Ташуур аянга болов.
Огноо 2010-05-27 at 17:17 UnknownБи урьд залуу байхдаа
Хүй мандал, хүрээ босгын хооронд
Өртөө хийж улаа залгуулж
Өглөө үзэш өөд уруугүй давхиж явахдаа
Тээгэн чинээ даага унаж
Тэвхэн чинээ шүдлэн зайдлаж
Гүйхээр нь тавьж
Гүзээгээр нь ороолгож
Харайхаар нь тавьж
Хавиргаар нь давирч
Буухиа даган бүрхийлгэж ...
Элч даган эрэвхийлгэж
Элдвийн юмыг үзэж явлаа.
Нэгэн өдөр манай өртөөнд
Ууртай гэдэг нь могой шиг
Уухилаа гэдэг нь бух шиг
Ширүүн гэдэг нь шуурга шиг
Сүрхий нэг ноёнтон гуай хүрч ирээд
“За би тэнгэр угсаат ноён хүн болохоор
Зааны махнаас өөрийг иддэггүй
Жороо моринооос өөрийг унадаггүй хүн” гэж залж гарлаа.
За тэгээд далан худалч нь заавал ганц морио түүнд унуулах боллоо.
Би ч улаа нэхэж гарлаа
Жороо борыг минь уначихаад ноёнтон гуай
Жолоо хумхилгүй жийж гарлаа
Зуузай холбоод л би ч давирч гарлаа
Тэгтэл ноёнтон гуай маань
Тэс хөндлөн зөрж зогсоод
“Тэнгэр язгуурт, ариун угсаат хүнтэй
Тэнэг муу зарц зэрэгцэж явах ёс байна уу хөө!
Хойноос дагаад яв” гэж хэлээд
Намайг тас хийтэл ороолгоод авлаа.
“Яасан догшин эд вэ энэ чинь
Далан худалч чамаас хариугаа авдаггүй бол
Юуны хүү болох бол доо!” гэж бодоод хойноос нь дагаад явж байтал гэнэт тэнгэр бүрхээд цахилгаан цахилаад сүйд болж эхлэв. Би ч бэлэн болчихоод л ноёны араас дагаад байлаа. Тэгтэл тэнгэр тасхийгээд ойрхон шиг цахилгаан манасхийв. Би ч ноёны далан дээгүүр ташуураар тас хийлээд авлаа.
Ноёнтон гуай ойччихлоо! Би ч бас тэнд нь буулаа. Тэнгэр цэлмэж бороо арилахад ноёнтон гуай сэхээ орж босоод ийн өгүүлрүүн:
“Тэнгэр язгуурт хүн гэсэндээ би золтой л ниргүүлсэнгүй өнгөрлөө. Тэнэг муу харц чи ч үхээ биз?” гэж асуухад нь
“Эзэн ноёнтон минь, энэ тэнгэр чинь эрээн барааныг ялгадаггүй тэнгэр байна даа! Тасхийхэд нь тархин дундуур гал манас хийх шиг болсон шүү” гэхэд
“Хэлээд яахав. Чойжин сахиус минь!” гэв.
“Ташуур ч хүртэл аянга болж мэдэх нь байна, ноёнтон минь” гэхэд
“Ташуур аянганы дэргэд юу ч биш” гэж хэллээ. Ийнхүү ташуураар аянга буулгаад морио амрааж амьсгаа дарснаас хойш омогтой ноёны омог дарагдаж олгойдсон хөлс нь сая нэг хатсан юмаа.
Цааш нь...
Өвлийн хөхөө
Огноо at 17:16 UnknownНоднин зун би хотынхоо цасыг арилгаад зогсож байтал хашааны орой дээр нэг хөхөө ирж суугаад хүнгэнэтэл донгодож эхэлдэг байна шүү хөө! Тэгэхлээр нь өнөөхийг чинь үхрийн хөлдүү баасаар цохиод орхисон чинь хашааны ёроолд ургасан халгай дунд ойччихвоо” гэхэд Дархан хаан “Далан худалч минь ээ! Наадах чинь өвөл зун хоёр нь хутгалдаад өөдөө уруугаа нь мэдэгдэхээ байлаа” гэв. ...
“Дархан хаан ноёнтон минь ээ! Би таныг төрийн түшмэл гэж боддог байсан юм. Гэтэл лам дээл өмсөөд маанийн эрих зүүснийг үзвэл гэвш лам ч баймаар, отго жинсээ зүүсний нь харвал ноёнтон ч баймаар болоод шашин төр хоёр хутгалдаж үнэн худал хоёр холилдсон болохоор өвөл зун хоёр хутгалдах нь энүүхэнд шүү дээ” гэж хэлэхэд
“Уухай хөө! Чи яасан цэцэн юм бэ хөө! Цааш нь ярь” гэж тушаав.
Цааш нь...
Нэг сумаар хоёр туулай агнав.
Огноо at 17:15 UnknownБи тэндээсээ буцаад л явж байтал замын хажуугаас хоёр бор халзан туулай гараад л нэг нь баруун тийшээ, нөгөө нь зүүн тийшээ бүрхийв. Буугаа шүүрэн аваад үзтэл цорын гац сум үлдсэн байлаа. Тэгэхлээр нь гайхахдаа ганц сумаараа тэг дундуур нь буудаад орхисон чинь хоёр туулай хоёулаа дороо нам унав. “Энэ хоёр туулай яагаад хоёулаа ганц суманд оногдов?” гэдгийг очиж шинжлэн үзтэл тэр хоёр туулай суманд оногдсон биш харин миний буун дуунаас айхдаа хоёулаа зүрх нь хагарч үхсэн байлаа” гэхэд Дархан хаан ...
“Гийгүүлж дээ, чиний тэнэг сум л тэг дундуур нь буудахад л хоёр туулай намнана байх даа” гэв.
“Дархан ноёнтон минь ээ! Нэг сумаар хоёрыг буудах зөндөө шүү дээ! Та ч хүртэл тавгийн идээ байгаа дээр нь гээд л далан насныхаа ойг, даллагатайгаа хамтруулаад нэг төхөөргөөр хоёуланг буудсан байхад над шиг анчин хүн нэг сумаар хоёрыг буудах ч зөндөө шүү дээ” гэв.
“За, за! Тийм ч байг , үгүй ч байг, цааш нь ярь” гэв.
Цааш нь...
Нэг сумаар долоон зээр нэг үнэг
Огноо 2010-05-26 at 14:15 UnknownБи Шувуутын хийдээс гараад дөмөн цоохор мориороо дөргүүлэн хатируулаад Шумуултын даваагаар даваад Шургатын хөндийд ортол доохон талаас минь долоон зээр босоод давхив. Би хэзээний мэргэн бууч гэж гайхагдсан хүн хойно доо гунан буугаа гучин цэнгийн дариар цэнэглээд овоо хараагаа онилтол оонын хүзүү ч ороод ирлээ, оготор гохыг нь дараад орхив. Хамгийн сүүлд явсан хар сүүлтийн ооно ч унаад орхив. Харин тэгсэн чинь миний сум цаашаа цойлоод л жун пад, жун пад гээд л долоо дахин дуугарав. ...
“Одоо юу болж вэ?” гээд харсан чинь бас л болоогүй бололтой цаашаа жун пад гээд л гүвээн дээгүүр давж одоод гүвээний цаана гүп гээд л буух нь сонсдов. Баярласаар л гүйгээд очсон чинь миний сум долоон зээрний тус бүрийн бөгсөөр нь ороод хоолойгоор нь гарч цөмийг унагаад гүвээний цаана хэвтэж байсан хөвсгөр улаан үнэгний хавиргаар нь хаваад хартиар нь ороод сарьсан борвийг нь сэт цохиод сайран хоншоорыг нь салам цохиод алчихсан байлаа.
“Миний сум яагаад энэ үнэгийг ийм олон газраар нь шархтуулав?” гээд ажиглатал өнөөх үнэг маань хошуугаа цавиндаа хийгээд цагираг болон хэвтэж байсан учир ийм болж гэдгийг мэдээд “Үүнээс хойш хэвтэж байгаа үнэгийг буудах хэрэггүй юм байна” гэж нотлов.
Би нэг сумаар долоон зээр байтугай долоон чоно гурван гур агнаж байсан удаа ч олон болохоор юугий нь гайхах вэ дээ. Намайг ангаа аваад гэртээ ирэхэд манай айлын мангар Цэдэн, хойт айлын хоолой Сүндэв, саахалтын айлын Самбалхүндэв, мээрэн Дондог, Мижид бээс хүртэл хувааж идээд худал үнэнийг нотлож байсан удаатай.
Цааш нь...
Лусын хааны найр дээр өнгөрүүлсэн нэг өдөр
Огноо at 14:14 UnknownБи нэг сайхан өдөр намар цаст Хэнтийн нуруунд гарч хэрэм, булга агнахаар хэдэн нөхдийн хамт хэрэглэл төхөөрөмж бүрэнтэй, хөсөг тэмээ хангалттай базааж гарлаа. Явах замдаа Хэрлэн голын захад бууж хэд хоног айлчлан айраг ууж зугаацахаар шийдэв. Хээтэй, гуутай Хэрлэн гол хэзээний миний нутгийг хэлэх үү, Хэнтийн нурууны шугуй суунаглаж харагдахыг хэлэх үү, үнэхээр ч сэтгэл булаам сайхан байлаа. ...
