Цагаан сар

Удахгүй Монголчуудын маань хамгийн эртний бөгөөд хамгийн том баяр Цагаан сар болох гэж байна. Энэ баярын учир холбогдол, түүх, уламжлалын талаар хүүхэд багачууддаа эртнээс тайлбарлан ойлгуулах нь Монгол ёс заншлаа үеэс үед уламжлуулан үлдээхэд чухал хувь нэмэр болох юм гэж үзээд дараах холбоосыг орууллаа: Цагаан сар


Цааш нь...

Тариачны хүү

Нэг тариачин ганц хүүтэй бөгөөд түүнээ хэл зүйн эрдэм ухаанаар мэрэгшүүлэхээр сургуульд явуулав. Зохих хугацаа өнгөрөхөд хүү нь хэл зүйн эрдэм ухааныг эзэмшиж уран илтгэгч болжээ.
Нэгэн удаа тариачин эр эхнэр хүүгийн хамт хооллохоор сууцгаах үед хүү нь хэл зүй, уран итгэлийн эрдэм ухаанд яаж суралцсанаа бахархан ярьж гэнэ. ... Энэ үед аав нь,
- Уран илтгэл бол бүхий л эрдэм ухааны эрдэнэ сувд нь юм. Харин зөв бичнэ гэдэг бол ерийн нэг сайн хэрэг гэж би дуулсан. Энэ юу гэсэн үг вэ гэдгийг чи одоо бид хоёрт харуулаач гэв. Хүү хариуд нь,
- За, энэ тахианы махыг уран илтгэлийн ухаан ёсоор хуваах юм бол хэл зүй, уран илтгэл нь бусад эрдэм ухаанаас хамаагүй дээр гэдэг нь та хоёрт харагдана гээд тахианы махыг барьж аван,
- Аав танд энэ толгойг өгье. Яагаад гэвэл та бол энэ гэр бүлийн толгой нь бөгөөд биднийгээ захиран удирддаг. Ээжид бол энэ хөлийг өгнө. Яагаад гэвэл ээж энэ гэрийн ажил хийх гэж бүх л өдөржингөө холхидог, хөлгүй бол ингэж чадахгүй шүү дээ. Харин энэ хөдөлгөөнгүй байдаг их бие нь надад үлдэнэ гэв.
Ингээд тэрээр тахиаг идэж эхлэх гэв. Тэгэхэд аав нь уурлаж тахианы махыг шүүрч аван хоёр хувааж,
- Би уг нь энэ тахиаг өөрөө хуваая гэж бодоогүй юм, одоо бол би хуваана, би нэг хэсгийг нь, ээж чинь нөгөө хэсгийг нь иднэ. Харин чи хэл амаараа бий болгосон тэр хэсгээ ид гэж гэнээ. Заль мэх, овжин аашаар амь зуух гэсэн хүн балран унадаг ажгуу.


Цааш нь...

Хүрэлдэй

Эрт урьд цагт нэг хархүү байлдаанаас буцаж явжээ. Түүний нэрийг Хүрэлдэй гэдэг аж. Хүрэлдэйг явж байтал замд нь тогоотой ус шиг мэлтэлзэх мөртөө гялгар юм дайралджээ. “Юу юм бол?” гэж бодон очтол үй түмэн хорхойн* цуглаан болж байжээ. “Могойн цуглаантай дайралдвал мориноос бууж гурав мөргөдөг юм билээ?” гэж Хүрэлдэй бууж тэр олон хорхойн өмнө мөргөжээ. ... Гэтэл тэр олон урт хорхойн дундаас ганц шүрэн эвэртэй хорхой гарч ирээд биеий нь гурав эргэж эврээ хормой дээр нь унагаачихаад буцжээ. Хүрэлдэй түүнийг хадагт нямбайлан боож цаашаа явж байтал нэг хорхой хойноос нь “Хүүе, хүүе” гэж дууджээ. Эргэж ирэхэд нь “Чи хормойгоо тос” гэжээ. Хүрэлдэй хормойгоо тосвол амнаасаа нэг цагаан юм гаргаад “Үүнийг ид” гэжээ. Түүнийг Хүрэлдэй бүхлээр нь залгичихаад цаашаа явжээ. Тэр цагаан юм нь эрдэнэ байжээ. Тэгэхдээ амьтан болгоны хэлийг мэдүүлдэг эрдэнэ байжээ. Хүрэлдэй амьтан бүгдийн хэлийг мэддэг болжээ. Тэгээд замдаа нэг айлд хонож тэр айл нь хонь гаргаж өгчээ. Тэгэхэд нь нохой хуцаад чоно улиад байжээ. Хүрэлдэй түүнийг чагнавал “Хоноцынхоо хоёр морийг над өгөөч” гэхэд нохой “Манайх хоноцдоо хонь гаргасан, ууцнаас нь над өгвөл би хоёр морийг нь өгөхгүй, ууцы нь өгөхгүй бол хоёр морий нь өгнө" гэж хуцаж байв гэнэ. Ингэж байтал мах болж ууцаа тэр айл Хүрэлдэйд тавьжээ. Гэтэл нохой шуугиад гэрт ороод ирж. Хүрэлдэй ууцаа огтлох гээд унагаатал нохой нь зуугаад явжээ. “За боллоо” гэж боджээ. Гэрийн эзэн “Яах билээ?” гэж дуу алдахад “Зүгээр зүгээр” гэжээ. Нохой гараад хуцахдаа “Хоноц маань хонины ууцнаас над өгсөн. Хоёр морий нь чамд өгөхгүй” гэж хуцахад чоно чимээгүй болжээ. Тэгээд шөнө тэр айлын хоттой хонинд чоно орж хонь үргэн алга болоход Хүрэлдэй босч шөнөжин явсаар хонийг олж өглөө ирэхдээ тэр олон хонины хамгийн сүүлд яваа цахлайтсан жижиг төлөг “Мянган хонины хишгийг даахгүй нь ээ” гэж майлж явжээ. Өглөө айлын хонийг авчирч өгтөл “Ямар сайн хүн бэ? Та юу авах вэ?” гэж асуужээ. “Мянган хонины хишгийг даахгүй нь ээ” гэж майлж явсан нөгөө төлгийг “Авья” гэсэнд нохой нь ирээд тэр төлөгний сүүлий нь тасдаад идчихжээ. Тэгээд Хүрэлдэй гэртээ ирээд хүүхэнтэйгээ сайн сайхан амьдарчээ. Нэг өдөр хүүхэнтэйгээ хэрэлдээд салахаар болж хүргэж өгөхөөр азаргаа барьж уяад гэртээ орох гэж явтал адууны хашааны шон дээр нэг шаазгай суучихаад “Хүрэлдэй хүү минь азаргаараа хүүхнээ хүргэж өгөх нь дээ. Энэ нь хоосрохийн дохио болох нь” гэжээ. Тэгэхлээр нь Хүрэлдэй азаргаа тавьчихаад гэртээ ороод хүүхэндээ “Чи явах юм бол би хүргэж өгч чадахгүй” гэж эвлэгхэн хэлжээ. Ингэж хүүхэн ч явсангүй. Хоёулаа эвлэж урьдын адил амар сайхан амьдарчээ.

*могойг зарим нутагт 'хорхой', 'урт хорхой' гэдэг.


Цааш нь...

Ухаантай хүү

Эрт урьд цагт эмгэн өвгөн хоёр аж төрөн суудаг байж гэнэ. Долоон сайн хүүхэдтэй, зургаан улаан үнээтэй юмсанжээ. Өвгөн эмгэн хоёр насан өндөр болсон учир долоон хүүгээ “долоон тийшээ явж амь зуу” гэж хэлж гэнэ. Тэгээд зургаан хүүдээ зургаан улаан үнээгээ өгөөд хамгийн бага хүүдээ мод хагалдаг сүхээ өгөөд,
- Миний хүү ой модонд очиж амиа тэжээ гэж хэлж гэнэ. Тэгээд хүү ойд явж байтал хоёр талын зэрэгцээ модон дээр хоёр хон хэрээ суугаад нэг нь нөгөөгөөсөө ингэж асууж ... байна гэнэ. - Энэ хүүхэд юу хийж яваа юм бол? гэсэнд,
- Энэ хүү яван явсаар цагаан санаат ноёны хүү болох юм байна билээ? гэж нөгөө нь хэлжээ. Тэгээд тэр шувууны үгийг сайн дуулж аваад цааш явж байтал оосор бүчгүй орд цагаан өргөө байна гэнэ. Ороод очсон чинь өвгөн эмгэн хоёр сууж байжээ. Өвгөн хүүгээс,
- Нүүрэндээ галтай, нүдэндээ цогтой, зориг золбоотой жаахан эр хэт нутаг хаа вэ? Хэрэг зориг хэнд вэ?” гэж асуусанд,
- Хэт нутаг барууны баруун тивд, хэрэг зориг энд дээ. Бид ах дүү долуул байгаад аав ээж минь нас өндөр болсон учир бид амь зуулга эрж яваа гэж хэлж гэнэ.
- За тэгвэл хүү минь манай хүү болоорой гэжээ. Хүү ийнхүү цагаан санаат ноёны хүү болжээ. Гэтэл тэр нутагт их хар санаатай хаан байжээ. Хар санаат хаан арван сайн хүүтэй юм гэнэ. Цагаан санаат ноён арван сайхан охинтай юмсанжээ.
Хар санаат хаан нэг өдөр “Цагаан санаат ноён нэг сайн хүүтэй боллоо. Тэр хүүг үгүй хийхгүй бол эцэстээ хаан төр булаацалдах хүү” гэж боджээ. Тэгээд тэр хар санаат ноён нэг өдөр “Чи өнөө шөнө манай хатныг мана” гэж хүүд зарлиг буулгажээ. Гэтэл тэр хатныг манасан хүн шөнө болгон үхдэг юмсанжээ. Тэр хүү гэртээ ирж ноён аавдаа,
- Энэ хаан намайг өнөө шөнө хатнаа мана гэж зарлиг буулгав гэж хэлжээ. Ноён аав нь
- Ганц хүүгээсээ салах цаг болж гээд уйлж гаслаж гэнэ. Хүү шөнө хатны байдаг өргөөнд орж гэнэ. Тэр өргөөнд хоёр сандал байдаг байжээ. Орж ирсэн хүн заавал сандал дээр суух ёстой ажээ. Гэвч хүү хажууд нь суужээ. Хаалганы хоёр хатавчаар хүрэл зэс хоёр хошуу орж ирж гэнэ. Тэр хоёр хошуу хатны гэдэс рүү хатгаж орхисонд хатан орилж чарлаж гэнэ. Тэгээд сандал дээгүүр юм эрээд хүүгийн дэргэд ирвэл тэр хүү, тэр хүрэл зэс хоёр хошууг сүхээрээ цавчин унагааж гэнэ. Маргааш өглөө хүүг амьд байхыг эзэн хаан мэдээд “Чи өнөө шөнө таван өнгийн торго мана” гэж хэлжээ. Тэр торго манасан хүн гэртээ эргэж ирдэггүй юмсанжээ. Хүү гэртээ ирж ноён аавдаа хэлбээс аав нь мөн уйлж гаслаж гэнэ. “Би тэр торгыг нь манаад ирье” гээд хүү сүхээ аваад явжээ. Таван өнгийн солонго татдаг газрын цаад талд гараад хүү сууж гэнэ. Гэтэл хүзүүнээс нь таван өнгийн торго уясан хоёр нохой ноцолдоод ирж гэнэ. Хоёр нохойг сүхээрээ цавчиж унагаагаад өглөө нь эзэн хааны үүдэнд очиж,
- Та намайг таван өнгийн торго мана гэсэн биш тайган халтрын хоол болгох гэсэн байна гээд эзэн хааны босгонд хоёр нохойн толгойг хаяв гэнэ. Эзэн хаан “Энэ үхдэггүй яасан сүрхий хүүхэд вэ?” гэж хорсоод “Чи таван өнгийн торго олж ир” гэж дахин зарлиг болгов. Хүү ноён аавдаа хэлээд явжээ. Тэр хүү явсаар байгаад жиргэх шувууны чимээгүй газар очив. Гэтэл зам дээр нэгэн Хангарьд шувуу хавханд орсонтой тааралдав. Хавхнаас нь гаргаж тавьсанд “Би чамд нэг тус болно” гэж хэлээд явжээ. Цааш явж байтал оосор бүчгүй орд цагаан өргөө байж гэнэ. Хүрээд очсон чинь ногоон торгот хатан нохой хорьж өгч гэнэ. Цагаан торгот хатан юм оёод сууж байж гэнэ.
- Нүүрэндээ галтай, нүдэндээ цогтой зориг золбоотой жаахан эр хэт нутаг хаа вэ, хэрэг зориг хэнд вэ? Хэний хүү хэн гэгч вэ? гэж тэд асуусанд
- Бид ах дүү долуулаа байгаад аав ээж хоёр минь нас өндөр болсон. Тэгээд би амь зуулга хайж явсаар цагаан санаат ноёны хүү болов. Гэтэл манай тэр нутгийн хар санаат хаан намайг таван өнгийн торго олж ир гэлээ. Түүнийг эрж явна гэсэнд тэр хоёр,
- Бид хоёр бол дээд доод хоёр тивийн хоёр шулмас байсан. Хүн хорлодог хүрэл зэс хоёр хошууг чи авсан, ийм болохоор бид хоёр чиний эхнэр болно гэж хэлэв. Хүү,
- За яахав, та хоёр тэгж байгаа бол тэгье гээд ногоон торгот хатнаар зүүн гарын дагина, цагаан торгот хатнаар баруун гарын дагина болгож аваад цагаан заанд ачаагаа ачаад эргэн ирж явахыг хар санаат хаан мэдээд “Энэ чинь үхдэггүй яасан сүрхий хүү вэ?” гэж бүр ч хорон санаж “Одоо чи араатны хаанаас есөн эрдэнийн зандан ширээ авч ир” гэжээ. Хүү ноён аавдаа хэлээд аян замд гарч явсаар араатны хааны ордонд ирээд чонын суудал дээр сууж байтал бар, арслан, баавгай, чоно гээд бүх араатан хааныд ирж,
- Энэ юун хүн бэ? гэсэнд хүү,
- Ах дүү долуул байгаад аав ээж нас өндөр болсон. Тэгээд би цагаан санаат ноёны хүү болсон юм. Гэтэл хар санаат хаан намайг есөн эрдэнийн зандан ширээ авч ир гэж зарлиг болгов. Түүнийг олохоор явж байна гэж хэлэв.
- За яахав тэгвэл тэр ширээг аваад яв гэж баавгай ширээг зааж өгч гэнэ. Тэгээд хүү “Яаж авч явья даа” гэж байтал хангарьд нисэн ирж,
- Чи миний нуруун дээр суугаад яв гэж хэлээд ширээг шүүрэн авч нуруун дээрээ гаргаад,
- Энэ ширээн дээр суу гэв. Тэгээд тэр хүү хангарьд хөлөглөн хар санаат хааны гадаа ирээд,
- Авчрахыг би авчирлаа. Өргөж оруулахыг өөрсдөө мэд гээд эзэн хааны гадна буулгасанд эзэн хааны арван мянган залуу өргөөд даасангүй гэнэ. Эзэн хаан дахин зарлиг буулгаж,
- Чи утааны хар морь унаад хурмастын хаанд захиа хүргээд ир гэсэнд хүү,
- За гэжээ. Тэгээд гэртээ ирж хоёр хатандаа,
- Би одоо яасан ч давахгүй нь гэж гэнэ. Гэтэл тэр хоёр хатан,
- Чи энэ алтан хайрцгийг аваад яв. Зуун тэмээ харгана дээр зуун дөрвөлж хоргол асгаад дээр нь чамайг гаргаад доороос чинь гал өгнө, тэгэхлээр нь чи би гэртээ харьсан байх болтугай гээд алтан хайрцагны тагийг нээгээрэй гэв.
Тэгээд тэр хүүд алтан хайрцгаа өгөөд явуулж гэнэ. Хар санаат хаан зуун тэмээн харгана дээр зуун дөрвөлж хоргол асгаад түүн дээрээ хүүг гаргаад доороос нь гал түлж гэнэ. Галын дөл бие өөд халуу оргиод ирэх үед “Би гэртээ харьсан байх болтугай” гээд алтан хайрцагны тагийг нээсэн чинь нэг мэдэхэд гэрийнхээ гадна хэвтэж байж гэнэ. Тэгээд тэр хүүд таван өнгийн торгоор хоёр хатан нь дээл оёж өгөөд,
- Эрхэм дээд хаан таныг хурмастын хаан урьж байна гэсэн урилгыг эзэн хаанд өгөөд явуулжээ. Эзэн хаан тэр урилгыг үзээд “Энэ муу хүү хүрээд ирсэн юм чинь би хүрэлгүй яахав” гээд өөрөө зуун тэмээ харгана дээр зуун дөрвөлж хоргол асгуулаад доороос нь гал түлүүлээд шатаж үхэж гэнэ. Энэ үеэс эхлэн “Уулын чинээ харыг туулайн чинээ цагаан дийлнэ” гэсэн ардын цэцэн үг үүсэн гарсан гэнэ.


Цааш нь...

Туулай яагаад сэтэрхий уруултай болсон бэ?

Эрт урьд цагт туулайнуудын хамгийн ахмад нь бүх туулайнуудаа цуглуулж,
- Энэ дэлхийн амьтан болгон аливаа амьтдыг айлгадаг эрдэмтэй, амиа хамгаалдаг арга ухаантай байх юм. Бидэн шиг өрөвдөлтэй амьтад энэ ертөнцөд алга. Модны навчис сэржигнэхэд хүртэл уушиг зүрх амаар гарчих шиг болж, ухаанаа алдтал айх юм. ... Бид амьтан болгоноос дорой төрөх гэж дээ. Адгийн муу хорхой шавьж хүртэл биднээс айдаггүй гэж үү? Ах дүүс минь ингэж айж зовж амьд явснаас худагт унаж үхэцгээсэн нь дээр гэж хэлээд бусдыгаа дагуулан гунигтай гэгчээр явжээ. Тэгтэл нэгэн шаазгай тааралдаж ихэд гайхан,
- Шаг шаг, туулайнууд минь, юу болоо вэ? гэж асуусанд юу ч дуугарсангүй гэнээ. Шаазгай дахиад л,
– Шаг шаг, та нар яагаад ийм гунигтай явна вэ? Надад яриач гэж шалгаажээ. Нөгөө ахмад туулай, энэ дэлхийд бид л амьтан болгоноос айж явна уу гэхээс биш, биднээс айдаг амьтан гэж нэг ч байхгүй юм. Ингэж амьд явснаас худагт унаж үхье гэж ярилцаад явцгааж байна гэж үнэнээ хэлжээ.
– Яасан тэнэг юм бодоцгоогоо вэ?
– Тэнэг юу байх вэ? Үнэн амьдрал маань ийм л байна гэхэд шаазгай,
– Тэгвэл одоо та нар дор дороо хяраад хэвтэцгээ. Хоньчин хонио услах гээд худаг руу туугаад ирж байна. Хонин сүргийг дэргэдүүрээ ирэхээр нь тал тал тийшээ босон харайгаад хараарай. Тэгэхэд л та нар үнэн худлаа үзэх болно гэж хэлээд шаазгай нисээд явчихжээ. Туулайнууд, шаазгайн хэлснээр бут бутны ёроолд хярж байгаад хонин сүргийг дэргэдээ ирмэгц босон харайж дээр дээр дэгдэн, эргэж харсанд хоньд хуйлран үргэж, хоньчин нь хонио тогтоох гэж шилбүүрээ далайн хашгиран гүйж явна гэнээ. Туулайнууд тэр дороо гайхан зогсосхийж,
- Энэ олон хонийг, эзэнтэй нь айлгалаа. Ийм сонин юм гэж бас байдгаа гээд хойд хоёр хөл дээрээ оцойн сууж, тачигнатал хөхөрөлджээ. Хөхрөлдөөд л байж, хөхрөлдөөд л байж. Бүр дээд уруулаа сэтэртэл хөхрөлдчихөж гэнэ. Ингээд туулай сэтэрхий уруултай болчихсон юмсанжээ.


Цааш нь...

Баадай яагаад уйлав?

Бадарчин Баадай Баруун зуу орж мөргөл хийхээр шийдээд жижиг хавчиг үүрэг, хоёр жижиг таяг мод бэлтгээд явахаар гэрээсэээ гарахад нь түүний ах дүү, эгч нар нь “За Баадай минь замдаа сайн яваарай!” гэж ерөөсөнд Баадай гэрийн босгонд сөхрөн хүүхэд шиг цурхиран уйлж гэнэ. Тэд,
- Чи юунд уйлав? Нэгэнт зориглон шийдсэн биш билүү? Чи ийм аянд олон удаа явсан шүү дээ! гэж зэрэг зэрэг асуусанд Баадай ...
- Та нар намайг үргэлж өөрсдөөсөө хол яваг гэж боддог юм байна. Юу гэвэл та нар намайг “Сайн яваарай” гэснээс биш “Буцаад ирээрэй” гэж хэлээгүйд чинь гомдов гэжээ. “Ингэж санасан хүн нэг ч үгүй байтал Баадай минь юунд ийн сэтгэв” гэж ах дүү нар нь зэмлэн босгоод,
- Баадай минь сайн яваад хурдан эргээд ирээрэй! гэж ерөөсөнд Баадай инээд алдан баярласаар гэрээсээ гарч алсыг зорьж гэнэ.


Цааш нь...

Аз жаргалд умбасан Ханс хүү

Эрт урьд цагт нэгэн сайхан сэтгэлт хүү ээжтэйгээ хоёул аж төрөн суудаг байжээ. Түүний нэрийг Ханс гэнэ. Хүү алс газар явж нэгэн айлд долоон жил үнэнчээр зарагдан амьдарчээ. Ханс хүү нэгэн өдөр гэрийн эзэнд хандан,
- Би долоон жил танай гэрт гадаах ажилд зүтгэлээ. Одоо би ээжийгээ санаж байгаа тул гэртээ харимаар байна. Та миний хөлсийг өгч гэртээ харихыг минь зөвшөөрнө үү? хэмээн гуйж гэнэ. Гэрийн эзэн хариу өгүүлрүүн,...
- Энэ хугацаанд чи манайд үнэнчээр зүтгэсэн. Хийсэн ажлын чинь хэрээр гомдоохгүй шан өгнө гэлээ. Тэгээд гэрийн эзэн Ханс хүүд хүний толгойн чинээ цул алт өгөв гэнэ. Ханс нэгэн алчуур гарган алтаа боон мөрөн дээрээ тавьж аваад гэрийн зүг замд гарав гэнэ. “Санасан бүхэн нь сэтгэлчлэн бүтсэн сайн заяатай хүн надаас өөр үгүй, аз нь шовойсон аавын хүү аргагүй би мөн дөө” хэмээн Ханс хүү амандаа дуу аялан алхаж гэнэ. Ханс хүүг хоёр хөлөө зөөж ядан, зөрүүлж гишгэн гэлдэрч байхад нэгэн цовоо сэргэлэн, хөөр баяртай морьтон өөдөөс нь хүрч ирэв гэнэ. Ханс түүнд хандан,
- Хөөе залуу минь, морьтой хүн гэдэг юутай сайхан бэ? Яг л сандал дээр байгаа юм шиг эмээл дээрээ тухалчихаад, чулуу өшигчиж ядрах ч үгүй, гутлаа урж элээх ч үгүй газар хорооно гэдэг мөн сайхнаа хэмээн чанга гэгчээр хэлэв гэнэ. Энэ үгийг сонссон морьтой эр саатан зогсож,
- Залуу минь чи юунд явган явж байгаа юм бэ?
– Би явган явахаас өөр аргагүй ээ. Энэ цул юмыг гэртээ аваачих болоод байнаа аа хөө. Хүнд юм мөрлөн явах гэдэг ямар төвөгтэй гэж санана аа. Бас мөр өвтгөнө гэж жигтэйхэн.
– За тэгвэл хоёулаа ингэдэг хэрэг ээ, би чамд морио өгье, чи наад хүнд ачаагаа надад өгчих ингээд л шууд сольж орхиё.
– Дуртайяа зөвшөөрөх байна. Харин чи үүнийг аваачих гэж их зүдэрнэ шүү дээ гэхэд нөгөө эр мориноосоо бууж, цул алтыг аваад, мориныхоо цулбуурыг Хансын гарт түргэхэн шиг атгуулж орхиод,

- За тэгээд цогиулмаар болбол, чангахан шиг “Чүү, чүү” гээд давирдаг юм шүү гэлээ. Ханс хүү морио унан, гэрийн зүг дураараа эрх чөлөөтэй хатируулж гарав гэнэ. Хэсэг зуур гэлдэрснээ ер нь цогиулдаг хэрэг ээ хэмээн бодоод амаа ангайн “Чүү, чүү” хэмээн сүртэй давирав гэнэ. Морь гэнэт ухасхийхэд Ханс хүү бөндгөс хийн унаж орхивоо. Нэг мэдсэн, тэр замын хажуу талын гуунд хэвтэж байв гэнэ. Энэ үед нэг үнээ туусан хүн өөдөөс нь ирж яваагүйсэн бол, бас тэр морийг нь барьж аваагүйсан бол Ханс аль хэдийн явгарах байлаа.
Ханс хүү арай чамай биеэ татан өндийжээ. Хөл гар нь хөндүүрлээд хэцүүхэн шиг босов гэнэ. Тэр үхэр туусан эрд хандан,
- Морь унах гэдэг амаргүй даваа байна. Тэгээд гэнэт ухасхийгээд унагаж орхидог ийм адсага бол хүзүү хугалж ч мэдэх юм байна. Би одоо дахиад хэзээ ч морины нуруун дээр гарахгүй. Харин үнээ бол шал өөр хэрэг. Үнээг туугаад сайхан тааваараа алхаж болно. Тэгээд бас өдөр болгон сүү, зөөхий, бяслагтай байх нь лавтай. Ийм нэг үнээтэй больё гэвэл юу өгч таарах бол? гэв. Өнөөх эр,
– Одоохон чамд энэ завшаан тохиох нь дээ. Би үнээгээ чиний мориор сольё. Тэгээд л хүсэл тань биелэх нь тэр. Ханс хүү энэ саналыг уухайн тас, баяр хоор болон хүлээн авав. Үхэрчин эр морин дээр үсэрч мордоод ум хумгүй явж одов гэнэ. Ханс хүү үнээгээ туун яаралгүй алхах зуураа ийм сайхан солио хийсэндээ бахархаж явлаа. Одоо надад нэг жаахан талх олдох юм бол мөн ч сайхан даа. Дээр нь хүссэн хэмжээгээрээ зөөхий юм уу, бяслаг тавиад идэхэд юу дутахсан билээ. Цангах юм бол үнээгээ саагаад л сүү уучихна. Ингэхэд би өөр юу хүсэхсэн билээ дээ, аз жаргалд умбах гэдэг чухам даа л энэ биз. Ханс хүү цааш явсаар нэгэн гуанзанд хүрч ирэв гэнэ. Тэнд тухлан суугаад авч явсан бүх зүйлээ гарган тавьж, нэг мөсөн баяр хөөртэйгээр идэж орхилоо. Хамаг бутархай мөнгөө хамж шимж байгаад аяга дундуур шар айраг хийлгэн уув гэнэ. Тэгээд төрөлх тосгоноо чиглэн үнээгээ тууж явлаа. Жин үд дөхөх тусам халуун шатаж, тэсвэрлэшгүй болж байлаа. Ханс хүү нэгэн уудам ногоон хөндийг туулан явав. Тэр хөндийгөөр нэг цаг орчим явахад Ханс хүү хатаж үхэх шахан, ам чийглэх шүлс ч гарахгүй болжээ. Ингэж ядарч явахаар үнээгээ саагаад сүү ханатлаа уудаг хэрэг хэмээн Ханс хүү шийдлээ. Тэгээд үнээгээ нэг нарийхан мөчрөөс уяж байгаад саах юм болжээ. Сав суулга байхгүй тул савхин малгайгаа дээш харуулж тавиад үнээнийхээ дэлэнг хичнээн хичээн шувтарсан боловч ганц ч дусал сүү гарсангүй гэнэ. Харин эв дүйгүй хөдөлсөн үү яасан үнээ хажиглан хойд хөлөөрөө түүний толгой руу ээрч мууртал нь тийрч орхив гэнэ. Ханс хүү мөргүүлж унаад хэсэг зуур ухаан балартан хэвтсэн байлаа. Аз болоход нэг шүдлэн гахай тууж

явсан яргачин эртэй тааралдлаа.
– Юу гэгчийн ширүүн таалав даа? гээд тэр эр сайхан сэтгэлт Хансыг дэмнэн босголоо. Ханс юу болсныг түүнд ярилаа. Яргачин түүнд дашмагаа өгч,
- Май, үүнээс уугаад амс хий. Энэ үнээнээс ч сүү гарч гялайлгахгүй дэгээ. Нэг муу хөгшин үнээ байна. Эдэлгээнд эсвэл нядалгаанд л арай илүү тохирох амьтан шиг байна. Ханс хүү толгойтой үсээ илээд,
- Үгүй ер, хэн үүнийг санахсан билээ. Гэртээ аваачаад эд бад хийгээд авбал ямар гэгчийн их махтай болох бол. Даанч би үхрийн маханд дургүй л дээ. Дэндүү хатуу байдаг юм. Харин ийм нэг сайхан шүдлэн гахайтай сан бол ч өөр хэрэг шүү. Амт нь ч шал өөр. Тэгээд бас хиам хийнэ гэлээ. Яргачин хэлж байна,
- Чамайг бодож би яахав сольё доо. Энэ гахайг үнээний чинь оронд чамд өгье.
– Таны сайхан сэтгэлийг тэнгэр бурхан ивээх болтугай гээд Ханс хүү түүнд үнээгээ өгч, шүдлэн гахайг тэргэнээс буулгуулж, хүзүүнээс нь уясан шидэмснээс нь барьж авав гэнэ. Ханс хүү цааш явах зуураа дотроо ийнхүү бодлоо. Бүх л зүйл сэтгэлчлэн бүтэж байна даа. Ямар нэг юм таагүйгээр эргэх бүр л түүнийг зохистой шийдвэрлэх боломж одох юм хэмээн бодож явтал нэгэн гоё цагаан галуу тэвэрсэн хүүтэй дайралдав гэнэ. Ханс хүү түүнд өөрт тохиолдсон азтай явдлын тухай ярилаа.

Тэгээд бас үргэлж л ашигтай арилжаа хийж байснаа ярив гэнэ. Нөгөөх хүү галуугаа нэгэн хүүхдийг загалмайлах ёслолын идээнд зориулан авч яваагаа ярилаа. Тэр хүү галууныхаа далавчнаас бариад,
- Өргөөд үз дээ. Ямар хүнд гэж санана. Бүр хоёр сарын турш хэрчсэн гурилаар шахан бордсон юм хойно, арга ч үгүй дээ. Энэ галууны шарсан махыг хүртэх хүн харин ч нэг азтай хүн байх болно доо гэлээ. Ханс хүү галүуг авч нэг гараараа өргөж үзсэнээ,
- Тийм ээ, өөртөө таарсан жинтэй юм байна. Миний гахай ч нас гүйцсэн мэгж биш л дээ гэлээ. Энэ үед нөгөө хүү эргэн тойрныг бодолхийлэн харж толгойгоо дохисноо ийнхүү хэллээ,
- За, чиний авч яваа энэ гахай ч нэг л бишээ. Манай тосгоны даргынх нэг гахайгаа саяхан алдчихсан юм. Чи тэр гахайг нь хөтөлж яваа юм шиг байна. Би чамд сэтгэл их зовниж байна. Тэднийх гахайгаа хайлгаж байгаа гэсэн. Чи энэ гахайгаа авч яваад баригдвал тун ч базаахгүй юм болно. Дор хаяж чамайг хар гэрт хорино шүү дээ гэв. Сайхан сэтгэлт Ханс хүү айж эхлэв гэнэ. Тэгээд,
- Ээ бурхан минь, чи л намайг хүнд байдлаас холдуулж хайрла. Чи эндхийн хүн болохоор яахыг сайн мэдэж байгээ. Тэгэхлээр миний энэ гахайг аваад наад галуугаа над өгчих хэмээн гуйв.
– Би ч бас өөртөө лай хурааж байгаа хэрэг. Гэхдээ би чамайг харсаар байж золгүй явдалд учруулсан гэмтэн болмооргүй байна хэмээн галууны эзэн хэллээ. Мань хүн гахайн хүзүүнээс уясан олсноос шүүрэн аваад, зам буруулан явж одлоо. Сайхан сэтгэлт Ханс хүү санаа зовох юмгүй болж тайвшраад галуугаа сугавчлан гэрийн зүг алхаж гэнэ.
– Сайн бодож үзэх юм бол энэ арилжаа надад бас л ашигтай боллоо. Төхөөрч орхивол үнэхээр сайхан шарсан махтай болно. Бас гурван сарын турш талханд түрхэн идэж хүрэхүйц тос гарна. Тэгээд бас зөндөө сайхан цагаан өдтэй болно. Түүгээр нь зөөлөн дэр хийнэ. Тэр дэрэн дотроо шигдсэн шигээ унтаж гарна. Ээж маань яасан их баярлах бол доо хэмээн өөртөө хэллээ. Ханс хүү гэрийнхээ наана байгаа нэгэн суурингаар орж явах зуураа тэрэг түрсэн нэг билүүчин эртэй дайралдав гэнэ. Тэр эр хутга билүүдэнгээ амандаа "Хаана хэрэг гарна би тийшээ явна, хайч хутгыг харин ч нэг ирлэж гарна” хэмээн аялж байв гэнэ. Ханс хүү зог тусан түүнийг харлаа. Тэгээд Ханс хүү тийш очин, яриа өдөн ингэж хэллээ,

- Та хутга ирлэхдээ ийм сайхан хөгжилтэй байхыг бодоход ажил тань их таалагддаг байхаа?
– Тэгэлгүй яахав, миний ажил ч орлогын хүүдий л гэсэн үг. Хутга, хайч ирлэдэг сайн билүүчин хүний халаас бол мөнгөөр тасрах гэж огт үгүй. Ингэхэд чи хаанаас ийм сайхан галуу аваа вэ? Хэмээн билүүчин эр түүнээс асуулаа.
– Үүнийг би худалдаж аваагүй юм, харин гахайгаараа арилжиж авсан юм.
– Юун гахай сан билээ?
- Түүнийг бол үнээгээрээ арилжиж авсан юм.
– Юун үнээ сэн билээ?
– Үнээг би мориныхоо оронд авсан юм.
– Юун морь сон билээ?
– Тэр морийг би толгойн чинээ цул алтаар сольж авсан юм.
– Юун алт сан билээ?
– Тэр алтыг би долоон жилийнхээ хөдөлмөрийн хөлсөнд авсан юм гэхэд билүүчин,
– Чи бол эгзэгтэй мөчид юу хийхээ мэддэг ухаантай хүү байна. Одоо чи нэг зүйл хийх юм бол өглөө босох бүрийд халаасанд чинь мөнгөн зоос хангинан орж байхыг мэдрэх болно. Жинхэнэ аз жаргалын эзэн болох мөч танд ойрхон байна хэмээн билүүчин хэллээ.
– Тэгэхийн тул яах хэрэгтэй вэ?
– Чи ерөөсөө л над шиг билүүчин болчих. Тэгэхийн тулд нэг сайн, дугуй билүү чулуутай болох хэрэгтэй. Бусад нь аяндаа л болоод явчихна. Надад бараг нэг бүтэн шахуу, яльгүй жаахан гэмтэлтэй билүү байгаа. Чи надад энэ галуугаа өгчихөд л болно. Өөр юм нэмж өгөх хэрэггүй. Тэгэх үү? гэхэд Ханс,
- Ямар яриа байхав? Тэгснээр би энэ ертөнцийн хамгийн аз жаргалтай хүн болох болно. Халаасаа тэмтрэх болгонд мөнгө тэмтрэгдэж байх болно, өөр юу хэрэгтэй юм. Ийнхүү галуугаа билүүчинд өгөөд дугуй билүүг авлаа.
– За, үүнийг бас ав, сайн хямгадаж байдаг юм шүү, хуучин муруй хадаасаа дээр нь тавин цохиж тэгшилж бай гээд билүүчин эр жирийн нэг хар чулууг хажуунаасаа авч өглөө. Чулуунуудыг хоёр мөрөн дээрээ нэг нэгээр нь тавиад сэтгэл өндөр цааш алхалаа. Түүний нүд баяр хөөр дүүрэн ажээ. – Би гэдэг хүн аз жаргалын одонд төрсөн байхаа, юу л хүснэ дорхноо бүтчихнэ. Ёстой аз нь шовойсон хүн гэж намайг хэлэх байхаа хэмээн өөрөө өөртэйгээ ярьж явав гэнэ. Өглөөнөөс аваад борви бохисхийлгүй гэлдэрч яваа Ханс хүү ядарч эхлэв. Бас ходоод нь хоржигнон хоол нэхэж эхлэв гэнэ. Үнээ худалдаж авсандаа баярлаад байдаг мөнгөөрөө тансаглачихсан Ханс хүү арай ядан цааш гэлдэрч, алхам тутамд амармаар болж байлаа. Ядахдаа хоёр хүнд чулуу хоёр мөрийг нь хайр найргүй өвтгөж байв. Энэ гайтай хоёр чулууг тээхгүй болж амарвал мөн сайхнаа гэсэн бодол толгойд нь эргэлдэж эхэллээ. Ханс хүү эмгэн хумс шиг хөдөлж ядсаар хээрийн нэгэн худаг дээр ирж гэнэ. Жаахан сууж амсхийнгээ худгийн хүйтэн ус ууж цангаагаа тайлахыг бодлоо. Тэгээд чулуунуудаа эмтэлж хэмхлэхгүй санаатай худгийн амсар дээр болгоомжтой тавьж гэнэ. Тэгээд худгийн амсар дээр суун, ус руу тонгойхдоо санамсаргүй нөгөө хоёр чулуугаа гараараа түлхэж орхисонд, хоёулаа усанд цүл пал хийн унаж орхижээ. Хоёр чулуу усанд унаад харагдахгүй болоход Ханс хүү бөөн баяр болон дороо дэвхэрч цовхчилоо.

Бөөн баяр хөөр болсон тэрээр энэ тээртэй хүнд хоёр чулуунаас харамсах юмгүй салгаж амраав хэмээн тэнгэр бурхандаа талархан мөргөж гэнэ.
– Гэрэлт орчлонд надаас жаргалтай хүн алга хэмээн тэр баярлан чарлав гэнэ. Үүрч, тээх юмгүй болж сэтгэл амарсан Ханс хүү цааш алхан гэртээ ирж хайрт ээжтэйгээ уулзан золгож, амар сайхандаа жаргаж гэнэ ээ.


Цааш нь...

Хааны эзгүйд

Урьд гурван хатантай нэг хаан байжээ. Тэр хаан алс хол юманд явах болж гурван хатнаас ингэж асуужээ,
- Намайг алс хол газар яваад ирэхэд та гурав юу хийж тавьцгаах вэ? гэжээ. Их хатан нь,
- Оёдол зүйдэлгүй хар булигаар гутал хийж тавья гэж гэнэ. Дунд хатан нь,
- Бөөрний хальсаар бөс цамц хийж тавья гэж гэнэ. Бага хатан нь, ...
- Алтан цээжтэй мөнгөн бөгстэй хүү гаргаад байя гэж гэнэ.
Хаан ч яваад хэдэн сар болж хатан бүгд тус тусынхаа хэлсэн үгийг гүйцэтгээд байжээ. Бага хатнаас алтан цээжтэй мөнгөн бөстэй ер бишийн хөөрхөн хүү төржээ. Нөгөө хоёр хатан нь атаархах сэтгэл төрж “Энэ хүүхдийг үгүй хийе” гэж ярилцжээ. Нэг өдөр их хатан бага хатныг “Цай уу” гэж урьжээ. Бага хатныг цай уух хооронд дунд хатан хүүг сэмжинд ороогоод Асар Басар нохойдоо өгч гэнэ. Нохой нь үнэртэж үзээд идсэнгүй гэнэ. Тэгэхлээр нь өлөн өвсөнд ороогоод идэмхий хүрэгч үнээндээ өгч гэнэ. Хүрэгч үнээ нь аваад идэж орхиж гэнэ.
Удалгүй хаан ч ирж, их хатан гутлаа өгч, дунд хатан бөс цамцаа өгч бага хатан нь уйлсаар юу ч үгүй хоосон орж ирж гэнэ. Хаан ихэд уурлаж бага хатны нэг нүдийг сохлож нэг гарыг нь огтлож нэг хөлийг нь хугалаад хүрэгч үнээний сүүлнээс уяад хөөчихжээ. Ингээд бага хатан идэмхий хүрэгч үнээний сүүлнээс чирэгдэж өдөр шөнөгүй зовж явах болжээ.
Нэг өдөр хээр явж байтал нэг сохор тогоруу газар ухаж байгаад нэгэн үндэс олж идээд нүдтэй болж гэнэ. Бага хатан үүнийг үзээд тэр газар нь очиж үзвэл нэг үндэс гаргаад хаячихсан байж гэнэ. Аваад идсэн нь нүд нь зүгээр болж гэнэ. Бас нэг өдөр урд хөлгүй үнэг газар малтаж байж нэг юм идээд хөл нь зүгээр болоод явчихжээ. Тэнд очоод гаргасан үндэснээс нь идсэнд гар нь бүтэн болж гэнэ. Өөр нэг өдөр хазгар туулай газраас үндэс ухаж идээд хөлтэй болжээ. Мөн түүнээс нь олж идсэнд хөл нь зүгээр болжээ. Бага хатан бүрэн бүтэн болсондоо их баяртай явж байтал хүрэгч үнээ нь тугаллах гээд байна гэнэ. Хүрэгч үнээгээ тогтоож сууж байсан чинь алтан цээжтэй мөнгөн бөгстэй өөрийнх нь хүү гараад ирж гэнэ. Бага хатан цээж дүүрэн баяртай болж дуу аялсаар явж байжээ. Гэтэл өнөөх хоёр хатан үүнийг мэдээд “Одоо ямар нэг аргаар энэ хүүг устгалгүй болохгүй. Том болоод биднийг чадна шүү” гэж ярилцжээ. Нэг өдөр их хатан хүнд өвчин туссан хүн болж орь дуу тавин хэвтэж гэнэ. Хаан их сандарч,
- Яав? Ямар өвчин тусав? Яавал зүгээр болох вэ? гэж асууж гэнэ. Хатан,
- Надад сэхэхгүй хүнд өвчин тохиолдлоо. Алтан цээжтэй мөнгөн бөгстэй хүүхдийн зүрх идвэл сэхэх учиртай юм. Тийм юм хаанаас олдох вэ? Үхэх болжээ гэж уйлаад хэвтэж гэнэ. Хаан зүг зүгт элч явуулж тийм хүүхдийг хайлгаж гэнэ. Хааны элч өнөөх бага хатны хүүг барьж авах гэтэл өнгө бүрийн солонго татуулаад тэнгэрт гараад явчихаж гэнэ. Элч нар энэ учрыг хаанд хэлбэл дахин заавал олж ир гэнэ байх гэж нохой алаад зүрхий нь аваачиж өгч гэнэ. Хатан өнөө зүрхийг идмэгц “Зүгээр боллоо” гээд босоод ирж гэнэ. Энэ үед бага хатан нэг айлд зарцлагдаж байжээ. Нэг өдөр аяганд хусам хийгээд тавьсан даруй алга болчихож гэнэ. Гайхаад гараад харсан чинь хүү нь ирчихээд хусмыг идэж байна гэнэ. Ингээд хүүтэйгээ хоёулаа байж байтал нэг өдөр хүү нь “Хааныд очьё” гээд гуйгаад болдоггүй гэнэ. Гуйгаад тун болохгүй болохоор цээжийг нь даавуу бөсөөр ороогоод явуулжээ. Хүү хааныд очоод,
- Би танд нэг үлгэр ярьж өгөх үү? гэж хүү асууж гэнэ. Хаан ч зөвшөөрчээ. “Урьд нэг хаан байжээ. Тэр хаан гурван хатантай юм гэнэ....” гэж эхлээд л яг л хааны гурван хатны байдлыг үлгэр болгон ярьж гарчээ. Хаан үүнийг ойлгоод хорт хоёр хатнаа хөөж явуулаад бага хатнаа авчирч амар сайхан жаргажээ.


Цааш нь...

Ойн гурван одой

Хаан төр нь элбэрэлтэй, харц ард нь журамтай эрт дээр цагт энэ явдал болж гэнэ. Тэр цагт хөрш зэргэлдээ хоёр айлын нэгнийх нь эхнэр, нөгөөгийнх нь нөхөр нас барчихжээ. Ингээд бэлэвсрэн хоцорсон эр, эм хоёр нэг нэг охинтой л үлдсэн юмсанж. Цаг хугацаа өнгөрсөөр л байлаа. Тэдний охид ч өсөж том ... болоод бие биесийн гэр орноор орж гарцгаадаг болж гэнэ. Нэгэн удаа бэлэвсэн эхнэр хөршийнхөө охинд,
- Намайг ханилан суухыг хүсч байна гэж эцэгтээ очиж хэл. Хэрэв эцэг чинь надтай гэрлэвэл чи өдөр бүхэн сүүнд умбаж, сүү уух болно. Харин миний охин усанд умбаж, ус ууж байх болно гэж хэлж гэнэ. Охин гэртээ ирээд энэ бүхнийг аавдаа ярьжээ. Аав нь,
- Би гэдэг хүн үүрийн гэгээнээр гараад үдшийн бүрийгээр ирэх юм. Охинд минь түшиг болж, олсон хураасныг минь арчлах хүн хэрэгтэй байлгүй яахав. Ааш зан нь ямар юм бэ? Аав нь үнэхээр мэдэхгүй юм даа гэж гэнэ. Ингээд эцэг нь нэлээд эргэлзэн бодож сууснаа гутлаа тайлж охиндоо өгөөд,
- Ул нь цоорхой гутал шүү. Усаар дүүргээд хадааснаас өлгөчих. Дусал ч ус гоожихгүй бол дахиад аав нь гэрлэе. Хэрвээ ус гоожвол хэзээ ч би гэрлэхгүй гэжээ. Охин бүгдийг аавынхаа хэлснээр хийжээ. Гэтэл хуучин муу гутлынх нь онгорхой цоорхой аньж бөглөрөөд дусал ч ус гоожсонгүй гэнэ. Энэ тухай охин эцэгтээ хэлжээ. Үнэн худлыг нүдээр үзэж итгэсэн эцэг нь бэлэвсэн эхнэртэй сууж хурим найр хийж гэнэ. Маргааш өглөө нь охид орноосоо өндийхөд эцгийн охины өмнө угаалгад зориулсан сүү, уухад зориулсан сүү, эхийн охины өмнө угаалгад зориулсан ус, уухад зориулсан ус тавиастай байж гэнэ. Хоёр дахь өдрийн өглөө босоход нь эцгийн охины өмнө ч эхийн охины өмнө ч угаалгад зориулсан ус, уухад зориулсан ус тавиастай байх юм гэнэ. Харин гурав дахь өдрийн өглөө нь эцгийн охины өмнө угаалгад зориулсан ус, уухад зориулсан ус, эхийн охины өмнө угаалгад зориулсан сүү, уухад зориулсан сүү тавиастай байна гэнэ шүү. Тэр өдрөөс хойш энэ байдал огт өөрчлөгдсөнгүй гэнэ. Харин ч хойт эх нь нөхрийнхөө охиныг яавал энэ гэрээс зайлуулах вэ гэхдээ элдвээр гоочлон зовоох болжээ. Ядахад төрсөн охин нь зан ааш, царай зүс муутай. Нөхрийнх нь охин үзэсгэлэнтэй хөөрхнөөс гадна өгөөмөр сайхан сэтгэлтэй юмсанжээ. Жавар тачигнаж, цасаар шуурсан өлвийн нэгэн өдөр хойт эх цаасан дээл оёж шидээд нөхрийнхөө охиныг дууджээ. Тэгээд,
- Цаасан дээлийг өмс. Сагс аваад ой руу яв. Саваараа дүүрэн гүзээлзгэнэ түүж ирж гэжээ.
– Тэнгэр минь. Хөхөө өвлийн хүйтэнд хөр цасны дор гүзээлзгэнэ яаж байх вэ? Цаасан дээл өмсчихөөд цасан шуурга сөрөөд хаа хүрч чадах билээ. Хүйтэн салхи дээлийг минь хүү татчих байлгүй гэж охин учирлавал,
- Юу юу гэнээ чи одоо бүр үгэнд минь орохгүй олон юм ярьдаг болох нь уу. Хурдан яв сагс дүүрэн гүзээлзгэнэгүй бол нүдэнд бүү үзэгд гэж хойт эх нь зандарч гэнэ. Тэгээд хатсан талхны хэлтэрхий чулуудан,
- Өдрийн чинь хүнс шүү гэжээ. Харин эх дотроо “Хүйтэн жаварт хайруулаад хөлдөж үхэхгүй хаачихав чи” гэж зүхэж байжээ. Охин арга буюу цаасан дээл өмсөж хоосон сагсаа бариад гарчээ. Нэлийсэн их цасанд хучигдсан цэлийсэн тал охиныг угтав гэнэ. Охин жаварт хайруулан алхсаар ойд иртэл жижигхээн байшин байх юм гэнэ. Цонхоор нь гурван одой эр охиныг нүд салгалгүй ширтэж байжээ. Охин тэдэнтэй толгой дохин мэндлээд хаалгыг нь тогшжээ. “Ороо ор” гэж тэднийг хашгирахад ороод пийшингийн дэргэдэх сандал дээр сууж гэнэ. Овоо бүлээцэж эрүү ам нь эвлээд ирэхээр юм идмээр болж талхныхаа буланг гаргаж иржээ. Гэтэл тэд “Бидэнд жаахныг өгөөч” гэж. Охин “Тэгэлгүй яах вэ?” гээд гурван одой хүнтэй талхаа хувааж идэж гэнэ. Тэд охинд талархаад,
- Хахир хүйтэн өвлөөр цаасан дээл өмсчихөөд хаачиж яваа юм бэ гэж асууж гэнэ.
– Намайг сагс дүүрэн гүзээлзгэнэ түүгээд ир гэж хойт эх минь явуулсан юм гэж охин хэлжээ. Үмх талхаа идсэнийх нь дараа одой хүмүүс түүнд шүүр бариулаад “Байшингийн арын хаалганы цасыг арилга” гээд явуулж гэнэ. Охиныг гарсан хойно бяцхан хүмүүс хоорондоо,
- Хэрчим талхаа ч хуваалцсан ийм сайхан сэтгэлтэй, найрсаг охинд чинь юугаа бэлэглэдэг билээ хэмээн ярилцаж гэнэ. Нэг нь,
- Би өдрөөс өдөрт улам үзэсгэлэнтэй болох увдис бэлэглэнэ гэжээ. Хоёр дахь нь,
- Үг хэлэх болгонд амнаас нь алтан зоос унадаг болог гэж гэнэ. Гурав дахь нь,
- Өгөөмөр сэтгэлт охинд хааны хатан болох хувь заяа бэлэглэе гэж гэнэ. Энэ үед охин байшингийн арын цас цэвэрлэж байгаад юу олж харсан гэж та нар санана? Цасан дороос боловсорч гүйцсэн улаан хүрэн гүзээлзгэнүүд булцайж бумбайгаад л гараад ирж гэнэ. Баярлаж хөөрсөн охин удаж төдөлгүй сагс дүүрэн гүзээлзгэнэ түүжээ. Тэгээд охин сайхан сэтгэлт бяцхан хүмүүст талархалаа илэрхийлж сайны ерөөл дэвшүүлээд гэр лүүгээ буцаж гэнэ. Гэртээ орж ирээд “Өдрийн амгаланг айлтгая” гэтэл амнаас нь гурван алтан зоос жингэнэн унажээ. Бүгд л мэл гайхан яав ийв гэцгээж гэнэ. Охин тэдэнд ойд болсон явдлыг нэгд нэгэнгүй ярьж өгчээ. Түүнийг ярихад амнаас нь алтан зоос хангир жингэр унасаар л байв гэнэ. Хойт эхийн атаархуу охины тэвчээр нь барагдаж “Энэ онгироо амьтныг хараач. Мөнгө зоос хамаагүй хаялаад л” гэж хашгиран дэвхцэж гэнэ. Харин дотроо бол бушуухан одой хүмүүс дээр очж шидэт бэлэг авахыг л яарч байжээ. Тэгээд ээжээсээ “Би явж ойгоос гүзээлзгэнэ түүж ирье” гэж гуйжээ. Эх нь харин “Хөхөө өвлийн хүйтэнд хөлдөж үхэх гээ юу? Гээд зөвшөөрсөнгүй гэнэ. Гэвч охин нь уйлж унжин гуйсаар байжээ. Эцэст нь эрх дураараа охиныхоо хүслийг биелүүлэхээс өөр аргагүй болж гэнэ. Хойт эх охиндоо сахлаг үстэй нэхий дээл өмсгөж, цөцгийтэй тал, амтат боов, бялуу тэргүүтнээр замын хүнсийг нь бэлтгэн өгч гэнэ. Охин дулаан хувцсандаа түүртэн алхсаар ойн дундах бяцхан байшингийн гадаа иржээ. Гурван бяцхан эр түүний ирэхийг бас л харж байсан юмсанжээ. Охин үүд хаалгыг нь ч тогшилгүй гэрт нь шууд л яваад орчихож гэнэ. Өнөөх одой хүмүүстэй тоож ч мэндэлсэнгүй гэнэ. Тэгээд пийшингийх нь хажууд суугаад л замын хүнсээ дэлгэн идэж гарчээ. Бяцхан хүмүүс түүнээс,
- Амтат бялуунаасаа бидэнд амсуулаач гэж асуухад,
- Аманд ч үгүй хамарт ч үгүй жаахан хүнсээ арай ч та нарт өгөхгүй шүү гээд ширэв татав гэнэ. Охиныг хахаж цацталаа чихэж авсан хойно нь одой хүмүүс,
- Шүүр аваад байшингийн арын хаалганы цасыг цэвэрлэ гэжээ.
– Та нар намайг зарцаа гэж бодоо юу? Өөрсдөө шүүрдэхгүй юү гээд охин огт хөдөлсөнгүй гэнэ. Тэгээд сууж сууж бяцхан хүмүүс бэлэг өгөх шинжгүй болохоор нь охин харихаар явжээ. Түүнийг явсны дараа,
- Амьтан хүний алга тэнийлгэхгүй харамч, адайр муухай зантай энэ охинд чинь юугаа бэлэглэдэг хэрэг вэ гэж бяцхан хүмүүс хооронхдоо ярилцжээ. Нэг дэх нь,
- Өдрөөс өдөрт үзэмжгүй муухай болох болтугай гэхэд хоёр дахь нь,
- Ам ангайх тоолонд нь бах мэлхий унаж байг гэжээ. Гурав дахь нь,
- Зан аашаа засахгүй бол золгүй явдалтай учрах болно гэжээ. Охин хариад ойд болсон явдлыг эхдээ ярих гээд амаа ангайтал амнаас нь бах мэлхий палхийн унаж гэнэ. Ингээд л үг хэлэх тоолонд амнаас нь мэлхий цуваад байдаг болжээ. Залхуу охинд нь тохиолдсон золгүй явдал хойт эхийг бүр ч хилэгнүүлж нөхрийнхөө охины амар заяаг нэг ч өдөр үзүүлэхээ больж гэнэ. Харин охин өдрөөс өдөрт улам л үзэсгэлэнтэй болоод байх юм гэнэ. Нэгэн өдөр хойт эх гал дээр тогоо тавьж нэхмэлийн утас буцалгажээ. Тэгээд буцалгасан утсаа охины мөрөнд тохоод, нэг сүх өгч "Гол дээр очоод мөс цоол. Тэр цооногтоо утсаа угаа” гээд явуулж гэнэ. Энэ үед нэгэн ханхүү голын хөвөөгөөр сүйх тэрэгтэй морилж яваад хосгүй үзэсгэлэнт охин мөс цоолон ядаж байхыг олж харжээ. Ханхүү охинд сэтгэл алдран догдлохдоо арай л сүйх тэрэгнийхээ явуут дунд буун харайчихсангүй гэнэ. Ханхүү сүйхнээсээ бууж охины дэргэд ирээд,
- Үзэсгэлэнт охин минь чи хэний хэн гэгч вэ? гэж асууж гэнэ.
– Би ядуу түлээчний охин, утас угаагаад сууж байна гэж охин хариулжээ. Ханхүү харах тусам охины үзэсгэлэнг биширч,
- Чи бол утас угааж гол дээр суух учиргүй. Харин ханхүү миний хатан болж хааны өргөөнд гэрэлтэн суух тавилантай охин байна. Сүйх тэргэнд минь суугаад хамт яваач гэж гуйжээ. Харгис хойт эх, түүний охин хоёртой дахиад уулзахгүйдээ баярласан охин дуртайяа зөвшөөрч гэнэ. Удалгүй ханхүү эцгээсээ хаан ширээг нь залгамжлан авч үзэсгэлэнт охин маань хатан суудалд заларчээ. Энэ бол ойн гурван бяцхан эрийн бэлэг байсан юмсанжээ. Жилийн дараа тэд хүүтэй болж гэнэ. Нялх хун тайжийн үзэсгэлэнт эх бол утас угаахаар яваад эргэж ирээгүй дагавар охин нь мөн гэдгийг хойт эх нь мэдчихжээ. Тэгээд хойт эх охинтойгоо хааны оронд очиж гэнэ. Энэ үед хаан эзгүй байсан юмсанжээ. Тэд ордонд нууцаар ороод хатныг барьж аваад хөл толгойноос нь дамжлан цонхоор гаргаад чулуудчихжээ. Аз болоход хатан хэрмийн ёроолоор урсдаг голын усан унажээ. Дараа нь эх царай муутай охиноо хатны орон дээр хэвтүүлээд хөнжлөөр толгойг нь бүтээж гэнэ. Харин өөрөө асрагч эмгэний дүрд хувилжээ. Хаан аян замаас эргэж ирээд хатантайгаа ярилцах гэтэл,
- Чишшш.... чимээгүй. Хатан халуураад бие нь муу байна. Хөнжлийг нь битгий сөхөөрэй гэж эмгэн хэлжээ. Хар сэжиг аваагүй хаан маргааш өглөө нь ирж хатантайгаа ярилцвал амнаас нь аравгар мэлхий цувж байна гэнэ. Айх гайхах зэрэгцэн учрыг нь асуувал,
- Урьд шөнө халуурсных, удахгүй зүгээр болно гэж эмгэн хэлжээ. Ийнхүү хааныг мэхэлсээр хэдэн хоногийг өнгөрөөж гэнэ. Нэгэн шөнө ордны ус урсдаг сувгаар мөнгөлөг цагаан нугас хөвж ирээд,
- Амар байна уу хаантан минь амьдрал ямар байна хэмээн мэндэлтэл хаан хөөрхий нугасны үгийг хайхарч ер сонссонгүй гэнээ. Харин түүний үгийг тогооч хүү сонсоод нугасны өмнө ирж хүндэтгэн мэндэлж гэнэ. Тэгтэл нугас,
- Миний зочид юу хийж байна? Мэнд амар сууна уу тэд? гэж асууж гэнэ. Тогооч хүү түүнд,
- Ирсэн тэр зочид чинь хагарталаан идэж, илжиртэлээн унтаж байгаа гэж хэлж гэнэ. Нугас тогооч хүүд мэхийн талархаад,
- Төрсөн үр минь сайн уу? гэжээ. Хүү,
- Өдөржин, шөнөжин өлгийдөө үнэгчлэн нойрсож байгаа. Үе үе сэрэхдээ өмөлзөж уйлаад өөрийнхөө уруулыг хөхөж байгаа гэж гэнэ. Тэгтэл нугас хатан болж хувиран хааны ордонд гүйж ороод өлгийтэй хүүгээ тэврэн хөхүүлжээ. Тэгээд дахин нугас болоод хөвөөд явчихаж гэнэ. Цонхоор шидүүлсэн үзэсгэлэнт охин ийнхүү эсэн мэнд үлдээд, нугасны дүрд хувирсан нь өнөөх одой хүмүүсийн л ид шид, ач тус билээ. Саяын явдал хоёр шөнө давтагдажээ. Гурав дахь шөнө нь нугас тогооч хүүд,
- Хаанд очиж хэлээрэй. Үүр шөнийн заагаар үүдэнд чинь нэгэн нугас очно. Хатан болд сэлмээрээ тэр нугасны толгой руу гурван удаа дохиорой гэжээ. Болсон явдал, хэлсэн үгийг нь тогооч хүү хаандаа айлтгаж гэнэ. Хаан бүгдийг нугасны хүссэнээр хийж сэлмээрээ түүний толгой руу гурвантаа дохижээ. Тэгтэл нугас хааны үзэсгэлэнт залуу хатан болон хувирч гэнэ. Хаан ийнхүү үзэсгэлэнт хатантайгаа баяр хөөртэй учирч, хойт эхийнх нь хорлонт явдлыг ч мэдэж авчээ. Тэгээд хүүдээ нэр хайрлах ёслолын өдөр хүртэл хатнаа нууц өрөөнд байлгаж гэнэ. Харин хойт эх, охин хоёр хааныг мэхэлж чадсан гэдэгтээ итгэсээр л байжээ. Ингээд хааны хүүд нэр хайрлах ёслол болж гэнэ. Хаан баяр ёслол өндөрлөсний хойно эмгэнээс,
- Хэн нэг хүнийг хөнжлөөс нь суга татаж гаргаад хүйтэн усанд хаясан хүнийг яаж шийтгэвэл зөв бэ? гэж асуужээ. - Харгис муухай тэр амьтныг хадаас шивсэн хоосон торхонд хийгээд уулан дээрээс өнхрүүлж орхих хэрэгтэй гэж эмгэн хэлж гэнэ. Тэгэхэд нь хаан үзэсгэлэнт хатнаа хажуудаа урин суулгаад албат иргэддээ хандаж,
- Хорон санаат энэ эмгэн хийсэн муу үйлийнхээ ял шийтгэлийг өөрөө өөртөө оноолоо. Өөрийнх нь хэлснээр хадаас шивсэн хоосон торхонд охиных нь хамт суулгаад уулын оройгоос өнхрүүл хэмээн зарлиг буулгажээ. Хамаг муу муухай нь илэрснийг мэдээд хойт эх, охин хоёр зугтах гэсэн боловч хааны цэргүүдийн хараанаас мултарсангүй гэнэ дээ. Ингээд үзэсгэлэнт залуу хатан маань түнэр их ойгоос түлээчин аавыгаа олж аваад, халуун бүлийнхээ түшиг болж, хаан төрийн чимэг болж аливаа муу хорлолгүй, амар сайхан жаргаж гэнэ.


Цааш нь...

Гаргүй охин

Эрт урьд цагт нэгэн тээрэмчин эр байжээ. Тэр эр ядууран ядуурсаар эцэстээ ганц тээрэмтэй үлдэж гэнээ. Тээрмийнх нь ард нэг алимны мод байдаг байж л дээ. Ядуу тээрэмчин нэгэн өдөр түлээ түүхээр ойд очвол урьд хожид уулзаж байгаагүй нэгэн хижээлдүү эр дайралдаад,
- Түлээ түүж зовлогоо зовоож явах хэрэг юу байна? Хэрэв чи тээрмийнхээ ард байгаа юмыг надад өгнө гэж амлавал би чамайг энэ мөчөөс эхлэн баян болгож өгье гэв гэнэ. Миний тээрмийн ард нөгөө алимны модноос өөр юу л байв гэж хэмээн бодоод “ Тэгье” хэмээн тээрэмчин эр танихгүй эрд амлав гэнэ. ...Харин нөгөө эр зэвүүн хөндий хоосноор инээгээд,
- Гурван жилийн дараа би ирээд тохирсон ёсоор юмаа аваачих болно гээд алга болжээ. Тээрэмчинийг гэртээ ирэхэд эхнэр нь угтан уулзаад,
- Манайх гэдэг айл гэнэт ингэж баяжих нь юу сан билээ? Бүх авдар сав эд юмсаар дүүрч орхилоо. Хэрхэн бий болсныг би мэдэхгүй юм гэлээ. Тээрэмчин эр хариуд нь,
- Энэ бүхэн бол намайг ойд явахад ирж уулзсан нэгэн хижээлдүү эрийн бэлэг юм л даа. Тэр хүн надад энэ бүхнийг өгнө гэж амласан юм. Хариуд нь тээрмийн чинь ард байгаа юмыг авна гэсэн юм. Алимны том модноос өөр юу байх билээ гэв. Эхнэр нь цочисхийн,
- Ишш, чи юу ярина вэ? Тэр чинь чөтгөр байсан байна. Алимны модонд огтхон ч санаархаагүй хэрэг. Харин охиныг маань хэлсэн байна. Охин тээрмийн ард хашааны хог шүүрдэж байсан юм гэжээ. Тээрэмчний охин үзэсгэлэнтэй хөөрхөн, бас тэгээд тэнгэр бурханд шүтлэгтэй нэгэн байлаа. Хөөрхий охин бурхан номондоо итгэн, нүгэл үйлдэлгүй гурван жил болжээ. Товлосон хугацаа болж, нөгөө муухай чөтгөр охиныг авахаар ирж гэнэ. Охин нэгэн цэрд авч өөрийгөө тойруулан цагираг зурчихаад дотор нь орон нүүр гараа угаан суужээ. Чөтгөр охинд ойртон очиж чадахгүй дэмий л тойрон байжээ. Тэр чөтгөр тээрэмичнд хандан омогтойгоор,
- Түүний дэргэдээс бүх усыг холдуул, хэрэв тэр үргэлж угаал үйлдээд цэвэрхэн байвал би түүнийг авч явж чадахгүй нь гэв. Айж сандарсан тээрэмчин хэлсэн болгоныг нь хийжээ. Дараа өдөр нь чөтгөр бас ирэв гэнэ. Охин уйлж алгандаа нулимсаа дуслуулан угаахад гар нь улам цэвэрхэн болсонд нөгөө чөтгөр бас л ойртож эс чадав гэнэ. Чөтгөр охиныг тойрон, хүрч ядан байснаа тээрэмчинд хандан заналтайгаар,
- Энэ охины хоёр гарыг цавчиж хая эс тэгвэл би ахиад л түүнийг авч явж чадахгүй нь гэв. Тээрэмчин айж цочирдон,
- Хэрхэн би охиныхоо хоёр гарыг цавчиж төвдөхсөн билээ? хэмээн хариулахад хар санаат чөтгөр ууртайгаар,
- Хэрэв чи охиныхоо гарыг цавчиж чаддаггүй юм бол чи өөрөө миний боол болох болно доо. Би өөрөө чамайг аваачина хэмээн сүрдүүлэв. Тээрэмчин эр айж сандран юу тушаасан бүхнийг тань үг дуугүй биелүүлнэ хэмээн андгай тангараг өргөжээ. Тэгээд охиндоо очиж,
- Охин минь, хэрэв би чиний хоёр гарыг цавчиж таслахгүй юм бол хар муу санаат чөтгөр намайг аваачна гэсэн. Айснаасаа болоод амлаж орхисон юм. Миний аргагүй байдлыг ойлгож үз. Чамд муу юм хийх гэж байгааг өршөөж үз охин минь гэжээ. Охин хариуд нь,
- Аав минь, би таны хайртай охин билээ. Та юу хүссэнээ хийгтүн! Ингэж хэлээд хоёр гараа зэрэгцүүлэн тавьж өгөөд цавчуулж гэнэ. Чөтгөр гурав дахь удаагаа ирэхэд охин оймсон дээрээ нуур далай болтол уйлаад бас л цэв цэвэрхэн байсан тул чөтгөр хүрч чадахгүй хий дэмий тойрч гүйж байгаад арга буюу охиныг орхин явжээ. Тээрэмчин охиндоо хандан,
- Би чиний буянаар ийм их юмтай болсон. Тэгэхлээр энэ яваа насандаа чамайг юугаар ч дутаахгүй байх болно гэжээ. Харин охин нь,
- Үгүй дээ, би энд байж чадашгүй нь. Таны нүдэнд өртөхгүй газар хол явж одно. Намайг өрөвдөж туслах хүмүүс зөндөө л таарч таараа гэв. Тэгээд мухар хоёр гараа ар нуруундаа хүлүүлээд ургахын улаан нарнаар угтах замыг даган явж одов. Охин өдөржин алхжээ. Тэгээд харуй бүрий болоход нэгэн цэцэрлэгт ойртон ирэв гэнэ. Тэр бол нэгэн хааны цэцэрлэг байлаа. Сарны гэрэлд мод бүхэн мөчир дүүрэн амтат жимсээ сагсалзуулан найган ганхаж байв. Гэвч охин жимсэнд хүрэх аргагүй байлаа. Цэцэрлэг эргэн тойрон усаар хүрээлэгдсэн байв. Охин өдөржин явган явсан, бас хэлэн дээрээ огтхон ч юм тавиагүй тул хачин их өлсөж байлаа. Охин дотроо залбиран,
- Намайг тэр цэцэрлэг дотор хүргээд өгдөг ч болоосой. Тэгвэл би тэр жимснээс идэхгүй юү. Тэгээд охин сөхрөн суугаад бурханд сүсэглэн сэтгэлдээ залбирч гэнэ. Гэтэл сахиусан тэнгэр хүрч ирэн голын усыг татруулсанд охин шууд явж цэцэрлэгт хүрчээ. Сахиусан тэнгэр ч охинтой цуг тэнд очив гэнэ. Охин нэгэн саглагар жимстэй модыг харжээ. Жимс бүрийг нэгд нэгэнгүй тоолчихсон байж. Охин өл залгах санаатай нэг жимсийг амаараа таслан авлаа. Цэцэрлэгч үүнийг харсан боловч сахиусан тэнгэр хажууд нь байсан тул охиныг хий үзэгдэл байж магадгүй хэмээн эмээж хашгирч ч чадсангүй. Охин ганц лийрээ идээд л цаджээ. Тэгээд бутанд нуугдчихаж гэнэ. Хаан өглөө эртлэн босоод цэцэрлэгтээ ирж жимсээ тоолтол нэг лийр дутжээ. Цэцэрлэгч,
- Өнгөрсөн шөнө нэг хий үзэгдэл ирсэн билээ. Тэр хоёр гаргүй байсан. Тэгээд амаараа нэг жимс авч идсэн гэжээ. Хаан,
- Тэр хий үзэгдэл чинь яаж усаар гарч ирсэн юм бэ? Тэгээд жимсээ идчихээд хаашаа явсан хэрэг вэ? гэж асууж гэнэ. Цэцэрлэгч,
- Хэн нэгэн цасан цагаан нөмрөгтэй эмэгтэй тэнгэрээс бууж ирээд цэцэрлэг тойрсон усыг хааж хуурай болгон тэр хий үзэгдэлд цэцэрлэгт орох боломж олгосон билээ. Тэр лавтайяа сахиусан тэнгэр байсан тул би юм асууж, бас дуудаж зүрхэлсэнгүй билээ. Хий үзэгдэл жимсийг идчихээд буцаад алга болсон гэжээ.
– Энэ болсон явдлыг чи хэнд ч хэлж болохгүй. Өнөө шөнө би чамтай цуг манаанд гарах болно гэв. Харанхуй болоход хаан цэцэрлэгтээ нэгэн лам дагуулсаар иржээ. Тэр ламаар сүнстэй яриулах юм гэнэ. Гурвуулаа модон доор суугаад нэгд нэггүй аужиглан байв. Шөнө дундын хирд охин бутан доороос мөлхөн гарч ирээд модноос нэг лийр амаараа авч идэв гэнэ. Охины дэргэд сахиусан тэнгэр цагаан хувцастай зогсч байжээ. Уншлагын лам урагш алхан очоод,
- Чи ингэхэд дээд тэнгэрээс ирэв үү? Дэлхий ертөнцөөс ирэв үү? Чи хий үзэгдэл үү? Эсвэл хүн үү? хэмээн асуужээ. Охин хариуд нь,
- Би хий үзэгдэл биш ээ, нэгэн ядуу хүн байна. Хайртай бүхэн минь намайг орхисон. Харин ганцхан бурхан л орхиогүй байна гэжээ. Хаан би чамайг орхихгүй гээд түүнийг урьж ордондоо оруулав гэнэ. Охин үзэсгэлэнтэй бөгөөд үнэхээр сайхан сэтгэлтэй байсан тул хаанд маш их таалагдажээ. Тэгээд мөнгөн гар хийлгэж өгөөд хатнаа болгон авч гэнэ. Нэг жилийн дараа хаан алс хол явах болж гэнэ. Тэгээд хатан ээждээ захин,
- Хатныг төрөх болбол сайн арчилж, тойлж байгаарай гэжээ. Хатан нэгэн сайхан хүү төрүүлж гэнэ. Хөгшин ээж нь “Хатан нэгэн сайхан хүү төрүүлэв” гэсэн захиа бичиж баяртай мэдээг хаанд түргэн дуулгахаар элч илгээжээ. Захиаг авч явсан элч алсын замд ядарч нэгэн голын захад амран унтжээ. Сайхан сэтгэлт охиныг хатнаа болгож чадаагүйдээ атаархан яаж шиг хорлох вэ хэмээн бодолхийлж явсан чөтгөр түүнтэй дайралдаад захидлыг өөр нэг захидлаар сольж орхив гэнэ. Тэр захидалд “ Хатан нэгэн муухай үзэшгүй , хүн адгуус хоёрын хоорондох амьтан төрүүллээ” хэмээн өгүүлсэн байлаа. Хаан захиаг авч үзээд ихэд айж, санаагаар унасан хэдий ч намайг очтол хатныг сайн асарч бай хэмээн хариу бичив гэнэ. Элч захиаг авч яваад мөн л нөгөө газраа амран унтаж гэнэ. Энэ хооронд нөгөөх чөтгөр ирээд захиаг авч оронд “Хатныг хүүхэдтэй нь хамт ал” хэмээсэн үгтэй захиа хийж орхижээ. Хөгшин эх нь хаан хүүгийнхээ захидлыг хүлээн авч уншаад ихэд цочирдон бичсэн зүйлд нь итгэж ядан хаанд ахин нэг захиа бичсэн боловч ижил хариу авчээ. Сүүлчийн захидалдаа хатныг алсны баталгаа болгож хэл, нүд хоёрыг хадгалж бай хэмээн бичсэн байлаа. Хөгшин эх нь ямарч буруугүй амьтны амийг таслах болсондоо уйлан хайлан гунив гэнэ. Тэгээд нэгэн согоо авчран төхөөрүүлж, хэл нүд хоёрыг авчруулан хадгалаад залуу хатанд хандан,
- Хаан нөхрийн тань тушаасанчлан би чамайг цааш харуулж дөнгөхгүй нь. Гэхдээ чи энд удаан байж болохгүй. Хүүгээ аваад алсын алс яв гэжээ. Залуу хатан уйлан хайлан одов гэнэ. Явсаар нэгэн аглаг ойд очин өвдөг дээрээ сөхрөн бурханд наманчлав гэнэ. Сахиусан тэнгэр гарч ирэн тэр эмэгтэйг аваачин нэгэн бяцхан байшинд оруулав. Байшингаас нэгэн цасан цагаан хувцастай бүсгүй гарч ирээд,
- Хатантан, тавтай морилогтун хэмээн эелдгээр урилаа. Тэгээд ядуу эмэгтэй,
- Намайг хатан байсан гэдгийг та яаж мэдэв хэмээн асуулаа. Цагаан хувцастай залуу бүсгүй хариуд нь,
- Би бол сахиусан тэнгэр, хүү та хоёрт үйлчлүүлэхээр намайг явуулсан билээ гэв. Эмэгтэй хүүгийнхээ хамт бүтэн долоон жил болоход сайхан сэтгэлийнхээ ачаар тайруулсан хоёр гар нь ч ахин ургаж гэнэ. Энэ хооронд хаан алсын аянаас эргэж ирж гэнэ. Гэтэл хатан эх нь тосон уйлж, хэлсэн нь,
- Чи өөдгүй муу эр, гэмгүй хоёр амьтны голыг тасал хэмээн захиа ирүүлсэн. Чөтгөрийн бичсэн хоёр захиаг түүнд үзүүлэн, би чиний тушаалыг гүйцэтгэсэн гээд баталгаа болгож хэл, нүд хоёрыг түүнд үзүүллээ. Хаан хөөрхий эхнэр, хүү хоёроо өрөвдөн енгэнэтэл уйлж гэнэ. Ээж нь хүүгээ өрөвдөн,
- Тайвширч үз хүү минь, тэр хоёр амьд байгаа гэжээ. Хаан долоон жилийн турш хатан хүү хоёроо хайн эрэн тэнэж гэнэ. Яван явсаар өтгөн ойн дунд нэгэн байшинд хүрч ирж гэнэ. Байшингаас цагаан хувцастай эмэгтэй гарч ирэн түүний гараас хөтлөн гэрт оруулаад,
- Хаантан та, тавтай морилогтун гээд хааны хэт нутаг, хэрэг зоригийг асуув гэнэ. Хаан хариу өгүүлрүүн,
- Би нэгэн алс газрын хаан билээ. Бараг долоон жилийн өмнө хатан хүү хоёроо эрэн гарсан билээ. Тэгээд олдоггүй ээ. Сахиусан тэнгэр түүнд хоол цай өгсөн боловч хаан идээ унданд ам хүрсэнгүй, харин жаахан амсхийхийг хүсчээ. Тэгээд нүүрэн дээрээ нэг алчуур тавин унтахаар хэвтлээ. Сахиусан тэнгэр хатан, Зовлонт хүү хоёрын байсан өрөөнд орон хатанд,
- Хүүгээ аваад гар, хаан нөхөр тань ирсэн гэв. Тэгээд хааны хэвтэж байсан өрөөнд орвол алчуур нь нүүрнээс нь хийсэн унав гэнэ. Хатан,
– Зовлонт хүү аавынхаа алчуурыг аваад нүүрийг нь бүтээж өг гэв. Хүү алчуурыг аван аавынхаа нүүрийг нь ахин бүтээв. Зүүрмэглэх зуураа энэ үгийг сонссон хаан аав нь алчуурыг ахин дуртайяа унагав гэнэ. Бяцхан хүүгийн тэвчээр барагдан,
- Хайрт ээж минь дээ, би яаж аавынхаа нүүрийг бүтээхсэн билээ. Би чинь ертөнцөд аавгүй хүн шүү дээ гэв. Бид чинь тэнгэр минь хэмээн залбирдаг биз дээ. Та чинь миний эцгийг тэнгэрт бий, тэнгэр бурхан л эцэг чинь гэдэг биз дээ? Ийм зэрлэг үс сахалдаа баригдсан хүнийг би хэрхэн таних болж байна? Энэ бол миний эцэг биш гэв. Хаан энэ үгийг сонсоод өндийн босч,
- Энэ эмэгтэй хэн бэ? гэв. Эмэгтэй хариуд нь,
- Би бол таны эхнэр, харин энэ хүү бол таны Зовлонт нэртэй хүү билээ гэв. Энэ хооронд хаан түүний жинхэнэ гарыг хараад,
- Миний эхнэр мөнгөн гартай билээ гэв. Эхнэр нь хариу өчин,
- Өршөөлт бурхан надад жинхэнэ гарыг минь ургуулж хайрласан юм л даа гэв. Тэнгэрийн элч энэ хооронд байшинд орон хоёр мөнгөн гарыг авчирч хаанд үзүүллээ. Хаан сая нэг итгэж, хайртай хатан хүү хоёроо тэврэн авч, үнсэн таалаад баяр хөөртэйгээр ингэж хэллээ,
- Ёох, хэнхдэг цээжийг минь дарж байсан том хар чулууг сая нэг аваад хаях шиг боллоо. Улмаар тэд сахиусан тэнгэртэй цуг хооллоод гэртээ харихаар явлаа. Хаан хатан хоёр ахин уулзсаны баяр хийж, амар сайхандаа жаргав гэнэ.


Цааш нь...