Амралт

Эрхэм уншигчид аа,

Зуны амралт эхэлсэн тул 8 дугаар сарын сүүлч хүртэл бичлэг нэмэх боломжгүй болж байгаадаа хүлцэл өчье.


Цааш нь...

Тарваганы ичээнд өвөлжив.

Би тэр жилийн нэгэн намар Тэргэл, Хорголын нуруунд гарч тэх, янгир, тэмээн гөрөөс хүртэл агнаад “Тарвага ичээнд орохоос өмнө бас нэг хэдийг агная” гээд ууланд гарч ирээд өдий төдий тарвага агнаад буцах болж байлаа. Унаж, ачиж явсан морь тэмээндээ олсон ангаа ачаад гэрийн зүг явахаар чөдөртэй морио эрээд гарлаа. Тэгтэл морь маань олдсонгүй.
Би эзгүй хээр хоол унд ч үгүй бүтэн хоног яваад хөл чилж ядарсан учраас цаашаа явах аргагүй болоод байтал гүвээний цаана гүп гап, гүп гап гэх чимээ гарав. “Аз болоход айлын бараа харах нь байна. ... Баян айл эсгийгээ хийхээр ноосоо саваадаж байхад нь буучих нь байна. Очиж аяга цай олж ууя” гээд гүвээгээр давж очтол юуны нь баян айл байхав. Харин олон тарвага ноохойгоо саваадаж байхад нь таарчихав. Тэд нар намайг хармагцаа
“Ээ ашгүй Сэнгээ гуай ирлээ” гээд л баярлацгааж надад уурга шиг урт цагаан саваа бариулаад орхив. Би угаасаа ноос саваадахдаа гарамгай хойно доо хэдхэн цохиод л хөвсийлгөж орхив.
Тарваганууд надад домбо домбо цай, гүзээ гүзээ тос авчирч барив. Би ядарч явсныг хэлэх үү, цай ууж хөлс гоожоод ядаргаа гарахын хамт л хангинатал эвшээгээд нойр хүрч эхлэв. Тэгээд ядарсандаа болоод би тэндээ нам унтчихсан юм байжээ. Тарваганууд намайг ичээндээ оруулаад хучиж орхисон байв. Би ч дулаахан хучлаган дотор унтаад л байлаа, унтаад л байлаа. Нэг мэдэхэд тарваганууд намайг зүг зүгээс чангаан
“Сэнгээ гуай! Сэнгээ гуай, босох боллоо! Босох боллоо!” гээд дуудах шиг болов. “Юу билээ?” гээд босоод гарсан чинь хавар болж ногоо соёолж байхыг харав. “Яагаад энэ билээ?” гээд бодтол би тарваганы ичээнд өвөлжөөд хавар болоход сая босч байснаа мэдэв. Харин ч нэг сайхан унтаж өвөлжсөн билээ” гэхэд Дархан хаан эвшээлгэн “Тарвага та хоёрын унтахыг бодохоос нойр хүрч байна хөө, Далан худалч минь хагасыг нь маргааш ярь” гээд орондоо орж нойрсов. Би ч амар сайхандаа жаргаж хонов.


Цааш нь...

Тогоо яаж жалавчийг төрүүлсэн бэ?

Бэлэн Сэнгэ нэг харамч баян айлаас том тогоог нь гуйж аваад махаа чанаж дуусаагүй байтал харамч баян тогоогоо авчруулахаар зарцаа явуулжээ.
Бэлэн Сэнгэ “Баяны хонин тогоо манайд ирээд жалавч төрүүлж гаргалаа” гэж хэлээд тогоогий нь өөрийнхөө жалавчтай өгч явуулжээ. Шунаг харамч баян жалавчийг дуугүй л авчээ.
Дараа нь бас нэг өдөр Бэлэн Сэнгэ харамч баянаас том тогоогий нь гуйж аваад эргүүлж өгөлгүй нүүгээд явжээ. Гэтэл харамч баян хойноос нь хөөж ирээд тогоогоо нэхэхэд нь ...
“Танай тогоо манайд ирээд нас барсан” гэж Бэлэн Сэнгэ хэлжээ. Тэгэхлээр нь харамч баян уурлаж “Тогоо нас барна гэдэг юу гэсэн үг вэ?” гэхэд
“Төрсөн тогоо үхэж болно шүү дээ” гэж Бэлэн Сэнгэ хэлээд харамч баяныг хэлэх үгүй болгожээ.


Цааш нь...

Тарган ооно алав.

