Хүн хэлтэй болсон нь

Эрт цагт бурхны бүтээсэн хамаг амьтны дотроос хүчин мөхөс дорой нь хүн байжээ. Амьтан амьтны адагт орж ихэд зовж зүдрэхийн эрхээр хүн уртын урт зам туулан туулсаар бурханд бараалхаж сүр хүч хайрла гэж гуйсан гэдэг. Тэгэхэд бурхан чи мухар хар хүчээр юу хийх вэ, чамд оюуны хүч хайрлая гээд хүнийг оюун ухаантай болгожээ. Хүн оюунтай боловч айх зовлон, аливаа гачаалаас бас л бүрэн салж чадсангүй гэнэ. ...
Тэгээд дахин бурханд бараалхаж хэл хайрла гэж гуйгаад хэлтэй болжээ. Ингээд хүн гэдэг амьтан бие, оюуны хүч чадал үлэмж болж юу дуртайгаа хийж бүтээж чаддаг, дээрээ ахгүй, дэргэдээ ижилгүй, дээрэлхүү нь аргагүй амьтан болж гэнэ. Тэгэхээр нь бурхан энэ хүний сүр хүчийг дундлахгүй бол болохгүй нь яая даа гэж бодон номын хүрдийг бясалгаж сууснаа нэг мэргэн арга олоод хүний хэлийг ангилан хувааж, өөр өөр хэлтэй болгосноор хүмүүс бие биеийн хэлийг авсаар ойлгохоо байж хүч чадал нь сарнисан учир одоогийн хүний омог дээрэлхүү бус ачийг бодож ёсыг дагаж усгал зөөлөн зан ааль буй болсон гэдэг. Харин чогчиго хүний сүр хүчин нь хэлтэйдээ байна гэдгийг мэдээд атаархахын эрхээр бурханд байн байн дахин очиж хэл гуйж авсаар байгаад далан хэлтэй болсон боловч оюун хомс тул хүнтэй адил хүч чадалтай болж чадаагүй юм гэдэг.

Шошго: |

0 Сэтгэгдэл: