Дэгжин ламыг чадсан нь
Огноо 2010-01-11 at 10:59 UnknownБаадай худаг дээр очин цай чанаж усаар толгойгоо угаан сэрүүцэн байтал нэг дэгжин лам салхинд гарч зугаацах замдаа Баадайг хараад сонин юм яриулахаар дэргэд нь очиж гэнэ.
Тэр лам шив шинэхэн шанам малгайгаа өмсч шилэн саравчаа зүүгээд үнэт болор эрихээ барин их л хээнцэр хувцасласан байв гэнэ. Тэр лам Баадайг хараад
“За Баадай чи хүн их чаддаг хүн гэнэ билээ. Намайг нэг чадаад орхи!” гэж гэнэ. Тэгэхлээр нь Баадай толгой руугаа нэг шанага ус цутгаад ийн хэлжээ...
“Иш ламтан минь, тантай тэгэлцэх нь байтугай цаана чинь тэнгэрт түймэр асаад аргаа ядахдаа толгойгоо норгож сууна! Харахгүй юу та! Тэр дээр.....!” гээд тэнгэр өөд заасанд лам “Аль вэ, тэр чинь?” гээд дээшээ хартал шив шинэхэн шанам малгай нь худаг руу уначихаж гэнэ. Лам “Хайран малгай” гээд худаг руу тонгойтол шилэн саравч нь чулуун дээр унаад хагарчихаж гэнэ. Лам сандрахдаа
“Энэ ороолонгоос боллоо” гээд болор эрихээрээ Баадайг ороолгоод автал эрих нь хөврөөд сайрын чулуугаар нэг болж гэнэ. Тэгэхлээр нь Баадай ийн хэлжээ:
“Эрхэм ламтан, танд одоо болохсон болов уу?” гэсэнд лам
“Муухай чадагдлаа даа! Чамайг уу?” гэсээр гаслан явж гэнэ.