Why The Bats Lives in The Dark? буюу Сарьсан багваахай яагаад шөнө нисдэг болсон вэ?

Once, a long time ago, a terrible battle broke out between the Birds and the Beasts of this Earth. No one remembers any more what caused this battle to start, but the fighting was so furious that the whole earth shook and the land was covered with broken feathers, bloody hair, and the bodies of fallen creatures.


Эртээ урьдын цагт энэ дэлхийн араатан, жигүүртний хооронд аймшигт дайн дэгджээ. Энэ дайн нь хэнээс болж, юунаас эхэлж гарсаныг хэн ч санадаггүй гэнэ. Хөрст дэлхий донсолтол хөнөөлт ширүүн байлдаан болж олон амьтан үрэгдэж газрын хөрс өд сөд, үс ноос, үхсэн амьтдаар бүрхэж гэнэ.

On one side of the battle swarmed the animals of the air. All the birds, great and small, were massed in the heavens, from the most powerful eagle, sharp-eyed hawk, and swift falcon to the tiniest finch and fragile sparrow. Opposing the birds were formidable adversaries: The kingly lion, menacing tiger, mighty stag, massive bear, and all the other beasts of the land.

Агаарт дүүлэн нисдэг бүх амьтан нэг талд цугларч гэнэ. Эрэмгий бүргэд, хараа сайт харцага, шуурхай хурдан шонхороос авахуулаад хамгийн жижиг уран жиргээ, эмзэг танхил хараацай хүртэл том жижиг бүх л шувуу энд тулалдаж гэнэ. Шувуудын эсрэг араатны хаан арслан, аймшигт бар, бараа сүрт баавгай зэрэг тэргүүлэн газрын бүх л амьтан тулалджээ.

The only animal in the whole world that did not choose sides in this war was the Bat. As a mouse with wings or a birdy beast, the Bat gambled on its dual nature, waiting to see which side would win. In this way when the time came, it could claim victory with the conquering army.

Сарьсан багваахай л аль ч талд нь оролгүй ганцаараа үлдэж гэнэ. Шувуу шиг далавчтай хулгана болох сарьсан багваахай нь өөрийн гадаад төрхөндөө найдан цаг нь болохоор ялсан талд нь орохоор хүлээж байж гэнэ ээ.

When it looked as though the birds of the air were gaining the advantage, the Bat would become like a bird, flap its wings and screech: “I’m a bird, too! I’ll peck at the beasts below, pierce their skins, and dig my sharp talons into their flesh! Forward to battle, birds!”

Шувууд ялаад ирэнгүүт сарьсан багваахай далавчаа дэвэн “Би ч гэсэн шувуу. Араатан амьтдын арьсыг нь цоо тоншиж, хурц хумсаа биед нь зооё” гэж чарлаж гэнэ.

But when the tide of the great battle shifted, and suddenly it seemed as though the beasts would win, the Bat would hide its wings and flash its mouselike grin. Baring its sharp teeth, it would bark: “Beware! I am a dangerous beast! Come on beasts! Let’s attack the birds and bite them till they fall from the sky! Hooray for the beasts!”

Харин араатан амьтад дийлэх шинжтэй болоод ирсэн чинь сарьсан багваахай далавчаа нууж хулгана шиг ярзайсан шүдээ гарган “Би их аюултай араатан гэдэг мэдэж авцгаа! Урагшаа араатан амьтдаа! Шувуудыг довтлон устгая. Уухай!” хэмээн хуцаж гэнэ ээ.

As the battle raged on and on, both the birds and the beasts displayed courage in their terrible fight, never ceasing for a moment to give their best for the sake of their cause. After many weeks of struggle, however, it became clear to everyone that both sides were evenly matched, that neither side would ever be able to overcome the other.

Тулалдаан улам ширүүсэхийн хэрээр жигүүрэн шувууд болон араатан амьтад аль аль нь эрэлхэг зоригийг үзүүлэн, юунаас болон байлдаж байгаагаа ухаарах ч сөхөөгүй, улангасан үзэлцэж байв. Олон өдөр тэмцэлдсэний эцэст хэн нь ч хэнийгээ дийлэх аргагүйг хоёр тал ойлгож гэнэ ээ.

And so the birds and the beasts agreed to cease fighting. They declared a truce.
In the quiet that followed, both armies counted their dead, collected their wounded, and called out the names of their brothers, sisters, and friends who might not have perished on the battlefield.

Улмаар тэд тулаанаа зогсоохоор тохиролцож, эвлэрэлийг тунхаглаж гэнэ. Тэгээд хоёр тал тулааны талбарт үхсэнээ тоолж, шархадсанаа цуглуулж амьд үлдсэн ах, дүү, хамаатан садан, найз нөхдөө эрж сурж гэнэ.

No one called the name of the Bat. No one wanted the one who had darted from one camp to the other throughout the long war, not knowing where it belonged, telling false things to each army in turn.

Сарьсан багваахайг л хэн ч сурагласангүй. Бүх л тулааны турш аль талд нь орохоо мэдэхгүй нэгээс нөгөөд худал хэлэн урван явсан түүнд хэн ч дуртай байсангүй.

The animals had seen it fighting like this, first on one side, then on the other side of the battlefield. They were angry. Neither the birds nor the beasts would now, or ever, agree to claim the Bat as one of their own. Instead, for its disloyalty, they banished the Bat from their midst.

2 талд ээлжлэн байлдаж байсан түүнд бүх амьтад ихэд уурлаж аль нь ч өөрийн талд авсангүй харин хөөн явуулжээ.

The sorry Bat, a traitor to both birds and beasts, was now ashamed of its behavior during the feud. It curled up its mousy body and took flight. Seeking out a remote corner of the world, it entered the recesses of Mother Earth and concealed itself in her black and silent caves, venturing out only at night in search of food.
From that day, the Bat has made its home in the dark, wrapped against the dampness in its leathery cloak, living out the life of a lonely outcast.

Хөөрхий сарьсан багваахай ихэд ичэн нисэн оджээ. Түүнээс хойш сарьсан багваахай энэ дэлхийн эзэнгүй зэлүүд газрын харанхуй бүрэнхий агуйд аьмдарч, зөвхөн шөнө л идэш хоол хайн тэнүүчлэн нисдэг болсон юм гэнэ ээ.


Цааш нь...

Тэнэг чоно

Эрт урьд цагт нэг айл нүүж явжээ. Нүүсэн замаар нь нэг чоно ороод явж. Гэтэл зам дээр нь нэгэн зайдас хэвтэж байж гэнэ. Түүнийг чоно үзээд идэх гэтэл зайдас,
- Чоно та намайг битгий ид. Энэ урьд нэгэн байдсан гүү шаварт ойчоод хэвтэж байдаг билээ. Түүнийг очиж иднэ үү! гэж гуйхад чоно тэр зайдасны үгэнд орж хэлсэн ёсоор “Тэнд бий” гэсэн газарт нь очиж үзвэл үнэхээр нэг тарган байдас шаварт унаад хэвтэж байна гэнэ.
Түүнийг очоод идэх гэтэл гүү бас хэлж гэнэ,
- Чоно гуай та намайг идэх гэж байгаа бол шавраас минь татаж гаргаж орхиод ид! гэжээ. Түүний хэлсэн ёсоор шавраас нь гаргаж орхиод идэх гэтэл бас,
- Та одоо намайг шавартай хэвээр нь идэх гэж байхын оронд цэвэрлэж байгаад идээч дээ! гэж гэнэ. Бас хэлсэн ёсоор нь шаврыг нь хэлээрээ долоож арилгаж орхиод идэх гэтэл,
- Миний хойд хөлийн туурайнд нэг бичиг бичээстэй бий. Та түүний минь үзээд иднэ үү гэж хэлж гэнэ. Чоно түүний туурайн дахь бичгийг үзэх гээд очтол тэр гүү дух руу нь өшиглөж орхиод босоод давхиад явчихаж гэнэ. Чоно ухаангүй ойчжээ. Ухаан ороод харсан гүү тээр тэнд давхиж байна. Тэгэхлээр нь босоод,
Бут шиншлэж
Бултан бултан
Дов шиншлэж
Дайван дайван шогшиж явтал азаар нэг хамар дээр нэг бяруу байжээ.
Бярууг очоод идэх гэж.
- Та намайг хамар дээр идэх гээд яах нь вэ? Хүн харна. Жалганд оруулаад ид! Чоно гуай та эцэж зүдэрсэн бололтой, намайг унаад яв! гэж бяруу хэлжээ. Унаад явж. Бяруу,
- Жалга руу ороход толгой чинь эргэж магад, нүдээ аниад яв! гэж. Чоно нүдээ аниад явж байж. Айлын гадаа аваад орчихож. Улс амьтан “Уухай туухай” гэж үймэлдэн чоныг хөөж гарчээ. Чоно зугтахдаа,
Замаар явсан
Занхгар толгой
Зайдсанд хууртсан
Эргүү толгой
Шавраас нь татаж гаргах
Ямар эзэн нь билээ?
Шавры нь долоож арилгах
Ямар ээж нь билээ?
Туурайнд нь бичиг үзэх гэдэг
Ямар бичиг мэдэх билээ,
Хөлгүй гэж унав уу
Нүдгүй гэж анив уу
Хойд уулын холыг яана
Хоёр хөлт хохимойн ойрыг яана? гэж гаслан гаслан явсан гэнэ лээ.


Цааш нь...

Ах дүү гурав

Эрт урьд цагт ах дүү гурван өнчин хүүхэд байжээ. Айл хэсэж юм гуйж аж төрөн амьдардаг байжээ. Нэг өдөр айлаас юм гуйсан чинь хонины хүзүү өгч гэнэ. Бас нэг айлаас юм гуйсан, аяга будаа өгчээ. Ах дүү гурав хээр тал газар руу зургаан хүзүү, аяга будаагаа аваад явжээ. Тэгээд хүзүү будаа хоёроороо хоол хийхээр шийдэж, нэг айлын нутаг дээрээс тогооны тал ширэм олоод нэг өндөр уулын энгэр өөд явж очив.
Тэгээд 2 ах нь “Хүний бага хөдлөдөг, шувууны бага жиргэдэг юм. Хоёр ах нь сууж байя. Миний дүү аргал хоргол түүгээд ир” гэж дүүгээ явуулжээ.
Явчихсан хойгуур нь хүзүүгээ чанаад нэгийг нь дүүдээ тавиад тавыг нь хоёулаа хуваагаад идчихэж. Дүү нь аргал түүгээд ирэв. Ах нь хэлсэн нь: “Таван хүзүүтэй хонь юмаа. Хоёр ах нь ахаараа хоёр хоёр хүзүүгий нь идлээ. Дүүдээ нэг хүзүүгий нь тавилаа” гэжээ.
Шөлөнд нь будаагаа хийгээд буцалгаж байсан чинь өнөөх хагархай ширэм нь хагараад асгачихаж гэнэ. Тэгэхэд дүү нь хэлэв: “Одоо гурвуулаа гурван тийшээ явъя. Ах дүү гурвуулаа сан. Аман хүзүү зургуулаа сан. Амны хишиг дутахад бас нэг нь алга байдаг байжээ. Шөлөнд нь аяга будаа хийгээд уух гэсэн чинь тогоо хагараад үнсэн буун дайн болж бас байдаггүй ажээ. Ингэхлээр гурвуулаа харангатаж үхэх нь ээ. Гурван тийшээ явъя. Барьж байгаа гурван модоо энд хатгаад гурван тийшээ явъя. Гурван жил болоод энэ модоо эргэж үзье. Их сайн сайхан өнгөтэй байвал амьд байна гэж бодъё. Ойчиж гэмтсэн байвал үхэж гэж бодъё” гэжээ.
Тэгээд гурвуулаа гурван тийшээ явжээ. Тэгж явсаар байгаа хамгийн бага дүү нь нэг газар очоод хаан болоод суужээ. Дундах нь айлд зарагдан зарцлагдан өөрийн гэсэн гэргүй дөнгөн данган шар наран бор хоногийг өнгөрүүлэн явж байжээ. Их ах нь энд тэнд явж байгаад турж үхсэн байжээ.
Нэг өдөр дундах ах нь “ Нөгөө гурван модоо үзье” гэж бодоод явжээ. Явсаар байгаад өнөө гурван модон дээрээ очиж гэнэ. Тэгсэн чинь хамгийн бага дүүгийнх нь мод их сайхан ургасан байна гэнэ. Их ахы нь мод хугарч унаад хувхайрсан байна гэнэ. Өөрий нь мод муухай, өнгөгүй байж гэнэ. Тэгээд буцаж явжээ. “Ер нь их ах минь үхжээ. Дүү минь амьд байгаа юм байна. Дүүгээ сураглаж олж уулзъя” гэж бодоод явжээ.

Баруун урд хязгаарт очоод сураглаж гэнэ. Тэгсэн нэг хүн “Манай хаан гурван өнчин хүүхдийн нэг юм гэнэ билээ. Амьдарч чадахаа байгаад гурван тийшээ гарсан гэж ярьдаг юм гэнэ билээ” гэж ярьж гэнэ. Ах нь “Тэр мөн байж магад” гэж бодоод тэр хаантай уулзах гэж явж гэнэ. Уулзах гээд очсон чинь үүднийх нь харуул оруулахгүй байжээ. Тэгээд гурав дөрөв хоножээ. Тэгэхлээр тэр хааны няравт нэг өдөр “Урьдын бэрх цагт, өндөр уулын өвөрт ах дүү гурвуулаа байхад аман хүзүү тав байж билээ. Будаан цэрэг бужигнаж үнсэн буун дайн болж байхад гурван тийш гарч билээ” гэж хаандаа хэлж өгөөч гэж гуйжээ. Нярав хаанд нэг хүн тэгж хэлүүлж байна гэж хэлжээ. Хаан бодож байгаад “Тэр хүнийг оруулаад ир” гэжээ. Ингээд ах дүү хоёр уулзаад амар сайхнаар жаргаж гэнэ.


Цааш нь...

Гахай заан хоёр(Баул)

Нэгэн гахай заантай тааралдаад "Заан гуай, тань шиг ийм аварга том болъё гэвэл яах хэрэгтэй вэ" гэжээ. Заан инээмсэглэн хэлсэн нь:
- Аа, энэ бол тун нууц юм. Хэрвээ чи хүсээд байвал би чамд нэг ид шидтэй зүйл өгье гэж хэлээд гахайг орхиж ширэнгэ мод руу хэсэг зуур алга болчихов. Удсангүй заан эргэж ирээд хаанаас авчирсанаа хэлэлгүй ямар нэгэн навч өгөөд:
- Би чамд өдөр бүр ийм навч өгөх болно. Түүнийг идээд байвал чи хожим яг л над шиг том болно доо гэж хэлэв.
Түүнээс хойш гахай өдөр бүр заанийд очиж нэг навч авч идээд байсан чинь нэг мэдэхэд таргалаад бие нь томорч заантай төстэй ч юм шиг болоод иржээ. Бас нилээд хугацаа өнгөрсөн хойно үзвэл гахай бүр бүдүүрч, хошуу нь уртсаж жижигхэн соёо ургаад нүд, чих нь ч гэсэн заантай адилхан болсоор байв. Гахай үүнийг мэдээд "Бүх юм сансанаар болж байвал удахгүй би заантай адилхан болно. Тэгэхэд энэ муу болхи саарал амьтан шиг биш, хорвоогийн хамгийн том амьтан ямар байдгийг бусад бүх амьтдад үзүүлээд өгнө дөө" гэж боджээ.
Гахай ихэмсэгээр хамраа сартагануулан нааш цааш явж байхдаа тааралдсан амьтныг танихаа болив.
Нэгэн орой гахай хоол олж идэхээр ойд очиж модны үндэс ухаж гарав. Түүний хошуу нь урьдынхаасаа огт өөр, хүчирхэг том амьтан болсон нь илт байсанд гахай бүр ч сагсууран хошуугаа ээтийлгэн ийш тийш харайлгаж газар онгилж тургиж байхыг хавь ойрын амьтад үзээд ойртож чадахгүй айж байлаа.
Яг энэ үеэр заан ойролцоо явж байтал нь их чимээ шуугиан гараад байхаар нь гайхаж,
-Цаана чинь юу болоод байна вэ гэсэнд амьтад:
-Энд заанаас том нэгэн амьтан ирчээд байна.
- Аа тийм үү? Надаас том амьтан байдаг гэж би ер нь сонсоогүй юм байна. Ямар амьтан байна вэ? Харъя гэж заан бодоод ой руу очиж харвал үхээнц муу гахайнцар үндэс малтаж байгаа харагджээ. Заан зэвүүрхэж:
- Аа муу гахайнцар байх шивдээ. Би чамайг том болгох гэж дэмжиж оролдоод байхад харин чи өөрийгөө бүр ихэд бодоод эцэстээ өөрийгөө надтай зүйрлэх гэж санаархаж байгаа бий. Чи өөрийгөө надаас том хүч чадалтай амьтан болчихлоо гэж санаж байна уу? Тэгэхгүй шүү. Үүнээс хойш чамд ид шидтэй навчаа өгөх өө болилоо гэчихээд явчихжээ.
Тэр цагаас хойш гахай том болсонгүй зөвхөн газар онгилоод л хоншоороо ээтийлгэн тургиж байдаг болсон гэнэ.
Бусдын тусыг эс үнэлэн биеэ тоох гэдэг мөн ч хортой юм аа!


Цааш нь...

Шунахай авгай(Нигер)

Эрт урьд цагт эгч дүү хоёр байжээ. Эгч нь хэмжээлшгүй баян, дүү нь хэлэхийн эцэсгүй ядуу юмсанжээ. Ядуу дүү нь нүцгэн биеэ ч далдлах хувцасгүй, зөвхөн модны навч мөчирөөр наагуур цаагуураа халхалж, хүүхдээ үүрэн хээр гадаа тэнэж, холтос навчис түүж худалдан хоногийн хоол олдог байв. Хөөрхий тэр ядуу эмэгтэй нэгэн өдөр хөвч их ой ширэнгэд очиж хүүхдээ модны ёроолд орхиод навч түүсээр хүүхдээсээ нилээд хол явчихжээ. Тэр хойгуур нь хүүхдийг нь нэг сармагчин авч модны орой дээр гараад тоглож эхэлжээ.
Эмэгтэй навч түүж аваад хүүхдээ тавьсан газарт эргэж ирсэнд хүү нь алга байжээ. Эх нь хүүгээ дуудаж бахирсан боловч таг чиг байлаа. Гэтэл гэнэт хүүхдийн уйлах чимээ сонсож модны орой өөд харвал нэг сармагчин хүүгий нь тэвэрч нэг мөчрөөс нөгөөд дүүлж харагдав.
Эх хүүгээ дуудан уянгалан дуулсанд сармагчин хүүгий нь тэвэрсээр модны мөчир дамжин бүжиглэн улам улам доошилж байна. Эх нь дуулсаар байв. Сармагчин доошилсоор доошилсоор газарт бууж хүүгий нь эхэд нь өгөөд асуусан нь:
- Эмэгтэй чи ийм сайхан дуулдаг мөртөө яагаад ингэж явдаг вэ? Чи өдөр бүр л энд ирдэг үү? гэсэнд эмэгтэй хариуд нь:
- Би ядуу учир өдөр бүр энд хоолоо залгуулах идэх юм олдог гэв.
Сармагчин:
- За чи тэгвэл энэ замаар яв! Нилээд явж байтал нарийхан зөрөг зам зүүн тийш эргэнэ. Түүгээр яв. Замд чинь янз бүрийн алим жимс ургасан моднууд тааралдана. Тэдний зарим нь намайг ав намайг ав гэж бахирах бий. Тэднийг битгий аваарай. Харин дуугарахгүй байгаа жимснээс нь ав гэж хэлэв.
Эмэгтэй хүүгээ тэвэрч сармагчингийн заасан замаар цааш явтал намайг ав намайг ав гэж зарим модны жимс бахирна. Түүнд гар хүрсэнгүй, огт дуу гарахгүй байгаа жимснээс нэгийг аваад эргээд сармагчинд ирж хэрхэн ямар жимс авсан учраа хэлсэнд сармагчин:
Одоо гэртээ харь гэртээ ороод хаалга үүдээ сайн түгжээд жимсээ хагал гэжээ.
Эмэгтэй гэртээ ирж сармагчингийн захиж хэлснээр хийв. Жимсэн дотроос маш их алт мөнгө, хувцас хунар гарч ядуу эмэгтэй ихэд баярлан бүх мөнгө, хувцасыг хоёр хэсэгт хувааж нэг хэсгийг эгчдээ өгч хоёр дахийг өөртөө авчээ.
Баян эгчид дүүгийн өгсөн юм чамлалтай санагдаж:
-Би чиний олз олсон газрыг мэднэ. Одоо өөрөө очиж юу байгаагий нь авчирна гээд дүүгийнхээ хүүг авч ой руу явав.
Ойд очиж хүүгээ модны ёроолд орхиод навч түүхээр ширэнгэнд оржээ.
Энэ хойгуур сармагчин ирж хүүг үзээд:
-Энэ эмэгтэй чинь ийм ховдог шунхай амьтан байсан гэж үү гэж гайхсанаа: “Юу ч атугай буцаж ирэхээр нь учрыг лавлая” гэж шийдээд хүүгий нь авч модны оройд гарав. Төдхөн эмэгтэй буцаж ирээд дуулахаар нь сармагчин хүүгий нь авч модны орой дээрээс бууж ирээд:
Өчигдөрийнх чинь чамд багадаа юу гэж асуув. Баян авгай, өчигдөр миний ядуу дүү ирсэн юм гэж хэлсэнгүй, харин “Тиймээ, бага байна. Бүр ихийг авах гэсэн юм” гэжээ. Сармагчин урьдын адил зам зааж зөвхөн дуугарахгүй байгаа жимснээс ав гэж зөвлөжээ.
Эмэгтэй сармагчингийн заасан замаар явж байхдаа энэ муу сармагчин ер нь намайг хэн гэж бодоо вэ? Тэр намайг ав намайг ав гэж дуугардаг жимсийг авбал их үнэтэй сайхан юм бий байх түүнийг нь авахад яадаг байна гэж бодсоор алим жимс багсайн ургасан модонд хүрэв “намайг ав” гэж дуугарсан нэг алимыг аваад эргэж буцах замдаа сармагчинд
- Би дуугараагүй жимсээс авав гэж худал хэлжээ. Сармагчин цааш хэрхэх учрыг авгайд заав.
Авгай гэртээ ирж хаалга үүдээ бэх сайн түгжиж, алимаа хагалтал дотроос нь алт мөнгө биш харин араатан амьтан, аварга могой цувран гарч ирээд ховдог авгайг хазаж хатгаж тарчилаав. Шунал ихэдвэл шулам болно гэгч энэ ажгуу. Сайн санаагаар тусалсан бусдын ач тусыг чамлалгүй үнэлэн хүндэтгэх нь чухал юм.


Цааш нь...

Аргат өвгөн Хүчит өвгөн хоёр

Эрт урьд цагт Аргат өвгөн Хүчит өвгөн гэж байж. Хоёулаа нэг нэг өвсөн гэр барьж. Аргат өвгөн алаг эрээн бухтай юмсанж. Хүчит өвгөн хүрэн эрээн бухтай юмсанж. Хүчит өвгөн Аргат өвгөнийгөө дээрэлхээд алаг эрээн бухыг алчихав. Тэгсэн Аргат өвгөн бухынхаа чөмгий нь тулманд хийгээд, үүрээд хааныд очжээ. Хаан хэлж: “Аргат өвгөн, туламтай чинь юу вэ?” гэж асууж. “Бухын чөмөг” гэж хэлж. Хаан хэлж: “Би бухын чөмгөн дуртай юмсан, надаа өгөөч! гэж гуйж. Өвгөн туламтай чөмгөө хаанд өгчихөж. Хаан нэг сайн шар өгч. Аргат өвгөн шараа унаад хүрээд ирж. Хүчит өвгөн Аргат өвгөнөөс асууж: “Чи хаанаас шар олов?” гэж асууж. “Бухынхаа чөмгийг хааныд энэ шарнаас өглөө” гэж. Хүчит өвгөн бухаа алаад чөмгий нь тулманд хийгээд хааныд хүрээд очжээ. “Хаан гуай, би бухын чөмгийг шарнаас өгнө” гэж хэлжээ. Хаан “Чи намайг бухын чөмгийг шараар авч байна гэж хэнээс дуулав?” гэж аашлаад хуурай модыг хугартал, нойтон модыг ноцтор зодоод явуулж. Хүчит өвгөн буцаж ирээд Аргат өвгөний өвсөн овоохойгий нь түймэрдчихэж. Аргат өвгөн үнсийг нь тулманд хийгээд хааныд очиж. Хааны хүүхэд “Аргат өвгөн, тулманд чинь ямар юм байна?” гэж асууж. “Алт мөнгө” гэж хэлж. “Үзүүлвэл үнс болно” гэж. “Харъя даа” гэж. “Харвал хальс болно” “Үнс болвол алт мөнгө хийгээд өгөмз!” гэж. Үзүүлж, үнс байж. Алт мөнгө хийгээд өгч. Алт мөнгөө үүрээд ирж. Хүчит өвгөн асууж: “Алт мөнгө хаанаас олов?” “Өвс овоохойны үнсийг алт мөнгөнөөс өгнө гэхлээр хааных авлаа” гэж хэлж. Хүчит өвгөн овоохойгоо түймэрдээд үнсийг нь тулманд хийгээд хааныд очоод “Өвс овоохойны үнсийг алт мөнгөнөөс өгнө” гэж хэлж. “Чи намайг үнсийг алт мөнгөөр авч байна гэж хэнээс дуулав?” гэж аашлаад хуурай модыг хугартал нойтон модыг эгштэл зодоод тавьчихаж. Хүчит өвгөн хүрч ирээд Аргат өвгөнийг далайн захад аваачаад модноос хүлээд “Маргааш чамайг энэ далай руу хийж ална” гээд уячихжээ. Тэгсэн түмэн хонь туусан шарга морь унасан төмөр ширвүүл барьсан өвгөн хүрээд ирж: “ Чи яагаад хүлүүлээд байгаа хүн бэ?” “Миний нуруу минь бөгтөр болсон юмсан. Ингэж хүлүүлэхээр зүгээр болдог юм” гэж хэлжээ. “Чи намайг хүлээд өгөөч!” гэж гуйжээ. “Намайг тавьчих даа!” гэжв Тавьчихаж. Хонь туусан өвгөнийг хүлчихээд, морийг нь унаад хонийг нь туугаад ууланд очжээ. Хүчит өвгөн хүрч ирээд өвгөний хүлээсийг тайлаад ус руу хаяж алах гэжээ. “Би биш, би биш” гэж бархирчээ. “Чамайг би өчигдөр авчраад хүлсэн! Чи яагаад биш байдаг юм?” гэж хэлээд далайд хаячихаж. Аргат өвгөн хонио туугаад, морио унаад хүрээд ирж. “Аргат өвгөн, чамайг би алчихсансан! Чи энэ их юм хаанаас олов?” “Ээ, чи намайг ална гэж аварлаа. Лусын хааных өмч хувааж байтал өрхөөр нь хаячихаж, над энүүнийг өглөө.” “Ччи намайг хаяад өгөөч! гэж. “За тэгье!” гэв. Очоод “Чи намайг энэ рүү хаясан!” гэж зааж өгчээ. Тэр рүү нь хаяад алчихжээ. Хүрч ирээд морьтой, хоньтой малтай, гэртэй, оронтой болоод ганцаараа амар сайхан жаргажээ.


