Бух, хуц, ухна гурвын үлгэр

Нэг баян айл байжээ. Тэр айл цагийн хүйтэнд зутарч цас зуданд туйлдаад босож, чадахаа байсан өеөсмөл бухан бяруу, төлгөн хуц, шүдлэн ухна ийм гурван мал өвөлжөөндөө хаяад нүүжээ.
Нүүснээс хойш хүйтний эрч буурч, цаг зуд тавигдаад хаврын урь орсонд өнөөх гурван мал цасан дороос арайхан ... амьтай гарч, бага зэрэг тэнхрээд байтал нэг чоно тэр гурвыг идэх санаатай давхиж ирээд бухнаас асуужээ.
— Чиний нэр хэн гэдэг вэ? гэсэнд бухан бяруу,
— Миний нэр Гүзээ ихт Гүндэн хаан гэдэг гэв. Үүнд чоно баахан сонирхон бухын эврийг зааж бас асуув,
— Чиний энэ толгой дээрх чинь юу вэ? гэсэнд бух,
— Миний энэ бол
Тэнгэр бурхны хайрласан
Тэх хар жад юм.
Тэрсэлж ирсэн дайсныг
Тэсгээлгүй сүлбэдэг юм гэв. Чоно баахан гайхан бухын төмсийг зааж асууруун,
— Чиний энэ чинь юу вэ? гэсэнд бух хэлэв,
— Миний энэ
Аав ээжийн хайрласан
Асар гашуун сонгино
Араатан чонын махыг
Амталж иддэг юм гэв. Чоно бухнаас айж төлгөн хуцнаас асуув.
— Чиний нэр хэн гэдэг вэ? гэсэнд хуц,
— Миний нэрийг Толгой ихт Тонж хаан гэдэг юм гэв. Чоно хуцын эврийг харж асуув,
— Чиний энэ юу вэ? гэсэнд төлгөн хуц,
— Миний энэ
Тэнгэр бурхнаас хайрласан
Том хар муна.
Довтолж ирсэн чонын
Толгойг хага цохидог юм гэв. Чоно хуцнаас бас айгаад шүдлэн ухнаас очиж асуув,
— Чиний нэр хэн гэдэг вэ? гэсэнд ухна хэлэв,
— Миний нэр Сэлмэн эвэрт.
Сэнгэ баатар
Сахал ихт
Санж хаан гэдэг гэв. Чоно ихэд гайхаж ухнын эврийг зааж,
— Энэ чинь юу вэ? гэж асуусанд ухна хэлэв,
— Миний энэ
Эзэн тэнгэрээс заяасан
Ирт их мэс
Эрсэлж ирсэн чонын
Элэг бөөрийг сүлбэдэг юм гэжээ. Чоно их л сүрдэж балмагдаж дэмий л ухнын төмсийг зааж,
— Таны энэ тань юу вэ? гэж асуусанд ухна улам сүр бадруулан хэлэв,
— Аа энэ бол Түүхий чонын махыг дүрж амталж иддэг.
Түнгэрцэг савтай давс сонгино хоёр
Түрүүлж ирснээр нь одоо чамайг идье гээд тургиж давхийсанд өнөөх чоно ухаангүй айж урт хар чацга хаян ухасхийн дүүлж голын мөсөн дээгүүр харайж год хатган зугтаажээ.
Ухна улам айлгах гэж хойноос нь элдэж явтал мөсөн дээр халтираад салтаагаа хагалчихжээ.
Тийнхүү салтаагаа хагалснаа чононд мэдэгдэхгүй гэж хойноос нь өндөр дуугаар
хашгиран:
— Чамайг даа, би өмдний тэлээ тасраагүй бол уу? гэж их л занасаар хоцорчээ. Ингэж чоныг айлгаад тэр гурван мал ногоо гарсан хойно гэртээ харьж сүрэгтээ нийлээд амар сайхан жаргаж гэнэ.

Шошго: |

1 Сэтгэгдэл:

  1. Unknown Says:

    Үнхээр гоё байлаа