсаар хонийг олж өглөө ирэхдээ тэр олон хонины хамгийн сүүлд яваа цахлайтсан жижиг төлөг “Мянган хонины хишгийг даахгүй нь ээ” гэж майлж явжээ. Өглөө айлын хонийг авчирч өгтөл “Ямар сайн хүн бэ? Та юу авах вэ?” гэж асуужээ. “Мянган хонины хишгийг даахгүй нь ээ” гэж майлж явсан нөгөө төлгийг “Авья” гэсэнд нохой нь ирээд тэр төлөгний сүүлий нь тасдаад идчихжээ. Тэгээд Хүрэлдэй гэртээ ирээд хүүхэнтэйгээ сайн сайхан амьдарчээ. Нэг өдөр хүүхэнтэйгээ хэрэлдээд салахаар болж хүргэж өгөхөөр азаргаа барьж уяад гэртээ орох гэж явтал адууны хашааны шон дээр нэг шаазгай суучихаад “Хүрэлдэй хүү минь азаргаараа хүүхнээ хүргэж өгөх нь дээ. Энэ нь хоосрохийн дохио болох нь” гэжээ. Тэгэхлээр нь Хүрэлдэй азаргаа тавьчихаад гэртээ ороод хүүхэндээ “Чи явах юм бол би хүргэж өгч чадахгүй” гэж эвлэгхэн хэлжээ. Ингэж хүүхэн ч явсангүй. Хоёулаа эвлэж урьдын адил амар сайхан амьдарчээ.

*могойг зарим нутагт 'хорхой', 'урт хорхой' гэдэг.


Цааш нь...

Ухаантай хүү

Эрт урьд цагт эмгэн өвгөн хоёр аж төрөн суудаг байж гэнэ. Долоон сайн хүүхэдтэй, зургаан улаан үнээтэй юмсанжээ. Өвгөн эмгэн хоёр насан өндөр болсон учир долоон хүүгээ “долоон тийшээ явж амь зуу” гэж хэлж гэнэ. Тэгээд зургаан хүүдээ зургаан улаан үнээгээ өгөөд хамгийн бага хүүдээ мод хагалдаг сүхээ өгөөд,
- Миний хүү ой модонд очиж амиа тэжээ гэж хэлж гэнэ. Тэгээд хүү ойд явж байтал хоёр талын зэрэгцээ модон дээр хоёр хон хэрээ суугаад нэг нь нөгөөгөөсөө ингэж асууж ... байна гэнэ. - Энэ хүүхэд юу хийж яваа юм бол? гэсэнд,
- Энэ хүү яван явсаар цагаан санаат ноёны хүү болох юм байна билээ? гэж нөгөө нь хэлжээ. Тэгээд тэр шувууны үгийг сайн дуулж аваад цааш явж байтал оосор бүчгүй орд цагаан өргөө байна гэнэ. Ороод очсон чинь өвгөн эмгэн хоёр сууж байжээ. Өвгөн хүүгээс,
- Нүүрэндээ галтай, нүдэндээ цогтой, зориг золбоотой жаахан эр хэт нутаг хаа вэ? Хэрэг зориг хэнд вэ?” гэж асуусанд,
- Хэт нутаг барууны баруун тивд, хэрэг зориг энд дээ. Бид ах дүү долуул байгаад аав ээж минь нас өндөр болсон учир бид амь зуулга эрж яваа гэж хэлж гэнэ.
- За тэгвэл хүү минь манай хүү болоорой гэжээ. Хүү ийнхүү цагаан санаат ноёны хүү болжээ. Гэтэл тэр нутагт их хар санаатай хаан байжээ. Хар санаат хаан арван сайн хүүтэй юм гэнэ. Цагаан санаат ноён арван сайхан охинтай юмсанжээ.
Хар санаат хаан нэг өдөр “Цагаан санаат ноён нэг сайн хүүтэй боллоо. Тэр хүүг үгүй хийхгүй бол эцэстээ хаан төр булаацалдах хүү” гэж боджээ. Тэгээд тэр хар санаат ноён нэг өдөр “Чи өнөө шөнө манай хатныг мана” гэж хүүд зарлиг буулгажээ. Гэтэл тэр хатныг манасан хүн шөнө болгон үхдэг юмсанжээ. Тэр хүү гэртээ ирж ноён аавдаа,
- Энэ хаан намайг өнөө шөнө хатнаа мана гэж зарлиг буулгав гэж хэлжээ. Ноён аав нь
- Ганц хүүгээсээ салах цаг болж гээд уйлж гаслаж гэнэ. Хүү шөнө хатны байдаг өргөөнд орж гэнэ. Тэр өргөөнд хоёр сандал байдаг байжээ. Орж ирсэн хүн заавал сандал дээр суух ёстой ажээ. Гэвч хүү хажууд нь суужээ. Хаалганы хоёр хатавчаар хүрэл зэс хоёр хошуу орж ирж гэнэ. Тэр хоёр хошуу хатны гэдэс рүү хатгаж орхисонд хатан орилж чарлаж гэнэ. Тэгээд сандал дээгүүр юм эрээд хүүгийн дэргэд ирвэл тэр хүү, тэр хүрэл зэс хоёр хошууг сүхээрээ цавчин унагааж гэнэ. Маргааш өглөө хүүг амьд байхыг эзэн хаан мэдээд “Чи өнөө шөнө таван өнгийн торго мана” гэж хэлжээ. Тэр торго манасан хүн гэртээ эргэж ирдэггүй юмсанжээ. Хүү гэртээ ирж ноён аавдаа хэлбээс аав нь мөн уйлж гаслаж гэнэ. “Би тэр торгыг нь манаад ирье” гээд хүү сүхээ аваад явжээ. Таван өнгийн солонго татдаг газрын цаад талд гараад хүү сууж гэнэ. Гэтэл хүзүүнээс нь таван өнгийн торго уясан хоёр нохой ноцолдоод ирж гэнэ. Хоёр нохойг сүхээрээ цавчиж унагаагаад өглөө нь эзэн хааны үүдэнд очиж,
- Та намайг таван өнгийн торго мана гэсэн биш тайган халтрын хоол болгох гэсэн байна гээд эзэн хааны босгонд хоёр нохойн толгойг хаяв гэнэ. Эзэн хаан “Энэ үхдэггүй яасан сүрхий хүүхэд вэ?” гэж хорсоод “Чи таван өнгийн торго олж ир” гэж дахин зарлиг болгов. Хүү ноён аавдаа хэлээд явжээ. Тэр хүү явсаар байгаад жиргэх шувууны чимээгүй газар очив. Гэтэл зам дээр нэгэн Хангарьд шувуу хавханд орсонтой тааралдав. Хавхнаас нь гаргаж тавьсанд “Би чамд нэг тус болно” гэж хэлээд явжээ. Цааш явж байтал оосор бүчгүй орд цагаан өргөө байж гэнэ. Хүрээд очсон чинь ногоон торгот хатан нохой хорьж өгч гэнэ. Цагаан торгот хатан юм оёод сууж байж гэнэ.
- Нүүрэндээ галтай, нүдэндээ цогтой зориг золбоотой жаахан эр хэт нутаг хаа вэ, хэрэг зориг хэнд вэ? Хэний хүү хэн гэгч вэ? гэж тэд асуусанд
- Бид ах дүү долуулаа байгаад аав ээж хоёр минь нас өндөр болсон. Тэгээд би амь зуулга хайж явсаар цагаан санаат ноёны хүү болов. Гэтэл манай тэр нутгийн хар санаат хаан намайг таван өнгийн торго олж ир гэлээ. Түүнийг эрж явна гэсэнд тэр хоёр,
- Бид хоёр бол дээд доод хоёр тивийн хоёр шулмас байсан. Хүн хорлодог хүрэл зэс хоёр хошууг чи авсан, ийм болохоор бид хоёр чиний эхнэр болно гэж хэлэв. Хүү,
- За яахав, та хоёр тэгж байгаа бол тэгье гээд ногоон торгот хатнаар зүүн гарын дагина, цагаан торгот хатнаар баруун гарын дагина болгож аваад цагаан заанд ачаагаа ачаад эргэн ирж явахыг хар санаат хаан мэдээд “Энэ чинь үхдэггүй яасан сүрхий хүү вэ?” гэж бүр ч хорон санаж “Одоо чи араатны хаанаас есөн эрдэнийн зандан ширээ авч ир” гэжээ. Хүү ноён аавдаа хэлээд аян замд гарч явсаар араатны хааны ордонд ирээд чонын суудал дээр сууж байтал бар, арслан, баавгай, чоно гээд бүх араатан хааныд ирж,
- Энэ юун хүн бэ? гэсэнд хүү,
- Ах дүү долуул байгаад аав ээж нас өндөр болсон. Тэгээд би цагаан санаат ноёны хүү болсон юм. Гэтэл хар санаат хаан намайг есөн эрдэнийн зандан ширээ авч ир гэж зарлиг болгов. Түүнийг олохоор явж байна гэж хэлэв.
- За яахав тэгвэл тэр ширээг аваад яв гэж баавгай ширээг зааж өгч гэнэ. Тэгээд хүү “Яаж авч явья даа” гэж байтал хангарьд нисэн ирж,
- Чи миний нуруун дээр суугаад яв гэж хэлээд ширээг шүүрэн авч нуруун дээрээ гаргаад,
- Энэ ширээн дээр суу гэв. Тэгээд тэр хүү хангарьд хөлөглөн хар санаат хааны гадаа ирээд,
- Авчрахыг би авчирлаа. Өргөж оруулахыг өөрсдөө мэд гээд эзэн хааны гадна буулгасанд эзэн хааны арван мянган залуу өргөөд даасангүй гэнэ. Эзэн хаан дахин зарлиг буулгаж,
- Чи утааны хар морь унаад хурмастын хаанд захиа хүргээд ир гэсэнд хүү,
- За гэжээ. Тэгээд гэртээ ирж хоёр хатандаа,
- Би одоо яасан ч давахгүй нь гэж гэнэ. Гэтэл тэр хоёр хатан,
- Чи энэ алтан хайрцгийг аваад яв. Зуун тэмээ харгана дээр зуун дөрвөлж хоргол асгаад дээр нь чамайг гаргаад доороос чинь гал өгнө, тэгэхлээр нь чи би гэртээ харьсан байх болтугай гээд алтан хайрцагны тагийг нээгээрэй гэв.
Тэгээд тэр хүүд алтан хайрцгаа өгөөд явуулж гэнэ. Хар санаат хаан зуун тэмээн харгана дээр зуун дөрвөлж хоргол асгаад түүн дээрээ хүүг гаргаад доороос нь гал түлж гэнэ. Галын дөл бие өөд халуу оргиод ирэх үед “Би гэртээ харьсан байх болтугай” гээд алтан хайрцагны тагийг нээсэн чинь нэг мэдэхэд гэрийнхээ гадна хэвтэж байж гэнэ. Тэгээд тэр хүүд таван өнгийн торгоор хоёр хатан нь дээл оёж өгөөд,
- Эрхэм дээд хаан таныг хурмастын хаан урьж байна гэсэн урилгыг эзэн хаанд өгөөд явуулжээ. Эзэн хаан тэр урилгыг үзээд “Энэ муу хүү хүрээд ирсэн юм чинь би хүрэлгүй яахав” гээд өөрөө зуун тэмээ харгана дээр зуун дөрвөлж хоргол асгуулаад доороос нь гал түлүүлээд шатаж үхэж гэнэ. Энэ үеэс эхлэн “Уулын чинээ харыг туулайн чинээ цагаан дийлнэ” гэсэн ардын цэцэн үг үүсэн гарсан гэнэ.