Цааш нь...

Есгөлдэй өвгөний есөн хүү

Эрт урьд цагт есөн хүүтэй Есгөлдэй өвгөн гэж байжээ. Нэгэн шөнө хаан дунд хатнаа алдчихаад харъяа хошуу нутгаар нэгжин эрээд ер олсонгүй учир шадар олон ноёд түшмэдээ цуглуулан түүнийг заавал олох тухай зарлиг буулгав. Гэтэл нэгэн түшмэл хэлсэн нь:
“Ер нь Есгөлдэй өвгөнийхөөр ороогүй шүү дээ. Тэднийд есөн хүүхэд бий. Тэд авсан байж магадгүй. Есгөлдэй өвгөний есөн хүүгээр олуулъя” гэжээ.
Ингээд элч мордуулан Есгөлдэй өвгөнд “Дунд хатныг олж авчир! Хэрэв олохгүй бол есөн хүүгийн чинь толгойг авна” гэж айлтгуулжээ. Есгөлдэй өвгөн ихэд айн сандарч “Есөн хүү минь өглөө нарнаар гараад үдшийн харанхуйд ирдэг. Одоо чухам хаа явааг би мэдэхгүй. Би олж ирье” гээд нэгэн уулын толгой дээр гүйн гарч есөн хүүгээ харсан чинь ер сураг бараагүй болохоор уулын бэл рүү бууж явтал алт шиг өнгөтэй элс таарав. Түүнийг хормойлон авчирч зуураад алтан нум сумыг хийж тавиад сууж байтал есөн хүү нь цуглан иржээ.
Хамгийн бага хүү нь “Аав аа! Энэ сайхан алтан нум сумыг хэн өгөв? Үүнийг надад аль” гэсэнд “Та нарын хэн эрдэмтэйд нь өгөхөөр хийсэн юм. Та нар ямар эрдэмтэйгээ нэг нэгээр хэл” гэсэнд
Бага хүү нь “Би харанхуй шөнө хар батганы мөрийг ч алдахгүй мөрдөж хөөж чаддаг” гэв.
Дараах хүү нь “Далайг ганцхан балгадаг” гэв.
Гурав дахь хүү нь “Гурван давааг нэвт хардаг” гэжээ.
Дөрөв дэх нь “Хивж байгаа зээрийн хивлэг, хэлэлцэж байгаа хүний хэт хутга мэдэгдэлгүй хулгайлж чадна” гэв.
Тав дахь нь “Усгүй газраас унд, уулгүй газраас гал гаргах чадалтай” гэв.
Дараах хүү нь “ Хоолгүй газраас хонины мах, үүцгүй газраас үхрийн мах гаргаж чадна” гэв. Дараах нь “Далдын юмыг нэвт чагнах чадалтай” гэжээ.
Найм дахь нь “Нааш хараад цааш харахын хооронд гурван давхар ширмэн байшин барина” гэв.
Хамгийн их хүү нь “Сууснаараа ороод санаснаараа гарна” гэв.
“За яахав, та нарын эрдмийг чинь сонслоо. Та нарын хэнд нь ч өгөхгүй. Харин энэ өдөр хааны элч ирсэн. Хаан дунд хатнаа алдаад олохгүй байна гэнэ. Та нарыг олж ир! гэсэн. Олохгүй бол та есийн толгойг авна гэж зарлиг буулгасан байна. Одоо та нар минь тэр хатныг олохыг хичээ” гэжээ. Есөн хүү “Хатныг олж чадна” гэж амлаад гарчээ.
Бүгдээрээ ярилцаж байгаад их хүү нь хэлжээ. “За бага дүү чи аавын алтан нум сумыг авна гэж, “Харанхуй шөнө хар батганы мөрийг алдахгүй хөөдөг” гэсэн. Одоо мөрд” гэжээ. Бага хүү “Тэгье” гээд мөрийг хөөн явж явж “Нэг их далайд орсон байна” гэлээ. “За яахав?” гэхэд их ах нь “Далайг ганц балгадаг чи одоо балга” гэв. Ингээд балгасан чинь 15 толгойтой атгаалжин хар мангасын гэрт дунд хатан сууж байжээ. Одоо хивж байгаа зээрийн хивлэг хулгайлдаг нь хатныг хулгайлаад хааны руу явжээ. Явж явж гурван давааг нэвт хардаг нь харсан чинь мангасынхан ганцхан давааны ард ирж явжээ. “За яахав?” гэхэд наашаа хараад цаашаа харахын хооронд гурван давхар ширмэн байшин барьдаг нь байшин барилаа. Ингээд дотор нь суугаад ундгүй газраас унд гаргаж хоолгүй газраас хоол гаргадаг хоёр нь цай хоол бэлтгэн идэж уугаад амарч байгаад чагнадаг нь чагнасан чинь хоёр давхар ширмэн байшинг хайлуулаад гурав дахь нь байшинг хайлуулжээ. Хамгийн бага хүү нь “Их ах чи анх аавын хийсэн алтан нум сумыг авахаар, "Суусан газраараа ороод санасан газраараа гардаг" гэсэн шүү. Одоо тэр чинь хэрэгтэй боллоо” гэхэд суусан газраараа бүгд ороод хааны босгоор гарчээ. Тэгээд хаанд хатныг олж ирсэн тухай айлтгахад хаан баярлаж Есгөлдэй өвгөнийг дууджээ. “Лав миний есөн хүүхдийг алах гэж намайг дуудлаа” гэж их айн очсон чинь “Танай есөн хүү хатныг олж ирсэн. Одоо аль хүүдээ хатныг өгөх вэ? Гэхэд өвгөн учиргүй их баярлаж “Хамгийн бага хүүд өгөгтүн. Би ч бас нум сумаа өгнө” гэж. Ингээд хааныхаас өмч хөрөнгө таслан өгч дунд хатантайгаа суулгаад Есгөлдэй өвгөн есөн хүүгийн хамт наян хоногийн найр хийж жаран хоногийн жаргал хийж амар сайхан жаргажээ.


Цааш нь...

Сар яагаад нүцгэн бэ?(Серби)

Сар нэг өдөр ээждээ очиж:
-Хайрт ээж минь, хорвоо дэлхийн амьтан бүхэн хувцастай байхад ганцхан би л нүцгэн байх юм. Надад өмсөх хувцас хийж өгөөч гэжээ. Ээж нь:
-За яахав хувцас хийлгэ! Харин чи оёдолчинд очиж хэмжээгээ өгөөд хувцас захиал гэж хэлэв. Сар оёдолчинд очиж хэмжээгээ өгсөнд оёдолчин 5 хоноод ир гэжээ. Сар тав хоноод очсонд оёдолчин оёсон хувцасаа өмсүүлж үзсэн нь богинодож, бас нарийдаж, ер таарсангүй. Оёдолчин:
-Би эндүүрсэн юм байхдаа гэж бодоод дахиж хэмжээ аваад,
-За сар минь тав хоноод ирээрэй гэв. Сар тав хоноод дахин ирж хувцасаа өмсөх гэтэл ер багтахгүй бас л нарийдаж, богиндоод ер таарсангүй. Оёдолчин:
-Би бас л эндүүрсэн юм байхдаа гэж бодоод, дахин дахин хэмжиж гайгүй сайн тэмдэглээд:
-За сар чи тав хоноод ир гэж хэлжээ. Оёдолчин хянуур нямбай дахин нэг хувцас оёчихоод сар ирэхийг хүлээж байлаа. Тэгээд тэнгэр өөд харсан чинь урьд ирж хэмжээ өгсөн сар биш, түүнээс хавьгүй том бүтэн дугуй сар аялж явахыг оёдолчин хараад, энэ оёсон хувцас маань дахиад өмсөж үзэлтгүй таарахгүй нь байна гэж мэджээ. Тэгээд оёдолчин сар өөд хараад хэлсэн нь:
-За Сар минь би чамд хувцас оёж өгч чадахгүй юм байна. Яагаад гэвэл нэг харахад бүтэн дугуй байх юм. Дахиад харахад хагас дугуй болчихсон байх юм. Бас дахиад харахад дөрөв хуваасны нэг шиг жижигхэн байх юм. Ингэж нэг ирэхдээ жижиг, дахиад ирэхдээ том болчихоод байхад хичнээн дахин хэмжээ авсан ч чамд таарах хувцас хэзээ ч олдохгүй гэж хэлжээ. Сар нүцгэн байдгийн учир ийм юм гэнэ.


Цааш нь...

Алтан мөнгөн аргай

Эрт урьд цагт эмгэн өвгөн хоёр байжээ. Өвгөнийг
Найман зуун адуутай
Найр алаг хүлэг морьтой
Найман настай Чагаа хүүтэй
Намтай мэргэн гэдэг юм санжээ. Найман настай Чагаа хүү нь алтан мөнгөн хоёр аргайгаар тоглодог юм санжээ.
Өвгөн нэг өглөө найман зуун адуугаа наашлуулах гэж арын уулаар ан гөрөө хайж өврийн уулаар адуу малаа хайж явтал гэрийн чинээ гэдэстэй, тогоон чинээ толгойтой том хар мангас эмгэн тосч ирээд
“Насан болсон амиа өгөх үү?
Найман зуун адуугаа өгөх үү?
Найман настай хүүгээ өгөх үү?” гэж аймшигтайгаар асууж аван идэн завджээ.
Намтай мэргэн өвгөн айгаад:
“Насан болсон намайгаа өршөөж хайрла.
Найман зуун адуугий минь үлдээж хайрла.
Найман настай хүүгээ өгье. Ээжий нь нүдэн дээр ил өгч чадахгүй, манайх нүүвэл ч гурван жилийн газар нүүдэг, суувал ч гурван жил суудаг айл. Одоо алс хол нүүгээд явъя. Алтан мөнгөн аргайгий нь бууцан дээрээ хаяад нүүе. Түүнийгээ авахаар ирэхэд нь та хүүгий минь ав даа” гэж гэнэ. Мангас “За” гээд яваад өгчээ.
Өвгөн гэртээ хариад
“Өвс ногоо муудлаа,
Өнтэй зунтай газар нүүнэ” гэж нүүгээд явжээ. Шинэ нутагт сэлгэж нүүгээд ширэг зүлгэн дээр гэрээ барьж байтал найман насатй хүү нь
“Аав аа! Аав аа! Алтан мөнгөн шагай минь хаана байна?” гэсэнд аав нь
“Ай мэдэхгүй, ээжээсээ асуу даа” гэжээ. Ээжээсээ асуутал
“Ай мэдэхгүй, ааваасаа л асуу даа” гэжээ.
“Аав аа! Аав аа! Алтан мөнгөн шагай минь хаана байна?” гэсэнд аав нь
“Ай мэдэхгүй, бууцан дээрээ хаягдаа биз” гэжээ.
“Аав аа, аав аа. Би алтан мөнгөн аргайндаа яваад ирье!” гэтэл аав нь
“Тэг дээ!” гэжээ.
“Аав аа! Аав аа! Ямар мориороо явах вэ?” гэсэнд “Адууныхаа сүүлд явдаг хамуутай хар даагаараа яв даа гэжээ. “Ээжээ ээжээ! Ямар мориороо явах вэ? Гэсэнд ээж нь “Найман зуун адууныхаа түрүүнд явдаг найман хөлтэй найр алаг мориороо яв даа” гэжээ. Тэгээд найр алаг мориороо явах болов.
“Ааваа! Ааваа ! Би ямар хониороо хүнс хийх вэ?” гэсэнд аав нь
“Хониныхоо сүүлд явдаг хатиартай хар төлгөөрөө хүнс хий” гэв.
“Ээжээ! Ээжээ! Ямар хониороо хүнс хийж явах вэ?” гэсэнд ээж нь
“Түмэн хонины түрүүнд явдаг түнтгэр бор иргээрээ хүнс хий дээ” гэжээ. Хүү түнтгэр бор иргээрээ хүнс хийгээд явах болжээ.
Тэгээд найман хөлтэй найр алаг морио унаад хуучин нутаг бууцан дээрээ давхиж ирсэнд алтан мөнгөн аргайгий нь мангас эмгэн олсон болж наадаж суулаа.
Найман настай Чагаа хүү дэргэд нь очоод мориноосоо буулгүй:
“Эмээ эмээ! Ээжээс минь ялгаа юу байх вэ! Алтан мөнгөн аргайгий минь аваад өгөөч!” гэж гуйжээ. Эмгэн
“Эмээ нь босвол сууж чаддаггүй, суувал босч чаддаггүй хөгшин шүү. Хүү минь буугаад ав!” гэжээ. Гэтэл найман хөлтэй Найр алаг морь нь шивнэв:
“Би хотойхын сайнаар хотойё. Чи шүүрэхийн сайнаар шүүр!” гэжээ.
Тэгээд Найр алаг морь хотойхын сайнаар хотойж, найман настай Чагаа хүү шүүрэхийн сайнаар шүүрээд алтан мөнгөн шагайгаа аваад эргээд зугтаажээ.
Тэгэхлээр мангас эмгэн босон харайгаад хойноос нь хөөжээ. Хөөсөөр хөөсөөр гүйцэж очоод тэр морины нэг хөлийг нь төмөр хянгараараа тас ширвэв. Найман хөлтэй найр алаг морь долоон хөлөөрөө доголон давхиж явлаа. Нэг даваа даваад мангас эмгэн бас л гүйцэн очиж тэр морины нэг хөлийг төмөр хянгараараа тас ширвэв. Тэгсээр тэгсээр найман даваа давахад найр алаг морины найман хөлийг цөмийг нь тас цавчиваа. Тэгсэн энэ морь хөлгүй болж биеэрээ бэмбэгнэн давхиж явлаа. Тэгээд нэг даваа даваад мангас эмгэн бас гүйцэж хянгараараа тэр морины тал биеийг тас цавчив. Тэгэхлээр нь энэ дээд морь цээжээрээ цөмцөгнөн давхиж явлаа. Тэгээд бас нэг даваа даваад мангас эмгэн цээжийг нь тас цавчив. Тэгэхлээр найман хөлт найр алаг морин толгойгоороо тонтогонож давхиж явлаа. Тэгээд бас нэг даваа даваад мангас эмгэн хянгараараа тэр морины толгойг тас цавчив. Тэр морин тэгэн тэгсээр аргагүй үхжээ. Тэгэхлээр Чагаа хүү явган болж явгаар гүйж нэг талд алтан улиасанд гарлаа. Тэгэхлээр мангас “Хянгараараа алтан улиасны үндсийг цавчина” гэж байтал нэг үнэг ирж:
“Ээж ээж, энэ улиасыг би унагая. Та нэг хэсэг унтаад аваарай!” гэж тэр үнэг хэлэв. Мангас эмгэн унтаж байлаа. Тэр цагт нь үнэг түүний нүдий нь цавуудаж орхиод хүүг модноос буулгаж өгөв. Хүү тэр мангасыг унтаж хэвтэхэд нь цаашаа бас арилсан билээ. Тэгээд мангас эмгэн сэрж шинэ мөрөөр нь шиншиж гүйгээд хуучин мөрөөр нь хуншиж гүйгээд очжээ. Нэг далайн захад Чагаа хүүг бас нэг алтан улиасанд суухыг нь харав.
“Энэ улиасыг бас цавчиж унагая” гэтэл бас нэг үнэг ирж хэллээ:
“Ээж ээж, би энэ улиасы чинь унагая. Чи нэг хэсэг унтаад аваарай!” гэжээ.
Тэгэхлээр нь “Үгүй тэгж болохгүй. Намайг нэг үнэг тэгж хэлээд нүдийг минь цавуудаж орхилоо” гэж мангас эмгэн хэлэв. Тэгэхлээр үнэг
“Ухай тэр чинь болбол талын үнэг байгаа биз ээ. Би болбол тайгын цагаан үнэг байна. Манай тайгын газарт тийм үйл байхгүй” гэж үнэг хэлэв. Тэгсэн мангас эмгэн унтжээ. Тэгээд энэ тайгын үнэг түүний нүдийг цавуудаж Чагаа хүүг модноос буулгаж гэнээ.
Тэгээд мангас эмгэн сэрж бас шинэ мөрөөр нь шиншиж хуучин мөрөөр нь хуншиж гүйгээд Чагаа хүүг нэхэж явлаа. Тэр хүүг долоо даваа даваад явахад нь их далайн захад бухан бяруу явж явлаа. “Би айж зугтаж явна. Намайг чи унуулаач” гэж Чагаа хүү тэр бухан бяруунд хэлсэнд тэр бухан бяруу энэ хүүг унуулаад цааш явлаа. Тэгж явтал мангас эмгэн гүйцэж ирлээ.
Мангасыг иртэл бухан бяруу пар гээд баасаа хамар дээр нь орхижээ. Тэгсэн мангас эмгэн нүүрээ угаах гэж далайн захад очиж далайн ус барагдтал угааж байлаа. Тэгээд мангас эмгэн шинэ мөрөөр нь шиншиж хуучин мөрөөр нь хуншиж гүйгээд Чагаа хүүг нэхэж явтал хүү долоон даваа даваад явж байлаа. Тэгээд хүү бух бяруу хоёр нэг айлын бууц хүртэл аавын нь билүүний хагархай, ээжийн самны хугархай байсныг оллоо. Ээжийн тэвнэ бас хэвтэж байлаа. Тэр гурван юмаа олж автал мангас эмгэн гүйцэж ирлээ.
Тэгэхлээр нь Чагаа хүү ээжийн самаа “Батганын толгой багтахгүй баг хар ширэнгэ бол!” гэж мангас эмгэний урд хаялаа. Тэгсэн баг хар ширэнгэ болж уналаа. Тэгэхлээр нь мангас эмгэн асуув. “Аа хүү минь, энэ ширэнгий цаад талд яаж гарлаа чи!” гэж. “Нүд амаа сохлож гарлаа би!” гэж Чагаа хүү хэлжээ. Тэгэхлээр нь мангас эмгэн ширэнгээр зад дайрч нүд амаа сохлож гарлаа. Тэгээд бас гүйцэж очихлоор нь хүү аавынхаа билүүний хагархайг “Элгэн улаан хад бол” гээд хаялаа. Тэр их хад болсонд мангас эмгэн асуув. “Аа багачуул минь! Энэ элгэн улаан хадыг яаж та гарлаа та?” гэж. “Гар хөлөө хугалж гарлаа би” гэж Чагаа хүү хэлж. Тэгсэн мангас эмгэн гар хөлөө хугалж энэ хадыг гарлаа. Тэгээд бас гүйцэж ирлээ. Тэгэхлээр нь “За зах хязгааргүй мөрөн далай бол” гэж Чагаа хүү тэвнээ орхин хэллээ. Тэгэхлээр хүн гарахгүй мөрөн далай болж, тэр тэвнэ. “Энэ далай мөрнөөр та яаж гарлаа?” гэж мангас эмгэн асуулаа. “Үхрийн чинээ хоёр чулуу хоёр мөрөндөө уяад холбис холбис гэж гарлаа би” гэж Чагаа хүү хэлжээ. Тэгэхлээр нь мангас эмгэн үхрийн чинээ хоёр чулуу хоёр мөрөндөө уяад далай дотор орж далайн ёроолд живж үхжээ.
Тэгээд Чагаа хүү энэ бухан бяруугаа унаад долоон даваа даваад хээрийн өвс түүнд өгч идүүлж галаа түлж хонов. Маргааш өглөө улаан нарнаар босч яваад үдшийн улаан нарнаар нэг сайн сайхан хээрт ирж хонох боллоо. Тэгээд бух бяруу хэллээ:
“Чагаа хүү минь, чи намайг алаад дөрвөн хөлий минь дөрвөн тийш залаад зүрхийг минь өвөртлөөд унтаарай” гэж. Тэгэхлээр нь хүү “Ийм ачтай эвийгээ би яаж ална?” гэж хэллээ. “Чи намайг алахгүй бол миний толгойд ширх эр! Загатнаад байна” гэж бухан бяруу хэлэв. Тэгээд толгойд нь ширх эрж суухлаар нэг их улаан ширх явжээ. “Улаан ширх явна. Үүнийг ална уу?” гэж асуув. “Алж орхи л” гэж бухан бяруу хэлжээ. Энэ ширхийг алахаар бухан бяруу үхсэн билээ. Тэгсэн Чагаа хүү уйлж байгаад дөрвөн хөлийг нь дөрвөн тийш залаад толгойгий нь урд зүг залаад зүрхийг нь өвөртлөөд унтлаа. Хойт өглөө босоход нь олон мал багширч сайн гэртэй, сайхан авгайтай болсон байлаа. Тэгээд Чагаа хүү алтан мөнгөн аргайгаа аваад аз жаргалаа олоод эргэж ирэхэд аав нь адуундаа явчихсан, ээж нь энгэртээ нэвт уйлчихсан байжээ. Ээж нь хүүгээ үзэж уйлан хайлан угтаад
“Ээж нь хонь алахаараа үнхэлцгий нь хүүдээ тавьдаг юм. Тэгэхлээр эцэг чинь намайг “Юуны чинь” хүү гээд зоддог юм. Өнөө бас хонь гаргана. Аавынхаа хэлэхийг миний хүү авдрын ард нуугдаж байгаад дуулаарай!гэж хэлжээ.
Удахгүй аав нь ирж хонь гаргажээ. Гэдэс чанаад ээж нь
“Хүү минь ирээсэй, үнхэлцгий нь тавих сан!” гэтэл эцэг нь
“Юун үхсэн хатсаны чинь хүү!” гээд ээжийг нь нойтон модыг ноцтол, хуурай модыг хугартал зодож гэнэ.
Тэгэхлээр нь хүү авдрын араасаа гарч ирээд
“Үхээгүй хатаагүй хүүд үнхэлцэг зүрх тавих ёстой! Гээд алтан мөнгөн шагайгаараа “Аргай аргай түг” гээд аавынхаа толгойг цохиод алчихжээ.
Тэгээд ээжийгээ гэртээ аваачаад амар сайхан жаргажээ.


Цааш нь...

Долоон бор оготно

Эрт урьд цагт ах дүү долоон бор оготно байж гэнэ. Алган чинээ газартай юм байж. Нэг өдөр алгын чинээ газар дээр нь атгын чинээ цас ороход ах дүү долуулаа арилгаж байгаад шагайн чинээ шар тос олжээ. Түүнийгээ хамгийн отгон дүүдээ хадгалуулж гэнэ. Отгон дүү нь шагайн чинээ шар тосыг нь долоосоор байгаад идчихжээ. Отгон дүүгээ ах дүү зургуулаа зодсоор байгаад алчихаж гэнэ. Энэ явдлаа ламд очиж хэлж гэнэ.
“Ах дүү долуулаа юмсан” гэхэд нь лам
“Өнөр болохоо дөхжээ” гэж.
“Алгын чинээ газартай юмсан” гэхэд
“Яасан их дэлхийтэй юм бэ?” гэжээ.
“Алгын чинээ газар дээр минь атгын чинээ цас орчихлоо” гэхэд
“Зуд болох шахаж дээ” гэжээ.
“Ах дүү долуулаа арилгав” гэхэд
“Ажилч болохоо дөхөж дээ” гэжээ.
“Арилгаж байгаад шагайн чинээ шар тос оллоо” гэхэд
“Баяжихыг шахаж дээ” гэжээ.
“Отгон дүүдээ хадгалуулсан юмсан” гэхэд
“Нярав болох шахаж дээ” гэхэд
“Отгон дүү минь долоосоор байгаад идчихжээ”гэхэд
“Мангас болохоо шахаж дээ” гэв.
“Ах дүү зургуулаа дүүгээ зодсоор байгаад алчихлаа” гэхэд
“Дайн болохоо шахаж дээ” гээд огт хайхарч өгсөнгүй.
Зургаан хулгана ламаас ямар нэгэн шийдвэртэй хариу дуулах байх гэж очсон урам нь хугарч лам гэдэг чинь юу ч мэдэхгүй амьтан байдаг юм байна гэж мэдээд, гэнэдэж нэгийгээ алсандаа их гэмшиж гэнэ. Үүнээс хойш ах дүү зургуулаа хоорондоо эв найртай амар сайхан амьдран суух болжээ.


Цааш нь...

Заан аалз хоёр(Того)

Эрт галавын цагт дэлхийн халуун оронд нэгэн цоохор ирвэс амьдардаг байжээ. Энэ ирвэс зөгийн бал шиг амттай зүйлээр будаг хийж түүгээрээ хаа ч байхгүй гоё алчуур нэхэж өмсдөг байв.
Нэгэн өдөр аалз ирвэсийнд очиж алчуурыг нь гуйж баярын гоёлд өмсье гэхэд нь ирвэс зөвшөөрч алчуураа аалзанд өгчээ.
Баяр үзэж явсаар байгаад ядарсан аалз гэр рүүгээ явж байтал гэнэт бороо оров. Алчуураар толгойгоо дарж боогоод халхавч барьсан боловч бороо улам ширүүсч халхавч нь нэвт норж алчуур нь нэвтрээд аалзны ам хамраар нь ус цутгав.
Гэтэл аманд орсон ус амттайхан байхаар нь аалз гайхаж тамшаалж үзвэл салахын эцэсгүй сайхан ус байжээ. Аалз арга ухаан зарж хамт явсан нөхчөдөөсөө хоцорч үлдээд алчуурын захнаас амталж үзвэл түрүүчийн уснаас тун илүү амтлаг байхаар нь аалз тэссэнгүй алчуурыг бүгдийг нь идчихэв. Бороо орсоор л байлаа. Аалз цаашаа явж байтал заантай уулзаж түүнээс бороонд нөмрөх юм байхгүй нэвт норчихлоо, чихнээсээ зээлдүүлээч гэжээ. Заан зөвшөөрч өрөөсөн чихнээсээ хэрэглэх хэмжэээгээр нь аалзанд өгөв. Аалз гэртээ хүрч ирсэн чинь эхнэр нь махтайсан бол хоол идэхсэн “гэж гаслахаар нь аалз заанаас зээлдэж авсан чихээ өгөөд шөл хийгээд идчихжээ” хэдэн өдрийн хойно заан илч мордуулж чихээ нэхэмжилсэн боловч бүтэлгүй буцаж ирэхээр нь заан өөрөө аалзынд очив. Аалз их л нялуун халуун угтаж дотно зочилох маяг үзүүлэн тамхи авчируулахаар дэлгүүр рүү хүүхдээ явуулав.
Хичнээн хүлээвч хүүхэд нь ирэхгүй болохоор эхнэрээ явуулав. Бас таг чиг боллоо. Тэгэхлээр нь аалз заанд хэлсэн нь:
Эрхэм зочин минь, эхнэр хүүхэд маань сураггүй болчихлоо, гай зовлон учирав уу? гарч хараад ирэе. Далимд нь дэлгүүрээс тамхи ч авчиръя гэж хэлээд аалз явжээ. Заан хичнээн хүлээвч аалзныханы хэн нь ч ирсэнгүй.
Гэтэл зальт аалз эхнэр хүүхэдтэйгээ гадаа зоорины авдар дотор нуугдчихсан байтал заан тэднийг хүлээж ядаад зээлдүүлсэн чихнийхээ оронд гадаа байсан том авдрыг аваад гэр рүүгээ явсан гэнэ.
Замд явж байтал зааны ээж нас барчихлаа гэсэн чимээ сонсогдохоор нь дахин дахин лавлаж чагнавал бүр ч тод хэлэв. Зааны уур хүрч “энэ муу аалзынд очиж явж ээжийгээ үхүүлж орхилоо” гээд авч явсан авдараа шидэж орхисонд хад чулуу мөргөж хага үсэрчээ. Аалзныхан авдар дотороос гарч хад модоор зугатаж тараад олдсонгүй.
Зальт аалзыг олуулахаар ойн олон амьтаныг явуулсан боловч олж барих байтугай өөрсдөө сураг чимээгүй болдог байв. Аалз айхавтар хүчтэй хор наалдуулсан хутгаараа ирсэн ямар ч амьтныг эгшин зуур хордуулж алдаг байжээ. Ирвэс, шилүүс, цөөвөр чоно явуулавч ирэхгүй боллоо.
Чухам тэр үеээс хойш амьтан бүхэн аалзнаас зэвүүрхэж хорт аалзнаас холуур явах болсон гэнэ.


