Далан худалч ертөнцөд хосгүй үнэнч хүн
Огноо 2010-05-18 at 13:37 UnknownТээр жил тэмээн жилийн хавар ямаан сарын хонин өдөр
Ханш нээх цагаар хадам эхдээ золгохоор
Даа хүрээнд орж ирлээ би
Өвөл нь өнтэй хавар нь хавтай
Бяруу булчинтай, даага далантай сайхан жил боллоо гэж
Хөдөөнийхөн хөөр болж
Хүрээнийнхэн найр болж байтал ...
Гай газар дороос гайхай модон дотроос гэгчээр Богд ламтны нүд нь өвдөж Амбан ноёнтны чих нь хавдаж “Буян хийвэл эдгэнэ, бурхан тахивал сайжирна” гэж мэргэд нь айлдаад мэхч нь төлөгдөөд, мэдээч нь мэл гайхаж гэнээ!
Аль байдгаар нь аргалж ядаад аргаа барахдаа маани уншиж Даа хүрээний дацан сүмүүдэд зул асааж хүж унгатгаад хүн тоотой нь хүдэр духаа цоортол хүйтэн чулуун дээр мөргөж ядаад
Хүрдний нь дуу эргүүлгэндээ чихарч
Хүрээний лам нар гүрмэндээ халуурч
Хүрэн жинстэн нь албандаа мангуурч
Жасын нярвууд нь өргөлдөө дарагдаж
Жандгийн эзэд нь өглөгтөө ядарч
Уй гашуу гудамжий нь дарж
Уйлхай нүдтэнийг нулимс бүрхэж
Учир тойм нь олдохоо байсныг хэлээд яахав.
“Далан худалч ирж гэнээ! Гэж дуулаад “Тачигнатал инээх цаг болж” гэж хүрээний борчуул нь хүрдээ эргүүлэхээ мартаад хүүхэн чавганц нар нь мөргөл эргэлээ орхиод “Далан худалч! Далан худалч! Манайд оч!” гэлцэж айл бүгд урьж амьтан бүгд залж ам нээсэн нь инээж амар эрсэн нь нахилзаж байлаа.
Тэгээд би үлгэр ярьж амьтныг инээлгэхээр хүрээ гандан хөлийн модчин, Сэлбийн гол, илбийн зах хүртэл хорин шөнө, хоёр өдөр нойргүй яваад хойт шөнө арай хийж гэртээ иртэл “амбан ноёнтон, Богд ламтан хоёрыг инээлгэн баясгавал энэ өвчин нь эдгэнэ, илэрсэн гай нь арилна....” гэж мэрэг төлөг буусан учир шавь яаманд дээдчүүд нь цугларч шар оройтод хамба нар хуралдаж шадар түшмэл, шавь хошуугүй хэлэлцээд “Далан худалчийг ирүүлж даамай сайхан худал яриулаад даргитал нь илээлгэе” гэж Да хүрээний ихсүүд нь дам дамдаа шийдэж гэнэ дээ!
Маргааш өглөө нь маш эрт марзан шарыг маажиндаж байхад Маамаа чавганцыг цацалдаж байхад манайд есөн цагаан хөллөсөн Манзшир бурханы сүйх тэрэг хүрч ирэв.
Би ч Богдын ордонд морилон очлоо
Богд лам, бошго зарлаг
Амбан ноён, балбат харц цөм цуглаж
Засаг дөрвөн аймаг, шавь таван хошууны
Ихэс дээдэс, эмс хатад бүгд очиж
Чин Ван толгойтой, чомбо лам дараатай
Эрээн магнаг гошролдуулж
Эс хамба шалхалзуулж
Хэргэм ямбаа хэлхэлзүүлж
Хэрэм булга сагсалзуулж
Хэнхэг суудалдаа дарайлцаад
Чамрын гурил, чанасан будаа
Чавганы архи чанцай хүртэл өрж
Их найр эхлэх үед би орж явчихлаа!
Дэвүүрчингүүд нь “Дээшээ! Дээшээ!” гэлцэв
Наргианыхан нь “Наашаа! Наашаа! Гэлцэв
“За Далан худалч чи
Зард гарсан худалч юм бол
Залуу хөгшингүй инээлгэхээр
Зантай сайхан худал хэлээд аль!” гэж
Дээгүүр суудалтны дундаас
Дэвир амт Даа лам
Дундуур суудалтны дундаас
Дүйнхэр жасын нярав
Адгийн суудалтны дундаас
Амбан ноёны заргач гурав
Ам нийлүүлж хэлэв.
