Өнчин цагаан ботго

Эрт урьд цагт нэг баян хүн тэнгэрийн эзэн хаанд гурван жилд нэгэн удаа зуун цагаан тэмээгээр бэлэг барьдаг байжээ. Нэгэн удаа зуун цагаан тэмээгээр бэлэг барих гэтэл нэг цагаан тэмээ дутаж гэнэ. Тэгэхээр нь зарц хүүхнийхээ яриг цагаан ингийг сариг цагаан ботгоноос нь салгаж өгөөд явуулж гэнэ. Ингээд яриг цагаан ингэ ерэн есөн цагаан тэмээний сүүлд орж, алс холын замд явахдаа өөдөө ч явсан бөн бөн гүйж, уруугаа ч явсан бөн бөн гүйж, сариг цагаан ботгоо бодож, бөөн бөөн нулимс унагасаар буйлан хайлан явж гэнэ.

Гэвч алс холын аянд яваа аянчин, жинчин хүмүүсийн аль нь ч гэсэн хөөрхий тэр ингэний зовлонг анхаарч эс үзэж гэнэ. Энэ завсар эхээс өнчрөн салсан сариг цагаан ботго уяаныхаа гадсыг тойрон өлбөрөн хайлан буйлсаар байхад нь өнөө баян хүн ч өнчин муу ботгыг өрөвдөн хайрлах байтугай харин:
-Энэ муу ботгыг тавьж хэрхэвч болохгүй. Хэрэв үүнийг тавих юм бол хий дэмий гүйгээд хээрийн нохойн хоол болж, жалга судаг бузарлах заяагүй муу амьтан гэж өрөвдөх, хайрлах эзэнгүй өнчин муу ботгыг өгүүлж ийн хэлэв гэнэ.
Үүнийг баяны тэмээчин сонсоод, уяа ногтоо тасалж магадгүй гээд сариг цагаан ботгыг төмөр гинжээр гинжлээд, төмөр тушаагаар тушиж гэнэ. Түүнээс хойш эзэн нь нэгэн өглөө босож ирээд,
-Энэ муу ботго өглөө үдэшгүй орилоод ер унтуулахгүй юм. Үүнийг чоно идвэл ч идэг. Холын хол аваачиж хурдан түргэн зайлуул! –гэж зарц хүүхэндээ зандран тушаан хэлж гэнэ.
Хүүхэн уяа хүлээтэй нялх амьтан өвс ногоо идэг гээд сариг цагаан ботгыг суллавал яриг цагаан ингэний явсан зүгт алсын замыг чиглэн бөн бөн гүйж, бөөн бөөн нулимс асгаруулсаар буйлан хайлан явахад нь тэмээчин өвгөн дайралдаж,
-Тэр муу ботгыг тэгж дураар нь хэн тавь гэсэн юм бэ?- гэж зарц ядуу хүүхнийг загнан зүхэн харааж, төмөр шилбүүр барин давхиж, сариг цагаан ботгоны хоёр муу хонгыг хорсож тасартал ороолгон хөөж, гаднаа ирээд төмөр тушаагаар тушиж,
-Энэ муу ботгыг хэрэв дахин тавих юм бол та хоёрт адилхан төмөр шилбүүрийн амт үзүүлнэ,-гэж зарз хүүхнийг загнажээ.
Үүнээс хойш өчүүхэн муу ботго гадсаа тойрон ганганаж, бөөн бөөн нулимс бөмбөрүүлсээр борви шилбэ нь халж, булбарай бие нь зовж гэнэ. Тэгэхээр нь өнөө зарц хүүхэн өглөө эртлэн босож, сариг цагаан ботгонд өдөрт нэг шанага сүү өгдөг байжээ. Тэр хүүхнийг харах бүрдээ яриг цагаан ээжийгээ харсан мэт сариг цагаан ботго санадаг байжээ. Гэтэл тэмээчин өвгөнийг нэгэн удаа эрэлд явахаар нь зарц хүүхэн сариг цагаан ботгыг суллан тавивал эхийнхээ явсан зүгт өөдөө ч явсан бөн бөн гүйж, уруугаа ч явсан бөн бөн гүйж, бөөн бөөн нулимс унаган, хайлан буйлан явсаар аян замын уртад аргагүй л ул тавхай нь шалбарч, үнэхээр явахад бэрх болжээ.
