Бебеле хүү (Бельги)
Огноо 2013-04-15 at 15:17 UnknownӨвгөн, эмгэн хоёр аж төрөн суудаг байж гэнэ. Олон жил хамт амьдарсан тэр хоёрт үр хүүхэд заяагаагүй юмсанжээ. Тиймээс үргэлж хүүхдийн хүсэл болж, их л гутардаг байв. Нэг өдөр өвгөн ажилдаа явж, эмгэн хоолоо хийхээр гэртээ үлджээ. Тэр шөл хийхээр шош ялгаж байхдаа нэг ширхэгийг авч: “Ийм жижигхэн шош шиг хүүтэй ч болоосой” гэж хэлж дуусаагүй байтал өнөөх шошинд хөл, гар, нүд гээд хүнд байдаг бүх эрхтэн бий болж шингэн дуугаар,...
- Намайг Бебеле гэдэг юм. Танай хүү больё гэж гэнэ. Эмгэн баяр хөөр болж, Бебеле хүүдээ таарсан жижиг өмд, цамц оёж, хуруувчинд цагаан будаа чанаж хүүг хооллов. Мөн хугархай тэвнээр жижигхэн сэлэм хийж хүүдээ өгч гэнэ. Ингээд эмгэн нэг тийшээ явахаар юм хум боон зэхжээ. Бебеле хүү,
- Ээж минь, та хаа хүрэх вэ? гэж шалгаахад,
- Дархны газар байгаа аавд чинь хоол аваачиж өгье гэхэд, хүү,
- Тэгвэл би аваачиж өгье гэлээ.
– Хүү минь, чи ийм жаахан байж яаж чадах юм бэ? Гэвэл хүү,
- Зүгээр ээ, чадна. Хааш нь аваачихыг л хэлээд өгвөл боллоо гэхэд ээж нь дархны газар яаж очихыг зааж өгөв. Пял тавганд хэрчим загас тавьж, алчуурт боогоод Бебелед өгчээ. Хүү боодолтойг авч гүйн одов гэнэ. Хүү замд явж байхдаа хүмүүсээс юм гуйж яваа нэг өвгөнийг харжээ. Гуйлгачин нэг том чулуун дээр уйтгарлан сууж байх нь тун өрөвдөлтэй харагджээ. Бебеле тэр хүн рүү ойртож,
- Өвөө та ингэтлээ юундаа гуниж гутраа вэ? гэхэд гуйлгачин,
- Бебеле хүү минь ээ! Би бүтэн хоног ямар ч юм олж идсэнгүй, тун их өлсөж байна гэв. Бебеле,
- Энэ загасыг ид. Тун их амттай шүү гээд өвгөнд боодолтой хоолоо өгөв. Гуйлгачин өвгөн загасыг идэж, дан ясыг нь үлдээжээ. Ингээд Бебеле аавдаа загас аваачиж өгөхөөр гэр рүүгээ буцан гүйжээ. Хүүгийн өмнөөс нь долоон хулгайч гарч ирэв. Тэд Бебелег хараад тун их баярлажээ. Хамгийн ахмад нь тонгойж, хүүг хоёр хуруугаараа хавчин дээш нь өргөн алган дээрээ суулгаад,
- Хараач, үүнийг! Энэ хүү бидний ажилд туслана. Ямар ч нүх сүвээр багтана. Чи бидэнтэй хулгай хийх үү? гэв. Бебеле эд нартай маргаад яах вэ гэж бодоод дуугарсангүй. Тэгтэл толгойлогч хүүг халаасандаа хийгээд тэд цаашаа явав. Бебеле халааснаас цухуйн гараад хаашаа явж байгаагаа харав. Хулгайч нар нэг хананы хажуугаар явж байхад нь Бебеле халааснаас үсрэн бууж нэг нүх рүү шурган оржээ. Хулгайч нар түүнийг огтхон ч анзаарсангүй. Бебеле ингээд амь гарав гэсэн чинь үгүй ажээ. Тэрбээр нөгөө нүхнээсээ гарах гэж зүтгэж сарвалзаж байгаад хэрчсэн манжинтай саванд унажээ. Том улаагч үнээ хүүг манжинтай хамт залгиж, мөнөөх хүү үнээний гэдсэнд орчихож гэнэ. Яг энэ үед саальчин авгай үхрийн байр руугаа ирж, үнээгээ саахаар суутал “Энэ муу хогийн амьтан, ёстой нэг шаар байна даа” гэж хашгирах дуу сонсогдов. Бебеле өөрийг нь залгилаа гэж үнээг хараасан юм байж. Тэгтэл саальчин үнээ өөрийг нь харааж байна гэж бодоод, айн цочихдоо хувингаа унагаан үхрийн байрнаас ум хумгүй гүйн гарчээ. Саальчин эзэгтэй рүүгээ гүйн ирээд,
- Манай үнээ хүний хэлээр ярьж байна. Чанга, чанга хашгирч, хараал урсгаад байна, гэхэд эзэгтэй,
- Тэгвэл би өөрөө саая. Эзнээ арай харааж зүрхлэхгүй биз гэж гэнэ. Эзэгтэй үнээгээ саахаар суутал, үнээ нь “Энэ муу хогийн ховдог, ёстой нэг шаар байна даа. Харж л байгаарай. Би чамд үзүүлээд өгнө” гэж ууртай хашгирах сонсогджээ. Эзэгтэй айж балмагдан, үхрийн хашаанаас гүйн гарав. Тэрбээр нөхрөө дуудаж,
- Юу болоод байгаа нь энэ вэ? үхэр хараал зүхэл хэлнэ гэдгийг насандаа дуулаагүй юм байна. Ээ бүү үзэгд! Чи очиж учрыг нь ол! гэлээ. "Гайхалтай юм. Үнээ хараал хэлнэ гэж юу байх вэ” гэж бодсон нөхөр нь очиход, бас л өрхийн тэргүүлэгчийг элдвээр харааж загнажээ. Нөхөр нь үхрийн хашаанаас гараад,
- Манай үнээнд шулмас шүглэжээ. Хэзээ ч ийм юм байж болохгүй. Үүнийг төхөөрнөө гээд улаагч үнээгээ төхөөрөн мах, арьсыг нь авч үлдээд, гэдэс дотрыг нь хол хаяжээ. Гэдсэнд нь өнөөх бяцхан Бебеле хүү хамт хаягджээ. Яг энэ үеэр нөгөө гуйлгачин тэр хавиар явж байгаад шинэ үнээний гэдэс дотрыг олж хараад, ингээд амттайхан хоолтой болдог байжээ хэмээн шуудайд хийгээд гэр рүүгээ аваад явжээ. Тэрээр тэвнээр хийсэн сэлмээрээ гуйлгачины мөр рүү хатгаж гэнэ. Гуйлгачин шуутайтайгаа нөгөө мөрөндөө сэлгэж тохов. Хүү дахиад л хатгаад авчээ. Тэгэхээр нь өвгөн чухам юу хатгаж байгааг үзье гээд задлан үзэв. Бебеле чухамдаа ингэхийг л хүлээж байсан юм. Бебеле хүүг үсрэн гарч ирэхэд, өвгөн сандарч,
-Тэ, тэ, тэ... тэнгэр минь. Тэр ээ, хөөе. Хорвоод ийм юм бас байдаг аа! Бид хоёр дахиад уулзлаа. Бебеле хүү минь би чамайг одоо яах вэ? гэхэд, хүү,
- Сайн санаат ах минь. Өнөөдөр олон адал явдалтай учирч их ч ядарлаа. Намайг гэрт минь хүлээж байгаа аав, ээж хоёрт минь хүргэж өгөөч? гэж түүнээс гуйж гэнэ. Өвгөн хүүтэй хамт тэднийх рүү очих замдаа гангар гунгар хуучлан явсаар очжээ. Хүүгээ алдчихлаа гээд сэтгэлээр унаж байсан өвгөн эмгэн хоёр түүнийг харангуутаа баяр хөөр болж, ширээ дүүрэн хоол унд өрөөд хамтдаа суун хооллоцгоожээ.