Гэндэн Гандан хоёр
Огноо 2010-01-14 at 11:52 UnknownМянган муутын их гэвш Гандан, бага гэвш Гэндэн хоёр хээр гарч нямба хийгээд халзан болтлоо ном бясалгасаар хорин хэдэн жил суусны дараа тэр хоёр санчигны нь үс бууралтаад ирж гэнэ. Нэг өдөр Гэндэн гэвш нь Гандан гавждаа“Чи бид хоёр насныхаа ихэнхийг өнгөртөл ном үзэж бясалгав. Одоо үлдсэн жаахан насаа сүсэгтэн олонд тус хүргэхэд зориулъя” гэхэд өнөөх нь “Гэвшийн хэлдэг түмэн зөв байна. Та бид хоёрын номын ид шид олонд үзэгдэхгүй бол ийм их ном үзсэний эрдэм нь талаар болох биш үү?” гээд хоёулаа ном бясалгалаа орхиод олон сүсэгтэнд тус хүргэхээр хөдөө гарч явцгааж гэнэ. ...
Гэндэн гэвш, Гандан гавж хоёр замаар ороод занхайлгаж явтал зам нь салж нэг нь хойшоо нэг нь урагшаа эргэсэн байж гэнэ. “За хоёулаа нэг нь урагшаа, нэг нь хойшоо явъя! Чи бид хоёрыг энэ замаар дөнгөж явж эхлэтэл ямар нэгэн хүн морь хөтлөж авчраад залж аваачна байх, тэгээд хоёулаа урьд, хойтгүй ухаан эрдмээ үзүүлээд жилийн дараа энд уулзаж хэн нь их эрдэм сурсан, хэн нь их олз олсноо зэрэгцүүлж үзье!” гэж ярилцаад хоёр тийшээ явж гэнэ.
Гандан гавж нь баруун замаар ороод хичнээн явавч нэг ч хүн дайралдсангүй, сүүл сүүлдээ ядран эцэхдээ хамаг хувцсаа тайлж үүрээд Үнэгтийн даваагаар давж явахдаа
Давааны ёроолд дамраа гээгээд
Даваан дээр гарч хонхоо гээгээд
Орой дээр нь гарч очироо гээгээд
Энгэр рүү нь орохдоо эрихээ гээгээд
Тал дунд нь орохдоо ташуураа гээгээд
Буцах замдаа бурханаа гээгээд сүүл сүүлдээ хөл нь холгож хөлс нь гоожиж ядрахын туйл болоод явж байтал нэг худаг дайралдахад нь ус уух гээд тонгойтол дотор нь өөрийн нь дүрс харагдсанд “Ашгүй дээ! Хөөрхий муу Гэндэн гэвш энд байж байна” гээд “За чи над нэг тагш ус өгөөд орхи! Би чинь хатаж үхлээ” гээд хашгирсанд сүүдэр нь мөн өмнөөс нь сарвайхаар авах гэж толгойгоороо ус руу унаад Гандан гавж талийгаач болж гэнэ. Удалгүй нэг адуучин хүрч ирээд өнөөхийн хүүрийг “Худаг бузарлав” гээд уснаас гаргаад ойролцоо газар хаяад явчихжээ.
Гэндэн гэвш нь тэндээсээ гараад хичнээн явавч бас айл ч олдсонгүй, хүн ч ирсэнгүй учир явсаар байгаад тэр шөнө нэг модны ёроолд унтсан чинь могойд хатгуулаад маргааш нь хөдлөж чадахаа байгаад арайхийж мөлхөж явсаар байгаад өнөөх худаг дээр очиход нь Гандан гавж нь үхчихсэн байхаар нь “Хөөрхий амьтан ийм богино настай юм байжээ” гэж гашуудан “Буян болог, нутаглуулъя” гээд үүрээд явж байтал дэргэд нь хэдэн тэмээ байхаар нэгийг нь барьж аваад өнөөх хүүрээ дүүрээд явж байтал тэмээ нь гэнэт туйлсан учир Гэндэн гэвш газар унаж ертөнцөөс халин оджээ. Ийнхүү бурханы ном хоёр ламтанд ач тусаа үзүүлсэнгүй.
их л коммунистжсан үлгэр байждээ хөөрхий.