Тэмээчин өвгөн ирээд,
-Сариг цагаан ботго яасан бэ? –гэж зарц хүүхнээс асуухад,
-Мэдэхгүй,-гэжээ. Тэгэхээр нь эзэн ноёндоо ирээд энэ тухай хэлэхэд нь,
-Өдөр шөнөгүй орилсон өөдгүй муу ботго араатан чононд өртөгдөж ашгүй нэг тонилсон бол айдаа тун сайн байна,- гэж пар пар инээд алдан, баруун өвдгөө базлан суув гэнэ.
Гэтэл хэд хоногийн дараа тэмээчин өвгөн,
-Сариг цагаан ботгыг энэ муу зарц хүүхэн зориуд тавьж явуулсан байна,- гэж эзэн баяндаа дахин ховловол зарц хүүхнийг хөөн явуулжээ.
Сариг цагаан ботго цааш эхийн зүг явахаар оролдсон боловч үнэхээр туйлдсан тул арга буюу нэгэн бутны ёроолд нөмөртөн хэвтээд унтаж гэнэ. Гэтэл өглөө босоход нь өчүүхэн ботгоны хоёр талд өлөн хоёр чоно идэхээр хэвтэж байв гэнэ.
Нэг чоно нь:
-Чамайг иднэ,- гэхэд,
-Би яриг цагаан ингэний сариг цагаан ботго гэгч байна. Манай баян эзэн тэнгэрийн хаанд зуун цагаан тэмээгээр бэлэг өгөх гэхэд нь нэгэн цагаан тэмээ дутсан тул миний ээжийг өгсөн юм. Тэгээд би ачит эхтэйгээ уулзаж, ангир шар уургы нь хөхөөр зорьж яваа боловч аргагүй ядарч зүдрээд, бутны нөмөрт хэвтэж байгаа нь энэ, - гэж үнэн учраа хэлж, өршөөл уучлалт гуйсан нөгөө талд байсан өлгөчин чоно:
-Энэ муу дэлүүн чинээ ботгыг идлээ гээд ямар чи бид хоёр цадах юм биш. Ер нь чи бидний муу сайн үрс ч гэсэн аль газар, ямар янзтай яваа билээ. Үүгээр яахав,-гэжээ.
Ингээд сариг цагаан ботго өөдөө ч явсан бөн бөн гүйж, уруугаа ч явсан бөн бөн гүйж, бөөн бөөн нулимс унагасаар цаашаа явж байтал урьд нь буцалсан улаан далай дайралдаж, замы нь хаажээ. Өгсөж гурав хоног, уруудаж гурав хоног яваад гарч чадсангүй хэвтэж байхад нь нэг мэлхий дайралдсан тул түүнд үнэн учраа хэлбэл, тэр далайн усыг хага зүсэн зам гаргаж өгчээ. Тэгээд цаашаа мөн л явж байтал нэг их элгэн улаан хад замы нь хаагаад гарч болсонгүй гэнэ. Тэгэхээр нь бас л дээшээ гурав хоног, доошоо гурав хоног яваад эс гарч чадсан тул нэг могой дайралдахад нь үнэн учраа хэлбэл, элгэн улаан хадыг гаргаж өгч гэнэ. Тэгээд цаашаа сариг цагаан ботго нилээд явсан боловч дөрвөн тавхай нь хагарч, явах аргагүй болсон тул нэгэн хонхорт хэвтэв гэнэ.
Тэнгэрийн ноёны тэмээчинг тэмээгээ хариулж явахад нь нэгэн муу цагаан ингэ үргэлж буцаж зугтаагаад байхаар нь барьж аваад төмөр тушаагаар тушиж гэнэ. Гэтэл тушаатайгаа гүйгээд байхаар нь бас төмөр аргамжаар аргамжжээ. Яриг цагаан ингэ аргагүйн эрхэнд аргамжаандаа гиюүрэн шаналж байтал нэгэн өдөр сариг цагаан ботгоны дуу нь сонсогдох шиг болж гэнэ. Тэгээд уяагаа тойрч бөөн бөөн нулимс унаган буйлан хайлж байтал тэнгэрийн ноёны зарц эмгэн, “Энэ муу ингэний дэлэнг жаахан дундруулъя” гэж очоод түүний уяаг тавьжээ. Гэтэл яриг цагаан ингэ сариг цагаан ботгоныхоо дуу гарсан зүгт хоёр хоног буйлан хайлан явахад яриг цагаан ботго эхийнхээ дууг сонсоод босох гэсэн боловч чадсангүй гэнэ. Яриг цагаан ингэ гурван өдөр явж сариг цагаан ботгоныхоо байсан хонхорт ирж, ангир шар уургаа хөхүүлж байтал тэнгэрийн ноёны тэмээчин өвгөн төмөр шилбүүрээ барьж ирээд тас няс гуядахад нь яриг цагаан ингэ боссонгүй гэнэ. Тэхээр нь түүнийг дор нь алж, толгой дэлэн хоёроос бусдыг нь аваад явж гэнэ. Сариг цагаан ботго эхийнхээ дэлэнг хөхөж, толгойгий нь дэрэлсээр хэвтэж байжээ.
Гэтэл хоёр тас нисэж ирээд нэг нь:
-Юун сайхан зөөлөн хоол вэ? Чи яагаад энэ эзэнгүй газар байдаг билээ? – гэж асуухад нь,
Манай эзэн тэнгэрийн ноёнд зуун цагаан тэмээгээр бэлэг барих гээд нэг цагаан тэмээ дутсан тул миний ээжий яриг цагаан ингийг өгсөн юм. Тэгээд ээжтэйгээ дөнгөж уулзаад ангир шар уургий нь хөхөж байтал тэнгэрийн ноёны тэмээчин ирж ээжийгий минь алж аваад явчихлаа,-гэжээ.
Тэгэхэд нь эм тас нь:
-Энэ муу малгайн чинээ ботгыг идээд чи бид хоёр ямар цадах юм биш. Бидний муу сайн үрс ч хаана ямар янзтай яваа билээ. Харин энэ ботгыг уг нутагт нь хүргэж өгье,- гэжээ. Ингээд нэг нь ботгыг, нөгөө нь яриг цагаан ингэний толгой дэлэн хоёрыг аваад үүлэн дээгүүр нисэж, уг нутагт нь авчирч өгчээ.
Хааны зарц ядуу хүүхэн тарвага зурманд явах гээд өглөө эрт гартал хойт толгой дээр байгаа торгор бараан юман дээгүүр хоёр тас нисээд явахыг харжээ. Тэгээд очиход нь сариг цагаан ботго нь байв гэнэ. Түүнийг өрөвдөхийн ихээр өрөвдөж, муу овоохойдоо аваачиж хар цай цутгаж, өвсний сайныг өгвөл дороо тэнхэрч, төдөлгүй торниж гэнэ. Нэг жил өнгөрсний дараа нөгөө зарц хүүхэн чинь сариг цагаан ботготойгоо байна гэж баян эзэн нь сонссон боловч, энэ жилдээ яахав, харин ирэх жил л очиж авъя гэжээ. Дараа жил нь сариг цагаан ботго үнэхээр том цагаан буур болж, урдуураа улаан хөлтэй юм гаргахгүй аюултай амьтан болж гэнэ.
Баян эзэн нь “Тэр буурыг бариад ир!гэж зарцаа явуулахад нь:
-Барьж идчих гээд арайхийж амь зугадан ирэв,- гэжээ. Гэтэл “Тэмээ тууж очоод, түүнийг хамт туугаад ир!” гэж дахин хэлэхэд эзний нь барьж идчих гээд, тууж очсон тэмээгий нь хураагаад авчээ. Тэгэхээр нь нөгөө баян тэмээнийхээ хойноос ирж,
-Тэр тэмээ нааш нь гаргаад аль!-гэж зарц байсан хүүхэнд хэлж гэнэ. Тэр хүүхэн тосон очиж,
-Та миний зарагдсан бүх жилийн минь хөлсийг хайрла,-гэхэд:
-Чи яасан задарсан амьтан бэ? Олон юм ярилгүй тэр тэмээ нааш нь туу! –гэж гэнэ.
-Эзэн минь! Таны тэмээг тууж ирээгүй шүү дээ. Харин та ажлынхаа хөлсөнд өгсөн ганц яриг цагаан ингийг сариг цагаан ботгоноос нь салгаж тэнгэрийн ноёнд өгсөн биш үү?- гээд овоохойдоо ирж гэнэ.
Гэтэл цагаан буур нөгөө баяныг барихаар дайран очиход сандран зугадаж гэнэ. Ингээд зарц хүүхний өнчин цагаан ботго өчүүхэн үлгэр болсон нь энэ ажээ.

Шошго: |

0 Сэтгэгдэл: