Иван баатрын тухай үлгэр(Орос) - II хэсэг

~I хэсэг~

Явж байтал нэг байшин дайралдаж гэнэ. Хашаагаар нь дүүрэн олон шар бэлчих боловч байшинд хүн алга байна гэнэ.
- Эзэнгүй энэ байшинд сууж эргэн тойрных нь газрыг самнаж үзье. Эхлээд зүүн талыг, дараа нь урд, баруун талыг, сүүлд нь хойд талыг самнан явж үзье. Хааны охидыг хулгайлагчийн мөр хаа нэг газар дайралдах биз! гэж Иван баатар хэлэв. Ингээд бүгдийн санаа нийлэв....
- Царс, чи өнөөдөр үлдээд үдийн ундаа хий. Бид нар зүүн талыг явж үзээд ирье гэж Иван Баатар хэлэв.

Царс баатар үлдээд таван том шар алж чанажээ. Тэгээд цонхоор харан «Тэд нар яагаад удаад байна. Хоол нь хөрөх нь» гэж бодоод сууж байтал гэнэт Тохойн чинээ сахалт хумсын чинээ биет дөчин тэрэг өвс чирчихсэн хүрээд ирлээ гэнэ шүү. Өвсөө чирж авчирчихаад худгаас ус татаж шарнуудаа усалж ундаалаад тоолж гэнэ. Тоолж тоолж таван толгой дутахад,
- Шарнуудыг тэжээж услахгүй мөртлөө гар хүрсэн хүн энд байна уу? гээд ийш тийш харснаа Царсыг үзээд барьж аван нүдэв! Нүдэж нүдэж байшингийнхаа нэг буланг өргөж байгаад тийш нь чихчихэв.
- Энэ булан өмхрөхгүй байг! гэж хэлээд дахин алга болов.

Царс тийчигнэж тийчигнэж арайхийн мултарч гараад байшинд орж пийшин дээр хэвтэв. Нөгөө гурав нь ч эргэж ирэв.
- Унд бэлэн үү?
- Бэлээн, бэлэн.
- Чи яагаад тэнд хэвтээд байгаа юм бэ? Босож ундаа уу!
- Үгүй, уумаргүй байна. Би утаанд бүтэж үхлээ. Тэд хоолоо идээд бага юм шиг санагдав. Ингээд маргааш нь Уул баатрыг унд хий гээд үлдээв.

Уул баатар долоон шар алж чанаад нөгөө гурваа хүлээн цонхоор харж суув. Гэтэл Тохойн чинээ сахалт хумсын чинээ биет дөчин тэрэг өвс чирээд ирж явна гэнэ. Гүйж ирээд шарнуудыг ундалж усалчихаад тоолж гарав гэнэ. Долоо дутаад байж.
- Ямар хулгайч энд байна? Шарнуудыг ундалж услахгүй мөртлөө гар хүрдэг хэн бэ? Ингэж хашгираад Уул баатрыг хармагцаа барьж аван балбав! Балбаж балбаж байшингийнхаа нэг буланг өргөж байгаад доогуур нь Уул баатрыг чихчихэв.
- Ингээд хэвтэж бай! гэж хэлээд дахин гүйж одов.

Уул тийчигнэж тийчигнэж арайхийн мултарч гарав.
Царс, Сахал, Иван баатар гурвуул буцаж ирэхэд Уул пийшин дээр ёолон хэвтэж байв.
- Уул, чи яагаад хэвтээд байгаа юм бэ? Босож ундаа уу!
- Уумааргүй байна. Утаанд хордсон байх, толгой өвдөөд байна.
- Энд юуных нь утаа байх билээ? гэж Иван баатар хэлэв. Уул баатар, Царс баатар хоёул дув дуугүй байв.
Гурав дахь өдрөө Сахлыг унд хий гэж үлдээв. Сахал баатар есөн шар алж чанаад амсаад үзвэл сайхан тослог шөл болжээ. Ингээд цонхоор харан сууж байтал Тохойн чинээ сахалт хумсын чинээ биет дөчин тэрэг өвс чирчихсэн гүйж ирэв. Шарнуудаа ундалж усалчихаад тоолж байснаа харааж хэлэв.
- Энэ чинь юу болоод байна даа? Өнөөдөр есөн толгой дутаад байна! Ингээд Сахлыг шүүрч аваад балбаж балбаж чирсээр байшингийнхаа нэг буланг өргөж байгаад тийш нь чихчихэв.
- Ингээд чи хашир! гэж хэлээд гүйн одов.

Сахал байшин дороос арайхийн мултарч гараад пийшин дээр ёолон хэвтжээ. Нөгөө гурав ч эргэж ирэв.
- Унд бэлэн үү?
- Бэлээн.
- За буугаад ир, ундаа уу!
- Үгүй ээ, чадахгүй нь. Толгой өвдөж байна. Утаанд л хордчихож. Өглөө нь Иван баатар:
- Өнөөдөр хойд зүгийг нэгжиж тойроод ир. Хэрэв эндээс ямар нэг мөр олдохгүй бол цааш явцгаая. Гүнж нарыг эндээс дахиад эрсний хэрэггүй. Өнөөдөр би унд хийе. Миний хордох ээлж гэв.

Нөгөөдүүл нь ч яваад өгөв. Иван баатар арван хоёр шар чаначихаад цонхоор харан дуулж суув. Гэнэт Тохойн чинээ сахалт хумсын чинээ биет дөчин тэрэг өвс чирчихсэн гүйж ирэв. Шарнуудаа ундалж усалчихаад тоолж гарав. Арван хоёр дутуу байв. Ийш тийш харж дуу дуулахыг сонсоод Иван баатрыг үзэнгүүт дайрав.
- Чамтай нэгийгээ үзэж, нэхий дээлээ уралцана гэлээ! Тэр хоёр нүдэлцэж нүдэлцэж Иван баатар Тохойн чинээ сахалт хумсын чинээ биетийг даран авч сахлыг нь таслаад вандан сандал доогуур шидчихэв.
- Ингээд чи энд хэвтэж бай! Нөгөө гурав нь ч эргэж ирэв.
- Унд зэхчихээд хүлээгээд байлаа! Ямар нэг мөр олов уу?
- Үгүй ээ, өнөөдөр ямар ч мөр олсонгүй! Дөрвүүл ундаа ууж суухдаа Царс вандан доогуур шагайгаад,
- Хөөе хараач, бидний хорддог утаа тэнд хэвтэж байх чинь!
- Ямар юмны чинь утаа вандан доор байдаг билээ? гэж Иван баатар асуухад,
- Энэ, энэ Тохойн чинээ сахалт хумсын чинээ биет. Энэ чинь л биднийг хордуулдаг утаа
байхгүй юу! Иван баатар инээмсэглэн,
- Урьд нь надад хэлэхгүй яасан юм бэ?
- Биднээс хэн нь илүү хүчтэйг үзэх гэсэн юм. Ингээд биднээс хамгийн хүчтэй нь Иван гэдгийг мэдлээ.

Тохойн чинээ сахалт хумсын чинээ биет тэр үед ухаан орж сэргээд сэмхэн босож зугтав. Дөрвөн эр түүний хойноос элдэв. Тохойн чинээ сахалт хумсын чинээ биет гүнзгий хавцал хүрээд газар доогуур орон алга боллоо. Иван баатар,
- Бид хичнээн явж, эргэн тойрныг самнан нэгжсэн боловч энэ хавцлыг үзээгүй. Энэ хавцал руу орж үзэх хэрэгтэй. Энэ муу шидтэний атганд хааны охид зовж байгаа юм биш биз? Ингээд тэд шарын арьсаар сур хийв.
- За, хэн ийшээ орох вэ? Хэн ч дуугарсангүй. Иван баатар,
- Би оръё. Та нар эндээс холдолгүй хүлээж бай. Сурны нөгөө үзүүрээс татахтай зэрэг намайг татаж аваарай. Ингээд Иван баатар шийдмээ бариад хавцал руу буув.

Доош буусан хойноо сурныхаа үзүүрийг биеэсээ тайлж орхиод замаар орон цааш явав. Явсаар байтал нэг их гэгээ татав. Удалгүй Иваны өмнө зэс ордон харагдаж гэнэ. Асар том зэс ордон дүнхийх агаад хаалганд нь зэс гинжээр аварга могой уяжээ. Могой час час дуугаран ордны үүц хаалгыг хамгаална. Ордны ойролцоо худаг, худагт зэс шанага зэс гинжээр дүүжлээстэй харагдана. Иван баатар худгаас ус утгаж өөрөө уугаад могойд ч уулгав. Могой чимээгүй болон номхров.
Зэс ордонд орвол тэнд зэс вандан дээр үзэсгэлэнт бүсгүй суугаад юм оёж байв. Учиг татах болгонд нь л нэг цэрэг гарч ирээд байх юм гэнэ.
- Амар байна уу, үзэсгэлэнт бүсгүй минь! Юугаа оёж хатаж, хэнийг дарах гэж эр цэрэг гаргана вэ?
- Сайн эр минь, амар байна уу? Би Иван баатрыг дарах эр цэрэг бэлдэж сууна.
- Хэн энэ цэргийг авч явах юм бэ?
- Тохойн чинээ сахалт хумсын чинээ биет.
- Үзэсгэлэнт бүсгүй минь, тэр Тохойн чинээ сахалт хумсын чинээ биет чинь чиний юу юм бэ?
- Би Анна гүнж. Миний хогёр дүү Марфа, Татьяна гүнж гэж бий. Бид тэр нэгэн улсын хааны гурван охин билээ. Тохойн чинээ сахалт хумсын чинээ биет бид гурвыг хулгайлан энд авчраад гурван жил хорьж шаналган зовоож байна. Тэр өөрөө Хорт Ясан хэдрэгийн зээ билээ.

