Их нойртой хүн
Огноо 2010-01-25 at 14:18 UnknownЭрт урьд цагт нэг нойр ихтэй хүн жинд явж байв гэнэ. Нэг шөнө тэр нойр ихтэй хүн жингийн хажууд тэмээ унаад нэг нөхөртэйгээ хамт алхуулж явтал гаансаа зуугаад хамт яваа нөхөр өөд өлийж “Алив галаа” гэсэнд цуг яваа нөхөр нь “Юун гал?” гэв.
“Яагаав, наадах гялайгаад байгаа чинь юу вэ?” гэлээ. Цуг яваа нөхөр нь “Од л байна шүү дээ” гэхэд нөгөө нойр ихтэй хүн “Гялайсан яасан дэн шиг монди вэ? Миний нүд ч гэж нүх болжээ” гээд үүрэглэж явснаа цагаатгаж гэнэ.
Бас нэг шөнө нөгөө нойр ихтэй хүн үүрэглэж явсаар тэмээн дээрээс пидхийтэл ойчиход нь дэргэдэх нөхөд “Та яав аа?” гэв. “Аа энд нэг билүү байна уу гэсэн чинь ...чулуу шив дээ! Миний буух ч гэж ойчих болжээ дээ” гэв. Энэ хүн ингэж мунгинаж явсаар жингээс бууж өөрийнхөө эцэг эхийнд ирээд өчнөөн төчнөөн хоног унтаж амрав гэнэ. Нойр ихтэй хүн хавар ногооноор сая сэргэж морь унан нутгийнхаа айлуудаар хэсдэг болжээ.
Ингээд тэр нойр ихтэй хүн хоёр эсгий гэр байхаар нь буугаад ярьж хөөрч суутал айлын нэг эмэгтэй орж ирэв гэнэ. Түүнийг тэр хүн харж харж “Нэг үзсэн ч авгай шиг, хоёулаа золгочих уу?” гээд золгож гэнэ.
Гэтэл тэр “Үзсэн авгай” гэдэг нь нөгөө нойр ихтэй хүний авааль эхнэр байжээ. Жинд явахаас өмнө тэр нойр ихтэй хүн эцэг эхээсээ тусгаарлаж гарснаа мартаж орхиод ингэж хөглөж байсан хэрэг гэнэ.