Хүрэл хүү

Эрт урьд цагт нэг хаан байжээ. Тэр хааных нэг усчин, нэг үсчин өвгөнтэй юм гэнэ. Усчин өвгөн, Үсчин өвгөн хоёулаа үр хүүхэдгүй юм байжээ. Усчин өвгөн орой бүхэн “Үр хүүхэд хайрла” гэж бурхандаа мөргөдөг байжээ. Гэтэл тэндэхийн ууланд тэнэж жимс ногоогоор хооллож явдаг өнчин жаал тэнэж яваад Усчин өвгөнийг бурхандаа мөргөж байхад нь гэрийн нь араас сонсжээ. Тэгээд бурханых нь араар орж байгаад хэлсэн нь,
- Маргааш өглөөний ургах нарнаар нар ургах зүгээс хормой дүүрэн жимстэй, Хүрэл нэртэй хүү танайд ирнэ. ... Тэр хүүг бурхан та нарт хайрлаж байгаа юм гэжээ. Өвгөн баярлаж бурхандаа сүсэглэхийг сонсоод хүү ууланд гарч жимс түүгээд өглөө нь хэлсэн ёсоороо хормой дүүрэн жимстэй ирж гэнэ. Эмгэн өвгөн хоёр баярлан угтжээ.
“Усчин өвгөнд бурханаас хүү хайрлаж гэнэ” гэдэг яриа улсаар нэг тархжээ. Өвгөн эмгэн хоёр ч хүүдээ их хайртай, Хүрэл хүү ч тэр хоёртоо их сайн, ажил төрөлд нь их л тус болдог байжээ.
Гэтэл гэнэт хааны хатан хүндээр өвчилж хэвтэрт орж гэнээ. Орой бүр хотын урд нэг гал гараад байдаг байжээ. “Тэр юун гал болохыг үзээд ир” гэж хааны явуулсан хүмүүс эргэж ирдэггүй алга болдог гэнэ.
Гэтэл Усчин өвгөнийг хүүтэй болсонд үргэлж атаархаж явдаг Үсчин өвгөн хаанд очиж хэлсэн нь,
- Хаантан энэ Усчин өвгөний хүүг бурхан хайрласан гэдгийг та дуулсан байх. Тэгэхээр бурханаас заяагдсан тэр хүү л галын учрыг олж ирж чадна гэжээ. Хаан үүнийг дуртай зөвшөөрч Хүрэл хүүг дуудуулжээ. Хаан хэлсэн нь,
- За Хүрэл хүү чи маргааш орой болохоор тэр урд гардаг галыг очиж үзээд ир. Манай хатныг өвчтэй болсноос хойш л ийм гал гарах болсон юм гэж зарлиг болгожээ. Хүрэл хүү гунигтайгаар ирж эцэгтээ учрыг хэлжээ. Гэтэл Усчин өвгөн хэлсэн нь,
- За яахав, хүү минь үзээд л ирнэ биз. Зовох юмгүй. Харин эгц өөдөөс нь очиж ер болохгүй шүү. Бүр холуур тойроод араас нь очоорой гээд бурханыхаа авдрыг онгойлгож нэг жижиг сүх гаргаж өгөөд,
- Энэ чамд хэрэг болж мэднэ гэжээ.

Хүрэл хүү маргааш орой нь галыг очиж үзэхээр эцгийн заавар ёсоор явж галын цаанаас нь очжээ. Гэтэл нэг өндөр хар юм шороо самарч гал гаргаад хар дарцгаар хааны орон руу дохиж байна гэнээ. Тэгэхэд нь Хүрэл хүү “Цавчлаа шүү” гээд өндөр хар хүнийг сүхээрээ цавчаад авсан чинь юу ч үгүй болжээ. Харанхуйд тэмтрээд байсан чинь гарт нь нэг хүрэм бололтой юм тааралджээ. Түүнд нь сүхээ боож бариад гэртээ иржээ. Өвгөн эмгэн хоёр сайн явж ирсэнд нь баяр хөөр болон угтжээ.
Маргааш өглөө нь үзвэл тэр хаант гүрэнд байдаггүй тийм гоё торгоор хийсэн хүрэм байжээ. Хүрэл хүү хүрмээ аваад хаанд бараалхаж болсон явдлыг яриад хүрмээ бэлэглэж гэнэ. Хаан маш ихээр баярлаж Хүрэл хүүд хааны сангаас их хишиг хүртээжээ. Үүнд нь Үсчин өвгөн улам ихээр хорсож ямар аргаар Усчин өвгөний хүүг хорлох аргыг бодож байжээ. Хааны хатан ч тэр шөнөөс эхлэн бие нь сайжирч эв эрүүл болж гэнэ.
Нэгэн өдөр хорон санаат Үсчин өвгөн хаанд очиж хэлсэн нь,
- Усчин өвгөний хүүгийн авчирсан хүрэмний торго манай гүрэнд л байхгүй торго юм. Тэгэхээр хаантан та тэр торгыг олж ирүүлэхээр Хүрэл хүүг явуулбал тэр хүү заавал олж ирж чадна гэжээ. Энэ үгийг сонссон хаан дуртай зөвшөөрч Хүрэл хүүг дуудуулжээ. Хүрэл хүүг хаанд очиж бараалхахад хаан зарлиг болгосон нь,
- Хүрэл хүү чи энэ хүрмийг хийсэн торгыг надад олж авчирч өг. Олж ирвэл чамд их шан хүртээнэ. Эс олж ирвэл толгойг чинь авна гэжээ. Хүрэл хүү уг торгыг олохын тулд нөгөө хүрмээ аваад явжээ. Гэртээ очоод учрыг хэлбэл Усчин өвгөн, эмгэн хоёр уй гашуу болон ганц шараа тэргэнд хөллөж өгөөд явуулжээ. Хүрэл хүү нөгөө сүхээ хүрмэндээ боогоод аян замдаа гарч гэнэ.
Хүрэл хүү явсаар хэдэн улс гүрэн алгасан нэгэн хааны гүрэнд хүрч ирвэл тэндэхийн хааны хатан өвчтэй үхлүүт байдаг, шөнө сахиж хоносон хүн нь өглөө үхсэн байдаг тухай сонсжээ. Үүнийг дуулаад Хүрэл хүү хаанд “Танай хатныг сахиж хоноё” гэжээ. Өөрөө үхэхээр гуйж ирж байгаа хүнд хаан их баярлан дуртай зөвшөөрчээ. Хүү хатны өвчтэй байгаа гэрт орвол янз бүрийн хоол, чихэр жимс, айраг цагаа зэрэг амттан бүхэн өрөөтэй байжээ. Хүүг гэрт оруулаад гаднаас нь цоожилжээ. Хүрэл хүү төрөл бүрийн амттанаас ханаж цадталаа идэж авч гэнэ. Тэгээд шөнө дунд болохын үед гэрлээ унтраагаад сүхээ барин дотор хаалганы ард зогсож гэнэ. Тэгсэн чинь шөнө дундаас хойхно нэг хүн сэвс гээд ороод ирэх шиг болоход нь Хүрэл хүү “Цавчлаа шүү” гээд цавчаад орхисон чинь нэг юм тон гээд унаад өгөх шиг болоход нь гэрэл гаргаад харвал зэс хошуу байжээ. Хошууг авч хатанд үзүүлэхэд хатан улам чангаар ёолж сүйд болжээ. Гэсэн ч удалгүй бие нь амарч сайхан унтаж гэнэ.
Хатныг сахиж хоносон хүний хүүрийг аваачиж хаяхаар гадаа хүмүүс ирэхэд Хүрэл хүү гэрээс,
- Наад үүдээ онгойлгооч гэж хашгирчээ. Гадаа ирсэн хүмүүс айн сандарч,
- Ямар амархан чөтгөр болчихов оо? Харь нутгийн хүн ийм түргэн чөтгөр болдог юм байх даа гэж ярилцах нь дуулджээ. Үүнийг сонсоод Хүрэл хүү,
- Юуны чинь чөтгөр вэ? Наана чинь амьд хүн байна. Үүдээ онгойлгоцгоо гэхэд нь хүмүүс үүдийг онгойлгож харийн хүн амьд хоносонд их л гайхацгаажээ. Хаан ч үүнийг дуулаад ихэд гайхаж өөрөө хүрч ирж хүүтэй уулзаж яаж амьд хоносон тухай лавлан асууж гэнэ. Хатны бие ч эрс сайжирч царай зүс орсон байжээ. Хүү шөнийн болсон явдлыг хаанд яриад,
- Хатныг чинь бүр эдгэртэл хэд хоног харж байя гэхэд хаантан баярлан зөвшөөрч гэнэ. Гурав хоноход хатан эрүүл болж хүү аян замдаа явах болжээ. Гэтэл хаантан,
- Ачтай тустай хүүг явуулахгүй охинтойгоо суулгаж хөрөнгө таслаж өгнө гэжээ. Тэгэхэд нь Хүрэл хүү өөрийн хааны зарлигаар нэгэн янзын торго олохоор яваа учрыг хэлж,
- Надад одоогоор энэ торгоноос өөр юу ч хэрэггүй гэжээ. Тийм торго тэр хаант гүрэнд байсангүй. Хаантан хатнаа аварсны шанд “Охиноо заавал бэлэг болгон өгнө” гэжээ. Тэгэхэд нь Хүрэл хүү “Буцах замдаа охиныг авья” гээд цааш явжээ. Явсаар байгаад өөр нэг хааны хотод иржээ. Хотын хамгийн зүүн хойд захын жижиг цагаан гэрт орвол их л хөөрхөн хүүхэн байж гэнэ. Хүү мэнд усаа мэдэлцэж, хүүхэн хүүд цай өгөөд гарч гэнэ. Орж ирээд идээ тавиад бас л гараад явж гэнэ. Удалгүй орж ирэхэд хүү асуужээ,
- Чи яагаад дахин дахин орж гараад байгаа юм бэ? гэхэд хүүхэн хэлсэн нь,
- Манай нөхөр өнөөдөр манайд Хүрэл гэдэг нэг айхавтар хүн ирнэ. Би нэгэн хааны хатныг авах гэж байгаад түүнд нэг хүрмээ алдсан юм өөр нэг хааны хатныг авах гэж байгаад зэс хошуугаа алдсан юм. Түүнийг ирэхээр намайг дуудаарай гэсэн юм. Тэр ёсоор нь би түүнийг дуудаад ирлээ гэжээ. Гэтэл морин төвөргөөн пижигнэж олон хүн ирэх шиг болж гэнэ. Хүрэл хүү зориг гарган,
- Аа та нар ашгүй ирэв үү? Хүрэл хүү чинь энд сүхээ бариа л хүлээж байна гэж гэрээс хашгирчээ. Гэтэл нөгөөх чимээ буцаж зугтаах шиг болоход хүүхэн гарч хараад,
- Тэд яваад өглөө. Танаас үнэхээр айдаг юм байна. Ялангуяа таны тэр сүхнээс чинь их айдаг гэсэн юм. Тэгэхээр тэр эргэж ирэхгүй. Би тэр хүний хүчинд автагдаж ирсэн юм. Одоо би танаас салахгүй, намайг авар гэж гуйжээ. Хүрэл хүү,
- Тэгвэл танайд ийм торго байх ёстой доо гээд хүрмээ гаргаж үзүүлэхэд нь тийм торго тэднийд хичнээн тэргээр ачсан ч өнгө өнгөөрөө байж гэнээ. Хүрэл хүү зорьсон хэргээ бүтээж баахан торго ачаад явах болоход хүүхэн авдарнаасаа ганц жижиг алтан хайрцаг авч гэнэ. Ингээд хоёул явсаар нөгөө охиноо өгсөн хааныд ирж авч явсан сайхан торгоноосоо нэг тэргийг хадам аав болох хаандаа бэлэглээд охины нь аваад явах болжээ. Хаан охиныхоо хөрөнгө гэж өчнөөн төчнөөн мал хөрөнгө тасдан хүмүүсээр хүргүүлж гэнэ. Ингэж явсаар хүү хоёр сайхан эхнэртэй зорьсон хэргээ бүтээгээд гэртээ ирэхэд нь өвгөн эмгэн хоёр хөл алдан баярлан уулзжээ. Хүү маргааш нь өөрийн хаанд бараалхан хүссэн торгыг нь ханатал өгсөнд хаан ч ихээр баярлаж, шан хишиг хүртээж Хүрэл хүү маш их баян болоод сайхан амьдран буух болжээ.
Үүнд нь Үсчин өвгөн улам ихээр хорсож хорлох арга бодсоор байгаад нэгэн мэргэн арга олж хаанд хэлсэн нь,
- Усчин өвгөний Хүрэл хүүг бурханаас заяасан гэдэг яах аргагүй үнэн юм. Тэгэхээр та энэ хүүгийн ачаар Тэнгэрийн хаантай холбоо тогтоож захидал илгээвэл манай хаант гүрэнд их сайхан хэрэг болно гэжээ. Хаантан баярлаж захидал яаж хүргүүлэх учрыг лавлан асуухад Үсчин өвгөн хэлсэн нь,
- Тэр тун амархан. Арван хасаг тэрэг түлээ хураагаад дээр нь арван хасаг тэрэг шар тос асгаад орой дээр нь Хүрэл хүүд захидал бариулж зогсоож байгаад түлээндээ гал оруулбал галын утаагаар жигүүрлэн Тэнгэрийн хаанд очно гэжээ. Хаан Хүрэл хүүг дуудан ирүүлээд зарлиг болгосон нь,
- Хүрэл хүү чи миний захидлыг Тэнгэрийн хаанд хүргээд хариу захиа аваад ир гэжээ. Хүрэл хүү ямар замаар Тэнгэрийн хааныд очихыг асуувал хаан,
- Тэр амархан. Гурав хоногийн дараа захидал хүргэнэ гэжээ.

Хүү гарцаагүй шатаж үхэх болсныг мэдэж уйтгар гунигаар дүүрэн гэртээ ирж эцэг, эх, хоёр эхнэртээ хааны зарлигийг хэлж гэнээ. Цөм уй гашуу болж хааны тэнэгийг гайхаж гэнээ. Харин алтан хайрцагт эхнэр нь “Санаа зоволтгүй. Тэр болно” гэжээ. Ингээд гурав хоногийн дараа захидал хүргэх өдөр болоход хүүхэн Хүрэл хүүд алтан хайрцгаа өгч хэлсэн нь,
- Чи галын утаа үнэртэх үед энэ алтан хайрцгийг хагас онгойлгоорой. Тэгээд л чи Тэнгэрийн хааныд саадгүй очоод ирэх болно гэжээ.
Тэнгэрийн хааныд хааны захидлыг хүргэх гэж байгаа бурханы заяасан Хүрэл хүүг үзэхээр түмэн амьтан цугларч зарим нь гайхаж зарим нь “Шатаж үхнэ” гэцгээж байжээ. Тэр олон дотор хорон санаат Үсчин өвгөн ирээд Усчин өвгөний хүүг хэрхэн шатаж үхэхийг үзэх гэж яарч байж гэнэ. Ингээд түлээнд гал оруулж бөөн гал утаа болж гэнэ. Хүрэл хүү эхнэрийн захисан ёсоор утаа үнэртэх үед алтан хайрцгийг хагас онгойлгоод ухаан алдаж гэнэ. Нэг ухаан ороход гэрийнхээ гадаа хэвтэж байж гэнэ. Хоёр хүүхэн нь дэргэд нь инээлдэж байжээ.
- За Хүрэл хүү Тэнгэрийн хааныд морилоод ирэв үү? гэж асуухад нь хүү юу болсныг мэдээгүй учраа хэлжээ. Гэтэл алтан хайрцагт хүүхэн хэлсэн нь,
- Танай хааны Үсчин өвгөн Усчин өвгөнийг хүүтэй болсонд атаархаж цаг үргэлж чамайг хорлохыг боддог юм байна. Энэ удаа чамайг шатааж алах арга хаанд зааж өгсөн юм. Түүнээс чамайг миний алтан хайрцаг аварлаа. Одоо тэгэхээр чи “Тэнгэрийн хаанд захидал хүргээд хариу захидал авчирлаа” гээд маргааш хаанд бараалхаж энэ захидлыг өгөөрэй” гэж. Ийнхүү алтан үсгээр биясэн захианд “Чиний илгээсэн захидлыг хүлээн авч маш ихэд баярлалаа. Энэ өдрөөс эхлэн та миний дүү боллоо. Тэгэхээр дүү минь Үсчин өвгөнөө ахдаа явуулж тус хүргээч. Манай энд үсчин байхгүй, бид бүхэн үс ноосондоо баригдаж гүйцлээ. Үүнийг яаралтай гүйцэтгэвэл их сайн байна. Тэнгэрийн хаан" гээд алтан үсэгтэй тамга даржээ. Энэ захидлыг маргааш нь хаандаа аваачиж өгсөнд хаан маш ихээр баярлан гайхаж Хүрэл хүүд их шан хүртээгээд Үсчин өвгөнийг дуудаж хаан зарлиг болгосон нь,
- Хүрэл хүү тэнгэрийн хаанд миний захидлыг хүргээд хариу захидал авчирсан байна. Тэнгэрийн хаантай ах дүү бололцсон. Тэнгэрийн хааных үсчин байхгүй, үс ноосондоо баригдаж сүйд болж байгаа гэнэ. Тэгээд надаас үсчнээ явуулаач гэж гуйсан байна. Тэгэхээр чи маргааш тэнгэрийн хааныд очно. Чамд тэнгэрийн хааны тэргүүнд хүрэх нэг хувь тавилан оногдож гэжээ. Үсчин өвгөн сандарч,
- Би яаж тэр хааныд очдог байна? гэж асуувал,
- Очдог аргыг чи өөрөө надад зааж өгчихөөд юу ярьж байгаа юм? Очиж хутгаа хурцлаж бай гэж зарлиг буулгажээ. Маргааш нь тэнгэрийн хааны үсийг авахаар явах гэж байгаа Үсчин өвгөнийг үзэхээр түмэн хүн цугларсан байжээ. Түүний дотор хорон санаат Үсчин өвгөний яаж шатаж үхэхийг үзэхээр Хүрэл хүү, эмгэн, өвгөн, хоёр эхнэрийнхээ хамт байж гэнэ. Үсчин өвгөнийг хутгыг нь бариулаад хураалттай түлээний орой дээр зогсоож байгаад модонд гал оруулахад бөөн гал утаа болж хорон санаат Үсчин өвгөн орилсоор шатаж үхжээ.


Цааш нь...

Зөв бичиж суръя

Уншигч таныг монгол хэлээрээ зөв бичихэд нэмэр болгон "Зөв бичиж суръя" холбоосыг "Хэрэгтэй холбоосууд" буланд орууллаа.


Цааш нь...

Наймдай өвгөн

Наймдай өвгөн гэж байжээ. Арван тэмээ ачаад, хорин тэмээ хомноод алс газар аян жин тээхээр явжээ. Явж байтал хааны хар санаат түшмэл ирж,
- Наймдай өвгөн гуай хаачиж явна вэ? гэж.
– Аа, алс газар аян жин тээхээр явж байнаа гэж.
- Нэг үнэгний зоогоор таван малгай яаж эсгэдэг вэ? гэж,
- Аа, мэдэхгүй гэж. Дараа нь хааны цагаан санаат түшмэл ирж, ... гэж, Наймдай өвгөн гуай хаачиж явна вэ? гэж.
- Аа, алс газар жин тээхээр явж байна гэж.
- Нэг шүдлэн үхрийн зоогоор тавин гутал яаж эсгэдэг вэ?
- Аа, мэдэхгүй гээд явж байж. Мөн хааны хүү ирээд,
- Наймдай өвгөн гуай хаачиж явна вэ? гэж,
- Аа, алс газар жин тээхээр явж байнаа гэж.
- Нэг шүдлэн үхрийн зоогоор тавин гөлөм яаж эсгэдэг вэ? гэж,
- Аа, мэдэхгүй гэж.
Тэгээд нутгаас гаралгүй гурван хүнд ороогдлоо, явж болдоггүй газар, хүрч болдоггүй орон байна гээд буцаад гэртээ хүрээд иржээ. Гэртээ ирсэн, эхнэр нь,
– За хөө эр хүн байна. Дээр гарч бараа харж яв л даа гээд мордуулчихаж. Хааны хар санаат түшмэл ирээд,
- Наймдай өвгөн гуай хаачсан бэ? гэж.
– Ороогүй бороонд унагалаагүй гүүний унага уруудаад, ургаагүй модоор уурга ташуур хийж барихаар явсаан гэсэн чинь хар санаат түшмэл,
- Юу гэсэн үг вэ? гэж. Эмгэн,
– Нэг үнэгний зоогоор таван малгай яаж эсгэнэ гэдэг нь юу гэсэн үг вэ? гэж. Түшмэл, "аа тийм үү" гээд явчихаж. Төд удалгүй хааны цагаан санаат түшмэл ирээд,
- Наймдай өвгөн гуай хаачсан бэ? гэж. Эмгэн нь,
- Хүзүүгүй үхэрт буулгагүй тэрэг хөллөөд, аргалгүй газраас аргал түүж ирэхээр явсан гэж. Түшмэл,
– Хүзүүгүй үхэрт бойлгогүй тэрэг хөллөнө, аргалгүй газраас аргал түүнэ гэсэн чинь юу гэсэн үг вэ? гэж.
– Нэг шүдлэн үхрийн зоогоор тавин гутал эсгэнэ гэсэн чинь юу гэсэн үг вэ? гэж. Цагаан санаат түшмэл "Аа тийм үү" гээд явчихаж. Орой хааны хүү ирж,
- Наймдай өвгөн гуай хаачсан бэ? гэж.
– Хөвчгүй нум, гилбэргүй сумаар гараагүй бүжин намнаж ирэхээр явсан гэж.
– Хөвчгүй нум, гилбэргүй сумаар гараагүй бүжин яаж намнаж иддэг юм бэ? гэж.
– Аа нэг шүдлэн үхрийн зоогоор тавин гөлөм яаж эсгэдэг вэ? гэж.
– Аа тийм үү гээд явчихаж.
Хоёр түшмэл хаанд очоод "Наймдай өвгөний эхнэр болбоос хаанд хатан суумаар мэргэн цэцэн эхнэр байна" гэж хэлжээ. Наймдай өвгөнийг дуудаад иржээ. Энийг хатахаас өмнө шүр, сувд, сүйж, мана авчир. Авчирч чадахгүй бол толгойгий чинь авна гээд алган дээр нь бичиг бичээд гаргажээ. Гарахынх нь хооронд хатаж хоцорч гэнэ.
– Энийг хатахаас өмнө шүр, сувд, сүйж, мана ол. Олж ирэхгүй бол толгойгий чинь авна гэсэн чинь гарахын хооронд хатаж хоцорлоо, одоо яана вэ гэж эмгэндээ сандарч давхин ирж. За гайгүй, гайгүй гэж нэг хонуулж тавин товчтой таж торгон дээл хийж өгч. За гайгүй, гайгүй гэж хоёр хонуулж ханзарч болохгүй хар сайран гутал хийж өгч. Гайгүй гайгүй гурав хоноод яв гэж ханзарч болохгүй хар булган малгай нэгийг хийж өгч. Мөн аманд нь алтан сувд үмхүүлж амандаа орсон үгийг мяталгүй хэлээрэй гэж захиад явуулчихаж гэнэ.
- За Наймдай өвгөний толгойг авах болж гэж гэнээ. Өвгөн,
- Алах хүний үгийг, алсан малын цусыг гэсэн аж. Хаанд нэг айлтгах үг байна гээд,
- Хүрэн хүзүүт хонийг хүрэн эрээн бүргэд шүүрч идэж. Хүрэн эрээн бар би дорвитойгоороо гэж булааж идэх гэж. Эзэн хааны албатан байна энэ хэргийг шийтгээд аль гэхлээр нэг хонолоо гэж.
– За тэрийг юу гэж шийтгэв? гэхэд өвгөн,
– Хүрэн хүзүүт хонийг хүрэн эрээн бүргэд шүүрч идсэнээрээ ид. Хүрэн эрээн бар би дорвитойгоороо гэж булааж идэх гэж байгаа бол тийм ёс байхгүй гэлээ.
– Хоёр юу гэж хонов? гэхэд,
– Болжмор шувууг харцага шувуу шүүрч идэж. Харцага шувуунаас гарьд шувуу би дорвитойгоороо гэж булааж идэх гэж. Эзэн хааны албатан байна энэ хэргийг шийтгээд аль гэхлээр нь хоёр хонолоо.
– За тэрийг яаж шийтгэв?
– Болжмор шувууг харцага шувуу шүүрч идсэнээрээ ид. Гарьд шувуу чи дорвитойгоороо гэж булааж идэх гэж байгаа бол тийм ёс байхгүй гэж шийтгэлээ гэж.
– Гурав юу гэж хонов?
– Алгана загасыг алаг загас шүүрч идэж. Алаг загаснаас аварга загас би дорвитойгоороо гэж булааж идэх гэжээ. Эзэн хааны албатан байна энэ хэргийг шийтгээд аль гэхлээр нь гурав хонолоо.
– За тэрийг юу гэж шийтгэв?
– Алгана загасыг алаг загас шүүрч идсэнээрээ ид. Аварга загас чи дорвитойгоороо гэж булааж идэх гэж байгаа бол тийм ёс байхгүй гэж шийтгэлээ гэж. Хаан хоёр түшмэлээ дуудаж ирүүлээд,
- Энэ хэдэн үг юу гэсэн үг вэ? гэж.
– Аа, мэдэхгүй ээ гэж.
– Та хоёр элдэв өнгийн үг хэлж байгаад намайг адгуус малтай үлгэрлүүллээ гэж хоёр түшмэдэд бурууг өгөөд Наймдай өвгөнд зөвийг өгөөд амар сайхандаа жаргаж гэнээ.


Цааш нь...

Цэцэн, тэнэг хоёр түшмэл

Урьд нэг цэцэн, тэнэг хоёр түшмэлтэй хаан байжээ. Хатны нь нүд өдөр бүр өвддөг байж. Хаан нэг өдөр цэцэн түшмэлээс,
- Манай хатны нүд яагаад ийм их өвддөг болоо вэ? гэж асууж гэнэ.
– Аа хөөрхий олон хүүхэд төрүүлснийх гэжээ. Тэгэхлээр мунхаг түшмэлээс мөн асуужээ.
– Аа хөөрхий ийм нэг нүдний өвчтэй л юм байж л дээ гэжээ. Хаан,
- “Цэцэн түшмэл олон төрснийх байх аа” гэж байна гэжээ. ... Мунхаг түшмэл,
- Тэгвэл өдөр бүр төрдөг тахиа таг сохор баймаар юм даа гэж.
Дараа өдөр нь хаан цэцэн түшмэлээс,
- Дэлхийн амьтны үр зулзаганаас хамгийн хөөрхөн нь юуны үр вэ бэ? гэж асуужээ.
- Аа хөөрхий хааны ач хөөрхөндөө гэжээ. Тэгэхэээр мунхаг түшмэлээс мөн асуужээ. Тэрээр,
- Аа нохойн гөлөгнөөс хөөрхөн үр зулзага ер үгүй гэжээ. 3 дах өдөр хаан цэцэн түшмэлээсээ,
- Миний энэ сахал яагаад ийм их ургаа вэ? гэжээ.
- Хаан та боов их зооглосных гэжээ. Мунхаг түшмэлээсээ асуусанд,
- Аа хөөрхий танд ийм их үс ургах учиртай юм байж л дээ гэв. Хааныг,
– "Цэцэн түшмэл боов их идсэнийх" гэж байх юм гэв. Мунхаг түшмэл,
- Тэгвэл энэ уханд хэн тийм их боов өгчихсөн юм бол доо гэжээ. Мөн дараа өдөр нь хаан цэцэн түшмэлээсээ,
- Хун шувуу яагаад ийм сайхан дуутай болов оо гэжээ.
- Аа тэр хүзүү хоолой урт ходоод нь гүнзгий болоод тэр ээ гэж. Хаан мунхаг түшмэлээсээ асуухад,
- Тэр төрөлхийн тийм сайхан дуутай амьтан гэв. Хаан,
- Цэцэн түшмэл “Хүзүү хоолой уртаас тэр” гэж байх юм гэв. Мунхаг түшмэл нь,
– Тэгвэл тэнэг түүнээс илүү дуутай баймаар юм аа гэв. Түүнээс хойш хаан мунхаг түшмэлээ “цэцэн” гэж ямба хүндийг нь ихэсгэж харин цэцэн түшмэлээ аргал түлшний боол болгосон гэдэг.


Цааш нь...

Мөнх Амгалан хаан

Эрт дээр үед Мөнх Амгалан гэгч нэгэн хаан байжээ. Тэр хаан "Төр гүрэндээ гуйлгачин хүн, золбин нохой байлгахгүй. Хэн юу хүссэнийг заавал биелүүлнэ. Хэнд ч үгүй гэсэн ам гарахгүй" гэж тангарагласан юм байжээ. Гэтэл зэргэлдээ хөрш нэгэн гүрэнд гурван муу санаат хүн байдаг байжээ. Тэр гурав даян дэлхийг муу санаагаараа чадна. Тэр битгий хэл хүн нэг бүрийг ч хорлож давна гэж бодож явцгаадаг байж. Тэгээд тэр гурав явж явж нэгэн өдөр нэг газар болзон уулзаж хэн яаж явснаа ярилцдаг гэнэ. ... Тэр нэгэн жилийн зуны цаг тэр гурав уулзжээ. Тэгэхэд нэг нь,
- Манай энэ урд гүрэнд Мөнх Амгалан хаан гэж их баян чинээлэг хаан байна. Тэр хаан юу ч хүссэн заавал биелүүлдэг. Үгүй гэж хэлдэггүй гэнэ. Гурвуул очиж тэр хааныг "Үгүй" гэж хэлүүлж нэг чадъя. Юуны тулд гурван муу санаат нэрийг авлаа. Харин яавал "Үгүй" гэж хэлүүлэх вэ? гэж гэнэ.
- Үгүй гэж хэлүүлэх амархан. Хүн хийж бүтээх байтугай санаанд багтахгүй юм гуйя. Тэгэхэд “үгүй” гэж хэлэхгүй яадаг юм бэ? гэж нөгөө нь хэлж гэнэ.
– За тэгвэл юу гуйх вэ? гэж гурав дахь муу санаат асуужээ. Би даян дэлхийг торгоор бүтээе түүнийг бүтээж гүйцэх торго өгнө үү? гэж гуйя. "Үгүй" гэдэг байгаадаа гэж нэг дэх муу санаат хэлжээ.
- Тэгвэл би гадаад далай гэдэг том далай нааш цааш явахад замд саад болоод байна. Түүнийг гурилаар зуурч хатаая. Далайг дүүргэх гурил аль гэж гуйя гэж хоёр дахь нь хэлжээ. Гурав дахь муу санаат нь,
- Сүмбэр уул гэж хад шороогоор бүрхэгдсэн өнгө царайгүй муухай уул байх юм. Түүнийг алтаар бүтээе. Тэрнийг бүрхэх алт өгнө үү гэж гуйя. Тэгэхэд бид гурав нэг нэг чаддаг байгаа даа гээд гурван муу санаат явж Мөнх Амгалан хаанд бараалхажээ.

Бид гурав даян дэлхийд нэг юм бүтээн босгох гэж ирлээ гэхэд Мөнх Амгалан хаан учрыг айлдана уу? гэжээ.
– Би даян дэлхийг торгоор бүтээе. Түүнийг бүтээж хүрэхүйц торго өгнө үү? гэж гуйж явна гэж нэг дэх нь хэлжээ. Нөгөөдөх нь,
- Би гадаад далайг дүүргэх гурил өгнө үү? гэж гуйж явна гэжээ. Гурав дахь нь,
- Би сүмбэр уулыг бүтээх алт өгнө үү? гэж гуйж явна гэжээ. Мөнх Амгалан хаан "Үгүй" гэж хэлж болохгүй, өгье гэхээр өгч болохгүй зүйл болохыг мэдээд жаахан гайхаж сууснаа,
- За та гурав, хорин нэг хоноод ир дээ. Ихээхэн зүйл гуйж. Гэсэн ч яахав вэ? Би бүтээж өгье дээ гээд явуулчихжээ.
Явуулчихсаныхаа дараа тэр гүрнийхээ бүх эрдэмтэн мэргэдийг цуглуулаад манай гүрнийг чадах гэж ийм гурван гуйлгачин ингэж ирлээ. Эдний гуйлт хийж бүтээх байтугай, санаанд багтамгүй зүйл байна. Ингэхээр би юу гэж хэлж буцаавал дээр бол гээд долоо хоног хэлэлцжээ. Гэтэл тэр хурлын дундаас ордонд ойрхон гэртэй нэг түшмэл хүн би хариад ирье гэж чөлөө аваад явжээ. Тэднийд урьд тарваганы нүхэн дээрээс найман жилийн өмнө олсон одоо найман настай нэгэн хүү байдаг байжээ. Тэр хүү аавыгаа ороод ирэхээр,
- Аав аа та нойр хоолгүй өдий хоног юугаа хийгээд байдаг юм бэ? гэж асууж гэнэ. Эцэг нь,
- Чи төрийн хэрэгт оролцох болоогүй гээд алгадчихсан чинь унагачихжэээ. Тэгээд гарах гэж байхад нь хүү уйлж байснаа больчихоод,
- Аав аа "Харанхуйг эвдье гэвэл гэрэл багаддаггүй юм шүү, хадыг эвдье гэвэл багаж мууддаггүй юм шүү" би явлаа гээд явчихжээ. Замдаа түшмэл "Намайг төрийн хэрэгт орлоо гээд алгадчихаар далимдуулаад явлаа гэж байгаа юм биз дээ. Бас л сүрхий үг хэлж байна шүү. Өөрийгөө хэлж байгаа юм болов уу?" гэж эрэгцүүлэн бодсоор ордонд оржээ. Хурал дээр сууж байгаад нэг түшмэлд болсон явдлыг хэлж "Үгүй мөн сүрхий үгтэй хүүхэд шүү" гэж ярьж байтал эзэн хааны дуу гарч,
- Долоо хоног хуралдлаа. Одоо долоо хоног тарья. Ингэхдээ бага бага гэлгүй, хөгшнийг хөгшин гэлгүй энэ хэргийг ярьж, тэдний хэлсэн зөвөлгөөнийг цуглуулъя. Хүн хүний ухаан янз бүр байдаг гэжээ. Тэгтэл нөгөө хүүхдийн тухай яриаг сонсож суусан түшмэл босч сая манай энэ түшмэл хариад ирэхэд түүний найман настай хүүхэд ингэж хэлсэн байна гээд болсон явдлыг ярьж гэнэ.
Ингээд нөгөө хүүхэд дээр түшмэл очиж гурван санаа муутын гуйсан гуйлтыг хэлж гэнэ. Хүү хэлжээ,
- Та нар бага юманд их санаа санаж их зовлон эдэлж байна. Тэр гурван муу санаатыг буцаахад амархан. Одоо аав очоод хааныг ганцаараа байхад нь ингэж хэл "Тэр гурван муу санаат хорин нэг хонохгүй, арван дөрөв хоноод ирнэ. Тэднийг ирэхэд ертөнцийн "гурван хэцүүг" олж ир гэж хэл. Энэ дэлхий дээр байгаа батлагдсан гурван хэмжүүрийг эхлээд авч ирэг. Даян дэлхийг торгоор бүтээе гэж хэн хэллээ? Хичнээн торго өгөх вэ? Хавтгай, дөрвөлжнөөрөө хичнээн чий* хэрэгтэй байна. Түүгээр чинь хэмжиж торго өгье гээд явуул.
Сүмбэр уулыг хэн алтадъя гэлээ. Түүнд нь сүмбэр уулыг ёроолоос нь орой хүртэл буулгаад жигнээд ир. Хичнээн жин болж байна? Түүнийгээ мэдээд ир, тэгэхээр тэр хэмжээний чинь алыг өгье гээд явуулчих.
Гадаад далайг дүүргэх гурил гуйсанд нь түүнийгээ хэмжээд ир гээ. Гадаад далай загастай жараахайтай, шавартай устайгаа хичнээн жин болох нь вэ? Хэмжээд ир. Тэгэхээр чинь тэр хэмжээний гурил өгье гээд явуулчих. Тэр гурав дахиад хэзээ ч эргэж ирэхгүй байх аа гэж хүү хэлжээ.

Хаан ганцаараа байж байтал арван дөрөв хоноод нөгөө гурав чинь ирж гэнэ. Хаан та гурав ертөнцийн гурван хэцүүг олж ир гээд явуулчихжээ. Тэр гурав гурван хэмжүүр олоод ирж гэнэ. Тэгэхээр нь Хаан хүүгийн зааж өгснийг хэлээд явуулчихжээ. Үүнээс хойш одоо хүртэл гурван муу санаат уул, газар, далайг хэмжээд барахгүй байдаг гэнэ.
Далайг яндан хэмжиж байгаа нь энэ гэж дээшээ нэг хараад доошоо нэг хараад байдаг шанаган хорхой болчихоод ажиллаж байгаа нь тэр гэнэ. Газар дэлхийг хэмжиж байгаа нь төөлүүр өт гэж хоёр үзүүр нь хоёр тийшээ тэлж явдаг шар өт болсон гэдэг. Тэр өт болоод хэмжиж яваа нь тэр гэнэ. Сүмбэр уулыг жигнэж байгаа нь дээшээ нэг гарч доошоо ойчиж явдаг нэг муу аалз байдаг. Тэр болоод жигнэж байгаа нь энэ ажээ.

* чий - Уртын хэмжээ. Ойролцоогоор нэг тохой.


Цааш нь...

Түг түг

Эрт урьд цагт эмгэн, өвгөн хоёр аж төрөн суужээ. Хөл дүүжлэх унааг нь хааны адуучин хөөж одоод, хонь ямааг нь хааны түшмэд, тэмээг нь хятадын наймаачин зарц нар хурааж аваад найман ханатай бор гэр, арван үнээнээс өөр юмгүй унах морь, ачих тэмээ, хотлох хоньгүй болсон тул өвгөн эмгэн хоёр буудал сэлэн нүүж чадахаа болиод нэгэн уулын ...аманд суусаар л байлаа. Ингээд хааны албатууд тэднийхээр шагайхаа байж санаа амар байх болов.
Нэгэн өдөр хаан харцага шонхроо аваад анд явав. Уулын аманд нэгэн том бор гэрийн тооноор утаа уугиж байхыг хараад хаан тэдний гадаа хүрч очвол өвгөн эмгэн хоёр угтан гарч иржээ.
Тэгээд хаанд цай чанаж, өрөм бяслаг таваглаж гэнэ. Гэтэл хаанд мах идмээр санагджээ. Өвгөн үнээ алж махыг нь чанаад, хаан Шазгалдайг хамт яваа албаттай нь хооллож гэнэ. Хаанд үхрийн мах их л таашаагдсанд
— Анд явах бүрдээ би танайд ирж байна. Танай үнээний мах тун ч их амттай юм гэжээ. Эмгэн нь хааны ирэх болгонд үнээ алах болох нь гэж бодоод харамсан гашуудсанд өвгөн нь,
— Эмгээн, бүү гуньхар. Манайх арван үнээтэй байлаа. Одоо ес болжээ. Ялгаа юу байна вэ? "Өвгөн эмгэн хоёр ес, арван үнээтэй" гэж хүмүүс ярина шүү дээ. Ганцын зэрэг үнээ хорогдох нэмэгдэхэд гарз, олз нь бараг адил гэж тайтгаруулж гэнэ.
Шазгалдай хаан өвгөнийд дахиад л ирж гэнэ. Өвгөн ч бас нэг үнээ гарздав. Эмгэн нь мөн л харамсан гашуудсанд өвгөн
— Эмгээн, бүү ганьхар. Манайх есөн үнээтэй байлаа. Одоо найм болжээ. Ялгаа юу байна вэ? "Өвгөн эмгэн хоёр найм есөн үнээтэй гэж" хүмүүс ярина шүү дээ. Ганцын зэрэг үнээ хорогдох, нэмэгдэхэд гарз олз нь юу вэ гэж тайтгаруулжээ.
Удалгүй Шазгалдай хаан гуравдахь удаагаа иржээ. Өвгөн ахиад л бас нэг үнээгээ нядлаж зочноо дайлах болжээ. Эмгэн нь харамсан гашуудсанд өвгөн нь ер сэтгэлээр унасан шинжгүй.
— Эмгээн, бүү ганьхар. Манайх найман үнээтэй байлаа. Одоо долоо боллоо. "Өвгөн эмгэн хоёр долоо найман үнээтэй" гэж хүмүүс ярина шүү дээ. Ганцын зэрэг үнээний гарз юу байхав гэжээ. Ингээд л хаан өвгөнийд ир ирсээр өвгөнийд ганц үнээ үлджээ. Эмгэн урьд өмнийн юмгүй харамсан гашуудсанд өвгөн ер сэтгэл зовсон шинжгүй,
— Эмгээн, бүү ганьхар. Манайх хоёр үнээтэй байлаа. Одоо ганцхан үлджээ. Ганц үнээтэй, хоёр үнээтэй байна гэдэг чинь ер ямар ялгаа байна вэ? гэжээ.
Шазгалдай хаан өвгөнийд арав дахь удаагаа ирж гэнэ. Тэгээд дагуулуудынхаа хамт үлдсэн ганц үнээг нь идээд,
— Өвгөний үнээний мах тун ч сайхан байсансан! Би урьд өмнө ийм амттай мах ер
идэж явсангүй гэжээ.
Түүнээс хойш хаан тэднийд ер үзэгдсэнгүй. Эмгэн өвгөн хоёр ч ядуугийн туйлд хүрчээ. Сүү, тос, бяслаг нь ч барагджээ. Найман ханатай гэр нь ханхайрч, өвгөн эмгэн хоёр өлсгөлөн суух болжээ. Өвгөн хэрхэх билээ гэж сэтгэ сэтгэсээр эцэст нь үнээнийхээ адсагаар цавуу буцалгаад гадаа тавивал шувуу суугаад баригдах бизээ гэж боджээ.

Чингээд эмгэн нь тогоо дүүрэн цавуу буцалгаад гэрийнхээ хавьд тавьж гэнэ. Өвгөн эмгэн хоёр хүлээсээр л. Тэгтэл нэг том хар хэрээ нисэж ирээд цавуун дээр суумагц наалдчихжээ. Өвгөн баярласандаа хутгаа шүүрч аваад гэрээсээ гүйн uарах зуур,
— Эмгээн галаа түлж ус халаа. Хэрээгээ чаная! гэж хашгирчээ. Өвгөн хэрээний зүг гүйн очоод хоолой хүзүүг нь мушгихийг завдтал цаадахь нь,
— Өвгөн минь, намайг бүү хороо. Миний мах чамд юуны тус болох билээ. Өвгөрч өтөлсөн миний мах хатуу, бас шим шөлт үгүй бусуу. Харин намайг тавьж явуул. Тэгвэл би чамд гурван ач хүргэе гэж хүний хэлээр хэлжээ. Өвгөн хэрээг өрөвдөөд тавьчихжээ. Хэрээ ч нисээд л явчихаж гэнэ.
Өвгөн харьж ирвэл эмгэн нь ус буцалгачихаад хэрээний мах хүлээн суужээ. Өвгөн, хэрээ түүнд гурван ач хүргэнэ гэж амлалаа гэвэл эмгэн,
— Мах нь хаана байна вэ? гэв.
— Би тавиад явуулчихлаа. Алъя гэвч өрөвдөөд. Тэгээд ч мах нь юу шалих билээ. Ядаж хөгшин туранхай юм гэв.
Эмгэн уурлан загнаж хэрээнд очиж "эхнийхээ ачийг хүргэ, хөгшин биднийг цадтал хоолло" гэж хэл гэжээ. Өвгөн ч хэрээний ниссэн зүг явж гэнэ. Удаан ч явсан юмуу хурдан ч явсан юмуу бүү мэд алсад өндөг шиг цагаан гэрийн бараа харагджээ. Явж, явж тэр гэрийн гадаа очоод орвол гэрийн дотор нэгэн улаан буланд нөгөө хөгшин хэрээ заларч сууна гэнэ. Түүний баруун зүүн талаар арай бага шиг найман хэрээ сууж байжээ.
— За, өвгөн ямар хэргээр ирснээ хэл гэж хэрээ хэлсэнд өвгөн,
— Бидэнд идэж уух юм юу ч алга. Эмгэн маань намайг танд очиж эхнийхээ "ачийг хүргэ, биднийг цадтал хоолло" гэж
хэл гэж явууллаа гэвэл хэрээ,
— Хүүхдүүдээ, өвгөнд миний чулууг аваад өг гэж гэнэ. Хүүхдүүд нь ширэн даалингаас нэгэн бөөрөнхий чулуу гаргаж ирсэнд хэрээ түүнийг аваад,
— Миний эхний ач энэ болог. Бүх л насаараа гэдэс цатгалан байх болно гэж хэлээд өгчээ.
Өвгөн чулууг хараад урам нь хугарч,
— Өвгөн надаар тохуурхах ичгэвтэр бусуу. Энэ мэт чулууг би зам дээрээс түүгээд авч чадна шүү дээ. Энэ чинь надад юуны тус байхав гэсэнд хэрээ инээн байж,
— Өвгөн, чи гэнэн хүн юм. Энэ бол ид шидтэй чандмань гэгч чулуу. Үүнийг аваад чандмань эрдэнэтэй болсноо хэнд ч бүү хэл. Эмгэндээ ч хэлэх хэрэггүй. Гэртээ хариад шөнө болмогц үүнийгээ дэрэн доороо хийгээд санасан бүхнээ хүс. Өглөө болоход хүссэн бүхэн чинь хурсан байх вий гэв.
Өвгөн гэртээ хариад хэрээ эхнийхээ ачийг хүргэнэ гэсэн гэв. Чулууны талаар юу ч дурссангүй. Чингээд өлөн чигээрээ унтахаар хэвтэцгээжээ. Өвгөн чандмань эрдэнэ дэрэн дороо хийгээд эмгэн бид хоёр тал дүүрсэн таван хушуу малтай, харгис хатуу, Шазгалдай хаанаас илүү баян тансаг гэр оронтой болох болтугай гэж аливаа сайн сайхан бүхнийг хүсжээ.

Өглөө сэрээд эмгэн өөрийнхөө нүдэнд итгэсэнгүй. Хөндий ханхай, нооронхой найман ханатай гэртээ унтахаар хэвтсэн нь далан таван ханатай далай цагаан өргөө болоод алт, мөнгө, эрдэнийн чулуун хэрэглэл дүүрэн байна гэнэ. Шалан дээр хээтэй хивс, орон дээр нь лаврин байх бөгөөд өвгөн нь булган хөнжилд унтаж байжээ. Эмгэний өөрийнх нь навтас болсон нооронхой хувцас ул мөргүй алга болоод өмсөж зүүх бүхэн нь өнгийн торго байна гэнэ.

Тийнхүү өвгөн, эмгэн хоёр амар жарган суух болжээ. Бас өдөр бүхэн зочин гийчин ирнэ. Хааны сайд өвгөнд учирсан аз жаргалын тухай дуулж мэджээ. Тэр сайд их зальтай хүн байсан тул өвгөний аз жаргалыг өөрөө эзэмдэхээр шийдээд үнэт бэлэг бэлдэн өвгөнийд айлчилж иржээ. Тэгээд өвгөнийд хүүгээ ирүүлнэ, төрсөн үрийн тань оронд түшиг тулгуур болог гэж гэнэ. Өвгөн "Би одоо хүүтэй болох нь тэгээд бас хааны сайдын төрөл садан болох нь" гэж учиргүй баярлажээ. Өргөж авсан хүүдээ бүх л хогшил хөрөнгөө үзүүлж айл хөршийнхөөрөө хамт айлчлан очих болжээ. Тэгээд энэ бүх эд хогшил гэрт нь аз жаргалын даалинд байгаа чандмань эрдэнээс үүссэн юм гээд л өвгөн түүнд хамаг байдгаа хэлчихжээ.

Орой нь өвгөн унтахаар хэвтжээ. Өглөө сэрвэл далан таван ханатай далай цагаан өргөө нь ч эд баялаг элдэв дээд нь ч үгүй болсон байжээ. Өвгөн эмгэн хоёр өнөөх муу найман ханатай навсгар хар гэртээ үлдээд далан нөхөөс болсон хуучин хувцас нь хөглөрсөн байна гэнэ.
Эмгэн нь сэрээд дуу алдан гаслаж учир явдлыг өвгөнөөсөө шалгааж гарчээ. Өвгөн ч хэрээ ид шидэт чандмань эрдэнэ өгөөд хэнд ч битгий хэл гэж захисан болон өөрөө өргөмөл хүүдээ үүнийг ярьснаа хүртэл тоочжээ.
Эмгэн аз жаргалын даалинг хичнээн эрэвч олдсонгүй. Хааны сайд хүүгээ туршуулаар явуулж аз жаргалыг булааж авсныг тэд гадарлажээ. Эмгэн нь үглэн загнаж хэрээнд очиж "удаахь ачаа хариул" гэж хэл гэж өвгөнөө явуулж гэнэ. Өвгөн ч хэрээний байдаг зүг рүү гэлдэрчээ. Гэтэл хэрээ цагаан өргөөндөө үүл мэт барайн сууна гэнэ. Тэгээд,
— Өвгөн чи өдий болтол наслачихаад ухаан суусангүй. Шидэт чандмань эрдэнэтэй болсноо хэнд ч бүү хэл гэж захисан бусуу би. Одоо би чамайг хэрхэх билээ. Нэгэнт ийм болсон бол хэлсэндээ хүрч удаахь ачийг хүргэхээс биш. Хүүхдүүдээ, өвгөнд миний илжгийг авчраад өг. Унаж гэртээ хариг гэж гэнэ. Хүүхдүүд нь илжгийг аваад иржээ. Гэтэл өвгөн,
— Би энэ илжгээр яах юм бэ? Энэнийг унаж явснаас явган явсан минь хавьгүй дээр гэж гөжжээ. Хэрээ инээн,
— Өвгөн, чи гэнэн хүн юм. Энэ чинь ид шидтэй илжиг байхгүй юу. "Алт, мөнгө асга!" гэж хэлээд л ташуурдахад чинь алт мөнгө асгана. "Идэх юм гарга!" гээд ташуурдвал элдэв амттан шимттэнээр ширээг чинь дүүргэнэ. Чамд өөр юу хэрэгтэй юм бэ гэжээ. Өвгөн илжгийг авч унаад гэрийн зүг явжээ. Чингээд ташуурдан,
— Илжиг чи алт мөнгө асга! гээд эргээд хартал зам тэр аяараа алт мөнгөөр гялалзан байна гэнэ. Өвгөн эмгэн хоёр ч элбэг дэлбэг байх болжээ. Алт мөнгө, ядсан зүдсэн улсад өгөх амттан шимттэн хичнээн л бол хичнээн байх болжээ.
Шазгалдай хаан өвгөн ид шидтэй илжигтэй болсныг мэдээд өвгөнийг айлчлан ир гэж гэнэ.
Өвгөн өнгөтэй өөдтэйгээ өмсөөд л явжээ. Тэгээд хэн болохыг минь мэдэг! гээд явсан замаараа алт мөнгө асгаруулсаар хүрч очоод хааны гэрээс илжгээ уяад гэрт орвол хаан түүнийг хүндтэй суудалд суулгаж архи дарсаар дайлжээ. Хаан өөрийг нь ийнхүү хүндэтгэн зочилсонд баярласандаа өвгөн төдөлгүй халамцаж гэнэ. Гэтэл хаан илжгийг нь сэмхэн соль гэж зарц нартаа тушаажээ. Тэгээд өвгөнд бэлэг сэлэг өгөөд буцаажээ. Өвгөн төдөлгүй архи чь гарсан тул юм идмээр санагдаж гэнэ.
Илжгээ ташуурдсанд юу ч гарсангүй. "Алт мөнгө. асга!" гэж хэлээд ахиад ташуурджээ. Алт, мөнгөний аль нь ч гарсангүй. Хаан илжгийг нь сольчихсоныг өвгөн сая л ухаарчээ.

Эмгэн нь өвгөнийг тэнэглэв гэж үглэн загнаад гуравдахь удаагаа ач тусаа хүргэ гэж хэрээнд очиж хэл гээд явуулжээ.
Өвгөн ч хэрээний байгаа зүг рүү гэлдэрч гэнэ. Гэтэл хэрээ цагаан гэртээ аянгын үүл шиг барайн сууна гэнэ.
— Өдий болтол наслахдаа чи өчүүхэн ч ухаан суусангүй. Чамайг би хэрхэх билээ. Нэгэнт амласан учир сүүлчийн буюу гуравдахь ач тусаа хүргэе. Хүүхдүүдээ, өвгөнд миний хуучин сүхийг өг гэжээ.
Хүүхдүүд нь өвгөнд нэг муу хуучин сүх өгч гэнэ. Өвгөн түүнийг хараад,
— Надад үүнээс дээр сүх бий! гэсэнд хэрээ инээн,
— Ай, тэнэг. Энэ чинь ерийн сүх биш, ид шидтэй юм шүү дээ! Далайгаад л "Түг түг" гэхэд л дайсан чинь үхэдхийн унана. Энэ сүхээр ан ч хийж болно гэжээ. Өвгөн сүхээ аваад гэрийн зүг явж гэнэ. Нэг зээр давхиж явахыг хараад сүхээ далайн "Зээр түг түг" гэтэл зээр нь нэг харайснаа үхэдхийн унажээ. Өвгөн алсан зээрээ аваад харьж иржээ. Тэгээд л ахин аятай тавтай аж төрөх болжээ. Өвгөн анд яваад ямагт олзтой ирнэ. Нэгэн удаа тэмээг нь булааж авсан худалдаачин тааралдаж гэнэ. Өвгөн түүнээс тэмээг нэхсэнд тэр нь зуудаг нохойгоо турхиран тавьжээ. Өвгөн сүхээ далайн "Зуудаг нохой түг, түг" гэсэнд нохой өвгөний хөлд годройтон унажээ. Тэгээд сүхээ худалдаачин руу далайтал худалдаачин айсандаа тэмээнээсээ өнхрөн унаад, өвдөг сөхрөн,
— Тэмээгээ ачаа хөсөг юутай хийтэй нь ав. Гагц миний амийг өршөө гэж гуйжээ. Өвгөн тэмээгээ унаад алт, сувд үнэт торго ачсан тэмээн хөсөг хөтлөн харьжээ. Худалдаачин хаанд очиж гомдол мэдүүлжээ. Эмгэн өглөө гэрээсээ гармагц хааны цэргүүд ирж явааг хараад мэл гайхаж цэл хөхөрчээ. Гүйн орж өвгөндөө хэлбэл өвгөн үүдээрээ шагайгаад сүхээ далайн "Хааны цэргүүд түг, түг" гэсэнд хааны цэргээс нэг нь ч амьд үлдсэнгүй. Өвгөн дошгин тэмээ унан хааных руу тэшүүлэн оджээ. Хааны гэрийн хаяанаас хүн барьж иддэг Асар Басар гэдэг хоёр их том нохой дүүлэн ирсэнд өвгөн сүхээ далайн "Махчин ноход түг, түг" гэвэл тэд нь үхэдхийн унажээ. Гэтэл хааны баатрууд өвгөн рүү дайрч гэнэ. Өвгөн сүхээ далайн "Хэрцгий баатрууд түг, түг" гэсэнд баатрууд нь хааныхаа хөлд үхэдхийн унажээ. Хаан ухаангүй айгаад худалдаачны хамт өвгөний хөлд өвдөг сөхрөн газар мөлхөж амь өршөө гэж гуйж мөргөж гарчээ.
Чингэхэд нь өвгөн хааны сайд чандмань эрдэнийг минь, хаан өөрөө илжгийг минь эргүүлж өг. Бас хаан төрийн тэмдэг алтан тамгаа өг гэжээ. Сайд чандмань эрдэнийг нь хааны зардас шидтэй илжгийг нь авчирч өвгөнд өгчээ. Хаан өөрөө алтан тамгаа барин өвдөг сөхрөн мөлхсөөр авчирч өгчээ. Нэгэнт алтан тамгаа алдсан хаан улсыг захирч ял шийтгэх эрхгүй болжээ. Ийнхүү харгис хатуу Шазгалдайд хаан цолоос өөр юм үлдсэнгүй. Тэгээд өвгөн ард олонд найр зарлаж жаран жилийн жаргал наян жилийн найр хийж дээрээ хаангүй амар сайхан жаргажээ.


Цааш нь...

Нөхөрлөлийн үлгэр

Урьд нэг бамбар тугал хоёр ижилдэн дассан байжээ. Нэг өдөр бамбар нь зам дээрээс хонх олоод тугалын хүзүүнд зүүж өгөөд,
— Намайг байхгүйд чамд аюул учирвал дуугаргаарай! Би хонхны дуунаар ирж чамайг хамгаалж байя гэжээ.
Нэг өдөр бамбар ан эрж явтал хонхны дуу гарчээ. Сандран гүйж ирвэл тугал нь зүгээр л өвс идэж байв.
— Юу болов? Чамд ямар аюул учрав гэсэнд тугал,...
— Хамар дээр минь хөхтүрүү сууж, би айгаад чамайг дуудсан юм. Тэгээд нисээд явчлаа, гэжээ.
— Үүнээс хойш ийм дэмий юманд намайг дуудах хэрэггүй гээд бамбар андаа явлаа.
Тэгтэл удалгүй дахиад хонх жингэнэж сонсогдов. Бамбар бас л яаран гүйж ирвэл тугал аанай л зүгээр өвс идэж байжээ.
— Юу болов? Юунд намайг дуудаа вэ? гэсэнд тугал,
— Зүгээр! Би оодгоноод толгойгоо сэжилж байсан юм гэжээ.
Бамбар дахиад гөрөөндөө явж байтал хонх жингэнэв. «Толгой дээр нь шумуул суугаад үргээж байгаа биз» гээд бамбар энэ удаа очсонгүй.
Орой байдаг газраа эргээд ирсэн чинь хайрт нөхрий нь чоно идчихсэн байжээ. Бамбар «Надаас болж нөхөр минь амь эрсдэв» гэж ихэд харамсан гашуудаад тугалын ясан дээр хэвтсээр байгаад гуниглаж үхэв.

Бамбар тугал хоёрын ясыг хааны хоньчин олоод булж орхив. Хоёр жилийн хойно тэнд хоёр сайхан саглагар мод ургав. Өглөө бүр ургах нарнаар хоёр хөөрхөн хүү хоёр модноос баясгалантайяа бууж ирээд өдөржин наадаж харуй бүрий болохоор тус тусын модны навчинд шингэж алга болдог болов. Энэ гайхалтай явдлыг нэг өдөр хааны хоньчин үзээд гэргийдээ ярив. Гэргий нь айлынхандаа ярив. Айлын хүн, хүүдээ хөөрөв. Хүү нь ноёндоо хэлэв. Ноён хаандаа айлтгав. Хаан баг цэрэг гаргаж, тэр хүүхдүүдийг барьж ир гэж түшмэлээ явуулав. Тэд ургахын нарнаа отож байгаад нэг хүүг нь бууж ирмэгц барьж автал түшмэд,
— Нөгөө жаалын бууж ирэхийг хүлээх хэрэгтэй байсан юм. Одоо тэр нь бууж ирэхгүй биз гэж сандартал эндүүрчээ. Нөгөө жаал нөхрөө салгаж авах гэж бууж ирээд бас баригджээ. Хаан "Төр улсыг минь хамгаалах баатар цэрэг ч болох юуны магад. Одоо юутай ч болов адуу мал маллуулъя" гэв.
Тэр хоёрт Алтан хүү, Мөнгөн хүү гэж нэр өгөв. Арван жил мал хариулаад идэр чийрэг, хүчирхэг сайхан эрс болж өсөв.

Нэг өдөр цэргийн хүн ирж тэр хоёрт,
— Алтан хүүг дайнд морд гэж хаан зарлиг болов гэж хэлжээ. Дайны хэрэг давчуу яаруу тулд Алтанхүү нөхөртэйгээ салах ёс хийгээд дайнд мордов. Мөнгөн хүү нөхрөө их санах болжээ.
Нэг өдөр түүний гэрт нэг хөгшин түшмэл ирж,
— Хаан чамайг зүүн зүгт явж хар гэрт хааныд очоод аравдугаар охиныг нь хулгайлж авчир гэж зарлиг буулгав. Хаан хатнаа болгох гэнэ. Энэ гурван хүүдийтэй мөнгийг замдаа хэрэглэ гэсэн. Хааны зарлигийг зөрчвөл амьдаар чинь чанаж ал! гэж тушаав гэжээ.
— Би аравдугаар охиныг яаж таних юм билээ? гэж Мөнгөнхүү асуувал түшмэл,
— Тэр амархан. Хар гэрт хааны охид цөм хар гэзэгтэй. Аравдугаар охины нь гэзгэнд гурван ширхэг алтан үс гялалзаж байдаг юм гэжээ. Мөнгөн хүү охиныг олж ирэхээр мордлоо. Хэц дэрлэж, хээр хонож удтал явсаар нэг ядуу малчин өвгөнтэй дайралдав.
— Өвгөн ах хаа хүрнэ гэж сурвал,
— Би харгис хааны хонь хариулдаг хүн. Нэг хонь цойлуулчаад эрж явна. Олохгүй бол толгойгүй болно гэжээ.
— За тэгвэл та санаа зоволтгүй. Энэ хүүдий мөнгөөр сүрэг хонь авч өгсөн ч болно гэж хүү хавтагатай мөнгөө өгсөнд өвгөн ихэд баярлаж,
— Баатар чамд баярлав. Шилбүүрийг минь ав. Чамд хэрэг болох юуны магад! гэв. Шилбүүрийг бүсэндээ хавчуулаад цаашаа явж байтал бас нэг өвгөн харгалдсанд,
— Та хаачиж явна? гэвэл өвгөн хэлэв,
— Би хүүгийндээ очъё гэсэн чадахгүй нь шиг байна. Замдаа мориноосоо унаж явгарлаа. Явган хүрэх чадал барагдлаа гэжээ.
Зовлонгоос гэтлэхэд тань тус болох юм байна. Энэ хавтагатай мөнгийг ав! Азрага адуу авсан ч хүрнэ гэсэнд өвгөн баярлаж,
— Баатар чамд баярлалаа. Энэ хонины яс ав! Замд чинь хэрэг болох ч магадгүй гэв. Хонины ясыг богцондоо хийгээд Мөнгөнхүү мөрөө хөөж явав. Орой болоход бас нэг хөгшинтэй уулзав. Тэр хөгшин түүдгийн дэргэд суугаад галын дөлийг гунихралтайяа гөлрөн байжээ.
— Хөгшин ах та юунд дулаан гэрт галын дэргэд суулгүй, хөдөө талын жаварт бээрч суугаа билээ? гэж Мөнгөнхүү асуутал өвгөн,
— Би орон гэргүй оочих аягагүй ядуу хүн. Үзтэл бутны дэргэд буруу харах тавилантай шиг байна гэв.
— Бэлэггүй үг чинь салхинд хийсэх болтугай! Энэ мөнгөөр өргөө гэр аваарай гэж сүүлчийн хавтага мөнгөө өгөв.
Өвгөн босон харайж, цог нь унтарсан галаасаа нүүрс авч Мөлгөнхүүд өгөөд,
— Та энийг ав! Хэрэг болох ч магадгүй гэв. Мөнгөнхүү нүүрсийг өвөртлөөд зүүн зүг мөрөө хөөж явав. Тийнхүү мориноос
буулгүй олон хоног явж хар гэрт хааны ордонд хүрэв. Шөнө болохыг хүлээж байгаад хааны ордонд сэм оров. Орох гэтэл нэг том хоточ нохой хуцсанд Мөнгөнхуү өнөөх хонины ясыг гэнэт санаж, гаргаж нохойд хаясанд нохой яс мэрээд хуцахаа болив.
Ороод тас хар гэзгэндээ гурван ширхэг алтан үстэй цэвэр сайхан Оюун авхайг олж үзэв.
— Би таныг эрж ирлээ. Манай хөгшин хаан таныг хатан болгож авна гэж байна гэж Мөнгөнхүү хэлбэл охин,
— Би хөгшин хаанд очих дургүй. Чи хөгшин хаандаа намайг аваачиж өгөхөөс аварвал би насан туршид чамтай амьдрахад бэлэн гэж Оюун авхай хашгирав.
— Тэгвэл тийм болог. Би чамайг яавч газардуулахгүй гэсэнд Оюун,
— Эндээс түргэн зугтаая! Хаан эцэг минь энд таны байхыг үзвэл бид хоёуланг цаазлуулна гэв.
Мөнгөнхүү хүүхнийг мориндоо дүүрээд нисэх мэт хурдлав. Салхин хурдан мориороо өдөржин шөнөжин давхиад сая бууж амсхийв. Мөнгөнхүү Оюун хоёр бөх гээчийн унтаж орхижээ. Үүр цүүрээр сэрээд үзвэл хар гэрт хааны цэргүүд бүсэлчихсэн байжээ.
Мөнгөнхүү нум сумаа авч дайсны зүг зай завсаргүй харавсанд хааны цэргүүд халх бамбай барьж ард нь хоргодоод улам ойртов. Мөнгөнхүү мориноосоо үсрэн буугаад сэлмээрээ дайсныг цавчилсаар хорин цэрэг цавчтал хорин нэгдэхийг цавчиж чадалгүй сэлэм нь хугарчээ. Нэг булиа цэрэг түүнийг уургалж авах гэсэнд Мөнгөнхүү бүснээсээ шилбүүрээ суга татан авч ширвэсэнд хааны бүх цэрэг мэнэрэн хөсөр унацгаав.
Мөнгөнхүү энэ шилбүүрийн ид шидтэйг мэдээд бүсэндээ хавчуулж, морио унан, Оюуныгаа дүүрээд цаашаа давхижээ.
Бас давхиж давхиж нэг газар унтаад өглөө сэрээд харсан сан, хааны хүч нэмсэн цэргүүд бүслээд байжээ. Хар гэрт хаан охиноо буцааж Мөнгөнхүүг барихаар шүд зууж байгаа бололтой.
Мөнгөнхүү нумаа шүүртэл өчигдөр сумаа дуусч, сэлмээ хугалснаа санаж, бүснээсээ шилбүүрээ авах гэтэл бас алга. Морины явдалд хаягдсан бололтой.
— Би үхэхээс айхгүй таныг алдахаас айна гэж Мөнгөнхүү хааны охинд хэлэв. Ингэж хэлтэл хэнхдэг дээр нь нэг юм халж төөнөсөнд үзвэл өвгөний бэлэглэсэн нүүрс улайж цог болсон байв. Мөнгөнхүү цогт хайрагдаж сандрахдаа өвсөн дээр түүнийг авч хаясанд талын их түймэр дэгдээд салхи түймрийн галыг цэргийн зүг хөгжөөсөнд цэргийн олонхи шатаж
хагас нь зугатааж гарав. Дайсан дарагдсан хойно өнөө цог унтарч хар нүүрс болов. Мөнгөнхүү нүүрсээ өвөртлөөд шилбүүрээ эрэхээр явж бас олж аваад цаашаа явжээ.

Явж явж ойн захад ханхай гэр эзгүй байсныг тэр хоёр олж тэнд амьдрах болов. Мөнгөнхүү өдөр бүр анд явж, Оюун хоол хөц төхөөрөн найртай сайхан амьдарч байжээ. Нэг удаа Мөнгөнхүү эмдээ,
— Чи надад нэг ширхэг алтан үсээ бэлэглэ! Би үүрд өвөртөлж явъя гэв. Оюун хэлсэн ёсоор нь бэлэглэсэнд Мөнгөнхүү нандигнан өвөртөлж баясгалантайгаар андаа явжээ.
Хоёр өдөр олз омогтой агнаад гурав дахь өдөр харьж явахдаа нэг чулуун дээр амарч эмийгээ санагалзан алтан үсий нь өврөөсөө гарган үзэж бахархаж байтал салхи үсийг хийсгэж аваачив.
Мөнгөнхүү алтан үсийг салхинд алдсандаа удтал гашуудан уйлж байтал Оюуны толгойд дахиад хоёр ширхэг тийм үс бийг гэнэт санаад дахин нэгийг нь гуйж авъя гэж тайтгараад харьжээ.
Тэр салхи алтан үсийг хааны цэцэрлэгт хийсгэн авчирсныг хаан олж үзээд ихэд хилэгнэн түшмэлээ дуудуулж түшмэл үхтэл айж санд мэнд ирсэнд,
— Мөнгөнхүү хатан болох хүний минь хулгайлж, аваачсан байхад чи түүнийг олж чадахгүй байна. Хаврын сар дүүрэхээс өмнө хайртай Оюуны минь барааг надад харуулахгүй бол чамайг амьдаар чинь булна! гэж загнажээ.
Түшмэл зуун цэрэг аваад сүйт хүүхнийг эрж газар бүхнээр хэсээд олсонгүй. Тэгтэл харин хаврын сарын сүүлчээр гэнэт Мөнгөнхүү замын хажууд чулуун дээр суугаад алтан үсний ширхэг чимхээд бахархан үзэж суужээ. Муу зальт түшмэл цэргүүдээ өндөр өвсөн дотор бүгүүлээд өөрөө тонхил өвчтөний дүр үзүүлж очоод,
— Зоригт баатар минь урт наслахыг ерөөе! Хөл минь ер явж болох биш, гэртээ намайг түр амраан соёрх! гэж газар тултал мэхийн ёсолж гуйжээ.
— Ядсан амьтныг амраах гэр буянтай биздээ. Намайг дагаад яв даа! гэж Мөнгөнхүү хэлээд гэртээ аваачив. Гэртээ ортол ч араас нь сэм мөрдөж явсан зуун цэрэг дайран орж иржээ. Мөнгөнхүү илдээрээ олныг унагаасан тулд гэр нь хүний хүүрээр дүүрсэнд түшмэл Мөнгөнхүүг амьдаар олзолж чадахгүйгээ мэдээд "Тэртэй тэргүй хаан цаазална. Түүнийг харва!" гэж хашгирав. Хар хүнээ амь гарахад бэрх болов гэж мэдээд Оюун сэлмий нь булааж аваад тулган дотор чулуудсанд
Мөнгөнхүү үхэтхийн унав. Түшмэл Оюунд,
— Надтай хааныд очигтун. Өршөөлт эзэн минь чамайг хатнаа болгох гэж байна гэв. Оюуныг морь унуулаад хөтөлж одов.
Хаанд хүргэж ирэх яг тэр үед эрэлхэг зоригт Алтанхүү дайнаас буцаж ирсэн ажээ. Алтанхүү нөхрийгөө сураггүй болсныг дуулаад мориндоо үсрэн мордож эрэхээр гарчээ.
Хичнээн өдөр явж хүрсэн газар бүхэндээ уулзсан бүхнээс Мөнгөнхүүг асуувч сураг чимээгүй байжээ. Алтанхүү жолоогоо сул тавин, хоёр алгаар нүүрээ дараад "Хайрт нөхөр минь үхсэн бол миний амьд явах хэрэг юу билээ?" гэж урам хугаран
шивнэж, хичнээн газар тэгж зүг чиггүй явсныг мэдэхгүй. Гэнэт унасан морь нь яг зогсоод аяархан үүрссэнд нүүр тагласан гараа авч харвал өнчин ганц гэрийн дэргэд зогсож байжээ. Энэ гэрийн хүн сураг гаргах магадгүй гэж бодоод бууж орвол Мөнгөнхүүгийн хүүрийг олов.
Алтанхүү өвчүү чээжээ дэлдэн орь дуу тавин уйлав. Нэг уужраад харвал тулган дотор Мөнгөнхүүгийн сэлэм байв. "Нөхрийг минь алсан хүнийг энэ сэлмээр чинь заавал өшөө авч өгье" гэж шүд зуун тангараглаад сэлмийг автал Мөнгөнхүү нойрноос сэрсэн мэт ухасхийн босоод,
- Оюуны минь хааных аваачсан. Оюуныг минь авралцагтун! гэж хашгирав.
— За хоёулаа түүнийг аваръя, эсвэл хоёул хамт ясаа тавья! гэж Алтанхүү хэлэв.
Хоёул мордож ташуур эргүүлэн давхисаар өдөр шөнө цурамгүй давхиж гурав хоногийн биен дээр хааны хотын барааг харав. Ордонд орох бэрх, өмнүүр нь ямар ч морь гаталшгүй мөрөн урсдаг юм байжээ. Сал холбож гурав хоног оролдоод сая бүтээж усанд тавьтал усны ёроолоос аварга загас гарч ирээд салыг залгичихжээ. Хоёр баатар нум сумаар харвавал тусгүй хайрсанд нь хад чулуунд туссан мэт хальтарч байв. Аварга загас мөрөнд хөндөлсөөд тэднийг гол гатлах гэвэл морьтой хүнтэй нь залгих гэж хүлээж байжээ.
Алтанхүү ойрын нэг уулын оройг тас харваж хоёул мөрлөн өргөж авчраад загасны аманд хаясанд хоолойг хахаажээ. «Нүгэлт загас үүнээс хойш хүн залгих чадалгүй болов» гэж баярлаад хоёул дахин модон сал хийж тавиад голын эргээс дөнгөж хөндийртэл аварга загас сүүлээ шарван мөрний усыг дэлдсэнд уулын чинээ өндөр долгио дэгдэв. Мөрнийг гатлах арга мухардан хоёр баатар зовж байтал Мөнгөнхүүгийн өвөрт хэнхдэгийг шатаамаар нэг юм төөнөв. Өврөөс тэмтрэн гаргаж ирвэл улайссан нүүрсний цог байсанд гар халхай түлхий болж усанд алджээ. Мөрний ус дороо буцалж, аварга загас хичнээн уймавч удалгүй шалз булз түлэгдэж үхэв.
Загасыг дараад мөрнийг гаталж тэр шөнө хааны ордонд ирээд үзвэл есөн толгойтой атигар хар мангас үүдийг сахин ажээ. Хоёр баатар сэлмээ өргөж хоёр толгойг тас цавчин хаятал үлдсэн долоон толгойноос гал утаагаар тургиж гарав.
Баатруудын морь бөмбөгнөтөл чичрэн хойш ухарсанд ташуурдан урагш довтолж бас нэг нэг толгой цавчсанд мангас аймшигтай хүрхрэв. Газар дэлхий донслов. Баатрууд бас мятарсангүй дахин урагш довтолж бас хос толгой тас цавчив.
Өнөөх мангас гуравхан толгойтой үлдсэн боловч Мөнгөнхүүгийн сэлэм хугарсан тул байлдах аргагүй, иймд Алтанхүү хэлэв,
— Би мангастай тулъя. Чи түргэн хааны ордонд орж Оюуныг аварч гарга гэв. Тэгээд Алтанхүү мангасыг хашгиран довтолж дайрсанд Мөнгөнхүү давхин орж Оюуныг шүүрч аваад баяртайгаар довтлон эргэв. Тэгтэл баярласан нь эртэджээ.
Юу гэвэл энэ үед Алтанхүү үхлийн даваан дээр байлаа. Мангасын хоёр толгойг хяргаад гуравдахий нь цавчиж завдалгүй мангаст цохигдон унасанд мангас хөлөөрөө баатрыг дарж аваад алахаар завдаж байжээ. Мөнгөнхүү үүнийг үзээд амин хэргээ цөм мартаад бүснээсээ хоньчны шилбүүрийг суга татан авч мангасын толгой дундуур татав. Мангасын сүүлчийн толгой бөмбөрөн унав.
Алтанхүү, Мөнгөнхүү, Оюун авхай гурвуул ойн дэргэдэх гэртээ ялгуусан баяр хөөртэй эргэж ирээд гаслан зовлонгоос айхгүй хамтран тэмцэж амар сайхан жаргав. Үнэнч сайн анд нөхөдтэй хүнээс гамшиг зовлон зугатаан явдаг гэдэг ажээ.


Цааш нь...

Тагтаа шуг шуг гасалдаг, богширго шулганан жиргэдэг болсон учир

Тагтаа богширго хоёр Төвд орон орохоор, зорин нисэв. Төвд хүрдгийн даваан дээр нэг айлын гэр дээр сууж амрав. Жаалхан сууж амраад цааш нисэх гэтэл тэр гэрт нэг эмийн дуу тавин ёолох гаслах сонсдов.
Тэгэхлээр тагтаа хэлэв,
— Энэ хүнийг асрах хэрэгтэй гэсэнд богширго хэлэв,
— Зав алга. Төвдийн лам нар яаж аж төрж, залбирч мөргөж байдгийг очиж үзэх гэж яарч байна гэжээ....
Ингэж хэлээд богширго дэрд гээд цааш нисээд явжээ. Тагтаа нь өвчтэй хүүхнийг сахиж асраад үлджээ.
Богширго Төвд оронд хүрч сүмийн оройд орогнон үүрлээд лам нарын яаж ном уншиж, залбирал хийдгийг хардаг болов.
Нэг сарын дараа тагтаа богширго хоёр дахин уулзаад ам нээн ярилцтал бие биеийнхээ үгийг ойлголцсонгүй. Учир нь гэвэл тагтаа ямагт дуу тавин ёолох мэт шуг шуг ү—х—үү—үх—үү» гэж дуугарсан ба нөгөө богширго нь цаг үргэлж «жир жир» шулганаад байжээ.
Яагаад гэвэл тагтаа нь өвчтэй эмийн гаслан ёолох дууг мартаж чадахгүй байсан ба богширгын чихэнд өглөөнөөс орой болтол үл ойлгогдох юм амандаа бөвтнөж 10 шулганаад байдаг лам нарын уншлага залбирлын ном «жир жир» сонсогдоод байх болжээ.
Ийм учраас тагтаа богширго хоёр өнөө болтол бие биеэ ойлголцдоггүй хэвээр гэнэ.


Цааш нь...

Ертөнцийн гурван их санаатан

Тогоруу намайг чанга гишгэвэл газар дэлхий цөмрөх бий, олон амьтан тэр цөмөрхий рүү орж унах бий гэж зөөлөн гишгиж байгаа нь энэ гэж гэдэн годон гишгэлдэг юм гэнэ билээ.
Голио усаар галав юүлж, үерийн усанд амьтан гэнэдэн авахуулж сүйдэх бий гэж өндөр дээрээс харж байгаа нь энэ гэж хайр чулуун дээр гардаг юм гэнэ билээ.
Сарьсан баавгай, тэнгэр нурж, амьтныг сүйдлэх бий гэж өндөр юмнаас уруугаа харж дүүжлэн, тэнгэр өөд харж байгаа нь тэр юм гэнэ билээ....


Цааш нь...

Үхрийн бөөрний учир

Урьд эрт цагт Бурхан, олон амьтанд бөөр түгээжээ. Үхэр алхах нь удаан, нэг хоёр гэж сажилсаар хамгийн бөгсөнд хүрч иржээ. Бөөр дуусчихжээ. Түрүүний амьтан нь бөөр шилж авахдаа өөлүүлж танасан бөөн өөдөс л үлдээд байжээ.
Тэгээд бурхан үхэрт чи нэгэнтээ хамгийн бөгсөнд ирснээс хойш энэ өөдсийг бүгдийг ав! гээд цөмийг нь хамаад өгчихсөн. Тэгээд үхрийн бөөр гэж элдэв хангайн өөдөс нийлсэн тийм том юм болсон гэдэг....


Цааш нь...

Тааварчин гурав

Урьд өнчин гурван хүүхэд байжээ. Ганц тугалтай үнээтэй юм байжээ. Үнээний гурван хөхийг гурван хүүхэд, нэг хөхийг тугал нь хөхөж амьдардаг байжээ. Нэгэн өдөр үнээ нь бэлчээрт гараад эргэж ирсэнгүй. Нэг өдөр хүлээж гэнэ. Ирсэнгүй. Хоёр өдөр хүлээж гэнэ. Ирсэнгүй. Гурван өдөр болоход тугал нь харангасан үхжээ.
Гурван хүүхэд үнээгээ эрж ноёныдоо очиж гэнэ. Ноён тэр гуравт үхрийн дал чанаж өгч гэнэ. Гурван хүүхэд хоол идэх болоход ах нь хэлжээ. ... Энэ чинь манай мах байна гэж хэлжээ.
Дундах нь: Үнээний дал байна гэжээ.
Бага нь: Манай мах болоод үнээний дал бол манай үнээний дал байна гэжээ. Ноён,
- Энэ далыг өөрийн үнээний дал гэж та нар яаж мэдэв гэхэд тэд,
- Тааварлаж мэдэв гэв. Ноён,
- Та нар юм таахдаа хэцүү юү? гэвэл тэд,
- Бид таахдаа л таадаг гэв. Ноён хэлрүүн,
- Та нар гадаа гарч байгтун гээд гурван шаазанд юм хийж хөмөрч тавиад,
- Одоо орж ир! гэжээ.
Тэднийг орж ирсэнд хаан асуусан нь,
- Дээд захын аяганд юу бий вэ? Ахмад хөвгүүн хэлэв,
- Бөв бөөрөнхий юм байна гэжээ. Дунд хүү,
- Шав шар юм байна гэжээ. Бага хөвгүүн,
- Бөв бөөрөнхий болоод шав шар өнгөтэй бол богширгоны өндөг бизээ гэлээ. Хаан аваад үзсэн чинь богширгоны өндөг байжээ.
— За одоо дунд аяганд юу бий вэ? гэжээ. Ахмад хөвгүүн,
- Ув улаан юм байна гэжээ.Дунд хүү,
- Ав амттай юм байна гэжээ. Бага хөвгүүн,
- Ув улаан болоод ав амттайхан юм бол чавга (алим) бизээ гэсэн чинь бас таачихжээ.
— Адгийн шаазанд ямар юм байна гэжээ. Ахмад хөвгүүн,
- Дүгрэг хэлбэртэй юм байна гэжээ. Дунд хөвгүүн,
- Дундаа дөрвөлжин нүхтэй юм байна гэжээ. Бага хөвгүүн,
- Дүгрэг дүрстэй болоод дундаа дөрвөлжин нүхтэй бол гуулин зоос бизээ гэв. Гурван аяганы доторхийг гурвуулаа таачихжээ.
Ноён тэхэд нь гурван хөвгүүнийг хүндлэх гэж хонь алж гүү сааж гэр бариулж, найр хурим хийв. Хаан зарцдаа өгүүлрүүн. Тэд юу хэлэлцэж байна сонсоод ир гэжээ Зарц очоод чагнатал хөвгүүд хэлэлцрүүн,
- Айраг нь ч айраг юм. Хүний цустай айраг юм. Мах нь ч мах юм, нохойн мах байна. Ноён ч ноён юм, хятадын хүү байна гэжээ.
Түүнийг зарц нь сонсоод ноёндоо айлтгав. Ноён уурлаж хоньчиндоо очиж,
- Чи надад нохойн мах өгөв үү? гэжээ. Хоньчин,
- Үгүй үгүй, тэр хурга байхдаа өнчрөөд нохойн хөх хөхөж өссөн билээ гэв. Ноён адуучиндаа очоод,
- Чи надад айргийн оронд хүний цус өгөв үү гэжээ. Адуучин,
- Би морь уургалж байтал гар шувтарч цус гараад ус руу оров. Тэр уснаас гүүнүүд ууж байсан билээ гэжээ. Ноён гэртээ ирээд эхээсээ асуусан нь,
- Би ямар хүний үр вэ? гэжээ. Эх нь,
- Жинхэнэ эцэг чинь хятад хүн байсан гэсэнд ноён урам нь хугарч гурван хүүхдийн үнээг хулгайлж идсэнээ хүлээжээ. Тэгээд гурван хүүхдийн ахыг ноён болгож, хоёр дүүгий нь түшмэл болгож, өөрөө сул хүн болоод амар сайхан жаргажээ.


Цааш нь...

Худгийн сохор мэлхийн үлгэр

Эрт урьд цагт, энэ дэлхийн хаана ч юм бэ нэгэн өнцөгт нэг худаг байдаг юмсанжээ. Тэр худагт өрөөсөн нүд нь сохор мэлхий оршин суудаг байжээ. Гэтэл ийм үйл явдал болжээ.
Нэгэн өдөр гадаад их далайд их салхи шуурга хөдөлж түүний долгион давалгаанаар далайгаас нэгэн яст мэлхий хуурай газарт шидэгдэж орхижээ. Тэрээр очих газар үгүй, ирсэн зүгээ ч мэдэхгүй өлсөж ... цангаж, өлбөрч үхэхийн туйлд хүрч дэмий тэнэн явсаар нөгөө сохор мэлхийтэй худагт аз дайрч хүрч ирвээс худгийн сохор мэлхий мэл гайхан,цэл хөхөрч ийнхүү асуусан нь,
— Чи аль газрын хэн гэгч вэ? Хаанаас ирэв? Хаа хүрч яваа вэ? гэж шалгаажээ.
Далайн мэлхий,
— Би яст мэлхий гэгч байна. Гадаад их далайд нутагтай билээ! Сая нэг их хүчтэй салхи болж далайн долгионд дэлсэгдэн хуурай газарт шидэгдэж орхиод төөрсөөр танай энд хүрч ирэв гэхэд Сохор мэлхий,
— Чи одоо тэгээд юу гэж бодож, яахаар шийдэж байна вэ? гэхэд далайн мэлхий,
— Би одоо явъя гэвч газар хол, зүгээ мэдэхгүй, буцахын аргагүй билээ. Танай худагт хамт сууж аж төрье гэв. Тэгэхлээр нь худгийн мэлхий худагныхаа усны гуравны нэгэн хэсгийг зааж,
- Чиний тэр далай гэгчийн чинь усны их бага өдий чинээ юу? гэхэд далайн мэлхий үүнээс ихээ их! гэхэд худгийн мэлхий бас гуравны хоёр хувь хиртэй хэсгийг зааж,
— Үүнээс ямар вэ? гэв. Далайн мэлхий,
— Энэ өчүүхэн худагтай манай далайг жишиж боломгүй билээ. Үүнтэй чинь адилтгашгүй хэмжээ, хязгааргүй арвин их билээ, гэж хэлтэл худгийн сохор мэлхий галзуурсан мэт уурлан, хашгичин хэлсэн нь,
— Чиний тэр далай гэгч чинь миний энэ худагнаас хичнээн ихдээ юу базаагаа гэж. Би бүгдийг мэдэж байна. Чи муу гуйранчин, тэнүүлч бас өөрийнхөө нутаг орон далайг магтаж, над мэтийн амьтны толгойг эргүүлж, басамжлан доромжлох санаатай юу? Чи тэр их устай, хязгааргүй их далайруугаа тонил! гэж хөөрхий муу яст мэлхийг хөөсөн
юм гэнэ билээ. Тэгэхэд нь далайн яст мэлхий худгийн тэр сохор мэлхийг харж, харж,
— За, тийм байдаг байж, хэлснээр чинь болог! Ээ зайлуул, мөн ч хөөрхий амьтан юмдаа. Чи ч доль сохор биш таг сохор юмаа даа гэж гэнэ.


Цааш нь...

Бух, хуц, ухна гурвын үлгэр

Нэг баян айл байжээ. Тэр айл цагийн хүйтэнд зутарч цас зуданд туйлдаад босож, чадахаа байсан өеөсмөл бухан бяруу, төлгөн хуц, шүдлэн ухна ийм гурван мал өвөлжөөндөө хаяад нүүжээ.
Нүүснээс хойш хүйтний эрч буурч, цаг зуд тавигдаад хаврын урь орсонд өнөөх гурван мал цасан дороос арайхан ... амьтай гарч, бага зэрэг тэнхрээд байтал нэг чоно тэр гурвыг идэх санаатай давхиж ирээд бухнаас асуужээ.
— Чиний нэр хэн гэдэг вэ? гэсэнд бухан бяруу,
— Миний нэр Гүзээ ихт Гүндэн хаан гэдэг гэв. Үүнд чоно баахан сонирхон бухын эврийг зааж бас асуув,
— Чиний энэ толгой дээрх чинь юу вэ? гэсэнд бух,
— Миний энэ бол
Тэнгэр бурхны хайрласан
Тэх хар жад юм.
Тэрсэлж ирсэн дайсныг
Тэсгээлгүй сүлбэдэг юм гэв. Чоно баахан гайхан бухын төмсийг зааж асууруун,
— Чиний энэ чинь юу вэ? гэсэнд бух хэлэв,
— Миний энэ
Аав ээжийн хайрласан
Асар гашуун сонгино
Араатан чонын махыг
Амталж иддэг юм гэв. Чоно бухнаас айж төлгөн хуцнаас асуув.
— Чиний нэр хэн гэдэг вэ? гэсэнд хуц,
— Миний нэрийг Толгой ихт Тонж хаан гэдэг юм гэв. Чоно хуцын эврийг харж асуув,
— Чиний энэ юу вэ? гэсэнд төлгөн хуц,
— Миний энэ
Тэнгэр бурхнаас хайрласан
Том хар муна.
Довтолж ирсэн чонын
Толгойг хага цохидог юм гэв. Чоно хуцнаас бас айгаад шүдлэн ухнаас очиж асуув,
— Чиний нэр хэн гэдэг вэ? гэсэнд ухна хэлэв,
— Миний нэр Сэлмэн эвэрт.
Сэнгэ баатар
Сахал ихт
Санж хаан гэдэг гэв. Чоно ихэд гайхаж ухнын эврийг зааж,
— Энэ чинь юу вэ? гэж асуусанд ухна хэлэв,
— Миний энэ
Эзэн тэнгэрээс заяасан
Ирт их мэс
Эрсэлж ирсэн чонын
Элэг бөөрийг сүлбэдэг юм гэжээ. Чоно их л сүрдэж балмагдаж дэмий л ухнын төмсийг зааж,
— Таны энэ тань юу вэ? гэж асуусанд ухна улам сүр бадруулан хэлэв,
— Аа энэ бол Түүхий чонын махыг дүрж амталж иддэг.
Түнгэрцэг савтай давс сонгино хоёр
Түрүүлж ирснээр нь одоо чамайг идье гээд тургиж давхийсанд өнөөх чоно ухаангүй айж урт хар чацга хаян ухасхийн дүүлж голын мөсөн дээгүүр харайж год хатган зугтаажээ.
Ухна улам айлгах гэж хойноос нь элдэж явтал мөсөн дээр халтираад салтаагаа хагалчихжээ.
Тийнхүү салтаагаа хагалснаа чононд мэдэгдэхгүй гэж хойноос нь өндөр дуугаар
хашгиран:
— Чамайг даа, би өмдний тэлээ тасраагүй бол уу? гэж их л занасаар хоцорчээ. Ингэж чоныг айлгаад тэр гурван мал ногоо гарсан хойно гэртээ харьж сүрэгтээ нийлээд амар сайхан жаргаж гэнэ.


Цааш нь...

Хүн нүцгэн, нохой үстэй болсоны учир

Урьд эрт цагт
Газрын өр сая тогтож
Галын хүү сая улайж
Сүн далайг шалбааг байхад
Сүмбэр уулыг довцог байхад
Нар сая мандаж байхад
Навч сая дэлгэрч байхад
Сар сая мандаж байхад...
Сахилдаг сая хөхөрч байхад Бурхан хүнийг бүтээх гэж шавраар эр эм хоёр хүний
дүрс хийгээд амь оруулах мөнхийн рашаанд явах болжээ. Явсан хойгуур чөтгөр
хорлох магад гэж нохой муур хоёроор өнөөх хоёр шавар хүнийг сахиулдаг юм
байжээ.
— Та хоёр энэ хоёр хүнийг сайн харж бай! Намайг мөнхийн рашаан авчиртал амьтан бүү хавьтуул! Энэ хоёр та хоёрын эзэн болж ивээх тул хичээж сайн харж сахиж бай гэжээ.
Тэгээд Бурханыг явсан хойгуур чөтгөр бурхны туурвилыг хорлох гэж иртэл, нохой
муур хоёр хавьтуулахгүй байжээ. Тэгэхлээр нь чөтгөр мууранд сүү, нохойд мах авчирч
өгөөд идэж байх хооронд нь хоёр шавар хүн рүү эргэн тойрон шээж бузарлаад яваад өгч
гэнэ.
Бурхан мөнхийн рашаан авчирч хоёр хүнээ амь оруулах гэтэл үс нь бузартсан
байсанд хилэгнэн муурыг хүний энэ муухай үсийг зулба долоогоод арилга гэв.
Муураар зулба долоолгож цэвэрлүүлсэнд гагцхүү толгойн үсэнд чөтгөрийн шээс
хүрсэнгүй тулд үлдээлгэж мөн суга цавинд муурын хэл хүрээгүй газарт бага сага бузар
үс үлдэж гэнэ. Чөтгөр шээсэн тэр бузар үсийг нохойд тохож гэсгээн цээрлүүлсэн гэнэ.
Иймээс хүн нүцгэн болж нохой үстэй болсон гэнэ. Мөн үүний шалтгаанаар муурын хэл
нь бузар, нохойн үс бузар гэж хэлэлцдэг ба хүн чөтгөрийн хорлолоор бузартсан учир
хэдий Бурхан хүний аманд мөнхийн рашаан дусаасан боловч хүн мөнх наслахгүй, зуурдаар
үхдэг болов гэнэ.


Цааш нь...

Гал улаан хаан

Жил бүгд найман настай хүүхдээр далай тахидаг Гал улаан хаан гэж байжээ. Далай тахисаар байгаад найман настай хүүхэд олдохоо болиход хаан өөрийн түшмэдийн хүүгээр далай тахихаар болжээ. Түшмэдийн хүү шувууны есөн хэл мэддэг юм байжээ. Хүүг гэртээ байж байхад нь хаан авчруулаад “Үүгээр далай тахиад ир” гэж хоёр яргачиндаа өгчээ. Тэр хоёр яргачин хүүг авч яваад “Чамаар яаж далай тахих вэ? Чи нар гарах зүгийг чиглэж яваад таван алтан улиас дайралдахаар тэнд хоноглогтун” гэж хэлээд явуулчихжээ. ... Хүү явсаар таван алтан улиасанд хүрч тэгнд хоноглохоор хэвтэж байжээ. Гэтэл таван алтан улиасны дээрх үүрэн дээр нэгэн шувуу ирээд “Энэ хүүхэд төмөр мунын хугархайг авбал их сайн юм байна” гэж нөгөө шувуутайгаа ярьж байна гэнэ. Хүү төмөр мунын хугархайг олж аваад явж байтал нэг том мэлхий тааралдаж гэнэ. Хүү “Хонины шагайн чинээ бол” гээд төмөр муныхаа хугархайгаар цохисонд хонины шагайн чинээ болжчихжээ. Тэгэхээр нь авч залгичихаад хонотол нэг их шуурга болж өнөө хүүг хийсгээд маш хол газар аваачаад хаячихжээ. Гэтэл түүнийг нэг хөх шартай хөгшин олж аваад ихэд баярлаж тэнгэр газарт их дуу хадуулсаар гэртээ гүйж ирлээ. “ Нэг хүү олж авлаа. Хүүгээ нэг өнцгийн баян хааны охинтой гэрлүүнэ” гэж хөх шараа унаж аваад хааныд “Ураг элгэн больё, хурим найр хийе” гэж очжээ. “Юу гээчийн эргүү хөгшин бэ?” гэж хаан уурлаад өнөө өвгөнийг алаад хөх шаранд нь ачаад буцаачихжээ. Замд нь хүү таарч хөх шарыг гэр рүүгээ тууж орхиод аавыгаа “Амь нас нь бүт, урьдаасаа угтай, хэзээнээсээ хэвтэй хүрэн улаан хөгшин бол” гэж дээгүүр нь алхжээ. “Юу гээчийн их унтав?” гэсээр аав нь урьдаасаа угтай, хэзээнээсээ хэвтэй хөгшин болж босч ирэв. “Аав аа, аав аа, хааныд архи их уугаад унтсаны нь би сэрээж авлаа” гээд гэртээ дагуулаад харьжээ. Өвгөн маргааш нь дахиад л “Худ сүй больё, хурим найр хийе” гэж очсонд арга нь барагдсан хаан их дунгаар их түмнээ цуглуулж бага дунгаар бага түмнээ цуглуулж “Одоо энэ хөгшнийг яах вэ?” гэж зөвлөөд, өвгөнд “Чи надад зуун цагаан мориор сүй хүргэж ир бас алтан дээвэртэй сүм байгуул. Өөрийн гэрийн үүднээс аваад манай гэрийн үүд хүртэл алтан мөнгөн зам тавь. Тэгвэл би охиноо өгч ураг садан болно” гэж хэлжээ. Хөгшин тэнгэр газарт их дуу хадуулсаар гэртээ ирж хүүдээ хэлжээ. “Би чамайг гэрлүүлэх гэсэн чинь “Зуун цагаан мориор сүй хүргэ, бас алтан дээвэртэй сүм байгуул, манай гэрээс өөрийн гэрийн үүд хүртэл алтан мөнгөн зам тавь” гэж байна би одоо яах вэ? гэжээ. Хүү төмөр муныхаа хугархайг барьж “Зуун цагаан морь бол, алтан дээвэртэй сүм бол, манай үүднээс хааны гэрийн үүд хүрэл алтан мөнгөн зам бий бол” гэж дохиж бөөлжив гэнэ. Тэгээд хөх үхэрт хөгшин зуун цагаан морь аваад алтан мөнгөн замаараа явж хаанд бараалхажээ. Дараа нь хааныхан хамаг нийтээрээ өлгийтэй хүүхэд, өлөгчин нохой үлдэлгүй цөм өвгөнийд гийчлэн ирсэн боловч хөгшний бэлдсэн амттай их идээний гурав хуваасны нэгийг ч барсангүй гэнэ. Хааныхан охиндоо албат хошуу, алт, мал, хуваан өгч хүүгийн гэргий болгон явуулахдаа ганцаарчлан ингэж захижээ. “Хөх шартай хөгшин яагаад баяжив” гэж залуу хүүгээс асуу. Хэлэхгүй бол үнэн үгээ хэлэхгүй бол нөхөр хань болж яаж сууна даа гэж хэлээрэй гэжээ. Хүүхэн нөхрөөсөө асуужээ. “Би ер хүнд хэлэхгүй” гээд л байж. Хүүхэн өдөр бүр шалаад л байж. Нэг өдөр хүү хэлжээ: “Би ер хүнд хэлэхгүй гэсэн юм. Гэвч чамд хэлэхээс биш яахав. Би мэлхий залгиснаас хойш санаснаараа бөөлждөг болсон билээ” гэж. Хүүхэн үүнийг сонсоод хаан аавдаа очиж хэлжээ. Хаан нэг өдөр хүргэнээ ирүүлж “Цай уу” гэж уулгаад арван хөхүүр арз өгч бөөлжүүлсээр байтал зүрх нь амаараа цухуйсанд зүрхэнд нь нэг мэлхий байжээ. Түүнийг аваад үд хүрдэггүй үнэгэн цагаан эм, хоног хүргэдэггүй хонин цагаан эм түрхэж зүрхий нь цааш хийж орхижээ. Хүү унтаж байгаа сэрсэн чинь хөгшний гадаа байсан мал нь цөм хааны гадаа оччихсон байв гэнэ. Хүү чимээгүй оргож гараад таван улиасныхаа угт ирээд сууж байтал улиасны дээрх үүрэнд хоёр шувуу ингэж ярилцжээ. “Энэ хүү маргааш эрт босч гүйвэл долоон чөтгөр нэг дүгрэг хар юм булаацалдаж байгаатай дайралдана. Тэгээд тэр долон чөтгөрийг уралдуулж “Хэн түрүүлсэн чинь үүнийг ав. Би барьж байя” гэж мэхлээд өөрөө тэр хар юмыг өмсчихвөл чөтгөр үзэж чадахгүй болно. Тэгвэл энэ хүүгийн хэрэг нь бүтэх юм байна” гэж хэлэлцжээ. Маргааш нь хүү маш эрт босоод явж байтал эзгүй цөл газар иржээ. Нэгэн хүн юмуу нэг цагаан юм тал дээр уралдаад байжээ. “Юу боловч харгалдья” гэж бодоод очтол долоон хүмүүн байж байв. “Та нар юу вэ? Юу хийж гүйлдээд байгаа юм бэ?” гэв. Тэгсэн “Бид бурхан багшийн овоодой малгайг олсон. Энийг яаж хуваах вэ?” гэж сурав. “Та нарыг заргыг би шийдэж өгье” гэж хүү хэлэв. “За бид ах дүү барилдья. Та нар юунаас айдаг вэ?” гэжээ. Тэгэхлээр тэд “Бид өргөстэй харганаас айна, гөлгөр мөснөөс айна, үхрийн бааснаас айна” гэжээ. “Чи юунаас айдаг вэ?” гэж тэд асууж гэнэ. “Би тавагтай гурилаас айна, домботой цайнаас айна, хонины чанасан гуянаас айна. За одоо би та нарын заргыг шийдэнэ. Би үүний чинь авч байя. Та нар явган уралдаад ир. Хэн түрүүлсэнд чинь өгнө гэжээ. Тэд уралдаанд явав. Тэр хооронд хүү өргөстэй харгананд оров. Тэгсэн чөтгөрүүд “Энэ чинь юунаас айдаг билээ?” гээд домбо домбо цай, таваг таваг гурил, хонины чанасан гуя өгөөд байжээ. Хүү түүний нь идэж уугаад л суугаад байжээ. Тэгээд чөтгөрүүд аргаа бараад “Цагаан сарын өмнөх гучны орой чамаас хариугаа авья” гээд яваад өгчээ. Ингээд хүү овоодой хар малгайг нь өмсөөд явж байтал бас нэг долоон чөтгөр бурханы орхимж булаацалдаж байжээ. Хүү бас л “Та нар уралдаад ир, хэн түрүүлсэнд чинь өгнө” гэж хуурч, явуулаад тэр хооронд бурхан багшийн овоодойг өмсөөд орхимжийг нь ороож аваад цааш явж хааныд очиж бурханы нь хайрцаг дээр нь суужээ. Хааныхан бурхандаа ууцаар тахил тавьсанд хүү ууцны хоёр хажуугийн махыг идчихжээ. Тэгсэн хааныхан “Манай бурхан амилж байна” гээд бүтэн хониор дээж тавьдаг болж гэнэ. Түүнээс нь цадтал идчихээд шидэт мунаараа бурханы хайрцгийг хамх цохиж алтан мэлхийгээ авч залгичихаад гэртээ гүйж хариад амар сайхан жарган суужээ.


Цааш нь...