Цааш нь...

Туулай яагаад сэтэрхий уруултай болсон бэ?

Эрт урьд цагт туулайнуудын хамгийн ахмад нь бүх туулайнуудаа цуглуулж,
- Энэ дэлхийн амьтан болгон аливаа амьтдыг айлгадаг эрдэмтэй, амиа хамгаалдаг арга ухаантай байх юм. Бидэн шиг өрөвдөлтэй амьтад энэ ертөнцөд алга. Модны навчис сэржигнэхэд хүртэл уушиг зүрх амаар гарчих шиг болж, ухаанаа алдтал айх юм. ... Бид амьтан болгоноос дорой төрөх гэж дээ. Адгийн муу хорхой шавьж хүртэл биднээс айдаггүй гэж үү? Ах дүүс минь ингэж айж зовж амьд явснаас худагт унаж үхэцгээсэн нь дээр гэж хэлээд бусдыгаа дагуулан гунигтай гэгчээр явжээ. Тэгтэл нэгэн шаазгай тааралдаж ихэд гайхан,
- Шаг шаг, туулайнууд минь, юу болоо вэ? гэж асуусанд юу ч дуугарсангүй гэнээ. Шаазгай дахиад л,
– Шаг шаг, та нар яагаад ийм гунигтай явна вэ? Надад яриач гэж шалгаажээ. Нөгөө ахмад туулай, энэ дэлхийд бид л амьтан болгоноос айж явна уу гэхээс биш, биднээс айдаг амьтан гэж нэг ч байхгүй юм. Ингэж амьд явснаас худагт унаж үхье гэж ярилцаад явцгааж байна гэж үнэнээ хэлжээ.
– Яасан тэнэг юм бодоцгоогоо вэ?
– Тэнэг юу байх вэ? Үнэн амьдрал маань ийм л байна гэхэд шаазгай,
– Тэгвэл одоо та нар дор дороо хяраад хэвтэцгээ. Хоньчин хонио услах гээд худаг руу туугаад ирж байна. Хонин сүргийг дэргэдүүрээ ирэхээр нь тал тал тийшээ босон харайгаад хараарай. Тэгэхэд л та нар үнэн худлаа үзэх болно гэж хэлээд шаазгай нисээд явчихжээ. Туулайнууд, шаазгайн хэлснээр бут бутны ёроолд хярж байгаад хонин сүргийг дэргэдээ ирмэгц босон харайж дээр дээр дэгдэн, эргэж харсанд хоньд хуйлран үргэж, хоньчин нь хонио тогтоох гэж шилбүүрээ далайн хашгиран гүйж явна гэнээ. Туулайнууд тэр дороо гайхан зогсосхийж,
- Энэ олон хонийг, эзэнтэй нь айлгалаа. Ийм сонин юм гэж бас байдгаа гээд хойд хоёр хөл дээрээ оцойн сууж, тачигнатал хөхөрөлджээ. Хөхрөлдөөд л байж, хөхрөлдөөд л байж. Бүр дээд уруулаа сэтэртэл хөхрөлдчихөж гэнэ. Ингээд туулай сэтэрхий уруултай болчихсон юмсанжээ.


Цааш нь...

Баадай яагаад уйлав?

Бадарчин Баадай Баруун зуу орж мөргөл хийхээр шийдээд жижиг хавчиг үүрэг, хоёр жижиг таяг мод бэлтгээд явахаар гэрээсэээ гарахад нь түүний ах дүү, эгч нар нь “За Баадай минь замдаа сайн яваарай!” гэж ерөөсөнд Баадай гэрийн босгонд сөхрөн хүүхэд шиг цурхиран уйлж гэнэ. Тэд,
- Чи юунд уйлав? Нэгэнт зориглон шийдсэн биш билүү? Чи ийм аянд олон удаа явсан шүү дээ! гэж зэрэг зэрэг асуусанд Баадай ...
- Та нар намайг үргэлж өөрсдөөсөө хол яваг гэж боддог юм байна. Юу гэвэл та нар намайг “Сайн яваарай” гэснээс биш “Буцаад ирээрэй” гэж хэлээгүйд чинь гомдов гэжээ. “Ингэж санасан хүн нэг ч үгүй байтал Баадай минь юунд ийн сэтгэв” гэж ах дүү нар нь зэмлэн босгоод,
- Баадай минь сайн яваад хурдан эргээд ирээрэй! гэж ерөөсөнд Баадай инээд алдан баярласаар гэрээсээ гарч алсыг зорьж гэнэ.


Цааш нь...

Аз жаргалд умбасан Ханс хүү

Эрт урьд цагт нэгэн сайхан сэтгэлт хүү ээжтэйгээ хоёул аж төрөн суудаг байжээ. Түүний нэрийг Ханс гэнэ. Хүү алс газар явж нэгэн айлд долоон жил үнэнчээр зарагдан амьдарчээ. Ханс хүү нэгэн өдөр гэрийн эзэнд хандан,
- Би долоон жил танай гэрт гадаах ажилд зүтгэлээ. Одоо би ээжийгээ санаж байгаа тул гэртээ харимаар байна. Та миний хөлсийг өгч гэртээ харихыг минь зөвшөөрнө үү? хэмээн гуйж гэнэ. Гэрийн эзэн хариу өгүүлрүүн,...
- Энэ хугацаанд чи манайд үнэнчээр зүтгэсэн. Хийсэн ажлын чинь хэрээр гомдоохгүй шан өгнө гэлээ. Тэгээд гэрийн эзэн Ханс хүүд хүний толгойн чинээ цул алт өгөв гэнэ. Ханс нэгэн алчуур гарган алтаа боон мөрөн дээрээ тавьж аваад гэрийн зүг замд гарав гэнэ. “Санасан бүхэн нь сэтгэлчлэн бүтсэн сайн заяатай хүн надаас өөр үгүй, аз нь шовойсон аавын хүү аргагүй би мөн дөө” хэмээн Ханс хүү амандаа дуу аялан алхаж гэнэ. Ханс хүүг хоёр хөлөө зөөж ядан, зөрүүлж гишгэн гэлдэрч байхад нэгэн цовоо сэргэлэн, хөөр баяртай морьтон өөдөөс нь хүрч ирэв гэнэ. Ханс түүнд хандан,
- Хөөе залуу минь, морьтой хүн гэдэг юутай сайхан бэ? Яг л сандал дээр байгаа юм шиг эмээл дээрээ тухалчихаад, чулуу өшигчиж ядрах ч үгүй, гутлаа урж элээх ч үгүй газар хорооно гэдэг мөн сайхнаа хэмээн чанга гэгчээр хэлэв гэнэ. Энэ үгийг сонссон морьтой эр саатан зогсож,
- Залуу минь чи юунд явган явж байгаа юм бэ?
– Би явган явахаас өөр аргагүй ээ. Энэ цул юмыг гэртээ аваачих болоод байнаа аа хөө. Хүнд юм мөрлөн явах гэдэг ямар төвөгтэй гэж санана аа. Бас мөр өвтгөнө гэж жигтэйхэн.
– За тэгвэл хоёулаа ингэдэг хэрэг ээ, би чамд морио өгье, чи наад хүнд ачаагаа надад өгчих ингээд л шууд сольж орхиё.
– Дуртайяа зөвшөөрөх байна. Харин чи үүнийг аваачих гэж их зүдэрнэ шүү дээ гэхэд нөгөө эр мориноосоо бууж, цул алтыг аваад, мориныхоо цулбуурыг Хансын гарт түргэхэн шиг атгуулж орхиод,

