Нугасны муухай дэгдээхэй (төгсгөл хэсэг)
Огноо 2014-12-17 at 13:32 UnknownТэр хоёр сая өндөгнөөс гарсан тул их л хөхилдөн,
- Чи царай муутай, нэг л сонин үзэгдэж бидний санаанд нийцэв. Бидэнтэй нийлж нүүдлийн шувуу бол. Энүүхэн намагт хөөрхөн гэгч нь гуаг гуаг гэж чалчдаг хэдэн цэвэрхэн охин нугас бий. Чи хэдий муухай ч тэнд очвол ...нэгэн учир бий гэтэл гэнэт буун дуу тасхийж хоёр галуу хулсан дунд үхлүүд унаж ус улаанаар эргэлдэв. Дахин буу тас хийж олон зэрлэг галуу хулсан дундаас дэгдэн ниссэнд дарийн хөх утаа усан дээгүүр униар татуулав.
Гөрөөч ноход намгаар гүйлдэн, хулс зэгс зүг бүрт хөдлөн найгасанд дэгдээхэй айж тэргүүнээ жигүүрийн дор нуув. Гэтэл нэгэн аймшигтай нохой гарч ирэн урт улаан хэлээ унжуулан соёо шүдээ арзайлган дэгдээхэйд тулаад ирснээ гэнэт буцжээ. «Тэнгэр минь, миний бие маш муухай тул нохой ч халдаж зүрхлэхгүй байна» гэж бодон хулсан дотор хэвтэх нугасны муухай дэгдээхэйн дээгүүр буун дуу зогсолтгүй дуугарч сум шун шун ниснэ.
Үдээс хойш бууны дуу чимээгүй болсон ч хөөрхий дэгдээхэй ихэд айн цочсон тул бас нэг хэдэн цаг чимээгүй хэвтэж орчин тойрныг ширтэн үзээд хэвтэж буй намгаасаа яаран зугтааж өвс ногоог шувтлан гарахад их салхи хөдлөв. Үдэш нь нэгэн ядуу овоохойд тулж очжээ. Тэр муу овоохой маш хуучран өмхөрч ялзарсан боловч хараахан унах болоогүй байв.
Салхи улам ширүүн догшин болсонд дэгдээхэй айн хургаж арай гэж тогттол шуурга улам ширүүсэв. Гэтэл овоохойн үүдний нэгэн цүү мултарч дотогш шурган орж болмоор завсар гарсныг үзээд дэгдээхэй үг дуугүй шурган оров.
Овоохой дотор тахиа, мигуй хоёр бас нэг эмгэн байв. Тэр эмгэн мигуйгаа хүү гэж дуудна. Тэр мигуй нуруугаа гүдийлгэн хүрхэрч чадах бөгөөд үсийг нь сөргүүлэн илбэл бас оч гаргаж чадна. Тахиа нь богинохон бяцхан хөлтэй тул "Богино шийрт" гэж нэрлэгдэнэ. Өндөглөхөд сайн тул эмгэн тэр тахиаг төрсөн хүүхэд мэт хайрлана. Гаднаас ирсэн дэгдээхэйг үзээд тахиа дуугарч, муур хүрхэрсэнд эмгэн юу болов гэж ийш тийш хартал нүд нь муу тул нугасны муухай дэгдээхэйг үзээд тарган эм нугас гэж андууран их л олзуурхав. Би одоо нугасны өндөгтэй болов. Одоо ганц эр нугастай болоотох юмсан гэж боджээ. Муур, тахиа хоёр биеэ биенээ энэ гэрийн эр, эм эзэн гэж үздэг байжээ. Нугасны дэгдээхэйд харин энэ талаар өөр санал бий боловч тэд түүнийг нь хүлээн зөвшөөрөхгүй нь лавтай биз ээ.
Нугасны дэгдээхэйд тахиа ингэж хэлжээ,
- Чи өндөглөж чадах уу? Чадахгүй бол амаа татаж байгаарай гэв. Нугасны муухай дэгдээхэйд бас муур нь ингэж хэлжээ,
- Чи нуруугаа гүдийлгэж байгаад хүрхэрч үсийг чинь сөргүүлэн илбэхэд оч гаргаж чадах уу? Чадахгүй бол цэцэн мэргэдийн дэргэд чамд үг хэлэх эрх байхгүй шүү гэв.
Нугасны дэгдээхэй буланд шурган орж үг дуугүй суув. Нэг удаа гэнэт усанд орж самрах хүсэл түүнд төржээ. Энэ тухайгаа тахианд хэлтэл тахиа өгүүлрүүн,
- Чи юу болов! Хийх юмгүйдээ дэмийрч байна уу? Зүгээр дуугүй өндөглөвөл өндөглөөрэй, өндөглөхгүй бол ядаж муур шиг хүрхэр. Тэгвэл дэмий юм бодож суухгүй болно гэсэнд дэгдээхэй хэлэв.
- Аяа усанд самран шумбах шиг сайхан юм хаана байна гэсэнд тахиа донгодон өгүүлрүүн,
- Юу нь сайхан байна. Чи галзуурав уу, самрах шумбахад сайхан гэнэ шүү. Чи наадхаа муураас асуу. Миний мэдэхийн хамгийн цэцэн нь муур билээ. Чи түүнээс асуу. Бас миний эзэн эмгэнээс асуу. Дэлхий дээр түүн шиг цэцэн хүн байхгүй. Чи миний эзнийг усанд умбах шумбах дуртай гэж санана уу гэвэл дэгдээхэй,
- Чи миний санааг ойлгохгүй байна гэсэнд тахиа өгүүлрүүн,
- Бид чиний санааг мэдэхгүй бол хэн мэдэх билээ? Чи миний эзэн эмгэн, муур хоёроос илүү цэцэн байж чадна гэж санаа юу. Битгий илүү зан гарга. Чамд сайн байсныг санаж ач тусад минь бишир.
Чи дулаан гэр оронтой болж юм сурахтайгаа болсон биш үү. Би үүнийг чамд сайн санаанаас хэллээ. Чи эрхгүй өндөглөж сур. Эсхүл хүрхэрч сур, эсвэл оч гаргаж сур гэсэнд дэгдээхэй өгүүлрүүн,
- Би санавал дэлхийг хэсэж явах нь дээр болов уу гэжээ.
- Тэгвэл чи явахгүй юу, хэмээн тахиа түүнд омогдов.
Дэгдээхэй ч гарч явав. Гараад усанд орж самарч шумбаж явахад нь олон амьтан түүнийг муухай гэж жигшин зайлж байв.
Намар болоход ой модны навч шарлаж салхинд хийсэн унаж хүйтэн жихүүн болж ирэхэд хөөрхий дэгдээхэй их л зүдрэв. Нэг үдэш бургасан дотроос маш сайхан том шувуудын сүрэг гарч ирэв. Үзвэл хүзүү урт бөгөөд уяхан цөм цасан адил цагаан өнгөтэй ажээ. Дэгдээхэй урьд тийм шувуудыг үзээгүй тул их л гайхав. Тэр бол хун шувуудын сүрэг байв.
Хун шувуудын сүрэг маш сониноор дуугарч сайхан том жигүүрээ дэлгэн дэвсээр гадаад далайн тэртээх дулаан орны зүг нисэн оджээ. Үүнийг үзээд нугасны муухай дэгдээхэйн дотор жигтэй сонин болж хунгийн сүргийн хойноос дуугарсан өөрийнхөө дууг сонсоод цочин гайхав. Тэр сайхан шувууд далд орсон тул дотроо тэднийг мартахыг хичээн усны ёроолд хүртэл шумбан орж дахин дээш хөвөн гарч байв. Тэрээр тэдгээр шувуудын сүрэгт өчүүхэн ч атаархсангүй. Харин өөрийн биеийг ийм сайхан болоосой гэж санав. Хөөрхий тэр муухай амьтан түүнийг олон нугас хүлцэн үзэж жигшихгүй бол баярын дээд гэж бодно.
Өвөл болж хүйтэн нэн чангарав. Дэгдээхэй усанд умбан шумбаж самран мөсөнд хадагдахгүйн тулд үргэлж хөдөлсөөр байсан боловч яалт ч үгүй мөсний доор орж царцав. Түүнийг хажуугаар нь өнгөрч явсан тариачин олж хараад дэргэд нь очиж модоор мөсийг нь хэмхчин дэгдээхэйг эхнэртээ аваачиж өгчээ. Дэгдээхэй ингэж дахин амьдрав.
Тариачны хүүхэд дэгдээхэйтэй тоглох гэж оролдов. Дэгдээхэй шоглон тамлуулахаас айж хүүгээс яаран сандран зугтаатал сүүтэй хөнөг дотор орчихов, гэрээр дүүрэн сүү асгарлаа. Гэрийн эзэгтэй гараа сарвалзуулан занаж дэгдээхэйг хөөлөө. Айн сандарсан дэгдээхэй тостой таваг дотор орчихоод гарах гэж ухасхийтэл гурилтай сав руу орчих нь тэр. Тэндээсээ бөөн гурил болсон муухай юм гарч ирэхэд гэрийн эзэгтэй хашгиран харааж галын хайчаар цохих гэж хөөв. Үүнийг хараад хүүхдүүд шуугилдан гүйлдэж их л хөөрөн баярлалдав. Завшаанаар хаалга нээлттэй байсан тул хөөрхий дэгдээхэй санд мэнд гүйн гарч шугуй руу ороод сая орсон цасан дээр хэсэг хэвтэв.
Өвлийн хатуу бэрх цагт хөөрхий нугасны дэгдээхэйд учирсан зовлон бүгдийг тоочин өгүүлбэл их л өрөвдөлтэй тул түүнийг энд үл өгүүлэн цааш өгүүлэхэд:
Хаврын сайхан цаг ирж нарны илч наашлан хөхөө шувууд жиргэх цагаар нугасны дэгдээхэй намаг дахь хулс зэгсний дунд амьдран сууж байв. Энэ үед гэнэт түүний жигүүр тэлэгдэн нээгдэж урьдахаасаа улам чадалтай шаламгайгаар хөдлөн нисэж эхлэв. Энэ эрчээрээ ниссээр дэгдээхэй маш сайхан цэцэрлэгт буужээ. Тэр цэцэрлэгт алмурадын модод, голт борын цэцэгс найган, түргэн урсгалт гол мяралзан, тун ч үзэсгэлэнтэй сайхан байв.
Гурван сайхан хун шувуу тэрхүү голын усанд хөвсөөр дэгдээхэйн өмнөөс очив.
Дэгдээхэй ноднин харсан шувууд мөн болохыг таньж, баярлаад өмнөөс нь зоригтой нисэн очлоо. Намайг муухай амьтан ойртлоо гэж үзээд тоншвол тоншиж, албал алаг. Нугасанд чимхүүлж, тахианд тоншуулж, шивэгчинд өшиглүүлж ад шоо болж явснаас ингэсэн нь ч дээр биз гэж бодоод усан дээр нисэн бууж, тэр сайхан хун шувуудын өмнөөс самран очтол нөгөөдүүл нь далавчаа дэрвийлгэн сөхөж түүнийг уриалгахан угтан авав. Учир нь тэдгээр шувууд амьтан бүхэнд жигшигдэн ад шоо үзэгдэх үзэшгүй муухай дэгдээхэйг биш харин нэгэн сайхан хун шувууг угтан авсан нь тэр байв.
Өчнөөн олон зовлон туулсны эцэст дэгдээхэй өөрийн жинхэнэ дүр төрхийг олоод амт шимтийг нь сая бүрнээ мэдрэв. Хун шувууд түүнийг тойрон ирж хошуугаараа илбэн таалж эрхлүүлэв.
Бяцхан хүүхдүүд цэцэрлэгт орж ирээд усанд талх, тариа цацтал хамгийн бага нь хашгиран:
- Тэр нэг нь шинэ хун байна гэсэнд бусад нь баярлан хашгиралдаж,
- Шинэ хун ирэв, шинэ хун ирэв гэж алгаа ташин бүгдээр өгүүлрүүн,
- Шинэ хун хамгийн сайхан, хамгийн залуу нь байна. Хуучин хунгууд түүний өмнө толгойгоо бөхийлгөжээ гэлцэв. Залуу хун үүнд ичингүйрч жигүүрийнхээ дор толгойгоо нуув. Нэг л хачин сонин мэдрэмж төрснөө өөрөө ч тайлбарлаж чадсангүй.
Сайхан сэтгэлтэн ихэрхэг омгорхог байж болохгүй. Залуу хун тэсгэлгүй өөрөөрөө бахдан баярлавч өчүүхэн төдий ч омгорхож ихэрхсэнгүй. Урьд хамаг бүхэнд ад шоо болж жигшигдэн хөөгдөж явсан бол одоо амьтан бүхэн түүнийг сайхан шувуудын дотроос хамгийн сайхан нь гэж шагшин магтдаг болсныг дотроо бодож байв. Залуу хун өд жигүүрээ дэлгэн засаж ганган сайхан хүзүүгээ сунган эргэж, сэтгэл зүрхний угаас би "нугасны муухай дэгдээхэй" байхдаа ийм сайхан жаргалыг зүүдлээ ч үгүй явсан шүү хэмээн хашгирчээ.
Цааш нь...
Нугасны муухай дэгдээхэй (тэргүүн хэсэг)
Огноо 2014-12-15 at 11:45 UnknownТэнд гүн устай татаалаар хүрээлэгдсэн нэгэн хуучин гацаа нарны гэрэл доор орших ба хашаанаас татаалын ус хүртэл их далбагар навчтай хамхалз ургасан бөгөөд тэр хамхалз маш хөгшин тул зарим том навчин дор нь бяцхан ... хүүхэд босоогоороо нуугдаж болохоор.
Орчин тойрон нь аглаг гүн ойн доторхитой адил. Татаалын ойр нэгэн газар нугас үүрэндээ өндгөө дарж хэвтээд удсан тул нилээд уйджээ.
Түүний уйтгарыг сэргээж ирэгчид их л ховор бусад олон нугас түүний дэргэд ирж хамхалзын навчин доор суун чалчихаас татаалын усанд самрахыг илүүд үзнэ. Ингэж суутал өнөөх нугасны дарсан өндөг дараа дараагаараа хагарч шив шив гэж дуугараад жижигхэн жижигхэн толгой өндөгний хальснаас булталзсанд нугас гуаг гуаг, шалав, шалав гэж шаардан байв. Дэгдээхэйнүүд чадах чинээгээрээ оролдож хальснаасаа гараад орчин тойрон дахь ногоон навчийг үзэхэд эх нь ногоон өнгө нүдэнд сайн тул хичнээн үзвэл төчнөөн үзтүгэй гэж зөвшөөрөв.