Цааш нь...

Бар яагаад сармагчинг идэх болов?(Индонез)

Эрт урьд цагт Бар мах иддэггүй, хорхой шавьжаар хооллодог байжээ. Тэр үед нэгэн удаа маш аймшигтай ган болж ой мод, өвс ургамал шатаж, модод хатаж, гол горхи ширгэж, ой тайгын зэрлэг амьтад ихээр үхжээ. Үүнд Одос үхэр хамгийн олноор өртөж ихэд сүйржээ. Одос бол аварга хүчтэй, их иддэг амьтан болохоор өглөөнөөс орой болтол ногоон өвс эрж нуга хөндийгөөр тэнэвч юу ч үл олдоно. Тиймээс Одос өдөр ирэх тутам сульдаж туйлдсаар байв.
Нэгэн өдөр хоол эрж явтал үл мэдэх нэгэн голын хөндийд бяцхан ногоон нуга тааралдаж тэнд олон буга идээшилж харагдав. Буганууд аварга том Одосыг хараад анхандаа айсан боловч, ихэд ядарч доройтсон байхаар нь айхаа болиж харин ч түүнийг "Эндээс зайл! Тонил!" гэж хөөв гэнэ.
Тэгэхэд нь хөөрхий муу ядарсан Одос эцсийнхээ хүчийг шавхан байж ой тайгын их эзэн Бар дээр очив. Модны сүүдэрт хэвтэж царцааг ховдоглон идэж байсан Бард хэлсэн нь:
- Тайгын их эзэн минь ээ! Намайг өлсгөлөнгөөс авраач Голын ногоон нугад намайг оруул гэж Бугануудад тушаагаач тэгвэл би таны үүрдын үнэнч нөхөр болж, миний бүх амьдрал таны эрх мэдэлд байх болно гэжээ.
Бар үүнийг сонсоод Одосыг өрөвдөн өгүүлсэн нь:
- За надтай хамт яв миний дэргэд чамруу хэн ч довтлохгүй гэв. Бар, Одос хоёр гол руу явж иртэл хүчирхэг их эзнийг буганууд хармагц зүг зүг тийш таран зугатаж, ганц Одос л тэр нугыг эзэгнэн үлджээ.
Энэ өдрөөс хойш Бар Одос хоёр найз нөхөд болж, Барыг ойр орчим байсан цагт Одос юунаас ч айхгүй болов. Мөн Одос өвс ногоонд хөрвөөх үед царцаа дэвхрэг дарагддаг болохоор Бард элбэг хоол олддог ажээ. Ингээд хэд хоногийн дараа Одос таргалж, чадал тэнхээтэй болов.
Нэгэн өдөр Бар ус уухаар явж байтал замд нь годгор сармагчин тааралдаад хэлсэн нь:
- Их эзэн гуай та царцаа дэвхрэгээр хооллож байхдаа ичдэггүй юм уу? Ан амьтны мах бол түүнээс чинь мянга дахин амттай гэдгийг чи ер нь мэддэггүй байх аа! Би чамд нэг нууц хэлэхэд энэ ертөнцөд хамгийн амттай нь бол одосын мах юм шүү дээ. Чи түүнийг амталж үзээд л миний хэлсэн үнэн худлыг мэднэ гэв.
Сармагчны хэлсэнийг бар сонсоод дуугаралгүй хэсэг зуур бодсоноо:
Ган гачиг болоод байсан тэр нэгэн өдөр Одос “миний амьдрал таны мэдэлд!” гэж хэлсэнсэн. Тэгэхлээр би өнөөдөр түүнийг иддэг хэрэг ээ! гэж шийдэв. Бар нугын тийш яаран очиход Одос ямар ч ажиг сэжиггүй идээшилж байв. Бар ирээд хэлсэн нь:
- Одос чамайг өлсгөлөнгийн үхлээс аварвал, чи амь нас, амьдарлаа надад даатган өгнө гэсэн билээ. Ингэхлээр тэр амлалтаа биелүүлэх цаг болжээ. Одоо би чамайг иднэ гэв. Барын үгийг Одос сонсмогц маш их хилэгнэн, нүд нь улаанаар эргэлдэж хамаг махбодь нь хөвчрөн зангирч, сүртэй сэлмэн эврээ сэжлэн Бар луу ухасхийн дайрав.
Бар агшин зуур гэдрэг үсрэн хүрхрэн зогсоно. Одос хэлсэн нь:
- Өлсөж үхэж байсан ч тулаан тэмцэлгүйгээр мах ясаа өгөхгүй байсансан. Харин одоо бол би урьдын адил хүч тэнхээтэй, хэнээс ч юунаас ч айхгүй болсон шүү. Би ямар хүч чадалтайг харж байлдаа гээд Одос үхэр ганц үсрэн өөрийн сэргэр сэлмэн эврээ агшин зуур эргүүлж хажуудаа байсан өвгөрсөн дал модны үндэсийг нэвт шувт хатган огло татаж хаяв. Дараа нь ойролцоо байгаа толгой руу тоос манарган хурдлан хүрч, хад чулууг нураан бутлах ажээ.
Бар зэвүүрхэн өгүүлсэн нь:
- Худалч минь ээ чи өөрийнхөө амь насыг надад даатгаагүй гэж үү? Би чамайг өлсөж үхэх аюулаас авраагүй гэж үү? гэхэд Одос:
- Миний амалсан үг бол чамд хэзээ ямагт үнэнч байж, чамайг ямар нэгэн дайнаас амь нас хайрлахгүй хамгаалж байна гэсэн үг юм шүү гэхэд Бар аймшигтайяа хүрхрэн хэлсэн нь:
- Худалч минь! Харин энэ мөчөөс эхлэн би ичгэвтэрийн хорхой шавьж идэхгүй, махаар хооллож байх болно. Тэгэхлээр хэзээ нэгэн цагт чиний махны амтыг заавал үзнэ гэдгийг мэдэж ав! гэж хэлээд сүүлээрээ газар шавхуурдан ой ширэнгэ рүү далд оров.
- Одос ганцаар ихэд уйтгарлан үлдэв. Хамгийн сайн нөхөр Бар нь аминд аюултай дайсан болж хувирсан хойно аргагүй бизээ. Бар ч гэсэн бас гунигтай байв. Учир нь өөрийн найзыгаа гомдоосон юм чинь. Харин ховч сармагчин энэ хооронд ой тайгаар харайлгаж Бар Одосыг иднэ гэж тангаргалсан гээд л бүхэнд зарлаж амжжээ. Бар ам тангаргаа няцахгүйн тулд Одссыг барьж идэх гэж хөөцөлддөг болжээ. Гэвч Одссыг гэндүүлэн дайрахад хялбар биш юм.
Ингээд бар Одосын араас нь дайрахаар шийдэв. Гэсэн ч Одос байнга сэрэмжилж Барын довтлох бүрд агшин зуур эргэж аймшигт эврээ бэлэн болгоно. Одосын махнаас амсах найдлагагүй болмогц Бар, Сармагчинд очив. Сармагчин Барыг хараад сэтгэл хөдлөн асуусан нь:
- За Бараа, сайн зөвлөлгөө өгсөн надад баяр талархал хүргэхээр ирээ биз дээ? Одосын мах ямар байна даа? гэхэд Бар хариуд нь:
- Одос гэдэг чинь өөрийгөө идүүлэхээр тэнэг амьман биш юм байна. Ер нь мах ямар амттай байдгийг одоо л үзэх минь гээд сармагчинг тэр дор нь барьж идэв. Сармагчингийн мах Бард таалагджээ.
Тэр цагаас хойш Бар царцаа дэвхрэгээр хооллохоо больж зэрлэг амьтнаар хооллох болсон гэнэ. Тэгэхдээ сармагчингийн маханд нэн илүү дуртай болсон гэдэг.
Одос ч тэр цагаас Бар тааралдах бий гэж болгоомжлон ой тайгад ажиглаж, араасаа дайрах вий гэж байн байн эргэж хардаг ажээ.


Цааш нь...

Аалз ирвэсийг ой руу хөөсөн нь(Баул)

Эрт урьд цагт ан араатан хорхой шавьж цөм хүн шиг тосгонд нөхөрсөг амьдарч байсан цаг байжээ. Гэтэл тэдний хооронд аалзнаас болоод их маргаан гарчээ. Нэгэн өдөр Аалз:
“Би ирэвсийг барьж чадна” гэж хэлсэнд бусад амьтанд түүнд ер үнэмшсэнгүй маргажээ. Учир нь ирвэс бол бусад ан амьтдын дотроос хамгийн хүчтэй зоригтой догшин амьтан байв.
Гэтэл муу Аалз түүнийг барьж авна гэдэг нь санашгүй хэрэг ажээ. Гэвч аалз өөрийнхөө хэлсэнд бат зогсож байв. Тэрээр том сагс сав сүлжиж ирвэс байгаа газар тийш очив.
Аалз:
- Ирвэс ээ тосгон даяар надтай маргаад болдоггүй! гэв. Ирвэс:
- Яагаад тэр билээ гэсэнд аалз:
- Би чамайг бүх ан амьтан дотроос хамгийн ухаантай , тэр ч байтугай тун ч жижигхэн сагсанд багтаад орчихдог гэсэн чинь ер үнэмшихгүй, тэр ирвэс шиг тэнтгэр тарган, болхи мунгинуу амьтан яавч сагсанд багтаж орохгүй гэнэ. Тэгээд би үнэн худлыг нь тэдэнд үзүүлэхээр сагс авч ирлээ гэв. Ирвэс:
- Аан, тийм бий! Би тэдэнд үзүүлээд өгөмз гээд сагсанд шурган оржээ.
Аалз:
- За чи хүлээж бай! Хэрвээ амыг нь боочихвол чамайг бүрэн багтлаа гэж тэд мадаггүй үнэмших болно гээд олсоор амыг нь чанга боож үүрээд тосгондоо хүрч ирэхэд бүх амьтад хуран цугларав.
- Би юу хэлсэн билээ? Та нар энэ ирвэсийг харцгаа! Гэж аалз гайхуулан өгүүлжээ.
Аалз том хүчтэнийг ялсан баяраа хийж түүндээ бүх ан араатаныг урьж дал модны навчаар нэрсэн дарс, бялуугаар дайлав. Бүх зочид цугларч найр наадам ид дундаа ормогц Аалз:
- За нөхөд өө! Ирвэсээ хувааж авцгаая даа миний хутгыг аваад ир гэж хүүд минь хэлээч гэв. Аалзны хүү аавынхаа хутгыг ачираад сагстай юмаа задлах юм байх гэж бодоод амыг нь боосон олсыг тас огтлов. Ирвэс ухасхийн босож аалз руу үсрэв. Аалз хүүгийнхээ хамт нэг лонхонд амжиж оржээ. Ирвэс хаалга хатавч хана туургаар аалзыг эрээд эрээд олсонгүй.
Сагсанд тарчилж зовсон ирвэс сая нэг ухаан орж, дарсны шавхруу ч гэсэн байгаа болов уу хэмээн нэг лонхыг шагайвал түүнд дарс биш, харин хар чинжүү байжээ. Энэ лонхонд байсан аалз амаараа дүүрэн чинжүү үмхэж байгаад Ирвэсийг шагайхад нь нүд рүү нь тургиж орхижээ. Нүд нь тэсэлгүй хорсож байсан ирвэс:
Эндхийн юм бүхэн илбэ жатгатай юм байна. Үүнээс хойш энэ тосгонд хэзээ ч ирэхгүй байя! Хэмээн ёолж гаслан ой руу зугтан оджээ. Тэр ирвэс одоог хүртэл ойдоо амьдарсаар байгаа ажээ.


Цааш нь...

