Дархан ноёнтой цэц булаацалдсан нь

Баадай их замд орж явсаар үдийн халуун болоход ихэд ядарсан тул замын хажууд түүдэг гал ноцоогоод хув хар тогоондоо ус дүүргэн цай буцалгаж суутал ноёны жишүүл бололтой нэг хиа хүрч ирээд:
“Ай муу бадарчаан! Энэ замаар манай Дархан ноён морилж яваа тул бушуухан зам зайл хөө!” гэсэнд Баадай:
“Танай ноён хир зэргийн дархан бэ?” гэж асуусанд нөгөө хиа уур нь хүрсэн бололтой:
“Ямар ч л байсан эзэн хаанаас Дархан цол шагнагдсан юм даа хөө! Чи яах нь вэ?” гэсэнд Баадай:...
“Танай ноён тийм дориун дархан юм бол түүгээр чинь муу хар тогоогоо хадуулъя даа!" Гэсэнд хиа уурлан:
“Муу тэнэг минь олон үг донгосолгүй зам зайл” гэсэнд Баадай “Хөөе тэнэг ээ! Чамайг зайл гэж байна! гээд таягаараа замыг нүдсэнд хиа тэсгэлгүй уурлан “За чи гайгүй ингээд л новширч бай! Ноёнд айлтгаад толгойгий чинь авахуулна даа! гээд буцан харайлгасанд Баадай:
“Хөөе! Танай тэр ноён чинь толгойгүй юм уу? Миний муу зантгар толгой таарахгүй биз дээ гэж айлтгаарай л даа!” хэмээн хойноос нь хашгирчээ. Удсангүй ноёнтон бараа бологчдоо дагуулан хүрч ирэхэд Баадай зам дээр нь хөндлөн гулд суугаад том хар аягандаа цай дүүргэн ууж суусанд ноёнтон гайхан хараад:
“Үүний аягыг нь хараач та нар, худаг шиг” гэж доромжлон хэлсэнд Баадай:
“Энэ ноёны худаг нь миний аяга шиг байгаа юм чинь адуу нь ч гэж зурам шиг юм байдаг байх даа” гэвэл ноён:
“Энэ золигийн малгайг харав уу, дээвэр шиг?” гэхэд Баадай:
“Дээвэр нь миний малгай шиг байгаа юм чинь ноёны өргөө нь бүр өөвөнх юм байна л даа” гэж хэнэггүй хэлсэнд ноёнтны уур буцлан:
“Чи ер нь намайг хэн гэж бодож байна хөө!” гэж омогтой асуусанд Баадай:
“Тэгвэл та намайг бас хэн гэж бодож байна?” гэж асуусанд ноён:
“Намайг ноён гэдэг юм. Чамайг зулбасга гэдэг юм” гэсэнд Баадай:
“Танай хатан над шиг том юмаар зулбачихдаг болохоор мөн ч ойгүй том амьтан байх нээ!” гэж Баадайг хариулсанд албат нар нь инээд алдаж гэнэ. Дархан ноён:
“Үүнтэй юм яривал ичгүүр болж мэднэ” гэж болгоомжлоод юу ч хэлэлгүй тойрон явж гэнээ.


Шошго: |

0 Сэтгэгдэл: