Далан худалч
Огноо 2010-05-11 at 17:02 UnknownӨөрийн аавыг өлгийтэй байхад өвгөн аавын тэмээг хариулж явлаа. Нэгэн өдөр хээлтэй ингэ нэгийг шилрүүлэн алдаад баруун тийшээ Бадгар, Шар мөрөн хойшоо Да хүрээ, Дамбадаржаа, зүүн тийшээ Онгон, Таван булаг, Орлой гурван зээрд, Оньт гурван суварга, урагшаа Жинчийн цагаан Утай, Жингийн цагаан суварга хүртэл сураглан яваад Богдын хүрээний богтсон Чойжил гэдгээс бор зүсмийн морь нэгийг аваад Аръяа Жанлав бандидын алаг нүдэн Жамбал гэгчээс адил зүсмийн морь нэгийг авч унав. Ингээд хоёр морьтой болоод цааш ингээ эрж явтал хажуу дээр нэг хар юм навсайж байна. Хүрээд очсон чинь ширээ бөх нь шир болоод ширэн тавхай нь илэг болоод хоёр нүдий нь хон хэрээ ухсан, үхэхдээ хүрээд байж байна. ...
Тэндээс ингээ хөтлөөд дэмий тэнэж явсан нь харин дээр үеийн танил Дэжидмаа хүүхнийдээ хүрээд оччихжээ. Хонох болоод хоёр морио аргамжаад өглөө болсон чинь морий нь хорин хэрээ няравтай чоно тахилчтай зооглож байна. Тэндээс хоёр мод олж бариад ингээ хөтлөөд явтал нэгэн бага шиг хурал дээр хүрээд очлоо. “Гүйдэг сайнаараа донир болох уу? Гүзээ ихтэйгээрээ нярав болох уу?” гэсэнд “Гүйхээ сайтайгаараа унзад болъё” гээд баруун талын эхэнд баргил дуутай цанг бариад бархируулж суутал харин арван тавны сар майдар болж авгай хүүхэд олон шиг цуглажээ. Дээд хүүхэнд дээлийн торго, дэнсэн хавтага, дунд хүүхэнд дурдан алчуур, дугуй еэвэн, адгийн хүүхэнд ам даавуу, атга чихэр өгч байснаа нэг мэдсэн буруут болоод хөөгдөж орхив.
Тэндээс ингээ хөтлөөд гүйж явтал гүвээн дээр нэг юм гэдэн годон гэж байна. Хүрээд очсон чинь гүрвэл авгайн даллага болж лам шувуу ламтаж, шар шувуу шавьтаж хэрээ хэнгэргийг цохиж болжмор шувуу будаа цавыг барьж тогос шувуу томоотойгоороо ном судар зөөж хун шувуу хувин домботой манжийг зөөж тоодог тогооч болж тогоруу тогооны даамал болж алаг нугас шалсай хийж бүдүүн хөлтэй бүргэд бүрээ үлээж харцага гандан үлээж байна. Надад гурван жил сувайрсан хар халзан батганын дал дөрвөн өндрийг өгсөнд идээд барсангүй, цааш явж байтал нэг мэдсэн чинь харин толгойгоо худаг дээр мартаад явсан байхгүй юу. Буцаж ирсэн чинь харин толгой минь намайг хараад наран тал нь наг наг инээж сүүдэр тал нь шазав татав гэж байна. Толгойгоо аваад цааш явж байтал ингэ маань ботголов. Эхийг унаад ботгыг дүүрэх гэтэл даасангүй ботгыг унаад ингийг дүүрсэн чинь харин данхан дэнхэн гээд явж байна. Хадан дээр гарсан хад хагараад даасангүй. Бутан дээр гарсан чинь бут булгарав. Дэрсэн дээр гарсан чинь харин дэмий балай сайхан дааж байна. Тэндээс цааш явсаар гэртээ харьсан чинь мөнөө хоёр морь минь хулгайн морь болоод намайг Да хүрээнээс заллага цагдаа ирж барьж аваачив аа.
“За чи энэ хоёр морийг хэзээ хэн гэгч хүнээс ямар ямар гэрчтэй авсан бэ?” гэж байна. Би өчин:
“Богдын хүрээний богтсон Чойжил, Аръяа Жанлав бандидын алаг нүдэн Жамбал гэгчээс арван хоёр хүний гэрчтэй авсан” гэв.
“Хэн хэн гэрчтэй вэ?” гэнэ.
“Дэхийн Дэмбэрэл, Дэвхийн Шарав, Лхагийн Хатан, Маравын Молом, Доргио Ойдов, Доголон Хайдав, Хар Ойдов, Хамар Балдан, Мангасын Манайхан, Сайн Лэгдэв, Сойнон хатан эдгээр арван хоёр хүн гэрчтэй авсан” гэж хэлээд гарч байлаа.