- За тэгээд цогиулмаар болбол, чангахан шиг “Чүү, чүү” гээд давирдаг юм шүү гэлээ. Ханс хүү морио унан, гэрийн зүг дураараа эрх чөлөөтэй хатируулж гарав гэнэ. Хэсэг зуур гэлдэрснээ ер нь цогиулдаг хэрэг ээ хэмээн бодоод амаа ангайн “Чүү, чүү” хэмээн сүртэй давирав гэнэ. Морь гэнэт ухасхийхэд Ханс хүү бөндгөс хийн унаж орхивоо. Нэг мэдсэн, тэр замын хажуу талын гуунд хэвтэж байв гэнэ. Энэ үед нэг үнээ туусан хүн өөдөөс нь ирж яваагүйсэн бол, бас тэр морийг нь барьж аваагүйсан бол Ханс аль хэдийн явгарах байлаа.
Ханс хүү арай чамай биеэ татан өндийжээ. Хөл гар нь хөндүүрлээд хэцүүхэн шиг босов гэнэ. Тэр үхэр туусан эрд хандан,
- Морь унах гэдэг амаргүй даваа байна. Тэгээд гэнэт ухасхийгээд унагаж орхидог ийм адсага бол хүзүү хугалж ч мэдэх юм байна. Би одоо дахиад хэзээ ч морины нуруун дээр гарахгүй. Харин үнээ бол шал өөр хэрэг. Үнээг туугаад сайхан тааваараа алхаж болно. Тэгээд бас өдөр болгон сүү, зөөхий, бяслагтай байх нь лавтай. Ийм нэг үнээтэй больё гэвэл юу өгч таарах бол? гэв. Өнөөх эр,
– Одоохон чамд энэ завшаан тохиох нь дээ. Би үнээгээ чиний мориор сольё. Тэгээд л хүсэл тань биелэх нь тэр. Ханс хүү энэ саналыг уухайн тас, баяр хоор болон хүлээн авав. Үхэрчин эр морин дээр үсэрч мордоод ум хумгүй явж одов гэнэ. Ханс хүү үнээгээ туун яаралгүй алхах зуураа ийм сайхан солио хийсэндээ бахархаж явлаа. Одоо надад нэг жаахан талх олдох юм бол мөн ч сайхан даа. Дээр нь хүссэн хэмжээгээрээ зөөхий юм уу, бяслаг тавиад идэхэд юу дутахсан билээ. Цангах юм бол үнээгээ саагаад л сүү уучихна. Ингэхэд би өөр юу хүсэхсэн билээ дээ, аз жаргалд умбах гэдэг чухам даа л энэ биз. Ханс хүү цааш явсаар нэгэн гуанзанд хүрч ирэв гэнэ. Тэнд тухлан суугаад авч явсан бүх зүйлээ гарган тавьж, нэг мөсөн баяр хөөртэйгээр идэж орхилоо. Хамаг бутархай мөнгөө хамж шимж байгаад аяга дундуур шар айраг хийлгэн уув гэнэ. Тэгээд төрөлх тосгоноо чиглэн үнээгээ тууж явлаа. Жин үд дөхөх тусам халуун шатаж, тэсвэрлэшгүй болж байлаа. Ханс хүү нэгэн уудам ногоон хөндийг туулан явав. Тэр хөндийгөөр нэг цаг орчим явахад Ханс хүү хатаж үхэх шахан, ам чийглэх шүлс ч гарахгүй болжээ. Ингэж ядарч явахаар үнээгээ саагаад сүү ханатлаа уудаг хэрэг хэмээн Ханс хүү шийдлээ. Тэгээд үнээгээ нэг нарийхан мөчрөөс уяж байгаад саах юм болжээ. Сав суулга байхгүй тул савхин малгайгаа дээш харуулж тавиад үнээнийхээ дэлэнг хичнээн хичээн шувтарсан боловч ганц ч дусал сүү гарсангүй гэнэ. Харин эв дүйгүй хөдөлсөн үү яасан үнээ хажиглан хойд хөлөөрөө түүний толгой руу ээрч мууртал нь тийрч орхив гэнэ. Ханс хүү мөргүүлж унаад хэсэг зуур ухаан балартан хэвтсэн байлаа. Аз болоход нэг шүдлэн гахай тууж

явсан яргачин эртэй тааралдлаа.
– Юу гэгчийн ширүүн таалав даа? гээд тэр эр сайхан сэтгэлт Хансыг дэмнэн босголоо. Ханс юу болсныг түүнд ярилаа. Яргачин түүнд дашмагаа өгч,
- Май, үүнээс уугаад амс хий. Энэ үнээнээс ч сүү гарч гялайлгахгүй дэгээ. Нэг муу хөгшин үнээ байна. Эдэлгээнд эсвэл нядалгаанд л арай илүү тохирох амьтан шиг байна. Ханс хүү толгойтой үсээ илээд,
- Үгүй ер, хэн үүнийг санахсан билээ. Гэртээ аваачаад эд бад хийгээд авбал ямар гэгчийн их махтай болох бол. Даанч би үхрийн маханд дургүй л дээ. Дэндүү хатуу байдаг юм. Харин ийм нэг сайхан шүдлэн гахайтай сан бол ч өөр хэрэг шүү. Амт нь ч шал өөр. Тэгээд бас хиам хийнэ гэлээ. Яргачин хэлж байна,
- Чамайг бодож би яахав сольё доо. Энэ гахайг үнээний чинь оронд чамд өгье.
– Таны сайхан сэтгэлийг тэнгэр бурхан ивээх болтугай гээд Ханс хүү түүнд үнээгээ өгч, шүдлэн гахайг тэргэнээс буулгуулж, хүзүүнээс нь уясан шидэмснээс нь барьж авав гэнэ. Ханс хүү цааш явах зуураа дотроо ийнхүү бодлоо. Бүх л зүйл сэтгэлчлэн бүтэж байна даа. Ямар нэг юм таагүйгээр эргэх бүр л түүнийг зохистой шийдвэрлэх боломж одох юм хэмээн бодож явтал нэгэн гоё цагаан галуу тэвэрсэн хүүтэй дайралдав гэнэ. Ханс хүү түүнд өөрт тохиолдсон азтай явдлын тухай ярилаа.

Тэгээд бас үргэлж л ашигтай арилжаа хийж байснаа ярив гэнэ. Нөгөөх хүү галуугаа нэгэн хүүхдийг загалмайлах ёслолын идээнд зориулан авч яваагаа ярилаа. Тэр хүү галууныхаа далавчнаас бариад,
- Өргөөд үз дээ. Ямар хүнд гэж санана. Бүр хоёр сарын турш хэрчсэн гурилаар шахан бордсон юм хойно, арга ч үгүй дээ. Энэ галууны шарсан махыг хүртэх хүн харин ч нэг азтай хүн байх болно доо гэлээ. Ханс хүү галүуг авч нэг гараараа өргөж үзсэнээ,
- Тийм ээ, өөртөө таарсан жинтэй юм байна. Миний гахай ч нас гүйцсэн мэгж биш л дээ гэлээ. Энэ үед нөгөө хүү эргэн тойрныг бодолхийлэн харж толгойгоо дохисноо ийнхүү хэллээ,
- За, чиний авч яваа энэ гахай ч нэг л бишээ. Манай тосгоны даргынх нэг гахайгаа саяхан алдчихсан юм. Чи тэр гахайг нь хөтөлж яваа юм шиг байна. Би чамд сэтгэл их зовниж байна. Тэднийх гахайгаа хайлгаж байгаа гэсэн. Чи энэ гахайгаа авч яваад баригдвал тун ч базаахгүй юм болно. Дор хаяж чамайг хар гэрт хорино шүү дээ гэв. Сайхан сэтгэлт Ханс хүү айж эхлэв гэнэ. Тэгээд,
- Ээ бурхан минь, чи л намайг хүнд байдлаас холдуулж хайрла. Чи эндхийн хүн болохоор яахыг сайн мэдэж байгээ. Тэгэхлээр миний энэ гахайг аваад наад галуугаа над өгчих хэмээн гуйв.
– Би ч бас өөртөө лай хурааж байгаа хэрэг. Гэхдээ би чамайг харсаар байж золгүй явдалд учруулсан гэмтэн болмооргүй байна хэмээн галууны эзэн хэллээ. Мань хүн гахайн хүзүүнээс уясан олсноос шүүрэн аваад, зам буруулан явж одлоо. Сайхан сэтгэлт Ханс хүү санаа зовох юмгүй болж тайвшраад галуугаа сугавчлан гэрийн зүг алхаж гэнэ.
– Сайн бодож үзэх юм бол энэ арилжаа надад бас л ашигтай боллоо. Төхөөрч орхивол үнэхээр сайхан шарсан махтай болно. Бас гурван сарын турш талханд түрхэн идэж хүрэхүйц тос гарна. Тэгээд бас зөндөө сайхан цагаан өдтэй болно. Түүгээр нь зөөлөн дэр хийнэ. Тэр дэрэн дотроо шигдсэн шигээ унтаж гарна. Ээж маань яасан их баярлах бол доо хэмээн өөртөө хэллээ. Ханс хүү гэрийнхээ наана байгаа нэгэн суурингаар орж явах зуураа тэрэг түрсэн нэг билүүчин эртэй дайралдав гэнэ. Тэр эр хутга билүүдэнгээ амандаа "Хаана хэрэг гарна би тийшээ явна, хайч хутгыг харин ч нэг ирлэж гарна” хэмээн аялж байв гэнэ. Ханс хүү зог тусан түүнийг харлаа. Тэгээд Ханс хүү тийш очин, яриа өдөн ингэж хэллээ,

- Та хутга ирлэхдээ ийм сайхан хөгжилтэй байхыг бодоход ажил тань их таалагддаг байхаа?
– Тэгэлгүй яахав, миний ажил ч орлогын хүүдий л гэсэн үг. Хутга, хайч ирлэдэг сайн билүүчин хүний халаас бол мөнгөөр тасрах гэж огт үгүй. Ингэхэд чи хаанаас ийм сайхан галуу аваа вэ? Хэмээн билүүчин эр түүнээс асуулаа.
– Үүнийг би худалдаж аваагүй юм, харин гахайгаараа арилжиж авсан юм.
– Юун гахай сан билээ?
- Түүнийг бол үнээгээрээ арилжиж авсан юм.
– Юун үнээ сэн билээ?
– Үнээг би мориныхоо оронд авсан юм.
– Юун морь сон билээ?
– Тэр морийг би толгойн чинээ цул алтаар сольж авсан юм.
– Юун алт сан билээ?
– Тэр алтыг би долоон жилийнхээ хөдөлмөрийн хөлсөнд авсан юм гэхэд билүүчин,
– Чи бол эгзэгтэй мөчид юу хийхээ мэддэг ухаантай хүү байна. Одоо чи нэг зүйл хийх юм бол өглөө босох бүрийд халаасанд чинь мөнгөн зоос хангинан орж байхыг мэдрэх болно. Жинхэнэ аз жаргалын эзэн болох мөч танд ойрхон байна хэмээн билүүчин хэллээ.
– Тэгэхийн тул яах хэрэгтэй вэ?
– Чи ерөөсөө л над шиг билүүчин болчих. Тэгэхийн тулд нэг сайн, дугуй билүү чулуутай болох хэрэгтэй. Бусад нь аяндаа л болоод явчихна. Надад бараг нэг бүтэн шахуу, яльгүй жаахан гэмтэлтэй билүү байгаа. Чи надад энэ галуугаа өгчихөд л болно. Өөр юм нэмж өгөх хэрэггүй. Тэгэх үү? гэхэд Ханс,
- Ямар яриа байхав? Тэгснээр би энэ ертөнцийн хамгийн аз жаргалтай хүн болох болно. Халаасаа тэмтрэх болгонд мөнгө тэмтрэгдэж байх болно, өөр юу хэрэгтэй юм. Ийнхүү галуугаа билүүчинд өгөөд дугуй билүүг авлаа.
– За, үүнийг бас ав, сайн хямгадаж байдаг юм шүү, хуучин муруй хадаасаа дээр нь тавин цохиж тэгшилж бай гээд билүүчин эр жирийн нэг хар чулууг хажуунаасаа авч өглөө. Чулуунуудыг хоёр мөрөн дээрээ нэг нэгээр нь тавиад сэтгэл өндөр цааш алхалаа. Түүний нүд баяр хөөр дүүрэн ажээ. – Би гэдэг хүн аз жаргалын одонд төрсөн байхаа, юу л хүснэ дорхноо бүтчихнэ. Ёстой аз нь шовойсон хүн гэж намайг хэлэх байхаа хэмээн өөрөө өөртэйгээ ярьж явав гэнэ. Өглөөнөөс аваад борви бохисхийлгүй гэлдэрч яваа Ханс хүү ядарч эхлэв. Бас ходоод нь хоржигнон хоол нэхэж эхлэв гэнэ. Үнээ худалдаж авсандаа баярлаад байдаг мөнгөөрөө тансаглачихсан Ханс хүү арай ядан цааш гэлдэрч, алхам тутамд амармаар болж байлаа. Ядахдаа хоёр хүнд чулуу хоёр мөрийг нь хайр найргүй өвтгөж байв. Энэ гайтай хоёр чулууг тээхгүй болж амарвал мөн сайхнаа гэсэн бодол толгойд нь эргэлдэж эхэллээ. Ханс хүү эмгэн хумс шиг хөдөлж ядсаар хээрийн нэгэн худаг дээр ирж гэнэ. Жаахан сууж амсхийнгээ худгийн хүйтэн ус ууж цангаагаа тайлахыг бодлоо. Тэгээд чулуунуудаа эмтэлж хэмхлэхгүй санаатай худгийн амсар дээр болгоомжтой тавьж гэнэ. Тэгээд худгийн амсар дээр суун, ус руу тонгойхдоо санамсаргүй нөгөө хоёр чулуугаа гараараа түлхэж орхисонд, хоёулаа усанд цүл пал хийн унаж орхижээ. Хоёр чулуу усанд унаад харагдахгүй болоход Ханс хүү бөөн баяр болон дороо дэвхэрч цовхчилоо.

Бөөн баяр хөөр болсон тэрээр энэ тээртэй хүнд хоёр чулуунаас харамсах юмгүй салгаж амраав хэмээн тэнгэр бурхандаа талархан мөргөж гэнэ.
– Гэрэлт орчлонд надаас жаргалтай хүн алга хэмээн тэр баярлан чарлав гэнэ. Үүрч, тээх юмгүй болж сэтгэл амарсан Ханс хүү цааш алхан гэртээ ирж хайрт ээжтэйгээ уулзан золгож, амар сайхандаа жаргаж гэнэ ээ.


Цааш нь...