Нугасны муухай дэгдээхэй (төгсгөл хэсэг)

~Тэргүүн хэсэг~

Хөөрхий дэгдээхэйд гэрлэх тухай бодол яахан байх билээ дээ. Хулсанд хэвтэж намгийн ус уухыг зөвшөөрвөл дээд заяа гэж бодсон тэрээр тэндээ хоёр өдөртөө хэвтэн өнжиж байтал хоёр зэрлэг галуу нисэж ирэв.
Тэр хоёр сая өндөгнөөс гарсан тул их л хөхилдөн,
- Чи царай муутай, нэг л сонин үзэгдэж бидний санаанд нийцэв. Бидэнтэй нийлж нүүдлийн шувуу бол. Энүүхэн намагт хөөрхөн гэгч нь гуаг гуаг гэж чалчдаг хэдэн цэвэрхэн охин нугас бий. Чи хэдий муухай ч тэнд очвол ...нэгэн учир бий гэтэл гэнэт буун дуу тасхийж хоёр галуу хулсан дунд үхлүүд унаж ус улаанаар эргэлдэв. Дахин буу тас хийж олон зэрлэг галуу хулсан дундаас дэгдэн ниссэнд дарийн хөх утаа усан дээгүүр униар татуулав.
Гөрөөч ноход намгаар гүйлдэн, хулс зэгс зүг бүрт хөдлөн найгасанд дэгдээхэй айж тэргүүнээ жигүүрийн дор нуув. Гэтэл нэгэн аймшигтай нохой гарч ирэн урт улаан хэлээ унжуулан соёо шүдээ арзайлган дэгдээхэйд тулаад ирснээ гэнэт буцжээ. «Тэнгэр минь, миний бие маш муухай тул нохой ч халдаж зүрхлэхгүй байна» гэж бодон хулсан дотор хэвтэх нугасны муухай дэгдээхэйн дээгүүр буун дуу зогсолтгүй дуугарч сум шун шун ниснэ.
Үдээс хойш бууны дуу чимээгүй болсон ч хөөрхий дэгдээхэй ихэд айн цочсон тул бас нэг хэдэн цаг чимээгүй хэвтэж орчин тойрныг ширтэн үзээд хэвтэж буй намгаасаа яаран зугтааж өвс ногоог шувтлан гарахад их салхи хөдлөв. Үдэш нь нэгэн ядуу овоохойд тулж очжээ. Тэр муу овоохой маш хуучран өмхөрч ялзарсан боловч хараахан унах болоогүй байв.
Салхи улам ширүүн догшин болсонд дэгдээхэй айн хургаж арай гэж тогттол шуурга улам ширүүсэв. Гэтэл овоохойн үүдний нэгэн цүү мултарч дотогш шурган орж болмоор завсар гарсныг үзээд дэгдээхэй үг дуугүй шурган оров.
Овоохой дотор тахиа, мигуй хоёр бас нэг эмгэн байв. Тэр эмгэн мигуйгаа хүү гэж дуудна. Тэр мигуй нуруугаа гүдийлгэн хүрхэрч чадах бөгөөд үсийг нь сөргүүлэн илбэл бас оч гаргаж чадна. Тахиа нь богинохон бяцхан хөлтэй тул "Богино шийрт" гэж нэрлэгдэнэ. Өндөглөхөд сайн тул эмгэн тэр тахиаг төрсөн хүүхэд мэт хайрлана. Гаднаас ирсэн дэгдээхэйг үзээд тахиа дуугарч, муур хүрхэрсэнд эмгэн юу болов гэж ийш тийш хартал нүд нь муу тул нугасны муухай дэгдээхэйг үзээд тарган эм нугас гэж андууран их л олзуурхав. Би одоо нугасны өндөгтэй болов. Одоо ганц эр нугастай болоотох юмсан гэж боджээ. Муур, тахиа хоёр биеэ биенээ энэ гэрийн эр, эм эзэн гэж үздэг байжээ. Нугасны дэгдээхэйд харин энэ талаар өөр санал бий боловч тэд түүнийг нь хүлээн зөвшөөрөхгүй нь лавтай биз ээ.
Нугасны дэгдээхэйд тахиа ингэж хэлжээ,
- Чи өндөглөж чадах уу? Чадахгүй бол амаа татаж байгаарай гэв. Нугасны муухай дэгдээхэйд бас муур нь ингэж хэлжээ,
- Чи нуруугаа гүдийлгэж байгаад хүрхэрч үсийг чинь сөргүүлэн илбэхэд оч гаргаж чадах уу? Чадахгүй бол цэцэн мэргэдийн дэргэд чамд үг хэлэх эрх байхгүй шүү гэв.
Нугасны дэгдээхэй буланд шурган орж үг дуугүй суув. Нэг удаа гэнэт усанд орж самрах хүсэл түүнд төржээ. Энэ тухайгаа тахианд хэлтэл тахиа өгүүлрүүн,
- Чи юу болов! Хийх юмгүйдээ дэмийрч байна уу? Зүгээр дуугүй өндөглөвөл өндөглөөрэй, өндөглөхгүй бол ядаж муур шиг хүрхэр. Тэгвэл дэмий юм бодож суухгүй болно гэсэнд дэгдээхэй хэлэв.
- Аяа усанд самран шумбах шиг сайхан юм хаана байна гэсэнд тахиа донгодон өгүүлрүүн,
- Юу нь сайхан байна. Чи галзуурав уу, самрах шумбахад сайхан гэнэ шүү. Чи наадхаа муураас асуу. Миний мэдэхийн хамгийн цэцэн нь муур билээ. Чи түүнээс асуу. Бас миний эзэн эмгэнээс асуу. Дэлхий дээр түүн шиг цэцэн хүн байхгүй. Чи миний эзнийг усанд умбах шумбах дуртай гэж санана уу гэвэл дэгдээхэй,
- Чи миний санааг ойлгохгүй байна гэсэнд тахиа өгүүлрүүн,
- Бид чиний санааг мэдэхгүй бол хэн мэдэх билээ? Чи миний эзэн эмгэн, муур хоёроос илүү цэцэн байж чадна гэж санаа юу. Битгий илүү зан гарга. Чамд сайн байсныг санаж ач тусад минь бишир.
Чи дулаан гэр оронтой болж юм сурахтайгаа болсон биш үү. Би үүнийг чамд сайн санаанаас хэллээ. Чи эрхгүй өндөглөж сур. Эсхүл хүрхэрч сур, эсвэл оч гаргаж сур гэсэнд дэгдээхэй өгүүлрүүн,
- Би санавал дэлхийг хэсэж явах нь дээр болов уу гэжээ.
- Тэгвэл чи явахгүй юу, хэмээн тахиа түүнд омогдов.
Дэгдээхэй ч гарч явав. Гараад усанд орж самарч шумбаж явахад нь олон амьтан түүнийг муухай гэж жигшин зайлж байв.
Намар болоход ой модны навч шарлаж салхинд хийсэн унаж хүйтэн жихүүн болж ирэхэд хөөрхий дэгдээхэй их л зүдрэв. Нэг үдэш бургасан дотроос маш сайхан том шувуудын сүрэг гарч ирэв. Үзвэл хүзүү урт бөгөөд уяхан цөм цасан адил цагаан өнгөтэй ажээ. Дэгдээхэй урьд тийм шувуудыг үзээгүй тул их л гайхав. Тэр бол хун шувуудын сүрэг байв.
Хун шувуудын сүрэг маш сониноор дуугарч сайхан том жигүүрээ дэлгэн дэвсээр гадаад далайн тэртээх дулаан орны зүг нисэн оджээ. Үүнийг үзээд нугасны муухай дэгдээхэйн дотор жигтэй сонин болж хунгийн сүргийн хойноос дуугарсан өөрийнхөө дууг сонсоод цочин гайхав. Тэр сайхан шувууд далд орсон тул дотроо тэднийг мартахыг хичээн усны ёроолд хүртэл шумбан орж дахин дээш хөвөн гарч байв. Тэрээр тэдгээр шувуудын сүрэгт өчүүхэн ч атаархсангүй. Харин өөрийн биеийг ийм сайхан болоосой гэж санав. Хөөрхий тэр муухай амьтан түүнийг олон нугас хүлцэн үзэж жигшихгүй бол баярын дээд гэж бодно.
Өвөл болж хүйтэн нэн чангарав. Дэгдээхэй усанд умбан шумбаж самран мөсөнд хадагдахгүйн тулд үргэлж хөдөлсөөр байсан боловч яалт ч үгүй мөсний доор орж царцав. Түүнийг хажуугаар нь өнгөрч явсан тариачин олж хараад дэргэд нь очиж модоор мөсийг нь хэмхчин дэгдээхэйг эхнэртээ аваачиж өгчээ. Дэгдээхэй ингэж дахин амьдрав.
Тариачны хүүхэд дэгдээхэйтэй тоглох гэж оролдов. Дэгдээхэй шоглон тамлуулахаас айж хүүгээс яаран сандран зугтаатал сүүтэй хөнөг дотор орчихов, гэрээр дүүрэн сүү асгарлаа. Гэрийн эзэгтэй гараа сарвалзуулан занаж дэгдээхэйг хөөлөө. Айн сандарсан дэгдээхэй тостой таваг дотор орчихоод гарах гэж ухасхийтэл гурилтай сав руу орчих нь тэр. Тэндээсээ бөөн гурил болсон муухай юм гарч ирэхэд гэрийн эзэгтэй хашгиран харааж галын хайчаар цохих гэж хөөв. Үүнийг хараад хүүхдүүд шуугилдан гүйлдэж их л хөөрөн баярлалдав. Завшаанаар хаалга нээлттэй байсан тул хөөрхий дэгдээхэй санд мэнд гүйн гарч шугуй руу ороод сая орсон цасан дээр хэсэг хэвтэв.
Өвлийн хатуу бэрх цагт хөөрхий нугасны дэгдээхэйд учирсан зовлон бүгдийг тоочин өгүүлбэл их л өрөвдөлтэй тул түүнийг энд үл өгүүлэн цааш өгүүлэхэд:
Хаврын сайхан цаг ирж нарны илч наашлан хөхөө шувууд жиргэх цагаар нугасны дэгдээхэй намаг дахь хулс зэгсний дунд амьдран сууж байв. Энэ үед гэнэт түүний жигүүр тэлэгдэн нээгдэж урьдахаасаа улам чадалтай шаламгайгаар хөдлөн нисэж эхлэв. Энэ эрчээрээ ниссээр дэгдээхэй маш сайхан цэцэрлэгт буужээ. Тэр цэцэрлэгт алмурадын модод, голт борын цэцэгс найган, түргэн урсгалт гол мяралзан, тун ч үзэсгэлэнтэй сайхан байв.
Гурван сайхан хун шувуу тэрхүү голын усанд хөвсөөр дэгдээхэйн өмнөөс очив.
Дэгдээхэй ноднин харсан шувууд мөн болохыг таньж, баярлаад өмнөөс нь зоригтой нисэн очлоо. Намайг муухай амьтан ойртлоо гэж үзээд тоншвол тоншиж, албал алаг. Нугасанд чимхүүлж, тахианд тоншуулж, шивэгчинд өшиглүүлж ад шоо болж явснаас ингэсэн нь ч дээр биз гэж бодоод усан дээр нисэн бууж, тэр сайхан хун шувуудын өмнөөс самран очтол нөгөөдүүл нь далавчаа дэрвийлгэн сөхөж түүнийг уриалгахан угтан авав. Учир нь тэдгээр шувууд амьтан бүхэнд жигшигдэн ад шоо үзэгдэх үзэшгүй муухай дэгдээхэйг биш харин нэгэн сайхан хун шувууг угтан авсан нь тэр байв.
Өчнөөн олон зовлон туулсны эцэст дэгдээхэй өөрийн жинхэнэ дүр төрхийг олоод амт шимтийг нь сая бүрнээ мэдрэв. Хун шувууд түүнийг тойрон ирж хошуугаараа илбэн таалж эрхлүүлэв.
Бяцхан хүүхдүүд цэцэрлэгт орж ирээд усанд талх, тариа цацтал хамгийн бага нь хашгиран:
- Тэр нэг нь шинэ хун байна гэсэнд бусад нь баярлан хашгиралдаж,
- Шинэ хун ирэв, шинэ хун ирэв гэж алгаа ташин бүгдээр өгүүлрүүн,
- Шинэ хун хамгийн сайхан, хамгийн залуу нь байна. Хуучин хунгууд түүний өмнө толгойгоо бөхийлгөжээ гэлцэв. Залуу хун үүнд ичингүйрч жигүүрийнхээ дор толгойгоо нуув. Нэг л хачин сонин мэдрэмж төрснөө өөрөө ч тайлбарлаж чадсангүй.
Сайхан сэтгэлтэн ихэрхэг омгорхог байж болохгүй. Залуу хун тэсгэлгүй өөрөөрөө бахдан баярлавч өчүүхэн төдий ч омгорхож ихэрхсэнгүй. Урьд хамаг бүхэнд ад шоо болж жигшигдэн хөөгдөж явсан бол одоо амьтан бүхэн түүнийг сайхан шувуудын дотроос хамгийн сайхан нь гэж шагшин магтдаг болсныг дотроо бодож байв. Залуу хун өд жигүүрээ дэлгэн засаж ганган сайхан хүзүүгээ сунган эргэж, сэтгэл зүрхний угаас би "нугасны муухай дэгдээхэй" байхдаа ийм сайхан жаргалыг зүүдлээ ч үгүй явсан шүү хэмээн хашгирчээ.


Цааш нь...

Нугасны муухай дэгдээхэй (тэргүүн хэсэг)

Хөдөө, тарианы газар зун цагт маш сайхан ажээ. Тариа будаа шарлаж, нохойн хошуу ногоорно. Өвс маш сахлаг ургаад өрөвтас шувуу урт улаан хөлөөр нааш цааш алхлан явж эхээс сурсан мисэр* хэлээр чал, чал чалчина. Нуга тариаланг их ой тойрон бүсэлж, ойн дунд маш гүн нуурууд байна. Аяа, тэр тариалангийн газар юутай сайхан билээ!
Тэнд гүн устай татаалаар хүрээлэгдсэн нэгэн хуучин гацаа нарны гэрэл доор орших ба хашаанаас татаалын ус хүртэл их далбагар навчтай хамхалз ургасан бөгөөд тэр хамхалз маш хөгшин тул зарим том навчин дор нь бяцхан ... хүүхэд босоогоороо нуугдаж болохоор.
Орчин тойрон нь аглаг гүн ойн доторхитой адил. Татаалын ойр нэгэн газар нугас үүрэндээ өндгөө дарж хэвтээд удсан тул нилээд уйджээ.
Түүний уйтгарыг сэргээж ирэгчид их л ховор бусад олон нугас түүний дэргэд ирж хамхалзын навчин доор суун чалчихаас татаалын усанд самрахыг илүүд үзнэ. Ингэж суутал өнөөх нугасны дарсан өндөг дараа дараагаараа хагарч шив шив гэж дуугараад жижигхэн жижигхэн толгой өндөгний хальснаас булталзсанд нугас гуаг гуаг, шалав, шалав гэж шаардан байв. Дэгдээхэйнүүд чадах чинээгээрээ оролдож хальснаасаа гараад орчин тойрон дахь ногоон навчийг үзэхэд эх нь ногоон өнгө нүдэнд сайн тул хичнээн үзвэл төчнөөн үзтүгэй гэж зөвшөөрөв.
Олон дэгдээхэй битүү өндөгнөөс сая гарсан тул орчин тойрон дэлхий ертөнц юутай уужим бэ гэж гайхалдахад эх нь өгүүлрүүн,
- Та нар дэлхийг энэхэн гэнэ үү? Манай энэ дэлхий гэгч цэцэрлэгийн цаад захаас ламтаны тариалан хүрнэ гэв. Мөн тэрээр,
- Би тэр хүртэл явж үзээгүй билээ. Та нар бүгд энд байна уу гээд өндийж үзтэл бас нэгэн том өндөгнөөс дэгдээхэй гарах өдий харагдав. Юутай удна вэ. Би үнэхээр залхав гээд дахин хэвттэл нэгэн хөгшин нугас түүн дээр ирээд,
- За юу болж байна гэхэд өндөг дарагч нугас,
- Нэг өндөг л их удаж байна. Одоо хүртэл ан цав ч гарсангүй.
Бусад дэгдээхэйг үзэгтүн. Би ер ийм сайхан дэгдээхэйг урьд үзсэнгүй. Цөм эцгээ дуурайсан нь гайхалтай. Тэгтэл тэр муу одоо хүртэл намайг эргэж ирсэнгүй гэхэд хөгшин нугас,
- Чи тэр хагардаггүй өндгийг надад үзүүл. Тэр лав нэгэн зүйл тахианы өндөг биз. Би нэгэн удаа мэхлэгдэж их л зүдэрсэн билээ. Тэр тахианы цурвага уснаас айх тул усанд оруулах гэж их ядсан билээ гэв. Мөн үргэлжлүүлэн,
- Өндөг чинь аль вэ, надад үзүүл. Ай, энэ өндөг лав миний хэлснээс зайлахгүй. Үүнийг дараад яах вэ. Харин бусад дэгдээхэйгээ самрахад сургахыг бод! гэсэнд өндөг дарагч нугас өгүүлрүүн,
- Би бас нэг жаахан хэвтээд үзье. Өдий удаан хэвтсэнээс хойш бас нэг жаахан дараад хэвтэхэд ядах юу байх вэ гэхэд хөгшин нугас,
- За тэгвэл өөрөө мэд гээд явав.Тэгж тэгж өнөөх том өндөг хагараад шив шив гэсээр дэгдээхэй гарч ирэв.
Бие нь маш том бөгөөд үзэшгүй муухай тул эх нугас үзэж үзэж,
- Энэ яасан том хэлбэр галбиргүй муухай дэгдээхэй вэ? Бусдаас яасан ондоо амьтан гарав. Нугас биш юм болов уу. Мөн бишийг нь үзнэ дээ. Усанд түлхэж оруулъя гэж бодов.
Хойд өдөр нь сайхан дулаан өдөр болж, нар их л ээж байв. Нугас дэгдээхэйнүүдээ дагуулж татаалын зүг очоод усанд пал хийтэл харайж ороод гуаг гуаг гэж дуудахад дэгдээхэйнүүд нь хойно хойноосоо цувран харайж ус руу шумбан орцгоов.
Нугас түүнийг үзээд өгүүлрүүн,
- Энэ миний хүүхэд болохоос гарахгүй. Түүний хөдлөх аашлахыг үзэгтүн. Хөлөөрөө сайхан сэлж байна. Энэ миний хүүхэд лав мөн гуаг гуаг, хүүхэд минь намайг дагаж явагтун. Би та нарт олныг таниулъя. Надаас битгий холдогтун. Мигуй гэж хэцүү дайсан бий шүү. Бас хааш хамаагүй явбал хүний хөл дор гишгэгдэж магадгүй байдаг тул хичээж явагтун. Би та нарыг нугасны газар аваачиж олон ах дүү нарт үзүүлье гээд нугасны газар дагуулан авчирсанд тэнд хоёр айл нугас могой загасны толгойг булаалдан хэрэлдэж байсан тул, их л дуу чимээ гарч байв.
Тэр шуугилдах самбаанд мигуй ирээд өнөөх хэрүүлтэй толгойг сэмхэн хулгайлан зугтсанд эх нугас тэр толгойд мөн санаархаж шүүрэхийг завдан амаа ангалзуулан өгүүлрүүн,
- Хүүхэд, энэ ертөнцийн явдал ийм байдаг шүү. Та нар тэр нэгэн хөгшин нугасны өмнө шаламгайлан очиж хөлөө хөдөлгөн хүзүүгээ бөхийлгөн ёслогтун. Энэ газар тэр нугас хамгийн их нэр хүндтэй нь бөгөөд испани угсаатай тул бие маш бүдүүн болой. Та нар түүний хөлд зүүсэн улаан бүчийг үзэгтүн, Тэр бол адилтгашгүй сайхан юм бөгөөд манай нугасны олох сайшаалын тэмдгийн дээд билээ. Түүнийг зүүлгэсэн нь хаанаас ч харагддаг. Хүн амьтанд шууд танигдана. Сайн сургаалтай дэгдээхэй аав ээжээ дууриаж, алцайж гишгэдэг. За одоо толгойгоо бөхийж гуаг гэж хэлэгтүн гэсэнд дэгдээхэйнүүд ээжийн заасныг дагатал бусад олон нугас үзээд,
- Бид энд цөөдөөд байсан юм шиг энэ хэдэн муусайн юм бас энд юунд хүрч ирэв. Тай, тай! тэр нэг дэгдээхэй нь яасан муухай юм бэ.
Бид тэрнийг энд байлгахгүй гээд нэгэн нугас хүрч ирээд дэгдээхэйн шилэн хүзүүнээс чимхээд авлаа.
Эх нугас үүнийг үзээд,
- Түүнийг битгий шоглогтун. Тэр та нарт муу юм хийгээгүй гэхэд тэр чимхсэн нугас,
- Тийм нь тийм. Гэхдээ даанч том, даанч хачин муухай тул түүнийг эндээс хөөвөл зохино гэсэнд хөлдөө тэмдэгтэй хөгшин нугас өршөөн хөхүүлэх байдал үзүүлэн өгүүлрүүн,
- Юутай сайхан хүүхдүүд вэ. Ганц нь л санаанд баахан дутуу болжээ. Үүнийг дахиад нэг дарж үзэхгүй юу гэхэд эх нугас өчрүүн,
- Ахайтан, тэгж одоо болохгүй байна. Түүний байдал үзэсгэлэнгүй боловч санаа нь маш сайн. Бас самрахад бусдаас дутахгүй харин ч баахан илүү гэж болно. Би, санавал өсөж торнихдоо сайхан болох байх аа. Тэр үед бие нь тэгш бага болж ч магад. Энэ лав өндгөн дотор удаан хзвтсэнээс болсон байх аа. Бас эр төрсөн тул царай барагтай ч гайгүй биз ээ. Үүнд тамирлаг чадалтай байдал бий тул хойшид биеэ дааж явж чадах биз ээ гэсэнд хөгшин нугас,
- Бусад дэгдээхэй цөм хөөрхөн байна. Та нар энд гэртээ байсан шиг байгтун. Могой загасны толгой олбол надад авчирч өгч болно гэхэд нугасны дэгдээхэйнүүд гэртээ байгаа мэт тухалж байлаа.
Гагцхүү өндөгнөөс хамгийн сүүлд гарч царай муут болсон хөөрхий тэр нэгэн дэгдээхэй л нугас байтугай тахианд ч хүртэл түлхүүлж тоншуулан хөөгдөв.
Бүгдээр түүнийг чи том гэж хөөнө. Хөөрхий дэгдээхэй шингэх багтах газар олж ядан олон нугасны шоо доог болж шоовдорлогдов.
Анхандаа ийм байсан нь хойш улам лавширч амьтан бүхэн түүнийг хөөнө.
Ax нар эгч нар нь ч түүнд муухай аашлан,
- Муу золиг чамайг мигуй бариасай гэж зүхнэ. Эх нь бас түүнийг надаас холдож зайлаасай гэнэ.
Муухай дэгдээхэйг нугас чимхэн зодож, тахиа тоншин адлах бөгөөд түүнийг шувууг тэжээгч шивэгчин ч өшигчин хөөх тул үргэлж зугтаасаар хашаа даван нисэн гарав. Хашаанаас ингэж даван гарсанд ой шугуйд байсан олон бялзуухай ч түүнээс цочиж үргэн нисэв. Эд миний муухайгаас цочсон биз гэж нүдээ аньж гүйсээр зэрлэг нугас суух нэгэн их намагт хүрээд тэрхүү намагтаа хэвтэж хонов. Өглөө нь зэрлэг нугас босож түүнийг үзээд,
- Чи хаанаас ирэв гэж асуухад дэгдээхэй түүн рүү чадах чинээгээрээ ёсолсонд,
- Яасан муухай амьтан бэ? гээд,
- Гэхдээ манайхантай гэрлэхгүй бол чиний муухай хэнд хамаатай билээ гэв.

Тайлбар:
мисэр - Египт

~Төгсгөл хэсэг~


Цааш нь...

Чулуун ой

Эрт цагт Чингис хаан төр гүрний улсыг хөдөлгөж цайз хэрмийг бариулж гэнэ. Цайз хэрмийг барьж байсан хүмүүсийн захирагч нь их хэрцгий ширүүн хүн байжээ. Хэрвээ хэн нэг хүн ядарч зүдрээд жаахан л амсхийх гэвэл тэр дор нь барьж, цайз хэрмийн дотор хаяж, хэрмээ үргэлжлүүлэн барьдаг байв. Нэг удаа энэ хэргийг Хурмаст тэнгэр олж мэдээд энэ янзаараа ядарч туйлдсан ард олныг алаад байвал, Цайз хэрмийг барьж дуусахад орчлон дээр нэг ч хүн үлдэхгүй юм байна гээд Бодисадва бурханыг орчлонд илгээн,...
- Чи цайз хэрэм барьж байгаа газарт очоод ядарч туйлдсан улсыг авар гэж захиж явуулав. Бодисадва бурхан орчлонд бууж ирээд нэгэн хувилгаан хутагтын дэргэд хүрч,
- Би Хурмаст тэнгэрийн зарлигаар хүний ертөнцөд бууж, цайз хэрэм барьж байгаа хүмүүст туслахаар ирлээ. Та надад тус болооч? гэж гуйв. Хувилгаан хутагт Бодисадва бурханд нэг бургасны мөчир өгч, хэдэн тахиа, галуу, нугас туулгаад,
- За та үүнийг туугаад цайз хэрэм барьж байгаа газар уруу яв. Замдаа огт зогсож болохгүй. Хүн амьтан таарвал дуугарч болохгүй. Замд таарсан юмыг идэж ууж болохгүй шүү гэж захив. Бодисадва бурхан бургасан шилбүүрээ бариад тахиа, галуу, нугаснуудаа туугаад цагаан хэрэм барьж байгаа газар луу явж байв. Замдаа ам нь цангаж харангадахын даваан дээр тулж явтал тунгалаг сайхан устай нуур тааралджээ. Бодисадва бурхан баярлан гүйж очоод, хувилгаан хутагтын захиасыг ч мартаж бургасан шилбүүрээ нуурын эрэг дээр хатгаж орхиод цангаагаа тайлтал ус ууж, нүүр гараа угааж аваад, тууж явсан шувуунуудаа ч нууранд оруулж умбуулав. Гэтэл нуурын мандал дээр нэгэн цагаан толгойтой өвгөн гарч ирээд,
- Чи хаанаас ирсэн юун хүн бэ? Яагаад миний нуурын уснаас ууж, нүүр гараа угааж, тахиа шувуугаа оруулдаг билээ? гэж чанга дуугаар зандрахад, сая хэрэг буруудсаныг ойлгож, санд мэнд нуурын уснаас гарч, бургасан шилбүүрээ авах гэтэл уул болоод ургачихсан байв. Бодисадва бурхан нууранд буцаж ороод шувуунуудаа гаргах гэтэл тахиа нь тахиа шиг уул болоод, галуу нь галуу шиг уул болоод, нугас нь нугас шиг хэлбэртэй уул болоод хувирчихсан байв гэнэ. Үүнийг үзээд Бодисадва бурхан мэл гайхан зогсож байтал өөрөө ч уул болоод ургачихаж гэнэ.
Ингээд Бодисадва бурхан хувилгаан хутагтын үгэнд ороогүйгээс болж цайз хэрэм барьж ядарч туйлдсан хүн ардад тусалж чадалгүй, өөрөө хад болон хувирчээ. Үүнээс хойш тэр газарт босоо, босоо цагаан уул чулуу бий болсон бөгөөд тэр газрыг одоо ч Чулуун ой гэж нэрлэдэг юм гэнэ.


Цааш нь...

Чоно өмч авсан нь

Эрт урьд цагт Бурхан багш түмэн амьтанд идэх хоол хуваан өгчээ. Тэр үед чоно зээр барьж идэх гэж элдэж байгаад хоцорчихжээ. Үнэг бурхан Багшаас өмчөө аваад буцаж явах замдаа чонотой таарч,
- Хөөе, чи энд юу хийж яваа юм бэ? Цаана чинь Бурхан багш түмэн амьтанд өмч хувааж байна гэж хэлэв. Чоно үнэгний хэлэхийг сонсоод хөөж байсан зээрээ орхиж, Бурхан багшаас өмч авахаар очжээ. Гэвч чоныг хүрч очиход Бурхан багш өмчөө хуваагаад дуусчихсан байв. Чоно,...
- Надад өмч хувааж өгөөч гэхэд Бурхан багш,
- Чи хоцорч ирсэн тул өмч дууссан гэж хэлэв. Чоно дургүй нь хүрч,
- Бусад амьтанд бүгдэд нь өмч хуваачихаад надад яагаад үлдээдэггүй юм хэмээн гомдоллоход Бурхан багш,
- За тэгвэл чи хойшид өөрийн эр чадлаараа хоолоо олж ид. Гэхдээ мянгаас нэгийг идэж байгаарай гэж захижээ.
Чоно түрүүхэн хөөж байсан зээрээ холдоод явчихвий гэж санаа нь зовж яарч сандарч байсан болохоор бурхан Багшийн хэлснийг буруу сонсож “Мянгаас нэгийг үлдээж бай” гэж ойлгоод,
- За за, болно гэж хэлчихээд зээрээ хөөж барихаар буцаж давхижээ. Түүнээс хойш чоно айлын хоттой мал таарвал заавал бүгдийг нь хороодог болсон ба үүнийг Бурхан багш сонсоод үнэн худлыг нь шалгаж үзэхээр шийджээ.
Тэгээд Бурхан багш нэг өдөр айлын хоттой малан дунд ороод хонины нэхий нөмрөөд өвс идсэн дүр үзүүлээд сууж байтал чонын сүрэг хонь уруу дайран ирж яваа харагдав. Эр чадалдаа бардаж, олз омогтоо улайрсан чонын сүрэг хонийг захаас нь эхлэн гэдсийг нь хүүлж хядсаны дараа Бурхан багшийг барьж идэхээр дайрчээ.
Бурхан багш өмнөөс нь гэнэт босоод зогстол чоно бурхан багшийг таниад айн цочихдоо нүүр уруу нь харж чадалгүй буруулан зугтжээ. Үүнээс хойш чоно хүний улаан нүүрийг харж чадахаа больсон юм гэнэ.


Цааш нь...

Бурхан, чөтгөр хоёр

Эрт урьд цагт хүний хоёр мөрөн дээр бурхан, чөтгөр хоёр нэг нэгээрээ сууж явдаг байжээ. Тэр хоёр хэзээд юу сайн, юу муу болох талаар маргалдаж явдаг юм гэнэ. Нэг удаа бурхан, чөтгөр хоёр хүн төрөлхтөн хэнийг түрүүлж шүтдэг тухай маргалдаж гэнэ. Бурхан,
- Хүн төрөлхтөн намайг түрүүлж шүтдэг гэв. Чөтгөр,
- Үгүй, хүн төрөлхтөн намайг түрүүлж шүтдэг гэв. Хэн хэнийгээ дийлсэнгүй тул мөрий тавьж үзэхээр болов. ...
Тэгээд бурхан, чөтгөр хоёр нэгэн салаа замын эхэнд ирж, хүн ирэхийг хүлээж суув. Гэтэл нэг үүргэвч үүрсэн бадарчин ирээд,
- Ёо, ёо. Ядарч үхэх нь. Яасан хол газар вэ? гэж үүргээ авч газар тавиад хөлсөө арчиж жаахан амарчихаад,
- Лам гончиг сүм минь. Ум ма ни бад ми хум. Яасан хол газар вэ? гээд үүргээ үүрээд босч явав.
Чөтгөр энэ үгийг сонсоод,
- За, ямар байна? Чи сонсов уу? Хэнийг түрүүлж хэлж байна? гэж асуухад бурхан хэлэх үггүй болсон гэдэг.
Учир нь “Ёо, ёо” гэж хэлэхэд чөтгөр баярладаг юм гэнэ. “Ум ма ни бад ми хум” гэж хэлэхэд бурхан баярладаг юм гэнэ. Тиймээс монголчууд ёолохыг муу ёр хэмээн цээрлэдэг болсон ажээ.


Цааш нь...

Хүн хар гөрөөс айлын охиныг булаасан нь

Эрт урьд цагт Алшачууд жил болгон гэр бүлээрээ Зууд мөргөл хийдэг заншилтай байжээ. Тэгээд зам холоос болж цаст уулын ёроолд буудаллаж байж гэнэ. Нэг жил, гэр бүлээрээ Зууд мөргөхөөр явж байгаад цаст уулын ёроолд ирж морь тэмээгээ амрааж буудаллав. Тэгээд явах болж арван дөрвөн настай охиноо тэмээгээ авчир гэж явуулжээ. Охин нь өндөр уулын бэлд хүрч, тэмээнийхээ дэргэд очтол цаанаас нь хүн хар гөрөөс гарч ирээд, барьж аваад явчихаж гэнэ. Ээж, аав нь охиноо хэчнээн хайгаад олсонгүй аргаа барж цааш явж Зууд мөргөчихөөд харьжээ.
Нэлээд хэдэн жил өнгөрч охиныхоо хойноос гашуудах нь багасч байх үед бас нэг айл Зууд явж байгаад цаст уулын хажуугаар өнгөрч явтал бүх биеэрээ үстэй хүүхэн гүйж ирэв гэнэ. Тэдгээр хүмүүс айж сандарч зогстол тэр ноостой хүүхэн,...
- Та нар битгий ай. Би бол хүн байна. Олон жилийн өмнө миний аав ээж намайг дагуулж Зууд явж байгаад энд үлдээсэн юм. Би тэмээгээ авахаар явж байхад хүн хар гөрөөс барьж аваад явсан юм. Өнөөдөр би арай гэж зугтааж ирлээ гэв.
Тэд зэргэлдээ хошууны айл охиноо гээсэн талаар сонсож байсан болохоор түүний үгэнд арай гэж үнэмшив. Ноостой хүүхэн,
- Одоо хүн хар гөрөөс араас хөөгөөд ирж яваа. Та нар миний амийг авар гэж гуйжээ. Тэд ноостой хүнийг ачаандаа хийж нуув. Төдөлгүй хүн хар гөрөөс хүүхний араас хөөж ирсэн боловч хүмүүст ойртож чадахгүй, бас холдож чадахгүй ойр хавиар нь бараадан холхиж байснаа гэнэт буцаад ой модруу орчихов. Хүмүүс “Одоо хүн хар гөрөөс явсан” гэж бодоод хүүхнийг ачаан дээрээ гаргаж суулгаад явж байтал өнөө хүн хар гөрөөс ой модноос хүүхдээ тэврэн гарч ирээд уулын хөвөөгөөр нааш цааш явж хүүхдээ эхэд нь харуулж байна гэнэ. Мөргөлчид ажиггүй цааш явсанд хүн хар гөрөөс хүүхдээ хоёр хөлөөс нь барьж хоёр тийш нь татаж тасдаад нэг хэсгийг нь ээжрүү нь шидэж, нэг хэсгийг нь өөрөө аваад ууландаа буцаад орчихсон гэдэг. Хүн хар гөрөөс гэгч амьтан их үнэнч сэтгэлтэй боловч хаягдаж үлдэхийг үл тэсвэрлэж, үр хүүхдээ золионд гаргадаг өрөвдөлтэй бөгөөд харгис хэрцгий амьтан байжээ.


Цааш нь...

Ээж нуур Хатан гол болсон нь

Эрт урьд цагт эмгэн өвгөн хоёр ганц хүүтэйгээ, долоон улаан ямаагаа хариулан амьдран суудаг байж гэнэ. Хүү нь өдөр бүр ээж нуурын хөвөөгөөр долоон улаан ямаагаа хариулдаг байв. Нэг өдөр олон загасчин ирж, ээж нуурын загасыг шүүрдэж нэг ув улаан загас гохдож гаргахыг хүү харав. Хүү их өрөвч зөөлөн сэтгэлтэй тул загасыг өрөвдөж,
- Та нар наад улаан загасаа надад өгчих гэж гуйсанд загасчид,...
- Чи тэгвэл нэг улаан ямаагаа бидэнд өг. Тэгвэл загасаа чамд өгье гэв. Хүү зөвшөөрч, нэг ямаагаа барьж өгөөд загасыг авч ээж нууранд нь буцааж тавьжээ. Улаан загасыг усанд нь тавьсанд загас уснаасаа гарч ирээд хүүг баахан харж байснаа буцаад усандаа орж алга болов. Хүү зургаан улаан ямаагаа туугаад гэртээ ирэхэд аав, ээж хоёр нь,
- Нэг улаан ямаагаа яасан бэ? гэж асуув. Хүү,
- Нэг улаан загасаар сольчихлоо гэж хариулав. Аав, ээж хоёр нь,
- Нэг улаан загасаа яасан бэ? гэж асуув. Хүү,
- Та хоёр минь дандаа “Амьд амьтны амийг аварч байвал буян болно” гэж захидаг болохоор усанд нь буцаагаад тавьчихлаа гэж үнэнээ хэлэв.
Аав ээж нь уурлаж хүүдээ нэг уут өгөөд хөөж явуулжээ. Хүү гэрээсээ хөөгдөөд орох орон, оочих аягагүй, өлсөж ундаасаад нэгэн толгойн энгэрт муу хар уут дэрлээд “Одоо нэг сайхан мах байсан бол” гэж бодож хэвтээд унтчихав. Унтаж, унтаж сэрсэн чинь өмнө нь тавагтай чанасан мах байж байв. Өлссөн хүү юм бодож санасангүй өнөө махыг идчихээд цааш явав.
Явж явж бас нэг толгойн энгэрт суугаад “Одоо нэг сайхан бууз байсан бол” гэж бодож байгааад унтчихав. Нойрон дунд нь жигнэсэн буузны үнэр ханхийхэд сэрээд харсан чинь үнэхээр дөнгөж жигнэсэн тавагтай бууз байж байв. Хүү бас л идчихээд цааш явав.
Ийнхүү хүү унтах бүртээ “Тийм хоол идэх юмсан, ийм хоол идэх юмсан” гэж бодоод санасан бүгд нь бүтдэг байлаа.
Нэг өдөр “Нэг сайхан байшин байсан бол” гэж бодоод унттал гурван давхар байшинтай болчихсон сэрж гэнэ. Дараагийн өдөр унтахдаа “Байшиндаа эд хөрөнгөтэй болох юмсан” гэж бодоод унттал бас л дутах юмгүй эд хөрөнгөтэй болсон байлаа. Харин түлэх түлээтэй болох юмсан гэж хэчнээн бодоод түлээтэй болохгүй байв. Тэгээд хүү өдөр бүр түлээ түүдэг болов. Нэг өдөр түлээгээ түүж яваад ядраад болохгүй болохоор нь “Түлээ намайг үүрдэг байсан бол” гэж бодоод түлээн дээрээ гараад унтчихав. Нэг сэрсэн чинь үнэхээр түлээ нь өөрийг нь үүрээд гэрийнхээ үүдэнд ирж байв.
Хүү нэг удаа “Хэн надад хоол, цай хийж авчирч өгдөг юм бол? Мэдэх юмсан гэж бодоод” түлээ түүж яваад хурдан гэгч буцаж ирээд харсан чинь нэг үзэсгэлэнтэй хөөрхөн охин хоол хийгээд зогсож байв. Хүү охиныг хараад магнайгаа хагартал баярлаж гэртээ гүйж ороод,
- Чамайг хэн гэдэг вэ? Чи хаанаас ирсэн юм бэ? гэж асуухад охин,
- Би бол чиний усанд буцааж тавьсан улаан загас байна. Би чиний ачийг хариулж, эхнэр чинь болохоор ирсэн юм. Харин чи намайг харах ёстой өдрөөсөө гурав хоногийн өмнө харчихлаа. Тийм болохоор чи бид хоёрын амьдралд нэг гай учрах болно гэж хэлжээ.
Ингээд хүү, охин хоёр жаргалтай сайхан амьдарч байтал хаан энд үзэсгэлэнтэй хөөрхөн бүсгүй байгааг олж мэдээд эхнэрээ болгон буулгаж авахаар олон цэргээ дагуулан иржээ. Загас бүсгүй,
- За одоо бид хоёрт аюул ирлээ. Чи хааны цэрэгтэй тулалд. Тулалдаад үхэхийн өмнө “Хаан нь үнээ бол, цэргүүд нь бух бол” гэж хэлээрэй гэж захив. Хүү эхнэрээ өгөхгүй гэж хааны цэргүүдтэй тулалдав. Тулалдаж, тулалдаж үхэхийн даваан дээр,
- Хаан нь үнээ бол, цэргүүд нь бух бол гэж хэлсэнд үнэхээр хаан нь үнээ болж, цэргүүд нь бух болж хувираад олон бух ганц үнээгээ булаалдаж, хоорондоо мөргөлдсөөр хүч тамираа барж ирэв. Хүү,
- Одоо юу хийх ёстой вэ? гэж асуухад эхнэр нь,
- Одоо хаан нь хаан болж, цэргүүд нь цэрэг болж буцацгаа гэж хэл гэв. Хүү эхнэрийхээ хэлсэн ёсоор “Хаан нь хаан болж, цэргүүд нь цэрэг болж буцаж явцгаа” гэж хэлэв. Үнэхээр хаан нь хаан болж, цэргүүд нь цэрэг болж буцаж явцгаав. Бүсгүй,
- Одоо бид хоёрын гай өнгөрсөн. Харин хоёулаа гурван жил л сайхан амьдарна. Харин түүний дараа чи үхрийн эвэрт үхэж би чиний хойноос гашуудахдаа буцаж загас болоод Ээж нуурандаа орж Хатан гол болон урсаж явна гэж хэлжээ.
Залуу хос аз жаргалтай сайхан амьдарсаар гурван жил харвасан сум шиг өнгөрч, бүсгүйн хэлсэн хугацаа ч ирэв. Хүү ихэд сэтгэлээр унаж,
- Би үхэхгүй, би чамаасаа салахгүй, байшингийн дээвэр дээр гараад суучихвэл үхэр хаанаас ирж намайг мөргөх билээ гэж хэлээд байшин дээрээ гараад өдөржин суудаг болжээ. Нэг өдөр байшин дээрээ гараад хийх юм олдохгүй уйдахдаа хөөрөгнийхөө халбагаар чихээ ухаж суутал, гэнэт байшингийн дэргэд үхэр мөөрөх сонсдов. Үхэр бодож суусан хүү цочихдоо хөөрөгнийхөө халбагаар чихрүүгээ хатгаад үхчихэж гэнэ. Учир нь тэр хөөрөгний халбагыг үхрийн эврээр хийсэн юм байж. Нөхрөө үхсэний дараа үзэсгэлэнт хөөрхөн лусын дагина бүсгүй гашуудан шаналж, хүний амьдралаас уйдахдаа Ээж нуурандаа очиж загас болон хувирчээ. Удалгүй Ээж нуурын ус загас бүсгүйн гашуудлыг даалгүй Хатан гол болон урссан домогтой юм гэнэ.


Цааш нь...

Бурханы үхрүүд(Энэтхэг)

Нэг удаа тариачин эр эхнэртэйгээ хамт сүм рүү явжээ. Лам орж ирээд хүмүүст сургааль айлдаж эхлэв гэнэ,
- Хүүхдүүд минь, хэрвээ та нар Бурханд ямар нэгэн зүйлийг өгөх юм бол, танд зургаа дахин ихийг эргүүлэн өгөх болно. Хэрвээ та нар нэг үхэр авч ирэх юм бол, танд зургаа болгон эргүүлэн өгөх болно гэжээ. Тариачин гэртээ эргэж ирээд эхнэртээ хэлэв, ...
- Магадгүй лам үнэн хэлсэн ч юм билүү? Өөрсдийн ганцхан үхрээ Бурханд өгчихье, харин бидэнд зургаа болгоод эргүүлж өгнө байх.
Өглөө нь босоод тэд үхрээ ламд аваачаад өгчихлөө. Лам баярлан, тэднийг магтаж үхрийг нь өөрийнхөө үхрүүдтэй хамт бэлчээлээ. Харин орой нь үхэр нь гэртээ, тариачны хашаанд эргэн иржээ. Бас түүнийг дагаад ламын таван үхэр хүрээд ирж гэнэ.
- Лам үнэн хэлсэн байна шүү, гэж тариачин эхнэртээ хэллээ. Одоо бид зургаан үхэртэй боллоо. Харин тэр үед лам өөрийнхөө үхэрнүүдээ хайхаар явлаа. Гэтэл хаана ч байсангүй. Тэр тариачны гэрт очоод асууж гэнэ:
- Миний үхрүүд чиний хашаа руу ирсэн үү?
- Үгүй ээ, эцэг минь, манайд танай үхрүүд байхгүй.
- Үхрүүд тэнд байна шүү дээ!
- Энэ чинь таны үхэр биш ээ, харин бурханых. Та чинь өөрөө өчигдөр хэлж байсан шүү дээ. Хэрвээ Бурханд нэг үхрээ өгөх юм бол танд зургаа болгон эргүүлж өгөх болно гэж. Тэгээд л бидэнд энэ үхрүүдийг явуулсан юм. Энэ бол бурханы үхрүүд байгаа юм аа гэхэд ламд хэлэх ч үг олдсонгүй гэнэ.


Цааш нь...

Амтат манжин(Rapunzel - Рапунзель)

Далайн чанад дахь алсын алс нутагт өөрийн гэсэн үр хүүхэд хүсэмжилсэн эр, эм хоёр амьдран суудаг байлаа. Тэр хоёр олон жил амьдарсан боловч үр хүүхэд төрөхгүй байсаар тэр өдрийг болоход Бурхан тэнгэр нэгэн үр заяах нь гэдгийг эхнэр нь зөнгөөрөө мэджээ.
Тэр хоёрын гэрийн цонхоор цэцэг жимс битүү дэлгэрсэн нэгэн сайхан цэцэрлэг харагддаг байж гэнэ. Уг цэцэрлэг эргэн тойрон хашаагаар хүрээлэгдсэн болохоор хэн ч ордоггүй байж л дээ. Гэвч хашаа нь бараг илүүц байв. Яагаад гэвэл тэр цэцэрлэг нь хаант улс даяар хамаг амьтныг айлгадаг, далдын нууц увдистай илбэчин хүнийх байсан тул хэн тийш зүрхлэн нэвтрэх билээ дээ.
Нэгэн өдөр эхнэр нь цонхон доороо сууж байгаад тэр цэцэрлэгт нэгэн гайхалтай сайхан манжин ургаж байхыг олж харав. Тэр манжин маш сайхан харагдсан тул тэр эмэгтэй зууш хийж идэхийг туйлын ихээр хүсэмжилжээ. ...Эмэгтэй манжин хэрхэн ургаж буйг өдөр бүр харах тусам идэх хүсэл нь улам оргилсоор. Гэвч илбэчин түүнийг хэзээ ч ойртуулахгүй гэдгийг тэр эмэгтэй мэдэж байсан учраас түүндээ шаналсаар цонхийн цайж, өвчинд нэрвэгджээ.
Нөхөр нь эхнэрээ ийнхүү өөрчлөгдсөнийг ажиглаад нэгэн өдөр ажлаасаа ирчээд эмч залахаар явъя гэлээ. Гэтэл эхнэр нь толгой сэгсэрч,
- Үгүй ээ. Надад эмч тус болохгүй.
- Яагаад тэр билээ? Эхнэр минь. Юу болоов? Чи ингээд өвдөөд байвал улам хэцүүднэ шүү. Чи яагаад өвдсөн шалтгаанаа мэдэх хэрэгтэй.
- Би мэднэ ээ. Тэр бол илбэчний цэцэрлэг дотор ургаж байгаа манжин. Би тэр манжингаас идэхгүй бол би үхэх нь гэжээ.
Нөхөр нь эхнэрийнхээ энэ яриаг сонсоод,
- За яахав, тэр хашааг давж ороод жаахан манжин авчихад хэн л мэдэв гэж. Мэдээд толгойгоо авахуулсан ч яахав. Би эхнэрийнхээ төлөө бүгдийг хийнэ хэмээн шийдлээ.
Мань эр тэр шөнөө илбэчний хашааг давж ороод жаахан манжин зулгааж авчээ. Түүгээрээ зууш хийн эхнэртээ идүүлтэл эхнэрийнх нь хацар туяараад иржээ. Гэхдээ эхнэр нь дахиад манжин идмээр байгаагаа нөхөртөө хэлсэнгүй. Учир нь нөхрийнх нь амь насанд аюул учирч болзошгүй гэж тэр боджээ.
Гэвч нөхөр нь тэнэг хүн биш байсан учраас эхнэрийнх нь царай дахиад цонхийж эхлэхийг ажаад хэд хоногийн дараа нөгөөх хориотой цэцэрлэгт дахин орж тэвэр дүүрэн манжин авчирч идүүлэв. Эхнэр нь ч дээрдээд ирэв. Гэвч эмэгтэй дахин өвдсөн тул нөхөр нь гурав дахь удаагаа цэцэрлэгт очин тэвэр дүүрэн манжин автал гэнэт илбэчин эм гарч ирэн үнхэлцэгийг нь хагалах шахав.
- За хөөе. Та миний цэцэрлэгт орж хулгай хийнэ гэнэ ээ. Та үүнийхээ шанг хүртэх болно доо хэмээн илбэчин ширүүнээр хэлэхэд дуунаас нь хойд мөсөн далайн хүйтэн амьсгал нэвт үлээх шиг санагдав. Нөгөө эр илбэчний өмнө өвдөг сөгдөн унаж,
- Намайг өршөө! Илбэчин гуай минь. Эхнэр маань жирэмсэн юм л даа. Гэтэл энэ манжингаас идэхгүй бол үхэх гээд байна хэмээн орь дуу тавилаа.
Сарны гэрэлд илбэчний үзэшгүй муухай чөтгөр шуламынх мэт царай нэг зэвхийрэн, нэг барайн байснаа,
- За яахав. Авъя гэсэн хэмжээгээрээ л ав. Харин би ч гэсэн та нараас авлагатай боллоо шүү. Хүүхэд чинь төрсний дараа би өөр дээрээ авна шүү хэмээн илбэчин эм өгүүллээ.
Ийм хүчирхэг илбэчний өмнөөс хөөрхий муу эр яах ч билээ дээ. Тэр манжингаа тэврэн гунигтайгаар явж одлоо.
Тэр явдлаас хойш манжин идэж тэнхэрсэн эхнэр нь эрүүл болж улмаар охинтой болов. Гэвч охиныг төрөөд ганц ч хоноогүй байхад илбэчин эм ирээд авч одсон бүлгээ.
Илбэчин тэр бяцхан хүүхдэд Рапунзель буюу Амтат манжин гэдэг нэр өгсөн агаад тэр охин хорвоогийн хамгийн үзэсгэлэнт бүсгүй болон өслөө.
Гэвч илбэчин эм түүний энэ гоо үзэсгэлэнг хэнд ч харуулахыг хүсээгүй учраас охиныг арван хоёр настай байхад нь бөглүү ойн дундах цахир хадан цамхагт аваачин түгжиж орхижээ. Тэр цамхаг гарах хаалгагүй бөгөөд газраас дээш олон метрийн өндөрт орших бяцхан цонхноос өөр нүх сүвгүй байв.
Илбэчин эм хааяа цамхагт ирж Рапунзельтэй уулзах болохоороо доороос нь,
Рапунзель, Рапунзель
Гэзгээ доош нь буулгаач хэмээн дуулна.
Рапунзель охин алтан утас мэт бат бөх, урт сайхан гэзэгтэй тул гэзэгнийхээ нэг үзүүрийг өрөөндөө байх дэгээнд ороогоод, нөгөө үзүүрийг нь унжуулахад илбэчин эм түүгээр нь дамжин дээш авирч гардаг байв.
Хэдэн жилийн дараа Рапунзель нас бие гүйцсэн эмэгтэй болон өслөө. Тэрээр тоглох, юм нэхэх, дуулах зэргээр өдрийг өнгөрөөх бүлгээ.
Нэгэн өдөр хааны хүү тэр хавиар явж байгаад охины дуулахыг олж сонсчээ. Охины дуу маш яруу тунгалаг байсан тул ханхүүд ихэд таалагджээ. Гэвч тэр дуулж буй эзнийг нь олсонгүй. Улмаар ханхүү өдөр бүхэн тэр бөглүү ойд ирж, нэвтэршгүй цайзыг тойрон явж, дууг нь сонсдог болжээ.
Тэр энэ янзаараа бол хэзээ ч дуучныг нь харахгүй байсан ч байж магад. Гэвч нэг өдөр мөн тэгж яваад хэн нэгэн,
Рапунзель, Рапунзель
Гэзгээ доош нь буулгаач хэмээн дуулахыг санамсаргүй сонсов. Ханхүү модон дунд нуугдан харвал Рапунзель гэзгээ унжуулж түүгээр нь илбэчин авиран гарч байв.
- Аа, тийм бий. Одоо л учрыг нь оллоо. Би ч гэсэн азаа үзнэ дээ хэмээн ханхүү өөртөө хэллээ.
Маргааш нь ханхүү тэр газар ирээд цамхгийн дор зогсон,
Рапунзель, Рапунзель
Гэзгээ доош нь буулгаач гэж дууллаа.
Рапунзель түүнийг нь сонсоод гэзгээ унжуулахад хааны хүү ч түүгээр нь дамжин өгсөв. Түүнийг цонхон дээр очиход урьд нь илбэчнээс өөр хүний бараа бараг хараагүй Рапунзель үхтэлээ айсан ажээ. Гэвч ханхүү эелдэг зөөлнөөр ярих тусам түүний айдас арилан хоёр залуу бие биедээ дасч эхэлжээ. Улмаар ханхүү хайр дурлалынхаа бэлгэ тэмдэг болгон бөгжөө дурсгахад бүсгүй хүүгийн алгыг атган байж бөгжийг авчээ. Ханхүү өөрийг нь илбэчнээс илүү их хайрлана гэж тэр боджээ.
- Би тантай хамт өнөө шөнө ч хамаагүй явчихмаар л байна. Гэсэн ч хэрхэн доошоо буух билээ. Та миний гэзгээр дамжаад буучихаж болно. Харин би чадахгүй. Тийм болохоор та ирэх болгондоо надад торгон утас авчирч бай. Би түүнийг чинь томж сүлжээд аргамж хиймз. Аргамж бэлэн болмогц хоёул эндээс зугтья гэж Рапунзель хэлэв.
Ханхүү үүнийг зөвшөөрсөн агаад бүсгүй дээр ирэх болгондоо торгон утас авчран Рапунзель түүгээр нь зугтах аргамжаа сүлжих бүлгээ.
Харин энэ тухай илбэчин огтхон ч мэдээгүй байлаа. Гэтэл гай газраас гэгчээр Рапунзель үг алдаж орхив. Юу гэвэл, нэгэнтээ илбэчин эм урьдын адил авирсаар гарч ирэхэд нь та яасан уддаг юм бэ? Ханхүү бол хормын дотор л гараад ирдэг юм гэчихжээ.
- Аа хаа, тийм бий. Илбэчин эм ийн дуу алдаад гараа өргөхөд нь хумснууд нь тасын сарвуу мэт үзэгдэв.
- Би чамайг хорвоо дэлхийгээс нуусан гэж бодсон юмсан. Гэтэл чи ингэж байдаг байх нь гэж илбэчин эм хашгирахад гар нь үрчлээтсэн шар өнгөтэй, яг л тахианы сарвуу шиг харагдав.
Тэр Рапунзелийг самардан цохиод гэзэгнээс нь зулгаав. Илбэчин зүүн гараараа бүсгүйг үсдэн дараад баруун гараараа хайч аван үсийг нь тас хийтэл хяргаж орхив. Амтат манжингийн алтан шаргал гэзэг газарт нэлмийн уналаа.
- Ха ха ха. Одоо чам дээр ямар ч эр хүн ирж чадахгүй боллоо хэмээн илбэчин эм тас тас хөхөрч байв. Үүгээр ч зогссонгүй, хорон санаат илбэчин охиныг бүр эзгүй цөлд араатнуудын дунд хаях нь тэр.
Тэгснийхээ дараа илбэчин эм Рапунзелийн өрөөнд түүний тайрмал гэзгээр дамжин авирч гараад хулганын нүх сахисан муур мэт сууж байтал ханхүү ч доор нь ирэн,
Рапунзель, Рапунзель
Гэзгээ доош нь буулгаач хэмээн дууллаа.
Илбэчин эм шулмын инээдээр инээмсэглэн Рапунзелийн тайрмал гэзгийг доош буулгахад ханхүү түүгээр нь авиран гараад хайртыгаа биш, харин зуун настай болов уу гэмээр хөгшин илбэчин эмийг олж харлаа.
- Ха ха ха. Чи Рапунзелийг зорьж ирээ юү. Тэр шувуухай одоо энэ үүрэнд байхгүй ээ. Оронд нь орж ирсэн муур одоо нүдийг чинь ухаж, нүүрийг чинь самардана даа хэмээн илбэчин эм бархирлаа.
Гэвч үүнийг сонсоод гэнэтийн уй гашууд умбасан ханхүү амиа хорлохоор шийдэн, цонхоор буцаж үсэрлээ. Гэтэл мөнөөх илбэчин сарвуугаа нүд үрүүгээ чиглүүлэн, тойрог хөдөлгөөн хийгээд галзуурсан мэт тачигнатал инээж гарав.
Илбэчин ийн илбэдсэн учраас ханхүү газарт унаж үхсэнгүй харин өргөс, шилмүүсэн дунд ойчин нүдээ сох хатгуулж орхив.
Түүнээс хойш хөөрхий ханхүү олон жилийн турш зөвхөн жимс, ургамлын үндсээр хоол хийж, ойгоор тэнүүчлэн, ертөнцийн хамгийн ядуу гуйлгачнаас ч долоон дор амьдралыг туулжээ.
Тэрээр ийн явахдаа цаг үргэлж Рапунзель. Рапунзель минь! хэмээн дуудах бүлгээ.
Тэгж тэгж, бурхан тэнгэр түүний гуйлтыг сонсон, түүнийг Рапунзелийн хоёр ихэр хүүхэдтэйгээ амьдран буй цөлийн зүг хандууллаа. Рапунзель ханхүүгийн дуулахыг сонсоод гүйсээр ирсэн бөгөөд бүсгүйн нулимс ханхүүгийн нүдэн дээр дусангуут илбэч эмийн хараал арилан, хараа орсон ажгуу. Аз жаргалаар бялхсан ханхүү эхнэр хүүхдүүдээ дагуулан ордондоо эргэн ирээд насан эцэс хүртлээ баяр жаргалтай амьдарсан гэдэг.
Харин нөгөө илбэчин эм ойд чононд бариулж энэ хорвоогоос халижээ.


Цааш нь...

Царцаа Намжил (cонсох)

Аманцар эхнэр (хүүхэлдэйн кино)

...


Цааш нь...

Тэмээ, буга хоёр

Эрт урьд цагт тэмээ одоогийн бугынх шиг арван хоёр салаа эвэртэй байсан ажээ. Бас өтгөн болоод урт сайхан сүүлтэй байж гэнэ. Харин тэр цагт буга эвэргүй мухар мулзан, адуу сүүлгүй шахам годон шодон байсан юмсанжээ.
Иймд тэмээ, сүрлэг сайхан эвэртэйдээ их л биеэ тоон эврээрээ ямагт гайхуулан хөөрлөхдөг байжээ....
Тэмээ нэг өдөр ус уухаар нуурын хөвөөнд ирээд уухаасаа илүү усанд туссан дүрсээ олж үзээд сүр жавхлангаа их л бахдан хараад зогсож байжээ. Тэгтэл энэ үеэр ойгоос буга гарч ирээд толгой бөхийлгөн мэхэсхийж гунигтайгаар хэлжээ,
— Өнөө үдэш би ойн амьтдын чуулганд айлчлан очих учиртай билээ. Ийм муухай мөлчгөр мухар духтай яаж очих билээ? Ядаж нэг цагийн төдий ч бол чинийх шиг ийм сайхан эвэртэй явж үзэхсэн. Тэмээ чи өршөөж, өнөөдөр надад эврээ түр өгөөч! Маргааш чамайг ус уухаар энд ирэхэд чинь би эврий чинь авчирч өгөмз гэж гуйжээ.
Тэмээ бугыг үзвэл үнэхээр өрөвдмөөр сүр үзэмжгүй харагдсан тулд эврээ мулталж өгөөд «Ус уухаар ирэхэд минь заавал авчирч өгөөрэй!» гэж захив. Сүрлэг сайхан чимэглэл болсон эврийг шүүрч аваад буга ойдоо орчив. Замд нь морь дайралдсанд буга хэнээс эвэр авснаа хэлж өгчээ.
Морь бас нэг гоё сайхан юм олж авах санаатай тэмээнд очоод сүүлийг нь гуйжээ. Сайхан сэтгэлт тэмээ аанай л морины үгэнд ороод сүүлээ бас сольчихжээ.
Түүнээс хойш өдөр хоног өнгөрсөөр он удсан боловч хөөрхий тэмээ эвэр сүүл хоёрынхоо аль алиныг олж авч чадсангүй ажээ. Авлагатай амьтадтайгаа уулзаад эвэр, сүүл хоёрыг нь эргүүлж өгнө гэж амласныг нь сануулахад цаадуул нь дооглон инээгээд,
— Тэхийн эврийг тэнгэрт тулахаар тэмээний (шинэ) сүүлийг газарт хүрэхээр өгөмз гэжээ.
Тэр цагаас хойш одоо болтол тэмээ ус уух бүрдээ усан дотор эвэргүй мухар мулзан болсон дүрсээ олж хараад дур нь гутаж толгойгоо сэгсэрдэг болсон гэх ба ус хэд балгаад энэ тэр уулын орой харж байн байн өлийн зогсдог нь усан дээр эврийг нь авчирч өгнө гэж (амласан бугын болзоог санаад «Буга эврий минь авчирч яваа болов уу» гэж горьдож хардаг учраас тэр гэнэ. Бас бугын звэр жил бүр нэг удаа булгарч унадаг нь тэр звэр угаас бугад заяасан биш, тэмээнээс залилж авсны учраас тэгдэг гэнэ.


Цааш нь...

Иван баатрын тухай үлгэр(Орос) - Төгсгөл хэсэг

~Өмнөх хэсэг~

Ингээд тэд гурвуул болон цааш явжээ. Өндөр чулуун уул харагдав. Тэр уулын орой үүлнээс дээш цухуйна. Уулыг нүдэж эхлэв. Уулын ажилчин чулууг өрөмдөн цоолон унагав. Иван баатар шийдмээрээ хага хага цохин бул булаар нь авч шидлэв. Анд эр жижиг чулууг зайлуулан зөөв. Чулууг бутлан, хагалан зөөсөөр долоо хоноход нэг дэлэм хирийн газар ухав. Тэд эцэж хөл дээрээ тогтож ядан... байв.
Анд эр,
- Бүтэн жил ухсан ч төмөр авдарт хүрч чадахгүй байх, эндээс явцгаая! гэхэд Иван баатар,
- Энэ насаараа ухсан ч цуцаж ухрахгүй! Хорт Ясан хэдрэгийг дийлэхээс нааш буцахгүй гэж хариулж Уулын ажилчин ч дэмжин,
- Ажлын их айдас төрүүлэвч арга ухаан хөдөлмөрөөр дийлж болдог гэнэ. Ингээд долоон сар уулыг ухаж тэг дунд хүрвэл алтан бүслүүртэй төмөр авдар харагдав. Уулын ажилчин,
- Үхэл нь ойртсоныг Хорт Ясан хэдрэг мэдэрч байгаа. Удахгүй наашаа нисээд ирнэ. Энэ авдраас амийг хурдхан авахгүй бол гай гамшиг болно! Хурдалъя! гэв. Иван баатар төмөр авдрыг шийдмээрээ цохино. Цохиж цохиж налчийлгасан боловч зад цохиж чадсангүй.
Гэнэт их дуу чимээ гаран салхи шуурга дэгдэв.
- Иван баатар, хурдлаарай! Авдрыг зад цохихгүй бол бидний хөдөлмөр үргүй болон үрэгдэнэ. Хорт Ясан хэдрэг авдрыг булааж авбал бид энэ насаараа ч эрээд олохгүй. Хорт Ясан хэдрэг амьд байгаа цагт хүн ард амар заяа үзэхгүй гэж Уулын ажилчин яаруулав.
Хорт Ясан хэдрэг ч тэднийг галаар тургиж эхлэв. Энэ хоромд Иван баатар хамаг хүчээрээ цохин авдрыг хэмхлэв. Авдраас өндөг өнхрөн гарч ирэхэд өндгийг хүчтэй цохиход аянга мэт дуугарч чулуун уул элс болон бутрав. Хорт Ясан хэдрэг ч газарт үхэтхийн унав. Гурван эр түүний ясыг шатаан үнс болгон хийсгээд ордон руу нь явжээ.
Гурван гүнж ч Иван баатрыг харж, бага гүнж Татьяна өөдөөс нь гүйн ирж уйлан,
- Иван минь, чи минь, энэ чинь мөн үү! гэнэ. Гурван гүнж зэрэг зэрэг,
- Сайн эрчүүд минь наашаа юунд ирэв дээ? Хорт Ясан хэдрэг одоо нисэж ирээд та нарыг алчихна, яанаа? гэцгээв.
- Үзэсгэлэнт хүүхнүүд минь, бүү зов! Хорт Ясан хэдрэг сөнөсөн тул хүмүүсийг түйвээж чадахгүй.
Эгч дүүс баярлан,
- Хэрвээ Ясан хэдрэг үхсэн бол манай улс гүрэн, ард олон түүний хорт шидээс ангижран дахин амь орсон бизээ.
Ингээд тэд улс руугаа буцахаар бэлдэв. Гурван шуудайд алт, үнэт чулуу дүүргэж нисдэг хивсийг нь олж авав. Тэгээд өөрийн улсдаа нисэн ирж нийслэл хотынхоо хааны ордны өмнөх өргөн талбай дээр буужээ. Гурван гүнж аав ээж рүүгээ гүйн очиж тэврэн авцгаав. Иван баатар алтан өндгөө нэг гараасаа нөгөө гар дээрээ шидэж алтан ордон, дараа нь мөнгөн өндөг шидэж мөнгөн ордон, зэс өндөг шидэж зэс ордон босгов.
Хаан хатан хоёр охидоо харан баярлан уйлж, гурван ордныг бахархан харна.

Иван баатар, Уулын ажилчин, Анд эр гурвыг магтан зочлон дайлжээ. Ард олон ч гурван эрийн алдар гавьяаг шагшжээ. Иван баатар аав ээж хоёроо авчрав.
Удалгүй ордонд их хурим найр боллоо. Иван баатар Татьяна гүнжтэй, Уулын ажилчин Марфа гүнжтэй, Анд эр Анна гүнжтэй гэрлэжээ. Өргөн их хурим гурван долоо хоног үргэлжлээд өндөрлөхөд Иван баатар залуу эхнэр, эх эцгийнхээ хамт алтан ордонд, Уулын ажилчин Марфа гүнжтэй мөнгөн ордонд, Анд эр Анна гүнжтэй зэс ордонд сууж амар сайхан жаргаж, амгалан энх амьдрах болжээ. Хөгшин хаан насан эцэслэсний дараа тариачны хүү Иван баатар хаан төрийг залах болсон гэдэг.


Цааш нь...

Ядуу ах дүү хоёр

Урьд цагт Алшад туйлын ядуу ах, дүү хоёр байжээ. Тэд өдөртөө зээр гөрөөс агнан, гоёо малтаж амьдардаг байв. Нэг өдөр, ах дүү хээрээс даалинтай олон ембүү олжээ. Энэ нь тэр хоёрын энэ насандаа үзээгүй тийм их мөнгө тул яахаа мэдэхгүй сандарч, чи ав би ав хэмээн хэсэг түлхэлцэж байгаад “Эр хүн, хүний юмыг зүгээр авдаггүй юм. Хүний буян хүнд халддаггүй юм” гээд өнөө даалинтай ембүүгээ буцаагаад нүхэнд нь булчихаад явж гэнэ. ...
Ах дүү хоёрыг явсны дараа тэр бүүргээр бас нэг шунахай наймаачин явжээ. Тэр наймаачин явж байгаад яг ах дүү хоёрын мөнгө булсан газарт ирэхэд илжигний туурай нүхэнд бүдэрч унаад наймаачныг унагачихаж. Илжигнээсээ өнхөрч унасан наймаачны уур нь хүрч, босч ирээд илжгээ шавхуурдчихаад цааш явах гэснээ “Сая яагаад илжиг зүгээр явж байгаад бүдэрч унасан юм бол?” гэж бодоод илжиг бүдэрсэн газарт очоод хартал саяхан булаад орхисон нүх байхаар нь малтаад үзсэн чинь дотроос нь даалинтай цагаан ембүү гарч ирж гэнэ. Наймаачин мөнгийг үзээд хагартлаа баярлаж цагаан мөнгийг илжгэндээ цөмийг нь ачиж аваад гэрийн зүг одов гэнэ.
Харьж явах замдаа нэгэн айлд хонохоор болоход тэр айлд бас нэг муу санаатай дээрэм хийдэг хүн ирж хоножээ. Дээрэмчин шөнө дунд наймаачны мөнгийг хулгайлаад зугтаж нар гарах үед Хатан голын эрэгт хүрч, мөнгийг өмдөндөө хийж хүзүүндээ тохоод гол гаталж явжээ. Гэмт хүн гэлбэлзэнэ гэгчээр дээрэмчин баригдах вий хэмээн айхын хажуугаар хүзүүн дэх мөнгө нь ч хүндэрч байв. Гэтэл гэнэт хуй салхи дайрч сал нь холбилзон дайвалзахад дээрэмчин тэнцвэрээ алдаж голын усанд унаж, хүзүүн дэх мөнгө нь түүнийг усны ёроолд живүүлж үхүүлэв гэнэ.
Тэр жилийн намар Алшагийн айлууд их аян хийж нэг айл, ах дүү хоёрыг хөлсөлж, хоёр тэмээ өгөөд хужир давс ачуулжээ. Ах дүү хоёр тэмээгээ хөтлөөд аян жин хийж Хатан голын хөвөөгөөр явж байтал нохой нь голын хөвөөн дэх мөс рүү хуцаад байж гэнэ. Хоёр залуу “Нохой яагаад хуцаад байгаа юм бол” гэж бодоод очиж үзсэн чинь мөсний доороос даавууны өөдөс цухуйж байв. Татаад гаргатал дотор нь дүүрэн мөнгө хийгээд шуумгийг нь боочихсон өмд байв. Ах дүү хоёр мөнгийг задалж үзээд урьд өөрсдийн олоод газарт булж орхисон мөнгө болохыг таниад яах учраа олохгүй хэсэг ярилцаж байгаад төлөг буулгаж үзжээ. Төлгөнд нь: “Энэ мөнгө бол ах дүү хоёрт тэнгэрээс өгсөн хишиг мөн тул авах ёстой гэж буужээ”. Тэгэхээр нь авахгүй бол яах вэ? гэж төлөг тавьж үзсэнд “Хэрвээ авахгүй бол тэнгэр гомдоно. Хоёрт лус гомдоно. Гуравт нохой гомдоно” гэж буужээ. Тэгээд ах дүү хоёр тэнгэрийн хишиг хэмээн тэнцүү хувааж авахад нэг ембүү сондгойрч үлдэв. Монгол хүн юмыг хоосруулж дуусгах цээртэй, тэнгэр газрын хишиг тул өнөө үлдсэн ганц цагаан ембүүгээрээ тэнгэр газрыг тахижээ. Түүнээс хойш ах дүү хоёр дутах юмгүй сайхан амьдарчээ.


Цааш нь...

Хатан голын* ус яагаад булингартай болсон бэ?

Эрт цагт ганц охинтой эмгэн өвгөн хоёр амьдардаг байжээ. Охиноо харийн нутагт хадамд гаргаад гурван жил болсон хойно махчин болсон гэж сонсов. Энэ үгийг сонсоод ээж нь итгэж чадахгүй, өөрийн нүдээр очиж үзэхээр шийдээд өвгөндөө хэлсэнд,
- Явж болохгүй, чамайг ч бас иднэ гээд явуулсангүй. Гэвч эмгэн өдөр бүр уйлж унжин,...
- Охин минь махчин болсон байлаа ч арай ч эхийгээ барьж идэхгүй байлгүй гэж гуйсаар байж зөвшөөрүүлж гэнэ. Учир нь махчин хүн их хурдан болдог ч сувай ингийг гүйцэж чаддагүй юм гэнэ. Ингээд эмгэн сувай ингээ унаад охиноо үзэхээр явжээ. Охин нь хатан голын цаад эрэгт суудаг байв.
Эмгэнийг хүрч очиход Хатан гол үерлээд эргээ халин урсаж байв. Эмгэн голын эргээр явж явж арай гэж нэг гарам олоод гаталж гарав. Ээжийгээ очиход хүүхэн гэрээсээ гарч ирээд,
- Хүүе, ээж минь ирлээ. Яасан сайн юм бэ? гэсээр тосон ирж, гэртээ оруулав. Гэрт нь хэн ч байсангүй, охин нь ганцаараа суудаг бололтой байв гэнэ. Хүүхэн аяга цай хийж өгөөд ээжийнхээ эрүүг илж үзсэнээ,
- Манай ээж нэлээд мярайтай болсон байх чинь гэж хэлээд тас тас инээв. Ээж нь дотроо “Миний охин үнэхээр махчин болчихсон юм биш биз? Яагаад эрүү илж үзээд байгаа юм бол?” гэж сэжиг авч цайгаа ууж суув. Хүүхэн нь,
- Ээж цайгаа уугаад сууж бай би хурдхан ус аваад ирье гэж хэлээд гараад явчихав. Охиноо гарсны дараа эмгэн “Миний охины авдарт юу байдаг юм бол?” гэж бодоод баруун талын авдрыг нь сөхөөд харсан чинь хүний гавлын яс дүүрэн байв. Зүүн талын авдрыг нь нээгээд харсан чинь хүний хаа гуя дүүрэн байв. Эмгэн үүнийг үзээд айн балмагдаж, хүний хэлдэг үнэн юм байна. Миний охин махчин болжээ. Одоо усаа авчраад намайг ч бас идэх юм байна гэж бодоод гэрээс гарч тэмээгээ аваад явах гэтэл тэмээний шонгийн цаахан тал нэг хуурай худаг байв. Хажуугаар нь гарах гэтэл охин нь худаг дотор хутгаа билүүдээд сууж байв. Хүүхэн ээжийгээ үзээд,
- Ээж та хаашаа явах гэж байгаа юм? гэж асуусанд ээж нь айж байсан ч арга гаргаж,
- Би чамайг усаа даахгүй байгаа болов уу гээд тэмээгээр ачихаар ирлээ гэв. Хүүхэн сонсоод,
- Ээж та намайг хүлээж байгаарай гэж хэлээд худаг дотроос мацан гарч ирэв. Энэ хооронд эмгэн ингээ унан зугтаж явав. Хүүхэн ээжийгээ зугтаасныг мэдээд,
- Бөөн, бөөн өөх минь, бөгтөр буурал ээж минь, сэмж сэмж өөх минь сэгсгэр буурал ээж минь та зогсож бай гэж хэлээд хөөж гэнэ. Ээж нь сувай ингээрээ нисэх мэт тэшүүлсээр Хатан голын эрэг дээр ирэн,
- Хатан ээж минь ээ одоо би ачлалгүй үрдээ идүүлэх нь. Та надад зам тавьж хайрла гэж хашгираад мээмээ Хатан голын тунгалаг усанд саасанд Хатан голын ус тэр дороо цагаан зураас татуулж, нарийхан цагаан зам гаргаж өгч гэнэ. Эмгэн тэмээгээ ташуурдаж тэр замаар зугтааж гарахад араас нь хөөж ирсэн хүүхэн,
- Ээж гаталж болсон юм чинь би яагаад гаталж чаддаггүй юм гээд хутгаа барьсаар өнөө замаар ортол зам нь хаагдаж, махчин хүүхэн усанд унаж, барьсан хутга нь биеийг нь сүлбэж алжээ. Түүнээж хойш Хатан голын ус ээжийн сүү, хүүхний цус хоёртой холилдож булингартай болсон юм гэдэг.

* Хатан гол - Шар мөрний өөр нэг нэр


Цааш нь...

Иван баатрын тухай үлгэр(Орос) - III хэсэг

~II хэсэг~

Татьяна гүнж Иван баатрыг хараад нүүр нь улайж,
- Ясан хэдрэгийн зээтэй хүч үзэлцэн тэмцэлдэхдээ биеэ сайн хамгаал. Хоёр дахь удаагаа бүү цохиорой. Эргээд амь орно гэж захив.
Сайн эр Иван баатар шийдмээ аван сайхан гүнжтэй салах ёс хийгээд гарч явлаа. Дархан цэцэрлэгт нь орж алимны алтан модыг нь эрж олоод мөнхийн ус,... билгийн ус хоёрынх нь байрыг сольж тавив. Дараа нь халуун усны байшинд нь орвол Тохойн чинээ сахалт хумсын чинээ биет вандан дээр хэвтчихсэн,
- Халаа, бүүр халаа! гэж хашгирч байв гэнэ. Иван баатар босгыг нь алхан ормогц Тохойн чинээ сахалт хумсын чинээ биет биеэ балбаж байсан мөчрөө шидэн,
- Энэ чинь юун хүний үнэр гараад байна вэ? гээд огло үсрэн босож Иван баатрыг харав.
- Аа, Иван баатар үхэхийг хүсээд өөрөө хүрээд ирлээ! Миний гараас ч амьд гарахгүй дээ! гээд чангаар исгэрэхэд байшингийн дээврээс нь долоон банз бүлт үсрэн унаж, зарц барлагууд нь үхэтхийн ойчив гэнэ. Ингээд Тохойн чинээ сахалт хумсын чинээ биет гадагш гүйн гарлаа. Тэр хоромд эргэн тойрон шуугин дүнгэнэж, хав харанхуй болсноо гурван толгойтой могой нисэн ирсэн нь сарвуундаа домбо барьжээ.
Гурван толгойтой могой,
- Орос баатар Иван хаана байна вэ? гээд Иваныг хараад хөхрөн,
- Яасан жижигхэн юм бэ? Би түүнийг алган дээрээ тавиад нөгөө алгаараа дарчихна. Нойтон чийгээс өөр юу ч үлдэхгүй гэв.
- Ёрын муу чөтгөр, чи юу юуны туханд хүрэлгүй бүү гайхуул! Эхлээд чамайг оршуулах ч юм билүү?
Гэтэл Тохойн чинээ сахалт хумсын чинээ биет яаруулан,
- Юугаа яриад байгаа юм бэ? Наад домботойгоосоо бушуу уу, тэгээд Иван баатрыг цохь! гэж орилов.
Могой домбоноос нэг балгаад хүч нь сулран хөл дээрээ тогтож ядан салганав. Иван баатар аяархан цавчиж могойг алав.
Тохойн чинээ сахалт хумсын чинээ биет дэвслэн,
- Ай халаг, могой мөнхийн усны оронд билгийн ус уучихлаа! гээд хоёр дахь удаагаа модны навчийг унатал өвс ногоог налтал чанга исгэрэв. Жаахан хүлээснээ,
- Энэ муу гүнж нар ч намайг бас хуурчээ! Цэрэг алга! За яахав, ганцаараа чамайг дөнгөчихнөө! Ингэж хэлээд Иван баатар луу үсрэн хар хүчээрээ цохиход Иван баатар өвдгөө хүртэл газар шигдэв. Иван баатар ч хариу цохиход Тохойн чинээ сахалт хумсын чинээ биет өнхрөн унав. Гэтэл түүний зарц барлагууд нь:
- Дахин цохь! гэж хашгиралдав. Дахин цохивол Тохойн чинээ сахалт хумсын чинээ биет амь орно гэж Иван баатар урьд нь мэдсэн тул,
- Оросын баатар хоёр удаа цохино гэдэг танай эзэнд хүнддэнэ! Нэг удаа л боллоо гэж хариулав.
Гэтэл Тохойн чинээ сахалт хумсын чинээ биетийн зарц нар Иван баатар луу дайрцгаав. Иван баатар тэднийг зүг зүгт шидэхийг нь шидэн, цохихыг нь цохиж унагажээ. Амжиж зугтсан нь амьд үлдэж, үлдсэн бүгд нь үхжээ. Тэгээд Иван баатар алтан ордон руу алхав.

Татьяна гүнж сайн эрийн ирж явахыг цонхоороо хармагцаа үүдэндээ гүйн гарч ирж, баярлан угтав.
- Эрэлхэг зоригтны энгүй алдар бадартугай! Тэгээд Татьяна гүнж өөрийн нэртэй бөгжөө сугалан авч Иван баатрын хуруунд хийгээд,
- Сайн эр минь сэтгэлд чинь би таалагдаж байвал эргэж хариад намайг эхнэрээ болгон аваарай! Сайн эр чи миний сэтгэлийг татлаа. Чиний үнэнч сайн эхнэр чинь болно гэв.
Иван баатар баярлан Татьяна гүнжийн зөөлөн цагаан гарыг барин болзоот хүүхэн минь гэж нэрлэв.
Тэгээд тэд буцах боллоо. Алтан ордноос гарсныхаа дараа Татьяна гүнж нэг алтан өндөг Иван баатарт өгөөд,
- Нэг гараасаа нөгөө гар дээрээ шид, тэгээд юу болохыг үз гэв.
Сайн эр алтан өндгийг нэг алганаасаа нөгөө алган дээрээ шидвэл алтан ордон алга болов.
Татьяна гүнж,
- Хэрэгтэй үедээ алтан ордон хаана л бол хаана босгож болно. Зөвхөн энэ өндгийг нэг алганаасаа нөгөө алган дээрээ шид. Одоо дунд эгч дээр очъё гэв. Ингээд мөнгөн ордонд ирцгээгээд,
- Марфа гүнж минь! Бушуулаарай, гэр лүүгээ явцгаая! гэхэд дунд эгч нь баярлан дүүгээ, Иван баатрыг дайлав.
Тэгээд мөнгөн ордноос гармагцаа Марфа гүнж мөнгөн өндөг нэг алганаасаа нөгөө рүүгээ шидэхэд ордон алга болов. Марфа гүнж Иван баатарт өндгөө өгөөд,
- Хэрэгтэй үедээ мөнгөн ордон хаана л бол хаана босгоорой гэв.
Ингээд том эгч дээрээ ирцгээв. Анна гүнж зэс өндөг нэг алганаасаа нөгөө алган дээрээ шидэхэд
зэс ордон алга болов. Зэс өндгийг Иван баатарт өгчээ. Иван баатар эгч дүү гурван гүнжийг сурны үзүүр унжиж байгаа нөгөө газартаа авчрав. Сурны үзүүрт банз бэхлээд Анна гүнжийг суулгаж сурнаасаа татаарай гэж дохио өгөхөд гурван баатар гүнжийг дээш татаж гаргав. Гурван баатар Анна гүнжийг «Яасан сайхан бүсгүй вэ!» гэж харан харан шагшина.

Сурыг дахин буулгаж эхнийхээсээ бүүр ч илүү үзэсгэлэнтэй дунд гүнжийг татаж гаргав. Гурав дахь удаагаа сурыг буулгахад Иван баатар,
- Татьяна гүнж минь, за суугаарай гэтэл,
- Үгүй ээ, чи суу. Юу ч гэсэн эхлээд чамайг татаад гаргаадхаг. Чиний эсрэг элдэв муу санаа гарах вий гэхээс би айж байна.
Иван баатар Татьяна гүнжийн үгэнд орсонгүй.
- Чамайг яаж энд ганцааранг чинь орхих билээ! Миний нөхөд намайг хорлохгүй. Чиний араас татаад гаргачихна гээд сурныхаа үзүүрээс татлав.
Царс, Уул, Сахал баатар Татьяна гүнжийг татаж гаргаад,
- Ийм үзэсгэлэн урьд хожид үзээгүй билээ! гэж хөдөлж чадахгүй хөшин гайхаж, хэлэх үгээ олж
ядацгаан, хийж байснаа мартацгаав.
Сахал баатар гэнэт,
- Гурав дахь гүнжийг би эхнэрээ болгоно! гэж хашгирахад Уул баатар Марфа гүнжийн гараас барьж аван,
- Энэ бүсгүй эхнэр минь болно! гэв. Царс баатар ч хоцролгүй,
- Ах дүү нар минь, би нэг дэх бүсгүйг авна! гэвээс Татьяна гүнж,
- Сайн эрчүүд минь, байз байз. Иван баатрыг та нар мартав уу? Гурван толгойтой могойг устгаж, Тохойн чинээ сахалт хумсын чинээ биетийг алж эгч дүү бид гурвыг чөлөөлсөн Иван баатраа юуны түруүнд татаж гаргая, дараа нь тавтай ярилцъя гэлээ.
Уул Сахал хоёр баатар чимээгүй болон сураа хавцал руу буулгатал Царс,
- Богино ухаант эмийн үгийг бүү сонс! Иван баатрыг татаж гаргавал бидний хэн нэг нь эхнэргүй болно! гэж хашгираад үсрэн очиж сурыг тас огтлов.
- Ай халаг гэж! Татьяна гүнжийн үгэнд ордоггүй буруудлаа! Яг л үнэн хэлж дээ. Гээд яахав дээ, газар дээр гарах арга олох хэрэгтэй.
Ингэж бодоод Иван баатар дархан цэцэрлэгт очиж алтан өндгөө нэг алганаасаа нөгөө алган дээрээ шидэхэд алтан ордон бий болов. Алтан ордонд орж хоол унд идэж аваад, оройноос өглөө сэргэлэн гээд амрахаар хэвтжээ.
Маргааш нь цэцэрлэг дэх алтан алимны модон дороос мөнхийн устай домбыг хэрэг болно гэж авав.
Энэ үед эргэн тойронд их дуу чимээ гаран хар үүл харанхуйлж Тохойн чинээ сахалт хумсын чинээ биетийн ээж, Ясан хэдрэгийн эгч Шулмас эмгэн нисдэг хивсэн дээр суун нисэн ирэв.

Төмөр шүдтэй, тугалган нүдтэй, дэгээ урт хамартай, ам нь чихээ хүртэл ангайсан, үс гэзэг нь сэгсийсэн ажээ.
Газар мөргөн өнхөрч:
- Хайрт хүү минь үгүй болов. Хавирган сар мэт энхэр үр минь алга болов! гэж уйлж уйлж ядарч унтаад өгөв.
Иван баатар алтан өндгөө нэг алганаасаа нөгөө алган дээрээ шидэхэд ордон ч алга болов.
- Ясан хэдрэгийн эгч эргээд нисэхэд нь намайг авч яв гэе гэж шийдээд үснээс нь чирэн нисдэг хивсэн дээр нь гаргаад хажууд нь суужээ.
- Намайг гэрэлт газар дээр гаргаад аль, үгүй бол чамайг ална шүү! гэв.
Ясан хэдрэгийн эгч сэрж шүдээ хавиран могой шиг дуугаран босож ирээд Иван баатартай ноцолдож ноцолдож дийлсэнгүй нисдэг хивснээсээ түлхэн унагаах гээд чадсангүй, дээш нисэн газар дээр гарч үүлнээс дээгүүр нисэв.
- Одоо чамайг тэнгист унагаж ална даа! гэж загнана.
Иван баатар нэг гараа үсээр нь ороон зуурч, нөгөө гартаа шийдмээ өргөөд,
- Унавал хамт унана, чамайг тавихгүй! гэв. Ясан хэдрэгийн эгч чадлаа шавхан ноцолдоод Иван баатрыг нисдэг хивсэн дээрээс түлхэн унагаж хүчирсэнгүйдээ уурлан ихэд өндөрт нисэхэд газар жижиг толбо мэт харагдана.
- Хар ой руу бяц унахад чамаас юу ч үлдэхгүй дээ! гэж Ясан хэдрэгийн эгч орилон газар луу усанд хаясан чулуу мэт шунган нисэхэд Иван баатар,
- Би бяцрахад чи бас бяцарна! гэж зулгаалдсаар явав. Нисдэг хивс ойд дэлэм хирийн дөхөж ирснээ эргэж нисэв.
Ясан хэдрэгийн эгч Иван баатрыг үсрэн дайрч савраараа урж, шүдээрээ зулгаан, хивсэн дээрээсээ унагах гэж хар хүчээрээ нүдээд эцэн сульдаж ногоон талд буув. Газардмагц Иван баатар ногоон дээр үсэрч буугаад эргэж харвал Шулмас эмгэн жижигхэн хорхой болон хувирснаа дараа нь газар цөмрөөд орчихсон мэт алга болов. Нисдэг хивс ч алга болов.
- За ингээд газар дээр гараад ирсэн хойно ч боллоо! гэж Иван баатар тайвшраад шарх шалбархайгаа мөнхийн усаар шүршвэл бие нь дорхноо хөнгөрчээ.
Жаахан амарч аваад ойгоос гарахаар алхлаа. Зүүрмэглэх өтгөн ой, зүйрлэшгүй өргөн талын дундуур ус голыг гатлан туулсаар улс орондоо эргэн ирвэл юу үзсэн гэж санана! Улс орныхон бүгд чулуу болчихжээ. Газар хагалж байсан хүмүүс морьтойгоо, өвс хадаж байсан нь хадууртайгаа, малчид сүрэгтэйгээ, модчин сүхээ барьсан хэвээрээ, загасчид усны захад дэгээ юугаа татсан чигээрээ, цөм л яаж байсан тэр
чигээрээ чулуужжээ.
Нийслэл хотод хүрч ордонд орвоос амьд амьтан алга байлаа. Хаан, хатан, аягачин, шивэгчин, манаач, харуул цөм хөшин чулуужжээ. Гурван гүнж, Царс, Уул, Сахал нарын хэн нь ч алга байв.

Иван баатар ордноос гаран хандсан зүг рүүгээ алхав. Явж байтал өмнө нь нэг их цэрэг хиар цохигдсон хэвтэнэ гэнэ.
- Амьд хүн байна уу? гэж хашгирав.
Хэн ч хариулсангүй. Ийш тийш хартал Царс баатар хоёр хэсэгт тас цавчигдсан хэвтэнэ гэнэ.
- Царсны үхэл энд байжээ!
Ингээд цааш явж байгаад дахин урьдахаасаа их цэрэг хиар цохигдсон байхыг үзэв.
- Нэг ч болтугай амьд хүн байна уу? гэж хашгирчээ.
Жаахан хүлээн зогсоход ямар ч хариу алга. Ийш тийш хартал унжгар удын бутан дор Уул баатар алагдсан хэвтэнэ гэнэ.
Нэг мод хиртэй яваад урьд хоёроосоо бүүр их олон цэрэг хиар цохигдсон байхыг үзэв.
- Амьд хүн байна уу? Хэн ингэж танай их цэргийг хиар цохио вэ? гэж хашгиртал нэг цэрэг өндийж:
- Би ганцаар амьд үлджээ гэж дөнгөж хэлээд өвсөн дээр өнхрөн унаж нүдээ анив. Иван баатар тэр эрийн шархыг мөнхийн усаар шүршвэл сэргэн босож,
- Яасан сайхан болов оо! Өвдөх хатгах юмгүй боллоо! Сайн эр минь, чамд гялайлаа! гэв.
- Манай улс яагаад юунаас болоод чулуу болсон бэ? Энэ гурван их цэргийг хэн ингэж устган дарав? Татьяна, Анна, Марфа гүнж хаачсан бэ? Би эрээд эрээд олсонгүй гэж Иван баатар асуухад тэр эр,
- Манай хотын гурван гүнж алдагдсанаас хойш гурван жил болсон билээ. Дэвэн дэлхийгээр эрээд олоогүй юм. Гэтэл саяхан харийн баатар Царс, Уул, Сахал нар Хорт Ясан хэдрэгийн зээг дийлж газар доорх улсаас гурван гүнжийг авчирсан билээ. Хаан хатан хоёр баярлахын ихээр баярлаж найр наадам эхлэв. Хаан гурван баатартай охидоо гэрлүүлэх гэсэн боловч гүнж нар уйлан татгапзсан гэж сонссон. Яг энэ үед Хорт Ясан хэдрэг их цэргээ дагуулан манай улс руу дайрлаа. Манай хааны явуулсан Царс, Уул, Сахал баатар жанжинтай гурван их цэргийг Хорт Ясан хэдрэг хиар цохин устгаж галдан шатаав. Улс орон, хүн ард цөмөөрөө чулуу болон хувирахад Хорт Ясан хэдрэг гурван гүнжийг олзлон авч оджээ. Ингээд байтал сайн хүн та намайг сэхээн эдгээлээ. Одоо би хаашаагаа ч явах билээ дээ? гэж өгүүлэв. Иван баатар хэлэв.
- Хорт Ясан хэдрэгтэй байлдъя!
- Ясан хэдрэгийн амь нь хаана байдгийг олохгүй бол түүнтэй хүчээр тэмцэлдээд дийлэхгүй гэж Анд зөвлөхөд Иван баатар,
- Ясан хэдрэгийн амийг олтлоо энэ дэлхийг самнан нэгжье' гэж хэлээд хоёул тохиролцон эрлийн замд гарчээ.
Олон газар, олон улсаар явж сурагласан авч Ясан хэдрэгийн амь хаана байдгийг хэлэх хүн олдсонгүй.
Сайн эрчүүд явсаар нэгэн шөнө нэгэн эмгэнийд хонохоор болжээ. Эмгэн тэднийг гэртээ оруулж, хоол унд өгөөд,
- Аль газрын хэний үрс вэ? Хүслийн зоргоор явна уу, хүний эрхээр явна уу? Иван баатар,
- Бид тэр газрын тийм улсаас явна. Ясан хэдрэгийн амийг олохоор хүслийн зоргоор явж байнаа. Хорт Ясан хэдрэг их цэргээ хөөлгөн улс гүрнийг минь дайрч манай их цэргийг цохин устгаж галдан шатаахад ард олон, улс орон маань чулуу болон хувирлаа. Ингээд бид Ясан хэдрэгийг устгаж улс орон, ард олноо хорт хүчнээс салгаж, хааны гурван гүнжийг авран чөлөөлөхөөр явж байна.
- Үрс минь, Ясан хэдрэгийн амь хаана байгааг би мэднэ. Гэхдээ түүнд хүрч авна гэдэг тун хэцүү! гэж эмгэн хэлэв.
- Амь насаа үл хайрлан, хүнд хэцүүг үл хайхран улс гүрнээ аварна. Гагцхүү Ясан хэдрэгийн амь хаана байгааг хэлж өгөөч гэж сайн эрчүүд гуйв.
- Зуун уулын цаанатаа зургаан улсын тэртээ үүлнээс өндөр чулуун уул байгаа. Уулын дунд төмөр авдар, тэр төмөр авдарт өндөг, өндгөн дотор Ясан хэдрэгийн амь бий. Хүрэх зам бэрх хол ч хэрэг зоригийн эрхээр даван туулж болно. Харин чулуун уулыг бут цохин ухаж хэн ч чадаагүй билээ гэж эмгэн өгүүлэв.
Маргааш өглөө нь Иван баатар Андынхаа хамт үүрээр босон эмгэнтэй салах ёс хийгээд цааш явжээ.
Яваад л байж, яваад л байж гэтэл гэнэт өмнө нь замын хажуудах чулуун дээр нэг хүн сууж байна гэнэ. Тэр хүн,
- Залуу эрс минь, хаанаас хаана хүрч явна вэ? гэжээ.
- Ясан хэдрэгийн амийг эрж явна.
- Хаана байгаа юм бэ?
- Зуун уулын цаанатаа зургаан улсын тэртээ чулуун ууланд булаастай байгаа.
- Намайг аваад яваач! Би бага наснаасаа уулын ажил хийсэн хүн тэр уулыг бутлахад тусалъя.
- Тэгье, хамт явцгаая!
~Төгсгөл хэсэг~


Цааш нь...

Иван баатрын тухай үлгэр(Орос) - II хэсэг

~I хэсэг~

Явж байтал нэг байшин дайралдаж гэнэ. Хашаагаар нь дүүрэн олон шар бэлчих боловч байшинд хүн алга байна гэнэ.
- Эзэнгүй энэ байшинд сууж эргэн тойрных нь газрыг самнаж үзье. Эхлээд зүүн талыг, дараа нь урд, баруун талыг, сүүлд нь хойд талыг самнан явж үзье. Хааны охидыг хулгайлагчийн мөр хаа нэг газар дайралдах биз! гэж Иван баатар хэлэв. Ингээд бүгдийн санаа нийлэв....
- Царс, чи өнөөдөр үлдээд үдийн ундаа хий. Бид нар зүүн талыг явж үзээд ирье гэж Иван Баатар хэлэв.

Царс баатар үлдээд таван том шар алж чанажээ. Тэгээд цонхоор харан «Тэд нар яагаад удаад байна. Хоол нь хөрөх нь» гэж бодоод сууж байтал гэнэт Тохойн чинээ сахалт хумсын чинээ биет дөчин тэрэг өвс чирчихсэн хүрээд ирлээ гэнэ шүү. Өвсөө чирж авчирчихаад худгаас ус татаж шарнуудаа усалж ундаалаад тоолж гэнэ. Тоолж тоолж таван толгой дутахад,
- Шарнуудыг тэжээж услахгүй мөртлөө гар хүрсэн хүн энд байна уу? гээд ийш тийш харснаа Царсыг үзээд барьж аван нүдэв! Нүдэж нүдэж байшингийнхаа нэг буланг өргөж байгаад тийш нь чихчихэв.
- Энэ булан өмхрөхгүй байг! гэж хэлээд дахин алга болов.

Царс тийчигнэж тийчигнэж арайхийн мултарч гараад байшинд орж пийшин дээр хэвтэв. Нөгөө гурав нь ч эргэж ирэв.
- Унд бэлэн үү?
- Бэлээн, бэлэн.
- Чи яагаад тэнд хэвтээд байгаа юм бэ? Босож ундаа уу!
- Үгүй, уумаргүй байна. Би утаанд бүтэж үхлээ. Тэд хоолоо идээд бага юм шиг санагдав. Ингээд маргааш нь Уул баатрыг унд хий гээд үлдээв.

Уул баатар долоон шар алж чанаад нөгөө гурваа хүлээн цонхоор харж суув. Гэтэл Тохойн чинээ сахалт хумсын чинээ биет дөчин тэрэг өвс чирээд ирж явна гэнэ. Гүйж ирээд шарнуудыг ундалж усалчихаад тоолж гарав гэнэ. Долоо дутаад байж.
- Ямар хулгайч энд байна? Шарнуудыг ундалж услахгүй мөртлөө гар хүрдэг хэн бэ? Ингэж хашгираад Уул баатрыг хармагцаа барьж аван балбав! Балбаж балбаж байшингийнхаа нэг буланг өргөж байгаад доогуур нь Уул баатрыг чихчихэв.
- Ингээд хэвтэж бай! гэж хэлээд дахин гүйж одов.

Уул тийчигнэж тийчигнэж арайхийн мултарч гарав.
Царс, Сахал, Иван баатар гурвуул буцаж ирэхэд Уул пийшин дээр ёолон хэвтэж байв.
- Уул, чи яагаад хэвтээд байгаа юм бэ? Босож ундаа уу!
- Уумааргүй байна. Утаанд хордсон байх, толгой өвдөөд байна.
- Энд юуных нь утаа байх билээ? гэж Иван баатар хэлэв. Уул баатар, Царс баатар хоёул дув дуугүй байв.
Гурав дахь өдрөө Сахлыг унд хий гэж үлдээв. Сахал баатар есөн шар алж чанаад амсаад үзвэл сайхан тослог шөл болжээ. Ингээд цонхоор харан сууж байтал Тохойн чинээ сахалт хумсын чинээ биет дөчин тэрэг өвс чирчихсэн гүйж ирэв. Шарнуудаа ундалж усалчихаад тоолж байснаа харааж хэлэв.
- Энэ чинь юу болоод байна даа? Өнөөдөр есөн толгой дутаад байна! Ингээд Сахлыг шүүрч аваад балбаж балбаж чирсээр байшингийнхаа нэг буланг өргөж байгаад тийш нь чихчихэв.
- Ингээд чи хашир! гэж хэлээд гүйн одов.

Сахал байшин дороос арайхийн мултарч гараад пийшин дээр ёолон хэвтжээ. Нөгөө гурав ч эргэж ирэв.
- Унд бэлэн үү?
- Бэлээн.
- За буугаад ир, ундаа уу!
- Үгүй ээ, чадахгүй нь. Толгой өвдөж байна. Утаанд л хордчихож. Өглөө нь Иван баатар:
- Өнөөдөр хойд зүгийг нэгжиж тойроод ир. Хэрэв эндээс ямар нэг мөр олдохгүй бол цааш явцгаая. Гүнж нарыг эндээс дахиад эрсний хэрэггүй. Өнөөдөр би унд хийе. Миний хордох ээлж гэв.

Нөгөөдүүл нь ч яваад өгөв. Иван баатар арван хоёр шар чаначихаад цонхоор харан дуулж суув. Гэнэт Тохойн чинээ сахалт хумсын чинээ биет дөчин тэрэг өвс чирчихсэн гүйж ирэв. Шарнуудаа ундалж усалчихаад тоолж гарав. Арван хоёр дутуу байв. Ийш тийш харж дуу дуулахыг сонсоод Иван баатрыг үзэнгүүт дайрав.
- Чамтай нэгийгээ үзэж, нэхий дээлээ уралцана гэлээ! Тэр хоёр нүдэлцэж нүдэлцэж Иван баатар Тохойн чинээ сахалт хумсын чинээ биетийг даран авч сахлыг нь таслаад вандан сандал доогуур шидчихэв.
- Ингээд чи энд хэвтэж бай! Нөгөө гурав нь ч эргэж ирэв.
- Унд зэхчихээд хүлээгээд байлаа! Ямар нэг мөр олов уу?
- Үгүй ээ, өнөөдөр ямар ч мөр олсонгүй! Дөрвүүл ундаа ууж суухдаа Царс вандан доогуур шагайгаад,
- Хөөе хараач, бидний хорддог утаа тэнд хэвтэж байх чинь!
- Ямар юмны чинь утаа вандан доор байдаг билээ? гэж Иван баатар асуухад,
- Энэ, энэ Тохойн чинээ сахалт хумсын чинээ биет. Энэ чинь л биднийг хордуулдаг утаа
байхгүй юу! Иван баатар инээмсэглэн,
- Урьд нь надад хэлэхгүй яасан юм бэ?
- Биднээс хэн нь илүү хүчтэйг үзэх гэсэн юм. Ингээд биднээс хамгийн хүчтэй нь Иван гэдгийг мэдлээ.

Тохойн чинээ сахалт хумсын чинээ биет тэр үед ухаан орж сэргээд сэмхэн босож зугтав. Дөрвөн эр түүний хойноос элдэв. Тохойн чинээ сахалт хумсын чинээ биет гүнзгий хавцал хүрээд газар доогуур орон алга боллоо. Иван баатар,
- Бид хичнээн явж, эргэн тойрныг самнан нэгжсэн боловч энэ хавцлыг үзээгүй. Энэ хавцал руу орж үзэх хэрэгтэй. Энэ муу шидтэний атганд хааны охид зовж байгаа юм биш биз? Ингээд тэд шарын арьсаар сур хийв.
- За, хэн ийшээ орох вэ? Хэн ч дуугарсангүй. Иван баатар,
- Би оръё. Та нар эндээс холдолгүй хүлээж бай. Сурны нөгөө үзүүрээс татахтай зэрэг намайг татаж аваарай. Ингээд Иван баатар шийдмээ бариад хавцал руу буув.

Доош буусан хойноо сурныхаа үзүүрийг биеэсээ тайлж орхиод замаар орон цааш явав. Явсаар байтал нэг их гэгээ татав. Удалгүй Иваны өмнө зэс ордон харагдаж гэнэ. Асар том зэс ордон дүнхийх агаад хаалганд нь зэс гинжээр аварга могой уяжээ. Могой час час дуугаран ордны үүц хаалгыг хамгаална. Ордны ойролцоо худаг, худагт зэс шанага зэс гинжээр дүүжлээстэй харагдана. Иван баатар худгаас ус утгаж өөрөө уугаад могойд ч уулгав. Могой чимээгүй болон номхров.
Зэс ордонд орвол тэнд зэс вандан дээр үзэсгэлэнт бүсгүй суугаад юм оёж байв. Учиг татах болгонд нь л нэг цэрэг гарч ирээд байх юм гэнэ.
- Амар байна уу, үзэсгэлэнт бүсгүй минь! Юугаа оёж хатаж, хэнийг дарах гэж эр цэрэг гаргана вэ?
- Сайн эр минь, амар байна уу? Би Иван баатрыг дарах эр цэрэг бэлдэж сууна.
- Хэн энэ цэргийг авч явах юм бэ?
- Тохойн чинээ сахалт хумсын чинээ биет.
- Үзэсгэлэнт бүсгүй минь, тэр Тохойн чинээ сахалт хумсын чинээ биет чинь чиний юу юм бэ?
- Би Анна гүнж. Миний хогёр дүү Марфа, Татьяна гүнж гэж бий. Бид тэр нэгэн улсын хааны гурван охин билээ. Тохойн чинээ сахалт хумсын чинээ биет бид гурвыг хулгайлан энд авчраад гурван жил хорьж шаналган зовоож байна. Тэр өөрөө Хорт Ясан хэдрэгийн зээ билээ.

Ингэж ярихад нь Иван Баатар,
- Би та гурвыг эрж яваа билээ. Үзэсгэлэнт бүсгүй минь, оёж шидэхээ орхиж эр цэрэг бэлдэхээ боль! Эргэж явах замдаа чамайг авч газар дээр гаргаж аав ээжид чинь хүргэж өгнө гэв, Гүнж баярлан оёж байсан юмаа гал руу шидэхэд эр цэргүүд байгаагүй юм шиг алга болов. Гүнж Иван баатрыг дайлав. Иван зэс ордонд амраад цааш явжээ.

Явж байтал мөнгөн ордон дайралдав. Асар том мөнгөн ордон цайран дүнхийнэ. Хаалганд нь мөнгөн инжээр аварга могой уяжээ. Могой час час дуугаран амаа ангалзуулна. Ордны ойролцоо худаг, худагт мөнгөн гинжээр мөнгөн шанага дүүжлээстэй байна гэнэ. Иван баатар худгаас ус утгаж өөрөө уугаад могойд уулгав. Могой номхрон хэвтээд өглөө Мөнгөн ордонд орвол мөнгөн вандан дээр түрүүчийнхээс илүү үзэсгэлэнтэй бүсгүй суугаад юм оёж байв. Дунд гүнж Марфа учиг татах болгонд нь л хоёр цэрэг бий болоод байх юм гэнэ. Үзэсгэлэнт бүсгүй минь, юугаа оёж хатгаж хэнийг дарах гэж цэрэг бэлдэнэ вэ?
- Иван баатрыг дарах цэрэг бэлд гэж надад тушаасан юм.
- Хэн энэ цэргийг ав явах юм бэ?
- Тохойн чинээ сахалт хумсын чинээ биет.
- Одоо тэр хаана байна?
- Одоо гурав дахь ордонд байгаа.
- Үзэсгэлэнт бүсгүй минь, оёж шидэхээ орхиж намайг дарах эр цэрэг бэлдэхээ боль! Эргэж явах замдаа чамайг авч газар дээр гаргаж аав ээжид чинь хүргэж өгнө. Гүнж баярлан оёж байсан юмаа гал руу шидвэл эр цэргүүд байгаагүй юм шиг алга болов.

Иван баатар мөнгөн ордонд амарч дайлуулаад ааш явжээ.Явсаар байтал улам л гэгээтэй болоод байв. Дараа нь эргэн тойронд юм бүхэн гялалзан харахад нүд өвдөм болов гэнэ. Удалгүй өмнө нь алтан ордон харагдав. Шижир алтан ордон гал мэт гялалзан дүнхийнэ. Энэ ордны цонх нь болор, цонхных нь хүрээ очир шигтгээтэй ажээ. Алтан хайрст аварга могой алтан гинжээр уяатай байх агаад час час дуугаран ордныг манаж байлаа.
Хашаан дотор нь худаг, худагт алтан шанага алтан гинжээр дүүжлээстэй байв. Иван баатар алтан худгаас ус утган өөрөө уугаад могойд уулгав. Могой чимээгүй хэвтээд өглөө. Сайн эр алтан довжоо өөд өгсөн алтан хаалгыг онгойлгов. Ордонд алтан вандан дээр үлгэрт хэлшгүй үзгээр бичишгүй үзэсгэлэнтэй гурав дахь гүнж Татьяна юм оёод сууж байна гэнэ. Учиг татах болгонд нь л гурван цэрэг бий болоод байх юм гэнэ.
- Татьяна гүнж минь, амар сайн уу? Юугаа оёж хатгаж хэнийг дарах эр цэргийг бэлдэнэ вэ?
- Сайн эр минь, амар сайн уу? Иван баатрыг дарах цэрэг бэлд гэж даалгасан. Оёж шидэж цэрэг бэлдэх дургүй байвч оёхгүй байж болохгүй. Хорт Ясан хэдрэгийн зээ Тохойн чинээ сахалт хумсын чинээ биет амийг минь өршөөхгүй.
- Үзэсгэлэнт гүнж минь, оёж шидэхээ боль. Би чамайг газар дээр гаргаж аав ээжид чинь хүргэж өгье.
- Аз хийморьт эр минь, эцгийн минь явуулсан олон баатар энүүгээр ирсэн. Гэхдээ хэн нь ч эсэн мэнд эргэж хариагүй. Тохойн чинээ сахалт хумсын чинээ биет цөмийг алсан. Тэр их хүчтэй бас гурван толгойтой могой туслагчтай. Энэ хоёрыг дийлсэн хүн байхгүй. Харин Оросод Иван баатар гэж байдаг гэж сонссон. Тохойн чинээ сахалт хумсын чинээ биет гурван толгойтой могой хоёулаа зөвхөн энэ л баатраас айдаг юм. Биднийг их цэрэг бэлд гэж тушаасан. Иван баатартай байлдахаар бэлдэж байгаа юм.
- Намайг дарах дайнд явахаас өнгөрчээ. Ясан хэдрэгийн зээтэй хүч үзэлцэн дийлж, хулгайлагдсан эгч дүү та нарыг чөлөөлөхөөр би өөрөө хүрээд ирлээ.
- Иван баатар гэдэг ийм баатар ажээ! гэж Татьяна гүнж баярлав. Тэгээд оёж байсан юмаа гал руу шидвэл цэргүүд байгаагүй мэт алга болжээ.

Татьяна гүнж ширээ бүтээн идээ будаа, архи дарс өрөн зочноо хүндлэн дайлав.
- Сайн эр минь, зооглогтун! Ингэж Иван баатрыг дайлаад:
- Ясан хэдрэгийн зээ Атгаалжин хар могой хоёртой тэмцэлдэх тун хэцүү дээ. Эдний цэцэрлэгт нь алимны алтан модон дор хоёр домбо бий. Нэгэнд нь мөнхийн, нөгөөд нь билгийн устай. Тэр хоёр тулалдахын өмнө мөнхийн ус уудаг тул тэднийг ямар ч хүч дийлэхгүй, ямар ч хурц сэлэм цавчиж даахгүй болдог юм.
- Үзэсгэлэнт гүнж минь, зочлон дайлсанд баярлалаа. Ясан хэдрэгийн зээ Тохойн чинээ сахалт хумсын чинээ биетийг би хаанаас олох вэ? Хэлж өгнө үү?
- Одоо тэр хамаг бие нь шархдаж, хэмх нүдүүлсэн амьтан халуун усны байшинд хэвтэж байгаа. Ууранд, усанд орж биеэ тэнхрүүлж, биднийг олон цэрэг гаргахыг хүлээж байгаа гэж Татьяна гүнж хэлэв.
Татьяна гүнж Иван баатрын хайр сэтгэлийг булаав. Татьяна гүнж царай тун ч үзэсгэлэнтэй төдийгүй нуруу туруу, хүч чадал сайтай, алтан өнгөт урт үс нь ар нуруугаа чимсэн, урсгал дөлгөөн харцтай, уран хар хөмсөгтэй, хун шувуу шиг явдалтай, хурмастын нар шиг гэрэлтэй ажээ. (~Үргэлжлэл~)


Цааш нь...

Чоно ээж

Эрт урьд цагт зуун хорин настай нэг эмгэн байжээ. Тэр эмгэн хэдийгээр өндөр настай боловч өвдөх өвчингүй эрүүл саруул, хөнгөн шингэн бөгөөд ганц хүүтэй юм гэнэ. Өдөр бүр ганцаараа хонио харилуж амьдардаг байв. Хүү нь нэг шөнө сэрээд харсан чинь ээж нь шүдээ чигчлээд, галын хүрээ рүү түүхий мах тургиж байв гэнэ. Хүү үүнийг үзээд “Ээж ямар сонин юм бэ? манайх ойрд хонь мал гаргаж идээгүй дээ” гэж бодож хэвтжээ. Хүү энэ өдрөөс хойш хэдэн шөнө дараалан ээжийгээ ажиглаж харсанд ... шөнө бүр үүр цүүрээр босч суугаад шүдээ чигчилж, түүхий мах тургиад байхаар нь лав учир байна гэж бодоод шалгаж үзэхээр шийдэв. Өглөө нь хүү босч ирээд:
- Ээж ээ, та гэртээ амарч бай, өнөөдөр би хониндоо явъя гэж хэлээд малаа хариулж явав. Тэгээд хонио бэлчээрт гаргачихаад “Өнөөдөр би малын захад нэг сайн унтаж авчихаад шөнө ээжийн юу хийдгийг манаж үзье байз” гээд өдөржин малын захад унтаж, нойроо авчихаад орой нь малаа туун гэртээ ирэв.
Шөнө нь хүү унтсангүй ээжийгээ манаж хэвтэв. Ээж нь шөнө дунд босч, дээлээ өмсөөд гарч явав. Хүү сэм босч үүдээ жаахан сөхөж араас нь харсанд үнсэн дээрээ очиж хэд хөрвөөгөөд хөх чоно болж хувираад босоод ирэв гэнэ. Тэгснээ биеийнхээ үнсийг хэд сэгсэрчихээд зүүн хойшоо давхиж оджээ. Хүү энэ байдлыг нүдээр үзэж мэдээд, айх гайхах зэрэгцэж яах учраа олохгүй хэсэг самгардан зогсов. Үүр цайхын үед ээж нь ирж буй бололтой шир шир гэх хөлийн чимээ сонсогдоход босч харвал мөн л үнсэн дээрээ очиж хөрвөөгөөд хүн болж хувираад гэртээ сэм орж ирээд орондоо оров. Удалгүй өглөө болоход ээж нь сая сэрсэн хүн болж хүүгээ,
- За хүү минь одоо босч малаа бэлчээ. Ээж нь өнөөдөр бие муухан байна гэв. Хүү нь мөн дөнгөж сэрж буй янз гаргаж, босч ирээд, ажиг сэжиг гаргалгүй хоол ундаа идэж уучихаад малдаа явав. Хүү малаа бэлчээрт гаргамагц сүмд очиж, энэ учрыг багшдаа хэлж,
- Манай малыг чоно огт иддэггүй, айлын малд чоно ороод байдаг нь ийм учиртай юм байна. Одоо ээжийг яавал дээр вэ? гэж асуухад багш нь,
- Чи отчийн авшиг авахуул. Отчийн авшиг гурав авахуулахад сайн муу аяндаа ялгардаг юм гэж хэлэв. Хүүгийн ээж гэрт нь хүн ирэхэд тун дургүй байдаг байлаа. Хүү нь гурван лам залж,
- Та гурав манайд очиж хүн бүр нэг нэг отчийн авшиг уншиж өгөөч. Ээжийнхээ сайн мууг ялгах гэсэн юм. Манай ээж гэртээ хүн оруулах их дургүй байдаг юм. Тийм болохоор та гурав орой хотны захад хоноод өглөө орж ирээрэй гэж захиад орой нь ажиг ч үгүй млаа хотлуулж гэртээ ирэв. Маргааш өглөө нь хоёр лам хүүгийн хэлснээр гэрт нь орж зул хүжээ өргөчихөөд отчийн авшгаа уншиж эхэлтэл эмгэний толгой өвдөж эхлэв. Хоёрдахь удаагаа унштал эмгэн муурч унажээ. Гуравдахь удаагаа уншсанд эмгэн үхэж гэнэ. Ингээд хүү отчийн авшиг уншуулснаар эхийх нь дүрд хувилсан шулмасын мууг таньж даран, нутаг усаа аюулт дайснаас аварсан гэнэ.


Цааш нь...

Хавт хасар хараалч тангудыг дарсан нь

Эрт цагт Чингис хаан Тангудыг дайлахаар явж байтал замд нь нэг ууль шувуу бархирч гэнэ. Чингис хаан түүнийг сонсоод,
- Муу ёрын шувуу бархирч байна. Хурдан харваж ал гэж тушаав. Чингис хааны дүү хавт Хасар нумаа сааж байгаад харвасанд сум нь уулийг харвасангүй цаана нь байсан шаазгай шувууг харваж алав. Тэр үед, Чингис хааны хажууд Хавт Хасарт тун дургүй, санаа муутай түшмэл байжээ. Тэр өнөөх завшааныг ашиглаж хавт Хасарыг хорлоё гэж бодоод, Чингис хаанд,
- Хаантаан, энэ хавт Хасар сахилга батыг эвдэж, архи дарс ууж, ...эхнэр эмс эргүүлж, элдэв муу ажлыг хийгээд таны үгийг сонсохоо байжээ. Та уг нь уулийг ал гэж байхад шаазгайг алчихлаа гэж ховлож гэнэ. Чингис хаан энэ үгийг сонсоод уур нь хүрч,
- Тэр тийм бүтэхгүй юм бол хурдан барьж, дөрвөн мөчийг нь хүлээд, худгийн ёроолд хая гэж зарлигдав. Муу санаат түшмэлийн бах тав нь ханаж, Хавт Хасарыг барьж хүлээд худгийн ёроолд хаяж оруулав. Чингис хаан цааш явж, Тангудын нутагт ирэхэд дайн хийхийн аргагүй улаан шороо нүдэж байв. Аргагүйдэж мэргэн хүнээр төлөг буулгуулж асуухад,
- Ноднин жил манай энд нэгэн хараалч хар Тангуд ирсэн юм. Тэр эхнэртэйгээ нийлж хараал тавьснаас хойш улаан шороо нүдээд зогсохоо болив гэж хэлэв. Чингис хаан түүнийг сонсоод хараалч Тангудыг, эхнэртэй нь хамт ал гэж тушаав. Цэргүүд нь хэчнээн харвасан боловч хоёр хараалч дийлдсэнгүй гэнэ. Эцэст нь дахин нэг мэргэнээс асуухад, мэргэн хүн,
- Таны цэргүүд энэ хоёр шулмыг дийлэхгүй юм байна. Харин нэг л хүн дийлнэ. Тэр хүн одоо муу хүнд хорлогдон, далан харын нэг худаг дотор хүлээтэй хэвтэж байна гэж хэлжээ. Чингис хаан муу хүний мэхэнд орсноо мэдэж, муу түшмэлийг алан элч томилж,
- Та нар хурдан буцаж, хавт Хасарыг гаргаж, зуун хар хонь хийн биеийг нь тэнхрүүлээд Хэрээ шорогт суугаа хараалч эр, эм хоёрыг дар гэж явуулав. Хавт Хасар гарч ирээд, зуун хонины шөлөөр биеээ тэнхрүүлж, хүч чадалтай болоод, нум сумаа гаргаж, Хэрээ шорог уруу нар гарахад онилж, нар жаргахад харваж тавьсан гэнэ. Сум нь явсаар шулам эмийг онож гаталсанд өнөө шулам Улаан мөрөн рүү унаж үхэв. Шуламын цуснаас болж Улаан мөрний ус одоо болтол улаан байдаг нь тийм учиртай гэнэ.
Тэр сум эм шулмыг нэвт гаталж, хараалч хар Тангудын хөлийг нь хугалж шархдуулжээ. Шархадсан хараалч Тангуд унахдаа хажуудаа байсан том *хамхагаас шүүрч босох гэтэл өнөө хамхаг нь үндсээрээ булга татагдан унаж гэнэ. Уурласан Тангуд,
- Ургахаараа урга, үндсээрээ эргэ гэж хараажээ. Түүнээс хойш хамхаг үндэсгүй болсон гэнэ. Тангудын хажуугаар нэг луус явж өнгөрөхөд түүний ноосноос татаад босох гэтэл луус үргээд цааш зугтаажээ. Тангуд мөн уурлаж,
- Төрөхөөрөө төр, төрсөн нь төрөлгүй бол гэж хараав. Тийм учраас луус одоо болтол үргүй байдаг нь тийм учиртай гэнэ. Тангуд улам уурлаж “Энэ муу хавт Хасар яагаад ийм сүрхий харвадаг юм” гэж төлгөө татаад үзсэнд, зуун хар хонины шөл ууснаас тийм их хүчтэй болсон юм байжээ. Тэгээд хараалч Тангуд,
- Муусайн хар хонинууд өсөхөөрөө өс, нэг сүрэгт зуу битгий хүр гэж хараагаад үхжээ. Тийм учраас нэг айлын хотонд хар хонь цөөхөн байдаг болсон гэнэ.

*хамхаг - Хамхуул. Нэг наст өвслөг ургамал, эмд орно.


Цааш нь...

Мэлхий хүү

Эрт урьд цагт үр хүүхэдгүй эмгэн, өвгөн хоёр амьдран суудаг байжээ. Өвгөн нь их ааш муутай юм гэнэ. Тэр үргэлж эмгэнээ хүүхэд төрүүлсэнгүй гэж харааж загнадаг байв. Нэг намар өвгөнөө аянд явсан хойгуур эмгэний гарын алга загатнаад болохоо байчихав. Эмгэн гарынхаа алгыг маажиж суутал дороос нь мэлхий гараад иржээ. Эмгэн мэлхийг үзээд “Мэлхий ч миний үр” гээд манцуй оёж манцуйлаад хүүхэд шиг арчилж суудаг болж гэнэ....
Хэдэн сарын дараа өвгөн нь аянаасаа буцаж ирэхэд эмгэн,
- Өвгөөн бид үртэй болсон шүү гээд манцуйтай мэлхийгээ харуулсанд өвгөн үзээд ихэд уурлаж,
- Пэй, бузар гэм. Чи чинь яасан муухай юм гаргадаг юм бэ? гэж хэлээд өнөө мэлхийг алах гэтэл эмгэн нь,
- Тэгвэл та өөрөө мэд. Бид хоёр үр хүүхэдгүй арга ядаж байхад мэлхий ч гэсэн үр заяасан байхад та ална гэж байдаг хэмээн уйлахад өвгөн зөрүүдэлж ална гээд хутгаа гаргаж мэлхийг дүрэх гэтэл мэлхий гэнэт,
- Аав аа, та намайг алах гэж байгаа бол ууранд хийгээд цохиж ал. Тэгэхгүй бол би үхэдгүй юм гэж хэлжээ. Өвгөн мэлхийг ууранд хийгээд цохих гэтэл уурнаасаа бултгас гээд гараад ирэв. Дахиад хийсэнд мөн л бултгас гээд гарч ирээд тун болсонгүй. Өвгөн түүнийг үзээд элгээ хөштөл инээгээд,
- Энэ муу золигийг чинь алахаа больчихьё гэж хэлээд алсангүй гэнэ. Хавар болж өвгөн тариа тарихаар явах болсонд мэлхий,
- Аав аа, би явж тариа тарья гэхэд өвгөн,
- Элэнцгийн чинь тариа тарих. Чи тариа тарьдаг байсан бол би юунд ингэж зовж явах билээ гээд үгийг нь тоож авсангүй. Эмгэн үүнийг хараад,
- Хүүхэд ажил хийнэ гэж байхад сайн хэрэг биш үү. Яваг яваг гэж хэлээд мэлхий хүүг газар хагалдаг хар илжигнийхээ чихэн дээр суулгаад явуулжээ. Тэгсэн чинь мэлхий хүү илжгийг унаад нааш цааш нь явуулж, тариа сайхан тарьж, өвгөнд их тус болжээ.
Ингээд гурван жил болжээ. Нэг өдөр, мэлхий хүү,
- Аав аа, ээж ээ? Энэ хойд зүгт нэг хөөрхөн охинтой айл байна. Би тэр охиныг эхнэрээ болгож авна. Та хоёр сүй төхөөрөөд өгөөч гэж гуйсанд өвгөн,
- Цөг гэм. Чи эхнэр авчих байсан бол бид юунд зүдэрч байдаг юм. Би лав төхөөрч өгөхгүй гэж зандраад нэг ч зоос өгсөнгүй. Эмгэн нь аргагүйн эрхэнд,
- Байг байг. Та төхөөрөхгүй юм бол би төхөөрье. Яасан ч миний гаргасан үр гэж хэлээд өөрт байсан таван лан мөнгөө гаргаж даалинд хийж мэлхий хүүдээ өгч явуулжээ. Мэлхий хүү өнөө айлд хүрч очиход айлын нохой хуцаж эхэлжээ. Айлын өвгөн гарч хараад,
- Өмнө айлын хар илжиг гадаа ирчихсэн зогсож байна гэхэд эмгэн нь гарч хараад,
- Тэр хоосон айлын мэлхий хүү хар илжигнийхээ чихэн дээр суучихсан ирж байна гэхэд өвгөн нь,
- Муухай амьтныг хөөж явуулья гэхэд эмгэн нь,
- Хөөж болохгүй ирчихлээ гэж хэлээд мэлхий хүүгийн ачаа хөсгийг дэмнэж буулгаад гэртээ оруулжээ.
Мэлхий хүү айлд ороод учир байдлаа хэлсэнд эмгэн нь дуугүй суугаад байв. Харин өвгөн нь ихэд уурлаж,
- Чам шиг шулам миний хүүхнийг авна гэнэ ээ. Одоохон чамайг алчихья гээд дайрахад мэлхий,
- Та намайг ална гэвэл алж болно. Гэхдээ намайг тээрмийн нүхэнд хийж цохь. Үгүй бол би үхдэггүй юм гэжээ. Өвгөн мэлхий хүүгийн хэлснээр тээрмийн нүхэнд хийгээд цохих гэтэл мэлхий бултгас гэж гарч ирээд тун цохих завшаан өгөхгүй байв. Түүнийг үзээд айлын хүмүүс элгээ хөштөл инээгээд, өвгөн нь охиноо:,
- Муу хүүхэн чи дагах дуртай бол хурдан дагаад яв гэж хэлээд охиноо мэлхий хүүтэй хамт явуулжээ.
Мэлхий хүү охиныг хар илжгэн дээрээ мордуулаад гэртээ харьж явах замдаа нэг сайхан хавтгай мод олоод, охинд,
- За, чи энэ дээр унтаж бай. Би гэртээ хариад ирье гэж хэлээд даалингаа өгч дэрлүүлээд явчихаж гэнэ.
Охин унтаж унтаж нэг сэрсэн чинь хавтгай модон дээр таван ханатай сайхан гэр босчихсон, тойроод таван хошуу мал бэлчиж байв гэнэ. Охин гэрт орж үзэхээр хажууд нь очсоноо “Энэ арай чөтгөрийн гэр биш биз” гэж хэсэг тээнэгэлзэн зогсож байгаад “За юу болвол болог” гээд хөгшдийн хэлдгээр: “Чөтгөрийн гэр буюу хойшдын заяагаа гэрийн буруу хатавчаар нь сөхөж үздэг юм гэсэн” гэж бодоод гэрийн зүүн талаар очиж, үүдийг нь сөхөж харвал гэр дүүрэн эд хогшил хураасан байх ба мэлхий хүү өндөр цагаан залуу болж хувираад нааш цааш холхиж байжээ. Охин гэрт гүйн орж залууг тэвэрч аваад,
- Миний хань чинь ийм сайхан хүн байсан юм уу? гэж хэлэхэд, залуу инээмсэглээд,
- Одоо энэ бүхэн бүгд бид хоёрынх болсон гэж хэлээд эхнэртээ хуримын учраа хэлэлцэж, хорин хүний зарцтай, наян хүний дагуултай, сарын хурим хийж, түмэн хүн залахаар тогтжээ.
Мэлхий хүү эхнэртэйгээ аав ээжийгээ хуримдаа залж, шинэ гэрийн цай уулгах гэсэнд аав нь,
- Би очихгүй гээд явсангүй. Ээж нь,
- Хөөрхий миний үр айл гэр болж байхад очиж хүүгийнхээ шинэ гэрийн цайг ууна гээд мэлхий хүүгийнхээ шинэ гэрт очиж цайг нь уужээ.
Тэр жилийн хавар орчлон дэлхий дулаараагүй байтал гэнэт луу дуугарч бороо орж, солонго бууж иржээ. Мэлхий хүү эхнэртэйгээ ээжийгээ аваад солонгын дээр гарч суугаад тэнгэрт гарч амьдрахаар явжээ. Муу санаатай өвгөн тэндээ үлдэж насаараа тариа тарьж амьдарсан гэдэг. Учир нь мэлхий хүү бол лус байсан бөгөөд сайн санаатай эмгэнд хүү болж заяажээ. Мэлхий хүүгийн шинэ гэрийн цай бол рашаан байсан бөгөөд түүнийг уусан хүн бүр сахиус болж, тэнгэрт гарч амьдрах хувь заяатай байжээ. Тиймээс монгол хүн үр хүүхэддээ “Хүнд битгий муу юм сана”, “Сайн санааны үзүүрт тос, муу санааны үзүүрт ёр” гэж сургаж захисаар иржээ.


Цааш нь...