Арслан бух хоёр
Огноо 2012-11-29 at 09:04 Unknown
Эрт урьдын цагт хойд зүгийн уулсын энгэр дээр эрслэн бамбартайгаа хамт амьдардаг байжээ. Нэг удаа эрслэн идэш хайж яваад үхэр сүрэгтэй таарч гэнэ. Эрслэнгийн гишгэдэл их аяархан ч гэсэн түүнийг үнээнүүд илүү сонор тул сонсчихов. Тэд түгшүүрийг мэдрээд, чангаар мөөрөлдөн, сүргээрээ ойн гүн рүү давхиж эхлэв. Зөвхөн ганцхан үнээ л тугалтайгаа зугтаж ...чадсангүй. Эрслэн гурав үсрээд л үнээг гүйцэн очиж хоолойг нь зуун тасдаад агуй руугаа чирэв.
Эрслэн уул, талаар үнээг чирсээр. Харин тугал нь ээжийнхээ үнэрээр эрслэнгийн араас даган явна. Тэгсээр эрслэн үүрэндээ хүрч хооллоод бөх гэгч нь унтчихав. Эрслэнг унтаж байхад бамбар, тугал хоёр бие биенээ харан, зодолдох уу тоглох уу гэдгээ мэдэхгүй байв. Харж харж байснаа бие биедээ ойртон очиж, нэг нэгийгээ үнэрлээд дараа нь тоглож эхлэв. Тэгээд тэд өлсөөд эрслэнгийн хөхийг хамтдаа хөхөж эхэлжээ.
Тэр үеэс хойш тугал арслантай хамт төрсөн ах дүү мэт амьдрах болж.
Нэгэн өдөр эрслэн ан хийж яваад савраа гэмтээжээ. Тэр гурван хоног үүрнээсээ гарсангүй. Харин дөрөв дэх өдрөө хоёр хүүгээ дуудаад хэлж гэнэ,
- Хүүхдүүд минь, миний үгийг сайн санаж яв. Үргэлж нөхөрсөг амьдарч байгаарай. Дайсныхаа эсрэг үргэлж хамтдаа тулалдаж бай. Дайсныхаа хорт муу үгэнд битгий итгэж байгаарай гэж хэлээд нас баржээ. Хэдэн жилийн дараа бамбар арслан болж харин тугал бух болов. Гэхдээ тэд урьдын адил ах дүүс шиг амьдарсаар байлаа. Өдөр нь арслан ой талаар яван ан хийж, харин бух уулын нугад бэлчдэг байв. Орой нь тэд усан сангийн хажууд уулзаад, хамтдаа хүйтэн ус уун, тоглож амардаг байлаа.
Амьдтын хэн нь ч тэдний эсрэг сөрж чаддаггүй байв. Хэрвээ арсланд хүрэх юм бол бухнаас мултрахгүй, харин бухад хүрэх юм бол арслангаас аврагдахгүй гэдгийг бүгд мэддэг байлаа. Арслан хүчтэй, бух ч бас эр зоригтой байв. Тэд хамтдаа бүгдээс хүчтэй, бүгдээс зоригтой байлаа. Тэдний энэ нөхөрлөл үнэгэнд таалагддаггүй байв.
“Ямар ч аврал алга даа" гэж үнэг бодож байв. "Арслан энэ бухтай нөхөрлөснөөс хойш хэнтэй ч нөхөрлөхийг хүсэхгүй байна. Харин өмнө нь би арслангийн ангаас ихээхэн зүйл хүртэж цатгалан явдаг байсан билээ. Надад арслангийн хувь хэрэггүй ээ, надад миний үнэгний бяцхан хувь л хангалттай. Одоо бол арслан намайг ор тас мартаж, надад юу ч үлдээхээ больжээ” гээд үнэг арсланг бухтай муудалцуулахаар шийдэв.
Тэр нэг удаа арсланг амжилттай ан хийснийх нь дараа отож байгаад түүн дээр чимээгүйхэн хүрч ирэв. Цатгалан сэтгэл хангалуун арслан наранд ээн хэвтэж байв. Хажууд нь идэж дуусгаагүй зээрийн үлдэгдэл хэвтэнэ. “Одоо хамгийн тохиромжтой үе байна” гэж үнэг бодоод ургасны цаанаас гарч ирэв. Сүүлээ хавчин, чихээ унжуулаад мах руу ер харахгүй байлаа.
- Үнэг ээ чи яачихаа вэ? гэж арслан түүнээс асуув.
- Чи яагаад ийм гунигтай байгаа юм бэ? Май жаахан мах идчих, энэ чамайг тайтгаруулах болно.
- Өө намайг юу ч тайтгаруулж чадахгүй ээ гэж үнэг гунигтай хэллээ. Би чамайг хичнээн их аюулд байдгийг мэдсэнээс хойш их хачин болчихоод, юм ч идэж ууж чадахгүй байгаа. Чи ямар аймшигтай дайсантай гэдгээ мэдэхгүй юм даа. Би л чамд санаа тавихгүй юм бол, өнчин чиний төлөө хэн санаа тавих юм бэ? Ямар ч байсан би чиний авга эгч чинь шүү дээ.
- Тийм гэж үү? гэж арслан гайхлаа. Гэхдээ чи ямар ч байсан андуурч байна. Надад ямар ч дайсан байхгүй. Май мах идчих, би чамайг өнөөдөр дайлж байна, тэгээд дэмий юманд битгий санаа зов оо гэхэд үнэг,
- Хэрвээ чи хайртай авга эгчийнхээ үгэнд орохгүй юм бол дараа нь гашуунаар харамсах болно шүү. Гэхдээ тэр үед хожимдсон байх болно гэв.
- Тийм бол миний дайсан хэн гэдгийг хэл л дээ? гэж арслан архирлаа.
- Эндхийн бух гэж үнэг хэлэв. Түүний ярьж байхыг би өөрөө сонссон. Хөгшин эрслэн миний ээжийг алсан, харин одоо би арсланг ална гэж ярьж байна лээ.
- Ийм зүйл байх боломжгүй! Бух бид хоёр хамгийн шилдэг найзууд гэж арсланг эргэлзэхэд үнэг,
- Найз гэдэг чинь юуг ч нотлохгүй шүү дээ гэж үнэг хэллээ. Найз нараас илүү аймшигтай дайсан гэж байдаггүй юм. Чи их залуу болохоор амьдрал мэдэхгүй байна. Чиний ээж түүний ээжийг идсэнийг бух хэзээ ч уучлахгүй гэв.
- Үнэг ээ, чамайг үнэхээр надад хайртай авга эгч гэдгийг би мэднэ ээ гэж арслан хэллээ. Гэхдээ чи надад бух намайг хэзээ алах гэж байгааг хэлж чадах уу? гэхэд үнэг,
- Бух өглөө эрт босоод эврээрээ газар сэндчин мөөрч, хүзүүгээ сунган сүүлээ савчсан тэр өдөр болно. Чи түүний ингэж байгааг харвал, намайг алахыг хүсэж байгаагын дохио гэж ойлгоорой гэв.
- За. Би сэрэмжтэй байх болно гэж арсланг хэлэхэд "Ажлын тал нь бүтлээ" гэж үнэг дотроо бодоод бух руу явлаа. Тэр түүнийг уулын урд энгэрээс олов. Цадталаа идсэн бух нугад унтаж байлаа. Үнэг түүн дээр чанга уйлан, чихээ дэлдийлгэн, сүүлээрээ газар цохилон очив.
- Үнэг ээ чамд юу тохиолдоо вэ? Чи яагаад ингэтлээ их гашуудаад байгаа юм бэ? гэж бух асуухад үнэг,
- Хөөрхий өнчин чамд ямар аюул заналхийлж байгааг би мэдэж байгаа юм чинь яаж зүгээр байж чадах билээ? Ямар ч байсан би чамд гадны хүн биш, чиний авга эгч чинь шүү дээ.
- Тийм гэж үү? гэж бух гайхаад Гэхдээ чи андуурч байна. Надад дайсан байхгүйгэв. Үнэг,
- Энэ уулын ард арслан амьдардаг. Тэр чиний найз юм шиг дүр эсгэдэг боловч үнэн хэрэгтээ бол тэр чиний хамгийн заналт дайсан. Тэр ингэж хэлж байхыг би өөрөө сонссон. Миний ээж энэ бухын ээжийг идсэн. Одоо би өөрөө түүнийг иднэ гэж байсан гэж үнэг хэллээ,
- За боль доо! гэж бух мөөрлөө. Арслан бид хоёр төрсөн ах дүү шиг байдаг. Тэр миний талаар хэзээ ч ингэж хэлэхгүй!
- Чи надад итгэхгүй байж болно. Гэхдээ чи дараа нь харамсах болно доо гэж үнэгийг хэлэхэд бух “Хэрвээ үнэг үнэн хэлж байгаа бол яахав? Ямар ч байсан энэ чинь миний авга эгч шүү дээ" гэж бодоод,
- Үнэг ээ чи тэгвэл хэл л дээ. Арслан намайг хэзээ алах гэж байгаа юм бэ? гэхэд,
- Тэрнийг өглөө босож суниан, дэлээ сэгсрэн, хумсаараа газар маажиж байгааг харах юм бол тэр чам руу дайрч идэхийг хүсэж байна гэдгийг мэдэж ав.
- За би сэрэмжтэй байх болноо гэж бух хэллээ. Орой нь арслан бух хоёр ердийнх шигээ усан сангийн хажууд уулзав. Гэвч аль аль нь үнэгтэй тааралдсанаа хэлсэнгүй. Маргааш өглөө нь бух арслан хоёр нар мандахад сэрлээ.
Арслан үүрнээсээ гараад зуршил ёсоороо нойроо хөөн суниаж, дэлээ сэгсрээд, хумсаа ирлэхээр савраараа газар ухлаа. Харин бух ердийнх шигээ эврээрээ газар ухан, нуруун дээрээ суусан ялаануудыг сүүлээрээ хөөв. Харин дараа нь хүзүүгээ сунгаад арслантай мэндлэн чанга мөөрөв.
Гэвч арслан бухны хийж байгаа үйлдлийг, харин бух арслангийн хийж байгааг харчихаад аль аль нь уурандаа автлаа. Арслан нэг л үсрэн бух руу дайрч түүний хоолойг тасдчихав. Гэвч бух цусаа урсган байж түүнийг нуруун дээрээсээ унагаад хамаг хүчээрээ түүнд эврээ зоожээ. Тэгээд арслан, бух хоёр шууд үхэтхийн уналаа. Харин үнэг хүрч ирээд тэднийг хараад инээмсэглэв.
Би эднийг ийм авхаалжтай залиллаа шүү! Би арслан бух хоёрыг айлгасан. Тэд бие биенээсээ айж харин одоо бол би аль алийг нь иднэ дээ! гээд хоол руугаа дайрлаа.