Далантай өвгөн

Далантай өвгөн далан улаан үхэртэй, далиу ухаа бухтай юм гэнэ. Нэг өдөр Далантай өвгөн далан улаан үхрээ услаад зогсож байж гэнэ.
Тэгсэн чинь арван салаа толгойтой атгаалжин хар мангас хүрч ирээд “За, Далантай өвгөн чи, далан улаан үхэртээ хайртай юу? Далиу ухаа бухандаа хайртай юу? Далан давхар харвиндаа хайртай юу?” гэж асуужээ. Далантай өвгөн “Би далан улаан үхэртээ ч хайртай. Далиу ухаа бухандаа ч хайртай. Далан давхар харвингий минь ид дээ. Гагцхүү далан давхар харвингий минь Тонтий гуайн тонгорогноос өөр юу ч даадаггүй юм шүү дээ” гэж.
Өнөөх мангас Тонтийд очоод “Тонтий гуай, Тонтий гуай, тонгоргоо өгөөч” гэж хэлэв. Тонтий “Миний тонгоргийг Бинтий гуайн билүүгээр билүүдэхээс нааш юу ч даадаггүй юм шүү дээ” гэж хэлжээ. Мангас “Бинтий гуай, билүүгээ өгөөч” гэж гуйв. Бинтий “Миний билүүг Хантий гуайн хасаг тэрэгнээс өөр юу ч даадаггүй юм шүү дээ” гэжээ. Мангас “Хантий гуай, Хантий гуай, хасаг тэргээ өгөөч” гэж хэлэв. Хантий “Миний хасаг тэргийг Тантий гуайн том цагаан азарганаас ондоо чирч чадах юм үгүй” гэж хэлэв. Мангас “Тантий гуай, Тантий гуай, том цагаан азаргаа өгөөч” гэж хэлэв. Тантий “Миний том цагаан азаргыг Унтий гуайн урт цагаан уурганаас өөр барьдаг юм үгүй” гэв. Мангас “Унтий гуай, Унтий гуай, урт цагаан уургаа өгөөч” гэж хэлэв. Унтий “ Миний урт цагаан уурга гадаад далайн цаад захад бий” гэв. Мангас “Тэр уургыг яаж авдаг билээ?” гэжээ. Унтий “Миний уургыг авахдаа хүзүүндээ том чулуу зүүгээд далайг гатлаж авдаг юм” гэжээ.
Мангас тэр ёсоор авах гэж яваад далай дотор живж үхжээ. Эдгээр таван юмны эзэд нь Далантай өвгөний ах дүү нар тул хамтаар дайснаа дарсан нь тэр гэнэ.


Цааш нь...

Эрхий мэргэн

Эрт урьд цагт энэ дэлхийд долоон нар гараад, ган гачиг болоод, газрын хөрс улайдаад, ус мөрөн ширгээд, ургамал мод хатаад, амьтан хүн халууцаад, адуу мал харангадаад, байх суухын аргагүй болж гэнэ. Тэгтэл тэр нутагт Эрхий мэргэн гэдэг харснаа харвадаг, харваснаа онодог хавтай мэргэн харваач байж гэнээ.
-Огторгуйд гарсан олон нарыг чи онож харваад устгаад өгөөч! гэж олон амьтан түүнд очиж гуйж гэнэ.
Эрийн сайн төрсөн Эрхий мэргэн харваач эрхийдээ эрчтэй, элгэндээ цөстэй, залуу настай, халуун цустай хүн болохоор мэргэн харвадагтаа эрдэж:
-Долоон нарыг би долоон сумаар нэг нэг харваад онож устгаж чадахгүй бол эрхий хуруугаа огтлоод, эр хүнээ байгаад, хар ус уухгүй, хагд өвс идэхгүй амьтан болоод харанхуй нүхэнд амьдарна гэж ам алдаж тангараг хийж гэнэ.
Тэгээд дорнодоос өрнөд хүртэл огторгуйд цуварсан долоон нарыг зүүнээс нь харваад гарч гэнэ. Зургаан сумаар зургаан нарыг устгаад долоо дахь нарыг харвахаар шагайж шившиж байтал нь хараацай шувуу хоорондуур нь орж халхалсанд, харваад орхисон чинь хараацайн сүүлийг сэт оносон учир алтан хараацайн сүүл хоёр салаа болчихсон гэнэ. Харин өнөөх сүүлчийн нар харваачаас айгаад баруун уулын цаагуур, барс гээд далд орчихож гэнэ.
Эрхий мэргэн харваач хараацай шувууг садаа боллоо гэж харцага алаг мориороо хөөж алах гэсэнд морь нь хэлж гэнэ:
-Үдшийн харуй бүрийгээс үүрийн гэгээ ортол хөөгөөд хараацай шувууг би гүйцэхгүй бол хөл мөчий минь огтлоод хөдөө газар хаяарай! Би эмээлт морио байгаад энхэл тунхал газар амьдрах болно гэж ам тангарагаа өгчээ.
Хараацай шувууг хөөгөөд хариугүй гүйцэхийн даваан дээр хараацай шувуу хаашаа ч хамаагүй хальт булт үсрээд арай гүйцэгдэлгүй зугтаасаар үдшийн харуй бүрий хүргэчихэж гэнэ. Эрхий мэргэн уурлаад харцага алаг мориныхоо урд хоёр хөлийг огтлоод хөдөө газар хаячихсан чинь алаг даага болчихож гэнэ. Алаг дааганы урд хоёр хөл богино байдгийн учир тэр гэнэ. Бас хараацай шувуу үдшийн харуй бүрийгээр морьтой хүний урдуур, хойгуур ээрэн тойрон нисдэг нь: “Намайг гүйцэх үү? Гүйцэх үү?” гэж дооглож байгаа нь тэр гэнэ.
Эрхий мэргэн өөрөө эр хүний ам тангарагын ёсоороо эрхий хуруугаа огтолж хаяад, эр хүнээ байгаад, хар ус уудаггүй, хагд өвс иддэггүй тарвага болоод харанхуй нүхэнд амьдардаг болсон гэнэ. Тарваганы хөлийн сарвуу дөрөв байдаг нь үүнээс болсон гэнэ. Бас Эрхий мэргэн харваач, тарвага болсноо мартаад орой өглөөний нарнаар отож байж нарыг харвана гэж өглөө, оройн нарнаар нүхнээсээ гардаг учир тэр гэнэ. Тарваганд “хүн мах” гэж хүн идэж болдоггүй мах байдаг нь Эрхий мэргэний мах учраас тэр гэнэ. Мөн энэ дэлхийд үлдсэн ганц нар Эрхий мэргэнээс айгаад уулын цаагуур орчихсон учраас өдөр, шөнө ээлжилдэг болсон гэнэ.


Цааш нь...

Хөхөө Намжилын домог

Эрт урьд цагт монголын зүүн хязгаарт Хөхөө Намжил гэж нэгэн сайхан эр байжээ. Тэр үнэхээр хосгүй сайхан дуулдаг тул хошуу нутагтаа ихэд алдаршсан байв. Гэтэл Хөхөө Намжил цэргийн албанд явж Монголын баруун хязгаарт очжээ.
Түүний сайхан дуулдгийг дарга нь даруй мэдээд Хөхөө Намжилаар ажил сургууль хийлгэхийн оронд харин цэргийн алба хаах хугацаанд нь бараг гурван жил шахам зөвхөн дуу дуулуулсаар байжээ.
Тэгэхлээр нь тэр:
-Би энэ завсар нэг ч удаа морь мал унаж, гадуур дотуур гарч байсан удаагүй билээ. Ингэж байх нь хэдийгээр жаргалтай мэт боловч надад бас л хэцүү байх юм. Иймд хэдэн хоног ч гэсэн адуун дээр гаргаж өгнө үү? гэж харьяалсан дарга нартаа уламжлан хүсжээ.
-Чиний халгадах хугацаа нэгэнт шахсан учир бид чамаар дуу л дуулуулж байвал сайн юмсан. Хэдий тийм боловч энэ удаа аргагүй чиний хүсэлтийн ёсоор тав хоног агтан дээр гаргая! гэж зөвшөөрчээ.
Тэгээд Хөхөө Намжил адуугаа тууж нэгэн нуурын захад очоод услах зуураа түүний хөвөөн дээр дуулж байтал нууран дотроос сайхан хар морь унасан, ногоон торгон дээлтэй хүүхэн гарч ирээд:
-Манай аав ээж хоёр таныг дагуулаад ирээч гэж намайг явуулав гэхэд,
-Би танайд хэрхэн яаж очих билээ? гэж Хөхөө Намжилын асуухад хүүхэн хариуд нь,
-Та миний араар сундлаад нүдээ ань! гэсэн ёсоор нь нүдээ анивал хэдийн хүүхний гэрт ирсэн байв.
Тэднийх үзэсгэлэнт ганц охинтой маш баян айл байж гэнэ. Хүүхний эцэг, эх хоёр Хөхөө Намжилыг хүндэтгэн зочилж дуу дуулж өгөхийг хүссэнд,
-Би таван хоногийн хугацаагаар явж байгаа агтны хүн болох тул танайд тавтай удаан сууж олон дуу дуулах боломжгүй гэхэд нь гэрийн эзэн:
-Түүнд санаа зовох явдалгүй, харин адуунд чинь тусгай хүн гаргаж маллуулна. Энэ хугацаанд манайд тавтай тохилог амарч бидэнд олон сайхан дуу дуулж аль гэжээ.
Ингээд Хөхөө Намжил тэр айлд байх хугацаандаа нөгөө үзэсгэлэнт хүүхэнтэй сэтгэлтэй болж, түүнтэй гэр бүл болохоор ярилцаж тохирчээ.
-Би таван хоногийн хугацаатай яваа боловч, нэгэн сарын дараа цэргийн хугацаа дуусаж халагдах тул чамтай эргэж уулзана гэж Хөхөө Намжил хэлж гэнэ.
-Чамайг ирэхэд би хар мориороо очиж угтана гэж хүүхэн хариу хэлжээ.
Ингээд Хөхөө Намжил адуугаа тууж ирэхэд нь,
-Сайн хүний малласан адуу хүртэл ийм сайхан болох юм. Зарим хүн сар жилээр малласан ч тийм сайхан болгодоггүй шүү дээ гэх зэргээр магтан ярьж,-Ер нь чамайг цэргийн албанаас халахгүй!- гэхэд нь:
Нэгэнт хугацаа дууссан тул аргагүй чөлөөлж аль гэж Хөхөө Намжил учирлан гуйв гэнэ.
Тэгээд цэргийн албанаас халагдаж урьд ярилцсан ёсоор нөгөө нуурынхаа хөвөөнд очиж дуулан суутал хүүхэн хар морьтойгоо ирж хамт гэрт нь очихоор явжээ.
Хөхөө Намжил ийнхүү сайх сайхан амьдарч байсан боловч орон нутгийн зүг аргагүй явах болсон учир нөгөө хүүхэн нь Хөхөө Намжилд ийн хэлж гэнээ:
-Чамд өдөртөө харьж ажлаа хийгээд орой энд эргэж ирж байх ийм сайн морь өгнө. Харин түүнээс өөр морь хэрхэвч унаж болохгүй. Тэгэхдээ эндээс явж очихын өмнө заавал саахалтын хиртэй газар түр зогсож, мориныхоо амьсгааг дарж байгаад очиж байгаарай! гэж захиад сайхан хул морь өгч гэнээ.
Хөхөө Намжил тэр мориороо явж нутагтаа ирэхэд нь хүмүүс ихэд сонирхсон боловч түүнээс өөр морь ер унахгүйд нь бас гайхдаг байжээ. Тэрчлэн Хөхөө Намжил шөнө болгон адуугаа манаж, гэртээ нэг ч удаа хонохгүй болохоор эхнэр нь ч мөн гайхдаг байсан гэнэ. Гэтэл Хөхөө Намжил адуугаа уулын аманд залчихаад, нөгөө хул мориороо Монголын баруун хязгаарт нисэн очиж, ногоон торгон дээлтэй эхнэрийнхээ гэрт хоночихоод өглөө болохын хирд яг хэлсэн ёсоор нь морьнийхоо амьсгааг түр дарчихаад адуугаа туугаад очдог байжээ.
Ингэсээр гурван жил болсон боловч түүний учрыг хуучин эхнэр нь ер мэддэгүй байжээ.
Гэтэл Хөхөө Намжил нэгэн өглөө жаахан оройтсон тул мориныхоо амьсгааг дарахаа мартаж, адуугаа шууд туугаад ирэхэд нь нөгөө хардаж байсан эхнэр нь гэрээс гэнэт гарч ирээд жигүүрээ хумиж амжаагүй байсан хул морийг харангуутаа даруй эргэн орж, хайч авчраад тэр морины гуурсыг хайчлахтай зэрэг сайхан хул морь үхчихэж гэнэ.
Хөхөө Намжил мориныхоо хойноос арга буюу гашуудан харамсаж гурван сар шахам нойр хоолгүй хэвтсэний эцэст нь мориныхоо толгойг дуурайлган сийлж, морин толгойтой хуур хийгээд, түүндээ хул мориныхоо явдлыг хуурдан даржээ. Ингээд морин толгойтой хуур зохиогдсон гэдэг домогтой ажээ.


Цааш нь...

Долоон өндөгтэй доголон шаазгайн үлгэр

Эрт урьд цагт нэг доголон шаазгай долоон ногоон өндөгтэй байж гэнэ. Гэтэл нэг өдөр үнэг хүрч ирээд,
-Долоон өндөгнөөсөө нэгийг нь өгөөч би авч идье!-гэжээ. Тэгэхэд нь шаазгай:
-Би өндөгнөөсөө өгөхгүй гэж гэнэ.
-Чамайг өндөгнөөсөө өгөхгүй бол алсын газраас тоос татуулж ирээд, алтан улиасыг чинь хуга мөргөөд, аравгар өдийг чинь хуу зулгаагаад өндөгнүүдийг чинь бүгдийг нь авна даа гэж үнэг хэлж.
Шаазгай айгаад нэг өндөг өгчээ. Тэгээд нөгөө үнэг өдөр бүр хүрч ирэн урьдын адил хэлж өндгийг нь идсээр байтал ганцхан өндөг үлджээ. Тэгээд өнөөх шаазгай уйлж байж гэнэ. Тэгтэл нэг оготно гарч ирээд:
-Та юунд ингэж уйлаа вэ? – гэж асуужээ. Шаазгай хэлжээ:
-Би уул нь долоон өндөгтэй байсан юмсан. Гэтэл нэг үнэг хүрч ирээд: “Чи өндөгнөөсөө надад өгөх хэрэгтэй” гэхэд би хичнээн өгөхгүй гэвч “Чамайг өгөхгүй бол би алсыын газраас тоос татуулан ирээд, алтан улиасыг чинь хуга мөргөөд, аравгар өдийг чинь хуу зулгаана” гээд аргагүй авч явсаар байгаад одоо ганцхан өндөгтэй үлдлээ гэж оготнод хэлэв.
Оготно шаазгайд ингэж үг зааж өгөв:
-За чи одоо “өндөгнөөсөө өгөхгүй” гэж хэлээрэй. Ингэж хэлэхэд үнэг чамд урьдын адил “Алсын газраас тоос татуулан ирээд, алтан улиасы чинь хуга мөргөөд, аравгар өдийг чинь хуу зулгаана даа” гэж хэлэх биз! Ингэхэд нь чи : “Алсын газраас тоос гаргадаг туурай чинь аль вэ? Алтан улиас хуга мөргөдөг эвэр чинь аль вэ? Аравгар өдийг минь хуу зулгаах сарвуу чинь аль вэ?” гэж асуугаарай. Ингэхэд “ Чамд энэ үгийг хэн зааж өгөв?” гэх биз. Тэгэхэд нь “Би өөрөө бодон бодон бодол оров. Унтан унтан ухаан оров. Санан санан санаа оров” гэж хэлээрэй! гэжээ.
Гэтэл өнөөх үнэг хүрч ирээд шаазгайд:
-Надад үлдсэн ганц өндгөө өгөөч! гэсэнд шаазгай “Өгөхгүй” гэв. Үнэг:
-Тэгвэл алсын чинь тоос татуулан ирээд, алтан улиасы чинь хуга мөргөөд, аравгар өдийг чинь хуу зулгаана даа! гэжээ. Шаазгай асуув:
-Алсын газраас тоос гаргадаг туурай чинь аль вэ? Алтан улиас хуга мөргөдөг эвэр чинь аль вэ? Аравгар өдийг минь зулгаах сарвуу чинь аль вэ? гэжээ. Үнэг:
-Чи энэ үгийг хэнээс сонсов, хэл!-гэхэд нь шаазгай хэлсэнгүй.
-Би өөрөө бодон бодон бодол оров, унтан унтан ухаан оров, санан санан санаа төрөв- гэж хариулжээ. Үнэг хэлэв:
-Хэн зааж өгснийг хэлэхгүй бол би чамайг үнэгний арван гурван мэхээ хэрэглээд бариад идлээ! гэж сүрдүүлсэнд шаазгай аргагүй болж айхдаа:
-Тэр нүхэнд байдаг оготно зааж өгсөн гэжээ. Тэр үнэг өнөөх оготны нүхний амсар дээр очоод оготныг дууджээ. Оготно хариу хэлжээ.
-Одоо би хогоо цэвэрлэж байна гэв. Гэтэл үнэг хүлээж байгаад бас дахин дууджээ. Оготно:
-Би толио арчиж байна гэжээ. Үнэг хүлээж байгаад бас дахин дууджээ. Тэгэхэд нь оготно толгойгоо цухуйлгаж гэнэ. Тэгэхэд нь үнэг:
-Толгой нь ийм хөөрхөн байгаа юм, цээж нь ямар хөөрхөн бол? гэхэд нь нөгөө оготно цээжээ гаргажээ. Гэтэл үнэг:
-Цээж нь ийм хөөрхөн байгаа юм, бөгс нь ямар хөөрхөн бол? гэжээ. Тэгэхэд оготно бөгсөө гаргажээ. Гэтэл үнэг:
-Бөгс нь ийм хөөрхөн байгаа юм, сүүл нь ямар хөөрхөн бол? гэсэнд оготно сүүлээ гаргажээ. Үнэг хэлэв:
-Ийм хөөрхөн биетэй юм хадан дээгүүр бөг бөг гүйх нь яасан хөөрхөн бол? гэсэнд оготно бөг бөг гүйх гэтэл үнэг үмхээд авчээ. Оготно ингэж хэлжээ:
-Чи “өмөр өмөр” гэж идвэл өмхий байдаг юм шүү. “Ангар ангар” гэж идвэл амттай байдаг юм шүү! гэсэнд үнэг оготны хэлсэн ёсоор “ангар ангар” идэх гэтэл амнаасаа оготныг алдаад гаргачихжээ.


Цааш нь...

Сүүлэн хүү

Эрт урьд цагт эмгэн өвгөн хоёр амьдран сууж байжээ. Эмгэн нэг өдөр ямаагаа хариулж яваад тургиж орхижээ. Гэтэл нэг ямааныг сүүлийг тас тургичихсан байв гэнэ. Эмгэн үүнийгээ өвгөндөө хэлэлгүй нуугаад сүүлээ гэрийнхээ цавагт хийгээд орхижээ.
Түүнээс хойш олон хоног өнгөрчээ. Нэг өдөр эмгэн сүүгээ юүлээд тогоогоо хусах зуураа “Иш чааваас, хусам идэх хүүтэй болоосой” гэж хэлсэнд “Би яагаав” гээд сүүл шиг бяцхан хүү ороод иржээ. Эмгэн тэр хүүд хусмаа өгөөд “Хүүтэй боллоо” гэж их баярлан орой өвгөнөө ирэхээр баяр хөөр болон хэрхэн яаж хүүтэй болсон тухайгаа ярьжээ.
Өвгөн бас баярлан хүүгээ үнсжээ. Ингээд хүүдээ Сүүлэн хүү гэж нэр өгөөд гурвуулаа амьдран суудаг болов. Сүүлэн хүү том болж, малаа хариулж чаддаг болов.
Хүү нэг орой малаа хотлуулж байтал хоёр танихгүй хүн хүрч ирээд Сүүлэн хүүг “Гурвуулаа энэ шөнө хааныхаас юм хулгай хийе” гэхэд хүү зөвшөөрөн малаа хотлуулчихаад хамт явжээ. Шөнө орой болж амьтан хүн унтаад нам гүм болохоор хоёр хулгайч Сүүлэн хүүг “Чи яваад хааны үхэр дотроос хүрэн шарыг нь бариад ир” гэв. Хүү “За” гээд явжээ.
Хааны үхэрт ороод “Том хүрэн шарыг нь авах уу, жижиг хүрэн шарыг нь авах уу?” гээд хашгирч орхисон чинь хааныхан “Үхэрт хулгай орлоо, наана уу цаана уу, буу шийдэм нохой шувуу” болж гэнэ. Энэ үеэр Сүүлэн хүү нэг үхрийн чихэнд ороод нуугдав. Чимээ анир намдахаар Сүүлэн хүү том хүрэн шарыг нь хөтлөөд явжээ.
Шараа алах гэтэл тэр гуравт сүх байсангүй.
Сүүлэн хүүг “Чи явж сүх олж ир” гэжээ. Сүүлэн хүү явж хааны түлээнд ороод “Том сүхийг нь авах уу, жижиг сүхийг нь авах уу” гээд хашгирсан чинь хааныхан “Түлээнд хулгай орлоо, наана уу цаана уу буу шийдэм, нохой шувуу” болжээ.
Энэ дарвианаар Сүүлэн хүү холтсон дотор ороод нуугджээ. Чимээ анир намдахаар нь том сүхийг нь аваад явжээ.
Гурвуулаа шараа алаад хуваах болов.
“За Сүүлэн хүү чи юуг нь авах вэ?” гэж нөгөө хоёр нь асуухаар Сүүлэн хүү “Би гүзээ, сүүл хоёрыг нь авъя” гэж хэлээд түүнийгээ аваад яваад өгчээ. Сүүлэн хүү тэр хоёр хулгайчийн буцах замыг отож очоод гүзээгээ үлээж хийлчихээд сүүлнийхээ хялгасаар амыг нь уячихаад “Чи хэн хэнтэй цуг хулгай хийв, хурдан хэл, хэлэхгүй юу чи, аа тийм үү. Яасан задарсан тархи вэ?” гэж худал дүрэмдэн ясан сүүлээр нь үлээсэн гүзээгээ пад пад ороолгож байжээ.
Түүнийг хоёр хулгайч сонсоод “За, Сүүлэн хүү хааныханд баригдчихаж, аягүй бол бид хоёрыг барьж магадгүй” гэж айгаад тэр хоёр авсан хамаг махаа хаа гуяар нь ийш тийш нь хаяж цацаад сэм яваад өгчээ.
Тэр хоёрыг явсан хойгуур Сүүлэн хүү бүх махыг нь цуглуулж аваад бүхэл үхрийн махтай гэртээ харьжээ.
Сүрхий Сүүлэн хүүгийн чимээгээр хаан нэг өдөр түүнийг үзэхээр гэрт нь иржээ. Сүүлэн хүү хааныг тосож морийг авч уянгаа мориных нь хамрыг сэт татжээ. Үүдээ өргөж оруулангаа малгайных нь отго жинсийг авч, олбог дэвсэж өгөнгөө гутлынх нь улыг ханзлаад авчихжээ.
Хаан тэднийд цай хоол ууж идээд явах болж, тэгэхээр нь хүү “Та хаан хүн байтлаа юунд улгүй гутал, отгогүй малгай, сэтэрхий хамартай морь эдлэж явдаг юм бэ?” гэж асуухаар нь хаан Сүүлэн хүүд чадагдсандаа шаралхаж “Сүүлэн хүү чи тийм айхавтар юм бол миний хатны эрдэнийн алтан бөгжийг өнөө шөнө аваад орхи” гэжээ.
Сүүлэн хүү “За тэгье” гэжээ. Хаан гэр рүүгээ яваад өгч, харуй бүрий болохын үеэр Сүүлэн хүү хааныд очоод тоононых нь цамхагт нуугдаж суугаад хараад байж.
Орой болж хатан унтахдаа эрдэнийн алтан бөгжөө амандаа үмхээд унтлаа. Өмнүүр нь хаан өөрөө хэвтлээ. Хоймортоо хоёр лам, баруун талдаа хоёр сайн зарцаа, хатныхаа хөлд аягачин, шивэгчин хоёроо унтуулаад хоёр хатавчаа зэс гуулин хошуутай хоёр шулмаараа сахиулаад гадаа үүдэндээ Хасар Басар хоёр нохойгоо уяж түүний цаахан талд нь хайрдаг, хаздаг хоёр буураа уяад эд бүгдийг сонор соргог байхыг чандлан захиад орхижээ. Сүүлэн хүү эд бүгдийг мэдсэнийхээ дараа шөнө дундын эхэнд шүлэг нойрны үеэр хааны хоттой хонинд орж нэг хээлтэй эм хонь алж аваад хоёр хормой хужир хормойлоод хааны өргөөний үүдэнд очив.
Хайрдаг хаздаг хоёр бууранд нь хоёр хормой хужир шорвогоо тавьж өгчээ. Хасар Басар хоёр нохойд нь хониныхоо махыг цээж бөгсөөр нь хувааж өгөөд өргөөнд нь оржээ. Зэс гуулин хошуутай шулманд нь уушги зүрхийг нь нэг нэгээр нь өгсөнд үг дуугүй аваад дув дуугүй байж гэнээ.
Хоёр зарцынх нь өвөрт алсан хониныхоо чацга баасыг нь хийж аягачин шивэгчин хоёрынх нь өвөрт дутуу улаан хургыг нь өвөртлүүлжээ. Хоёр ламын толгойг сэмжээр нь ороогоод хааны өөрийнх нь өвөрт хоёр бөөрийг нь хийчихжээ. Хамгийн сүүлд хатны аманд цөсий нь хийнгээ хагалчихжээ.
Хатанд цөс амтагдахын хамт “Аах түй, паах пөөх” гээд л огилтондоо эрдэнийн алтан бөгжөө гаргачихаар нь Сүүлэн хүү бөгжийг нь аваад гэр дээр нь гараад тоононых нь цамхагт нуугдан суув. Хатан “Хаан гуай, хаан гуай! Сүүлэн хүү алтан бөгж аваад явчихлаа” гэв.
Хаан сэрээд босох гэтэл хоёр тал руу нь хүйтэн юм унахаар нь үзсэн хоёр бөөр нь байв гэнэ.
Хаан “Миний хоёр бөөр сугарчихаж, би босож болохгүй байна” гэв.
Хатан хоёр ламыг сэрээсэнд хоёр лам “Байзаарай, байзаарай. Банзал цамц толгойд орооцолдчихоод босож болохгүй байна” гэжээ.
Хатан хоёр зарцаа “Босоорой” гэсэн чинь “Хөөе чи юу, би юу, би биш, чи чацга алдчихаж. Би биш, чи чацга алдчихаж” гэж хэрэлдээд байжээ.
Хатан “Алтан бөгж яадаг билээ. Аягачин шивэгчин хоёр бушуулаарай” гэсэн чинь “Чиний хүү юу, миний хүү юу? гэж маргасаар хурдан хөдлөж өгсөнгүй.
Хатан “Зэс гуулин хошуутай хоёр шулмаа, хурдан бушуу яваад алтан бөгж олоод ир” гэсэн чинь “Чи зүрх идсэн, би уушги идсэн. Чи яв! “Үгүй, чи яв” гэж хэрэлдээд хөдөлсөнгүй. Хатан ихэд тэвдэн “Алтан бөгж.... Хасар Басар хоёр нохой туу туу” гэхэд “Би цээж идсэн, чи бөгс идсэнээрээ яв” “Үгүй, цээж их махтай байдаг. Чи яв” “Сүүтэй ууц идсэнээрээ чи яв” гэж хар хур хэрэлдээд явж өгсөнгүй.
Хатан “Хайрдаг хаздаг хоёр буур минь яваарай. Сүүлэн хүү бөгж аваад явчихлаа” гэхэд “Чи гадаад хормойгоор хужир идсэнээрээ яв. Би дотоод хормойгоор шороо идсэн юм чинь яаж явдаг юм”.
“Үгүй, чи яв” гэлцээд аль нь ч явсангүй. Хатан хий бухимдан аль ч үгүй ангайж хоцрох энэ завшаанаар Сүүлэн хүү гэртээ харьж ид шидтэй эрдэнийн алтан бөгжийг аав ээж хоёртоо аваачиж өгөөд амар сайхан жаргажээ.


