Эрхэмсэг хатан

Урьд нэг баян худалдаачин эрх танхи хатантай юм байжээ. Тэгээд тэр баян худалдаачин алс хол газар гурван жилийн аянд явах болж гэнэ дээ. Аянд явахдаа сайн сайхныг ерөөж ихийг бүтээхийн дэмбэрэл тавин хатныгаа “Их юм хийж их юм сураад байгаарай” гэж захижээ. Тэгээд гурван жил болоод буцаж ирээд “Намайг аянд явсан энэ гурван жилд хэн хэн юу юу хийсэн бэ?” гэж дуудаж асуухад адуучин нь хэлэхдээ ...
“Би азарга азаргаар адуу өсгөсөн” гэжээ. Хоньчноосоо дуудаж асуухад
“Би хот дүүрэн хотгор бор ирэг нэмсэн” гэж гэнэ. Хамгийн сүүлд хатнаасаа
“Чи юу хийж бүтээв?” гэж асуухад хатан нь “Гунжин үнээний махыг гурван хоног идэж үзлээ. Гуншаа дамшиг нэрийг авав. Дөнжин үнээний махыг дөрвөн хоног идэж үзэв. Дөмөг нэрэлхүү нэрийг авлаа. Дотуур цамцаа долоо хоног оёж үзлээ. Уран цэмцгэр нэрийг авлаа. Гутлаа гурван сар уллаж үзлээ. Гув шув нэрийг авлаа” гэж хэлэв. Тэр баян худалдаачин гэрийнхээ доторх байдлыг хартал тоосонд дарагдаж үзэмжгүй болсныг ажиглаад “Манайх чинь ширдэгтэй байл уу?” гэж асуухад
“Таныг явахад ширээн доогуур ширмэл ширдэг, бурханы доор булган хивс, орны өмнүүр одтой ширдэг осолгүй л байсан” гэжээ.
“За тэгвэл царил зээтүү аваад ир!” гэж тушаагаад баян эзэн царил зээтүүгээр малтаж үзвэл төө зузаан шорооны цаана төгөл цагаан ширдэг байж гэнэ.
“Яагаад энэ вэ?” гэж хатнаас асуухад хатан нь “Харин би хичнээн их цэвэрлэж байсан учраас зөвхөн ширдэг нь дарагдаад бусад нь байгаа нь их хэрэг” гэжээ.

Шошго: |

0 Сэтгэгдэл: