Морь наймаалав.
Огноо 2010-01-20 at 13:43 UnknownБаадайн унаж яваа ганц морийг эвтэйхэн салгаад авчих гэж хүн бүхэн оролдоно. Нэг өдөр данжаад гуай дайралдаад
“Ай Баадай чи морио над худалдахгүй юу?” гэсэнд “Болноо! Болно! Энэ морь миний аян замд садаа болохоос биш нэмэр болох юм алга. Ингэхлээр чамд хямдхан өгчихнө!” гэсэнд данжаад моринд нь их л шохоорхон шунаж “Ай Баадай чи морио яаж өгнөө!” гэсэнд ... “Ногоон хурганы арьс, нэг, нохойн битүү туурай нэг, үнэгний эвэр нэг, үхрийн соёо нэгтэй өгчихвөл морио чиний гар дээр тавилаа” гэсэнд данжаад “Ай энэ төдийхөн юу байхав, би явж түшмэдээ дуудаад их сангаас гаргуулан авчирна. Чи энэ морины саравчинд хүлээж бай” гэж хэлээд яваад өгч гэнэ.
Тэр хойгуур нь Баадай морио нэг жалганд уяад гол уруудан явж байтал голын захад саяхан үхсэн нэг адууны сэг байхыг үзээд түүнийг өвчин арьсанд нь өвс чихэн амьд мэт болгон данжаадын морины саравчид оруулан багана түшүүлж зогсоогоод тэвшнээс нь өвс идэж байгаа мэт болгон тавиад хүлээн сууж байв. Данжаад Баадайн морины үнэд өгөх зүйлийг өдөржин хайгаад олсонгүй. Орой бүрий болоход арга барагдсан данжаад хүрч ирээд “Ай Баадай манай санд чиний захисан зүйл алгаа. Чамд яахав 100 лан мөнгө өгье! Болноо!” гэсэнд Баадай “За яахав чамд гээд хямдхан өгчихье! Одоо харанхуй болох нь би явахыг яарч байна” гээд 100 лан мөнгийг нь авч өвөртлөөд “За данжаад минь миний морь энэ хашаан дотор өвс идэж байна. Харав уу? Харин шөнө дунд босч ус өгөөрэй!” гэж өнөөх морины чихмэлийг заагаад Баадай морио авч унаад аль хэдийн алга болжээ.
Данжаад сайхан морьтой болсондоо баярлан “ Сайн мориор гурил тээрэмдэнэ ээ. Бас дахиад хожино оо!” гэж олон сайхан олз бодоод хувин дүүрэн ус авч морио услахаар морины хашаанд ороод тэвшинд ус хийсэнд морь эс хөлдөв гэнэ.
“Ай чи бас ярдаглана аа” гээд өшиглөсөнд морь нь пидхийн газар унав.
“Ай чи бас ус чамлана аа!” гээд дахин өшиглөсөнд бөгсөөр нь өвс сагсайн гарсан байхыг хараад “Ай тарган морь язардаг гэдэг энэ байх нь ээ?” хэмээн мэл гайхаж гэнэ.