Далан худалч Даншигийн наадамд очоод дархан цолоор шагнагдав
Огноо 2010-05-17 at 11:01 UnknownДалан худалч дархан Сэнгээ гэж намайг дууддагийг та нар мэднэ байхаа. Би энэ дархан цолыг бөхийн барилдаанд түрүүлээд авсан юм биш, харин би худал хэлэх тэмцээнд ороод бүгдийг ялсан учир энэ цолыг авсан юм.
Нэгэн намар долоон хошууны даншиг наадам болж ихэс, дээдэс элдэв бүхэн нь цөт цугларсан байв. Долоон хошууны ноёд цуглараад “Манай хошуудад хамгийн сайн худал хэлдэг хүн ямар хүн байдгийг илрүүлье гэж зарлаад тэгээд далан худалчийг ирвэл барьж авъя. Ийм учраас хэн гарцаагүй худал хэлбэл түүнд нэг лан алт өгнө” гэж мөрийтэй зар тараасан байлаа. ...
Тэгээд долоон хошуунаас янз бүрийн худалч нар ирж янз янзын худал хэлсэн боловч аль нь ч ялгаагүй цөм няцаагдаж буцацгаав. Хамгийн сүүлд нь би хүн харахын аргагүй хөсрий муу гуйлгачин өвгөн болж очоод долоон хошууны даншиг наадмыг толгойлж байсан Түшээ гүн ноёнтонд бараалхан ийн өгүүлрүүн:
“Эрхэм ноёнтоон! Эрт дээр үед намайг идэр залуу байхад та надаас нэг лан алт зээлж авсан билээ. Одоо би өтлөн доройтож үгүйрэн хоосорсон учир урьд зээлсэн нэг лан алтаа авахааар ирлээ” гэвэл:
“Хөсрий муу өвгөн чи худал хэлж байна. Би хэзээ ч гэсэн хүнээс алт зээлж авсан удаагүй. Лан алт бусдаас зээлэх тийм хөрөнгө мөхөс байгаагүй, чи юу хэлж байна?” гэв.
“Ноёнтон минь, гарцаагүй үнэн юмсан. Гэгээн цагаан өдөр, гэрэлт шар нарандаа шижир шар алтаа хэмжээд өгч байхад минь Далай ван ноёнтон, Дархан чин ван ноёнтон цөм харж байсан болохоор амьд гэрчтэй юм шүү” гэхэд дэргэд нь байсан Далай ван ноёнтон, Дархан чин ван ноёнтон хоёр хүртэл сандарч “Энэ муу хөсрий өвгөн чинь яасан муухай худалч новш вэ? Бид хоёр хүртэл энүүний гэрч болох гэнэ шүү! Бушуухан чирээд гарга” гэж зандрав.
“За ноёнтон минь! Би худал хэлсэн болоод нэг лан алтаа та нарт алджээ гэж бодъё. Тэгвэл гарцаагүй худал хэлсэн хүнд өгөх гэсэн нэг лан алтаа мөрий ёсоор надад өг дөө” гэв.
“Аа муу хөсрий чи худал хэлээгүй байж бас алт нэхнээ” гэж Түшээт хаан зандрав.
“Тэгвэл та үнэхээр зээлж авсан нэг лан алтыг минь өг” гэв.
“Худлаа чамаас зээлж аваагүй”
“Тэгвэл худлаа хэлсэн хүнд өгөх алтаа өг дөө” гэж өдөржин нэхсээр байгаад эцэст нь тэд нар аргагүй мөрий зарласан учраас гарцаагүй худал хэлсэн надад нэг лан алт өгөхөөр тохиров. Тэгээд “Чи муу хөсрий өвгөн үнэхээр худалч юм бол гэрээс гартал худал хэлээд орхи” гэв.
“Ноёнтон минь, би худал хэлэх тэмцээнд түрүүлсэн болохоор шагналынхаа нэг лан алтыг авсныхаа дараа худал хэлье” гэхэд “тэг!” гэж хэлээд над нэг лангийн алтан ембүү өгөв.
“Хэрэв чи дахиад худал хэлж эс чадвал алтаа буцааж авна” гэцгээв.
Тэгэхэд нь:
“Би таныг гэрээс гартал худал хэлж чадахгүй, харин гаднаас ортол чинь худал хэлж чадна” гэхэд ноёнтон “За тэгвэл би гадаа гараад зогсож байя, чи худлаа хэлээд орхи” гээд ноён гадаа гараад “Алив түргэлээрэй” гэв.
“Би аль хэдийн таныг урьд хэлсэн ёсоор гэрээс чинь гартал худлаа хэлж амжсан шүү” гэхэд ноён ялагдсандаа уурлан орж ирээд
“Тэгвэл чи намайг босоод суутал худал хэлээр орхи” гэв.
“Би таныг босоод суутал худал хэлж чадахгүй, харин суугаад бостол чинь худал хэлж чадна” гэв.
“За тэгвэл би суугаад орхиё, намайг чи яагаад ч босгож чадахгүй” гэв.
“За таны анх хүссэн ёсоор чинь суутал худал хэлээд энд дууслаа” гэв. Ингээд Түшээ гүн ноёнтон надад гурав дахин ядагдаж сүүлд нь “Энэ лав өнөөх суут Далан худалч байж магадгүй” гэж сэжиг төрөөд:
“Чи Далан худалчийн дүү биш биз?” гэж асуухад нь би “Дүү нь бишээ! Далан худалч бэлэн Сэнгээ, дархан аварга биеэрээ байна” гээд хувцас багаа тайлж үзүүлтэл:
“Хүүе хүүе, та минь, өнөөх гайхал Далан худалч чинь мөн байна” гэлцэн хашгиралдаад санд мэнд болцгоон сур дээс бэлтгээд “Одоо үүнийг суудал дээр нь бариад ав!” гээд ухасхийхэд нь би далдынхаа хар малгайг өмсч амжсан тул тэд нар хоосон газар самардан унацгаав.
yaj huulj awah ym be ????