Тааж мэддэг Тарас мэргэн (Белорус)
Огноо 2013-04-11 at 14:35 UnknownНэгэн шидэт номтой хаан байжээ. Тэрбээр хаант улс даяараа “Надаас нуугдаж чадсан хүнд улсынхаа хагасыг өгнө” гэсэн зар түгээж гэнэ. Тэгтэл тааж мэддэг Тарас гэдэг анчин хүрч ирээд,
- Би танд олдохооргүй нуугдана хэмээн ам алдлаа.
– Тэг л дээ. Хэрэв үнэхээр олдохооргүй нуугдаж чадвал хаант улсынхаа хагасыг өгнө, харин чадахгүй бол цаазаар авах болно. Гарын үсгээ зур гэв. Тарас мэргэн гарын үсгээ зураад нуугдах боллоо. Хааны өмнө сайхан залуу байснаа, хар булга болон хашаагаар гүйж, цагаан үен болон цааш одож, бор туулай болон талаар дэгдэв. Гүйж гүйж алс холын хаант улсад очжээ. Тэр хаант улсад уудам ногоон нуга байдаг юмсанж. ...Тэрбээр нугад очоод гурван өнгийн цэцэг болон хувирчээ. Маргааш өглөө нь хаан босож шидэт номоо дэлгэн харсанаа,
- Өмнө минь сайхан залуу байснаа хар булга болон хашаагаар гүйж, цагаан үен болон цааш одож, бор туулай болон талаар дэгдэж алс холын хаант улсад очоод, гурван өнгийн цэцэг болон хувирчээ гэж уншив. Хаан зарц нараа дуудаад тэрхүү хаант улсад очиж нөгөө цэцгийг олж авчир хэмээн тушаав. Зарц нар явжээ. Явж явж өнөөх цэцгийг олж аваад алчууранд ороон хаанд авчирч өгөв. Хаан алчуурыг дэлгэн инээд алдаад,
- Тарас мэргэн минь, надаас нуугдаж чадав уу? гэлээ. Тарас мэргэн хүн болон хувираад,
- Хаантан минь, дахин нуугдахыг зөвшөөрнө үү? гэв. Хаан зөвшөөрчээ. Тарас мэргэн хааны өмнө сайхан залуу байснаа хар булга болон хашаагаар гүйж, цагаан үен болон цааш одож, бор туулай болон талаар дэгдэв. Гүйж гүйж харийн хаант улсад хүрчээ. Тэр хаант улсад дээрээ намагтай, дороо нууртай, хөвд байдаг юмсанж. Тэрбээр хөвдөнд шунган, алгана загас болон хувираад нуурын ёроолд орчихов. Өглөөгүүр хаан босоод шидэт номоо харснаа,
- Өмнө маань сайхан залуу байснаа хар булга болон хашаагаар гүйж, цагаан үен болон цааш одож, бор туулай болон талаар дэгджээ. Харийн хаант улсад очоод хөвдтэй намагт алгана загас болсон байна. Чи миний гараас гарахгүй гэв. Тэгээд зарц нараа харийн хаант улсад очиж хөвдтэй намгийг цэвэрлэн, тэрхүү алгана загасыг олж ир гэж тушаалаа. Зарц нар нь хэлсэн ёсоор гүйцэтгэв. Алгана загасыг алчуураар ороон хаанд авчирч өглөө.
– За Тарас мэргэн минь, надаас нуугдаж чадав уу? гэж хэлээд хаан инээв. Тарас мэргэн хүн болж хувираад:
- Хаантан минь, сүүлчийн удаа нуугдахыг зөвшөөрнө үү гэлээ. Хаан зөвшөөрчээ. Тарас мэргэн хааны өмнө сайхан залуу байснаа хар булга болон хашаагаар гүйж, цагаан үен болон цааш одож, бор туулай болон талаар дэгдэв. Гүйж гүйж бас нэг хаант улсад очжээ. Тэнд үндэс нь газарт шургасан, үзүүр нь тэнгэрт шүргэсэн царс мод ургасан байв. Тэрбээр шилмүүс болж хувираад холтсон дор нуугдахаас өөр арга олсонгүй. Тэгтэл Нагай шувуу нисэн ирж, холтсон дор хүн нуугдаж буйг мэдмэгцээ,
- Энд хэн байна вэ? гэж асуув.
– Тарас мэргэн байна.
- Яагаад ийшээ орсон юм бэ?
– Шидэт хаанаас нуугдах гэсэн чинь яагаад ч болж өгдөггүй.
– Би чамайг нууя л даа.
– Сайн санаат шувуухай минь, намайг авраач? Би чамд өнө мөнхөд талархах болно. Нагай шувуу түүнийг өд болгон хувиргаад жигүүр дороо хийн хааны өргөөнд аваачиж, нойрмоглох хааны өвөрт хийчихэв гэнэ. Өглөөгүүр хаан босож, нүүр гараа угаагаад шидэт номоо харснаа:
- Өмнө минь сайхан залуу байснаа хар булга болон хашаагаар гүйж, цагаан үен болон цааш одож, бор туулай болон талаар дэгдсээр харийн хаант улсад очжээ. Тэнд үндэс нь газарт ургасан үзүүр нь тэнгэрт тулам царс мод ургасан байна. Тэрбээр шилмүүс болон хувираад холтсон дор байж байна гэж уншив. Тэгээд зарц нараа дуудаж, царсыг хөрөөдөн унагаж, түлээ болгон хагалаад шатаахыг тушаав. Тэд хэлсэн ёсоор нь гүйцэтгэсэн ч Тарас мэргэнийг олсонгүй. Тэгээд буцан ирж хаандаа бараалхан,
- Тэнд Тарас мэргэн алга гэв.
– Яагаад алга гэж? Тийм юм байж таарахгүй хэмээн уурлаж тэднийг аашилсан боловч тусыг эс олов.
– Байхгүй л байсан даа гэж зарц нар нь хэлдгээ хэлэн өршөөл гуйх нь тэр. Хаан гадагш гарч,
- Тарас мэргэн минь, гараад ир! Хэмээн дуудлаа.
– Бүх жанжнаа дуудаж цуглуул. Тэгвэл гарна гэж Тарас мэргэн хэлэв. Түүний дууг хаан сонссон ч хаанаас гараад байгааг нь мэдсэнгүй. Ийш тийш хичнээн харавч түүний ул мөр алга. Хаан бүх жанжнаа цуглуулан дуудаад:
- Тарас мэргэн минь, гараад ир! Гэлээ.
– Үгүй ээ, эхлээд та жанжнуудынхаа өмнө хаант улсынхаа хагасыг надад өгнө гэсэн бичиг үйлд. Тэгвэл би гарч ирнэ. Та хуурч магадгүй гэх Тарас мэргэний дуу дуулдав. Хаан улсынхаа хагасыг өгмөөргүй байсан ч яах ч аргагүй болжээ. Тэгээд жанжнуудаа байлцуулан бичиг үйлдээд өөрийнхөө тамгыг дартал, өврөөс нь хөнгөн өд хийсэн гарч унаад урьдын адил сайхан залуу болон хувираад,
– Би энд байна! гэж хэлэв. Тэгээд хааны зарлигийг шүүрэн авч халаасандаа хийгээд явж одлоо. Үүнээс хойш шидэт номтой хаан нуугдаж тоглохоо больсон гэдэг юм.