Ах дүү гурав

Эрт урьд цагт ах дүү гурван өнчин хүүхэд байжээ. Айл хэсэж юм гуйж аж төрөн амьдардаг байжээ. Нэг өдөр айлаас юм гуйсан чинь хонины хүзүү өгч гэнэ. Бас нэг айлаас юм гуйсан, аяга будаа өгчээ. Ах дүү гурав хээр тал газар руу зургаан хүзүү, аяга будаагаа аваад явжээ. Тэгээд хүзүү будаа хоёроороо хоол хийхээр шийдэж, нэг айлын нутаг дээрээс тогооны тал ширэм олоод нэг өндөр уулын энгэр өөд явж очив.
Тэгээд 2 ах нь “Хүний бага хөдлөдөг, шувууны бага жиргэдэг юм. Хоёр ах нь сууж байя. Миний дүү аргал хоргол түүгээд ир” гэж дүүгээ явуулжээ.
Явчихсан хойгуур нь хүзүүгээ чанаад нэгийг нь дүүдээ тавиад тавыг нь хоёулаа хуваагаад идчихэж. Дүү нь аргал түүгээд ирэв. Ах нь хэлсэн нь: “Таван хүзүүтэй хонь юмаа. Хоёр ах нь ахаараа хоёр хоёр хүзүүгий нь идлээ. Дүүдээ нэг хүзүүгий нь тавилаа” гэжээ.
Шөлөнд нь будаагаа хийгээд буцалгаж байсан чинь өнөөх хагархай ширэм нь хагараад асгачихаж гэнэ. Тэгэхэд дүү нь хэлэв: “Одоо гурвуулаа гурван тийшээ явъя. Ах дүү гурвуулаа сан. Аман хүзүү зургуулаа сан. Амны хишиг дутахад бас нэг нь алга байдаг байжээ. Шөлөнд нь аяга будаа хийгээд уух гэсэн чинь тогоо хагараад үнсэн буун дайн болж бас байдаггүй ажээ. Ингэхлээр гурвуулаа харангатаж үхэх нь ээ. Гурван тийшээ явъя. Барьж байгаа гурван модоо энд хатгаад гурван тийшээ явъя. Гурван жил болоод энэ модоо эргэж үзье. Их сайн сайхан өнгөтэй байвал амьд байна гэж бодъё. Ойчиж гэмтсэн байвал үхэж гэж бодъё” гэжээ.
Тэгээд гурвуулаа гурван тийшээ явжээ. Тэгж явсаар байгаа хамгийн бага дүү нь нэг газар очоод хаан болоод суужээ. Дундах нь айлд зарагдан зарцлагдан өөрийн гэсэн гэргүй дөнгөн данган шар наран бор хоногийг өнгөрүүлэн явж байжээ. Их ах нь энд тэнд явж байгаад турж үхсэн байжээ.
Нэг өдөр дундах ах нь “ Нөгөө гурван модоо үзье” гэж бодоод явжээ. Явсаар байгаад өнөө гурван модон дээрээ очиж гэнэ. Тэгсэн чинь хамгийн бага дүүгийнх нь мод их сайхан ургасан байна гэнэ. Их ахы нь мод хугарч унаад хувхайрсан байна гэнэ. Өөрий нь мод муухай, өнгөгүй байж гэнэ. Тэгээд буцаж явжээ. “Ер нь их ах минь үхжээ. Дүү минь амьд байгаа юм байна. Дүүгээ сураглаж олж уулзъя” гэж бодоод явжээ.

Баруун урд хязгаарт очоод сураглаж гэнэ. Тэгсэн нэг хүн “Манай хаан гурван өнчин хүүхдийн нэг юм гэнэ билээ. Амьдарч чадахаа байгаад гурван тийшээ гарсан гэж ярьдаг юм гэнэ билээ” гэж ярьж гэнэ. Ах нь “Тэр мөн байж магад” гэж бодоод тэр хаантай уулзах гэж явж гэнэ. Уулзах гээд очсон чинь үүднийх нь харуул оруулахгүй байжээ. Тэгээд гурав дөрөв хоножээ. Тэгэхлээр тэр хааны няравт нэг өдөр “Урьдын бэрх цагт, өндөр уулын өвөрт ах дүү гурвуулаа байхад аман хүзүү тав байж билээ. Будаан цэрэг бужигнаж үнсэн буун дайн болж байхад гурван тийш гарч билээ” гэж хаандаа хэлж өгөөч гэж гуйжээ. Нярав хаанд нэг хүн тэгж хэлүүлж байна гэж хэлжээ. Хаан бодож байгаад “Тэр хүнийг оруулаад ир” гэжээ. Ингээд ах дүү хоёр уулзаад амар сайхнаар жаргаж гэнэ.

Шошго: |

3 Сэтгэгдэл:

  1. Gunzo Says:

    Үлгэрүүд оруулж буй андад талархсанаа илэрхийлье. Монгол үлгэрүүд гэдэг номны үлгэрүүд мөн үү?

  2. Боролдой Says:

    Mun l doo. Yur ni olon yanziin nomnoos avch baina. Odoohondoo ternees uur arga alga.
    Yadaj hol gazar suugaa mongolchuudad maani hereg bolog dee. Mongoloos ch gesen vlgeriin nom avahad bas l vnetei shvv dee.

  3. Gunzo Says:

    Монгол үлгэрүүдээ нэмээрэй анд аа. Маш гоё байна.