Өвгөн бар хоёр

Эрт урьд цагт эмгэн, өвгөн хоёр байж гэнэ. Өвган нэг өдөр гөрөөлж явтал бар хүрч ирээд:
- Чамайг иднэ гэв. Өвгөн:
- Эхлээд хоёул эр чадлаа үзье. Тэгээд дийлсэн нь дийлдсэнээ идье. Маргааш эндээ уулзаж чулуунаас шүүс гартал атгая гэв. Бар ч “За тэгье” гээд явжээ. Өвгөн гэртээ ирж эмгэндээ бар тэгж тэгж хэллээ. Би тэгж хэллээ гэж. Эмгэн нь:
- За тэгвэл одоо очоод хайран дотор өндөг хийгээд далдал. Маргааш очоод тэднийг хага атга гэв.

Маргааш нь өвгөн бар хоёр болзоот газар уулзаад өвгөн нуусан өндөгнүүдээ гаргаж ирэн шүүсийг нь гоожтол атгаж. Бар чулууг үйртэл атгасан боловч шүүс гарсангүй. Ингээд бар өвгөнтэй ахиж хүчээ үзэхээр болж:

- Өвгөн, өвгөн! Маргааш өглөө ургахын улаан нарнаар уулын модыг хуга цохъё гэж хэлжээ. Өвгөн гэртээ ирээд болсон явдлыг эмгэндээ хэлтэл эмгэн нь:
- Орой очоод хэдэн мод хөрөөдчих. Маргааш өглөө хөрөөдсөн модоо түлхээд түлхээд унагачих гэж зааж өгчээ. Тэгээд маргааш өглөө нь өвгөн бар хоёр ахин хүчээ үзэж, уулын модыг унагааж гарчээ. Өвгөний түлхсэн мод тэв тэгшхэн, барын алгадсан мод салбархай, далбархай байсан учир бар өвгөнийг үнэхээр илүү их хүчтэй юм байна гэж боджээ.

Бар өвгөнийг идэхээс айж “Манайд айлчил” гэж гэртээ урьж гэнэ. Өвгөн их айж, аргагүй барынд очихоор явлаа. Бар өвгөнийг аваачиж хоол цай хийж өгчээ. Орой унтах болж өвгөн айж айж хэвтлээ. Тэгтэл бар сэлэм билүүдээд л байлаа. Тэгж байгаад бар гадаа гарч. Өвгөн тэгэх хооронд барын гэрт байсан уурыг авч толгойдоо углаад хэвтэв. Бар гаднаас орж ирээд өвгөний толгойг цавчлаа. Эхлээд нэг цавчаад дахин нэг цавчтал сэлэм нь хугарчээ. Тэгэхээр нь бар үхтлээ айж, сэмхэн орон тийшээ очиж унтав. Барын унтсан хойно өвгөн босоод нөгөө уураа байсан байранд нь тавилаа. Өвгөн өглөө босоод хэлсэн нь:

- Миний толгой дээр нэг юм тас хийсэн. Яасан юм бол доо? гэж толгойгоо маажив. Бар хэлсэн нь:
- Би өчигдөр чамайг идэх гэсэн чинь чадсангүй. Чи ер нь чадалтай хүн юмаа гэжээ.

Тэгээд цайгаа чанах гэж өвгөнийг усанд явуулав. Өвгөн барын гэрийн гадаа байсан ус авдаг хувинг арай чамай гэж дааж худгийн дэргэд аваачив. Өвгөн бодсон нь: “Усгүй хувинг арай чамай гэж авчирч байгаа юм чинь устай хувинг бүр ч даахгүй. Ямар арга хэрэглэх вэ?” гэж бодлоо. Гэтэл нэг арга олж худгийг нь тойруулаад ухаж эхлэв. Гэтэл бар үүнийг харж:

- Та чинь яаж байгаа нь энэ вэ?- гэж асуулаа. Өвгөн:
- Яах вэ?! Нэгмөсөн ухаад аваачъя! гэжээ. Үүнд бар сандарч:
- Үүнийг чинь ухчихвал би чинь хатаж үхнэ гээд л устай хувингаа аваад явжээ. Өвгөн явах болоход бар айлчиндаа бэлэг өгөхөөр болжээ. Бар их том алт тэврээд авчирч өвгөний өмнө тавилаа. Өвгөн энэ их алтыг даах аргагүй байлаа. Өвгөн хэлсэн нь:

- Айлчиндаа хүргэж өг! Бар өвгөнийг хүргэж өглөө. Бар өвгөнийд айлчлан очжээ. Эмгэн баранд цай чанаж өгч хоол хийх юм болжээ. Эмгэн өвгөнөөс:

- Айлчиндаа ямар хоол хийх вэ? гэж асуужээ. Өвгөн:
- Түрүүчийн барын төвөнхийг хожмын барын хошноготой чанаж өг! гэжээ. Бар ч үүнийг сонсоод ухаангүй зугтаажээ. “Эд чинь намайг алж идэх нь байна” гэж бодон бар улам хурдлав. Тэгтэл урдаас нь нэг чоно шогшиж явлаа. Чоно асуусан нь:
- Бар чин юундаа ингэж их сандарч явна? гэв. Бар:
- Аа, энд айхавтар эмгэн өвгөн хоёр байна. Намайг алж идэх шахлаа. Тэгээд би ингэж зугтаж явна гэжээ. Чоно:
- Би өдөр болгон тэр хоёрын малнаас очиж иддэг. Айх юмгүй! Хоёулаа явъя! гэв. Бар:

- Ай горьгүй, би очихгүй, айж байна, гэвэл чоно:
- Чи айгаад байвал надтай толгойгоо холбоод оч л доо гэв. Бар зөвшөөрөв. Ингээд явж байтал өвгөн тэднийг хараад хэлсэн нь:
-Чоно чи нэг барын өртэй байсан. Тэрнийгээ авчрав уу? гэжээ. Тэгэхтэй зэрэг бар чоныг чирээд зуларчээ. Нэг эргээд харсан чинь чоно боож үхээд шүд нь ярзайж явжээ. Бар:
- Чамд инээд, надад ханиад- гээд хурдалжээ. Бас зугтаж яваад нэг эргэж харсан чинь чонын арьс зулгарч шувтарч явжээ. Бар:
- Ядарч явахад юун бэлхэнцлэхтэй сэлтэй юм гээд чирч давхисаар чоныг алчихжээ.
Ингээд эмгэн өвгөн хоёр дайснаа дараад айх юмгүй амар сайхан жаргаж гэнэ ээ.

Шошго: |

0 Сэтгэгдэл: