Гэсгүй бадарчин хоёр
Огноо 2010-01-07 at 11:07 UnknownУрьд нэг бадарчин нэгэн хийд дээр очоод “Хуралд хуръя” гэж гуйсанд гэсгүй ихэмсэглэж байгаад “Бадарчин! Чи хэнгэрэг цохиж чадах уу?” гэж асуув. Бадарчин “Чадна” гэлээ. Гэсгүй “Тэгвэл чи хэнгэрэг цохих болжээ” гээд гол мөрний адагт нэг том хэнгэрэгний дэргэд суулгажээ. Ингээд хурал эхэллээ. Бадарчин хэнгэргээ цохихдоо цагаас хожигдуулж огт хөгийг нийлүүлж чадахгүй байв аа...
Гэсгүй нөгөө бадарчинг дуудаж “Чи яасан амьтан бэ? Цанг гүйцэхгүй үргэлж хэнгэрэг хожигдуулж байна. Тэгж болохгүй” гээд арай л бэрээдсэнгүй, айхавтар аашилж гэнэ.
Бадарчин “За би хэнгэргийг цангаас одоо хожигдуулахгүй” гэжээ.
Энэ завсар хурал цэглэж лам нар манжаа ч ууж гүйцээгүй, хурал ч эхлээгүй байтал бадарчин гэнэт ганцаараа хэнгэргээ “Дүн дүн” цохилон байхад гэсгүй тэр бадарчинг дуудаж ирээд” Чи яасан задарсан дэглэмгүй бадарчин бэ? Хурал эхлээгүй байхад хамаагүй ганцаараа хэнгэргээ хэн цохь гэсэн бэ?” гэв.
Бадарчин “Аа би цан гүйцэх биш, эртхэн дөхөж байвал дээр бизээ” гэжээ. Гэсгүй юу ч хэлсэнгүй өнгөрөв. Тэгтэл лам нар гадаалав. Бадарчин бас хамт гадааллаа.
Гэсгүй нөгөө бадарчинг дуудаж ирээд “Чи юунд хэнгэрэг орхиж гарав? Үүнээс хойш ингэж орхиж болохгүй шүү” гэж тушаав.
Бадарчин “За” гэв. Хурал эхлэж, баахан хурсны дараа лам нар бас гадаалав. Ажиглавал бадарчин үлдээд хэнгэргээ тайлж үүрэн гарчээ. Ингэхэд нь гэсгүй уурлаж “Хэнгэрэг үүрсэн бадарчинг дуудаж авчир” гэж нэг ламыг явууллаа.
“Бадарчин аа! Чамайг гэсгүй дуудаж байна” гэсэнд бадарчин “Пээ” гэж амаа бариад “Ээ би чинь бас л хэнгэрэгнийхээ дохиурыг мартчихсан юм байна шүү дээ” гэсэнд лам нар цөм инээд алдацгаажээ. Ингээд юу ч болсонгүй өнгөрч гэнээ.