Хэтэрхий ерөөлч
Огноо 2010-05-04 at 13:55 UnknownБаадай нэг өдөр эсгийгээ хийж байгаа баян айлд хүрч очсонд баян гуай нэг сайхан ерөөл хэлэхийг хүсчээ. Тэгэхэд Баадай ийн ерөөв гэнэ:
“Зулсан ноос нь зулай цагаан мяндас болж
Зураг болсон эзэн нь зунхав бурхан болж
Зуун насандаа залуу гэгдэж
Зуны цэцэг шиг сайхан гэгдэж
Зургаан хүүхэдтэй эхнэр аваад
Жаран жил жаргаж наян жил наргих болтугай” гэж ерөөсөнд ... баян эзэн нь ихэд баярласан боловч “Чи намайг хэтэрхий товойлгон магтсан болохоор надад таалагдсангүй, ийм учраас их шан өгөхөө байгаад үүнийг чамд өгье!” гэж нэгэн сохор зоос гарган солгой гараараа шидэж өгсөнд Баадай дахин ийн ерөөв:
“Солгой гар нь олгой болж
Сохор зоос нь түм хүрээд
Зулсан ноос нь зум болж
Зуны хөгцөнд нэвт идэгдэж
Явган нүүж нүцгэн жаргаад
Ямаа сааж яс зооглох болтугай!” гэж ерөөсөнд баян эзэн “Чи намайг басамжлан хэт муугаар ерөөв” хэмээн Баадайг эсгий хийж байгаа газраасаа хөөсөнд Баадай
“Баадай бадарч нь ерөөлөө
Баян эзэн нь уурлалаа!
Байгаа нь баярлана байх
Байхгүй нь гомдоно байх
Баларсан ч юм боллоо доо...” гэж дуулсаар явсанд эсгий дээр байсан олон хүн инээлдэн үлдэж гэнэ.