Ингэж ярихад нь Иван Баатар,
- Би та гурвыг эрж яваа билээ. Үзэсгэлэнт бүсгүй минь, оёж шидэхээ орхиж эр цэрэг бэлдэхээ боль! Эргэж явах замдаа чамайг авч газар дээр гаргаж аав ээжид чинь хүргэж өгнө гэв, Гүнж баярлан оёж байсан юмаа гал руу шидэхэд эр цэргүүд байгаагүй юм шиг алга болов. Гүнж Иван баатрыг дайлав. Иван зэс ордонд амраад цааш явжээ.

Явж байтал мөнгөн ордон дайралдав. Асар том мөнгөн ордон цайран дүнхийнэ. Хаалганд нь мөнгөн инжээр аварга могой уяжээ. Могой час час дуугаран амаа ангалзуулна. Ордны ойролцоо худаг, худагт мөнгөн гинжээр мөнгөн шанага дүүжлээстэй байна гэнэ. Иван баатар худгаас ус утгаж өөрөө уугаад могойд уулгав. Могой номхрон хэвтээд өглөө Мөнгөн ордонд орвол мөнгөн вандан дээр түрүүчийнхээс илүү үзэсгэлэнтэй бүсгүй суугаад юм оёж байв. Дунд гүнж Марфа учиг татах болгонд нь л хоёр цэрэг бий болоод байх юм гэнэ. Үзэсгэлэнт бүсгүй минь, юугаа оёж хатгаж хэнийг дарах гэж цэрэг бэлдэнэ вэ?
- Иван баатрыг дарах цэрэг бэлд гэж надад тушаасан юм.
- Хэн энэ цэргийг ав явах юм бэ?
- Тохойн чинээ сахалт хумсын чинээ биет.
- Одоо тэр хаана байна?
- Одоо гурав дахь ордонд байгаа.
- Үзэсгэлэнт бүсгүй минь, оёж шидэхээ орхиж намайг дарах эр цэрэг бэлдэхээ боль! Эргэж явах замдаа чамайг авч газар дээр гаргаж аав ээжид чинь хүргэж өгнө. Гүнж баярлан оёж байсан юмаа гал руу шидвэл эр цэргүүд байгаагүй юм шиг алга болов.

Иван баатар мөнгөн ордонд амарч дайлуулаад ааш явжээ.Явсаар байтал улам л гэгээтэй болоод байв. Дараа нь эргэн тойронд юм бүхэн гялалзан харахад нүд өвдөм болов гэнэ. Удалгүй өмнө нь алтан ордон харагдав. Шижир алтан ордон гал мэт гялалзан дүнхийнэ. Энэ ордны цонх нь болор, цонхных нь хүрээ очир шигтгээтэй ажээ. Алтан хайрст аварга могой алтан гинжээр уяатай байх агаад час час дуугаран ордныг манаж байлаа.
Хашаан дотор нь худаг, худагт алтан шанага алтан гинжээр дүүжлээстэй байв. Иван баатар алтан худгаас ус утган өөрөө уугаад могойд уулгав. Могой чимээгүй хэвтээд өглөө. Сайн эр алтан довжоо өөд өгсөн алтан хаалгыг онгойлгов. Ордонд алтан вандан дээр үлгэрт хэлшгүй үзгээр бичишгүй үзэсгэлэнтэй гурав дахь гүнж Татьяна юм оёод сууж байна гэнэ. Учиг татах болгонд нь л гурван цэрэг бий болоод байх юм гэнэ.
- Татьяна гүнж минь, амар сайн уу? Юугаа оёж хатгаж хэнийг дарах эр цэргийг бэлдэнэ вэ?
- Сайн эр минь, амар сайн уу? Иван баатрыг дарах цэрэг бэлд гэж даалгасан. Оёж шидэж цэрэг бэлдэх дургүй байвч оёхгүй байж болохгүй. Хорт Ясан хэдрэгийн зээ Тохойн чинээ сахалт хумсын чинээ биет амийг минь өршөөхгүй.
- Үзэсгэлэнт гүнж минь, оёж шидэхээ боль. Би чамайг газар дээр гаргаж аав ээжид чинь хүргэж өгье.
- Аз хийморьт эр минь, эцгийн минь явуулсан олон баатар энүүгээр ирсэн. Гэхдээ хэн нь ч эсэн мэнд эргэж хариагүй. Тохойн чинээ сахалт хумсын чинээ биет цөмийг алсан. Тэр их хүчтэй бас гурван толгойтой могой туслагчтай. Энэ хоёрыг дийлсэн хүн байхгүй. Харин Оросод Иван баатар гэж байдаг гэж сонссон. Тохойн чинээ сахалт хумсын чинээ биет гурван толгойтой могой хоёулаа зөвхөн энэ л баатраас айдаг юм. Биднийг их цэрэг бэлд гэж тушаасан. Иван баатартай байлдахаар бэлдэж байгаа юм.
- Намайг дарах дайнд явахаас өнгөрчээ. Ясан хэдрэгийн зээтэй хүч үзэлцэн дийлж, хулгайлагдсан эгч дүү та нарыг чөлөөлөхөөр би өөрөө хүрээд ирлээ.
- Иван баатар гэдэг ийм баатар ажээ! гэж Татьяна гүнж баярлав. Тэгээд оёж байсан юмаа гал руу шидвэл цэргүүд байгаагүй мэт алга болжээ.

Татьяна гүнж ширээ бүтээн идээ будаа, архи дарс өрөн зочноо хүндлэн дайлав.
- Сайн эр минь, зооглогтун! Ингэж Иван баатрыг дайлаад:
- Ясан хэдрэгийн зээ Атгаалжин хар могой хоёртой тэмцэлдэх тун хэцүү дээ. Эдний цэцэрлэгт нь алимны алтан модон дор хоёр домбо бий. Нэгэнд нь мөнхийн, нөгөөд нь билгийн устай. Тэр хоёр тулалдахын өмнө мөнхийн ус уудаг тул тэднийг ямар ч хүч дийлэхгүй, ямар ч хурц сэлэм цавчиж даахгүй болдог юм.
- Үзэсгэлэнт гүнж минь, зочлон дайлсанд баярлалаа. Ясан хэдрэгийн зээ Тохойн чинээ сахалт хумсын чинээ биетийг би хаанаас олох вэ? Хэлж өгнө үү?
- Одоо тэр хамаг бие нь шархдаж, хэмх нүдүүлсэн амьтан халуун усны байшинд хэвтэж байгаа. Ууранд, усанд орж биеэ тэнхрүүлж, биднийг олон цэрэг гаргахыг хүлээж байгаа гэж Татьяна гүнж хэлэв.
Татьяна гүнж Иван баатрын хайр сэтгэлийг булаав. Татьяна гүнж царай тун ч үзэсгэлэнтэй төдийгүй нуруу туруу, хүч чадал сайтай, алтан өнгөт урт үс нь ар нуруугаа чимсэн, урсгал дөлгөөн харцтай, уран хар хөмсөгтэй, хун шувуу шиг явдалтай, хурмастын нар шиг гэрэлтэй ажээ. (~Үргэлжлэл~)


Цааш нь...