Би урьд нэг намар говь нутагт ан гөрөө хийж явлаа. Тэгээд талд явж байсан чинь олон тарган ооно таарлаа шүү. Хөөрхий би ч яахав дээ! Сэмээрхэн гэгч нь мярайж очоод буудаад л тавьчихлаа. Ооно ч унаж л харагдана. Би ер нь буудчихаад нэг их яарч гүйж энэ тэр гэдэггүй юм л даа. Тэгээд аажуухан алхаад очтол өнөө ооно чинь гэнэт босоод л давхих нь тэр, яахав дэмий нэг шийрдэж аваад л алдлаа. Гайхаад унасан газрыг нь харсан нэг бөөн хар юм хэвтэнэ шүү. “Юу байдаг билээ?” гээд үзтэл өнөөх чинь гэдсээ хаячихаад давхиад явчихсан байхгүй юу, тэгээд л яахав дээ нэг сайхан тарган гэдэстэй болоод гэртээ харилаа. ...
Хойт жил нь өнөөх газраараа бас гөрөөлж явсан хөөрхий олон зээрний дунд нэг зэгзгэр сайхан шаргал ооно явж байна шүү. Баярласан ч гэж яриад яахав, буун харайгаад л бушуухан гээч нь салхий нь дэрлэж очоод буудаад л тавьчихлаа. Ооно ч үсрээд л явчихлаа. Алхаж очоод өнөөхийгөө үзсэн чинь тарган гэдэг нь жигтэйхэн. Тэгээд хэвлийгий нь яраад орхисон чинь гэдэсгүй юм. “Яасан хачин хэрэг билээ?” гээд үзсэн чинь улаан хоолой хошного хоёр нь зөрөөд эдгэсэн байхгүй юу.
“Яагаад энэ билээ?” гээд бодсон чинь өнөө миний ноднингийн буудсан ооно яг мөөн. Тэгж би нэг тарган ооно унагаж пологтох шахаж билээ.
“Гэдэсгүй ооно чинь гэдэстэйгээсээ илүү таргалдаг юм байдаг шүү” гээд ярьж суутал эхнэр нь гаднаас орж иржээ. Тэр хүний эхнэр нөхрөө “Худал хэлдэг” гэж зэмлэх тул эхнэрээсээ эмээдэг байжээ. Тэгээд эхнэрээ ороод ирэхээр цааш худал ярих аргагүй болохдоо хүний араар орчихоод “Сарьсан хамар дээрээ гурван хуруу өөхтэй байсан шүү” гээд мөрөн дээгүүр нь гурван хуруугаа гозойлгож байсан гэнэ.


Цааш нь...

Өлссөн чонотой тохиолдсон нь

Би өнгөрсөн намар хонь хариулж явахдаа хонь чоно хоёрыг хоёуланг айхтар сайн хариулдаг байлаа. Намайг угаасаа хашир хоньчин гэдгийг чоно гуай мэдээд “Яасан ч үүний хониноос авч чадахгүй, хоосон горьдсонд орвол Далан худалчаас үнэнээ хэлээд гуйя” гэж шийдсэн бололтой.
Тэр нэг гуриатсан чоно над дээр шулуухан хүрч ирээд ийн өгүүлрүүн:
“Далан худалч гуай минь ээ! Би гэдэг амьтан тун тэсэхээ байлаа. Та над өршөөж нэг хонь хайрлаач ээ!” гэж гуйлаа. ...
Би буугүй явсандаа ширүүлж чадсангүй арга ядахдаа ийн өгүүлэв:
“Хэрэв чи надад зуун удаа ташуурдуулбал нэг хонь өгч болно” гэлээ. Тэгтэл өнөөх чоно маань “Хонь л олдвол зуу ташуурдуулах ч яахав” гэж ам гарав. Тэгэхлээр нь тэр чоныг модноос хүлж байгаад сүүлнээс нь бариад л ташуурдаж гарлаа. Би хорсохдоо түүнийг тоогүй олон ташуурдсан байлгүй яахав, нэг мэдэхэд өнөөх чононы маань нүцгэн бие нь арьснаасаа мулт үсрээд л гаслан гангинасаар жилийж одов.
Би завшаанд нь сайхан арьстай болж үлдлээ. Удсангүй өнөөх арьсгүй чоно маань дахин хүрч ирээд л
“Далан худалч дархан Сэнгээ минь ээ! Өчүүхэн намайг өршөөж хайрла! Би чинь сүйд боллоо, надад арьсыг минь өгч үз” гэж гуйв.
“За тэгвэл чи надад махнаас бүрмөсөн гарна гэж андгайл! Тэгвэл нэг хонь өгье” гэж хэлэхэд өнөөх чоно “Махнаас гарч үхсэнээс арьсгүй явж үхсэн нь дээр гэсэн юм даа” гэхэд Дархан хаан
“Хөөрхий буян болог! Тэр муу чоныг тэгж зовоогоод яахав, арьсыг нь өгчих байж дээ!” гэв.
“Тэгвэл ноёнтон та над хэргэм тушаалаа өгчих л дөө! Танд буян болог!” гэв.
“Юу гэнээ хөө! Тэнгэрийн зарлигаар заяасан төрийн хэргэмийг чамд бас өгөх үү? Задарсан муу нохой даварч байна шүү” гэж зандрав.
“Тэгвэл тэр чоно арьстай ч тэр, арьсгүй ч тэр заяасан юм гээд л хонийг минь идсээр байх болно шүү дээ!” гэхэд Дархан хаан
“Заяа заяагаараа болог, цааш нь ярь” гэв.


Цааш нь...