Шар шувуу хэрээ хоёр
Огноо 2013-05-28 at 10:21 UnknownЭрт урьд цагт шувуудын хаан Хангарьд өв залгамжлах хүүгүй байж гэнэ. Тэгээд тэр Шар шувууг,
Нүдэндээ цогтой
Нүүрэндээ галтай хүү юм гэж өргөж авчээ. Гэвч Шар шувуу, Хангарьдын хүү болсноосоо хойш эцгийнхээ олсон долсныг идэж уучихаад юу ч хийлгүй налайж, тосон дотор умбаж, торгон дотор ...хөлбөрч байдаг болжээ. Тэгтэл өвөл болж цаг агаар ихэд хүйтрэхэд Хангарьд,
- Ямар ч их хүйтэрч байна даа. Би насандаа ч ингэж хүйтрэхийг үзээгүй юм гэж ярихад Шар шувуу юм их үзэж, нүд тайлсан амьтан болж магтуулах санаатай,
- Аа, аав минь, энэ юу ч биш. Намайг бага байхад хоёр хөлт Хойвондойн нулимахад шүлс нь газар хүрэлгүй хөлдөж байсан юм. Би бас гунан үхрийн эвэр хуга хөлдөж байхыг ч үзсэн. Тэгэхэд би гэдэг чинь өндөр модны орой дээр сууж, цасанд булагдалгүй, цантаж дааралгүй дажгүй л гарч байсан юм даа гэж урдах хойтохоо бодолгүй сайрхаж орхижээ. Тэгтэл Хангарьд уурлаж,
- Чи чинь тэгвэл надаас хөгшин байж таарах нээ. Даанч өсөж том болохгүй байсан юм. Өтөлсөн хар гайхал байж л дээ гээд гэрээсээ хөөчихөж гэнэ. Үүнээс хойш шар шувуу орох орохгүй, оочих аягагүй модны хонгил бараадан хоноглож явтал Хангарьд үхэж олон шувууд хэнийг хаан болгох вэ гэж ярилцжээ. Зарим шувуу,
- Хангарьдынхаас хөөгдсөн ч гэсэн өргөмөл хүүг нь хаан болгоё. Олны дунд сүртэй, шөнө нүд хурцтай болохоор бусдыг захирч лав чадна гэсэнд хэрээ,
- Та нар ямар дэмий юм ярина вэ? Шар шувууны хөл нь муухай майргар, өнгө зүс нь зэвүүн, шар халтар, урьд мах хулгай хийж идээд болохгүй байхаар нь хойт эх нь барьж аваад нүд рүү нь тостой шөл цацсанаас, муухай шар ногоон нүдтэй болсон юм. Бас дуу нь “ Хүүе, хүүе” гэж дуугардаг болохоор ертөнцийн хамаг амьтад муу ёрд боддог юм. Шувуу шиг толгойтой байтлаа үхэр шиг эвэртэй, ийм этгээд амьтнаар хаан болгоод дэмий гээд хаан ширээнд суулгасангүй гэнээ. Энэ үеэс эхлэн Шар шувуу, шөнөдөө Хэрээний амар заяаг, өдөртөө Хэрээ, Шар шувууны амар заяаг үзүүлэхээ больсон юм гэдэг.