Хөхөө Намжилын домог

Эрт урьд цагт монголын зүүн хязгаарт Хөхөө Намжил гэж нэгэн сайхан эр байжээ. Тэр үнэхээр хосгүй сайхан дуулдаг тул хошуу нутагтаа ихэд алдаршсан байв. Гэтэл Хөхөө Намжил цэргийн албанд явж Монголын баруун хязгаарт очжээ.
Түүний сайхан дуулдгийг дарга нь даруй мэдээд Хөхөө Намжилаар ажил сургууль хийлгэхийн оронд харин цэргийн алба хаах хугацаанд нь бараг гурван жил шахам зөвхөн дуу дуулуулсаар байжээ.
Тэгэхлээр нь тэр:
-Би энэ завсар нэг ч удаа морь мал унаж, гадуур дотуур гарч байсан удаагүй билээ. Ингэж байх нь хэдийгээр жаргалтай мэт боловч надад бас л хэцүү байх юм. Иймд хэдэн хоног ч гэсэн адуун дээр гаргаж өгнө үү? гэж харьяалсан дарга нартаа уламжлан хүсжээ.
-Чиний халгадах хугацаа нэгэнт шахсан учир бид чамаар дуу л дуулуулж байвал сайн юмсан. Хэдий тийм боловч энэ удаа аргагүй чиний хүсэлтийн ёсоор тав хоног агтан дээр гаргая! гэж зөвшөөрчээ.
Тэгээд Хөхөө Намжил адуугаа тууж нэгэн нуурын захад очоод услах зуураа түүний хөвөөн дээр дуулж байтал нууран дотроос сайхан хар морь унасан, ногоон торгон дээлтэй хүүхэн гарч ирээд:
-Манай аав ээж хоёр таныг дагуулаад ирээч гэж намайг явуулав гэхэд,
-Би танайд хэрхэн яаж очих билээ? гэж Хөхөө Намжилын асуухад хүүхэн хариуд нь,
-Та миний араар сундлаад нүдээ ань! гэсэн ёсоор нь нүдээ анивал хэдийн хүүхний гэрт ирсэн байв.
Тэднийх үзэсгэлэнт ганц охинтой маш баян айл байж гэнэ. Хүүхний эцэг, эх хоёр Хөхөө Намжилыг хүндэтгэн зочилж дуу дуулж өгөхийг хүссэнд,
-Би таван хоногийн хугацаагаар явж байгаа агтны хүн болох тул танайд тавтай удаан сууж олон дуу дуулах боломжгүй гэхэд нь гэрийн эзэн:
-Түүнд санаа зовох явдалгүй, харин адуунд чинь тусгай хүн гаргаж маллуулна. Энэ хугацаанд манайд тавтай тохилог амарч бидэнд олон сайхан дуу дуулж аль гэжээ.
Ингээд Хөхөө Намжил тэр айлд байх хугацаандаа нөгөө үзэсгэлэнт хүүхэнтэй сэтгэлтэй болж, түүнтэй гэр бүл болохоор ярилцаж тохирчээ.
-Би таван хоногийн хугацаатай яваа боловч, нэгэн сарын дараа цэргийн хугацаа дуусаж халагдах тул чамтай эргэж уулзана гэж Хөхөө Намжил хэлж гэнэ.
-Чамайг ирэхэд би хар мориороо очиж угтана гэж хүүхэн хариу хэлжээ.
Ингээд Хөхөө Намжил адуугаа тууж ирэхэд нь,
-Сайн хүний малласан адуу хүртэл ийм сайхан болох юм. Зарим хүн сар жилээр малласан ч тийм сайхан болгодоггүй шүү дээ гэх зэргээр магтан ярьж,-Ер нь чамайг цэргийн албанаас халахгүй!- гэхэд нь:
Нэгэнт хугацаа дууссан тул аргагүй чөлөөлж аль гэж Хөхөө Намжил учирлан гуйв гэнэ.
Тэгээд цэргийн албанаас халагдаж урьд ярилцсан ёсоор нөгөө нуурынхаа хөвөөнд очиж дуулан суутал хүүхэн хар морьтойгоо ирж хамт гэрт нь очихоор явжээ.
Хөхөө Намжил ийнхүү сайх сайхан амьдарч байсан боловч орон нутгийн зүг аргагүй явах болсон учир нөгөө хүүхэн нь Хөхөө Намжилд ийн хэлж гэнээ:
-Чамд өдөртөө харьж ажлаа хийгээд орой энд эргэж ирж байх ийм сайн морь өгнө. Харин түүнээс өөр морь хэрхэвч унаж болохгүй. Тэгэхдээ эндээс явж очихын өмнө заавал саахалтын хиртэй газар түр зогсож, мориныхоо амьсгааг дарж байгаад очиж байгаарай! гэж захиад сайхан хул морь өгч гэнээ.
Хөхөө Намжил тэр мориороо явж нутагтаа ирэхэд нь хүмүүс ихэд сонирхсон боловч түүнээс өөр морь ер унахгүйд нь бас гайхдаг байжээ. Тэрчлэн Хөхөө Намжил шөнө болгон адуугаа манаж, гэртээ нэг ч удаа хонохгүй болохоор эхнэр нь ч мөн гайхдаг байсан гэнэ. Гэтэл Хөхөө Намжил адуугаа уулын аманд залчихаад, нөгөө хул мориороо Монголын баруун хязгаарт нисэн очиж, ногоон торгон дээлтэй эхнэрийнхээ гэрт хоночихоод өглөө болохын хирд яг хэлсэн ёсоор нь морьнийхоо амьсгааг түр дарчихаад адуугаа туугаад очдог байжээ.
Ингэсээр гурван жил болсон боловч түүний учрыг хуучин эхнэр нь ер мэддэгүй байжээ.
Гэтэл Хөхөө Намжил нэгэн өглөө жаахан оройтсон тул мориныхоо амьсгааг дарахаа мартаж, адуугаа шууд туугаад ирэхэд нь нөгөө хардаж байсан эхнэр нь гэрээс гэнэт гарч ирээд жигүүрээ хумиж амжаагүй байсан хул морийг харангуутаа даруй эргэн орж, хайч авчраад тэр морины гуурсыг хайчлахтай зэрэг сайхан хул морь үхчихэж гэнэ.
Хөхөө Намжил мориныхоо хойноос арга буюу гашуудан харамсаж гурван сар шахам нойр хоолгүй хэвтсэний эцэст нь мориныхоо толгойг дуурайлган сийлж, морин толгойтой хуур хийгээд, түүндээ хул мориныхоо явдлыг хуурдан даржээ. Ингээд морин толгойтой хуур зохиогдсон гэдэг домогтой ажээ.

Шошго: |

2 Сэтгэгдэл:

  1. Tuvshintugs Badral Says:

    Маш их баярлалаа. хэрэгтэй үлгэрүүдээ бүдгийг нь нэг дороос оллоо баярлалаа

  2. B.Uyanga Says:

    Bayarlalaa uneheer unshuushtai saihan blog uma. ulgeruud unshaad ih sonirholtoi bn,