Хоёр залхуу (Австри)
Огноо 2012-12-10 at 14:58 Unknown
Ханс гэгч маш залхуу хүн байжээ. Ажлаасаа гэртээ ирэх бүртээ л хүндээр санаа алдана. Түүний ажил нь гэвэл ердөө л ямаагаа нугад бэлчээх байлаа. Хавраас намар орой болтол ямаа хариулна гэдэг хүнд, ядаргаатай ажил! Хэрэв жаахан хэвтэж унтаж болдог байсан бол ч бас яахав. Тийм арга байхгүй. Дөнгөж ургаж байгаа мод тасдчих вий, хэн нэгнийх нь цэцэрлэгт орчих вий, гүйгээд алга болчих вий гэж үргэлж нүд салгалгүй харж байх нь үнэхээр ядаргаатай. Ийм ажилтай хүн тайван, баяр баясгалантай амьдарч болно гэж үү гээд тэр үргэлж үглэдэг ажгуу. ...“Энэ ядаргаатай ажлаас яаж салдаг юм билээ” гэж тэр бодох болж, арга олохгүй тун удаж гэнэ.
Гэтэл нэг удаа түүний толгойд “Тринатай суудаг хэрэг. Тэр бас ямаатай. Тэр ямаагаа нийлүүлж хариулна биз. Ингэвэл миний зовлон дуусах нь тэр” гэсэн бодол төржээ. Ханс Тринагийн ээж аав дээр очиж нямбай, даруу зантай охиноо эхнэр болгон өгөхийг гуйжээ. Эцэг эх нь удаан бодсонгүй шууд л зөвшөөрчээ. Ханс Тринатай сууж, Трина бүх ямаагаа хариулах болов. Хансын хувьд сайхан өдрүүд ирж, тэр залхуурч суусандаа ядраад унтаж идэхээс өөр юу ч хийхгүй болж гэнэ. Гэтэл Трина нь Ханстай адил залхуу юм байжээ.
– Хайрт Ханс минь, бид амьдралаа дэмий үрж, залуу насаа сүйдэлж суух хэрэг юу байнаа? Ямаануудаа хөршдөө өгчхье. Хөрш бидэнд зөгийний үүрээ өгнө биз. Ямаа тайван суулгахгүй байх юм. Өглөө бүр амттайхан нойрноос дандаа сэрээнэ. Харин зөгийний үүрийг байшингийнхаа ард наранд тавьчихад л санаа зовох юмгүй болно. Зөгийний үс, ноосыг нь хяргах, бэлчээрт гаргах ямар ч хэрэггүй. Тэд гэртээ харих замаа өөрсдөө мэднэ. Балаа өөрсдөө хураачихна. Бид хуруугаа ч хөдөлгөх хэрэггүй гэж ярилаа.
– Чи аргагүй л гүн ухаантан шиг ярьж байна шүү. Чиний хэлснээр больё. Зөгийн бал ямааны сүүнээс идэнгэтэй, бас удаан хадгалж болно гэж хариу өчлөө.
Тэр хоёр хөршийндөө очиж хэлэхэд, хөрш нь зөгийнийхөө нэг үүрийг хоёр ямаанаас дуртай нь аргагүй солив. Зөгийнүүд зунжингаа үүрийн гэгээнээс үдшийн бүрий болтол цуцалтгүй нисэж, намар болоход үүр нь сайхан амттай балаар дүүрсэн байлаа. Ханс ваараар дүүрэн бал авав. Ваараа унтлагын өрөөний тавиур дээр тавьсан боловч балыг хулгайч авчих вий, хулгана идчих вий гэж айх ажгуу. Трина урилгагүй зочныг орноосоо босолгүй нүдэж хөөх гэж орныхоо хажууд бүдүүн мод тавьжээ. Нэгэн удаа аль хэдийнээ гэгээн цагаан өдөр болчихоод байхад Ханс хэт их унтсандаа ядраад, хөнжилдөө хэвтэж байхдаа эхнэртээ:
- Бүх эмэгтэйчүүд амттай юм идэх дуртайг би мэднэ. Чи балнаас бага багаар амталж идээд байх юм. Балаа дэгдээхэйтэй галуунаас сольдог юм билүү, тэгэхгүй бол чи балаа цөмийг идээд дуусгачих байх аа гэж би бодож байна гэв.
– За яахав, би зөвшөөрч байна. Гэхдээ үүнийг чинь хүүгээ том болохоор л хийе. Хүү маань тэднийг хариулна биз. Би дэгдээхэйтэй ноцолдож, эрүүл мэндээ муутгаж чадахгүй гэж Трина дургуйцэв.
- Тийм гэж үү? Хүү маань галуу хариулах болж байна уу? Одооны хүүхдүүд ямар болсныг чи мэдэж байна уу? Тэд чинь бидэнд ер баригдахаа больж. Эцэг эхээсээ илүү ухаантай болсон гэж боддог бололтой. Ажлыг өөрийнхөөрөө хийхийг хүсдэг хэмээн хариулах нь тэр.
– Тэр хэрэв миний үгэнд орохгүй бол ч сайнаа үзэхгүй дээ. Хүүг би үүгээр нүдээд өгнөө! гэж Трина хашгираад өөрийн бэлдсэн модыг авч далайнгуутай ваартай балаа цохичихов. Ваар нь доош унаад бут үсрэв. Сайхан амттай бал шалаар нэг урслаа.
– Галуу, нугас ингээд өнгөрлөө. Ваар миний толгой дээр уначихаагүй нь аз боллоо. Бүх юм эсэн мэнд өнгөрсөнд бид баярлах ёстой гэж Ханс хэлэв. Ваарны хагархайд жаахан бал байхыг тэрээр хараад:
- Амтлах юм бага ч гэсэн үлдсэн байна шүү! Ийм аймшигтай юмны дараа амрах ч бас сайхан. Өдөр гэдэг дэндүү урт юм чинь бид жаахан оройхон босоход юу нь болохгүй байхав гэжээ. Тэнэгийн дотор уужуу гэж мөн ч үнэн үг юм даа!
Verry thoughtful blog