Чөтгөрөөс салсан нь
Огноо 2014-05-02 at 15:29 UnknownЭрт урьд цагт нэг бадарчин эзгүй говийг туулж явжээ. Орой болоход айл таарсангүй. "Хээр хонох болох нь" гэж бодож явтал нэлээд хол газар гэр шиг цагаан юм харагджээ. Бадарчин ихэд баярлаж айлд очиж хонохоор алхаагаа түргэтгэн явсаар очтол гэр биш өгөршсөн сүүжний яс байж гэнэ. Нэгэнт гэгээ тасарч байсан тул аргагүй тэндээ хонов. Шөнө нойрон дунд нь ганц нүдтэй чөтгөртэй зодолдоод болохоо байхаар нь бадарчин уурлаж "Энэ муу чөтгөр ямар хайшаа юм? хүнийг зүгээр байлгахгүй" гээд ... аманд нь атга хөмүүл чихсэн чинь,
- Яасан гашуун юм гэж хашгирч байна гэж шөнөжин зүүдлээд хоножээ. Маргааш өглөө нь бадарчин үүргээ үүрээд нэлээд хол яваад өчигдөр шөнийн чөтгөртэй ноцолдсон нь санаанд орж, дагаж яваагүй байгаа гэж бодоод,
- Одоо яаж байна? гэж асуусан чинь,
- Гашуун байна гэж чөтгөр хариулав. Энэ муу чөтгөр надаас салахгүй юм байна гэж бодоод амандаа ном уншиж баахан явж байгаад,
- Одоо яаж байна? гэж асуухад,
- Гашуун байна гэж. Бадарчин чөтгөрөөс хурдан салах гэж нэг живаа ном уншсан боловч чөтгөр туж дагаад салж өгсөнгүй. Мөн тэгж явсаар орой болоход нэг айлд хүрч ирэв. Бадарчин тэр айлд бууж, хоол унд идэж уугаад унтахаар хэвтэв. Тэгээд нөгөө чөтгөр одоо нэг салсан байлгүй гэж бодоод,
- Одоо яаж байна? гэж асуутал,
- Гашуун байна гэж орон дотор нь дуугарав. Бадарчин чөтгөрөөс яаж нэг салья даа гэж бодож байснаа гэнэт нэг арга олж,
- Чи унтаж бай. Би гарч шээчихээд ирье гэж хэлчихээд гарч явав. Бадарчин айлын гадна гараад, - Одоо яаж байна? гэж асуусанд юу ч дуугарсангүй. Бадарчин баярлаж тэр чигтээ цаашаа алхав. Өглөө нь айлын хүмүүс босч цай ундаа уугаад, бадарчинг босохгүй болохоор нь "Энэ бадарчны бие нь өвдсөн юм биш биз" гэж ярилцаад хөнжлийг нь сөхөөд хартал өгөршсөн сүүжний яс хэвтэж байжээ. Гэрийн эзэд цочин сандарч,
- Өчигдрийн ирсэн бадарчин чинь чөтгөр байсан байжээ гэж хэлэлцээд өгөршсөн сүүжний ясыг галд хийж түлсэн чинь,
- Гашуун байна. Гашуун байна гэж хашгирсаар түлэгдэж үнс болсон гэдэг. Үүнээс хойш монголчууд идсэн малынхаа сүүжний ясыг гэрт хонуулдаггүй нь ийм учиртай юм гэнэ.