Хүн тариа тарих болсон нь
Огноо 2014-04-02 at 12:00 Unknown
Эрт цагт хүн тариа тарьж бор хоол иддэггүй, зөвхөн мах иддэг байжээ. Усны шувууд намар болоход усан дотор үр өндгөө үлдээж дулаан орондоо өвөлжөөд хавар болохоор түүнээ үзэхээр баяр хөөртэй буцаж ирдэг юм гэнэ. Ийнхүү усны шувууд намар үр өндгөө орхихдоо гунигтай болдог тул хүмүүс намрын шувуу бэлгэгүй, хаврын шувууд бэлгэтэй гэж ярьдаг байв. Нэгэн хавар нэг эмэгтэй малаа хариулаад явж байтал дулаан орноос ирж яваа сүрэг усны ... шувуутай таарч, ихэд бэлгэшээн гэртээ харьж өөдөөс нь сүүн цацал өргөсөнд усны шувууд баярлан ганганалдаж, удтал гэрийнх нь дээгүүр эргэлдэж байгаад явав. Удалгүй намар болж сүрэг шувуу дулаан газартаа буцахаар явж байхад нь өнөө эмэгтэй мөн л хонио хариулж яваад таарчээ. Шувууд хоньчин бүсгүйг таньж баярлалдан толгой дээгүүр нь хэчнээн нисэлдсэн боловч бүсгүй “Намрын шувуу бэлгэгүй” гэж бодоод хаврых шигээ баярлаж, сүүгээр цацал өргөсөнгүй. Сүрэг шувууд хэсэг эргэлдэж байснаа нэг юм цацчихаад нисэж одов. Эмэгтэй шувуудын цацсан зүйлийг юу болохыг мэдсэнгүй дараа жилийн хавартай золгож, шувууд ирдгээрээ ирж, бүсгүй сүүгээ өргөн намар болоход мөн л шувууд буцдагаараа буцав. Намрын налгар сайхан өдөр хонио хариулж яваад урд жил усны шувуудын юм цацсан газарт нэг их тариа ургачихсан халиурч байхыг олж үзжээ. Бүсгүй баярлан хөөрч, тариаг хураан авч гурил будаа гарган авчээ. Үүнээс хойш хүн тариа тарьдаг болсон бөгөөд тарианы үрийг анх усны шувуу хүнд өгсөн юм гэдэг.