Хэрээ

Жигүүртний хаан Гарди шувуу бүх шувуудыг хаанд алба татвар төлж бай гэж зарлиг гаргажээ. Тэгтэл зарим нэг нь зарлигийг биелүүлэхгүй, алба татвар төлөхгүй байв. Тэдний дунд хэрээ байжээ. Жигүүртний хаан хилэгнэж алба татвар төлөхгүй байгаа тэр дуулгаваргүй амьтдыг даруй авч ир гэж зарлиг болов. Ингээд хамгийн түрүүнд хэрээг авч ирсэнд Гарди,
- Би чиний тухай дуулсан. Чи бол ёстой яахаас ч буцахгүй бузар булай зальхай амьтан гэж загнахад хэрээ, ...
- Яагаад, яагаад гэж далдаганаж байснаа, ер нь тэгж яривал би байгаагүй бол бүх шувууд таг сохор болох байсан. Сохор амьтдаас та ямар юмныхаа татвар түрээс авах билээ гэж хэлээд шувуудын сүргээс салан оджээ. Хэрээ уг нь шувуудын нүдийг эмнэдэг эмч шувуу байсан болохоор одоо болтол хамгийн урт насалж, хамгийн холыг харж байдаг гэнэ. Хэрээний нүдний нулимс сохорсон юм уу нүд муутай хүнд тустай гэж хуучин цагт үздэг байсан нь ийм учиртай ажээ.

Шошго: |

0 Сэтгэгдэл: