Гал улаан хаан
Огноо 2014-02-03 at 12:27 Unknown
Жил бүгд найман настай хүүхдээр далай тахидаг Гал улаан хаан гэж байжээ. Далай тахисаар байгаад найман настай хүүхэд олдохоо болиход хаан өөрийн түшмэдийн хүүгээр далай тахихаар болжээ. Түшмэдийн хүү шувууны есөн хэл мэддэг юм байжээ. Хүүг гэртээ байж байхад нь хаан авчруулаад “Үүгээр далай тахиад ир” гэж хоёр яргачиндаа өгчээ. Тэр хоёр яргачин хүүг авч яваад “Чамаар яаж далай тахих вэ? Чи нар гарах зүгийг чиглэж яваад таван алтан улиас дайралдахаар тэнд хоноглогтун” гэж хэлээд явуулчихжээ. ... Хүү явсаар таван алтан улиасанд хүрч тэгнд хоноглохоор хэвтэж байжээ. Гэтэл таван алтан улиасны дээрх үүрэн дээр нэгэн шувуу ирээд “Энэ хүүхэд төмөр мунын хугархайг авбал их сайн юм байна” гэж нөгөө шувуутайгаа ярьж байна гэнэ. Хүү төмөр мунын хугархайг олж аваад явж байтал нэг том мэлхий тааралдаж гэнэ. Хүү “Хонины шагайн чинээ бол” гээд төмөр муныхаа хугархайгаар цохисонд хонины шагайн чинээ болжчихжээ. Тэгэхээр нь авч залгичихаад хонотол нэг их шуурга болж өнөө хүүг хийсгээд маш хол газар аваачаад хаячихжээ. Гэтэл түүнийг нэг хөх шартай хөгшин олж аваад ихэд баярлаж тэнгэр газарт их дуу хадуулсаар гэртээ гүйж ирлээ. “ Нэг хүү олж авлаа. Хүүгээ нэг өнцгийн баян хааны охинтой гэрлүүнэ” гэж хөх шараа унаж аваад хааныд “Ураг элгэн больё, хурим найр хийе” гэж очжээ. “Юу гээчийн эргүү хөгшин бэ?” гэж хаан уурлаад өнөө өвгөнийг алаад хөх шаранд нь ачаад буцаачихжээ. Замд нь хүү таарч хөх шарыг гэр рүүгээ тууж орхиод аавыгаа “Амь нас нь бүт, урьдаасаа угтай, хэзээнээсээ хэвтэй хүрэн улаан хөгшин бол” гэж дээгүүр нь алхжээ. “Юу гээчийн их унтав?” гэсээр аав нь урьдаасаа угтай, хэзээнээсээ хэвтэй хөгшин болж босч ирэв. “Аав аа, аав аа, хааныд архи их уугаад унтсаны нь би сэрээж авлаа” гээд гэртээ дагуулаад харьжээ. Өвгөн маргааш нь дахиад л “Худ сүй больё, хурим найр хийе” гэж очсонд арга нь барагдсан хаан их дунгаар их түмнээ цуглуулж бага дунгаар бага түмнээ цуглуулж “Одоо энэ хөгшнийг яах вэ?” гэж зөвлөөд, өвгөнд “Чи надад зуун цагаан мориор сүй хүргэж ир бас алтан дээвэртэй сүм байгуул. Өөрийн гэрийн үүднээс аваад манай гэрийн үүд хүртэл алтан мөнгөн зам тавь. Тэгвэл би охиноо өгч ураг садан болно” гэж хэлжээ. Хөгшин тэнгэр газарт их дуу хадуулсаар гэртээ ирж хүүдээ хэлжээ. “Би чамайг гэрлүүлэх гэсэн чинь “Зуун цагаан мориор сүй хүргэ, бас алтан дээвэртэй сүм байгуул, манай гэрээс өөрийн гэрийн үүд хүртэл алтан мөнгөн зам тавь” гэж байна би одоо яах вэ? гэжээ. Хүү төмөр муныхаа хугархайг барьж “Зуун цагаан морь бол, алтан дээвэртэй сүм бол, манай үүднээс хааны гэрийн үүд хүрэл алтан мөнгөн зам бий бол” гэж дохиж бөөлжив гэнэ. Тэгээд хөх үхэрт хөгшин зуун цагаан морь аваад алтан мөнгөн замаараа явж хаанд бараалхажээ. Дараа нь хааныхан хамаг нийтээрээ өлгийтэй хүүхэд, өлөгчин нохой үлдэлгүй цөм өвгөнийд гийчлэн ирсэн боловч хөгшний бэлдсэн амттай их идээний гурав хуваасны нэгийг ч барсангүй гэнэ. Хааныхан охиндоо албат хошуу, алт, мал, хуваан өгч хүүгийн гэргий болгон явуулахдаа ганцаарчлан ингэж захижээ. “Хөх шартай хөгшин яагаад баяжив” гэж залуу хүүгээс асуу. Хэлэхгүй бол үнэн үгээ хэлэхгүй бол нөхөр хань болж яаж сууна даа гэж хэлээрэй гэжээ. Хүүхэн нөхрөөсөө асуужээ. “Би ер хүнд хэлэхгүй” гээд л байж. Хүүхэн өдөр бүр шалаад л байж. Нэг өдөр хүү хэлжээ: “Би ер хүнд хэлэхгүй гэсэн юм. Гэвч чамд хэлэхээс биш яахав. Би мэлхий залгиснаас хойш санаснаараа бөөлждөг болсон билээ” гэж. Хүүхэн үүнийг сонсоод хаан аавдаа очиж хэлжээ. Хаан нэг өдөр хүргэнээ ирүүлж “Цай уу” гэж уулгаад арван хөхүүр арз өгч бөөлжүүлсээр байтал зүрх нь амаараа цухуйсанд зүрхэнд нь нэг мэлхий байжээ. Түүнийг аваад үд хүрдэггүй үнэгэн цагаан эм, хоног хүргэдэггүй хонин цагаан эм түрхэж зүрхий нь цааш хийж орхижээ. Хүү унтаж байгаа сэрсэн чинь хөгшний гадаа байсан мал нь цөм хааны гадаа оччихсон байв гэнэ. Хүү чимээгүй оргож гараад таван улиасныхаа угт ирээд сууж байтал улиасны дээрх үүрэнд хоёр шувуу ингэж ярилцжээ. “Энэ хүү маргааш эрт босч гүйвэл долоон чөтгөр нэг дүгрэг хар юм булаацалдаж байгаатай дайралдана. Тэгээд тэр долон чөтгөрийг уралдуулж “Хэн түрүүлсэн чинь үүнийг ав. Би барьж байя” гэж мэхлээд өөрөө тэр хар юмыг өмсчихвөл чөтгөр үзэж чадахгүй болно. Тэгвэл энэ хүүгийн хэрэг нь бүтэх юм байна” гэж хэлэлцжээ. Маргааш нь хүү маш эрт босоод явж байтал эзгүй цөл газар иржээ. Нэгэн хүн юмуу нэг цагаан юм тал дээр уралдаад байжээ. “Юу боловч харгалдья” гэж бодоод очтол долоон хүмүүн байж байв. “Та нар юу вэ? Юу хийж гүйлдээд байгаа юм бэ?” гэв. Тэгсэн “Бид бурхан багшийн овоодой малгайг олсон. Энийг яаж хуваах вэ?” гэж сурав. “Та нарыг заргыг би шийдэж өгье” гэж хүү хэлэв. “За бид ах дүү барилдья. Та нар юунаас айдаг вэ?” гэжээ. Тэгэхлээр тэд “Бид өргөстэй харганаас айна, гөлгөр мөснөөс айна, үхрийн бааснаас айна” гэжээ. “Чи юунаас айдаг вэ?” гэж тэд асууж гэнэ. “Би тавагтай гурилаас айна, домботой цайнаас айна, хонины чанасан гуянаас айна. За одоо би та нарын заргыг шийдэнэ. Би үүний чинь авч байя. Та нар явган уралдаад ир. Хэн түрүүлсэнд чинь өгнө гэжээ. Тэд уралдаанд явав. Тэр хооронд хүү өргөстэй харгананд оров. Тэгсэн чөтгөрүүд “Энэ чинь юунаас айдаг билээ?” гээд домбо домбо цай, таваг таваг гурил, хонины чанасан гуя өгөөд байжээ. Хүү түүний нь идэж уугаад л суугаад байжээ. Тэгээд чөтгөрүүд аргаа бараад “Цагаан сарын өмнөх гучны орой чамаас хариугаа авья” гээд яваад өгчээ. Ингээд хүү овоодой хар малгайг нь өмсөөд явж байтал бас нэг долоон чөтгөр бурханы орхимж булаацалдаж байжээ. Хүү бас л “Та нар уралдаад ир, хэн түрүүлсэнд чинь өгнө” гэж хуурч, явуулаад тэр хооронд бурхан багшийн овоодойг өмсөөд орхимжийг нь ороож аваад цааш явж хааныд очиж бурханы нь хайрцаг дээр нь суужээ. Хааныхан бурхандаа ууцаар тахил тавьсанд хүү ууцны хоёр хажуугийн махыг идчихжээ. Тэгсэн хааныхан “Манай бурхан амилж байна” гээд бүтэн хониор дээж тавьдаг болж гэнэ. Түүнээс нь цадтал идчихээд шидэт мунаараа бурханы хайрцгийг хамх цохиж алтан мэлхийгээ авч залгичихаад гэртээ гүйж хариад амар сайхан жарган суужээ.