“Ээ гончигсүм, гурван эрдэнэ минь!
Энэ дэлхий өршөөж хайрлах минь яав даа!
Эрхэм дээдсүүд минь ээ!
Эсэн мэнд үлдэхэд хэцүү болжээ
Цаана чинь цагийн муу ирж
Цаглашгүй галав юүлээд
Цаад наадгүй сүйдэж байна
Юу болсныг айлтгавал:
Тэхийн эвэр тэнгэрийг цоо хатгаад
Тэмээн сүүл газар хага хатгаад
Гал ус, газар тэнгэр нийлж
Галав юүлээд гарах орох газаргүй
Гаслан энэлэн болж байхад
Юуны чинь худал хэлэх сэлтэй юм бэ?
Худал гэвэл миний хувцсанд наалдсан
Утаа тортгийг харцгаа!
Тун эс бол тооно өөдөө харцгаа!” гэв.
Тэгтэл тэнэгүүд нь тэнгэр өөд
Мунагууд нь мухар өөд
Мундаг нь над өөд харцгаав.
“Чиний энэ чинь шал худал” гэж
Шавь яамны шалдан Гандан зандрав.
“Хэн ч үнэмшихгүй юм ярив” гэж
Хэнхэг хамба Дамдинд хялавхийв.
“Би гэдэг хүн ихэс дээдэст байтугай
Ижил дооддоо худал хэлж үзээгүй
Хуурч мэхлэж яваагүй болохоор
Үнэн учрыг хэлж, үзсэн харснаа ярья
Эрхэм дээдэс минь соёрхоно уу?
Богд эзэн хаан өөрийгөө
Лууны хүү, лусын эзэн гэж
Зарлиг буулган соёрхсон билээ
Тэгээд тэмээний сүүлээр хийсэн
Ялааны шилбүүрээр шидэт гэгээн
Нүдээ тэс цохисноос болж лагшин
Чилээрхэж лай ланчиг хураасныг зүйрлэвэл
Тэмээн сүүл газар хага хатгасантай
Адил хэрэг биш үү?
Амбан ноёнтон өөрийгөө
Асрын хүү, тэнгэрийн эзэн гэж
Айлдан соёрхсон билээ
Тэгээд тэхийн эврээр хийсэн
Хөөрөгнийхөө халбагаар
Гэгээн сонор чихээ ухаж байгаад
Хулхиа цоо хатгасныг зүйрлэвэл
Тэхийн эврээр тэнгэр цоо хатгасантай
Адил хэрэг биш үү
Үүнээс болж ядуу доодос нь янгинаж
Эрхтэн дархтан нь эмгэнэж
Гамшиг гачаал болсныг зүйрлэвэл
Газар тэнгэр хилэгнэж галав юүлсэнтэй
Адил бишүү” гэж учрыг тайлж
Үгий нь гаргаж хэлсэнд
Бүгдээрээ гайхаж бүлтгэр нүдээ эргэлдүүлэв
Цөмөөрөө гайхаж цөөвөр хошуугаа цорвойлгов
Богд лам нь “Бодолгүй зөв” гэж
Богино хуруугаа гозойлгов
Амбан ноён нь “Аргагаүй зөв” гэж
Атигар хуруугаа гозойлгов
Бүгдээрээ инээлдлээ
Бүр сүүлд нь богд инээлээ
Адаг сүүлд нь амбан нь инээлээ
Орд дүүрэн хөхрөлдлөө
Олбог тойрон инээлдлээ
“Амар сайхан боллоо” гэж
Амсар дүүрэн найрлацгаав
Ингээд намайг
“Энэ ертөнцөд хосгүй үнэнч хүн” гэж
Хойт урдгүй нотлоод “Амбан ноён
Богд лам хоёрыг инээлгэсэн” гэж хүндэтгээд
Хорин аяга хорз
Далан аяга дарс сөгнөж
Дархан ноёнтой мөр зэрэгцэж
Даа ламтай эн чацуурч
Наргиж наадаж байсныг
Наад цаадгүй мэднэ гэлээ.