Жигүүрт мориор аялсан нь
Огноо 2010-05-25 at 09:25 UnknownГал могой жилийн хаврын эхэн сард би Галдан хааны цэргээс халагдан нутгийн зүг морины жолоог эргүүлэв. Миний морь бол Галдан хааны түмэн агтын түрүүч, Хөх нуурын усан аргамаг угсааны морь байсан учир би түүнд онцгой хайртай байлаа.
Энэ морийг Галдан хаан надад “Гарамгай сайн байлдсан” гэж шагнасан юм. Би морио унаад галигууж явсаар Алтайн ууланд ирэв. Нэг сайхан өдөр урсгал усны дэргэд бууж морио сойгоод амарсанд ядарсны эрхээр нам унтаж орхижээ. Нэг сэртэл өглөөний нар мандаж байсныг бодоход би лав өдөр, шөнө хоёр унтсан бололтой байв. ... Хөөрхий миний морь ийм удтал сойлгоотой байсандаа тэсч ядан цовхчиж байхыг үзээд түүнийг цадтал идүүлэхээр нэг сайхан ногоотой ар газар чөдөрлөн тавиад тэр хооронд би уулаар зугаалан явж энэ тэрийг үзэхээр явтал миний морь янцгаах сонсогдов.
Хартал нэгэн аварга бүргэд миний морийг эмээл хазаартай нь ишиг шиг шүүрэн авч дээшээ хөөрөн нисэв.
Ээ халаг минь хайрт морь минь! Бүргэдийн саварт автагдан өрөвдмөөр дуугаар янцгаан тонгочих нь харагдав.
Хайран сайхан морио ингэж шувууны хоол болгож өгөөд эзгүй хээр явган хоцрох гэдэг над үхсэнтэй адил санагдав.
Би тэсэхүйеэ бэрх уурлан бачимдсаныг хэлээд яахав. Тэр даруйдаа нумаа авч сумаа онилон тавьтал миний сум аварга бүргэдийн хөлийг тас цохисон учир морь маань шувууны савраас салж доошоо малгай шиг унав. Тэр лав газарт бяц унах нь гарцаагүй болов. Миний нүднээс нулимс асгарч эхлэв. Хөөрхий морио дахиад хартал миний морь жигүүртэй болоод шувуу шиг далавчаа дэвсээр бууж явах нь харагдав.
Миний аз мөн аугаа их юм шүү. Би түүнийг исгэрэн дуудсанд тэр миний дэргэд энх мэнд бууж ирэв. “Яагаад миний морь жигүүртэй болдог билээ?” гээд бодтол тэр маань уг язгуураас сайн морь учраас нууц жигүүртэй байсан бөгөөд эзэндээ баярлахдаа жигүүрээ гаргадаг ид шидтэй байсныг би сая мэдэв. Тэгээд би тэндээсээ үзүүртэй модноос дээхнүүр, үүлтэй тэнгэрээс доохнуур шувуун саарлаа унаад “Галдан хааны цэргийн жанжин” цолтойгоор нутагтаа хүрч ирэхэд манайхан намайг “Их жанжин баатар Сэнгээ” гэж нэрлээд сааль сүү өргөн цацал адис болсоор угтан авч билээ.