Ганцаараа мянган цэрэгтэй тулалдав.

Та нар намайг идэр залуу байхад Галдан бошгот хааны цэрэгт явж явж баатар гавьяа байгуулсныг цөм мэдэх байх аа.
Би Галдан хааны тушаалаар Хэрлэн барс хотын орчим явлаа. Тэр үед зуны дэлгэр сайхан улирал байсан учир надад өдөр шөнө, өглөө үдэш ялгаагүй урагшаа довтлох сайхан завшаантай үе байлаа.
Хоёр өдөр , хоёр шөнө довтлон явж тэнд хүрэх ёстой байсан юм. Тэгтэл Манжийн хааны төрийн жанжин, Гуа- мингийн мянган цэрэг Галдан хааны гол хүчийг мөрдөн хөөж миний эсрэг хүч түрэн довтлож байсныг огт мэдсэнгүй учир би гэнэт дайсны цэргийн аманд орлоо. “Одоо яадаг билээ.... Галдан хааны итгэлт цэрэг байтал дайсанд олзлогдож чухал тушаалы нь алдаад сүйрэх нь энэ болж” гэж бодоход магнайны хөлс аяндаа гоожих болов.
Намайг ямар ч арга мэх бодож амжаагүй байтал дайсны хошууч анги намайг бүслэн авч амьдаар нь олзлохоор шийдсэн бололтой жад, сэлэм, нум сум, буу саадаг бүгдийг миний зүг онилж арван зүгээс уухайлан орлоо.
Галдан хааны цэрэг болсон хойно яаж тулалдахгүй байж болох аж. Эхлээд нум сумаа онилон тавьж үзлээ. Хэд хэдийг ч намнаж орхив бололтой. Тэгтэл дайсан этгээд тун ч их заналтайгаар урагшаа бархиралдан гүйсээр намайг тойрон авахад бэлэн болов.
Яг тэр үед би өөрийгөө хамгаалахаар шийдэв. Юуны төлөө Далан худалч билээ, далдын хар малгайгаа өмсч орхив. Дайсны цэрэг тойрон гүйлдэж ирээд миний зогсож байсан газар бие биетэйгээ мөргөлдөн гар гараа хий хоосон сарвалзуулан нэг нэгээ барьж зогсоцгоон гайхаж зарим нь хөл доороо, зарим нь ар талдаа тэмтрэн бэдэрцгээв. Тэд нар муухай хараан шүд зуун үймэлдэж байхад нь би тэднийг нэг нэгээр нь араас нь жадлаж гарлаа.
Үл үзэгдэх жаданд хатгагдан үхэж байгаа цэргүүд сүүлдээ нэг нь нөгөөгөө сэжиглэн хоорондоо хутгалдаж гарлаа.
Тэр далимаар нь би дайсны зуун дөчин цэргийг жадлаж алаад хошууч ангий нь бараг дуусгаад байтал дараах зуут нь хүрч ирэв. Тэгэхлээр нь би далдынхаа хар малгайг хуу татан аваад тэдэнд биеэ үзүүлэн өмнөөс нь хэд хэдэн сум тавьж тэдний анхарлыг биедээ татахын тулд уухайлж эхэлтэл дайснууд миний зүг шүд зуун довтлож ирэхэд нь дахиад далдынхаа хар малгайг өмсөөд дайснуудыг мөн л сэмхэн нэг нэгээр нь жадлаж эхлэв. Ийнхүү Галдан хааны үл үзэгдэх ганц цэрэг дайсны хамаг цэргийг жадлан алсан учир тэд сандран гайхахдаа өөрийн үхдэл цэргээ хаяад ухаан жолоогүй цааш зугтаж одов. Би тэдний хойноос нэхэн хөөх хэрэггүй байсан учир цаашаа оногдсон аяллаа үргэлжлүүлэхээр мордтол манай туршуулын цэрэг надтай дайралдаж миний гайхамшигт тулалдааныг үзээд Галдан хаанд мэдүүлсэн байжээ. Хэрлэн барс хот орж яаралтай тушаалаа хүргэж өгөөд буцаж ирэхэд Галдан хаан намайг цэргийн дунд алдаршуулан хөхүүлж “Ганцаараа мянган цэрэгтэй байлдан ялсан гайхамшгийн хүчит дайчин баатар, далдын шидэт Сэнгээ баатар” гэж цол хайрлан мянганы ноён болгон өргөмжилсөн юм.

Шошго: |

0 Сэтгэгдэл: