Лусын хааны найр дээр өнгөрүүлсэн нэг өдөр

Би нэг сайхан өдөр намар цаст Хэнтийн нуруунд гарч хэрэм, булга агнахаар хэдэн нөхдийн хамт хэрэглэл төхөөрөмж бүрэнтэй, хөсөг тэмээ хангалттай базааж гарлаа. Явах замдаа Хэрлэн голын захад бууж хэд хоног айлчлан айраг ууж зугаацахаар шийдэв. Хээтэй, гуутай Хэрлэн гол хэзээний миний нутгийг хэлэх үү, Хэнтийн нурууны шугуй суунаглаж харагдахыг хэлэх үү, үнэхээр ч сэтгэл булаам сайхан байлаа. ...
Бид морь, тэмээгээ амраан идүүлээд айл хэсч, айраг гүзээлж архи сөгнөж явсаар байтал нэг мэдэхэд хоёр гурван хоног болсон байлаа. “Ингэж хэт наргих аян замд саадтай болдог” гэж ярилцаад удалгүй явахаар боллоо. Би хэл мэддэг хилэн хар морио хэд хоногийн өмнө чөдөрлөөд тавьчихсан юмсан. Тэгээд түүнийгээ эрээд гарсан чинь олсонгүй.
Маргааш нь мөрдөж явсаар байгаад онгон Хэнтийд хүрэв. Бас л олдсонгүй. “Одоо яадаг билээ. Явгарах аюулд орж мэднэ” гэж айхдаа морио улам шуналтай эрж гарлаа. Арайхийж нэг морины мөр олоод мөрдөж явтал бороо ороод дараа нь таг харанхуй будан татаад би мөрөө үзэхээ байж бүр сүүлд нь зүг чигээ аодаж эхлэв. Яах ийхээ мэдэхгүй явж хадан цохио руу хальтарч унаад харанхуй хавцал руу гулгаж эхлэв. Яадаг билээ, үхдэгийн даваан дээр нэг зөөлөн юман дээр уначихав. “Юу билээ?” гээд хартал өндгөө дараад хэвтэж байсан тас шувууны дээр буучихсан байв.
Сая нэг ухаан ороод босох гэтэл өнөөх тас маань намайг аваад дээшээ нисч гарлаа. Миний айсан, сандарсан хоёрыг юу гэж бодно та нар. “Одоо л муу Далан худалч амьдаараа шувууны хоол болж сэг, сэвсгүй алга болох нь” гэж бодохоос ухаан балартав. Тэгтэл хүний хувь заяа их юм болохоор гэнэт сэхээ орж бүсэндээ байсан хазаар ногтоо аваад тасны биетэй өөрийгөө хамт хүлж эхлэв. Тас маань улам л дээшээ хөөрөөд байдаг. Тэр намайг хад руу унагах юм уу, хагалж идэх юм уу, халил дунд шидэх юм уу гэтэл харин тэгэх шинж үгүй бололтой шүү. Тэгэхлээр нь хазаарынхаа жолоогоор тасны толгойг ногтлоод толгойгий нь дуртай зүг рүү чиглүүлдэг болж эхэллээ. Тэгээд сэтгэл уужраад ийш тийшээ хартал тэнгэрийн үүл тэр доор маналзаад түүний цаана газар байгаа эсэх нь бараг мэдэгдэхгүй болж гайхалтай дээр хөөрсөн болохыг би мэдэв.
Дахиад сайн хартал сансрын үүлний дээр диваажингийн орны хаалга харагдаж байхыг үзэв. “Юун төлөө тэнгэрийн оронд хүрч ирлээ дээ, амьд мэнд дээрээ диваажингийн хааныд очиж үзье” гээд тэр зүг тасан хөлгөө чиглүүлэв. Удсангүй хаалган дээр нь очоод “Нохой зуух уу?” гэсэн чинь хаалгач нь хатсан нуухаа арчсаар гарч ирэв. Би шууд явж хааны нь өргөөнд орсон чинь хаантан гуай нь хатгалга тусаад хатан нь болохоор шүд нь өвдөөд зарц нар нь тэнгэрийн хааныхтай хонь хургаа нийлүүлчихээд түүнийхээ хойноос яваад таг чиг болсон учир ус ч үгүй унд ч үгүй байцгаав.
“Өө хөөрхий! Диваажингийн орон гэдэг чинь жаргалын орон гэж ярьдаг маань шал худал юм байна. Харин бүр заваан газар байна даа” гэж хаалгачид нь хэлтэл
“Харин тийм ээ! Манайхан чинь мангасын хаантай мал хөрөнгө, газар нутаг булаацалдаж долоон жил дайн хийгээд хамаг байдгаа дуусгаж хаан, хатан, хаалгач бид гурваас өөр бараг юм үлдсэнгүй. Тэгээд хүний оронд очиж хоол хүнс, эр цэрэг залгуулахаар зуурдын сансрын зургаан жианжин аль хэдийн нь яваад одоо болтол алга байна” гэж хаалгач нь яриад “Чи тус болж манайд нэг ус ойртуулж өгөөд яваач” гэж гуйв.
“Больё доо! Диваажингийн хааныд байтугай ээждээ ус авч өгч үзээгүй” гэж хэлээд “Аягүй бол эд нар зарцаа хийгээд авч мэднэ” гэж бодоод өнөө муу тасаа унаад л явж өгөв.
Огторгуйд гараад доошоо хартал тэр доор нэг баян айл найр хийж байгаа харагдлаа. “Арайхийж нутгийн бараа харах нь” гээд тэр рүү явж очтол газар бүр ч бараа сураг алга. Харин үүлэн ертөнц дээр байдаг лусын хааных тэнгэрийн дагинатай хүүгээ гэрлүүлэх их хурим хийж байхад нь буучихав аа! Намайг орохын хамт л “ Хан гарьдын хөлөгтэй, харь газрын зочин, хаан Сэнгээ та дээшээ морил, дээшээ морил!” гэцгээж дээжтэй цай дээдсийн гүнцэг бариад дараа нь “Хаан хүү, хатан дагина хоёрт минь ерөөл дэвшүүлэн хайрлана уу” гээд л лусын хаан бөхөлзөн нахилзан байж хадаг хундага хоёрыг Далан худалч надад барив.
Тэгэхлээр нь би гэгээн ордноос нь аваад гэрэлт цамхаг хүртэл, гэзэг чимэгнээс нь аваад гүзээ хүртэл нь, гал голомтоос нь аваад гар домбо, галын хайч хүртэл нь ерөөгөөд хар нүдэн хундагы нь нэг мөсөн тогтоож орхиод “Эр бор харцага минуу” гээд л аяыг барьж гарлаа. Тэгээд найр жигдэрч арз гэдгийг ч аяга аягаар, айраг гэдгийг ч хул хулаар нь хөөсрүүлж гарлаа. Найр ч сунжирч эхлэв. Найман түшмэд нь ч найгуулж гарав, найрын даамал ч жингэнүүлж гарлаа. Далайн цаанаас авчирсан дарс гаргаад сөгнөж эхлэв:
Хорин жил хадгалсан хорзны шүүс ч гаргаж ирлээ. Хаан хатан, дээд доодгүй согтож эхэллээ. Тэгтэл гадаа нь хэрэг биш болж тас няс, пид пад болоод л зодоон цохион, хашгираан шуугиан гарч сүйд майд болоод явчихав.
“Юу болов? Юу болов?” гээд гартал тэнгэрийн хааны охиныг хүргэж ирсэн есөн эрдэнэт догшин цагаан лууны нь чандмань эрдэнийн эврийг лусын хааныханы нэг нь хулгай хийж авснаас болоод цагаан луу нь догширч сүйд майд болж эхлэв. Бүр сүүлдээ лусын хааны орд харшийг будаа болтол нурааж гал манан хадуулж гарлаа. “Одоо ч биш болох нь байна. Амьд мэнд байгаа дээрээ явья” гээд үзтэл тас маань сандрахдаа уяагаа тас татаад явчихсан байв.
“Одоо яадаг билээ, очиж очиж лусын хааны гадаа нус ч үгүй нулмис ч үгүй үхэх нь болжээ” гэж цэл хөхөрч мэл гайхаж байснаа “Ямар ч байсан дүүрсэн хэрэг” гээд тэнгэрийн хааны догшин цагаан луун дээр нь мордож орхилоо. Өнөөх маань тонгочиж байгаад лусын хааныхыг зомгол болтол хэмхэлж хаяад л тэнгэр өөдөө гарч өглөө. Арайхийж сэхээ ороод хартал тэнгэрийн хааны дагина төрхөмдөө буцаж очихоор миний хойгуур сундалдан суугаад явж байв.
Миний хойноос лусын хааныхан муна хэдрэг, нум сум юу байдгаа бариад элдэн явах нь харагдав. Тэдний хашгирахыг сонсвол
“Харь газрын Далан худалч ирээд хааны охиныг оргуулж аваад явчихлаа, та минь яваарай, яваарай! Тархий нь бяц цохиод бариад ав!” гэлцэж баахан өхөөгөөд гүйцсэнүй хоцорлоо бололтой.
Би тэндээсээ явж тэнгэрийн хааныд очиж охины нь хүргэж өгөөд ядарсныг ч хэлэх үү, согтсоныг ч хэлэх үү нам унтаж өгчээ. Нэг сэрсэн чинь би Хэрлэн голын захад хилэн харынхаа дэргэд унтаж байлаа. “Юу билээ? Энэ маань зүүд үү?” гэж бодтол зүүдлэсэн хэрэг огт биш байв. Харин лусын хааны охин намайг өөрийнхөө ид шидээр газар буулгаж өгөөд буцахыг завдан байхыг би олж харав.
“Далан худалч гуай, аян замдаа сайн яваарай! Би “үхэвч лусын хааны хүүтэй суухгүй” гэсэн юм. Та надад тус болж тэндээс салгаж өглөө. Санасан бүхэн чинь бүтэх болтугай!” гэж ерөөгөөд тэнгэр өөдөө солонго татуулан гарч явахыг би үзэв. Тэгээд би морио авч унаад Хэрлэн голыг өгсөж явахдаа “Тэнгэрийн хаан, диваажингийн орон, лусын хаа цөмийг үзсэн боловч миний төрсөн нутаг Хэрлэн голын хаана нь ч хүрэхгүй болоод хавьтаж ойртохын хэрэггүй хараалын хар орон юм байна” гэж бат итгэсэн юмаа.

Шошго: |

1 Сэтгэгдэл:

  1. Unknown Says:

    Mашшшшшш гоё байнаа.