Сургамж (Болгар)
Огноо 2013-06-03 at 16:04 UnknownХоёр хүүтэй нэг түлээчин байжээ. Өдөр болгон мод огтлохоор явахдаа хүүхдүүдээ дагуулж явдаг байв. Өөрөө мод огтолж, хүүхдүүд нь тусалдаг байв. Хүүхдүүдээ өсөж том болоход, түлээчин,
- Одоо та нар өөрсдөө ой руу явцгаа. Аав нь гэртээ үлдье гэв. Хүүхдүүд нь,
- Аав аа, тэрэг маань гэнэт эвдэрвэл хэн засаж өгөх вэ? гэж асуулаа.
– Хүүхдүүд минь, тэрэг эвдрэх юм уу, өөр зүйл тохиолдвол айх... хэрэггүй. Сургамж та нарт бүх юман дээр тусална гэв. Ах, дүү хоёр ой руу явлаа. Залуу хүмүүс хурдан байлгүй яахав. Бүр урьдынхаасаа ч их түлээ бэлтгээд тэргэндээ ачлаа. Тэгээд гэр рүүгээ явж байтал замд тэрэг нь эвдэрчээ.
– Сургамж минь, ирж тэрэг засаад өгөөч? гэж тэд хашгирлаа. Хашгираад л байв, хашгираад л байв. Бүрэнхий болж эхэлсэн ч Сургамж ирсэнгүй хэвээр. Тэгтэл дүү нь,
- Энэ хараал идсэн Сургамж лав ирэхгүй нь ээ! Өөрсдөө тэргээ засдаг ч юм билүү? гэв. Ах нь,
- Сургамж хол явчихаад бидний дуудахыг сонсоогүй ч байж болох юм. Алив, хамтдаа байдаг хүчээрээ дуудъя! гэлээ. Тэд хоолойгоо сөөтөл хашгирсан ч хэн нэгэн ирсэнгүй. Дүү нь ахиад л ахдаа хандан,
- Харанхуй болж байна шүү! Бид дэмий хашгирсан юм биш үү? Тэгээд ч тэр сургамж чинь тэрэг засаж чаддаг юм болов уу? гэлээ. Ах дүү хоёр тэргээ засахаар болж нэг нь сүх, нөгөө нь цүүц авлаа. Нэг, хоёр! Нааш, цааш! гээд л өөрсдөө тэргээ засчихав. Тэднийг гэртээ ирэхэд аав нь,
- Хүүхдүүд минь, яаж шуухан явав даа? гэж асуув.
– Аав аа, тэрэг маань замын дунд эвдэрчихээд! Бид нөгөө хараал идсэн Сургамжийг чинь хоолойгоо сөөтөл дуудлаа. Огт ирдэггүй шүү. Тэгээд бид сүх, цүүцээ аваад өөрсдөө чадах чинээгээрээ тэргээ зассан гэж гомдоллоо.
– Хүүхдүүд минь! Энэ чинь сургамж байхгүй юу. Та нар түүнийг дуудахад дэргэд чинь байж л дээ. Туслах хүнгүй болохоор та нар учраа олсон байна. Сургамж сургадаг гэж дэмий ч нэг ярьдаггүй юм шүү хэмээн аав нь сургамжлан хэлээд инээмсэглэж гэнэ.