Олон дэгдээхэй битүү өндөгнөөс сая гарсан тул орчин тойрон дэлхий ертөнц юутай уужим бэ гэж гайхалдахад эх нь өгүүлрүүн,
- Та нар дэлхийг энэхэн гэнэ үү? Манай энэ дэлхий гэгч цэцэрлэгийн цаад захаас ламтаны тариалан хүрнэ гэв. Мөн тэрээр,
- Би тэр хүртэл явж үзээгүй билээ. Та нар бүгд энд байна уу гээд өндийж үзтэл бас нэгэн том өндөгнөөс дэгдээхэй гарах өдий харагдав. Юутай удна вэ. Би үнэхээр залхав гээд дахин хэвттэл нэгэн хөгшин нугас түүн дээр ирээд,
- За юу болж байна гэхэд өндөг дарагч нугас,
- Нэг өндөг л их удаж байна. Одоо хүртэл ан цав ч гарсангүй.
Бусад дэгдээхэйг үзэгтүн. Би ер ийм сайхан дэгдээхэйг урьд үзсэнгүй. Цөм эцгээ дуурайсан нь гайхалтай. Тэгтэл тэр муу одоо хүртэл намайг эргэж ирсэнгүй гэхэд хөгшин нугас,
- Чи тэр хагардаггүй өндгийг надад үзүүл. Тэр лав нэгэн зүйл тахианы өндөг биз. Би нэгэн удаа мэхлэгдэж их л зүдэрсэн билээ. Тэр тахианы цурвага уснаас айх тул усанд оруулах гэж их ядсан билээ гэв. Мөн үргэлжлүүлэн,
- Өндөг чинь аль вэ, надад үзүүл. Ай, энэ өндөг лав миний хэлснээс зайлахгүй. Үүнийг дараад яах вэ. Харин бусад дэгдээхэйгээ самрахад сургахыг бод! гэсэнд өндөг дарагч нугас өгүүлрүүн,
- Би бас нэг жаахан хэвтээд үзье. Өдий удаан хэвтсэнээс хойш бас нэг жаахан дараад хэвтэхэд ядах юу байх вэ гэхэд хөгшин нугас,
- За тэгвэл өөрөө мэд гээд явав.Тэгж тэгж өнөөх том өндөг хагараад шив шив гэсээр дэгдээхэй гарч ирэв.
Бие нь маш том бөгөөд үзэшгүй муухай тул эх нугас үзэж үзэж,
- Энэ яасан том хэлбэр галбиргүй муухай дэгдээхэй вэ? Бусдаас яасан ондоо амьтан гарав. Нугас биш юм болов уу. Мөн бишийг нь үзнэ дээ. Усанд түлхэж оруулъя гэж бодов.
Хойд өдөр нь сайхан дулаан өдөр болж, нар их л ээж байв. Нугас дэгдээхэйнүүдээ дагуулж татаалын зүг очоод усанд пал хийтэл харайж ороод гуаг гуаг гэж дуудахад дэгдээхэйнүүд нь хойно хойноосоо цувран харайж ус руу шумбан орцгоов.
Нугас түүнийг үзээд өгүүлрүүн,
- Энэ миний хүүхэд болохоос гарахгүй. Түүний хөдлөх аашлахыг үзэгтүн. Хөлөөрөө сайхан сэлж байна. Энэ миний хүүхэд лав мөн гуаг гуаг, хүүхэд минь намайг дагаж явагтун. Би та нарт олныг таниулъя. Надаас битгий холдогтун. Мигуй гэж хэцүү дайсан бий шүү. Бас хааш хамаагүй явбал хүний хөл дор гишгэгдэж магадгүй байдаг тул хичээж явагтун. Би та нарыг нугасны газар аваачиж олон ах дүү нарт үзүүлье гээд нугасны газар дагуулан авчирсанд тэнд хоёр айл нугас могой загасны толгойг булаалдан хэрэлдэж байсан тул, их л дуу чимээ гарч байв.
Тэр шуугилдах самбаанд мигуй ирээд өнөөх хэрүүлтэй толгойг сэмхэн хулгайлан зугтсанд эх нугас тэр толгойд мөн санаархаж шүүрэхийг завдан амаа ангалзуулан өгүүлрүүн,
- Хүүхэд, энэ ертөнцийн явдал ийм байдаг шүү. Та нар тэр нэгэн хөгшин нугасны өмнө шаламгайлан очиж хөлөө хөдөлгөн хүзүүгээ бөхийлгөн ёслогтун. Энэ газар тэр нугас хамгийн их нэр хүндтэй нь бөгөөд испани угсаатай тул бие маш бүдүүн болой. Та нар түүний хөлд зүүсэн улаан бүчийг үзэгтүн, Тэр бол адилтгашгүй сайхан юм бөгөөд манай нугасны олох сайшаалын тэмдгийн дээд билээ. Түүнийг зүүлгэсэн нь хаанаас ч харагддаг. Хүн амьтанд шууд танигдана. Сайн сургаалтай дэгдээхэй аав ээжээ дууриаж, алцайж гишгэдэг. За одоо толгойгоо бөхийж гуаг гэж хэлэгтүн гэсэнд дэгдээхэйнүүд ээжийн заасныг дагатал бусад олон нугас үзээд,
- Бид энд цөөдөөд байсан юм шиг энэ хэдэн муусайн юм бас энд юунд хүрч ирэв. Тай, тай! тэр нэг дэгдээхэй нь яасан муухай юм бэ.
Бид тэрнийг энд байлгахгүй гээд нэгэн нугас хүрч ирээд дэгдээхэйн шилэн хүзүүнээс чимхээд авлаа.
Эх нугас үүнийг үзээд,
- Түүнийг битгий шоглогтун. Тэр та нарт муу юм хийгээгүй гэхэд тэр чимхсэн нугас,
- Тийм нь тийм. Гэхдээ даанч том, даанч хачин муухай тул түүнийг эндээс хөөвөл зохино гэсэнд хөлдөө тэмдэгтэй хөгшин нугас өршөөн хөхүүлэх байдал үзүүлэн өгүүлрүүн,
- Юутай сайхан хүүхдүүд вэ. Ганц нь л санаанд баахан дутуу болжээ. Үүнийг дахиад нэг дарж үзэхгүй юу гэхэд эх нугас өчрүүн,
- Ахайтан, тэгж одоо болохгүй байна. Түүний байдал үзэсгэлэнгүй боловч санаа нь маш сайн. Бас самрахад бусдаас дутахгүй харин ч баахан илүү гэж болно. Би, санавал өсөж торнихдоо сайхан болох байх аа. Тэр үед бие нь тэгш бага болж ч магад. Энэ лав өндгөн дотор удаан хзвтсэнээс болсон байх аа. Бас эр төрсөн тул царай барагтай ч гайгүй биз ээ. Үүнд тамирлаг чадалтай байдал бий тул хойшид биеэ дааж явж чадах биз ээ гэсэнд хөгшин нугас,
- Бусад дэгдээхэй цөм хөөрхөн байна. Та нар энд гэртээ байсан шиг байгтун. Могой загасны толгой олбол надад авчирч өгч болно гэхэд нугасны дэгдээхэйнүүд гэртээ байгаа мэт тухалж байлаа.
Гагцхүү өндөгнөөс хамгийн сүүлд гарч царай муут болсон хөөрхий тэр нэгэн дэгдээхэй л нугас байтугай тахианд ч хүртэл түлхүүлж тоншуулан хөөгдөв.
Бүгдээр түүнийг чи том гэж хөөнө. Хөөрхий дэгдээхэй шингэх багтах газар олж ядан олон нугасны шоо доог болж шоовдорлогдов.
Анхандаа ийм байсан нь хойш улам лавширч амьтан бүхэн түүнийг хөөнө.
Ax нар эгч нар нь ч түүнд муухай аашлан,
- Муу золиг чамайг мигуй бариасай гэж зүхнэ. Эх нь бас түүнийг надаас холдож зайлаасай гэнэ.
Муухай дэгдээхэйг нугас чимхэн зодож, тахиа тоншин адлах бөгөөд түүнийг шувууг тэжээгч шивэгчин ч өшигчин хөөх тул үргэлж зугтаасаар хашаа даван нисэн гарав. Хашаанаас ингэж даван гарсанд ой шугуйд байсан олон бялзуухай ч түүнээс цочиж үргэн нисэв. Эд миний муухайгаас цочсон биз гэж нүдээ аньж гүйсээр зэрлэг нугас суух нэгэн их намагт хүрээд тэрхүү намагтаа хэвтэж хонов. Өглөө нь зэрлэг нугас босож түүнийг үзээд,
- Чи хаанаас ирэв гэж асуухад дэгдээхэй түүн рүү чадах чинээгээрээ ёсолсонд,
- Яасан муухай амьтан бэ? гээд,
- Гэхдээ манайхантай гэрлэхгүй бол чиний муухай хэнд хамаатай билээ гэв.
Тайлбар:
мисэр - Египт
~Төгсгөл хэсэг~
Цааш нь...
Өвгөн юу хийнэ цөм сайн
Огноо 2014-09-18 at 14:30 Unknown- Энэ хэрэгт өвгөн чи надаас мэргэн байлгүй. Өнөөдөр хотод их худалдаа гарах юм гэдэг. Чи хот орж морио үнэ хүрвэл худалд. Эсвэл нэг юмаар арилж. Яасан ч чиний дур болтугай гээд өвгөнөө үнсээд зээлийн газар очиж худалдаа хий хэмээн явуулсанд өвгөн морио худалдвал ч худалдъя, арилжвал ч арилжъя гэж шийдээд морджээ.
Арилжаа наймаанд сүрхий ч өвгөн байж дээ. Тэр өдөр их хурц нар гарч, тэнгэрт нэг ч үүл үгүй байв. Хот орж худалдаа хийх хүн тэр өдөр их олон байсан тул морьтой нь морио унаж, тэрэгтэй нь тэргэндээ сууж, морьгүй нь явган алхаж их тоос босгон байв. Өдөр нь маш халуун байсны дээр замын хажууд сүүдэрлэх мод шугуй огт үгүй байжээ.
Өвгөнийг тэгж явж байтал нэг хүн сайхан үнээ тууж явав. Өвгөн үнээг хараад "Энэ сайн сүүтэй үнээ юм шиг байна мориороо солих юмсан" гэж бодоод,
- Хүүе, тэр үнээ туусан хүн гуай! Хоёулаа наймаа хийе, морь үнээнээс үнэтэй боловч надад үнээ хэрэгтэй байна. "Арилжвал арилжъя" гэхэд үнээтэй хүн "Тэгье, тэгье" гэв. Үнээг мориороо арилжиж авсанд өвгөн хэргээ бүтээлээ гээд гэртээ харьж болох байсан боловч нэгэнт зах зээлийн газар очъё гэж зориглосон учраас юутай ч гэсэн зах орж үзье гээд үнээгээ хөтлөн цааш алхтал нэг хонь хөтөлсөн хүн явж байв.
Түүнийг гүйцэн очвол хонь нь үс сахлаг тарган сайн хонь байжээ. Өвгөн тэр хонийг үзээд "Ийм нэг сайн хоньтой болох юм сан. Манай тэр сувгийн хажуу дахь нугын өвс ч тэжээлд нь элбэг хүрнэ дээ. Өвөл болохоор гэртээ оруулсан ч болно. Манайх шиг айлд үнээнээс хонь нь ч дээр юм шиг. Арилжина байгаа" гэж бодоод хонины эзэнтэй хэлэлцэж наймаа тохироод хонио хөтлөн цааш явав.
Тэгтэл нэг галуу сугавчилсан хүн тааралдахад өвгөн яасан тарган галуу вэ? Өөх, өд нь яасан их бол? Манай тэр усны хажууд аргамжихад ч бахтай амьтан юм санж дээ. Манай эмгэн нэг галуутай болох юм сан гэдэг. Хэрэв энэ галууг авбал хоолныхоо шавхрууг ч дэмий хаяхгүй болно гэж бодоод,
- Хүүе, галуутай хүн гуай. Арилжаа хийх үү? Би чамд энэ хонио өгөөд оронд нь галууг чинь авъя
гэв. Нөгөө галуутай хүн ч хариуд нь,
- Тэгвэл даруй арилжъя гэснээр өвгөн галуутай болжээ.
Хотод ойртсон тул замаар явах хүмүүс улам олшров. Замын хажууд нэг оодон сүүлтэй тахиаг хөлнөөс нь уясан харагдав. Тэр тахиа нүдээ анивчуулан газарт байгаа хоол тоншино. Байдал нь маш цатгалан, тэнүүн. Өвгөн тахиаг үзээд энэ юутай сайхан тахиа билээ. Ийм тахиаг ер үзсэнгүй. Манай айлын тахианаас лав дээр бололтой. Үүнийг авъя, тахиа бол хэзээ ч идэх юмаа өөрөө олж чаддаг амьтан. Галуугаараа арилжваас алдахгүй болов уу гэж бодоод,
- Арилжаа хийх үү? гэж тахианы эзнээс асуув.
- Тэгье тэгье гэж тахианы эзэн дуртайяа хариулав.
Өвгөн галуугаа тахиагаар арилжаад хот орох замдаа нилээд наймаа хийж халуунд их ч эцэж ядаж өлсөж цангасан тул гуанз орж хоол идэхээр болов. Ингээд өвгөнийг гуанз руу орж явтал нь гуанзны эзэн хүн туламтай юм барьж гарахаар явж байгаад босгон дээр өвгөнтэй мөргөлджээ. Өвгөн,
- Чиний наадах чинь юу юм бэ? гэж асуувал гуанзны хүн,
- Гахай тэжээх зориулалттай ялзарсан алим нэгэн тулам байгаа юм гэв.
Өвгөн "Ай юутай сайн хэрэг вэ. Миний хөгшин үзээсэй. Ноднин жил манай саравчны хажуугийн алимны хөгшин модонд цорын ганц алим ургасан байсныг эмгэн минь үзээд их сайхан юм гэж хэлж байсан. Одоо үүнийг авч очоод үзүүлбэл яах бол" гэсэнд гуанзны хүн,
- Та энэ туламтай алимыг аваад хариуд нь надад юу өгөх юм бэ? гэхэд өвгөн,
- Энэ тахиагаа өгье гэжээ.
Тахиагаа өгч туламтай ялзарсан алимыг аваад гуанзны лангуу руу очихдоо туламтайгаа зуух түшүүлэн тавив. Зууханд гал түлснийг өвгөн мэдсэнгүй. Галласан зууханд халсан жимснүүд нь час часхийн дуугарч хайрагдаж эхэлжээ. Гэтэл тэр гуанзанд бас хоёр англи хүн сууж байжээ. Тэр хоёр зуухны хажууд час час гэсэн сонин чимээ гарахыг бас сонссон байна. Тэр бол туламтай алим нь халуун зууханд жигнэгдсэнээс гарсан дуу байж. Хоёр англи хүн энэ юу болов гэж очоод учрыг нь өвгөнөөс мэдэв.
Өвгөнийг морио үнээгээр арилжиж, үнээгээ хониор, хонио галуугаар арилжиж яван явсаар ялзарсан алим болгосныг мэдээд "Өвгөн чи гэртээ буцвал хэцүүднэ байх даа. Эмгэн чинь үүнийг яавч зүгээр өнгөрүүлэхгүй" гэсэнд өвгөн өгүүлрүүн,
- Эмгэн маань намайг яах ч үгүй. Өвгөн юу хийсэн ч цөм сайн гээд үнсэх биз гэв. Англи эрс яасан ч тийм юм болохгүй гэж өвгөнтэй мэтгэлцээд зуун янчаанаар мөрий тавъя гэсэнд өвгөн саналыг нь хүлээж аваад тэр хоёр англитай гурвуул ялзарсан алим жимсээ гуанзны хүний тэргэнд ачиж гэртээ хамт хүрч очив.
- Эмгэн минь сайн байна уу? гэв.
- Сайн байна гэхэд өвгөн,
- Арилжаа наймаа хийгээд ирлээ гэжээ. Тэгтэл эмгэн,
- Тэгэлгүй яах вэ, чи минь наймааны эзэн шүү дээ гээд өвгөнийг тэврэв.
- Би морио үнээгээр арилжсан гэж өвгөн хэлэв. Эмгэн,
- Юутай сайн, юутай сайн. Одоо бид сүүтэй цай, цагаан идээ, бяслагтай байх болно. Юутай сайн арилжаа вэ гэтэл өвгөн нь өгүүлрүүн,
- Тэр үнээгээ би хониор арилжсан гэсэнд эмгэн бас л,
- Сайн, сайн. Чи яасан цэцэн хүн бэ? Манай энд ургах ногоо хонинд элбэг хүрнэ шүү. Одоо бид хонины сүүтэй, хонины бяслагтай, бас ноосон цамцтай, ноосон оймстой болох нь. Үхрээс юуны ноос гарах билээ. Ай юутай цэцэн өвгөн бэ чи гэхэд,
- Тэр хонио би галуугаар арилжсан гэв. Тэгэхэд эмгэн,
- Тэгвэл бид сайн өдөр идэх галуутай болж дээ. Чи миний сэтгэлийг ямагт баясгаж байдаг юутай сайн өвгөн бэ? Ийм сайхан санааг яаж олов. Галууг аргамжвал болно. Бас өвөл болтол их таргална биз ээ гэхэд,
- Галуугаа би тахиагаар арилжчихсан гэв. Эмгэн бас л баярлан өгүүлрүүн,
- Тахиагаар арилжлаа гэв үү. Юутай сайн наймаа вэ? Тахиа өндөглөнө, өндгөө дарвал хашаа дүүрэн тахиатай болно. Энэ бол миний туйлын хүсэл шүү дээ гэхэд өвгөн бас л хэлэв.
- Тэр тахиагаа би бас арилжиж нэг тулам ялзарсан алим жимс болгосон гэсэнд,
- Юун сайн хэрэг вэ, би чамайгаа үнсье. Чи юутай сайн хүн бэ? гээд цааш өгүүлрүү,
- Надад бас хэлэх үг байна. Чиний явсан хойно чамд гогодтой, өндөгтэй сайн хоол хийж өгсүгэй гэж бодоод хоол хийтэл гогод дутав. Айлд гогод байгааг мэдээд гуйсан боловч тэр айлын эм харамч эм байж. "Юун гогод вэ? Манайд гогод байхгүй. Гогод байтугай, ялзарсан алим ч манайд байхгүй гээд надад гогод өгсөнгүй. Гэтэл одоо бид ялзарсан алимтай болов. Гэтэл чи минь бүр тулмаар нь аваад ирж. Яасан сайн хэрэг вэ" гээд өвгөнөө үнсэв. Англи эрс өгүүлрүүн,
- Энэ бас таатай хэрэг ээ. Улам доройтох тусмаа л улам баярлах юм. Ийм зүйлд мөнгө төлж мөрийгөө алдахад гомдох зүйл алга гээд мөрийцсөн янчаанаа тоо ёсоор нь өвгөнд өгөв. Өвгөн юу хийвч цөм сайн гэж энэ дээ.
Цааш нь...
Хааны шинэ хувцас
Огноо 2014-04-15 at 10:59 UnknownТэр хаан өдөр бүр, цаг тутамд сольж өмсдөг олон хувцастай аж. Бусад хаад вангуудыг хаана байгааг асуух юм бол их чуулганы танхимд бий гэдэг үг ихээхэн сонсогддог бол харин энэ хааныг хаана байгааг асуух юм бол хувцасны өрөөнд саатан морилж байгаа гэсэн үгийг л их сонсох биз ээ. ...
Хааны нийслэлд олон түмэн цөм жаргалтай суух бөгөөд хаант улсад нь гадаадын хүмүүс ч олноор ирнэ. Нэг өдөр хувцсанд дуртай хааны эзэнт улсад гадны хоёр луйварчин ирээд ийм цуу үгийг тараажээ,
- Бид бол тансаг эд торго нэхдэг улс. Бидний нэхсэн торгонд хорвоод хосгүй нэг шид бий. Тэр нь юу вэ гэвэл, энэхүү торгоор хийсэн хувцсыг ухаан муутай тэнэг мулгуу, албан тушаалдаа тэнцэхгүй хүмүүс хардаггүй юм. Энэ цуу яриаг сонссон хаан " Ямар сонин эрдэмтэй эд гээч тэр вэ. Ийм эдээр хувцас хийлгэвэл тэнэг хүнийг амархан ялгаж, албан тушаалдаа тэнцэхгүй түшмэлүүдийг мэдэж болох нь ээ. Тэр шидтэй эдээр нэг хувцас нэхүүлж авъя" гэж шийджээ.
Ингээд нөгөө хоёр луйварчныг дуудуулж хаант улсынхаа сангаас өч төчнөөн мөнгө төлсөнд тэрхүү хоёр бачит луйварчин торго нэхэх суурийг өмнөө байрлуулан тавьж их л хичээнгүйлэн нэхэж байгаа дүр эсгэн хөдөлж тонголзох болов. Бас байн байн тэргүүн зэргийн торго мяндас авахад хэрэгтэй болов хэмээн хаант улсын сангаас нэмж мөнгө аван тулмандаа хийх бөгөөд энэ байдлаараа тэд харанхуй шөнө болтол "ажиллав". Хаан боджээ. "Энэ хоёрын нэхэж байгаа ажил аль хэрдээ явж байгаа бол. Харагдахгүй юм, асуудаг юм билүү?" Гэвч тэнэг мулгуу хүнд тэр сайхан эд нь харагддаггүй юм гэснийг дуулсан болохоор дотроо бас баахан эмээж байв.
Тэгээд юутай ч гэсэн ажлын явцыг шалгах хүсэл нь дийлж тэрээр хоёр луйварчин руу байцаан шалгах түшмэл илгээхээр болжээ. Хаант улсын иргэд бүгд тэрхүү гайхамшигт хувцасны тухай сонсож дуулсан тул хүн бүр хэн нь тэнэг болохыг үзэх гэж их л яарцгаана.
Хаан боджээ. Шадар сайд өвгөнөө л тэр хоёр оёдолчин руу явуулъя. Тэр бол албан тушаалдаа тэнцэхээр, цэцэн шударгуу хүн тул энэ ажилд яг зохино гэж үзэв.
Ингээд шадар сайд өвгөн нь тэрхүү хоёр луйварчны хувцсаа нэхэж буй байдлыг шалгахаар очоод, нүдэнд харагдах юм алга байгааг харав. Хоёр луйварчин ч өвгөн сайдыг ойртож ирээд үзэж шалга гэв. Хоёр луйварчин хоосон газар руу зааж хувцас нэхэж буй торгоны өнгө хээ, чанар сайн байгаа биз, хэмээн асуусанд хөөрхий өвгөн сайдад хэлэх үг олдсонгүй. Хичнээн нүдээ бүлтийлгэн харавч нүдэнд нь торох зүйл үзэгдсэнгүй. Дэмий л дотроо ингэж бодов "Ай би тэнэг буюу. Түүнээс биш харагдах л ёстой баймаар. Үүнийг бусдад мэдэгдэж л хэрхэвч болохгүй. Тэгвэл би албан тушаалаа алдана. Тиймээс энэ эдийг үзсэнгүй, харсангүй л гэж хэлж хэрхэвч болохгүй."
Харин энэ үед хоёр бачтаны нэг нь,
- Та яагаад дуугүй байна вэ? хэмээн асуусанд өвгөн сайд нүдэндээ шилээ зүүгээд ингэж өгүүлэв,
- Аяа, энэ их сайхан торго байна. Өнгө хээ нь ч тун сайхан зохиж. Та хоёрын нэхсэн эд миний санаанд их нийцэж байна. Энэ тухай би хаанд өөрийн биеэр уламжлан айлтгах болно гэжээ. Хоёр нэхэгч өвгөн сайдад талархаад хорвоод хосгүй хувцасныхаа өнгөний зохицлын талаар дахин тайлбарлав. Өвгөн сайд буцаж очоод хаандаа энэ тухай айлтгав.
Өвгөн сайдыг буцсаны дараа хоёр луйварчин хөлс мөнгийг улам ихээр шаардан нэхэх нь нэмэгдэж авсан бүгдээ тулмандаа хийж байв. Хаан бас дахин өөр нэг түшмэлийг явуулж хоёр оёдолчны ажлыг шалгуулсанд тэр түшмэлийн нүд ч гэсэн өмнөх сайдын адил болж хувцас нэхэж буй гэх сууриас өөр юуг ч олж харж чадсангүй. Хоёр луйварчин ч өөрсдийн нэхэж буй хувцасны өнгө хээ, материалын сайныг магтаж сайхан эд байгаа биз хэмээн асуусанд тэрхүү түшмэл, "Би ямар тэнэг амьтан биш дээ. Юу ч олж харахгүй байна гэх юм бол энэ сайхан албан тушаалаа алдаж таарна" гэж боджээ. Ингэж бодоод тэрээр хоёр луйварчны үгийг дагав. Тэгээд хаанд буцаж очоод үнэхээр тансаг сайхан эд байна гэж айлтгажээ.
Хотын ард олон бүгд энэхүү тансаг сайхан эдээр хийсэн хааны шинэ хувцасны тухай ярилцана. Эцэст нь хаан өөрийн биеэр тэрхүү эдийг үзэхээр болж өмнө очиж ажил шалгасан хоёр түшмэлийн хамт бачит хоёр луйварчин дээр хүрч очлоо. Тэр хоёр ч хааныг үзээд хийж буй ажлаа улам илүү хийж, хамаг ур чадлаа гаргаж байгаа мэт дүрийг үзүүлэв. Хоёр шадар түшмэл ч урагш гарч хоосон суурийн зүг заан тэрхүү гайхамшигт эдийн өнгө гэгээ, зохицлыг анхааран үзнэ үү хэмээн хаанаа урив. Тэгээд хаанаасаа ингэж асуув,
- Үнэхээр гайхамшигтай байгаа биз? Үүнд хаан гайхаж "Энэ ямар жигтэй хэрэг вэ? Миний нүдэнд юу ч харагдахгүй юм. Энэ юуны ёр вэ? Би тэнэг мулгуу юм болов уу? Эсвэл хаан суудалдаа тэнцэхгүй байна уу? Энэ ямар хэцүү хэрэг вэ?" хэмээн бодов. Тэгээд өндөр дуугаар ингэж өгүүлэв,
- Аяа, үнэхээр сайхан эд байна. Миний санаанд яв цав нийцэж байна, хэмээн толгой дохиход олон дагагсад нь юу ч харагдахгүй байхад яаж байгаа юм бол хэмээн гайхацгаав. Дэмий л хааны үгийг даган би л хоцорчих вий гэсэн шиг "Үнэхээр сайхан эд юм, гайхалтай сайхан" гэж шагшран магтацгааж, баярлалдан хөөрөлдөцгөөв.
Дараагийн удаагийн их ёслолоор залрахдаа энэхүү шинэ хувцсаа өмсөх болно, хэмээн хаан айлдаад энэхүү гайхамшигтай хувцсыг хийж өгсөн хоёрыг одон тэмдгээр шагнаж "Хааны шадар нэхмэлч" цолыг олгов. Их ёслолын урьд өдөр тэр хоёр луйварчин нэхсэн эдээ гарган авч буй дүрийг үзүүлсний дараа том хайч барин хоосон загвар хайчилж, утасгүй зүүгээр их л нямбайлан оёж шидэж байгаа дүр гаргав. Эцэст нь нэг юм хааны шинэ хувцас бэлэн болсныг зарлав.
Сайд түшмэл бараа бологчдоо цөмийг дагуулсаар хаантан өөрийн биеэр залран ирэв. Хоёр луйварчин ч тостой гараар баримгүй шинэ хувцсыг барьж буй дүр үзүүлэн гараа өргөн ийн өгүүлэв:
- Харагтун. Энэ бол өмд, энэ бол цамц болой. Харин энэ бол нөмрөг. Энэ бол бусад дотоод хувцас. Бүгд аалзны шүлс мэт хөнгөн тул өмссөн хүнд огт мэдрэгдэхгүй. Хааныг дагалдан яваа олон түшмэл дэмий л шинэ хувцсыг шагшран магтаж хоосон газар руу цоо ширтэн зогсоцгооно. Хоёр луйварчин ч хаанд хандаж,
- Хаантан, та одоо хуучин хувцсаа халах ажаамуу. Бид танд шинэ хувцсыг чинь өмсгөе, гэсэнд хаан ч хуучин хувцсаа тайлав. Хоёр бачтан хаанд шинэ хувцсыг нь өмсгөж байгаа дүр эсгэн хэсэг сүржигнэв. Ингээд шинэ хувцсаа өмсөж дуусаад хаан толины өмнө очиж нааш цааш эргэлдэн шинэ хувцсаа шинжив. Олон бүгдээр хааны шинэ хувцсыг магтан шагширч гайхан биширснээ дор дороо өгүүлэв.
- Аяа энэ хувцасны өнгө гэрэл юутай сайхан бэ? Манай хаанд мөн сайхан зохиж байна шүү. Үнэхээр эрхэмсэг тансаг хувцас мөн дөө гэлцэв. Энэ үед хааныг хаант улсынхаа ард олонд гарч ёслох цаг болсныг дуулгав. Хаан ч "За би бэлэн боллоо" гээд шинэ хувцсаа дахин нэг засаж толины өмнө очин ганц хоёр эргэлдэв. Дараа нь ард олон руугаа гарахаар хааныг алхахад шинэ хувцасных нь нөмрөгийг барих хүмүүс ч даган ухасхийв. Учир нь тэрхүү гайхамшигт шинэ хувцсыг нь олж харахгүй тэнэг амьтан болж харагдахаас тэд айж байсан тул дэмий л гараа өргөн нөмрөг барьж яваа мэт дүрийг эсгэж байв.