Чоно ээж

Эрт урьд цагт зуун хорин настай нэг эмгэн байжээ. Тэр эмгэн хэдийгээр өндөр настай боловч өвдөх өвчингүй эрүүл саруул, хөнгөн шингэн бөгөөд ганц хүүтэй юм гэнэ. Өдөр бүр ганцаараа хонио харилуж амьдардаг байв. Хүү нь нэг шөнө сэрээд харсан чинь ээж нь шүдээ чигчлээд, галын хүрээ рүү түүхий мах тургиж байв гэнэ. Хүү үүнийг үзээд “Ээж ямар сонин юм бэ? манайх ойрд хонь мал гаргаж идээгүй дээ” гэж бодож хэвтжээ. Хүү энэ өдрөөс хойш хэдэн шөнө дараалан ээжийгээ ажиглаж харсанд ... шөнө бүр үүр цүүрээр босч суугаад шүдээ чигчилж, түүхий мах тургиад байхаар нь лав учир байна гэж бодоод шалгаж үзэхээр шийдэв. Өглөө нь хүү босч ирээд:
- Ээж ээ, та гэртээ амарч бай, өнөөдөр би хониндоо явъя гэж хэлээд малаа хариулж явав. Тэгээд хонио бэлчээрт гаргачихаад “Өнөөдөр би малын захад нэг сайн унтаж авчихаад шөнө ээжийн юу хийдгийг манаж үзье байз” гээд өдөржин малын захад унтаж, нойроо авчихаад орой нь малаа туун гэртээ ирэв.
Шөнө нь хүү унтсангүй ээжийгээ манаж хэвтэв. Ээж нь шөнө дунд босч, дээлээ өмсөөд гарч явав. Хүү сэм босч үүдээ жаахан сөхөж араас нь харсанд үнсэн дээрээ очиж хэд хөрвөөгөөд хөх чоно болж хувираад босоод ирэв гэнэ. Тэгснээ биеийнхээ үнсийг хэд сэгсэрчихээд зүүн хойшоо давхиж оджээ. Хүү энэ байдлыг нүдээр үзэж мэдээд, айх гайхах зэрэгцэж яах учраа олохгүй хэсэг самгардан зогсов. Үүр цайхын үед ээж нь ирж буй бололтой шир шир гэх хөлийн чимээ сонсогдоход босч харвал мөн л үнсэн дээрээ очиж хөрвөөгөөд хүн болж хувираад гэртээ сэм орж ирээд орондоо оров. Удалгүй өглөө болоход ээж нь сая сэрсэн хүн болж хүүгээ,
- За хүү минь одоо босч малаа бэлчээ. Ээж нь өнөөдөр бие муухан байна гэв. Хүү нь мөн дөнгөж сэрж буй янз гаргаж, босч ирээд, ажиг сэжиг гаргалгүй хоол ундаа идэж уучихаад малдаа явав. Хүү малаа бэлчээрт гаргамагц сүмд очиж, энэ учрыг багшдаа хэлж,
- Манай малыг чоно огт иддэггүй, айлын малд чоно ороод байдаг нь ийм учиртай юм байна. Одоо ээжийг яавал дээр вэ? гэж асуухад багш нь,
- Чи отчийн авшиг авахуул. Отчийн авшиг гурав авахуулахад сайн муу аяндаа ялгардаг юм гэж хэлэв. Хүүгийн ээж гэрт нь хүн ирэхэд тун дургүй байдаг байлаа. Хүү нь гурван лам залж,
- Та гурав манайд очиж хүн бүр нэг нэг отчийн авшиг уншиж өгөөч. Ээжийнхээ сайн мууг ялгах гэсэн юм. Манай ээж гэртээ хүн оруулах их дургүй байдаг юм. Тийм болохоор та гурав орой хотны захад хоноод өглөө орж ирээрэй гэж захиад орой нь ажиг ч үгүй млаа хотлуулж гэртээ ирэв. Маргааш өглөө нь хоёр лам хүүгийн хэлснээр гэрт нь орж зул хүжээ өргөчихөөд отчийн авшгаа уншиж эхэлтэл эмгэний толгой өвдөж эхлэв. Хоёрдахь удаагаа унштал эмгэн муурч унажээ. Гуравдахь удаагаа уншсанд эмгэн үхэж гэнэ. Ингээд хүү отчийн авшиг уншуулснаар эхийх нь дүрд хувилсан шулмасын мууг таньж даран, нутаг усаа аюулт дайснаас аварсан гэнэ.


Цааш нь...

Хавт хасар хараалч тангудыг дарсан нь

Эрт цагт Чингис хаан Тангудыг дайлахаар явж байтал замд нь нэг ууль шувуу бархирч гэнэ. Чингис хаан түүнийг сонсоод,
- Муу ёрын шувуу бархирч байна. Хурдан харваж ал гэж тушаав. Чингис хааны дүү хавт Хасар нумаа сааж байгаад харвасанд сум нь уулийг харвасангүй цаана нь байсан шаазгай шувууг харваж алав. Тэр үед, Чингис хааны хажууд Хавт Хасарт тун дургүй, санаа муутай түшмэл байжээ. Тэр өнөөх завшааныг ашиглаж хавт Хасарыг хорлоё гэж бодоод, Чингис хаанд,
- Хаантаан, энэ хавт Хасар сахилга батыг эвдэж, архи дарс ууж, ...эхнэр эмс эргүүлж, элдэв муу ажлыг хийгээд таны үгийг сонсохоо байжээ. Та уг нь уулийг ал гэж байхад шаазгайг алчихлаа гэж ховлож гэнэ. Чингис хаан энэ үгийг сонсоод уур нь хүрч,
- Тэр тийм бүтэхгүй юм бол хурдан барьж, дөрвөн мөчийг нь хүлээд, худгийн ёроолд хая гэж зарлигдав. Муу санаат түшмэлийн бах тав нь ханаж, Хавт Хасарыг барьж хүлээд худгийн ёроолд хаяж оруулав. Чингис хаан цааш явж, Тангудын нутагт ирэхэд дайн хийхийн аргагүй улаан шороо нүдэж байв. Аргагүйдэж мэргэн хүнээр төлөг буулгуулж асуухад,
- Ноднин жил манай энд нэгэн хараалч хар Тангуд ирсэн юм. Тэр эхнэртэйгээ нийлж хараал тавьснаас хойш улаан шороо нүдээд зогсохоо болив гэж хэлэв. Чингис хаан түүнийг сонсоод хараалч Тангудыг, эхнэртэй нь хамт ал гэж тушаав. Цэргүүд нь хэчнээн харвасан боловч хоёр хараалч дийлдсэнгүй гэнэ. Эцэст нь дахин нэг мэргэнээс асуухад, мэргэн хүн,
- Таны цэргүүд энэ хоёр шулмыг дийлэхгүй юм байна. Харин нэг л хүн дийлнэ. Тэр хүн одоо муу хүнд хорлогдон, далан харын нэг худаг дотор хүлээтэй хэвтэж байна гэж хэлжээ. Чингис хаан муу хүний мэхэнд орсноо мэдэж, муу түшмэлийг алан элч томилж,
- Та нар хурдан буцаж, хавт Хасарыг гаргаж, зуун хар хонь хийн биеийг нь тэнхрүүлээд Хэрээ шорогт суугаа хараалч эр, эм хоёрыг дар гэж явуулав. Хавт Хасар гарч ирээд, зуун хонины шөлөөр биеээ тэнхрүүлж, хүч чадалтай болоод, нум сумаа гаргаж, Хэрээ шорог уруу нар гарахад онилж, нар жаргахад харваж тавьсан гэнэ. Сум нь явсаар шулам эмийг онож гаталсанд өнөө шулам Улаан мөрөн рүү унаж үхэв. Шуламын цуснаас болж Улаан мөрний ус одоо болтол улаан байдаг нь тийм учиртай гэнэ.
Тэр сум эм шулмыг нэвт гаталж, хараалч хар Тангудын хөлийг нь хугалж шархдуулжээ. Шархадсан хараалч Тангуд унахдаа хажуудаа байсан том *хамхагаас шүүрч босох гэтэл өнөө хамхаг нь үндсээрээ булга татагдан унаж гэнэ. Уурласан Тангуд,
- Ургахаараа урга, үндсээрээ эргэ гэж хараажээ. Түүнээс хойш хамхаг үндэсгүй болсон гэнэ. Тангудын хажуугаар нэг луус явж өнгөрөхөд түүний ноосноос татаад босох гэтэл луус үргээд цааш зугтаажээ. Тангуд мөн уурлаж,
- Төрөхөөрөө төр, төрсөн нь төрөлгүй бол гэж хараав. Тийм учраас луус одоо болтол үргүй байдаг нь тийм учиртай гэнэ. Тангуд улам уурлаж “Энэ муу хавт Хасар яагаад ийм сүрхий харвадаг юм” гэж төлгөө татаад үзсэнд, зуун хар хонины шөл ууснаас тийм их хүчтэй болсон юм байжээ. Тэгээд хараалч Тангуд,
- Муусайн хар хонинууд өсөхөөрөө өс, нэг сүрэгт зуу битгий хүр гэж хараагаад үхжээ. Тийм учраас нэг айлын хотонд хар хонь цөөхөн байдаг болсон гэнэ.

*хамхаг - Хамхуул. Нэг наст өвслөг ургамал, эмд орно.


Цааш нь...

Мэлхий хүү

Эрт урьд цагт үр хүүхэдгүй эмгэн, өвгөн хоёр амьдран суудаг байжээ. Өвгөн нь их ааш муутай юм гэнэ. Тэр үргэлж эмгэнээ хүүхэд төрүүлсэнгүй гэж харааж загнадаг байв. Нэг намар өвгөнөө аянд явсан хойгуур эмгэний гарын алга загатнаад болохоо байчихав. Эмгэн гарынхаа алгыг маажиж суутал дороос нь мэлхий гараад иржээ. Эмгэн мэлхийг үзээд “Мэлхий ч миний үр” гээд манцуй оёж манцуйлаад хүүхэд шиг арчилж суудаг болж гэнэ....
Хэдэн сарын дараа өвгөн нь аянаасаа буцаж ирэхэд эмгэн,
- Өвгөөн бид үртэй болсон шүү гээд манцуйтай мэлхийгээ харуулсанд өвгөн үзээд ихэд уурлаж,
- Пэй, бузар гэм. Чи чинь яасан муухай юм гаргадаг юм бэ? гэж хэлээд өнөө мэлхийг алах гэтэл эмгэн нь,
- Тэгвэл та өөрөө мэд. Бид хоёр үр хүүхэдгүй арга ядаж байхад мэлхий ч гэсэн үр заяасан байхад та ална гэж байдаг хэмээн уйлахад өвгөн зөрүүдэлж ална гээд хутгаа гаргаж мэлхийг дүрэх гэтэл мэлхий гэнэт,
- Аав аа, та намайг алах гэж байгаа бол ууранд хийгээд цохиж ал. Тэгэхгүй бол би үхэдгүй юм гэж хэлжээ. Өвгөн мэлхийг ууранд хийгээд цохих гэтэл уурнаасаа бултгас гээд гараад ирэв. Дахиад хийсэнд мөн л бултгас гээд гарч ирээд тун болсонгүй. Өвгөн түүнийг үзээд элгээ хөштөл инээгээд,
- Энэ муу золигийг чинь алахаа больчихьё гэж хэлээд алсангүй гэнэ. Хавар болж өвгөн тариа тарихаар явах болсонд мэлхий,
- Аав аа, би явж тариа тарья гэхэд өвгөн,
- Элэнцгийн чинь тариа тарих. Чи тариа тарьдаг байсан бол би юунд ингэж зовж явах билээ гээд үгийг нь тоож авсангүй. Эмгэн үүнийг хараад,
- Хүүхэд ажил хийнэ гэж байхад сайн хэрэг биш үү. Яваг яваг гэж хэлээд мэлхий хүүг газар хагалдаг хар илжигнийхээ чихэн дээр суулгаад явуулжээ. Тэгсэн чинь мэлхий хүү илжгийг унаад нааш цааш нь явуулж, тариа сайхан тарьж, өвгөнд их тус болжээ.
Ингээд гурван жил болжээ. Нэг өдөр, мэлхий хүү,
- Аав аа, ээж ээ? Энэ хойд зүгт нэг хөөрхөн охинтой айл байна. Би тэр охиныг эхнэрээ болгож авна. Та хоёр сүй төхөөрөөд өгөөч гэж гуйсанд өвгөн,
- Цөг гэм. Чи эхнэр авчих байсан бол бид юунд зүдэрч байдаг юм. Би лав төхөөрч өгөхгүй гэж зандраад нэг ч зоос өгсөнгүй. Эмгэн нь аргагүйн эрхэнд,
- Байг байг. Та төхөөрөхгүй юм бол би төхөөрье. Яасан ч миний гаргасан үр гэж хэлээд өөрт байсан таван лан мөнгөө гаргаж даалинд хийж мэлхий хүүдээ өгч явуулжээ. Мэлхий хүү өнөө айлд хүрч очиход айлын нохой хуцаж эхэлжээ. Айлын өвгөн гарч хараад,
- Өмнө айлын хар илжиг гадаа ирчихсэн зогсож байна гэхэд эмгэн нь гарч хараад,
- Тэр хоосон айлын мэлхий хүү хар илжигнийхээ чихэн дээр суучихсан ирж байна гэхэд өвгөн нь,
- Муухай амьтныг хөөж явуулья гэхэд эмгэн нь,
- Хөөж болохгүй ирчихлээ гэж хэлээд мэлхий хүүгийн ачаа хөсгийг дэмнэж буулгаад гэртээ оруулжээ.
Мэлхий хүү айлд ороод учир байдлаа хэлсэнд эмгэн нь дуугүй суугаад байв. Харин өвгөн нь ихэд уурлаж,
- Чам шиг шулам миний хүүхнийг авна гэнэ ээ. Одоохон чамайг алчихья гээд дайрахад мэлхий,
- Та намайг ална гэвэл алж болно. Гэхдээ намайг тээрмийн нүхэнд хийж цохь. Үгүй бол би үхдэггүй юм гэжээ. Өвгөн мэлхий хүүгийн хэлснээр тээрмийн нүхэнд хийгээд цохих гэтэл мэлхий бултгас гэж гарч ирээд тун цохих завшаан өгөхгүй байв. Түүнийг үзээд айлын хүмүүс элгээ хөштөл инээгээд, өвгөн нь охиноо:,
- Муу хүүхэн чи дагах дуртай бол хурдан дагаад яв гэж хэлээд охиноо мэлхий хүүтэй хамт явуулжээ.
Мэлхий хүү охиныг хар илжгэн дээрээ мордуулаад гэртээ харьж явах замдаа нэг сайхан хавтгай мод олоод, охинд,
- За, чи энэ дээр унтаж бай. Би гэртээ хариад ирье гэж хэлээд даалингаа өгч дэрлүүлээд явчихаж гэнэ.
Охин унтаж унтаж нэг сэрсэн чинь хавтгай модон дээр таван ханатай сайхан гэр босчихсон, тойроод таван хошуу мал бэлчиж байв гэнэ. Охин гэрт орж үзэхээр хажууд нь очсоноо “Энэ арай чөтгөрийн гэр биш биз” гэж хэсэг тээнэгэлзэн зогсож байгаад “За юу болвол болог” гээд хөгшдийн хэлдгээр: “Чөтгөрийн гэр буюу хойшдын заяагаа гэрийн буруу хатавчаар нь сөхөж үздэг юм гэсэн” гэж бодоод гэрийн зүүн талаар очиж, үүдийг нь сөхөж харвал гэр дүүрэн эд хогшил хураасан байх ба мэлхий хүү өндөр цагаан залуу болж хувираад нааш цааш холхиж байжээ. Охин гэрт гүйн орж залууг тэвэрч аваад,
- Миний хань чинь ийм сайхан хүн байсан юм уу? гэж хэлэхэд, залуу инээмсэглээд,
- Одоо энэ бүхэн бүгд бид хоёрынх болсон гэж хэлээд эхнэртээ хуримын учраа хэлэлцэж, хорин хүний зарцтай, наян хүний дагуултай, сарын хурим хийж, түмэн хүн залахаар тогтжээ.
Мэлхий хүү эхнэртэйгээ аав ээжийгээ хуримдаа залж, шинэ гэрийн цай уулгах гэсэнд аав нь,
- Би очихгүй гээд явсангүй. Ээж нь,
- Хөөрхий миний үр айл гэр болж байхад очиж хүүгийнхээ шинэ гэрийн цайг ууна гээд мэлхий хүүгийнхээ шинэ гэрт очиж цайг нь уужээ.
Тэр жилийн хавар орчлон дэлхий дулаараагүй байтал гэнэт луу дуугарч бороо орж, солонго бууж иржээ. Мэлхий хүү эхнэртэйгээ ээжийгээ аваад солонгын дээр гарч суугаад тэнгэрт гарч амьдрахаар явжээ. Муу санаатай өвгөн тэндээ үлдэж насаараа тариа тарьж амьдарсан гэдэг. Учир нь мэлхий хүү бол лус байсан бөгөөд сайн санаатай эмгэнд хүү болж заяажээ. Мэлхий хүүгийн шинэ гэрийн цай бол рашаан байсан бөгөөд түүнийг уусан хүн бүр сахиус болж, тэнгэрт гарч амьдрах хувь заяатай байжээ. Тиймээс монгол хүн үр хүүхэддээ “Хүнд битгий муу юм сана”, “Сайн санааны үзүүрт тос, муу санааны үзүүрт ёр” гэж сургаж захисаар иржээ.


Цааш нь...

Өвгөн юу хийнэ цөм сайн

Урьд цагт нэгэн бяцхан байшинд тариачин өвгөн эмгэн хоёр аж төрөн суудаг байжээ. Гэр орон ядуу, ганц морьтой юм байж. Морь нь сувгийн хажууд бэлчдэг юм гэнэ. Өвгөн хааяа морио унаж хот ордог бөгөөд бусад цагт айлын ах дүү нар морийг нь хааяа гуйж хэрэглэнэ. Өвгөн эмгэн хоёрт морь байсны хэрэг бага тул худалдах юм уу эсвэл өөр хэрэгтэй зүйлээр арилжвал ч дээр юмуу хэмээн хааяа ярилцана. Гэвч юугаар арилжих билээ гэдэг байв. Эмгэн өгүүлрүүн,...
- Энэ хэрэгт өвгөн чи надаас мэргэн байлгүй. Өнөөдөр хотод их худалдаа гарах юм гэдэг. Чи хот орж морио үнэ хүрвэл худалд. Эсвэл нэг юмаар арилж. Яасан ч чиний дур болтугай гээд өвгөнөө үнсээд зээлийн газар очиж худалдаа хий хэмээн явуулсанд өвгөн морио худалдвал ч худалдъя, арилжвал ч арилжъя гэж шийдээд морджээ.

Арилжаа наймаанд сүрхий ч өвгөн байж дээ. Тэр өдөр их хурц нар гарч, тэнгэрт нэг ч үүл үгүй байв. Хот орж худалдаа хийх хүн тэр өдөр их олон байсан тул морьтой нь морио унаж, тэрэгтэй нь тэргэндээ сууж, морьгүй нь явган алхаж их тоос босгон байв. Өдөр нь маш халуун байсны дээр замын хажууд сүүдэрлэх мод шугуй огт үгүй байжээ.

Өвгөнийг тэгж явж байтал нэг хүн сайхан үнээ тууж явав. Өвгөн үнээг хараад "Энэ сайн сүүтэй үнээ юм шиг байна мориороо солих юмсан" гэж бодоод,
- Хүүе, тэр үнээ туусан хүн гуай! Хоёулаа наймаа хийе, морь үнээнээс үнэтэй боловч надад үнээ хэрэгтэй байна. "Арилжвал арилжъя" гэхэд үнээтэй хүн "Тэгье, тэгье" гэв. Үнээг мориороо арилжиж авсанд өвгөн хэргээ бүтээлээ гээд гэртээ харьж болох байсан боловч нэгэнт зах зээлийн газар очъё гэж зориглосон учраас юутай ч гэсэн зах орж үзье гээд үнээгээ хөтлөн цааш алхтал нэг хонь хөтөлсөн хүн явж байв.

Түүнийг гүйцэн очвол хонь нь үс сахлаг тарган сайн хонь байжээ. Өвгөн тэр хонийг үзээд "Ийм нэг сайн хоньтой болох юм сан. Манай тэр сувгийн хажуу дахь нугын өвс ч тэжээлд нь элбэг хүрнэ дээ. Өвөл болохоор гэртээ оруулсан ч болно. Манайх шиг айлд үнээнээс хонь нь ч дээр юм шиг. Арилжина байгаа" гэж бодоод хонины эзэнтэй хэлэлцэж наймаа тохироод хонио хөтлөн цааш явав.

Тэгтэл нэг галуу сугавчилсан хүн тааралдахад өвгөн яасан тарган галуу вэ? Өөх, өд нь яасан их бол? Манай тэр усны хажууд аргамжихад ч бахтай амьтан юм санж дээ. Манай эмгэн нэг галуутай болох юм сан гэдэг. Хэрэв энэ галууг авбал хоолныхоо шавхрууг ч дэмий хаяхгүй болно гэж бодоод,
- Хүүе, галуутай хүн гуай. Арилжаа хийх үү? Би чамд энэ хонио өгөөд оронд нь галууг чинь авъя
гэв. Нөгөө галуутай хүн ч хариуд нь,
- Тэгвэл даруй арилжъя гэснээр өвгөн галуутай болжээ.
Хотод ойртсон тул замаар явах хүмүүс улам олшров. Замын хажууд нэг оодон сүүлтэй тахиаг хөлнөөс нь уясан харагдав. Тэр тахиа нүдээ анивчуулан газарт байгаа хоол тоншино. Байдал нь маш цатгалан, тэнүүн. Өвгөн тахиаг үзээд энэ юутай сайхан тахиа билээ. Ийм тахиаг ер үзсэнгүй. Манай айлын тахианаас лав дээр бололтой. Үүнийг авъя, тахиа бол хэзээ ч идэх юмаа өөрөө олж чаддаг амьтан. Галуугаараа арилжваас алдахгүй болов уу гэж бодоод,
- Арилжаа хийх үү? гэж тахианы эзнээс асуув.
- Тэгье тэгье гэж тахианы эзэн дуртайяа хариулав.
Өвгөн галуугаа тахиагаар арилжаад хот орох замдаа нилээд наймаа хийж халуунд их ч эцэж ядаж өлсөж цангасан тул гуанз орж хоол идэхээр болов. Ингээд өвгөнийг гуанз руу орж явтал нь гуанзны эзэн хүн туламтай юм барьж гарахаар явж байгаад босгон дээр өвгөнтэй мөргөлджээ. Өвгөн,
- Чиний наадах чинь юу юм бэ? гэж асуувал гуанзны хүн,
- Гахай тэжээх зориулалттай ялзарсан алим нэгэн тулам байгаа юм гэв.
Өвгөн "Ай юутай сайн хэрэг вэ. Миний хөгшин үзээсэй. Ноднин жил манай саравчны хажуугийн алимны хөгшин модонд цорын ганц алим ургасан байсныг эмгэн минь үзээд их сайхан юм гэж хэлж байсан. Одоо үүнийг авч очоод үзүүлбэл яах бол" гэсэнд гуанзны хүн,
- Та энэ туламтай алимыг аваад хариуд нь надад юу өгөх юм бэ? гэхэд өвгөн,
- Энэ тахиагаа өгье гэжээ.
Тахиагаа өгч туламтай ялзарсан алимыг аваад гуанзны лангуу руу очихдоо туламтайгаа зуух түшүүлэн тавив. Зууханд гал түлснийг өвгөн мэдсэнгүй. Галласан зууханд халсан жимснүүд нь час часхийн дуугарч хайрагдаж эхэлжээ. Гэтэл тэр гуанзанд бас хоёр англи хүн сууж байжээ. Тэр хоёр зуухны хажууд час час гэсэн сонин чимээ гарахыг бас сонссон байна. Тэр бол туламтай алим нь халуун зууханд жигнэгдсэнээс гарсан дуу байж. Хоёр англи хүн энэ юу болов гэж очоод учрыг нь өвгөнөөс мэдэв.

Өвгөнийг морио үнээгээр арилжиж, үнээгээ хониор, хонио галуугаар арилжиж яван явсаар ялзарсан алим болгосныг мэдээд "Өвгөн чи гэртээ буцвал хэцүүднэ байх даа. Эмгэн чинь үүнийг яавч зүгээр өнгөрүүлэхгүй" гэсэнд өвгөн өгүүлрүүн,
- Эмгэн маань намайг яах ч үгүй. Өвгөн юу хийсэн ч цөм сайн гээд үнсэх биз гэв. Англи эрс яасан ч тийм юм болохгүй гэж өвгөнтэй мэтгэлцээд зуун янчаанаар мөрий тавъя гэсэнд өвгөн саналыг нь хүлээж аваад тэр хоёр англитай гурвуул ялзарсан алим жимсээ гуанзны хүний тэргэнд ачиж гэртээ хамт хүрч очив.
- Эмгэн минь сайн байна уу? гэв.
- Сайн байна гэхэд өвгөн,
- Арилжаа наймаа хийгээд ирлээ гэжээ. Тэгтэл эмгэн,
- Тэгэлгүй яах вэ, чи минь наймааны эзэн шүү дээ гээд өвгөнийг тэврэв.
- Би морио үнээгээр арилжсан гэж өвгөн хэлэв. Эмгэн,
- Юутай сайн, юутай сайн. Одоо бид сүүтэй цай, цагаан идээ, бяслагтай байх болно. Юутай сайн арилжаа вэ гэтэл өвгөн нь өгүүлрүүн,
- Тэр үнээгээ би хониор арилжсан гэсэнд эмгэн бас л,
- Сайн, сайн. Чи яасан цэцэн хүн бэ? Манай энд ургах ногоо хонинд элбэг хүрнэ шүү. Одоо бид хонины сүүтэй, хонины бяслагтай, бас ноосон цамцтай, ноосон оймстой болох нь. Үхрээс юуны ноос гарах билээ. Ай юутай цэцэн өвгөн бэ чи гэхэд,
- Тэр хонио би галуугаар арилжсан гэв. Тэгэхэд эмгэн,
- Тэгвэл бид сайн өдөр идэх галуутай болж дээ. Чи миний сэтгэлийг ямагт баясгаж байдаг юутай сайн өвгөн бэ? Ийм сайхан санааг яаж олов. Галууг аргамжвал болно. Бас өвөл болтол их таргална биз ээ гэхэд,
- Галуугаа би тахиагаар арилжчихсан гэв. Эмгэн бас л баярлан өгүүлрүүн,
- Тахиагаар арилжлаа гэв үү. Юутай сайн наймаа вэ? Тахиа өндөглөнө, өндгөө дарвал хашаа дүүрэн тахиатай болно. Энэ бол миний туйлын хүсэл шүү дээ гэхэд өвгөн бас л хэлэв.
- Тэр тахиагаа би бас арилжиж нэг тулам ялзарсан алим жимс болгосон гэсэнд,
- Юун сайн хэрэг вэ, би чамайгаа үнсье. Чи юутай сайн хүн бэ? гээд цааш өгүүлрүү,
- Надад бас хэлэх үг байна. Чиний явсан хойно чамд гогодтой, өндөгтэй сайн хоол хийж өгсүгэй гэж бодоод хоол хийтэл гогод дутав. Айлд гогод байгааг мэдээд гуйсан боловч тэр айлын эм харамч эм байж. "Юун гогод вэ? Манайд гогод байхгүй. Гогод байтугай, ялзарсан алим ч манайд байхгүй гээд надад гогод өгсөнгүй. Гэтэл одоо бид ялзарсан алимтай болов. Гэтэл чи минь бүр тулмаар нь аваад ирж. Яасан сайн хэрэг вэ" гээд өвгөнөө үнсэв. Англи эрс өгүүлрүүн,
- Энэ бас таатай хэрэг ээ. Улам доройтох тусмаа л улам баярлах юм. Ийм зүйлд мөнгө төлж мөрийгөө алдахад гомдох зүйл алга гээд мөрийцсөн янчаанаа тоо ёсоор нь өвгөнд өгөв. Өвгөн юу хийвч цөм сайн гэж энэ дээ.


Цааш нь...

Цоохор тугалтай эмгэн

Эрт урьд цагт ганц цоохор тугалтай эмгэн байжээ. Эмгэн цоохор тугалаа Шар өвстийн хөндийд хариулдаг байв. Нэг өдөр эмгэн цоохор тугалаа хариулж явжээ. Тэгээд эмгэн гэртээ харьж жаахан юм уучихаад ирье гэж дөнгөн данган явж гэртээ иртэл гэнэт харанхуй хар салхи босчээ. Эмгэн сандарч тэр дороо цай ч уусангүй буцаж тугал байсан газраа иртэл салхи ч зогсож гэнэ. Тугал ч бараа сураггүй алга гэнэ. Эмгэн тугалаа алдчихаад уйлж унжин хайж явтал өмнө толгой дээр нэг том хүн сууж харагдав. ...
Эмгэн яваад хүрч очиход тэр хүн эмгэнээс,
- Хөгшөөн, та юунд уйлж байгаа юм бэ? гэж асуухад эмгэн,
- Би ганц цоохор тугалаа алдчихаад айж явна гэсэнд тэр хүйтнээр инээж,
- Намайг мангас гэдэг. Цоохор тугалыг чинь би идчихсэн. Энэ орой чамайг ч бас барьж иднэ. Мэдэв үү? гэж хэлжээ.
Эмгэн үүнийг сонсоод газар тэнгэр нийлэх шиг болж айн чичирч гэр үрүүгээ буцаж явтал замд нь нэг шөвөг таарч гэнэ. Тэр шөвөг эмгэнэээс,
- Хөгшин ээж ээ? Та юунд уйлж байгаа юм? гэж асуухад нь эмгэн,
- Мангас миний ганц цоохор тугалыг идчихээд энэ орой намайг барьж иднэ гэнэ гэж хэлэв. Шөвөг сонсоод,
- Та битгий санаа зов. Би таны аминд оръё. Та одоо хариад гурван жин гурилаар боорцог шараад тавьж байг гэж хэлэв. Эмгэн үүнийг сонсоод сэтгэл нь жаахан тайвшраад явж байтал хайч тааралдаад,
- Хөгшин ээж ээ, та юунд уйлж яваа юм бэ? гэж асуухад эмгэн,
- Мангас манай ганц цоохор тугалыг барьж идчихээд одоо бас намайг иднэ гэнээ гэж хэлжээ. Хайч түүнийг сонсоод,
- Хөгшин ээж, ээ та санаа зовох хэрэггүй. Би таны аминд оръё. Та харьж очоод гурван жин гурилаар боорцог шараад байж бай гэж захижээ.
Эмгэн түүнийг сонсоод сэтгэл нь жаахан тайвшраад явж байтал тахианы өндөг тааралдаж: -Хөгшин ээж, ээ та юунд уйлж яваа юм бэ? гэж асуухад эмгэн,
- Мангас манай ганц цоохор тугалыг барьж идчихээд одоо бас намайг иднэ гэнээ гэж хэлжээ. Өндөг түүнийг сонсоод,
- Хөгшин ээж ээ, та санаа зовох хэрэггүй. Би таны аминд оръё. Та гэртээ очоод гурван жин гурилаар боорцог шараад байж бай гэж захижээ. Эмгэнэ түүнийг сонсоод сэтгэл нь бүр уужирч, цааш явж байтал зам дээр нь том үхэр чулуу тааралдаж. Тэр,
- Хөөе, хөгшин ээж ээ, та юунд уйлаад явж байгаа юм бэ? гэж асуув. Эмгэн,
- Мангас миний ганц цоохор тугалыг идчихжээ. Бас намайг барьж иднэ гэсэн гэж хэлжээ. Том чулуу түүнийг сонсоод,
- Хөгшин ээж ээ, та санаа зовох хэрэггүй. Би таны аминд оръё. Та хариад гурван жин гурилаар боорцог шараад байж бай гэж захижээ.
Эмгэн түүнийг сонсоод “Хөөрхий энэ юмс бүгд миний аминд орох гэж хичээж байна” гэж туйлын их баярлаж гэртээ харьж ирээд тэр юмсын хэлсэн ёсоор гурван дөрвийн арван хоёр жин гурирлаар боорцог хийж тавьчихаад хүлээж суусан гэнэ. Тэгээд шөнө болоход өнөө дөрвөн юмсын сүүдэр ч харагдахгүй болохоор нь айж сандарсан эмгэн “Одоо хурдан ирэхгүй бол мангас ирнэ”гэж зовоод уйлж суутал гэнэт нэг юм газар тэнгэр доргиулан ирэх чимээ гарахад эмгэн “Өнөө дөрөв юмуу? Мангас юмуу” гэж харсан чинь өнөө дөрөв дөрвөн зүгээс сүртэй нь аргагүй ирж гэнэ. Эмгэн тэр дөрвийг ирэхийг хараад баярлахдаа ухаан алдан унажээ.
Тэр дөрөв эмгэний хийж тавьсан боорцгийг идчихээд яаж мангасыг дарах тухай ярилцахад, үхэр чулуу,
- Би гэрийн тоонон дээр сууж үүдийг нь харж сууя гэхэд, шөвөг хайч хоёр,
- Бид эмгэнийг сахиж сууя гээд орон дээр гаргаж хэвтүүлээд шөвөг нь,
- Би толгойг нь сахья гэхэд хайч,
- Би хөлийг нь сахья гэж тус тусын үүргээ хувааж авав. Өндөг,
- Би гал дотор манаж сууя гээд галтай тулганд орж суув. Тэгээд бэлтгэж дууссаны дараа мангас хүрч ирээд,
- Муу эмгэн, муу эмгэн чи хурдан үүдээ нээ гэж хашгирахад гэр дотроос хариу чимээгүй тул мангасын уур нь хүрч, гэрийн үүдийг ганц өшиглөж орж ирээд,
- Хурдан дэнгээ барь. Нэг муухай үнэр ханхалж байх чинь ямар амьтан ирсэн юм? гэж хэлээд харанхуйд нааш цааш тэмтэрч байтал үхэр чулуу тоонон дээрээс унаж ирээд мангасын нэг хөлийг нь хуга цохиход мангас,
- Хөл хугарчихлаа. Муу хөгшин золиг яасан хүчтэй юм? Би чиний хаанаас чинь эхэлж идэх үү? гээд эмгэн рүү дайрч очиход шөвөг эмгэнийг дуурайн,
- Толгойноос нь эхэлж ид гэж хэлжээ. Мангас эмгэний толгойноос нь идэх гэсэнд толгойг нь манаж байсан шөвөг мангасын уруулыг нэг сайн хатгасанд мангас өвдөхдөө,
- Ёо, ёо, муу хөгшин золиг чинь яасан сүрхий шүдтэй юм. Толгой нь шүдтэй бол хөлөөс чинь эхэлж идье гээд хөлд нь хүрч очиход хөлийг нь манаж байсан хайч уруулыг нь юу ч үгүй болтол хайчилж хаясан гэнэ. Мангас өвдөхдөө,
- Ёо, ёо муу хөгшин золиг чинь хөлийн хуруу нь хайч шиг ямар сүрхий юм. Миний байдаг уруулыг хайчилчихлаа. Одоо чамайг идэж чадахгүй юм байна. Энэ шөнө би энд хононо. Хаагуур нь унтах вэ? гэж асуусанд тахианы өндөг,
- Галын тулганы хажууд унт. Тэнд дулаан байгаа гэж хэлжээ. Мангас сонсоод тэгвэл тэгье гээд галын тулганы хажууд хэвттэл гал дотор байсан тахианы өндөг дэлбэрч, нурам цог нь мангасыг түлж алсан гэдэг.


Цааш нь...

Нүгэл нүдээрээ, буян буянаараа

Эрт урьд цагт нэг сүрхий анчин өвгөн насандаа олон амьтан алж нүгэл хийж байжээ. Анчин өвгөний ганц хүү нь лам болж ном сурахаар явсанд гэрт нь хөгшин аав ээж хоёр нь, хэвтэрт орсон нагац эмээтэй нь үлджээ. Залуу “Одоо би яваад гурван жил болж ирнэ. Муу нагац эмээ минь яадаг бол доо” гэж санаа нь зовсоор явав.

Залуу багшийндаа ирэхэд нэг гар нь тахир банди гэрт нь байв. Тэр бандитай хамт багшаасаа гурван жил ном сураад буцах болоход тахир гартай банди, ...
- Танай манай хоёр олон жил айл саахалт явж ирсэн хүмүүс. Би чамаар ээж аавдаа захиа дайя гэхэд залуу, - Танай гэр чинь манай гэрийн хаана байдаг юм бэ? Би яагаад мэдээгүй байдаг билээ? гэж асууж. Нөгөө банди,
- Танай гэрийн зүүн хойд зүгт өндөр бүүрэг* бий. Тэр бүүргийн бэлд манайх байдаг юм. Чи хажууд нь очоод “Аав аа, би танай хүүгийн захидлыг авчирлаа” гэж хашгирвал аав үүдээ нээж захиаг минь авна гэж хэлэв.

Залуу түүний захиаг авч гэртээ харьж ирчихээд захидлыг хүргэхээр явав. Гэрийнх нь зүүн хойд талд үнэхээр нэг бүүрэг байх ба түүний бэлд очиход ямар ч айл байсангүй. Залуу гайхаж хэсэг зогссоноо өнөө бандийн хэлснээр,
- Аав аа, би танай хүүгийн захиаг авчирлаа гэж хашгирав. Тэгтэл бүүргэн дотроос нэг өвгөн гараад ирэв гэнэ. Залуу түүнийг үзээд гайхаж “Манайх энд үе үеэрээ нутаглаж ирсэн хэрнээ ийм айл байдгийг мэдсэнгүй. Яасан сонин юм” гэж бодтол өвгөн,
- Хүү минь гэрт ор гэв. Залуу, айлд ороход гэрт нь тахир дутуу зарим нь хөлгүй, зарим нь гаргүй олон хүүхэд байв. Өвгөнд хүүгийнх нь захидлыг өгөөд явах гэтэл өвгөн,
- Чи яарах хэрэггүй. Ном эрдэм сурсан хүн учир мэдэх байх. Манай гэрийг тойрч үзээд ир гэв. Залуу гэрийг тойрч үзээд хамгийн сүүлчийн гэрт ороход нагац эмээг нь хөлөөр нь төмөр гохоор дүүжилчихсэн байв. Залуу манай нагац эмээ гэртээ байхад яагаад энд бас үзэгддэг юм гэж асуухад өвгөн,
- Танай аав чинь ан гөрөө хийж, хавх олныг тавьж, бидний үр хүүхдийн хөл гарыг хугалсаар ийм боллоо. Тэгээд бид аавыг чинь дийлэхгүй болохоор нагац эмээгийн чинь сүнсийг авчирч тамлаж байгаа нь энэ билээ гэв. Залуу ихэд зовж,
- Хөөрхий нагац эмээ минь хорхойд ч хоргүй сайн хүн юмсан. Одоо би яаж нагац эмээгээ аварч гарах вэ? гэж асуусанд,
- Чи үнэхээр тэгж бодож байгаа бол аавынхаа буу сум, хавхыг алга болгож, дахиж биднийг алж нүгэл хийхгүй болго. Тэгвэл нагац эмээг чинь тавьж явуулна. Харин би маргааш цагаан үнэгний дүрд хувилаад очиж шалгана гэж хэлэв.

Залуу өвгөний хэлснийг сонсоод гэртээ харьж ирээд аавдаа,
- Аав аа, та энэ өдрөөс хойш битгий ан гөрөө хий. Та энэ насандаа их нүгэл хийсэн болохоор нагац эмээгийн хөл нь тасарч зовж байна. Надад ч бас байсхийгээд барцад тохиолдох юм. Иймээс таны буу зэвсгийг үгүй хийхгүй бол болохгүй гэж үзсэн бүхнээ ярив. Аав нь сонсоод ан гөрө хийж, нүгэл их хийсэн хүн ийм үйлийн үртэй байдаг юм байна гэж мэдээд буу сум, хавхаа үгүй хийхээр болжээ. Тэгтэл нэг цагаан буурал толгойтой өвгөн орж ирэв. Залуу нөгөө өвгөн мөн байна гэж мэдээд хоймроо залж, цай унд хийж өгөв. Цагаан толгойтой өвгөн, залуугийн аавыг ажиглангаа хоол цай идэж уучихаад яваад өгөв. Залуу араас нь ажиглаж хартал зүүн бүүргийн цаана гараад цагаан үнэг болж хувираад идсэн хоолоо бөөлжиж гаргачихаад гэртээ орчихов. Анчин өвгөн буу зэвсгээ булж ан гөрөө хийхээ байсны маргааш нагац эмээ нь гэнэт хэвтрээсээ босч явдаг болжээ.

Түүнээс хойш “Нүгэл нүдээрээ, буян буянаараа” гэдэг үг гарсан юм гэдэг.

*бүүрэг - жижиг цохио толгой


Цааш нь...

Мэргэн тавнан

Эрт урьд цагт ойт мэргэн Тавнан гэж их элдэвтэй хүн байжээ. Хааны гүнжийг аваад Алшаад буцах замд нь гүнж ойт мэргэн Тавнангаас,
- Алшаа ноён гэгч ямархуу хүн байдаг вэ? гэж асуухад мэргэн Тавнангийн саваагүй зан нь хөдөлж,
- Манай ноён сайн ч хүн, сайхан ч хүн. Ганцхан үмхий гэж авахын аргагүй гэж хэлжээ. Ойт мэргэн Тавнан, хааны гүнжийг Алшаад залж ирээд шууд ноёны ордонд очсонгүй өөрийнхөө гэрт оруулаад,
- За, гүнж та энд сууж бай. ... Би ноёнд мэдэгдээд ирье гэж хэлээд явжээ. Ойт мэргэн Тавнан ноёныд яваад орсонд, ноён,
- За гүнж хаана байна? Ямархуу бүсгүй байна? гэж асуусанд, мэргэн Тавнан,
- Залаад ирлээ, залаад ирлээ. Манайд жаахан амсхийж байгаа. Гүнж сайн ч хүн байна. Сайхан ч хүүхэн байна. Бага ч хүн байна. Ганцхан хамаргүй юм байна гэж хэлжээ. Ноён, гүнжийг хамаргүй гэж сонсоод “Би хамаргүй хүүхнээр яах билээ” гэж бодон,
- Өө тийм үү, тэгвэл гүнжийг гэртээ долоо хонуулаад цэцэрлэгт оруулж надтай уулзуул гэв. Мэргэн Тавнан гүнжийг гэртээ долоо хонуулаад цэцэрлэгт дагуулж ирж ноёнтой нүүр учруулжээ. Гүнж ноёныг үмхий гэж бодоод хамраа дараад орж иржээ. Ноён түүнийг үзээд “Энэ хүүхэн хамраа нуугаад дарж байна” гэж бодоод бусад биеий нь ажигласанд мэргэн Тавнангийн хэлснээр сайхан ч хүүхэн, хөөрхөн ч хүүхэн байв гэнэ. Тэгээд ноён гүнжийг тоож уулздаг байжээ. Гүнж, ноён хоёр нэлээд хэдэн өдөр ийм байдалтай уулзжээ. Нэг өдөр гүнж цэцэрлэгт явж байтал хуй салхи гарч, хамрын даруулгыг нь хийсгэж унагасанд хамар нь ил гарч иржээ. Ноён түүнийг үзээд,
- Чи чинь хамартай л юм байна ш дээ. Чамайг хамаргүй гэсэн биш үү? гэж асуусанд, гүнж цочиж,
- Хаан таныг авахын аргагүй үмхий гэсэн биш билүү? гэж гайхан асуув. Хаан үүнийг сонсоод “Энэ лав мэргэн Тавнангийн хийсэн мэх биз” гэж бодоод,
- Мэргэн Тавнанг барьж ир гэж зарлиг буулгав. Мэргэн Тавнан, ноёнд үнэнээ хэлсэнд ноён уур нь хүрч гэнэ. Инээд нь ч хүрч гэнэ. Тэгээд мэргэн Тавнан урьд нь ноёнд олон удаа тус хүргэж байсан тул толгойг нь авсангүй шийтгээд өнгөрчээ. Мэргэн Тавнан өөрөө нэг тэнэг хүүтэй байжээ. Хүү нь өсч том болоод эрийн цээнд хүрч эхнэр авах цаг нь болжээ. Гэвч хүүг тэнэг болохоор эхнэр олддоггүй байж гэнэ. Мэргэн Тавнан хүүдээ заавал эхнэр олж өгнө гэж бодоод хүүдээ гурван хуц барьж өгөөд,
- За, чи энэ гурван хуцыг туугаад Бээжин ор. Гэхдээ гурван хуцаа зарж болохгүй. Харин гурван хуцандаа мөнгө ачиж ирээрэй. Үгүй бол толгойг чинь авна гэж хэлээд явуулжээ. Ойт мэргэн Тавнангийн тэнэг хүү гурван хуцаа хөтөлж Бээжинд хүрээд “Аав минь намайг хуц худалдаж болохгүй гэсэн мөртөө гурван хуцандаа мөнгө ачиж ир гэсэн юмсан. Энэ их мөнгийг яаж олох билээ?” гэж санаа зовон зээл дээр уйлж суув. Хааны гүнж зээлийн хажуугаар өнгөрч яваад, тэнэг хүүг уйлж суухыг хараад гайхаж,
- Чи юун хүн бэ? Хаанаас ирсэн юм? Юунд уйлж суугаа юм бэ? гэж асуухад, тэнэг хүү учраа хэлэв. Хааны гүнж тэнэг хүүгийн хөтөлж яваа гурван хуцыг хэсэг харж зогссоноо,
- Чи яасан унхиагүй хүн бэ? энэ гурван хуцныхаа эврийг тайраад манай аавд худалдвал гурван хуц мөнгөтэй болж чадна. Энэ аргыг намайг хэлсэн гэж хэнд ч хэлж болохгүй шүү гэж хэлчихээд яваад өгөв. Тэнэг хүү гүнжийн хэлсэн ёсоор гурван хуцныхаа эврийг тайрч хаанд худалдаад гурван хуцандаа дүүрэн мөнгө ачаад харьж ирэв. Мэргэн Тавнан хүүгээсээ,
- Энэ их мөнгийг яаж олов? гэж асуухад, тэнэг хүү нь,
- Гурван хуцныхаа эврийг худалдаж олсон гэв. Мэргэн Тавнан,
- Чамд энэ аргыг хэн зааж өгөв? гэж асуухад хүү нь,
- Хааны гүнж хэлж өгсөн гэв. Мэргэн Тавнан үүнийг сонсоод,
- За, тэгвэл тэр хааны гүнж чинь миний бэр байна. Би бэрээ залж ирнэ гэж хэлээд хүүгээ дагуулаад хааныд хүрч ирэв. Мэргэн Тавнан хааныд очиж гүнжийг нь тэнэг хүүдээ гуйсанд хаан,
- За, яахав. Зуун хүн гуйдаг. Зөвтэй хүндээ өгдөг ёс бий. Гэвч чиний хүү миний гурван мөрийг авч чадвал би гүнжээ хүүд чинь өгье. Нэгд үнсээр дээс томж ир. Хоёрт эр үхрийн сүүгээр элгэн тараг бүрж ир. Гуравт хоёр толгойтой морь авч ир гэж хэлэв. Ойт мэргэн Тавнан хэдийвээр мэргэн хүн боловч энэ гурван мөрийг гүйцэж чадахгүйдээ санаа зовж суутал, хааны гүнж тэнэг хүүд,
- Тэр гурван мөрийг би хэлж өгье. Гэвч намайг хэлсэн гэж аавд хэлж болохгүй. Үнсэн дээс гэж өвсөөр томж галд шатаагаад аваад оч. Хоёр толгойтой адуу гэж унагалж байгаа гүү аваад оч. Эр үхрийн таргийг “Аав төрөх гээд бүрж чадсангүй” гэж хэл. Тэгвэл аав “Эр хүн төрөх гэж юу байдаг юм?” гэж асуух байх. Өөдөөс нь “Эр үхэр тугална гэж юу байдаг юм?” гэж асуугаарай. Тэгвэл аавд хэлэх үг олдохгүй гэж хэлж өгчээ.
Мэргэн Тавнан хааны гүнжийн аргыг сонсоод ухаантай охин байна гэж улам тоож, түүний хэлсэн аргаар хийсэнд хааны гурван мөрийг бүгдийг авч гэнэ. Тэгээд хаан хэлсэн үгэндээ хүрч гүнжээ өгч явуулжээ. Хаан гүнжийнхээ араас харуусан “Энэ ойт мэргэн Тавнан яаж миний мөрийг мэдсэн юм бол?” гэж бодоод зурхайгаа татаад үзсэн чинь өөрийн охин нь хэлж өгсөн байжээ. Хаан уурлаж олон цэрэг томилж "тэднийг хурдан барьж авчир" гэж тушаав. Ойт мэргэн Тавнан хүү бэр хоёроо дагуулан нутагтаа дөхөж явтал хааны цэргүүд хөөж ирэв. Мэргэн Тавнан хэрэг биш боллоо гэж санаа зовж явтал бэр нь эр нөхрийнхөө өмнө байгаа том хар чулууг зааж,
- Чи тэр хар чулууг түлхэж холдуулаад доош нь гурван алд нүх малт. Тэгвэл доороос нь цагаан, хар хоёр судал гарч ирнэ. Хар судлыг нь тасалж хая гэж хэлэв. Нөхөр нь хатныхаа хэлсэн ёсоор том хар чулууг булга татаж холдуулаад доош нь гурван алд газар малтаж, хар цагаан судал гарч ирэхэд хар судлыг сэт татсанд, өнөө хар судал далайн хүйс байсан тул тэр дороо ус цоргин харч нуур болж, хааны цэргүүдийн замыг хаав. Тэгээд ойт мэргэн Тавнан, бэр хүү хоёртойгоо харьж гэнэ. Хааны цэргүүд тэднийг барьж чадалгүй буцаж ирэхэд хаан зурхайгаа татаж үзвэл далайн хүйсийг тавьсан нь бас өөрийн охиных нь арга болохыг мэдээд, улам уурлаж,
- Харьд мордсон охин хар элгээ өгдөг гэж хараагаад зурхайгаа хаяжээ. Хожим тэр нуурыг Хөх нуур гэж нэрлэжээ.


Цааш нь...

Бөхсэлэм

Эрт урьд цагт Алшаа хошуунд Бөхсэлэм нэртэй нэгэн барилддаг хүн байжээ. Нэг жил халхад их найр наадам болов. Бөхсэлэм тэр найранд орохоор явж байхад нь зам нь нэг хүүхэн чулуун онгоцонд тэмээ услаад зогсож байв. Бөхсэлэм хүүхнээс,
- Танай халхын их найр хаана болж байна? гэж асуухад, хүүхэн Бөхсэлэм рүү нэг харснаа, ус ууж байсан нэг бүдүүн атыг хоёр боривноос нь шүүрч аваад,
- Тэнд байдаг юм гэж зааж өгөв. Бөхсэлэм энэ хүүхэн ч нэлээд тэнхээтэй юм байна гэж бодоод өмнөх чулуун онгоцыг шүүрч аваад,...
- Тэнд гэнэ үү? Гэж хүүхний заасан зүг рүү хаячихаад явчихав. Бөхсэлэм цааш явж байтал замд нь нэг монгол гэр таарч орсонд настай өвгөн, эмгэн хоёр сууж байв. Хоёр хөгшин,
- Та хаанаас хаа хүрэхээр явж байна? гэж асуусанд Бөхсэлэм,
- Би Алшаа хошуунаас ирлээ. Танай энд их найр наадам болж байна гэж сонсоод үзэхээр явж байна гэв. Өвгөн, эмгэн хоёр Бөхсэлэмд цай унд хийж өгөхөөр болж, эмгэн нь нэг бүдүүн хожуулыг хуруугаараа бяц хагалан, тулгандаа хийж, дээрээс нь хэтээ цахиж галаа асаав. Бөхсэлэм дотроо “Ийм хөгшин хүн байж яасан сүрхий тэнхээтэй юм” гэж бодож суув. Цай ууж суух зуураа нүд алдуулж байгаад өнөөх хожуулыг авч хуруугаараа эмтэлж үзсэн чинь огт дийлсэнгүй. Тэгээд цааш явж найрын газар очиход халхын хүчит бөхчүүд барилдах гэж байв. Тэдний дунд Янжиндулам нэртэй их тэнхээтэй бөх учраа бөхчүүдээ нуга нуга дарж, алж байгаа харагдав. Сайн ажиглаад байсан чинь өнөөх бөх чинь замд чулуун онгоцонд тэмээ услаад зогсож байсан хүүхэн мөн байна гэнэ. Бөхсэлэм “Энэ охин хэдий их хүчтэй юм бол, бөхчүүдийг алаад дуусах нь, нэг барилдаад үзье” гэж шийдээд бөхийн даамалд нэрээ бичүүлээд барилдаж эхлэв. Бөхсэлэм, Янжиндулам хоёр таарсан бөхчүүдээ унагаж давсаар, хамгийн сүүлд барилдахаар тунаж үлдэв. Тэр хоёр барилдсаар бүтэн өдөр болж, орой болсон хойно Бөхсэлэм Янжиндуламыг арайхийн дийлж, толгойгоор нь газарт тохой шааж алав. Халхын ноён өөрийн бөхийг нь алсанд уурлаж,
- Алшаагийн бөхийг хурдан барьж, шийтгэ гэж тушаав. Бөхсэлэм олон хүн үймэлдэж эхлэхэд, сиймхийг нь ашиглан дутаан гарч, амь мултран давхисаар өнөөх эмгэн, өвгөн хоёрынд хүрч ирэв. Хоёр хөгшин баярлан, өлсөж ядарсан Бөхсэлэмд цай унд хийж, үхрийн мах чанаж өгөв. Бөхсэлэм үхрийн мах идэж, чөмгийг нь хуруугаараа имирч хугалаад сорж идэхийг өвгөн хараад “Жирийн хүн үхрийн чөмгийг юмаар цохиж иддэг, энэ хүн имирч балбаад идэж байхыг бодоход их хүчтэй хүн байна” гэж бодож суутал, гадаа хүмүүс үймэлдэж,
- Хүүе, та минь ээ Алшаагаас ирсэн бөх Янжиндуламыг дийлж алаад зугтаасан гэнэ хэмээн шуугилдаж гарав. Өвгөн,
- Энэ хүү, үхрийн чөмгийг хуруугаараа имирч хугалаад идэж байсан. Тэр Алшаа бөх чинь энэ биш биз дээ? гэж хэлэхэд эмгэн нь хаалгаа дарж зогсов. Бөхсэлэм “Одоо ч хэрэг биш боллоо” гэж бодоод ухасхийн босоод нэг гараараа айлын гэрийг хананаас нь өргөж хаячихаад зугтааж гарав. Ингээд Бөхсэлэм халхын бөхчүүдийг алдаг цуутай эмийг дарчихаад аав, ээжид нь баригдалгүй нутагтаа ирж дархан цолоо мандуулсан гэнэ.


Цааш нь...