Бид морь, тэмээгээ амраан идүүлээд айл хэсч, айраг гүзээлж архи сөгнөж явсаар байтал нэг мэдэхэд хоёр гурван хоног болсон байлаа. “Ингэж хэт наргих аян замд саадтай болдог” гэж ярилцаад удалгүй явахаар боллоо. Би хэл мэддэг хилэн хар морио хэд хоногийн өмнө чөдөрлөөд тавьчихсан юмсан. Тэгээд түүнийгээ эрээд гарсан чинь олсонгүй.
Маргааш нь мөрдөж явсаар байгаад онгон Хэнтийд хүрэв. Бас л олдсонгүй. “Одоо яадаг билээ. Явгарах аюулд орж мэднэ” гэж айхдаа морио улам шуналтай эрж гарлаа. Арайхийж нэг морины мөр олоод мөрдөж явтал бороо ороод дараа нь таг харанхуй будан татаад би мөрөө үзэхээ байж бүр сүүлд нь зүг чигээ аодаж эхлэв. Яах ийхээ мэдэхгүй явж хадан цохио руу хальтарч унаад харанхуй хавцал руу гулгаж эхлэв. Яадаг билээ, үхдэгийн даваан дээр нэг зөөлөн юман дээр уначихав. “Юу билээ?” гээд хартал өндгөө дараад хэвтэж байсан тас шувууны дээр буучихсан байв.
Сая нэг ухаан ороод босох гэтэл өнөөх тас маань намайг аваад дээшээ нисч гарлаа. Миний айсан, сандарсан хоёрыг юу гэж бодно та нар. “Одоо л муу Далан худалч амьдаараа шувууны хоол болж сэг, сэвсгүй алга болох нь” гэж бодохоос ухаан балартав. Тэгтэл хүний хувь заяа их юм болохоор гэнэт сэхээ орж бүсэндээ байсан хазаар ногтоо аваад тасны биетэй өөрийгөө хамт хүлж эхлэв. Тас маань улам л дээшээ хөөрөөд байдаг. Тэр намайг хад руу унагах юм уу, хагалж идэх юм уу, халил дунд шидэх юм уу гэтэл харин тэгэх шинж үгүй бололтой шүү. Тэгэхлээр нь хазаарынхаа жолоогоор тасны толгойг ногтлоод толгойгий нь дуртай зүг рүү чиглүүлдэг болж эхэллээ. Тэгээд сэтгэл уужраад ийш тийшээ хартал тэнгэрийн үүл тэр доор маналзаад түүний цаана газар байгаа эсэх нь бараг мэдэгдэхгүй болж гайхалтай дээр хөөрсөн болохыг би мэдэв.
Дахиад сайн хартал сансрын үүлний дээр диваажингийн орны хаалга харагдаж байхыг үзэв. “Юун төлөө тэнгэрийн оронд хүрч ирлээ дээ, амьд мэнд дээрээ диваажингийн хааныд очиж үзье” гээд тэр зүг тасан хөлгөө чиглүүлэв. Удсангүй хаалган дээр нь очоод “Нохой зуух уу?” гэсэн чинь хаалгач нь хатсан нуухаа арчсаар гарч ирэв. Би шууд явж хааны нь өргөөнд орсон чинь хаантан гуай нь хатгалга тусаад хатан нь болохоор шүд нь өвдөөд зарц нар нь тэнгэрийн хааныхтай хонь хургаа нийлүүлчихээд түүнийхээ хойноос яваад таг чиг болсон учир ус ч үгүй унд ч үгүй байцгаав.
“Өө хөөрхий! Диваажингийн орон гэдэг чинь жаргалын орон гэж ярьдаг маань шал худал юм байна. Харин бүр заваан газар байна даа” гэж хаалгачид нь хэлтэл
“Харин тийм ээ! Манайхан чинь мангасын хаантай мал хөрөнгө, газар нутаг булаацалдаж долоон жил дайн хийгээд хамаг байдгаа дуусгаж хаан, хатан, хаалгач бид гурваас өөр бараг юм үлдсэнгүй. Тэгээд хүний оронд очиж хоол хүнс, эр цэрэг залгуулахаар зуурдын сансрын зургаан жианжин аль хэдийн нь яваад одоо болтол алга байна” гэж хаалгач нь яриад “Чи тус болж манайд нэг ус ойртуулж өгөөд яваач” гэж гуйв.
“Больё доо! Диваажингийн хааныд байтугай ээждээ ус авч өгч үзээгүй” гэж хэлээд “Аягүй бол эд нар зарцаа хийгээд авч мэднэ” гэж бодоод өнөө муу тасаа унаад л явж өгөв.
Огторгуйд гараад доошоо хартал тэр доор нэг баян айл найр хийж байгаа харагдлаа. “Арайхийж нутгийн бараа харах нь” гээд тэр рүү явж очтол газар бүр ч бараа сураг алга. Харин үүлэн ертөнц дээр байдаг лусын хааных тэнгэрийн дагинатай хүүгээ гэрлүүлэх их хурим хийж байхад нь буучихав аа! Намайг орохын хамт л “ Хан гарьдын хөлөгтэй, харь газрын зочин, хаан Сэнгээ та дээшээ морил, дээшээ морил!” гэцгээж дээжтэй цай дээдсийн гүнцэг бариад дараа нь “Хаан хүү, хатан дагина хоёрт минь ерөөл дэвшүүлэн хайрлана уу” гээд л лусын хаан бөхөлзөн нахилзан байж хадаг хундага хоёрыг Далан худалч надад барив.
Тэгэхлээр нь би гэгээн ордноос нь аваад гэрэлт цамхаг хүртэл, гэзэг чимэгнээс нь аваад гүзээ хүртэл нь, гал голомтоос нь аваад гар домбо, галын хайч хүртэл нь ерөөгөөд хар нүдэн хундагы нь нэг мөсөн тогтоож орхиод “Эр бор харцага минуу” гээд л аяыг барьж гарлаа. Тэгээд найр жигдэрч арз гэдгийг ч аяга аягаар, айраг гэдгийг ч хул хулаар нь хөөсрүүлж гарлаа. Найр ч сунжирч эхлэв. Найман түшмэд нь ч найгуулж гарав, найрын даамал ч жингэнүүлж гарлаа. Далайн цаанаас авчирсан дарс гаргаад сөгнөж эхлэв:
Хорин жил хадгалсан хорзны шүүс ч гаргаж ирлээ. Хаан хатан, дээд доодгүй согтож эхэллээ. Тэгтэл гадаа нь хэрэг биш болж тас няс, пид пад болоод л зодоон цохион, хашгираан шуугиан гарч сүйд майд болоод явчихав.
“Юу болов? Юу болов?” гээд гартал тэнгэрийн хааны охиныг хүргэж ирсэн есөн эрдэнэт догшин цагаан лууны нь чандмань эрдэнийн эврийг лусын хааныханы нэг нь хулгай хийж авснаас болоод цагаан луу нь догширч сүйд майд болж эхлэв. Бүр сүүлдээ лусын хааны орд харшийг будаа болтол нурааж гал манан хадуулж гарлаа. “Одоо ч биш болох нь байна. Амьд мэнд байгаа дээрээ явья” гээд үзтэл тас маань сандрахдаа уяагаа тас татаад явчихсан байв.
“Одоо яадаг билээ, очиж очиж лусын хааны гадаа нус ч үгүй нулмис ч үгүй үхэх нь болжээ” гэж цэл хөхөрч мэл гайхаж байснаа “Ямар ч байсан дүүрсэн хэрэг” гээд тэнгэрийн хааны догшин цагаан луун дээр нь мордож орхилоо. Өнөөх маань тонгочиж байгаад лусын хааныхыг зомгол болтол хэмхэлж хаяад л тэнгэр өөдөө гарч өглөө. Арайхийж сэхээ ороод хартал тэнгэрийн хааны дагина төрхөмдөө буцаж очихоор миний хойгуур сундалдан суугаад явж байв.
Миний хойноос лусын хааныхан муна хэдрэг, нум сум юу байдгаа бариад элдэн явах нь харагдав. Тэдний хашгирахыг сонсвол
“Харь газрын Далан худалч ирээд хааны охиныг оргуулж аваад явчихлаа, та минь яваарай, яваарай! Тархий нь бяц цохиод бариад ав!” гэлцэж баахан өхөөгөөд гүйцсэнүй хоцорлоо бололтой.
Би тэндээсээ явж тэнгэрийн хааныд очиж охины нь хүргэж өгөөд ядарсныг ч хэлэх үү, согтсоныг ч хэлэх үү нам унтаж өгчээ. Нэг сэрсэн чинь би Хэрлэн голын захад хилэн харынхаа дэргэд унтаж байлаа. “Юу билээ? Энэ маань зүүд үү?” гэж бодтол зүүдлэсэн хэрэг огт биш байв. Харин лусын хааны охин намайг өөрийнхөө ид шидээр газар буулгаж өгөөд буцахыг завдан байхыг би олж харав.
“Далан худалч гуай, аян замдаа сайн яваарай! Би “үхэвч лусын хааны хүүтэй суухгүй” гэсэн юм. Та надад тус болж тэндээс салгаж өглөө. Санасан бүхэн чинь бүтэх болтугай!” гэж ерөөгөөд тэнгэр өөдөө солонго татуулан гарч явахыг би үзэв. Тэгээд би морио авч унаад Хэрлэн голыг өгсөж явахдаа “Тэнгэрийн хаан, диваажингийн орон, лусын хаа цөмийг үзсэн боловч миний төрсөн нутаг Хэрлэн голын хаана нь ч хүрэхгүй болоод хавьтаж ойртохын хэрэггүй хараалын хар орон юм байна” гэж бат итгэсэн юмаа.
Цааш нь...
Ялман
Огноо at 14:12 UnknownНэг эр эм хоёр байжээ. Эр нь эхнэрээ төрсөнгүй гэж дандаа зоддог байжээ. Нэгэн өдөр эхнэр нь нэгэн ялман (алаг туу) барьж аваад навтсанд ороогоод гэрийн мухарт тавьчихаад сууж байжээ. Эр нь ажилдаа яваад харьж ирэхэд нь эхнэр нь эрийгээ үзээд хэлжээ. “Би өнөөдөр нэг хүү төрүүллээ” гэсэн гэнэ. Эр нь сонсоод “Хаана байна?” гэж асуухаар эхнэр нь навтсанд боодолтой ялманг заажээ. ... Эр нь очиж аваад тэврээд хэлжээ: “Хонины мах идэх гээд хоёр шүдтэй төрсөн бүү бүүлэй минь! Морио унах гэж ташууртай төрсөн бүү бүүлээ минь! Даарахаасаа айж дахтай төрсөн бүү бүүлэй минь!” гэж хэлээд таалан үнстэл ялман уруулыг нь хазаад авжээ.
Тэр хүн өвдсөндөө ялманг газар гуядаад алчихжээ. Сайхь эхнэр эрдээ “Чи намайг төрсөнгүй гэж зоддог биш үү! Арайхан нэг хүү төрүүлэхээр чи газар гуядаад алчихав” гээд үглэн дуулаад байжээ. Тэгэхээр нь аргаа барсан эр нь “Би үүнээс хойш чамайг төрсөнгүй гэж зодохгүй” гэж гуйж ам өчгөө өгч гэнэ.
Цааш нь...
Ноёныг нохой шиг хуцуулж нохойн бөндөн амсуулав
Огноо 2010-05-25 at 09:27 UnknownБи урьд хорин галын мянган хөсөг хөдөлгөж Зая бандидын ариун сангийн өмнөөс Баруун зуу орж явахдаа
Нандин бараа, нарийн гурил
Нанжин чавга, нар хамба
Хив хадаг, хивс ширдэг
Зааны яс, зандан мод
Бараан даалимбуу, цай хүртэл ачаад
Нутагтаа буцаж явлаа.
Намрын сар өнгөрснийг хэлэх үү?
Нарийн хяруу хаялахыг хэлэх үү?
Хялганы толгой цантахыг хэлэх үү?
Хялмаатай үдшийн жаврыг хэлэх үү? ...
Үдшийн бүрэнхий, үнэгэн харанхуйгаар Ноён гэгээний хийд дээр ирж нойр голтой, нойтон хөлстэй байхад нь тэмээгээ сөглөж тэнгээ мултлаад майхнаа шааж маналзсан галаа түлээд
Манан харыг уудласхийж
Маахуур боовоо хөшиглөсхийж байхад
Гаалийн ноёны түшмэл ирж
“Гэгээн ноёнд бараалхалгүй
Хилийн гааль хураалгалгүй
Хэн хүн хийд дээр буух ёсонгүй байтал
Хэнээс иштэй энд буув?” гэж зандрав.
“Үүгээр явсан жинчин хүн, ноён санд дээж өргөж номон сахиусанд нь өглөг эс өгвөл замын аянд саад орж залуу насанд цөв болдог юм гэнэ билээ.
Сэнгээ минь очиж бараалхвал дээр байхаа” хэмээн манай нөхөд намайг шаардав.
“За тэгвэл маргааш өглөө тэр ховдог ноёнд чинь нохойн бөндөн амсуулаад нохой шиг хуцуулаад өгье” гэж би ам гарав.
“Хэрэв чамайг тэгвэл бид есөн шөнийн нойроор мөрийцье” гэж тэд ам алдав.
Маргааш өглөө нь би
Магнагтай торго, манхагтай эм
Маажинтай чихэр, маюуртай тос
Маахууртай архи, хамрын тамхи
Хатсан чавга хүртэл бэлгийн юм төхөөрөөд нэг хөөргөндөө нохойн хур баас нунтаглаж хийгээд нөгөө хөөргөндөө шар тамхи дүүргээд ноён гэгээнд бараалхахаар явлаа.
Гэгээн ноёныг дээшилж байхад
Гэрэлт нарыг мандаж байхад
Бандид ламын их хөсгийн эзэн
Баян Сэнгээ баралхахаар ирснийг
Бараа бологчид нь айлтгаад
Нөхөр сэлтийн хамтаар
Гэгээн ноёнтой золгов.
Бэлэг дамбаа барьж
Бие насаа даатгаад
Бандид ламын сан
Баян арвиныг нь магтаж нэг үзэв.
Баруун зуугийн бараа ховор живрийг гайхаж нэг үзэв.
Бачит Сэнгээ олбор долбортойг гайхаж нэг үзэв.
Гэгээн ноён атаархаж эхлэв бололтой
“Бандид ламынхаас баян гэдэг юм манайхыг
Баруун зууд байхгүй юм баян санд бий гэдэг юм.
Бачит Сэнгээ гээд юу базаахав чааваас
Банчин пайтанг гүйцэх биш хөөрхий” гэж
Гэгээн лам нь гэдэлзэж
Нярав лам нь нялуурхан
Сойвон лам нь сайрхаж гарлаа.
“За тэгээд бандид ламын их
Баруун зуугаас базаалтай
Сонин юм олов уу даа хөө!”гэж
Гэгээн ноён надаас асуулаа.
“Сонин ч юмгүй дээ гэгээн ноёнтон минь
Бандид ламын санд Баруун зуугийн
Жог хорхой байдаггүй юм
Баруун зууд хичнээн эрэвч бас олдсонгүй. Аз болоход Алшаа газраас авчирсан арван цэнгийн жог хорхойг арайхийж нэг пүүснээс олоод хорин цэнгийн алт хорголжин цагаан Пэлдэн, хонин цагаан үрэл хүртэл өгч байж авсан юмсан. Хэр зэргийн жог хорхой болохыг би мэдэхгүй юм. Ноёнтон та болгоож нэг үзэж өгнө үү?” гээд хөөргөнд хийсэн нохойн нунтаг баасыг ноёнтонд барив.
Гэгээн ноёнтон гуай гэдийж суугаад нэг халбагадав. Гэрэлд харж сэгсэрч байгаад нэг халбагадав. Тас хийтэл найтаагаад тамшаалж бас нэг үзээд ийн хэлрүүн:
“Жог хорхой нь ч жог хорхой л байна. Манаай сангийн жог хорхойг арай гүйцэхгүй юм байна” гэж хэлэв. “Нэг дэх нь минийх боллоо” гэж нөхрийгөө ёвров.
“За тэгээд ердөө л энэ муу жог хорхойноос өөр сонин юмгүй шив дээ, Сэнгээ минь” гэж гэгээн ноён намайг басамжлан асуув.
“Манай нэг танил баян маань “Баруун зуугаас төвд угсааны гарз нохой олж иртүгүэй” гэж захисан юм. Бас л ховор юм байна. Хоёрхон гөлөг дайралдав. Нэг нь “Өв өв!” гэж хуцах юм, нөгөөх нь “Хав хав!” гэж хуцах юм, аль нь сайн байдгийг би огт мэдэхгүй юм. Данжаад нь хэлэхдээ “Өв өв” гэж хуцдаг болоод өөдөө чихтэй нь сайн” гэх юм. Миний бодоход бол “Хав хав!” гэж хуцдаг, хавтгай чихтэй нь сайн болов уу” гэж бодох юм. Аль нь сайн болохыг ноёнтон айлдаж хайрлана уу?” гэхэд
“Хай эцгийн чинь тархи! Түүнийг мэдэхгүй байж жингийн тойн болно гэнээ! Манай сангийн гарз нохойг ёстой цэвэр гарз гэдэг юм. Тэр дандаа “Хав хав! Гэж харанга шиг бүдүүн дуугарч хуцдаг юм. Харин чин нь хаашаа билээ мэдэхгүй юм” гэж хэллээ.
Ингээд хоёр дахь нь минийх боллоо. Тэгээд би тэндээс гарч ирэхдээ “Ноёнтонд нохойн бөндөн амсуулж нохой шиг хуцуулна даа” гэдэг чинь энэ шүү дээ” гэж нөхдөдөө хэлэхэд тэд намайг “Ёстой далан худалчийн хүү мөн юм” гэдгийг нотлож билээ.
Цааш нь...
Жигүүрт мориор аялсан нь
Огноо at 09:25 UnknownГал могой жилийн хаврын эхэн сард би Галдан хааны цэргээс халагдан нутгийн зүг морины жолоог эргүүлэв. Миний морь бол Галдан хааны түмэн агтын түрүүч, Хөх нуурын усан аргамаг угсааны морь байсан учир би түүнд онцгой хайртай байлаа.
Энэ морийг Галдан хаан надад “Гарамгай сайн байлдсан” гэж шагнасан юм. Би морио унаад галигууж явсаар Алтайн ууланд ирэв. Нэг сайхан өдөр урсгал усны дэргэд бууж морио сойгоод амарсанд ядарсны эрхээр нам унтаж орхижээ. Нэг сэртэл өглөөний нар мандаж байсныг бодоход би лав өдөр, шөнө хоёр унтсан бололтой байв. ... Хөөрхий миний морь ийм удтал сойлгоотой байсандаа тэсч ядан цовхчиж байхыг үзээд түүнийг цадтал идүүлэхээр нэг сайхан ногоотой ар газар чөдөрлөн тавиад тэр хооронд би уулаар зугаалан явж энэ тэрийг үзэхээр явтал миний морь янцгаах сонсогдов.
Хартал нэгэн аварга бүргэд миний морийг эмээл хазаартай нь ишиг шиг шүүрэн авч дээшээ хөөрөн нисэв.
Ээ халаг минь хайрт морь минь! Бүргэдийн саварт автагдан өрөвдмөөр дуугаар янцгаан тонгочих нь харагдав.
Хайран сайхан морио ингэж шувууны хоол болгож өгөөд эзгүй хээр явган хоцрох гэдэг над үхсэнтэй адил санагдав.
Би тэсэхүйеэ бэрх уурлан бачимдсаныг хэлээд яахав. Тэр даруйдаа нумаа авч сумаа онилон тавьтал миний сум аварга бүргэдийн хөлийг тас цохисон учир морь маань шувууны савраас салж доошоо малгай шиг унав. Тэр лав газарт бяц унах нь гарцаагүй болов. Миний нүднээс нулимс асгарч эхлэв. Хөөрхий морио дахиад хартал миний морь жигүүртэй болоод шувуу шиг далавчаа дэвсээр бууж явах нь харагдав.
Миний аз мөн аугаа их юм шүү. Би түүнийг исгэрэн дуудсанд тэр миний дэргэд энх мэнд бууж ирэв. “Яагаад миний морь жигүүртэй болдог билээ?” гээд бодтол тэр маань уг язгуураас сайн морь учраас нууц жигүүртэй байсан бөгөөд эзэндээ баярлахдаа жигүүрээ гаргадаг ид шидтэй байсныг би сая мэдэв. Тэгээд би тэндээсээ үзүүртэй модноос дээхнүүр, үүлтэй тэнгэрээс доохнуур шувуун саарлаа унаад “Галдан хааны цэргийн жанжин” цолтойгоор нутагтаа хүрч ирэхэд манайхан намайг “Их жанжин баатар Сэнгээ” гэж нэрлээд сааль сүү өргөн цацал адис болсоор угтан авч билээ.
Цааш нь...
Эрхэмсэг хатан
Огноо 2010-05-21 at 10:36 UnknownУрьд нэг баян худалдаачин эрх танхи хатантай юм байжээ. Тэгээд тэр баян худалдаачин алс хол газар гурван жилийн аянд явах болж гэнэ дээ. Аянд явахдаа сайн сайхныг ерөөж ихийг бүтээхийн дэмбэрэл тавин хатныгаа “Их юм хийж их юм сураад байгаарай” гэж захижээ. Тэгээд гурван жил болоод буцаж ирээд “Намайг аянд явсан энэ гурван жилд хэн хэн юу юу хийсэн бэ?” гэж дуудаж асуухад адуучин нь хэлэхдээ ...
“Би азарга азаргаар адуу өсгөсөн” гэжээ. Хоньчноосоо дуудаж асуухад
“Би хот дүүрэн хотгор бор ирэг нэмсэн” гэж гэнэ. Хамгийн сүүлд хатнаасаа
“Чи юу хийж бүтээв?” гэж асуухад хатан нь “Гунжин үнээний махыг гурван хоног идэж үзлээ. Гуншаа дамшиг нэрийг авав. Дөнжин үнээний махыг дөрвөн хоног идэж үзэв. Дөмөг нэрэлхүү нэрийг авлаа. Дотуур цамцаа долоо хоног оёж үзлээ. Уран цэмцгэр нэрийг авлаа. Гутлаа гурван сар уллаж үзлээ. Гув шув нэрийг авлаа” гэж хэлэв. Тэр баян худалдаачин гэрийнхээ доторх байдлыг хартал тоосонд дарагдаж үзэмжгүй болсныг ажиглаад “Манайх чинь ширдэгтэй байл уу?” гэж асуухад
“Таныг явахад ширээн доогуур ширмэл ширдэг, бурханы доор булган хивс, орны өмнүүр одтой ширдэг осолгүй л байсан” гэжээ.
“За тэгвэл царил зээтүү аваад ир!” гэж тушаагаад баян эзэн царил зээтүүгээр малтаж үзвэл төө зузаан шорооны цаана төгөл цагаан ширдэг байж гэнэ.
“Яагаад энэ вэ?” гэж хатнаас асуухад хатан нь “Харин би хичнээн их цэвэрлэж байсан учраас зөвхөн ширдэг нь дарагдаад бусад нь байгаа нь их хэрэг” гэжээ.
Цааш нь...
Тэнэг хүн
Огноо at 10:35 UnknownУрьд нэг хүн шөнийн харанхуйд худгаас ус авахаар очлоо. Гэтэл сарны дүрс усанд туссаныг үзээд “Аяа сар худагт ойчсон байна” гэж бодоод олсны үзүүр дэх төмөр дэгээгээр сарыг татаж авахаар оруулсанд дэгээнд нь чулуу тааралдаж хүчлэн татахад олс нь тасармагц гэдрэгээ унаж сарыг хараад “За би хичнээн зүдрэв дээ! Миний зүдрэх ч яахав, сар л гарснаас хойш” гэжээ.
Цааш нь...
Эндүүрсэн нь
Огноо 2010-05-20 at 16:32 UnknownУрьд нэг лам айлд ном уншиж байж гэнэ. Гэтэл нялх хүүхдээ тэвэрсэн айлын хүн орж ирээд тэр ламд хүүхдээ мөргүүлэхээр очтол өнөөх лам “Яасан эрт цав билээ” гээд тосч авахыг завдаж түүнээсээ ихэд ичсэн гэнээ. Дараагаар нь даанч удсангүй цав барих гэтэл өнөөх лам түрүүчийнхээс хаширч мөргөл өгч адис тавих гээд бас ихэд ичсэн гэнэ.
Цааш нь...
Халуун хятай
Огноо at 16:30 UnknownНэг ноёны зарц бүсгүй тогоон дээрээ адууны гэдэс дотор чанаж байсаар хатны их шинжгүй нарийнаас гэдэс нь өлсч тэсч ядахдаа хатныг буруу харахын хооронд халуун тогоон дээрээс нэг халуун хятай шүүрэн авч ханцуйлжээ. Ингээд гар нь их халж сандарч байхыг ноён олж мэдээд бүсгүй зарцдаа “Гарч тэнгэр ямар байна, үзээд ир!” гэж гаргажээ. Зарц гарч хатны нүднээс далд орж хятайгаа идээд эргэж орж ирээд:
“Цэлмэгхэн ч тэнгэр байна
Цэцэнхэн ч ноён байна
Халтайхан ч хатан байна
Халуухан ч хятай байна” гэж хариулж гэнэ.
Цааш нь...
Дархан хааны найр дээр
Огноо 2010-05-18 at 13:38 UnknownДархан түшээт хааных хаврын жасаа уншуулж даллага авахуулаад долоо хоногийн найр зарлан хутга тавилгүй мах идэж хундага тавилгүй архи ууж байхад нь би тэдний найр дээр буучихлаа.
Дарха түшээт хаан гэгч “Далан насан сүүдэртэй, даамай мэргэн ухаантай” гэж даяар олонд алдаршсан болохоор би настныг хүндэтгэн, найрыг ёслохын тулд даллага дээр нь оров. Цасан буурал толгойтой, цагаан мөнгөн сахалтай Дархан хаан ноёнтны амрыг айлтгахад “за Далан худалч бэлэн Сэнгээ шалан панз, шавар хунз минь, чи манай найр дээр ирсэн чинь их сайн боллоо. Ингэхлээр чи над худал үнэн ярьж хурим найрыг минь хөгжөөж аль” гэлээ.
Тэгээд би Дархан хаантай ам нийлж дарс архиар нь хундага дүүргэж суугаад өөрийнхөө үзсэн харсан сонин явдлуудаа ярьж гарлаа.
Цааш нь...
Далан худалч ертөнцөд хосгүй үнэнч хүн
Огноо at 13:37 UnknownТээр жил тэмээн жилийн хавар ямаан сарын хонин өдөр
Ханш нээх цагаар хадам эхдээ золгохоор
Даа хүрээнд орж ирлээ би
Өвөл нь өнтэй хавар нь хавтай
Бяруу булчинтай, даага далантай сайхан жил боллоо гэж
Хөдөөнийхөн хөөр болж
Хүрээнийнхэн найр болж байтал ...
Гай газар дороос гайхай модон дотроос гэгчээр Богд ламтны нүд нь өвдөж Амбан ноёнтны чих нь хавдаж “Буян хийвэл эдгэнэ, бурхан тахивал сайжирна” гэж мэргэд нь айлдаад мэхч нь төлөгдөөд, мэдээч нь мэл гайхаж гэнээ!
Аль байдгаар нь аргалж ядаад аргаа барахдаа маани уншиж Даа хүрээний дацан сүмүүдэд зул асааж хүж унгатгаад хүн тоотой нь хүдэр духаа цоортол хүйтэн чулуун дээр мөргөж ядаад
Хүрдний нь дуу эргүүлгэндээ чихарч
Хүрээний лам нар гүрмэндээ халуурч
Хүрэн жинстэн нь албандаа мангуурч
Жасын нярвууд нь өргөлдөө дарагдаж
Жандгийн эзэд нь өглөгтөө ядарч
Уй гашуу гудамжий нь дарж
Уйлхай нүдтэнийг нулимс бүрхэж
Учир тойм нь олдохоо байсныг хэлээд яахав.
“Далан худалч ирж гэнээ! Гэж дуулаад “Тачигнатал инээх цаг болж” гэж хүрээний борчуул нь хүрдээ эргүүлэхээ мартаад хүүхэн чавганц нар нь мөргөл эргэлээ орхиод “Далан худалч! Далан худалч! Манайд оч!” гэлцэж айл бүгд урьж амьтан бүгд залж ам нээсэн нь инээж амар эрсэн нь нахилзаж байлаа.
Тэгээд би үлгэр ярьж амьтныг инээлгэхээр хүрээ гандан хөлийн модчин, Сэлбийн гол, илбийн зах хүртэл хорин шөнө, хоёр өдөр нойргүй яваад хойт шөнө арай хийж гэртээ иртэл “амбан ноёнтон, Богд ламтан хоёрыг инээлгэн баясгавал энэ өвчин нь эдгэнэ, илэрсэн гай нь арилна....” гэж мэрэг төлөг буусан учир шавь яаманд дээдчүүд нь цугларч шар оройтод хамба нар хуралдаж шадар түшмэл, шавь хошуугүй хэлэлцээд “Далан худалчийг ирүүлж даамай сайхан худал яриулаад даргитал нь илээлгэе” гэж Да хүрээний ихсүүд нь дам дамдаа шийдэж гэнэ дээ!
Маргааш өглөө нь маш эрт марзан шарыг маажиндаж байхад Маамаа чавганцыг цацалдаж байхад манайд есөн цагаан хөллөсөн Манзшир бурханы сүйх тэрэг хүрч ирэв.
Би ч Богдын ордонд морилон очлоо
Богд лам, бошго зарлаг
Амбан ноён, балбат харц цөм цуглаж
Засаг дөрвөн аймаг, шавь таван хошууны
Ихэс дээдэс, эмс хатад бүгд очиж
Чин Ван толгойтой, чомбо лам дараатай
Эрээн магнаг гошролдуулж
Эс хамба шалхалзуулж
Хэргэм ямбаа хэлхэлзүүлж
Хэрэм булга сагсалзуулж
Хэнхэг суудалдаа дарайлцаад
Чамрын гурил, чанасан будаа
Чавганы архи чанцай хүртэл өрж
Их найр эхлэх үед би орж явчихлаа!
Дэвүүрчингүүд нь “Дээшээ! Дээшээ!” гэлцэв
Наргианыхан нь “Наашаа! Наашаа! Гэлцэв
“За Далан худалч чи
Зард гарсан худалч юм бол
Залуу хөгшингүй инээлгэхээр
Зантай сайхан худал хэлээд аль!” гэж
Дээгүүр суудалтны дундаас
Дэвир амт Даа лам
Дундуур суудалтны дундаас
Дүйнхэр жасын нярав
Адгийн суудалтны дундаас
Амбан ноёны заргач гурав
Ам нийлүүлж хэлэв.
“Ээ гончигсүм, гурван эрдэнэ минь!
Энэ дэлхий өршөөж хайрлах минь яав даа!
Эрхэм дээдсүүд минь ээ!
Эсэн мэнд үлдэхэд хэцүү болжээ
Цаана чинь цагийн муу ирж
Цаглашгүй галав юүлээд
Цаад наадгүй сүйдэж байна
Юу болсныг айлтгавал:
Тэхийн эвэр тэнгэрийг цоо хатгаад
Тэмээн сүүл газар хага хатгаад
Гал ус, газар тэнгэр нийлж
Галав юүлээд гарах орох газаргүй
Гаслан энэлэн болж байхад
Юуны чинь худал хэлэх сэлтэй юм бэ?
Худал гэвэл миний хувцсанд наалдсан
Утаа тортгийг харцгаа!
Тун эс бол тооно өөдөө харцгаа!” гэв.
Тэгтэл тэнэгүүд нь тэнгэр өөд
Мунагууд нь мухар өөд
Мундаг нь над өөд харцгаав.
“Чиний энэ чинь шал худал” гэж
Шавь яамны шалдан Гандан зандрав.
“Хэн ч үнэмшихгүй юм ярив” гэж
Хэнхэг хамба Дамдинд хялавхийв.
“Би гэдэг хүн ихэс дээдэст байтугай
Ижил дооддоо худал хэлж үзээгүй
Хуурч мэхлэж яваагүй болохоор
Үнэн учрыг хэлж, үзсэн харснаа ярья
Эрхэм дээдэс минь соёрхоно уу?
Богд эзэн хаан өөрийгөө
Лууны хүү, лусын эзэн гэж
Зарлиг буулган соёрхсон билээ
Тэгээд тэмээний сүүлээр хийсэн
Ялааны шилбүүрээр шидэт гэгээн
Нүдээ тэс цохисноос болж лагшин
Чилээрхэж лай ланчиг хураасныг зүйрлэвэл
Тэмээн сүүл газар хага хатгасантай
Адил хэрэг биш үү?
Амбан ноёнтон өөрийгөө
Асрын хүү, тэнгэрийн эзэн гэж
Айлдан соёрхсон билээ
Тэгээд тэхийн эврээр хийсэн
Хөөрөгнийхөө халбагаар
Гэгээн сонор чихээ ухаж байгаад
Хулхиа цоо хатгасныг зүйрлэвэл
Тэхийн эврээр тэнгэр цоо хатгасантай
Адил хэрэг биш үү
Үүнээс болж ядуу доодос нь янгинаж
Эрхтэн дархтан нь эмгэнэж
Гамшиг гачаал болсныг зүйрлэвэл
Газар тэнгэр хилэгнэж галав юүлсэнтэй
Адил бишүү” гэж учрыг тайлж
Үгий нь гаргаж хэлсэнд
Бүгдээрээ гайхаж бүлтгэр нүдээ эргэлдүүлэв
Цөмөөрөө гайхаж цөөвөр хошуугаа цорвойлгов
Богд лам нь “Бодолгүй зөв” гэж
Богино хуруугаа гозойлгов
Амбан ноён нь “Аргагаүй зөв” гэж
Атигар хуруугаа гозойлгов
Бүгдээрээ инээлдлээ
Бүр сүүлд нь богд инээлээ
Адаг сүүлд нь амбан нь инээлээ
Орд дүүрэн хөхрөлдлөө
Олбог тойрон инээлдлээ
“Амар сайхан боллоо” гэж
Амсар дүүрэн найрлацгаав
Ингээд намайг
“Энэ ертөнцөд хосгүй үнэнч хүн” гэж
Хойт урдгүй нотлоод “Амбан ноён
Богд лам хоёрыг инээлгэсэн” гэж хүндэтгээд
Хорин аяга хорз
Далан аяга дарс сөгнөж
Дархан ноёнтой мөр зэрэгцэж
Даа ламтай эн чацуурч
Наргиж наадаж байсныг
Наад цаадгүй мэднэ гэлээ.
Цааш нь...
Далан худалч Даншигийн наадамд очоод дархан цолоор шагнагдав
Огноо 2010-05-17 at 11:01 UnknownДалан худалч дархан Сэнгээ гэж намайг дууддагийг та нар мэднэ байхаа. Би энэ дархан цолыг бөхийн барилдаанд түрүүлээд авсан юм биш, харин би худал хэлэх тэмцээнд ороод бүгдийг ялсан учир энэ цолыг авсан юм.
Нэгэн намар долоон хошууны даншиг наадам болж ихэс, дээдэс элдэв бүхэн нь цөт цугларсан байв. Долоон хошууны ноёд цуглараад “Манай хошуудад хамгийн сайн худал хэлдэг хүн ямар хүн байдгийг илрүүлье гэж зарлаад тэгээд далан худалчийг ирвэл барьж авъя. Ийм учраас хэн гарцаагүй худал хэлбэл түүнд нэг лан алт өгнө” гэж мөрийтэй зар тараасан байлаа. ...
Тэгээд долоон хошуунаас янз бүрийн худалч нар ирж янз янзын худал хэлсэн боловч аль нь ч ялгаагүй цөм няцаагдаж буцацгаав. Хамгийн сүүлд нь би хүн харахын аргагүй хөсрий муу гуйлгачин өвгөн болж очоод долоон хошууны даншиг наадмыг толгойлж байсан Түшээ гүн ноёнтонд бараалхан ийн өгүүлрүүн:
“Эрхэм ноёнтоон! Эрт дээр үед намайг идэр залуу байхад та надаас нэг лан алт зээлж авсан билээ. Одоо би өтлөн доройтож үгүйрэн хоосорсон учир урьд зээлсэн нэг лан алтаа авахааар ирлээ” гэвэл:
“Хөсрий муу өвгөн чи худал хэлж байна. Би хэзээ ч гэсэн хүнээс алт зээлж авсан удаагүй. Лан алт бусдаас зээлэх тийм хөрөнгө мөхөс байгаагүй, чи юу хэлж байна?” гэв.
“Ноёнтон минь, гарцаагүй үнэн юмсан. Гэгээн цагаан өдөр, гэрэлт шар нарандаа шижир шар алтаа хэмжээд өгч байхад минь Далай ван ноёнтон, Дархан чин ван ноёнтон цөм харж байсан болохоор амьд гэрчтэй юм шүү” гэхэд дэргэд нь байсан Далай ван ноёнтон, Дархан чин ван ноёнтон хоёр хүртэл сандарч “Энэ муу хөсрий өвгөн чинь яасан муухай худалч новш вэ? Бид хоёр хүртэл энүүний гэрч болох гэнэ шүү! Бушуухан чирээд гарга” гэж зандрав.
“За ноёнтон минь! Би худал хэлсэн болоод нэг лан алтаа та нарт алджээ гэж бодъё. Тэгвэл гарцаагүй худал хэлсэн хүнд өгөх гэсэн нэг лан алтаа мөрий ёсоор надад өг дөө” гэв.
“Аа муу хөсрий чи худал хэлээгүй байж бас алт нэхнээ” гэж Түшээт хаан зандрав.
“Тэгвэл та үнэхээр зээлж авсан нэг лан алтыг минь өг” гэв.
“Худлаа чамаас зээлж аваагүй”
“Тэгвэл худлаа хэлсэн хүнд өгөх алтаа өг дөө” гэж өдөржин нэхсээр байгаад эцэст нь тэд нар аргагүй мөрий зарласан учраас гарцаагүй худал хэлсэн надад нэг лан алт өгөхөөр тохиров. Тэгээд “Чи муу хөсрий өвгөн үнэхээр худалч юм бол гэрээс гартал худал хэлээд орхи” гэв.
“Ноёнтон минь, би худал хэлэх тэмцээнд түрүүлсэн болохоор шагналынхаа нэг лан алтыг авсныхаа дараа худал хэлье” гэхэд “тэг!” гэж хэлээд над нэг лангийн алтан ембүү өгөв.
“Хэрэв чи дахиад худал хэлж эс чадвал алтаа буцааж авна” гэцгээв.
Тэгэхэд нь:
“Би таныг гэрээс гартал худал хэлж чадахгүй, харин гаднаас ортол чинь худал хэлж чадна” гэхэд ноёнтон “За тэгвэл би гадаа гараад зогсож байя, чи худлаа хэлээд орхи” гээд ноён гадаа гараад “Алив түргэлээрэй” гэв.
“Би аль хэдийн таныг урьд хэлсэн ёсоор гэрээс чинь гартал худлаа хэлж амжсан шүү” гэхэд ноён ялагдсандаа уурлан орж ирээд
“Тэгвэл чи намайг босоод суутал худал хэлээр орхи” гэв.
“Би таныг босоод суутал худал хэлж чадахгүй, харин суугаад бостол чинь худал хэлж чадна” гэв.
“За тэгвэл би суугаад орхиё, намайг чи яагаад ч босгож чадахгүй” гэв.
“За таны анх хүссэн ёсоор чинь суутал худал хэлээд энд дууслаа” гэв. Ингээд Түшээ гүн ноёнтон надад гурав дахин ядагдаж сүүлд нь “Энэ лав өнөөх суут Далан худалч байж магадгүй” гэж сэжиг төрөөд:
“Чи Далан худалчийн дүү биш биз?” гэж асуухад нь би “Дүү нь бишээ! Далан худалч бэлэн Сэнгээ, дархан аварга биеэрээ байна” гээд хувцас багаа тайлж үзүүлтэл:
“Хүүе хүүе, та минь, өнөөх гайхал Далан худалч чинь мөн байна” гэлцэн хашгиралдаад санд мэнд болцгоон сур дээс бэлтгээд “Одоо үүнийг суудал дээр нь бариад ав!” гээд ухасхийхэд нь би далдынхаа хар малгайг өмсч амжсан тул тэд нар хоосон газар самардан унацгаав.
Цааш нь...
Ганцаараа мянган цэрэгтэй тулалдав.
Огноо at 11:00 UnknownТа нар намайг идэр залуу байхад Галдан бошгот хааны цэрэгт явж явж баатар гавьяа байгуулсныг цөм мэдэх байх аа.
Би Галдан хааны тушаалаар Хэрлэн барс хотын орчим явлаа. Тэр үед зуны дэлгэр сайхан улирал байсан учир надад өдөр шөнө, өглөө үдэш ялгаагүй урагшаа довтлох сайхан завшаантай үе байлаа.
Хоёр өдөр , хоёр шөнө довтлон явж тэнд хүрэх ёстой байсан юм. Тэгтэл Манжийн хааны төрийн жанжин, Гуа- мингийн мянган цэрэг Галдан хааны гол хүчийг мөрдөн хөөж миний эсрэг хүч түрэн довтлож байсныг огт мэдсэнгүй учир би гэнэт дайсны цэргийн аманд орлоо. “Одоо яадаг билээ.... Галдан хааны итгэлт цэрэг байтал дайсанд олзлогдож чухал тушаалы нь алдаад сүйрэх нь энэ болж” гэж бодоход магнайны хөлс аяндаа гоожих болов.
Намайг ямар ч арга мэх бодож амжаагүй байтал дайсны хошууч анги намайг бүслэн авч амьдаар нь олзлохоор шийдсэн бололтой жад, сэлэм, нум сум, буу саадаг бүгдийг миний зүг онилж арван зүгээс уухайлан орлоо.
Галдан хааны цэрэг болсон хойно яаж тулалдахгүй байж болох аж. Эхлээд нум сумаа онилон тавьж үзлээ. Хэд хэдийг ч намнаж орхив бололтой. Тэгтэл дайсан этгээд тун ч их заналтайгаар урагшаа бархиралдан гүйсээр намайг тойрон авахад бэлэн болов.
Яг тэр үед би өөрийгөө хамгаалахаар шийдэв. Юуны төлөө Далан худалч билээ, далдын хар малгайгаа өмсч орхив. Дайсны цэрэг тойрон гүйлдэж ирээд миний зогсож байсан газар бие биетэйгээ мөргөлдөн гар гараа хий хоосон сарвалзуулан нэг нэгээ барьж зогсоцгоон гайхаж зарим нь хөл доороо, зарим нь ар талдаа тэмтрэн бэдэрцгээв. Тэд нар муухай хараан шүд зуун үймэлдэж байхад нь би тэднийг нэг нэгээр нь араас нь жадлаж гарлаа.
Үл үзэгдэх жаданд хатгагдан үхэж байгаа цэргүүд сүүлдээ нэг нь нөгөөгөө сэжиглэн хоорондоо хутгалдаж гарлаа.
Тэр далимаар нь би дайсны зуун дөчин цэргийг жадлаж алаад хошууч ангий нь бараг дуусгаад байтал дараах зуут нь хүрч ирэв. Тэгэхлээр нь би далдынхаа хар малгайг хуу татан аваад тэдэнд биеэ үзүүлэн өмнөөс нь хэд хэдэн сум тавьж тэдний анхарлыг биедээ татахын тулд уухайлж эхэлтэл дайснууд миний зүг шүд зуун довтлож ирэхэд нь дахиад далдынхаа хар малгайг өмсөөд дайснуудыг мөн л сэмхэн нэг нэгээр нь жадлаж эхлэв. Ийнхүү Галдан хааны үл үзэгдэх ганц цэрэг дайсны хамаг цэргийг жадлан алсан учир тэд сандран гайхахдаа өөрийн үхдэл цэргээ хаяад ухаан жолоогүй цааш зугтаж одов. Би тэдний хойноос нэхэн хөөх хэрэггүй байсан учир цаашаа оногдсон аяллаа үргэлжлүүлэхээр мордтол манай туршуулын цэрэг надтай дайралдаж миний гайхамшигт тулалдааныг үзээд Галдан хаанд мэдүүлсэн байжээ. Хэрлэн барс хот орж яаралтай тушаалаа хүргэж өгөөд буцаж ирэхэд Галдан хаан намайг цэргийн дунд алдаршуулан хөхүүлж “Ганцаараа мянган цэрэгтэй байлдан ялсан гайхамшгийн хүчит дайчин баатар, далдын шидэт Сэнгээ баатар” гэж цол хайрлан мянганы ноён болгон өргөмжилсөн юм.
Цааш нь...
Хурмастын хулагч гүүг барьсан нь
Огноо 2010-05-14 at 10:32 UnknownНэгэн бадарчин явж байтал зам дээр нэг үхсэн адууны сэг байхыг үзээд “Хэрэг болж магадгүй” гээд түүний сүүлийг тайран авч үүргэндээ хийгээд цааш явж гэнэ. Гэтэл хэсэг баячууд овоо тахиж байгаа дээр хүрч очвол тэдгээр хүмүүс “Хурмаст тэнгэрийн хулагч гүү” гэж байдаг эсэх тухай маргалдан зарим нь “Огт байхгүй” гэж зүтгэж байна гэнэ. Бадарчин түүнийг гайхсаар цааш явж байтал нэг жороо морь унасан баян хүн гол уруудан айсуйг хараад нөгөө адууныхаа сүүлийг олсоор оосорлон хонгил модны ёроол доогуур оруулан модны үндэснээс бөхлөж уяад, хагасы нь шороогоор булж янзлан сүүлний үзүүрээс угзран чангаах байдал үзүүлэн оролдож байтал нөгөө жороо морьт баян хүн хүрч ирээд “За бадарчин, чи юу хийж байна?” гэж асуусанд бадарчин “Би сая хурмастын хулагч гүүг энэ модны доор унтаж байхаар нь энэ олсоор бугуйлдаад авсан чинь нүх рүүгээ шургаад орчихдог байна шүү, одоо сүүл нь цухуйж байна. Та туслаарай” гэсэнд нөгөө жороо морьтой баян “За тэгнээ тэр! Бид нар сая овоо тахисан учир хурмаст тэнгэр хишгээ хайрлаж байгаа нь энэ дээ!”гээд сүүлнээс нь чангаалцсанд газар бамбалзаж хөдлөж байхыг ажиглаад шунаг сэтгэл төрөхдөө “Бадарчныг явуулчихаад ганцаараа ухаж авбал сайхан морьтой болдог хэрэг” гэж шийдээд “За чи миний морийг унаад яв! Энэ гүвээний цаана манайх бий! Тэндээс олон хүн дуудан авчир! Би ингээд бариад сууж байя” гэж гэнэ. Бадарчин баяны жороо морийг унаад хэнд ч хэлсэнгүй тэр чигтээ цаашаа явж алга болжээ. Өнөөх шунахай баян хэсэг хүлээгээд газрыг ухаж үзвэл олс, хатсан сүүл хоёроос өөр юу ч гарсангүй гэнэ.
Цааш нь...
Хөлөө гамнахдаа
Огноо at 10:31 UnknownНэг зальтай бадарч явж байтал адуучин эр адуугаа услахаар гол руу багширтал туун явахыг хараад хоёр модон таягаа сугандаа тулан өрөөсөн хөлөө атийлган догонцсоор адууны нь хажуугаар өнгөрөн явахыг тэр адуучин хараад суга таягтай хүнийг өрөвдөн
“Та хаа хүрэх нь вэ?” гэж асуусанд
“Би Баруун зуу орноо” гэж хариулав.
“Та ийнхүү хөл зовуурьтай байж тийм хол газар яаж хүрэх билээ?” гэж адуучин асуусанд бадарчин ...
“Миний хөл эв эрүүл болой. Гагцхүү хол газар явах учир “Хөл юүгээ гамнасугай” хэмээн хоёр хөлөө ээлжлэн ингэж явдаг юм” гэж хэлсэнд тэр адуучин “Ядарсан хүнд тус хүргэе” гэж бодоод
“Би танд буян санаж нэг номхон морь өгье. Та түүнийг унаж хөл амар явагтун!” гэж хэлээд бадарчинд нэг сайн морио барин өгчээ.
Цааш нь...
Хоолоо хийсэн нь
Огноо 2010-05-12 at 13:39 UnknownНар жаргаж орой болсон хойно бадарчин нэг айлд хоноглохоор очтол тэр айл хоолоо хийгээд идчихсэн болохоор дахин хоол хийхээс төвөгшөөсөн ч юм уу эсвэл хоолоо харамласан ч юм уу:
“Бадарч гуай ч морь муутай явах шив дээ! Манайх аль эрт хоолоо хийгээд идчихсэн. Одоо ч та хоосон л хонох болж дээ!” гэсэнд бадарчин “Танайх хоолоо хийгээд идчихсэн бол манайх хоолоо хийхээс дээ” гээд гаднаас хавчиг үүргээ оруулж шар хомоол авчран гэрийн нь баруун талд гурван чулуу тулаад гал ноцоож эхэлтэл айлын эхнэр сандран тэвдэж:...
“Бадарч гуай, та манай гэрт битгий голомт нээж үзээч дээ! Би хоол хийж өгье!” гэж гуйсанд бадарчин:
“Намайг орж ирэнгүүт л ингэж хэлсэн бол зөв байсан юм л даа” гэжээ.
Цааш нь...
Хоолон дээрээ хөглөсөн нь
Огноо at 13:38 UnknownНэгэн бадарчин орой бүрий болсон хойно нэгэн айлд хоноглохоор очсонд тэр айл зөвхөн хоёр биедээ тааруулан хоолоо хийсэн учир бадарчинг аль болохоор гэрээсээ түргэн явуулаад хоолоо гаргаж идэхийг бодон хоолоо гаргасангүй удтал чанаж гэнэ. Бадарчин тэгэхээс тэгэх гэсэн байдалтай хоолы нь хүлээгээд л суугаад байж гэнэ. Гэрийн эзэн арга ядахдаа “Бадарч гуай, замд чинь айл алга уу?” гээд “Манай хойт айл суугаа байх аа!” гэж авгайгаасаа лавлан асуусанд авгай нь ...
“Нохой хуцах нь дуулдаж байна. Суугаа байх аа” гэж хэлсэнд бадарчин
“Ашгүй дээ маргааш тэр айлд чинь хоног таарах юм байна” гэсэнд гэрийн эзэн “Энэ ер явах царайгүй дэгээ яая даа!” гэж бодохдоо дэмий л “Танай нутаг хаа гээчид байна даа?” гэж асуусанд бадарчин “Намайг байхад Үйхэд байсан. Дараа нь Оргиход буусан. Одоо ч Ширгэхэд өвөлжиж байгаа биз дээ!” гээд тогоо руу нь өнгийсөнд айлын авгай арга ядан ичингүйрч ширгэж байгаа тогоотой хоолоо гаргахад яг хоёр мөч байсан тул арга буюу бадарчингийн өмнө тавьж өгчээ. Бадарчин түүнийг нь аваад
“Дулаахан өвөлжихдөө сайхан даа!” гэж хэлээд цөмийг нь идэж орхиод тавгийг нь буцаасанд айлын эзэн таваг руугаа хараад
“Мөн хөглөвөө!” гэсэнд бадарчин
“Зүгээр, зүгээр!” Энэ дүнгийн юмыг аль тэр гэх вэ? Сайхан нойрсоорой!” гэж хэлээд яваад өгч гэнэ.
Цааш нь...
Далан худалч
Огноо 2010-05-11 at 17:02 UnknownӨөрийн аавыг өлгийтэй байхад өвгөн аавын тэмээг хариулж явлаа. Нэгэн өдөр хээлтэй ингэ нэгийг шилрүүлэн алдаад баруун тийшээ Бадгар, Шар мөрөн хойшоо Да хүрээ, Дамбадаржаа, зүүн тийшээ Онгон, Таван булаг, Орлой гурван зээрд, Оньт гурван суварга, урагшаа Жинчийн цагаан Утай, Жингийн цагаан суварга хүртэл сураглан яваад Богдын хүрээний богтсон Чойжил гэдгээс бор зүсмийн морь нэгийг аваад Аръяа Жанлав бандидын алаг нүдэн Жамбал гэгчээс адил зүсмийн морь нэгийг авч унав. Ингээд хоёр морьтой болоод цааш ингээ эрж явтал хажуу дээр нэг хар юм навсайж байна. Хүрээд очсон чинь ширээ бөх нь шир болоод ширэн тавхай нь илэг болоод хоёр нүдий нь хон хэрээ ухсан, үхэхдээ хүрээд байж байна. ...
Тэндээс ингээ хөтлөөд дэмий тэнэж явсан нь харин дээр үеийн танил Дэжидмаа хүүхнийдээ хүрээд оччихжээ. Хонох болоод хоёр морио аргамжаад өглөө болсон чинь морий нь хорин хэрээ няравтай чоно тахилчтай зооглож байна. Тэндээс хоёр мод олж бариад ингээ хөтлөөд явтал нэгэн бага шиг хурал дээр хүрээд очлоо. “Гүйдэг сайнаараа донир болох уу? Гүзээ ихтэйгээрээ нярав болох уу?” гэсэнд “Гүйхээ сайтайгаараа унзад болъё” гээд баруун талын эхэнд баргил дуутай цанг бариад бархируулж суутал харин арван тавны сар майдар болж авгай хүүхэд олон шиг цуглажээ. Дээд хүүхэнд дээлийн торго, дэнсэн хавтага, дунд хүүхэнд дурдан алчуур, дугуй еэвэн, адгийн хүүхэнд ам даавуу, атга чихэр өгч байснаа нэг мэдсэн буруут болоод хөөгдөж орхив.
Тэндээс ингээ хөтлөөд гүйж явтал гүвээн дээр нэг юм гэдэн годон гэж байна. Хүрээд очсон чинь гүрвэл авгайн даллага болж лам шувуу ламтаж, шар шувуу шавьтаж хэрээ хэнгэргийг цохиж болжмор шувуу будаа цавыг барьж тогос шувуу томоотойгоороо ном судар зөөж хун шувуу хувин домботой манжийг зөөж тоодог тогооч болж тогоруу тогооны даамал болж алаг нугас шалсай хийж бүдүүн хөлтэй бүргэд бүрээ үлээж харцага гандан үлээж байна. Надад гурван жил сувайрсан хар халзан батганын дал дөрвөн өндрийг өгсөнд идээд барсангүй, цааш явж байтал нэг мэдсэн чинь харин толгойгоо худаг дээр мартаад явсан байхгүй юу. Буцаж ирсэн чинь харин толгой минь намайг хараад наран тал нь наг наг инээж сүүдэр тал нь шазав татав гэж байна. Толгойгоо аваад цааш явж байтал ингэ маань ботголов. Эхийг унаад ботгыг дүүрэх гэтэл даасангүй ботгыг унаад ингийг дүүрсэн чинь харин данхан дэнхэн гээд явж байна. Хадан дээр гарсан хад хагараад даасангүй. Бутан дээр гарсан чинь бут булгарав. Дэрсэн дээр гарсан чинь харин дэмий балай сайхан дааж байна. Тэндээс цааш явсаар гэртээ харьсан чинь мөнөө хоёр морь минь хулгайн морь болоод намайг Да хүрээнээс заллага цагдаа ирж барьж аваачив аа.
“За чи энэ хоёр морийг хэзээ хэн гэгч хүнээс ямар ямар гэрчтэй авсан бэ?” гэж байна. Би өчин:
“Богдын хүрээний богтсон Чойжил, Аръяа Жанлав бандидын алаг нүдэн Жамбал гэгчээс арван хоёр хүний гэрчтэй авсан” гэв.
“Хэн хэн гэрчтэй вэ?” гэнэ.
“Дэхийн Дэмбэрэл, Дэвхийн Шарав, Лхагийн Хатан, Маравын Молом, Доргио Ойдов, Доголон Хайдав, Хар Ойдов, Хамар Балдан, Мангасын Манайхан, Сайн Лэгдэв, Сойнон хатан эдгээр арван хоёр хүн гэрчтэй авсан” гэж хэлээд гарч байлаа.
Цааш нь...
Гайхамшигт мөргөлдөөн
Огноо at 17:02 UnknownБи урьд алтай хаанд гарч ав гөрөө хийж явахдаа аргаль угалзнууд яаж мөргөлддөгийг сайн ажигласан юм. Нэг уулын хөтөл дээр гартал улаан нар тусахын хамт л хоёр том угалз мөргөлдөж эхэллээ. Өглөө нь харахад л хоёр эвэр тас няс хийж байв. Үдийн хэрд харахад мухар цээжнүүд лүг хийж байснаа оройхон буцаж ирэхэд л хоёр сүүл нь үлдээд шал шалхийтэл мөргөлдсөн хэвээр л байж билээ. Мөн ч сүрхий мөргөлддөг амьтад шүү ноёнтоон гэхэд Дархан ноёнтон инээж ...
“Далан худалч минь ээ! Наадах чинь аль хэдийнээ хүзүүнийхээ хавьд очоод хэтэрчихлээ” гэв.
“Дархан хаантан гуай та чинь даллаганыхаа бүтэн хонин чонхороо зооглохдоо даргар халзан толгойноос нь эхлээд дал дөрвөн өндрий нь дамнуулаад дараа нь үе сүүлэнд нь хүрч байхдаа чухам хаана нь хэтэрсэн бол доо” гэхэд
“ Хэтэрсэн ч байж болно. Үгүй ч байж болно. Чи яасан бэлэн үгтэй новш вэ хөө! Цааш нь ярь” гэв.
Цааш нь...
Хүү харсан нь
Огноо 2010-05-04 at 13:56 UnknownЗуны нэг сайхан өдөр нэгэн бадарчин зуслангийн айлуудаар хэсэн явж байгаад нэг айлд орсонд айлын авгай хүүхдээ хөхүүлж сууснаа бадарчинг хараад:
“Бадарчин гуай! Та энэ хүүхдийг хараад байж байгаарай. Би үнээгээ саагаад ирье!” гээд хувингаа барьсаар гарч гэнэ. Удсангүй бие биенээ танихгүй хоёр амьтан нэг нэгийгээ ширтэн суутал бадарчингийн харцнаас айсан жаал хүү бархирч гарч гэнэ. Гаднаас нөгөө авгай хувингаа барин орж ирээд ...“Та хүүг минь уйлахад юунд эс авав?” гэж хэлсэнд бадарчин “Би чиний хэлснээр өмнөөс нь хараад л байлаа. Гэтэл ашгүй уйлж гарлаа шүү” гэсэнд авгай хүүгээ аргадаж дуугай болгоод “Одоо хүүг уйлбал та авдаг юм шүү, би үнээгээ сааж дуусгая” гээд бас л гарч явж гэнэ. Удсангүй хүү нь бас л уйлж гэнэ.
Тэгэхлээр нь бадарчин хүүгий нь тэврэн гарч үүрэг дээрээ суулган бөхлөөд үүрсээр алсын замд гарч гэнэ. Гэтэл хүүгийн эх ихэд сандран хойноос нь гүйж ирээд “Бадарч гуай, та юу болж байгаа чинь энэ вэ?” гэсэнд “Чи л өөрөө хүү уйлбал та авдгийм шүү гэсэн шүү дээ! Тэгээд ашгүй уйлахаар нь хүүтэй боллоо гэж бодоод аваад явж байна. Эртхэн нэг айлд очиж хүүдээ юм уулгая” гэсэнд тэр авгай бадарчингаас хүүгээ салган авч гэртээ урин цай хоол хийж өгч дайлаад явуулсан гэдэг.
Цааш нь...
Хэтэрхий ерөөлч
Огноо at 13:55 UnknownБаадай нэг өдөр эсгийгээ хийж байгаа баян айлд хүрч очсонд баян гуай нэг сайхан ерөөл хэлэхийг хүсчээ. Тэгэхэд Баадай ийн ерөөв гэнэ:
“Зулсан ноос нь зулай цагаан мяндас болж
Зураг болсон эзэн нь зунхав бурхан болж
Зуун насандаа залуу гэгдэж
Зуны цэцэг шиг сайхан гэгдэж
Зургаан хүүхэдтэй эхнэр аваад
Жаран жил жаргаж наян жил наргих болтугай” гэж ерөөсөнд ... баян эзэн нь ихэд баярласан боловч “Чи намайг хэтэрхий товойлгон магтсан болохоор надад таалагдсангүй, ийм учраас их шан өгөхөө байгаад үүнийг чамд өгье!” гэж нэгэн сохор зоос гарган солгой гараараа шидэж өгсөнд Баадай дахин ийн ерөөв:
“Солгой гар нь олгой болж
Сохор зоос нь түм хүрээд
Зулсан ноос нь зум болж
Зуны хөгцөнд нэвт идэгдэж
Явган нүүж нүцгэн жаргаад
Ямаа сааж яс зооглох болтугай!” гэж ерөөсөнд баян эзэн “Чи намайг басамжлан хэт муугаар ерөөв” хэмээн Баадайг эсгий хийж байгаа газраасаа хөөсөнд Баадай
“Баадай бадарч нь ерөөлөө
Баян эзэн нь уурлалаа!
Байгаа нь баярлана байх
Байхгүй нь гомдоно байх
Баларсан ч юм боллоо доо...” гэж дуулсаар явсанд эсгий дээр байсан олон хүн инээлдэн үлдэж гэнэ.
Цааш нь...