Нэг сумаар долоон зээр нэг үнэг
Огноо 2010-05-26 at 14:15 UnknownБи Шувуутын хийдээс гараад дөмөн цоохор мориороо дөргүүлэн хатируулаад Шумуултын даваагаар даваад Шургатын хөндийд ортол доохон талаас минь долоон зээр босоод давхив. Би хэзээний мэргэн бууч гэж гайхагдсан хүн хойно доо гунан буугаа гучин цэнгийн дариар цэнэглээд овоо хараагаа онилтол оонын хүзүү ч ороод ирлээ, оготор гохыг нь дараад орхив. Хамгийн сүүлд явсан хар сүүлтийн ооно ч унаад орхив. Харин тэгсэн чинь миний сум цаашаа цойлоод л жун пад, жун пад гээд л долоо дахин дуугарав. ...
“Одоо юу болж вэ?” гээд харсан чинь бас л болоогүй бололтой цаашаа жун пад гээд л гүвээн дээгүүр давж одоод гүвээний цаана гүп гээд л буух нь сонсдов. Баярласаар л гүйгээд очсон чинь миний сум долоон зээрний тус бүрийн бөгсөөр нь ороод хоолойгоор нь гарч цөмийг унагаад гүвээний цаана хэвтэж байсан хөвсгөр улаан үнэгний хавиргаар нь хаваад хартиар нь ороод сарьсан борвийг нь сэт цохиод сайран хоншоорыг нь салам цохиод алчихсан байлаа.
“Миний сум яагаад энэ үнэгийг ийм олон газраар нь шархтуулав?” гээд ажиглатал өнөөх үнэг маань хошуугаа цавиндаа хийгээд цагираг болон хэвтэж байсан учир ийм болж гэдгийг мэдээд “Үүнээс хойш хэвтэж байгаа үнэгийг буудах хэрэггүй юм байна” гэж нотлов.
Би нэг сумаар долоон зээр байтугай долоон чоно гурван гур агнаж байсан удаа ч олон болохоор юугий нь гайхах вэ дээ. Намайг ангаа аваад гэртээ ирэхэд манай айлын мангар Цэдэн, хойт айлын хоолой Сүндэв, саахалтын айлын Самбалхүндэв, мээрэн Дондог, Мижид бээс хүртэл хувааж идээд худал үнэнийг нотлож байсан удаатай.