Өнхрүүш(Орос)

Өвгөн эмгэн хоёр амьдран суудаг байжээ. Өвгөн нэг өдөр:
-Эмгээн өнхрүүш боов хийгээч гэхэд эмгэн нь:
-Гурил байхгүй юугаар хийх билээ дээ.
-Ээ эмгэн минь авдрын ёроол шавхавал атга гурил гарна. Савны ёроол шавхвал шанага гурил гарна.
Эмгэн авдрынхаа ёроолоос атга гурил, савныхаа ёроолоос шанага гурил олоод өрөмтэй сүүгээр зуурч өнхрүүлж элдэж хийгээд өтгөн тосонд хайрч өнхрүүш боов хийгээд хөргөөх гээд цонхон дээрээ тавьжээ... Гэтэл өнхрүүш боов гэнэтхэн хөдлөөд цонхноос тавцан дээр, тавцангаас шалан дээр буугаад хаалгаар гаран хашаагаар дамжин зугтжээ. Түүнийг замаар өнхөрч явтал туулай тааралдаад:
-Ямар сайхан боов бэ. Одоо чамайг иднэ дээ.
-Дэлдэн туулай минь намайг бүү идээч. Би чамд дуу дуулж өгье.
Авдрын ёроолоос авсан
атга гурилаар хийсэн,
савны ёроолоос авсан
шанага гурилаар хийсэн,
өрөмтэй сүүгээр зуурсан,
өтгөн тосонд чанасан,
өвгөн эмгэн хоёроос
өөрийн чадлаар зугтаасан,
дэлдэн туулай чамаас
дэгдэн зайлж чадна гээд өнхрөн явтал чонотой тааралджээ.

-Өнхрүүш боов чамайг одоо би иднэ дээ.
-Чоно гуай чоно гуай намайг бүү идээч би танд дуу дуулж өгье.

Авдрын ёроолоос авсан
атга гурилаар хийсэн,
савны ёроолоос авсан
шанага гурилаар хийсэн,
өрөмтэй сүүгээр зуурсан,
өтгөн тосонд чанасан,
өвгөн эмгэн хоёроос
өөрийн чадлаар зугтаасан,
дэлдэн туулайг тааралдахад
дэгдэн зайлж чадсан
өлөн чоно чамаас
өнхрөн зугтаж чадна гээд өнхрөн явтал баавгай тааралджээ.
Ямар сайхан боов бэ? Яг одоо иднэ дээ.

-Баавгай ахаа та намайг бүү идээч. Би танд дуу дуулж өгье.

Авдрын ёроолоос авсан
атга гурилаар хийсэн,
савны ёроолоос авсан
шанага гурилаар хийсэн,
өрөмтэй сүүгээр зуурсан,
өтгөн тосонд чанасан,
өвгөн эмгэн хоёроос
өөрийн чадлаар зугтаасан,
дэлдэн туулайг тааралдахад
дэгдэн зайлж чадсан
өлөн чоно чамаас
өнхрөн зугтаж чадсан
майга маахай чамаас
магад зугтаж чадна гээд өнхрөн одоход баавгай барааг нь хараад хоцорчээ.
Түүнийг цаашаа явж байтал зальт шар үнэг тааралдав.
-Амттай сайхан боов байна. Алив одоо идье.
-Үнэг эгч минь намайг идээд яах вэ. Үнэхээр сайхан дуу дуулж өгье.
Авдрын ёроолоос авсан,
Атга гурилаар хийсэн,
Савны ёроолоос авсан
Шанага гурилаар хийсэн,
өрөмтэй сүүгээр зуурсан,
өтгөн тосонд чанасан,
өвгөн эмгэн хоёроос
өөрийн чадлаар зугтаасан,
дэлдэн туулайг тааралдахад
дэгдэн зугтаж чадсан,
өлөн чонотой учирсан ч
өнхрөн зайлж амжсан,
майга баавгай тааралдахад
мадаггүй зугтаж чадсан,
зальт үнэг чамаас
зайлж бас чадна гээд өнхрөн одох гэтэл зальт шар үнэг:
-Ямар сайхан дуу вэ? Даанч эгч нь нас хөгшрөөд чих хатуутай болсон тул сайн сонсож чадсангүй. Алив чи хоншоор дээр минь гараад ахиад нэг дуулаад өгөөч гэхэд өнхрүүш хоншоор дээр нь үсрэн гараад нөгөө дуугаа дуулж дуустал үнэг түүнийг ганцхан хм гээд идчихжээ.

5 Сэтгэгдэл:

  1. Anonymous Says:

    uulen bor bol bur ch heleltguildee, hogshirson ch gsn nugasguishd kkk, amjilt

  2. Seren Says:

    za

  3. Unknown Says:

    copy hiideg bolgoochdee

  4. Unknown Says:

    за шаалдаа

  5. Unknown Says:

    болж л бна ш дээ сугаа