Хааныг төрийн их ёслолдоо ихэмсэг байдлаар залран явахад хурсан олон бүгдээр хааны шинэ хувцсыг шагшин магтана.
- Ай, тэнгэр минь, манай хааны хувцас үнэхээр өгүүлшгүй сайхан ажээ. Хааны биед их зохистой сайхан таарч. Манай хаанд зохихгүй хувцас гэж ямар байх биш дээ гэлцэн байв. Тэнэг мангуу амьтан болж харагдах, албан тушаалдаа тэнцэхгүй амьтан гэж хэлэгдэхээс бүгд эмээх тул хааны шинэ хувцсыг харахгүй байгаа хэдий ч бие биенээсээ өрсөн магтаалын үгийг харамгүй урсгана. Хааны олон хувцаснуудаас үүн шиг олныг гайхуулан бишрүүлж үгийг нь барсан хувцас өмнө нь нэг ч байгаагүй билээ.
Ингэж байтал харин нэг бяцхан жаал,
- Манай хаан шалдан байна! гэж хашгирсанд цугларсан олон тэр жаалын үгийг сонсоод,
- Эзэн хаан нүцгэн явж байна, энэ жаал хааныг шалдан явж байна, гэж хэллээ хэмээн өвөр зуураа шивнэлдэн шуугилдав. Хаан энэ үгийг "үнэн үг" хэмээн ойлгож ихэд ичсэн боловч арга буюу нэгэнт гарснаас хойш хувцастай хүн шиг л явж байгаад дуусахаас өөр мэхгүй үлджээ. Ингэж бодоод харин ч улам ихэмсэг байдал гарган алхахад хааны нөмрөгийн хормойг баригч нар ч царайгаа төв болгон гараа намбатай нь аргагүй хий өргөж дээгүүр харан алхлав аа.
Цааш нь...
Эмзэгхэн гүнжийн үлгэр
Огноо 2014-03-26 at 11:49 UnknownИнгээд өглөөний нар мандахад үүлэн цагаан морио унаад гүнжийн эрэлд гарч хөрш зэргэлээх хаант улсуудаар хэрэн хэсэж явав гэнэ. Яваад л байж, яваад л байж. Ханхүү олон гүнжтэй уулзсан боловч тэдний аль нь ч түүний мөрөөдлийн гүнж биш байлаа. Нүд нь онигор, нүүр нь сэвхтэй, хамар нь том, хацар нь цулцгар, эцэнхий туранхай, эмсгий шүдтэй, махлаг бүдүүн, майга хөлтэй гээд гүнж бүхэнд ханхүүгийн сэтгэлд нийцэхгүй ямар нэгэн өө байжээ. Ингээд л түүний эрэл мухардаж нутаг буцахаас өөр аргагүй болж гэнэ. Явж явж ядарч туйлдан, горьдлого тасарсан ханхүү их л уруу царайтай гэртээ иржээ. Тэгээд шууд л өрөөндөө орж тааз ширтээд гиюүрэн хэвтлээ.
Гэнэт бараан үүл хуралдан бүүдийгээд тэнгэр дуугаран, цахилгаан цахиж, ширүүн аадар орлоо. Энэ нь ханхүүд хурмаст тэнгэр түүнтэй уйтгар гунигийг нь хуваалцан уйлж байгаа юм шиг санагджээ. Хаан, хатан хоёр хүүгийнхээ ийнхүү шаналж байхыг хараад сэтгэл нь их зовних ажээ. Гэтэл шөнө дөлөөд хэн нэгэн ордны хаалгыг цохиж гэнэ. Хаалгач “Энэ усан борооноор хэн ирдэг байна аа” гэж бодоод дэнлүү барьсаар очиж, шагайвчаар харвал бороонд шалба цохиулсан залуухан бүсгүй зогсож байв гэнэ. Тэр “Намайг оруулаач” гэж царайчлан гуйжээ. Хаалгаа нээвэл түүний үс гэзэг, хувцас хунарыг нь дагаад борооны ус шоржигнотол гоожиж байлаа.
Хүмүүс ярилцах чимээнд сэрсэн хаан, хатан хоёр ордны хаалга руу дөхөж ирэхэд өнөөх бүсгүй,
- Би харь гүрний хааны гүнж билээ. Ойд зугаалан эрвээхий хөөж байгаад бараа бологчдоосоо төөрчихсөн юм. Гэтэл түнэр харанхуй болж, ширүүн аадар бороо ороод шалба цохиулчихлаа. Азаар алсаас харагдах гэрлийг чиглэн явсаар энд ирлээ гэж учирлажээ.
Тэд охиныг ордондоо оруулан хуурай хувцас өмсгөж бүлээн сүү уулгав. Хатан “Суугаад дулаацаж бай охин минь, одоохон чамд ор засаж өгье, сайхан унтаж амар” гэж хэлэх зуур түүний санаанд нэг юм зурсхийн орж ирлээ. Хатан шивэгчнээрээ ор засуулахдаа “Нэг ширхэг вандуйн дээр хорин зөөлөн гудас, хорин хөвсгөр хөнжил тавиарай” гэж шивнэжээ. Тэгээд “Үнэхээр гүнж мөн эсэхийг чинь шалгаж мэдэхэд амархан, жинхэнэ гүнж л энэ вандуйны үрийг мэдэрч чадах эмзэг танхил биетэй байж таарна” гэж боджээ.
Ядарч туйлдсан өнөөх бүсгүй ямар ор засаж өгснийг анзаарах ч сөхөөгүй дэрэн дээр толгой тавиад л зүүрмэглэж эхлэв. Маргааш өглөө нь хатан өнөөх бүсгүйгээс яажшуухан унтаж амарсныг нь асуувал,
- Намайг хонуулсанд тань туйлын их баярлалаа. Тус болсон хүмүүст гомдол мэдүүлэлтэй биш дээ. Гэхдээ үнэнийг хэлэхэд би бүхэл шөнийн турш багагүй зүдэрч хоносон шүү. Доороос нэг хатуу юм нухаад, бие минь сүрхий буларчихлаа гэж хариулжээ. Хатан үүнийг сонсоод түүнийг жинхэнэ гүнж болохыг нь мэдэж дуу алдан баярлав гэнэ. Хаан, хатан руугаа гайхан харав. Тэгтэл хатан нь түүнд бүх учрыг тайлбарлан ярьжээ. Тэгээд хатан энэ баярт мэдээгээ хүүдээ дуулгахаар яаран гүйж одлоо.
Энэ үеэр охиныг усанд оруулж, гоёмсог сайхан даашинз өмсүүлэхэд үнэхээр л жинхэнэ гүнж ийм байдаг болов уу гэмээр үзэсгэлэн төгс харагдаж байлаа. Гүнжийг харсан ханхүү ч мөнөөх охины гоо сайхныг шагшин гайхаж ухаангүй дурлаж гэнэ. Гүнжид ч гэсэн ханхүү ихэд таалагдсан тул тэд удалгүй гэрлэн аз жаргалтай амьдарч, амар сайхан жаргажээ. Жинхэнэ гүнжээ олж авахад нь тусалсан өнөөх ганц ширхэг вандуйны үрийг ханхүү эрдэнэсийн хайрцагтаа нандигнан хадгалсан гэдэг.
Цааш нь...
Гахай маллагч
Огноо 2014-03-21 at 12:21 UnknownТэр ханхүүгийн цэцэрлэгт таван жилд ганцхан удаа цэцэглэдэг нэгэн сарнайн бут байдаг байлаа. Ингэж цэцэглэхэд нь ганцхан сарнай л дэлгэрнэ. Гэвч тэр сарнай нь зуун сарнайтай тэнцэхүйц анхилуун сайхан үнэртэй. Түүнийг үнэртсэн хүний уйтгар гуниг дорхноо л хийсэн арилдаг байж гэнэ. Бас түүнд нэгэн алтан гургалдай бий. Алтан гургалдай нь энэ ертөнцийн хамгийн гайхамшигт эгшиг аялгууг дуурсгаж, хоёгүй яруухан жиргэнэ. Ханхүү сарнай, алтан гургалдай хоёроо нэг нэг мөнгөн хайрцагт хийгээд сэтгэлт гүнждээ илгээжээ. Охиноо ханхүүтэй гэрлээсэй хэмээн хүсэж байсан хаантан, илгээмжийг баяртай хүлээн авч ордны их танхимд оруулж тавихыг тушааж гэнэ.
Гүнжийг танхимд орж ирэхэд ордны хатагтай нар “Зочин ирлээ” гэдэг хөгжмийг тоглон алга ташин дуулж бүжиглэсээр угтжээ. Мөнгөн хайрцгуудыг гүнж хараад,
- Энэ дотор чинь бяцхан муужгай байгаа юм биш биз гэжээ. Хайрцгийг задлахад дэлгэрэн дэлбээлсэн сарнайн бут гарч иржээ. Ордны хатагтай нар “Ямар сайхан үнэртэй, юутай сайхан сарнай вэ” гэж дуу алдахад хаан,
- Сайхан гэж хэлэхэд ч багадана. Энэ бол хосгүй гайхамшигт сарнай байна гэж догдлон хэлж гэнэ. Гүнж сарнай цэцгийг барьж үзсэнээ,
- Пөөх, аав аа энэ сарнай чинь хиймэл биш жинхэнэ юм байна шүү дээ гэж уйлагнаж гэнэ. Ордны хатагтай нар,
- Жинхэнэ сарнай л хамгийн сайхан шүү дээ гэж шивнэлджээ. Хаантан,
- Уурлаж урваганахын оронд нөгөө хайрцагт нь юу байгааг үзээч гэж охиндоо хэлжээ. Гүнж хайрцгийг нээтэл дотроос нь алтан гургалдай гарч ирээд хуран цугласан олны сэтгэл санааг ариустал гайхалтай яруухнаар жиргэж гэнэ. Гэтэл нэгэн өвгөн түшмэл,
- Энэ шувуухайн жиргээ чинь өөд болсон хатны эгшигт хайрцгийн аялгууг санагдуулчихлаа гэжээ. Хаан,
- Тиймээ. Яг адилхан сонсогдож байна гээд хатнаа дурсаж, хүүхэд шиг уйлав гэнэ. Алтан гургалдай элчийн гар дээр суухад гүнж ойртож очоод,
- Наад шувуу чинь бас жинхэнэ юм уу? гэж асуужээ. Элч,
- Тэгэлгүй яах вэ? Энэ чинь жинхэнэ алтан гургалдай шүү дээ гэхэд гүнж уурлан хөмсөг зангидаж,
- Тэгвэл наадахаа цонхоор гаргаад нисгэж орхи. Би тэр ханхүүтэй чинь гэрлэхийг хүсэхгүй байна гэжээ.
Ханхүү элчийнхээ амнаас болсон явдлыг сонсоод гүнжийн зан аашийг их л гайхжээ. Тэгээд гүнж чухам юунд дуртайг мэдье гэж шийдээд хааны ордонг зорьж гэнэ. Тэр нүүрээ хар бараан өнгөөр будаж, ноорхой цоорхой хувцас өмсөөд хаанд бараалхаж гэнэ. Ханхүү,
- Танай ордонд хийчихмээр ажил байна уу гэхэд хаан,
- Ордонд чамд хийчихмээр ажил одоохондоо алга даа. Харин чи хүсвэл гахай маллаж болох юм шүү гэв. Ханхүү ч дуртай зөвшөөрч хааны гахайчин болжээ. Тэр гахайн байрныхаа хажууд бяцхан амбаарт амьдардаг байлаа. Гахайчны дүрд хувилсан ханхүү маань хоромхон ч зүгээр суудаггүй бөгөөд элдэв сонин зүйл урлах дуртай гэнэ. Ханхүү төдөлгүй нэгэн хосгүй эрдэмтэй тогоо урлажээ. Тэр тогоо нь амсраа тойрсон олон хонхтой бөгөөд хоол хиймэгц хонхнууд нь жингэнэн дуугарч,
Аяа миний хонгорхон Августин, Августин
Аз жаргал минь нисэн оджээ.
Августин, августин гэх нэгэн эртний дууг эгшиглүүлнэ. Тогооноос гарч байгаа ууран дээр гараа барихад хэнийх ямар хоол хийж байгааг хэлж өгч чадна. Ийм л ид шидтэй тогоо гэнэ.
Нэгэн өдөр гүнж ордны авхай нарын хамт зугаалж явснаа зогтусан,
- Хүүе ээ, “Хонгорхон Августин” байна шүү дээ. Би энэ дууг хөгжимдөж чадна. Манай гахайчин чинь ийм эртний дууг сонсож байдаг сүрхий эр юм аа. Алив чи очоод хөгжим нь ямар үнэтэйг асуугаад ир гэж авхай нарынхаа нэгийг явуулжээ. Гүнж үнэхээр энэ дууг ганц хуруугаараа дон дон хийлгэн хөгжимдөж чаддаг юмсанж. Гахайчин дээр очоод ирсэн авхай,
- Тэр чинь хөгжим биш шидэт тогоо байна. Тогоо нь дэндүү үнэтэй юм гэжээ.
– Хэд гэж байна? гэж гүнжийг лавлахад авхай,
- Хэлэхэд ч аймаар юм. Гахайчин “Гүнж намайг арав үнсвэл тогоогоо өгнө” гэж байна.
– Ёстой л нэг даварчихсан гахайчин байна даа гэж хэлээд гүнж цаашаа явах гэхэд ахиад л “Аяа миний хонгорхон Августин” гээд л сэтгэл татам дуу эгшиглэсээр байж гэнэ. Гүнж тэр тогоог авахыг бүр ч их хүсэж гэнэ. Тэгээд,
- Алив буцаад оч. Ордны авхай нарын хэн нэгний арван үнсэлтээр өг гэж хэл гэжээ. Гахайчин хариуд нь,
- Гүнж намайг арав үнсэхгүй юм бол тогоо маань наддаа л байж байг гэж хэлүүлжээ. Гүнж,
- Юутай тэнэг явдал вэ? Гэвч зөвшөөрөхөөс өөр арга алга. Тэр тогоо заавал минийх болох ёстой. Та нар биднийг хэнд ч харагдахааргүй хүрээлээд зогс гэж хэлээд гахайчинг арван удаа үнсэж тогоог нь авч гэнэ. Гүнж ордондоо саатаж тогооныхоо хонхыг жингэнүүлэн өөрийн ганц дуртай дуугаа сонсож, бас хэнийх ямар хоол хийж байгааг мэдсэнийхээ төлөө учиргүй их баясан хөөрч байв. Айл айлын хийж байгаа хоолыг алган дээрээ тавьсан мэт харах нь гүнж болоод авхай нарын хамгийн зугаатай ажил байлаа. Тэд тогооноос гарах аялгууг сонсон бүжиглэж дуулж байв. Гүнж,
- За, та нар амаа хамхиж яваарай. Би хааны гүнж шүү. Сая болсон явдлыг хэнд ч ярьж болохгүй гэхэд хатагтай нар “Тиймээ тийм. Тэгэлгүй яахав” гэцгээжээ. Гахайчин ханхүү маань ч ингээд гүнжийг элдэв дуу чимээ гаргадаг тоглоом наадгайд учиргүй дуртай болохыг нь мэдээд авчээ. Дараа өдөр нь ханхүү нэгэн эгшигт хайрцаг урлаж гэнэ. Эгшигт хайрцаг нь хажуудаа бяцхан товчлууртай бөгөөд товчлуурыг дарахаар янз бүрийн хөг аялгуу дуурсдаг ажээ. Тэр өдөр гүнж ордны авхай нарынхаа хамт мөн л түүгээр зугаалж байгаад эгшигт хайрцгаас уянгалах бүжгийн аялгууг сонсов гэнэ. Гүнж,
- Энэ чинь юутай яруухан аялгуу вэ? Лав их ховор хөгжмийн зэмсэг бололтой. Алив очоод ямар үнэтэйг нь мэдээд ир. Би харин түүнийг үнсэхгүй шүү гэжээ. Ордны авхай удалгүй эргэж ирээд, - Та зөв таажээ. Тэр нэг гайхалтай эгшигт хайрцагтай юм байна. Гэхдээ гахайчин галзуурснаас зайлахгүй. Гүнжийн зуун үнсэлтээр өгнө гэнэ шүү гэжээ. Гүнж,
- Тэгжээ. Тэр ёстой л солиорсон байна гээд явах гэснээ,
- Энэ эгшигт хайрцаг бол жинхэнэ урлагийн бүтээл мөн. Би чинь гүнж шүү дээ. Тийм болохоор урлагийг биширч хүндлэх ёстой. Түүнийг би арван удаа үнсье. Үлдсэнийг нь та нар үнсэнэ шүү. Гахайчинд миний үгийг очиж хэл гэжээ. Ордны авхай нар,
- Би гахайчинг үнсэх гэж үү? хэмээн дургүйцэхэд гүнж,
- Битгий донгос. Би түүнийг үнсэж болж байхад та нар яагаад болдоггүй юм. Тэгээд ч би та нарыг тэжээж тэтгэж, хооллож ундалдаг шүү дээ гээд уурлаж гэнэ. Гүнжийн хэлснийг нэг нь очиж гахайчинд хэлжээ. Гэтэл гахай маллагч ханхүү,
- Үгүй ээ, гүнж өөрөө л намайг зуун удаа үнсэх ёстой. Хүсэхгүй бол эгшигт хайрцаг маань намайг л баясгаж байг гэж хэлүүлжээ. Гүнж эгшигт хайрцгийг авахсан гэж тэсгэлгүй их хүсч байсан болохоор сүүлдээ арга буюу зөвшөөрч гэнэ. Ингээд ордны авхай нар даашинзныхаа хормойг дэрвийлгэн бариад гахайчин гүнж хоёрыг хүрээлэн зогсожээ. Гүнж гахайчинг дургуй ч гэсэн үнсэж гарч дээ. Гахайчинг үнсэхгүй болсондоо баяссан ордны авхай нар бүр ч хөгжилдөж гүнжийн үнсэлтийг дуу шуу болон тоолж байлаа. Яг энэ үед хаан салхилахаар тагтан дээрээ гарч гэнэ. Гэтэл гахайн байрны зүгээс авхай нарын шуугилдах чимээ сонсогджээ. Ер нь тэнд юу болоод байгаа юм бол очиж үзье гээд хаан ордноосоо гарч гэнэ. Үнсэлтийн тоог алдахгүйг хичээж байсан болохоор авхай нараас хэн нь ч хааныг дэргэдээ ирснийг мэдсэнгүй. Хаан тойрон зогссон авхай нарын дээгүүр өлмийгөө өргөн өндийж харвал охин нь гахайчинг шов шов, шув шув хийтэл үнсэж байх юм гэнэ. Наян зургаа дахь үнсэлтэн дээр нь хаан охиныхоо толгой руу шаахайгаараа дэлсэн авч, гахайчны хамт хаант улсаасаа хөөн явуулжээ. Орох орон, оочих аягагүй болсон хөөрхий гүнж гахайчинг дагаад л,
- Би ямар азгүй юм бэ? тэр ханхүүтэй л гэрлэдэг байсан юм гээд уйлж явав гэнэ. Гэтэл бороо орж тэд өтгөн саглагар модны дор саатжээ. Энэ чөлөөнд гахайчин өөр нэг модны ард орон хувцсаа сольж дэргэдэх булгийн усанд нүүрээ угаачихаад хүрээд ирж гэнэ. Ханхүү ямар ч үзэсгэлэнт гүнж мэхийн ёсолмоор сайхан залуу болон хувирсан байлаа. Гүнж алмайран гайхаж,
- Чи чинь гахайчин биш жинхэнэ ханхүү байна шүү дээ хэмээн уулга алдан өмнө нь сөхөрч гэнэ. Ханхүү,
- Тиймээ. Би жинхэнэ ханхүү байна. Чи жинхэнэ сарнай, жинхэнэ алтан гургалдайг огтхон ч тоогоогүй. Харин нэг муу инээдтэй жингэнэсэн тоглоом, эгшигт хайрцаг төдийхөнд сэтгэл зүрхээ өгч тэднийг авахын төлөө гахайчинг үнссэн. Тийм болохоор чи жинхэнэ ханхүүгийн хайрыг татаж чадахгүй гээд ордон руугаа яваад орчихжээ. Харин гүнж усан бороонд уйлан мэлмэрч зогсоход алсаас хэн нэг нь,
Аяа миний хонгорхон Августин
Августин, Августин
Аз жаргал минь нисэн оджээ.
Августин, Августин.... хэмээн дуулах нь сонсогдсоор л байв гэнэ.
Цааш нь...
Эрэлхэг тугалган цэрэг
Огноо 2014-03-19 at 10:37 UnknownХүү тэднийг шалавхан хайрцагнаас нь гаргаад ширээн дээрээ өрж гэнэ. Андуурмаар адилхан тугалган цэргүүдээс харин нэг нь өрөөсөн хөлтэй байх юм гэнэ. Түүнийг хамгийн сүүд цутгасан болохоор тугалга нь хүрээгүй юмсанж. Гэвч тэр үүндээ огтхон ч гутарсан шинжгүй бусдын адилаар, мөрлөсөн буугаа чанга атгаад бат суурьтай зогсож байлаа. Ганц хөл дээрээ ийнхүү зогсож байгаа нь харин ч түүний эрэлхэг зоригтойг илтгэж байв.
Ширээн дээрх олон тоглоомоос хатуу цаасаар урласан нэгэн гоё шилтгээн мөнөөх тугалган цэрэгт нэн содон харагджээ. Үзэмжит тэр ордны бяцхан цонхоор өрөө тасалгаанууд нь ив илхэн үзэгдэх юм гэнэ. Ордны яг өмнө нэг бяцхан толь хэвтэж байх нь цэнгэг сайхан нуурыг санагдуулна. Тэрхүү нуурын мандалд лааны тосоор хийсэн цав цагаан хунгууд өөрсдийгөө тольдон сэлж, хөвөөгөөр нь нов ногоон модод эгнэжээ. Энэ бүхэн эрэлхэг тугалган цэргийн харааг булаавч түүний зүрх сэтгэлийг шилтгээний нээлттэй хаалганы өмнө зогсох үзэсгэлэнт охин туйлаас догдлуулан баясгажээ.
Охиныг мөн л хатуу цаасаар хайчлан урлаж, од мичид шигтгэсэн нимгэн даавуун даашинз өмсгөжээ. Тэрээр турьхан хонгор мөрөн дээрээ хөх тууз тохсон байх бөгөөд, туузанд нь цэцгэн хэлбэртэй гоёмсог зүүлт хатгажээ. Охин хоёр гараа урагш сунган, өрөөсөн хөл дээрээ дэгэнцэн зоссон нь бүжиглэж буй бололтой. Дээш өргөсөн хөл нь даашинзных нь хормойд далдлагдаад тугалган цэрэгт харагдсангүй. Үүнийг тугалган цэрэг анзаараад, “Энэ охин бас над шиг өрөөсөн хөлтэй юм байна. Бид гэрлэвэл ямар их аз жаргалтай байх бол доо. Дэндүү их үзэсгэлэнтэй ч юмуу. Энэ охин ийм тансаг сайхан орд харшид амьдарч байгаа юм чинь сурвалжит дээд гаралтай байх. Гэтэл би жирийн нэгэн цаасан хайрцагт ах дүү хорин тавуулаа шахцалдан амьдардаг. Мэдээж энэ бүсгүйд миний муу цаасан хайрцаг гэр болж чадахгүй л дээ. Гэвч би түүнтэй танилцах л болно” гэж боджээ.
Тэр ингэж бодоод зогссонгүй тэп хийтэл үсрээд мөнөөх шилтгээний ойролцоо байсан хамрын тамхины хайрцагны ард очоод нуугдан зогсож гэнэ. Эндээс л бүжиглэж буй үзэсгэлэнт охиныг харахад хамгийн ойрхон байжээ. Үдэш болоход ах нар нь өнөөх тугалган цэргийг хайсан боловч олсонгүй гэнэ. Тэгээд цаасан хайрцагтаа орцгоолоо. Хүмүүс ч унтахаар хэвтэцгээж гэнэ.
Харин эрэлхэг тугалган цэрэг маань нэг хөл дээрээ тэвчээртэй зогсон цонхоор тусах сарны гэрэлд үзэсгэлэнт бүсгүйгээ харсаар л байжээ. Үдшийн нам гүм болмогц ширээн дээрх тоглоомууд бие биенийхээрээ зочлон дараа нь байлдаж, бас багт наадам зохиож тоглоцгоов. Тугалган цэргүүд тоглохсон гэж хүсэвч хайрцагныхаа тагийг нээж дийлсэнгүй. Хушга хаглагч хөөрч догдолсондоо годройтож унаад канар бялзуухайг сэрээчихлээ. Нөгөөдөх нь сэрээд шүлэглэн ярьж гарав. Харин тугалган цэрэг, бүжигчин охин хоёр л байрнаасаа огт хөдөлсөнгүй. Буугаа мөрөвчлөн, цэх шулуун зогссон цэрэг эр охиныг ширтсээр л байв.
Гэтэл яг шөнийн арван хоёр цаг болоход хамрын тамхины хайрцаг пүдхийн онгойж дотроос нь бүлтийсэн нүдтэй, чөрийсөн биетэй бяцхан чөтгөр гарч иржээ. Бяцхан чөтгөр хайрцагнаасаа үсрэн бууж ирээд,
- Хөөе, өрөөсөн хөлтэй тугалган цэрэг чи юунд тэр бүжигчин охиныг ширтээв? Наад охин чинь чамайг юу гэж тоох билээ? гэж хашхирахад тугалган цэрэг юу ч сонсоогүй дүр үзүүлжээ. Чөтгөр,
- За гайгүй ээ, өглөө болог гэж нэг л заналтай хэлж гэнэ. Өглөө болж жаалхүү сэрээд өнөөх тугалган цэргийг цонхны тавцан дээр аваачиж тавьжээ.
Тэгтэл гэнэт салхи хөдөлж цонх дэлгэгдэж гэнэ. Салхинд цохигдов уу, бяцхан чөтгөр түлхчихэв үү? Тугалган цэрэг гурван давхрын цонхны тавцан дээрээс годройтон унахдаа цардмал зам дээр бууныхаа жадаар зоогдож орхижээ. Жаалхүү эгчтэйгээ түүнийг хайхаар гарч гэнэ. Тэд тугалган цэргийг бараг л гишгэчих шахан хайсан боловч олсонгүй. Хэрвээ тугалган цэрэг “Би энд байна” гэж хэлсэн бол тэд дор нь олчих байлаа. Гэвч “Дүрэмт хувцас өмссөн цэргийн хүн байж гудамжинд хашхираад байх нь эвгүй юм” гэж бодоод таг дуугүй байж гэнэ.
Тэгтэл бороо орж, удалгүй бүр хувингаар цутгах мэт асгарчээ. Харин түр зуурын ширүүн бороо арилсаны дараа түүгээр тоглож явсан хоёр хүүхэд зам дээр жадаараа зоогдчихсон тугалган цэргийг олж харжээ.
– Хараач, тугалган цэрэг байна гэж нэг нь хэлэхэд, нөгөө нь,
- Өө, үүнийг чинь завинд суулгаад шуудууны усаар хөвүүлчихье. Сайхан аялал болно доо гэж гэнэ. Ингээд тэд сонин нугалж завь хийгээд тугалган цэргийг суулгаад явуулчихжээ. Тэр хоёр жаал ч завиа даган гүйсээр байж гэнэ. Суваг шуудуугаар урсах борооны ус давалгаалан үе үе завийг далбилзуулан хөмөрчих шахан байв. Гэхдээ л тугалган цэрэг буугаа чанга атган хараа дээгүүр, нуруу цэх, зоригтой явсаар байж гэнэ.
Тэгтэл гэнэт харанхуй нөмрөн нөгөө хатуу цаасан хайрцагтаа эргээд орчих шиг болжээ. Тугалган цэрэг “Би ер нь хаашаа яваад, юунд орчихов доо. Тэр муу чөтгөрөөс л болж байгаа юм. Үзэсгэлэнт охин дэргэд минь явсан бол үүнээс харанхуй байсан ч би айхгүй дээ” гэж бодож гэнэ. Үнэндээ, завь гүүрэн доогуур яваад орчихсон юмсанж.
Гэтэл хажуухнаас нь үлэмж том биетэй усны харх үсрэн гарч ирээд,
- Хөөе, цэрэг эр хүлээ. Үнэмлэх бичгээ үзүүл гэж хашхирчээ. Харин тугалган цэрэг хариу хэлэлгүй буугаа чанга атгасаар яваад өнгөрч гэнэ. Мөнөөх харх түүний хойноос ус үсчүүлэн, шүдээ хавирсаар нэхэн хөөж,
- Хөөе, зомгол сүрэлнүүд ээ наадахаа бариад ав. Наадах чинь бичиг баримтгүй яваа юм шүү гэж хашхирч байжээ. Хархны хашхирахыг сонссон юм шиг усны урсгал бүр ч ширүүсэж, завь ч улам хурдалсаар гүүрэн дороос гарч ирэхэд эрэлхэг тугалган цэргийг гэрэл гэгээ угтжээ.
Одоо л нэг сайхан аялах нь дээ гэж бодтол ямар ч зоригтой дайчин эр айн сүрдмээр их чимээ гарч гэнэ. Ингээд тугалган цэрэг завьтайгаа борооны усны шуудуунаас жинхэнэ урсгал ус руу хөвөөд орчихов. Ийм их усанд жинхэнэ завиар явахад ч аюултай шүү дээ. Гэвч завийг зогсоох ямар ч арга байсангүй. Завь их ус руу хөвөн орж хүрхрээ рүү шидэгдэн дороо хэдэн удаа эргэлдсэнээ живж эхэлжээ. Ус эхлээд тугалган цэргийн бүсэлхийгээр, дараа нь хоолойгоор нь татаж удалгүй бүр толгой дээгүүр мэлтэлзээд ирж гэнэ шүү. Хөөрхий тугалган цэрэг эцсийн мөчид үзэсгэлэнт бүжигчин бүсгүйгээ дурсан “Түүнийг дахин хэзээ ч харахгүй нь дээ” гэж бодтол:
“Яваад бай, яваад бай, байлдагч минь
Ямагт бид зоригтой байвал
Ялалт амжилтанд хүрнэ шүү” гэсэн үгтэй нэгэн дуу санаанд нь оржээ. Дуундаа зоригжин усны эргүүлгээс гарах гэж зүтгэж байтал араа шүд нь арзайсан аварга загас дайран хүрч ирээд залгиж орхижээ.
Аварга загасны гэдсэн дотор аймшигтай харанхуй, цухалдмаар бүгчим ажээ. Гэвч тугалган цэрэг буугаа чанга атгасан, зоригтой золбоотой хэвээрээ байж гэнэ. Тэгтэл нөгөө загас хэд хүчтэй муриганан цовхочсоноо огт хөдөлгөөнгүй болчихжээ. Тугалган цэрэг ч энэ завшаанд жаахан унтаж хажуулаад авчээ. Гэнэт нүд гялбам гэрэл гарч, цахилгаан цахих шиг болоход тугалган цэрэг сэржээ. Тэгтэл тугалган цэргийг залгисан аварга загасыг загасчин барьж аваад зах дээр зарж орхисон юмсанж.
Загасыг худалдаж авсан эзэгтэй гал тогоондоо авчран хутга сэрээ гялалзуулан ходоод гэдсийг нь цэвэрлэжээ. Ингэж цэвэрлэж байхдаа тугалган цэргийг олж гэнэ.
– Хүүе ээ, энэ чинь тугалган цэрэг байна шүү дээ гэж дуу алдсанаа эзэгтэй түүнийг хоёр хуруугаараа чимхэн бариад зочдын өрөөнд орж ирэхэд гайхалтай тэрхүү аялагчийг гэр бүлээрээ үзэж сонирхоцгоов.
Харин тугалган цэргийг ширээн дээр тавихад, тэр бүр ч гайхалтай зүйлсийг олж харж гэнэ. Саяхан сууж байсан өрөө, танил хүүхэд, тоглоомууд, хатуу цаасаар хийсэн нөгөө гайхамшигт ордон, үүдэнд нь зогсох бүжигчин бүсгүй бүгд харагджээ. Тэр бүжигчин мөн л урьдын адил нэг хөлөө өргөн, өрөөсөн хөл дээрээ зогсож байх юм гэнэ. Сэтгэл нь догдолсон тугалган цэрэг баярласандаа золтой л тугалган нулимс унагачихсангүй. Цэргийн хүн уйлж болохгүй гэсэндээ тэсэн өнгөрөөжээ. Бүжигчин охиныг хайрын харцаар ширтэхэд, охин ч бас түүн рүү инээмсэглэн харсаар байж гэнэ. Гэтэл уяралтай энэ агшинд хаалга сэвхийн онгойгоод, тасалгаа нэвт үлээх салхинд бүжигчин охин хийсэн агаарт бүжиглэх мэт эргэлдсэнээ онгорхой байсан пийшингийн амаар орчихож гэнэ. Тугалган цэрэг араас нь үсрэн пийшин рүү орсон боловч хожимджээ. Дүрэлзэн асах галын дөл бүжигчин охиныг хоромхон зуур үнс болгон хувиргасан байлаа. Хайр дурлалдаа шаналсных ч юм уу, хамаг бие нь халуу шатсан тугалган цэргийн өнгө будаг нь хууран хайлж эхэлжээ. Маргааш нь тэр айлын охин пийшингээс үнс гаргахдаа зүрхэн хэлбэртэй хэсэгхэн цагаан тугалга бас түлэгдэж харласан цэцгэн зүүлт олжээ. Эрэлхэг тугалган цэрэг, үзэсгэлэнт бүжигчин охин хоёроос үлдсэн юм ердөө л тэр боловч тоглоомын гайхамшигт ертөнцийн үнэнч хайрын түүх байсан юм даа.
Цааш нь...
Их бага Клаус
Огноо 2009-04-19 at 17:31 UnknownЭрт урьд цагт нэгэн тосгонд Клаус нэртэй хоёр хүн амьдарч байжээ. Тэдний нэг нь дөрвөн морьтой, нөгөө нь ганцхан морьтой юмсанжээ. Дөрвөн морьтойг нь их Клаус, ганц морьтойг нь бага Клаус гэнэ. Бага Клаус долоо хоногийн зургаан өдөр ганц мориороо их Клаусын газрыг хагална. Хариуд нь долоо дахь өдөр түүний дөрвөн морийг авч өөрийнхөө талбай дээр ажилладаг байв.
Нэгэн өдөр бага Клаус таван мориор газраа хагалж байлаа. Хүмүүс сүмд мөргөхөөр түүний дэргэдүүр явж өнгөрнө. Бага Клаус таван морио ташуурдан “Ээ хээ, морьд минь давхиад байгаарай!” гээд хөндийгөөр нэг золбоотой нь аргагүй хашхиран байв гэнэ. Үүнийг нь хажуугаар явж байсан их Клаус сонсоод, “Чамд ингэж хэлэх эрх байхгүй, морьдын ганц нь л чинийх шүү дээ” хэмээн газар дэвслэн омогдов гэнэ. Дараагийн удаа бага Клаус мөн л “Морьд минь, зүтгээд байгаарай” хэмээн хашхиран газраа хагалж байхтай их Клаус таарч “Чи яагаад хэлсэн үг авдаггүй юм бэ? Хэрэв чи дахиад миний морьдыг өөрийнхөө гэж хэлэх юм бол би ганц морийг чинь цохиж ална шүү” гэж нүүрээ мэнчийлгэн, нүдээ улайлгаж ирээд уурлаж гэнэ. Бага Клаус, “Тэгэлгүй яахав, их Клаус минь, би дахин тэгж хэлэхгүй” гэж амлажээ.
Тэгтэл хүмүүс хажуугаар нь өнгөрөхдөө: “Сайн уу, бага Клаус аа? Таван мориор газраа хагалаад сайхан байх шив дээ?” гэж хэлэхэд нь баярлаж хөөрсөндөө: “Тийм шүү, миний морьд мөн ч чадалтай шүү” хэмээн бардамнан хэлж орхив гэнэ. Энэ удаа их Клаус уураа барьж дийлсэнгүй гэр рүүгээ гүйн ороод сүх авчирч бага Клаусын морины духан дундуур ганц цохивол морь газарт үхэдхийн унажээ.
Бага Клаус:
- “Ээ! Хайран морийг минь алчихлаа гэж үү? Одоо би яаж амь зуух билээ?” гэж ихэд харуусан уйлжээ.
Ингээд бага Клаус үхсэн мориныхоо арьсыг салхинд тавьж сайтар хатаагаад хатсан ширээ шуудайд хийн хот орж худалдахаар явжээ. Явсаар байгаад гүн ойд төөрчихөв гэнэ. Эргэж буцан мунгинасаар арайхийн замаа олвол аль хэдийн үдэш орой болсон байж гэнэ. Хот ороход дэндүү хол, буцаад явахад бүр хол, хаашаа ч явсан харанхуй шөнө нөмрөх гээд байв.
Гэтэл замын хажууд нэг байшин байхыг олж хараад “Ээ ашгүй, энд хоног төөрүүлье байз” гэж бодон үүдий нь тогшвол гэрийн эзэгтэй хаалгаараа шагайв. Бага Клаус төөрсөн учраа хэлж, гэртээ хонуулахыг гуйвал эзэгтэй: “Би нөхрийнхөө эзгүйд танихгүй хүн хонуулахгүй” гэж хэлээд хамры нь хавчих шахан хаалгаа хаачихжээ.
Бага Клаус байшингийн дэргэдэх сүрлэн дээвэрт амбаар дээр авирч гараад унтахаар хэвтжээ. Эзэгтэй цонхныхоо хөшгийг хаагаагүй байсан тул амбаар дээрээс байшин доторх бүх зүйл илхэн харагдаж байлаа. Ширээн дээр шарсан мах, утсан загас, нарийн боов, хатуу дарс өрөөстэй байх агаад эзэгтэй сүмийн хонхчинг дайлж байв. Бага Клаус “Болдогсон бол энэ хоёртой хамт наргихсан” гэж шүлсээ залгин хэвтэж байтал морин төвөргөөн сонсдон гэрийн эзэн болох тариачин эр ирж явлаа. Эзэгтэй тэвдэн амтат хоолоо пийшин дотор, лонхтой дарснуудыг орон дор тавьж, харин сүмийн хонхчинг авдар дотроо нуухыг бага Клаус нэгд нэгэнгүй харжээ. Амбаар дээрээс бууж очоод төөрсөн учраа хэлвэл тариачин эр гэртээ дагуулан оров гэнэ.
Эзэгтэй тэр хоёрт будаа аягалж өгөхөд гэрийн эзэн ихэд өлссөн тул амтархан идэж гарчээ. Харин бага Клаус пийшин дотор нуусан амтат хоолыг идэх аргыг сүвэгчлэн хөлийнхөө дэргэд тавьсан шуудайтай ширэн дээрээ шархийтэл гишгэжээ. Тэгснээ бөхийн: “Чшш, чимээгүй бай л даа” гэж хэлэв. Гэрийн эзэн ихэд гайхан “Чи хэнтэй яриад байна аа? Наад шуудайд чинь юу байгаа юм бэ? гэж асуувал бага Клаус: “Энэ дотор шидтэн байгаа юм. Тэр бид хоёрыг будаа бүү ид, пийшин доторх мах, загас, нарийн боовыг ид” гэж догосч байна гэв. Ингэж хэлэхийг сонссон эзэгтэй ихэд сандран учраа олохгүй тэвдэж байна гэнэ. Тариачин эр ч гайхаж пийшингийн амыг нээж харвал хэлсэн бүгд байлаа.
Тэр хоёр амттай хоолоо идэж цадахад бага Клаус шуудайтай ширээ дахин шархийлгэн дуугаргавал тариачин эр: “Шидтэн чинь бас юу гэнэ вэ? гэж асуув. Бага Клаус чагнаж буй дүр эсгэснээ “Энэ удаа тэр бидэнд орон дор гурван шил дарс илбэдэн буй болголоо” гэж хэллээ гэхэд нь эзэгтэй бүр тогтож суух газраа олж ядан айжээ. Тариачин эр орон доогуураа шагайн хараад үнэхээр гурван шил дарс байсанд мэл гайхаж, бага Клаусыг шидтэнтэй юм байна гэдэгт үнэхээр итгэжээ.
Тэр хоёр дарс уун нэлээд халамцсаны дараа гэрийн эзэн: “Бага Клаус аа, би чөтгөр гээч юмны тухай сонсож байснаас, харсангүй. Чиний шидтэн надад чөтгөр гэж юу байдгийг үзүүлж чадах уу?” гэж асуув. Бага Клаус авдарт сүмийн хонхчин нуугдсаныг санан: “Миний шидтэн хүссэн бүхнийг минь биелүүлдэг юм. Тийм биз дээе? гэж хэлээд шуудайгаа өшиглөж тонгойн шивнэв. Тэгснээ сонсож буй дүр үзүүлэн толгой дохин: “Авдар дотор чинь чөтгөр хийчихлээ, алдчихав мэдээтэй байгаарай” гэж хэллээ гэв. Энэ удаа эзэгтэй айснаас царай нь цонхийн муужран унав гэнэ. Харин тариачин авдраа нээж харснаа учиргүй сандарч: “Ти.... тий... тийм байна. Энд чөтгөр байна” гэж хэлээд бушуухан тагийг нь буцаан тавьж цоожлов.
“Үгүй ер өө, энэ чөтгөр манай сүмийн хонхчинтой андуурмаар адилхан юм байна шүү” хэмээн ихэд хачирхан гайхаж гэнэ.
Тариачин эр, бага Клаус хоёр шөнөжин дарс уун наргиж хоножээ. Өглөө эрт гэрийн эзэн: “Чи надад шидтэнээ худалдаач. Би уут дүүрэн алтан зоос өгье” гэж шалж гарав. Бага Клаус цааргалах мэт дүр үзүүлснээ дараа нь зөвшөөрч гэнэ. Харин тариачин эр түүнээс авдартай чөтгөрийг авч явахыг гуйжээ. Бага Клаус түүнд шуудайтай ширээ өгч, оронд нь авсан уут дүүрэн алтан зоос, авдартай сүмийн хонхчинг тэргэн дээрээ ачин гэрийн эзэнтэй салах ёс хийжээ.
Тэргээ түрж явсаар нэгэн голд тулж ирээд гүүрэн дээр гарав. Тэгээд сүмийн хонхчинд сонсогдохуйц чанга дуугаар: “Энэ хүнд авдрыг тэргэнд түрж өөрийгөө зовоож байхаар усанд хаяж орхиё” гэж хэлээд нэг булангаас нь өргөж жаахан өндийлгөвөл ихэд айсан сүмийн хонхчин: “Амийг минь өршөө, алтан зоос өгье” гэж хашгирч гарчээ.
Бага Клаус сүмийн хонхчноос бас уут дүүрэн алтан зоос авч, гэртээ харьж ирээд тариачин эрийн өгсөн зоостой хамт тоолж гарав. Тоолоод тоолоод баршгүй их алттай болсон тул жинлэж үзэхээр шийдэн дэнсийг нь гуйлгахаар хүүгээ их Клаусынх руу явуулжээ. Гэтэл их Клаус юу хэмжихийг нь мэдэх гэж дэнсний ёроолд давирхай түрхээд өгч гэнэ. Бага Клаус алтан зоосоо жинлэж хэмжээд дэнсийг буцааж өгвөл ёроолд нь гурван алтан зоос наалдсан байжээ.
Их Клаус, бага Клаусынд хар эрчээрээ харайлган ирээд: “Чи хаанаас ийм их алттай болоов?” гэж шижир алтан зоосуудыг ширтэн шуналтай нь аргагүй асуув. Бага Клаус: “Зах гарч адууны ширээ арилжаад ийм их алттай боллоо” хэмээн түүнийг хуурчээ. Их Клаус ч яаран гэртээ харьж, дөрвөн морио цохиж алаад арьсыг нь өвчин шуудайлж үүрээд хот оржээ. Олон хүн үймсэн, хөл ихтэй зах дээр ирээд “шир аваарай, шир аваарай” хэмээн дуу хадаан хашгирвал гуталчин, элдүүрчин хүмүүс үнийг нь асууж гэнэ. Их Клаус: “Уут дүүрэн алтан зоосоор солино. Хямдхан бол зарахгүй” гэж хэлэхэд хүмүүс “биднийг доромжлов” хэмээн тал талаас нь уурсан балбаж гарчээ. Ичиж балмагдсан их Клаус арайхийн амь зугатан гараад “зальт муу бага Клаусыг заавал цааш нь харуулна даа” хэмээн занаж явав.
Энэ үед бага Клаусын эмэг эх нь нас баржээ. Бага Клаус хөөрхий эмээгээ орон дээрээ хэвтүүлж өглөө болохыг хүлээн өрөөний буланд гашуудан суув гэнэ. Шөнө дундын үед их Клаус сүр сархийн гэрт нь орж ирээд орон дээр хэвтэх эмэг эхийнх нь толгой дундуур сүхээ далайн ганц цохичихоод гараад гүйхэд нь “ намайг алах санаатай байж шүү” хэмээн бага Клаус бодон хоцорчээ.
Маргааш өглөө тэрээ талийгаач эмэг эхээ тэргэн дээр суулган унахааргүй даруулж уяад оршуулахаар авч явав. Замд дэн буудал тааралдахад нь өлсөж байсан тул хоол идэхээр орж гэнэ. Дэн буудлын эзэн хэдий их баян ч, цочмог ууртай нэгэн байлаа. Түүнийг харсан бага Клауст нэг санаа төрж: “Чи гараад тэргэн дээр суугаа эмээд минь аяга халуун цай хүргэж өгөөч. Чангахан хэлээрэй, чих хатуутай юм шүү” гэжээ. Буудлын эзэн аяга цай барин тэрэгний дэргэд очоод: “ Хүү чинь танд аяга цай өгүүллээ” гэж хэлэв. Талийгаач эмгэн юм дуугарсангүйд буудлын эзэн: “Хүүе, та сонсохгүй байна уу, цай авчирлаа гэж байна” хэмээн уцаарлавал эмгэн тоосон шинжгүй харагдав гэнэ. Тэгтэл буудлын эзэн “Хүүш, хөгшин зөнөг минь, хүү чинь цай өгүүлээд байна” гэж чадлаараа хашгираад ч сонсохгүй байсан тул багтартлаа уурлан аягатай цайг нүүр рүү нь цацаад, угзарч, угзарч татан эмгэнийг унагачихав гэнэ. Энэ чимээнээр бага Клаус гарч ирээд түүнийг заамдан авч: “Чи эмээг минь алчихлаа. Духы нь хар, том нүх гарчихсан байна” гэвэл буудлын эзэн ихэд айж чичрэн: “Ка...Ка...Клаус минь, миний буруугаас боллоо. Би чамд алтан зоос өгье, бас эмэг эхийг чинь оршуулахад тусална. Харин энэ тухай хүнд бүү хэлж үзээч” хэмээн гуйж гарчээ.
Ийнхүү бага Клаус эмээгээ оршуулаад дэн буудлын эзний өгсөн алтан зоосыг авч харьжээ. Бас л алтан зоосоо жинлэхээр урьдын адил дэнсийг нь авчруулахаар хүүгээ Их Клаусынх руу явуулжээ. Гэтэл их Клаус “Үхчихсэн байх ёстой хүн чинь юу гэнэ ээ? Ерөөсөө очиж үздэг хэрэг” гэж дэнсээ авч бага Клаусынх руу гүйж очив. Бага Клаусынд ирээд: “Хүүе, чи чинь үхчихээгүй юм уу гэснээ, хаанаас ийм их алтан зоос олоов?” гэж нүдээ бүлтийлгэн асуулаа. Бага Клаус: “Чи намайг биш, харин эмээг минь цохиж алсан шүү дээ. Харин би талийгаач эмээгээ хотод аваачин уут дүүрэн алтан зоосоор худалдчихлаа” хэмээв.
Их Клаус ч гэр рүүгээ яаран буцаж, эмээгээ цохиж алаад тэргэн дээр ачин хот руу явж гэнэ. Зах дээр очоод: “Үхсэн хүн аваарай, уут алтан зоосноос өгнө шүү” гэж хашгиран явахад нь олон хүн түүнийг элэглэн шоолж, “лавтайяа галзуурсан биз” гэлцжээ. Хүмүүс түүнийг тойрон бүчиж: “Наадах чинь тэгээд хэн юм бэ?” гэвэл их Клаус: “Би эмээгээ цохиж алсан юм. Одоо уут дүүрэн алтан зоосоор зарах гэж явна” гэж хариулахад хурсан олноос шоолох нь шоолж, уурлах нь уурлаж гарчээ. Гэтэл олны дундаас нэг хүн: “Эмээгээ хөнөөсөн яргачныг хаанд тушааж дүүжлүүлье” гэж хашгиралдахад хүмүүс түүнийг татаж унаган тал талаас нь балбаж гарчээ.
“Дүүжлүүлье” гэдэг үгийг сонсон Их Клаус сүнсээ зайлтал айж эргэж ч харалгүй зугатав. Бага Клаусыг бодохоос уур нь хүрч, “За яахав энэ удаа заавал чамайг зүйл дуусгана даа” хэмээн ууртай үглэн явжээ.
Тэгээд бага Клаусыг усанд живүүлэхээр шийдэн гэрт нь очиж: “Чи яасан их хүн залилдаг хүн бэ? Чамаас болоод би хайртай дөрвөн морио, бас эмээгээ хөнөөлөө. Адаг сүүлд нь олны элэг доог болж, баахан зодуулж, хэрэгт орох шахав. Яасан ч чамайг өршөөхгүй дээ” гээд бага Клаусыг барьж аван шуудайд хийж үүрээд гол руу алхав.
Замд нь сүм дайралдахад “Хүн хороож нүгэл хийх гэж яваа хойно орж мөргөөд гарья” гэж бодон шуудайтай бага Клаусыг үүдэнд орхиод оржээ. Энэ үеэр нэгэн малчин өвгөн сүмийн үүдээр үхрээ тууж явав гэнэ. Үүнийг анзаарсан бага Клаус: “Би ч их азтай хүн юм аа, цэл залуугаараа диваажинд очих нь ээ” гэж чанга дуугаар хашгирч гэнэ. Өвган хашхирахыг сонсоод: “Би нас дээр гарсан хөгшин хүн. Залуу зандан насандаа буян үйлдэж яваагүй учир тамд унаж юуны магад. Одоо л диваажинд очдог хэрэг” гэж бодоод бага Клаус дээр хүрч очив. “Би диваажинд очихсон” гэхэд бага Клаус: “Та үнэхээр диваажинд очихыг хүсэж байгаа бол намайг гаргаж, шуудайнд ор. Харин би үхрийг чинь хариулж байя” гэжээ. Өвгөн зөвшөөрч бага Клаусыг шуудайнаас гаргаад өөрөө дотор нь орж амыг боолгов.
Их Клаус сүмээс гарч ирээд шуудайг өргөтөл нэлээд хөнгөн болсон санагдсан тул “ Мөргөл үйлдэж нүгэл маань арилаад бяр оржээ” гэж бодон шуудайгаа үүрч явсаар малчин өвгөнийг гол руу шидэж орхив. Тэгээд нуруугаа үүрэн баяртай нь аргагүй харьж явтал замд нь баахан үхэр тууж яваа бага Клаусыг хараад зогтусч нүдэндээ ч итгэсэнгүй. “Энэ чинь юу болж байна аа. Би чамайг саяхан усанд живүүлсэн биш үү? гэвэл бага Клаус: “Тиймээ. Намайг голын ёроолд живж байхад хаанаас ч юм нэг лусын дагина гарч ирээд шуудайны амыг тайлж, амийг минь аварлаа. Тэр хэчнээн сайхан аальтай, юутай үзэсгэлэнт бүсгүй байсан гэж санана.
Надан өгөөмөр сэтгэлээр хандаж үхэр сүрэг бэлэглэсэн нь энэ. Дэргэдүүр минь загас сүлжин сэлээд, дээгүүр жараахай үсчин цовхчоод, өргөн нугаар үхэр сүргээ тууж явахад хичнээн сайхан байсан гэж санана” гэв.
Тэгтэл их Клаус: “Намайг очвол лусын дагина үхэр сүрэг бэлэглэх болов уу?” гэж асуухад нь бага Клаус: “Мэдээж, өгөлгүй яах вэ” гэж хариулжээ. “Тэгвэл чи намайг шуудайд хийж гол руу шидэж орхиоч” гэж их Клаусын гуйхад бага Клаус зөвшөөрч хоёул голын эрэг дээр очив. Их Клаус: “Гай болж, би живэхгүй хөвөөд байж юуны магад, шуудай дотроо нэг том чулуу хийчихье” гэв. Бага Клаус түүнийг том чулуутай хамт шуудайд хийн амы нь боож голд хаяад: “Чи хэзээ ч усны ёроолоос үхэр сүрэг олохгүй биз ээ” хэмээн хөгжилтэйеэ хэлээд үхрээ туун гэрийн зүг оджээ.
Ийнхүү авхаалжит сэргэлэн бага Клаус санаа муут их Клаусаас үүрд салан аз жаргалтай, амар жимэр амьдран суужээ.
Цааш нь...
Шидэт хэт
Огноо at 17:28 Unknown-Урт сэлэмтэй, уужим үүргэвчтэй цэрэг эрийн амрыг эрье. Харваас чи эрэлхэг эр байна. Ханатлаа цэнгэж, хагартлаа баяжих мөнгө чамд хэрэгтэй байгаа биз дээ гэж гэнэ. Цэрэг ч:
- Тэгэлгүй яах вэ, тэр их мөнгө чинь тэгээд хаана байгаа юм бэ? гэж асуужээ.
Эмгэн ойролцоох аварга том царс модыг заагаад:
- Тэр царс модыг харж байна уу? Тэр мод дотроо хөндий юм. Чи мод руу авирч гараад хөндийгөөр нь орж мухарт нь хүртэл явах хэрэгтэй. Бүсэлхийгээр чинь би олс уяя. Гарч ирэх болохоороо намайг дуудаарай. Чамайг би татаж авна гэж гэнэ.
- Би тийшээ ороод яах юм бэ? гэж цэрэг асуужээ.
- Алт, мөнгө авахгүй юу? Доошоо ороход чинь нэг том хонгил угтана. Тэр хонгилыг олон зуун дэнлүүгээр гэрэлтүүлсэн байгаа. Хонгилын төгсгөлд гурван хаалга бий. Хаалганд нь түлхүүр зоолттой байгаа. Эхний хаалгаар ороход хоймрын том авдар дээр аягын чинээ нүдтэй нохой хэвтэж байх вий. Битгий айгаарай. Чамд би хөх хормогч өгье. Түүнийг дэвсэж нохойг хэвтүүлээд авдрыг нээ. Дүүрэн зэс зоос байгаа. Түүнээс хүссэнээрээ л ав. Мөнгөн зоостой болъё гэвэл хоёр дахь хаалгыг нээгээрэй. Тээрмийн бул шиг том нүдтэй нохой тэнд хэвтэж байгаа. Айх хэрэггүй шүү. Нохойг хормогчин дээрээ өргөж тавьчхаад авдрыг уудлаарай. Цалин цагаан мөнгөн зоосноос чадлынхаа хэрээр аваарай.
Харин алттай болмоор санагдвал гурав дахь хаалгаар ороорой. Гэрийн тооно шиг том нүдтэй нохой чамайг хараад хэвтэж байна. Айж сандрах хэрэггүй. Эр зоригтой хүн рүү дайрдаггүй юм тэд чинь. Авч очсон хормогчин дээрээ хэвтүүлчхээд алтнаас нь хүссэнээрээ л аваарай гэж эмгэн хэлж гэнэ.
Хэлснээр чинь болдог бол сайхан л хэрэг байна. Хариуд нь чи надаас юу хүсээд байгаа юм? гэж цэрэг эр эмгэнээс асуужээ.
- Би чамаас сохор зоос ч авахгүй. Хөгшин эх маань олон жилийн өмнө тэнд хэт цахиураа мартаад гараад ирсэн юм. Түүнийг л надад аваад өгчих гэж эмгэн шулам хэлж гэнэ. Цэрэг эр:
- Алив наад олсоо аваад аль гээд бүсэлхийгээрээ уячхаад мод руу авирах гэтэл эмгэн хөх хормогч өгчээ.
Ингээд нөгөө цэрэг аварга том хөгшин царсны хонгилоор ороод явчихаж гэнэ дээ. Модны хөндийгөөр доош буухад эмгэний хэлснээр хэдэн зуун дэн асаасан их том хөндий байх юм гэнэ.
Цэрэг айж эмээсэн ч үгүй. Эхний хаалгыг нээгээд оржээ. Өө тэгтэл чинь, аягын чинээ нүдтэй нохой цэхийтэл хараад авдран дээр хэвтэж байна гэнэ.
“Чи ч ёстой сүрхий амьтан байна даа” гэж цэрэг эр хэлээд түүнийг эмгэний өгсөн хормогчин дээр өргөөд тавьчихжээ. Тэгээд авдрыг онгойлгож зэс зоосноос нь үүргэвчээ дүүргээд авч гэнэ. Дараа нь нохойг буцааж авдар дээр нь хэвтүүлчхээд хормогчоо аваад хоёр дахь хаалгыг нээхээр гарчээ.
Эмгэний хэлсэн бас л үнэн байлаа. Хоёр дахь танхимд тээрмийн бул шиг том нүдтэй нохой хэвтэж байх юм гэнэ. Цэрэг эр:
“Намайг битгий бүлтийтэл ширтээд бай” гэчхээд нохойг нөгөө хормогч дээр суулгаж гэнэ. Авдрыг уудалбал дүүрэн мөнгөн зоос байх юм гэнэ. Цэрэг эр өмнө авсан зэс зоосоо тэнд нь асгаж орхиод үүргэвчээ мөнгөн зоосоор дүүргэж авчээ.
Дараа нь гурав дахь хаалга руу хүрч очиж дээ. Яваад ортол гэрийн тооно шиг том нүдтэй нохой нүд нь эргэлдээр хэвтэж байна гэнэ. Цэрэг эр нохойны амар тэндийг эрснээ шуудхан нөгөө хормогчоо дэвсээд дээр нь суулгачихжээ. Авдрыг нь нээгээд үзсэн чинь дүүрэн алт байх юм гэнэ. Энэ их алтаар бүхэл бүтэн хотыг худалдан авсан ч хүрэлцэхээр санагджээ. Цэрэг эр ч үүргэвчээ ханзартал алт мөнгө чихэж авчээ. Тэр алт мөнгөө дааж ядан байв гэнэ. Тэгээд нохойг буцааж авдар дээр суулгаад үүдийг нь хаачхаад:
- Хөгшин шулам минь намайг татаарай гээд хашгирчээ. Эмгэн хариуд нь:
- Миний хэтийг авсан уу? гэж асуужээ.
- Өө, тэрийг чинь мартчихаж гээд цэрэг эр эргэж хэтийг нь авч гэнэ.
Алт мөнгө нь асгарч цутгасан цэрэг эрийг эмгэн шулам арай чүү гэж татаж гаргажээ. Цэрэг:
-Энэ хэт чамд ямар хэрэгтэй юм бэ? гэж асуужээ. Эмгэн:
-Чамд огт хамаагүй хэрэг. Одоо чи мөнгөтэй болсон. Хэтийг минь нааш нь өгөөдөх гэж гэнэ.
- Хэт ямар хэрэгтэйг хэлэхгүй бол хэдэн хэсэг болгоод цавчиж орхино шүү гэж цэрэг эр эмгэнийг айлгаж гэнэ.
- Үгүй, би чамд хэлэхгүй гээд эмгэн шулам хэтээ булаан авах гэтэл цэрэг эр:
-Энэ эмгэн шулам хүмүүс бидэнд ямар нэг муу юм хийх гэж байгаа биз гэж бодоод түүний толгойг тас цавчиж орхижээ.
Ингээд цэрэг эр алт мөнгө нь асгарч хальсан үүргэвчээ дааж ядан үүрээд хот руу алхжээ. Их сайхан хот байна гэнэ. Хотод очоод хамгийн тансаг, хамгийн үнэтэй буудалд бууж дуртай хоолоо захиалж идээд ёстой л хөлгүй баян хүн шиг хөлбөрч гарч дээ.
Гэтэл нэг удаа түүний гутлыг арчиж цэвэрлэж байсан хүн:
-Та ийм баян хүн атлаа тааруухан гутал өмсөх юм гэжээ.
Цэрэг үүнийг сонсоод тэр өдөртөө гутал хувцасны дээдийг авч өмсөөд жинхэнэ баян эрхэм шиг харагдах болжээ. Тэгтэл нөгөө үйлчлэгч бүр их хүндэлж хотын бүх сонин хачин, тэр байтугай хаан болон түүний үзэсгэлэнт гүнжийн тухай ярьж өгчээ. Цэрэг:
-Үзэсгэлэнт тэг гүнжийг чинь үгүй дээ нэг харах юмсан гэжээ.
Зарц хариуд нь:
-Энэ боломжгүй зүйл. Урьд нэг төлөгч хүн хааны гүнжийг жирийн нэгэн цэрэг эртэй гэрлэх юм байна гэсэн гэдэг. Хаанд энэ үг таалагдаагүй учир хэн ч нэвтэршгүй төмөр шилтгээнд охиныг хорьж байх болсон юм. Хаан хатан хоёроос өөр хэн ч түүнтэй уулзах боломжгүй гэжээ.
Цэрэг эр театрт юм үзэж, хааны цэцэрлэгээр зугаалж мөнгөө үрсээр л байлаа. Тэр угаасаа мөнгө төгрөгөөр дутагдаж гачигдаж өссөн болохоор ядууст мөнгөө баруун солгойгүй цацаж байжээ. Цэрэг эр олон найз нөхөдтэй болж түүнийг хот даяараа л сайхан сэтгэлт баян эрхэм хэмээн хүндлэн үзэх болжээ. Тэр мөнгөө үрж тараасаар эцэст нь хоёрхон зоостой үлджээ. Тэгээд буудлаасаа гарч дээврийн хонгилд амьдрах болж гэнэ. Гутал хувцсаа өөрөө цэвэрлэж, онгорхой цоорхойгоо ч оёж шиддэг болжээ. Анд нөхөд болон аврал тусламж хүсэн уулзаж байсан хүмүүс ч түүнийг мартжээ. Тэр нэг өдөр дээврийн хонгилдоо бяцхан гэрэл гаргах санаатай нөгөө хэтээ гаргаж ирэн цахиураар нь цахиж гэнэ. Гэтэл хэтийг цахимагц газар дороос аягын чинээ нүдтэй нохой гарч ирээд:
- Ноёнтон та юу хүсэж байна гэж гэнэ. Цэрэг эр ч:
- Энэ хэт чинь ид шидтэй болж таарлаа гэж бодоод тэр нохойд:
- Надад жаахан мөнгө хэрэгтэй байна гэж гэнэ. Нохой ч хэдхэн
Хормын дараа өмнө нь дүүрэн зэс зоостой уут зуучихсан зогсож байв гэнэ. Цэрэг эр хэтийг нэг цахимагц зэс зоосны, хоёр цахимагц мөнгөн зоосны, гурав цахимагц алттай авдрын манаач ноход гарч ирээд хамаг хүслийг нь биелүүлэх юм байна гэдгийг мэдэж авчээ. Тэр дахиад л баян болж өмнөхөөсөө ч олон хүндлэн бишрэгч найз нөхөдтэй болжээ. Тэгээд нэг үдэш:
- Би яагаад үзэсгэлэнт гүнжийг нэг удаа ч гэсэн харж болохгүй билээ. Хөөрхий гүнж яахаараа адгийн тэр төмөр шоронд хоригдож байх ёстой юм бэ? гэж бодоод хэтээ цахин аягын чинээ нүдэт нохойг дууджээ.
- Би тэр гүнжийг харахыг маш их хүсэж байна гэхэд нохой гав гэж ганц ч дуугаралгүй гараад явжээ. Гэтэл удаа ч үгүй байтал нөгөө нохой гүнжийг ор дэр юутай хүйтэй нь нуруун дээрээ тээгээд унтаагаар нь аваад ирж гэнэ. Гүнж үнэхээр хүсгүй үзэсгэлэнтэй тул цэрэг эр түүнийг хайрлан үнсэхгүй байж чадсангүй гэнэ. Ингээд гүнжийг баахан үнсчихээд сэрэхээс нь өмнө гэрт нь хүргэж өгчээ. Гүнж өглөөний цайгаа уух зуураа хаан аав, хатан ээждээ урьд шөнө аягын чинээ нүдтэй нохой унаж яваад алдартай нэгэн цэрэг эрд үнсүүлж байна хэмээн зүүдэллээ гэж ярьж гэнэ. Ээж нь:
- Ямар хачин зүүд вэ? гэж гайхахад аав нь зүүд мөн эсэхийг шалгах хэрэгтэй гэж бодож суужээ.
Тэгээд охиныхоо дэргэд ордны нэгэн хатагтайг нүд цавчилгүй сахиулан суулгах болжээ. Цэрэг эр үдэш болмогц гүнжийг дахин харахыг тэсгэлгүй хүсжээ. Нохой ч урьдын адил гүнжийг аваад шилтгээнээс гарч гэнэ. Харин ордын хатагтай араас нь дагасаар яваад орсон байшингийнх нь хаалган дээр цэрдээр тодоос тод чагт тэмдэг тавьжээ. Мөнөөх нохой гүнжийг шилтгээнд нь хүргэж өгчихөөд буцахдаа нөгөөх чагт тэмдгийг анзаарч бүх айлуудын хаалган дээр яг тийм тэмдэг тавьж орхижээ. Маргааш нь хаан хатан албаттайгаа гүнжийн очсон байшинг олох гэж явсан боловч айл бүхний үүдэн дээр тавьсан тэмдэг ижил байсан болохоор зорьсон хэрэг бүтэлгүй болжээ.
Хатан ухаалаг сэргэлэн хүн болохоор нэгэн арга сэдэж хоргой торгоор олон жижиг уут оёод будаагаар дүүргэж бяцхан нүх гаргаад охиныхоо хувцсанд бэхэлж орхижээ. Цэрэг эр гүнжийг бүр ч их хүсэн мөрөөдөж түүнтэй гэрлэе гэж бодох болжээ. Тэгээд бас л нохойгоо явуулж гүнжийг авчруулаад түүнийг таалан үнсэж гэнэ. Өглөө нь хаан, хааны албатууд будаа асгарсан замыг даган явсаар цэрэг эрийн байшинд орж түүнийг баривчилжээ. Хаан цэргийг гянданд хориод:
- Чамайг маргааш дүүжлэх болно гэжээ.
- Хэт надад байхад хэн ч намайг яаж ч чадахгүй дээ гэж цэрэг бодоод халаасаа тэмтэртэл түүнийгээ буудалд орхисноо сая мэджээ. Ингээд харанхуй гянданд үхлээ хүлээн суух болж гэнэ. Маргааш өглөөний нар ч манддагаараа манджээ. Гяндангийн төмөр сараалжин гэгээвчээр харахад түүнийг дүүжилж алахыг үзэхээр хүмүүс цугларч байх юм гэнэ. Гэтэл гяндангийн хажуугаар гүйж явсан хөвгүүний шаахай нь суга үсрээд төмөр сараалжин гэгээвчээр харж зогссон цэрэг эрийн нүүр лүү золтой л дэлсчихсэнгүй. Цэрэг эр хүүг дуудаж:
-Чи тийшээ яараад яах вэ? Дүүжлүүлэх ялтан нь би байна. Намайг очоогүй байхад тэнд юу ч болохгүй. Хэрвээ чи буудлаас хэтийг минь авчраад өгвөл чамд дөрвөн зоос өгье гэжээ. Хүү ч дөрвөн зоосны сургаар хөлийнхөө тавхайг гялалзуулан хурдалсаар хэтийг нь авчирч өгчээ.
Тэгтэл ч гяндангийн хаалга чахран дуугарч нээгдээд гав гинжтэй цэрэг эрийг дүүжлүүрийн зүг авч явжээ. Дүүжлүүрийн тавцанг тойроод олон арван цэрэг зогсож, хотын иргэд тэр аяараа цугласан байх юм гэнэ. Хаан, хатан, шадар түшмэдтэйгээ хүндэтгэлийн ширээнд заларсан байна гэнэ. Цэрэг эрийг тавцан дээр гарч ирэхэд ард олон түүнийг таньж:
- Сайн санаатан, өглөгч буянтан эрийг бүү дүүжил. Түүнийг суллах хэрэгтэй. Манай хаан харгис харамч. Харин энэ цэрэг эр бол харамгүй сайхан сэтгэлтэй хэмээн хашгиралдаж гэнэ. Хаан сандарч “Даруйхан түүнийг дүүжил” гэж тушааж гэнэ. Гэтэл цэрэг эр:
- Үхэх хүний сүүлчийн хүслийг ёсоор болгодог эртний ёс байдаг билээ. Хаан таныг зөвшөөрвөл эцсийн удаа ганц тамхи татаадахъя гэжээ. Хаан хэсэг тээнэгэлзсэнээ ард олны дургүйг хүргэхээс эмээж толгой дохин зөвшөөрч гэнэ.
Цэрэг эр хэтээ гаргаж ирээд гурван удаа цахимагц дэргэд нь аягын чинээ, тээрмийн булны чинээ, гэрийн тоононы чинээ нүдтэй аварга ноход нь гараад ирж гэнэ. Ард олон ч айх гайхах зэрэгцэн шуугилдаж гэнэ. Цэрэг эр нохдодоо:
- Амьд мэнд гарахад минь туслаач гэжээ. Ноход ч хаан хатан, шадар түшмэд, цэрэг эрс рүү уулгалан дайрч тэдний хөл гар, хүзүү толгойноос нь зууж агаарт ёстой л сэнсэн дүүгүүр мэт шидлэн хаяж шидийг үзүүлэв гэнэ. Хаан “Амийг минь өршөө” хэмээн хашгиран зугтааж байжээ. Яаж ч тэмцээд нэмэргүйгээ мэдсэн хааны цэргүүд ухран зугтаж гэнэ. Ард олон харин:
- Цэрэг чи бол жинхэнэ өгөөмөр сэтгэлтэн. Үзэсгэлэнт гүнжтэй чи гэрлэх ёстой хэмээн хашгиралдаж түүнийг сүйх тэргэнд хүндлэн суулгаж гэнэ шүү. Цэрэг эр гурван нохойгоо дагуулан явсаар гүнжийг хорьсон төмөр шилтгээний үүдэнд иржээ. Тэгээд хэрэм цайзыг нь эвдлэн охиныг чөлөөлөөд “Надтай гэрлээч” хэмээн гуйж гэнэ.
Гүнж ч өнгөрсөн шөнийн явдлууд зүүд биш, үнэн болохыг мэдэж хувь заяандаа итгээд түүнтэй гэрлэхийг зөвшөөрчээ.
Ийнхүү эр зориг, сайхан сэтгэлтэй эгэл нэгэн цэрэг үзэсгэлэнт гүнжтэй гэрлэж хот даяараа баясан цэнгэж хосгүй тансаг хурим долоо хоног үргэлжилжээ. Үнэнч сайн ноход нь ч бас найрын ширээний ард том нүдээ эргэлдүүлэн сууэ байв гэнэ. Хаан хатан хоёр цэрэг эрээс уучлал гуйж хамаг улсынхаа хагасыг нь түүнд бэлэглэж гэнээ.
Цааш нь...
Андерсен.Х.К
Огноо at 17:27 Unknown“Эрэлхэг тугалган цэрэг”, “Хааны шинэ хувцас”, “Нугасны муухай дэгдээхий” зэрэг олон гайхамшигт үлгэрээрээ дэлхий дахины бяцхан уншигчдын сайн танил болсон нэрт зохиолч, яруу найрагч Х.К. Андерсен 1805 оны 4-р сарын 2-ны өдөр Дани улсын Оденсе хэмээх хотод мэндэлжээ. 11-хэн настайд аав нь өөд болж өнчин хоцорсон бяцхан Андерсен өөрийгөө тэжээхийн тулд нэхмэлийн, тамхины үйлдвэрүүдэд хүнд хүчир ажил хийж хатуу хөтүү амьдралыг туулж өнгөрүүлсэн аж.
Андерсен багаасаа уран зохиолд маш их сонирхолтой хүүхэд байсан тул түүнд орой бүр эмээ нь Дани ардын үлгэр ярьж өгдөг байжээ. Тэрээр өөртөө жижигхэн тоглоомон театр, хүүхэлдэйнүүд хийгээд тэдэндээ хувцас оёж, В.Шекспирийн бүхий л жүжгийг цээжлэн хүүхэлдэйнүүдээрээ тоглуулдаг байжээ. Ийнхүү жүжиг болон ардын үлгэр сонихож эхэлснээр түүний уран зохиолын агуу их ажлын гараа тавигдсан түүхтэй.
Түүний үлгэрүүд гайхамшигт уран сэтгэмж, яруу дүрслэлтэй бөгөөд бодит амьдралын үнэн тусгал болж чадсан тул хичнээн уншсан ч уйдахын аргагүй билээ.
Цааш нь...