Цааш нь...

Царцаа Намжил

Эрт урьд цагт Царцаа Намжил гэж нэг тэнэг хүн байжээ. Царцаа Намжил сүм хийдэд сууж, гурван жилийн турш ном заалгасан боловч юу ч сурсангүй тэнэг мангуу хэвээр байсан тулд нэгэн өдөр багш нь Царцаа Намжилд “Нутагтаа буц” гэж хэлжээ.
Царцаа Намжил “Багш минь хүрээ хийдэд гурван жил сууж ном үзсэн хүн гэхэд маани ч уншиж суралгүй буцах даанч ичгэвтэр байна. Иймд та надад одоо ганцхан ном л заагаад өг. Би замдаа уншсаар яваад харьтлаа заавал сурья” гэжээ. Тэгээд багш нь “Би чамд одоо ямар ч ном заахгүй. Замдаа тохиолдсон бүгдийг ажиглан харж тогтоогоод явбал тэр чинь чамд сайнаас сайн эрдэм болно биз дээ” гэжээ.
Тэгээд Царцаа Намжил л хөдсөн дээлээ хөөргөн бүслэж хөмөн гутлаа тахлан өмсөөд амандаа унших ганц ч маанигүй алсын замд гараад явжээ.
Яваад л байж, яваад л байж явсаар байтал замд нь нэг том хар шувуу өндөр модон дээр суугаад “увааг- увааг” гэж дуугарч байжээ. Түүнийг хараад багшийн нь захисан үг санаанд нь ороод мань хүү “Бараан шувуу вааг вааг вааг” гээд уншаад явжээ.
Тэгж явтал урдуур нь хоёр зээр давхиад өнгөрчээ. Түүнийг хараад “Хоёр зээр жоорон жоорон” гээд л уншаад явжээ. Тэгж явтал замд нь хоёр хулгана нүхнийхээ аманд суучихаад шороо малтаж байжээ. “Хоёр хулгана газар малтаад бувс бувс” гэж тогтоож авч. Тэгж явтал нэг гахайн мах ачсан хятад худалдаачин дайралджээ. Царцаа Намжил ихээхэн өлсөж явсан учир гахайн тарган мах үзээд арааны нь шүлс асгарч авахыг хүссэн боловч хятад хэл мэдэхгүй учир мах ямар үнэтэй болохыг дэмий л дохиогоор асуусанд худалдаачин хятадууд хариуд нь хоёр гараа урагш сунгаж, урдуур нь нийлүүлэн ямар нэг юмыг тэврэх мэт салаавчлаад дараа нь алдлаж, дараа нь эрхий хуруугаа гозойлгожээ. Энэ нь “Бүдүүнээрээ хүний тэвэрт багтмааргүй тарган, уртаараа алд ийм сайхан мах байна. Авбал сайн, авахгүй бол муу” гэсэн дохио байсан боловч Царцаа Намжил учрыг нь ойлгосонгүй. Харин уул дохиог яг л дуурайж дохиж чаддаг болоод цааш явжээ. Яваад л байж, яваад л байж. Явсаар байтал нэг баян хааных байжээ. Тэднийд Царцаа Намжил очиж гэнэ. Хааныд нутаг ус, хэрэг зоригоо ярилцаж суутал Царцаа Намжилыг хүрээнд гурван жил суусан хүн гэдгийг хаан сонсоод “Лав их номтой мэргэн түргэн хүн байх” гэж бодоод хатныхаа хулгайд алдсан алтан бөгжийг олуулахаар шийдээд мэргэлж өгөхийг гуйжээ.
Царцаа Намжил маш их өлсөж ядарч явсан тул “Нэг сайн цадаж аваад үхье” гэж бодоод мэргэлэхийг зөвшөөрчээ. Тэгээд хаанд хэлсэн нь:
“Та нэг гэр бариулаад дотор нь янз бүрийн амттан, таван тансаг идээ зоог бэлтгэ. Би тэнд гурван хоног сууж мэргэлнэ. Дөрөв дэх өдрийн өглөө л та тэнд орж бөгжөө асуугаарай” гэжээ.
Хаан ч ёсоор болгож гэнэ. Царцаа Намжил ч тусгай бэлдүүлсэн гэрт орж, хоол унд идэж ууж гэдэс гарч авсан гэнэ. Тэгээд “За одоо яадаг билээ” гэж бодож байгаад нөгөө багшийн захисан үг санагдаж улмаар үзсэн юмаа бодоод “Бараан шувуу вааг вааг” гээд л уншаад хэвтэж байжээ.
Тэр орой нь хаан зүүн гарын түшмэлээ дуудаж ирүүлээд “Мэргэн ламын гэрийн гадаа очиж чагнаад тагнаад түүний юү хийж байгаагий нь мэдээд ир” гэж тушаал өгөөд явуулжээ. Түшмэл нь ламын гэрийн гадаа ирж гэр даруулсан чулуун дээр нь суунгуут чагнасан чинь “Бараан шувуу вааг вааг” гээд л юм яриад байх шиг болж гэнэ.
Түүнийг сонссон түшмэл “Бараан шувуу гэж энэ лам намайг л ирж суусныг мэдээд хэллээ дээ” гэж бодоод бушуухан буцаж ирээд хаандаа ламын хэлсэн үг, өөрийнхөө бодсоныг хэлжээ.
Маргааш нь хаан мөн л “Тэр лам юу хийж байгааг мэдэж ир” гээд хатан охин хоёроо явуулжээ. Хатан охин хоёр нь ламын гэрийн гадаа сэмхэн гэтэж ирээд чагнахад нь лам “ Хоёр зээр жоорон жоорон” гээд л юм ярьж байсан тул тэр хоёр өөрсдийгөө хэлэв гэж бодоод бушуухан буцаж ирээд юу болсныг хаандаа хэлэв.
Тэгэхэд хаан баруун гарын түшмэлээ дагуулаад өөрөө ламын гадаа очоод чагнаад хэсэг суужээ. Лам чимээгүй л байж гэнэ. Тэгээд хаан түшмэл хоёр “Энэ лам үнэхээр л мэргэн юм бол бид хоёрын гадна ирснийг лав мэдмээр юм. Дуугүй байгааг нь үзвэл юм мэддэггүй амьтан бололтой. Өчигдрийн тагнахаар явагсад худал хэлснээс зайлахгүй нь” гэж газар дээр хуруугаараа бичиг бичилцэн ярьж байтал гэнэт ламын дуу огцом чанга сонсдож “ Хоёр хулгана газар малтаад бувс бувс” гээд л ярьж эхэлж гэнэ. Хаан ч түшмэлээ дагуулаад санд мэнд л буцжээ. Маргааш нь гурав дахь үдэш нь болж Царцаа Намжил ч сандарч эхэлж гэнэ. Замдаа ажиглаж тогтоосон хэдэн үгээ уншчихсан. Хэлэх хийх юмгүй шиг санагдсан тул хонин тогоо дүүрэн түүхий гурил усанд зууруулж дээрээс нь гурван шанага давс хийж шорвог түүхий зутан бэлтгээд түүнийгээ ууж гэдсээ хөөлгөж үхэхээр шийдэж гэнэ. Тэгээд нэг тогоо шорвог зутан уугаад хэвтсэн чинь гэдэс нь дүүрээд тогоон чинээ том болжээ. Амь тэмцээд гэдсээ маажаад л “Цүдийсэн муу хог минь ээ, чи маргааш өглөө наад цүдгэрээ хагалуулахаа мэдэж байна уу?” гээд л тас хийтэл алгадаж өөрийгөө занаад аргаа барж байж гэнэ. Яг энэ үед хааны хатны бөгжийг хулгайлсан бие жирэмсэн зарц хүүхэн гэрийн нь гадаа ирж чагнаж байсан тул дээрх үгийг өөрийгөө хэлж байна гэж бодоод мэргэн ламаас өршөөл гуйхаар орж түүнд хамаг үнэнээ тоочин өршөөхийг гуйжээ.
Царцаа Намжил тэр хүүхнээс хатны бөгжийг аваад хэлжээ.
“Би өөрөө ядуу доод хүн болохоороо ядуусыг өрөвддөг юм. Чамайг хулгайлсан гэж хэнд ч хэлэхгүй. Хойшид харин хулгай битгий хийгээрэй” гэжээ.
Маргааш өглөө нь хаан бөгжөө асуухаар ламын гэрт орж ирэхэд Царцаа Намжил бөгжийг өгчээ. Хаан ихэд баярлан мэргэн юм гэж итгээд зэргэлдээ хошууныхаа хорин жил ном бясалгаж даяан хийсэн лам нартай ном хаялцхыг гуйжээ. Лам ч нэгэнт итгэгдсэндээ баригдаад аргагүй зөвшөөрч гэнэ.
Ном хаялцахаар хааныг дагаад нөгөө хошуунд очиход тэр хошууны хааных “Алдарт эрдэмтэй номтой лам ирнэ” гээд тусгай гэр бариулан бэлтгэчихсэн байжээ. Мань тэнэг тэр гэрт ороод л идэж уугаад л сууж байж гэнэ. Тэгтэл тэр хошууны хамгийн их номтой гурван лам эхлэн ном хаялцахаар гэрт ороод иржээ. Царцаа Намжил хэлэх ч үг олдсонгүй дэмий л нөгөө хятадаас сурсан дохиогоо хийж үзүүлж гэнэ. Тэгсэн чинь тэр гурван лам нэг ч үг хэлэлгүй гараад явчихжээ. Хаан нь “За та гурав цаадахыгаа харав уу? Хэр номтой лам байна даа” гэсэнд тэр гурав хэлсэн нь:
“Хаантан минь тэр чинь бид мэтийн банди нартай ном хаялцахаар хүн биш юм байна. Биднийг оронгуут л “Дэлхий ямар хэмжээтэй вэ?” гэж гараа дугуйлаад “Алдхан биеэрээ дүүрэн ном сурсан уу даа та нар?” гэж алдлаад л “Мэдвэл сайн” гэж эрхийгээ, “Мэдэхгүй бол муу” гэж чигчийгээ гозойлголоо” гэжээ. Тэгээд Царцаа Намжилтай ном хаялцахыг хэн ч зүрхэлсэнгүй. Түүний бүрэн ялалт болж хаантайгаа буцжээ.
Тэгээд удалгүй Царцаа Намжил орон нутагтаа буцах болж хаан ч бэлэг сэлт элбэг дэлбэг өгчээ. Өөрийн нь нутгийн зах хүртэл үдэж ачаа бараатай нь хамт явахаар хаан шийджээ. Тэгээд тэнэг хүү бэлэг барьцанд авсан ачаа бараагаа хөтлөөд хаан ард нь үлдэсхийж шээж суужээ. Намар цаг юм санж. Хааны дэргэд нэг царцаа ирээд буухад нь хаан барьж авах гээд чадсангүй. Дахин буухад нь дайраад дутуу барьж аваад алдчихжээ. Дахин буухад нь дайрч барьж аваад атгасан тэр чигээрээ мориндоо мордож давхин ирээд ламаас асуужээ:
“За ламтан минь, миний гарт юу байгааг та мэргэлж айлд” гэжээ.
Царцаа Намжил яах ч аргагүй болоод бүх үнэнээ хэлэхээр шийдэж
“Царцаа Намжил нэгдэх удаагаа баригдсангүй. Хоёрдахь удаагаа бараг баригдах шахсан. Гурав дахь удаагаа ч одоо аргагүй баригдлаа. Үхээ биз” гэхэд хаан ламын нэрийг мэддэггүй байсны дээр Намжил гэдэг үгийг урьд сонсоогүй тулд:
“Нээрэн л тийм дээ ламтан минь. Би яг л гурав дахь удаагаа арай гэж барьсан юм. Одоо үхсэн нь ч үнэн байна” гээд өнөөх царцаагаа гаргаж хаяж гэнэ. Тэгээд Царцаа Намжил орон нутагтаа очиж үнэн цагаанаараа амьдарч амар сайхан жаргажээ.


Цааш нь...