Эрхийн чинээ хүү

Эрт урьдын цагт элбэг хангалуун амьдралтай, элгэмсэг сайхан сэтгэлтэй тариачин эр, эм хоёр байж гэнэ. Нэгэн үдэш тариачин эр галаа засан хөгжөөж ганц нэг мод хийнгээ:
- Айл хөршүүдэд маань хүүхдийн дуу цангинаж байхад бидэнд л үр хүүхэд заяахгүй юм даа гэж хэлж гэнэ.
Эхнэр нь түүний хэлэхийг сонсоод:
- Тийм ээ. Хувь заяа бидэнд хуруухан чинээ ч гэсэн үр хүүхэд заяавал юутай их аз жаргал вэ? Түүндээ бид хичнээн их хайртай байх бол! гэжээ.

Гэтэл удалгүй эхнэр нь жирэмсэлж долоон сарын дараа хүү төрүүлж гэнэ. Хүү нь эрүүл саруул, эгдүүтэй хөөрхөн атлаа хуруун чинээхэн биетэй юмсанжээ.
Ээж, аав хоёр нь “Үнэхээр л бидний хүссэнээр заяажээ. Үр хүүхэдтэй болж түүнийгээ хайрлаж энхрийлэх ямар сайхан юм бэ? хэмээн баяр хөөр болж хүүдээ Эрхийхэн гэдэг нэр өгч гэнэ.
Сар жил өнгөрөвч Эрхийхэн хүү өсөж том болсонгүй. Сая төрсөн юм шиг л бяцхан хэвээр байх юм гэнэ. Харин тэр нүүрэндээ гэрэлтэй, нүдэндээ галтай, ухаалаг, сэргэлэн хүү байжээ.
Нэгэн удаа тариачин эр түлээ бэлтгэхээр явахдаа:
- Араас минь морин тэрэг аваад ирэх хүн байдаг ч болоосой хэмээн амандаа үглэжээ.
Тэгтэл Эрхийхэн хүү:
- Аав аа, би байна шүү дээ. Хүүдээ та итгэ. Хүргээд өгч чаднаа гэж шулганаж гэнэ. Аав нь хүүгээ алган дээрээ өргөж инээгээд:
- Миний хүү яаж чадах вэ дээ. Морь тэрэг хөтлөхөд арай л жижигдэнэ гэжээ.
- Зүгээр ээ ааваа. Ээж морь хөллөөд өгвөл би морины чихэн дотор орж суугаад хаашаа явахыг нь хашгирч заагаад байна шүү дээ гэж хүү хэлжээ. Аав нь:
- Тийм бол яахав. Үзээд алдъя гэж гэнэ. Ингээд ээж нь морь хөллөж, Эрхийхэн хүү чихэн дотор нь суугаад замдаа гарчээ. Хүү “Зүүн тийшээ. Одоо баруун тийшээ! Чү- Чү!” гэж хашгирсаар л явж гэнээ.
Ийнхүү хэзээ хэзээний хөтөч шиг морио залж явсаар ой руу оржээ. Нэгэн замын эргэлтэн дээр Эрхийхэн хүү “Баруун тийшээ, Баруун тийшээ” гэж хашгирч байтал үл таних хоёр хүн өөдөөс нь ирж гэнэ. Тэгээд:
- Хараач хөөе! Хачин юм даа. Хөтөчгүй морин тэрэг явж байна шүү дээ. Тэгсэн мөртлөө хэн нэг нь тийшээ яв, ийшээ яв гэж хашгираад л, залаад л байх юм гэж нэг нь хэлэхэд нөгөө нь:
- Харин тиймээ, энэ ч хачирхмаар явдал мөн шүү. Хойноос нь дагая. Хаа хүрэхийг нь харъя гэж хэлж гэнэ. Морин тэрэг ч явсаар мод огтолж байгаа хүнийг чиглээд иржээ. Эрхийхэн хүү эцгийгээ олж хараад:
- Дрр....дрр гэж цовоо дуугаар хашгирсанаа”Ааваа би морин тэрэг аваад ирлээ. Одоо намайг буулгаад өгөөч” гэж гэнэ.
Аав нь зүүн гараараа морины жолооноос атгаж баруун гараараа хүүгээ морины чихнээс гаргаж аваад, газарт буулгажээ.
Эрхий чинээ хүүг харсан нөгөө хоёр хүн мэл гайхаж цэл хөхрөөд үг ч дуугарч чадсангүй гэнэ. Тэгснээ аав хүү хоёроос сэмхэн холдоод:
- Жинхэнэ ид шид гэдэг чинь энэ байна шүү дээ. Гайхалтай энэ бяцхан жаалыг хотын хүмүүст мөнгөөр үзүүлэх юм бол хоёулаа ч ёстой баяжна даа. Одоохон түүнийг худалдаад авчихъя гэж ярилцжээ. Тэгээд тариачин дээр очиж:
- Энэ жижигхэн амьтнаа худалдчих. Чамд бид хангалттай их мөнгө төлөх болно гэжээ. Тариачин эр:
-Үгүй ээ. Энэ миний хайртай хүү. Мах цусны минь тасархай. Ямар ч их алт мөнгөөр худалдахгүй шүү гэжээ. Эрхийхэн тэдний хэлэхийг сонсоод “Нэртэй хүний зүстэй хүүг нэг муу жижигхэн амьтан гэнээ. Хэн болохоо та нарт нэг харуулъя” гэж боджээ.
Тэгээд хүү аавынхаа дээлийн хуниасаар дамжин мөрөн дээр нь гараад, чихэнд нь:
- Ааваа намайг эдэнд зарчих. Айлтгүй ээ, би эргээд ирж чадна гэж гэнэ.
Тариачин эр төрөлхийн сэргэлэн хүүдээ итгээд тэр хоёрт нэлээд үнэтэй худалдчихжээ. Эрхийхэн хүү ингээд эцэгтэйгээ салах ёс хийгээд замд гарч гэнээ. Тэд хүүгээс:
- Бид чамайг хаанаа хийгээд авч явах вэ? гэхэд хүү:
- Бүрх малгайныхаа хүрээн дээр тавьчих. Алсын юм харагдаад аятайхан байдаг юм гэжээ.
Тэд ийнхүү явсаар байтал үдшийн бүрэнхий болж гэнээ. Энэ үед бяцхан хүү:
- Хөөе, намайг буулгаадах! Би бие засмаар байна гэжээ. Харин тэд:
- Наанаа болгочихоо. Хааяа шувуу хүртэл бидний дээрээс юм унагаж л байдаг юм гээд түүнийг огт тоосонгүй гэнэ. Эрхийхэн хүү:
- Хаана бие засахаа би өөрөө мэдэж байна. Хурдхан намайг буулгаадах. Үгүй гэвэл үсэрлээ шүү гээд улам чанга хашгирчээ. Ингээд хүүг буулгахаас өөр аргагүй болж гэнэ.
Хүү буунгуутаа л булт үсэрч зугтаад оготны нүхэнд орчихож гэнэ. Тэгээд оготнын нүхэн дотроос:
- Эрхэм ноёд оо! Баяртай. Эртхэн харьж унтацгаа гэж хашгираад тэднийг шоолон инээжээ.
Нөгөө хоёр нь нүхний аман дээр гүйн ирээд модоор хатгаж төнхсөн ч нэмэр болсонгүй. Эрхийхэн хүү нүхний бүр гүн рүү орчихсон байж гэнэ. Удалгүй харанхуй болж бяцхан хүүд хууртсан тэр хоёр сэтгэлээр унан гэр гэртээ харихаар явцгаажээ. Тэдний явсныг мэдээд Эрхийхэн хүү хулганын нүхнээс гараад ирж гэнэ. Яг энэ үед тэргэл сар мандаж байлаа. Эрхийхэн хүү “Тухтай унтаж хоночихмоор оромж байр олъё” гээд хайж явтал аз болоход замд нь дун хорхойн гэр тааралджээ. “Ашгүй дээ” гэж баярлаад амарч унтахаар яваад орж гэнээ. Тэгтэл хажууханд нь хүмүүс ярилцах чимээ гарчээ. Чих тавин сонсвол:
- Тэр ламтан ч цадиггүй баян юмаа. Амбаар саванд нь орж алт мөнгийг авах арга мэх л хэрэгтэй байна гэж ярилцах юм гэнэ. Тэгэхээр нь Эрхийхэн хүү:
- Би л та нарт тус болж чадна даа гэжээ. Гэтэл хулгайч нар:
- Энэ чинь юу вэ? Хаанаас хэн ингэж хашгираад байна гээд л сандарч байна гэнэ. Эрхийхэн хүү тэсэлгүй инээд алдаж “Хи хи. Намайг аваад яв. Би та нарт тусална” гэсээр дунгийн гэрээс гараад иржээ.
- Чи хаана байна вэ? гэж тэд асууж. Та нар намайг газраас хайцгаа. Миний дуу хаанаас гарч байгааг сонсохгүй юу? гэж Эрхийхэн хэлж гэнэ. Хулгайч нар түүнийг хайж олоод гар дээрээ авчээ. Тэгээд:
- Чи бидэнд яаж туслах юм бэ? гэхэд нь
- Би ламтны төмөр хашааных нь завсраар төвөггүйхэн яваад орчихно. Салхивчаар нь амбаарт ороод санасан бүгдийг чинь аваад өгч чадна шүү гэжээ.
