Ийм л сонинтой доо!
Огноо 2010-01-18 at 13:58 UnknownНэг бадарчин явсаар нэгэн баян айл харагдахаар нь “Очиж хоол олж иддэг хэрэг” гээд гадаа нь очсонд тэр айл нохойгоо хорьж өгсөнгүй удтал хүлээлгэсэнд бадарчин сэмхэн гэтэж тотгоор нь шагайж харвал тэднийх хоолоо идэж байж гэнэ. Охин нь үүдэн талдаа суугаад гургалдай идэж авгай нь тулганыхаа захад суугаад хонины сүүл зулгааж нөхөр нь хоймроо суугаад ходоод идэж байна гэнэ. Бадарчин түүнийг нь үзээд “Одоо ч яг л хоолон дээр нь орж явчихдаг хэрэг” гэж шийдээд дуу чимээ өгсөөр гэрт нь ортол авгай идэж байсан сүүлээ өвөртлөчихөж гэнэ. ...Охин нь гургалдайгаа ханцуйлчихаж гэнэ. Хар хүн нь ходоодоо хормой доогуураа хийж нуугаад ямар ч хоол идээгүй мэт дөмбийн сууцгааж гэнэ.
Тэгээд хар хүн нь бадарчингаас “За бадарч гуай! Зам зуур сонин юу байна даа?” гэж асуусанд бадарчин ийн хэлэв:
“Сонин ч юмгүй дээ! Харин би сая танай руу ирж явах замдаа энэ охины ханцуйд байгаа гургалдай шиг бүдүүн могой дайралдахаар нь тэр авгайн өвөрт байгаа сүүл шиг чулуугаар цохиод орхисон чинь таны хормой доогуур байгаа ходоод шиг бяц үсэрдэг байна шүү!” гэсэнд охин нь “Пөөх” гээд гургалдайгаа гаргаад шидэж орхисонд авгай нь “Бүү үзэгд” гээд сүүлээ дээр нь шидэж орхив гэнэ. Сүүлд нь хар хүн нь сандарч хормой доороосоо хагарсан ходоод гарган шидэв гэнэ. Тэгэхэд нь бадарчин “Ийм л сонинтой доо”гэсэнд тэр айлынхан ичиж зовох хослон байж бадарчинд дахин хоол хийж чанаж өгөөд явуулахын түүс болж гэнэ.