- Санадаг л санаа. Хуруун чинээ хүний хийж чадах ажил ч мөн дөө гээд хулгайч нар явсаар ламын гэрийн хаяанд ирж гэнэ. Эрхийхэн хүү ч ядаж цөхөх юмгүй амбаарт нь орчихжээ. Тэгээд:
Та нар алийг нь авах юм бэ? Алт уу? Эсвэл мөнгө үү? гээд хамаг чадлаараа хашгирчээ. Хаяанд байсан хулгайч нар сандран зугтаж, хажуу өрөөнд нь унтаж байсан зарц эмэгтэй цочин сэрж чагнажээ. Харин хулгайч нар “Энэ муу жаал биднээр даажигнаад байна. Буцаж очъё” гээд эргээд иржээ. Тэгээд “Бяцхан жаал минь битгий маяглаад бай. Алт мөнгө юу дайралдсанаа аваад аль. Хурдал” гэж зандарчээ. “Одоохон, одоохон аваад өгье. Олигтойхон сунгаач дээ наад гараа” гээд Эрхийхэн хүү өмнөхөөсөө чанга хашгирч гэнэ. Энэ удаа зарц орноосоо үсрэн босч амбаар луу гүйжээ. Хулгайч нар ч чимээнээр нь харвасан сум шиг харайлгаж харах бараагүй алга болж гэнэ. Зарц хүүхэн амбаарт ороод хэнийг ч олж харсангүй. Лаа асааж ирэхээр буцаад явжээ. Лаа бариад ирэх хооронд Эрхийхэн хүү өвсний хашаа руу зугтчихжээ. Зарц эмэгтэй ч “Хий юм л сонсож дээ” гэж бодоод унтахаар хэвтэж гэнэ. Эрхийхэн хүү харин тэндээ тухтайхан амарч хоноод өглөө эртхэн гэртээ харихаар шийджээ.

Гэвч түүнд азгүй явдал тохиолдож гэнэ. Энэ ертөнцөд ер нь элдэв учрал ээлжилж байдаг хойно доо. Зарц бүсгүй үүрээр босоод үхэртээ өвс тавьж өгөхөөр гарч гэнэ. Ингээд тэр өвс аваад явахдаа Эрхийхэн хүүг харалгүй хамаад тэвэрчихжээ. Харамсалтай нь хүү маш бөх унтаж байсан учир үхрийн аманд орсон хойноо л сэрж гэнэ. Хүүд гурилын тээрэмний бул дунд орчихсон юм шиг л аймшигтай санагджээ. Гурил болж няцлагдахаасаа өмнө эндээс гарах юмсан гэж зүтгэж байтал өвстэй хамт үнээний ходоодонд орчихож гэнэ. “Энэ нүхэнд чинь гэрэл гэгээ тусахгүй юм. Цонх хийхээ марчихсан юм шиг байна. Ядаж лаа ч асаадаггүй юмуу даа” гэж хүү цухалджээ. Үнэнийг хэлэхэд, хүүд энэ явдал огт таалагдсангүй. Хамгийн хэцүү нь, хаалгаар үргэлж өвс цуван орж ирэхэд Эрхийхэн хүүд амьсгалахад ч бэрх болж байна гэнэ шүү. Сандарч бачимдсан хүү хамаг байдаг чадлаараа:
- Дахиад шинэ өвс хэрэггүй ээ. Надад шинэ өвс дахиад битгий өгөөч гэж хашгирч гэнэ. Түүний ингэж хэлэхийг сонссон зарц нь айж балмагдан ламтанд очоод:
Бурхан өршөө! Ламтан минь. Манай үнээ яриад эхэллээ гэж гэнэ.
- Чи чинь хий юм сонсдог болоо юу? гэж ламтан гайхаад өөрөө үзэхээр явж очжээ.
Ламтанг хашаанд дөнгөж оронгуут нь Эрхийн чинээ хүү мөн л:
- Надад өвс дахиад битгий өгөөч! Надад өвс дахиад битгий өгөөч! гээд л орилжээ. Тэгэхэд нь ламтан ч айж үнээнд нь чөтгөр шүгэлчихэж гэж итгээд төхөөрүүлэхээр шийдэж гэнэ. Яргачин үнээг төхөөрөөд дотор нь Эрхийхэн хүү сууж байгаа сэвстэй ходоодыг жалга руу чулуудчихжээ.

Өвс сэвсээр дүүрэн үхрийн ходоодноос гарах гэж Эрхийхэн хүү их л зүдэрчээ. Толгой нь шоволзож, гар нь сарвалзаад яг л гардгийн даваан дээр дэргэдүүр нь гүйж явсан чоно, үхрийн ходоодыг юутай хүүтэй нь залгачихаж гэнэ.
Энэ удаа Эрхийхэн хүү айж сандрахын оронд арга ухаан сийлье гэж боджээ. Тэгээд чонын гэдсэн дотроос:
- Эрэлхэг ноён чоно гуай. Эрхэм танд таалагдах амттайхан хоол хаана байгааг би мэднэ шүү гэжээ. Ховдог чононд хоолноос өөр юм бодогдсонгүй:
- Хаана байна тэр чинь гэж асуужээ. Эрхийхэн хүү:
- Тариан талбайн урд захад байшин, амбаар хоёр байгаа. Амбаарт нь гахайн махан хиам, галууны шарсан гуя гээд л дуртай бүхэн чинь бий” гээд өөрийнхөө гэрийг маш сайн заагаад өгчихөж гэнэ.
Чоно ч өөд уруугуй шогшсоор яваад өнөөх амбаар луу яваад орчихжээ. Арааны шүлс асгармаар амттан шимттэнг чоно ч залгиж гарч дээ. Амаараа гартал идэж гэдэс нь хэнгэрэг болсон чоно алхаж ч чадахаа болиод амбаарын буланд хэвтэж гэнэ. Яг энэ үед Эрхийхэн хүү чонын гэдсэн дотор харайж цовхорч, хашгирч гуугалж гарчээ.
Чоно:
- Дуугаа татаач чи! Гай болоод хүмүүсийг сэрээчихвэл яана гэхэд хүү:
Ходоод чинь хоолоор дүүрээд сайхан байгаа биз дээ. Үүний төлөө би чамд баяр хүргэж байна шүү дээ гээд өмнөхөөсөө чанга хашгирч гэнэ.
Ярилцах шуугих чимээнээр сэрсэн аав ээж хоёр нь яаран гүйж ирээд амбаарын завсар зайгаар шагайжээ. Гэтэл нэг чоно гэдсээ хагартал идчихээд хэвтэж байх юм гэнэ. Тэд буцаж гүйгээд аав нь сүх, ээж нь хадуур барьсаар ирж гэнэ. Тэгээд нөхөр нь амбаар луу орохдоо эхнэртээ:
- Дэргэд минь ойрхон яв. Дэлсээд авахад чоно үхэхгүй ч байж мэднэ. Тэгэх юм бол чи хадуураараа гэдсийг нь хүү татаарай гэж хэлжээ.
Эрхийхэн хүү эцгийнхээ дууг таниад:
- Аав аа болгоомжтой! Би энд, чонын гэдсэн дотор байна гэж хашгирчээ.
Эрхийхэн хүүгийнхээ дууг таниад аав нь:
- Ээ бурхан минь. Хүү минь амьд мэнд байна. Чонын гэдсэн дотор байна гээд эхнэртээ “ Хадуураа цааш нь тавьчих. Хүүгээ шархдуулчихна” гэж гэнэ. Чоно тариачин эр лүү дайрах гэсэн боловч цүрдгэр гэдсээ даах ч тэнхэлгүй дэмий л архирч байжээ. Тариачин эр сүхээ далайж далайж буулгачихсан чинь чоно тэр дорхноо нам болж гэнэ. Ингээд аав, ээж хоёр нь хутга авчраад чонын гэдсийг зүсэж хүүгээ гаргаж авцгаажээ. Эрхийхэн хүүгээ тэд энхрийлэн тэвэрч, эсэн мэнд уулзсандаа энгүй их баяр хөөр болцгоож гэнэ.
Тэгээд аав нь:
- Хайртай хүүтэйгээ уулзахгүй нь гэж яасан их зовж шаналав аа гэхэд:
- Ээж аав хоёртойгоо уулзах гэж хичнээн их яарсан ч элдэв бэрхшээл зөндөө тохиолдлоо гэж Эрхийн чинээ хүү хэлжээ. Аав нь:
- Чи тэгээд хаана байв гэхэд Эрхийхэн хүү:
Аав минь би
Ачтай тустай оготнын нүхэнд
Амарч тухалмаар дунгийн гэрт
Алттай мөнгөтэй ламын амбаарт
Аймаар идэмхий үхрийн ходоодонд
Амттанд шунасан чонын гэдсэнд байлаа.
Харин одоо та нартайгаа үргэлж хамт байна.
Хаашаа ч би явахгүй гэжээ.
Аав ээж хоёр нь:
- Тэгэлгүй яахав үр минь. Энэ дэлхийн бүх баялгаар ч Эрхийхнэ хүүгээ солихгүй гээд эрхлүүлэн өхөөрдөж гэнэ. Ингээд энхрий хүүгээ идээ ундааныхаа дээдээр дайлж, урт замын туршид урагдаж хуучирсан дээлийг нь бас сольж, шинийг оёж өгчээ.
Энэ өдрөөс эхлээд Эрхийхэн ийш тийш явахын оронд эрдэм ном сурч ээж ааваа баярлуулсан эрхэм сайн хүү болж гэнэ.

Шошго: |

0 Сэтгэгдэл: