Хоёр морь
Огноо 2011-11-10 at 13:40 Unknown
Эрт урьд цагт хол газар худалдагдсан хоёр морь эх нутгаа санаж харихаар гүйж явтал хөгшин нэг нь харьж чадахгүй замдаа хоцрох болжээ. Тэгээд залуу мориндоо:
"За, залуу дүү минь
Замдаа сайн яваад хариарай!
Хөгшин ах чинь одоо үхэх боллоо.
Дүү минь
Болзоогүй замаар бүү яваарай!...
Бөртөлзсөн юман дээр битгий очоорой!
Боолттой юмыг бүү задлаарай!” гэж захиад хоцорч гэнэ. Залуу морь нь нэг залхай замаар орж явжээ. Гэтэл нэг бөртөлзсөн бор юмны бараа харагдаж гэнэ. “Түүнийг очиж үзэх юмсан” гэж бодоод тэсч чадсангүй, гүйж очтол уутанд хийсэн юмны ам нь боодолтой бөгөөд дотор нь амьтан байгаа бололтой хөдлөж байжээ. “Түүний дотроос юу гарах бол, үзэс юмсан” гэж тэсч ядаад сонирхон амыг задлатал дотроос нь нэг том, өлссөн чоно гарч ирээд,
- Чи юун морь ингэж миний боодлыг задлав? Би нэг баян айлын малаас барьж идсээр байтал тэр айлын эзэн намайг чиний адил хурдан мориороо хөөн гүйцэж барьж аваад энэхүү уутанд хийж орхисон билээ. Иймд одоо би чамайг иднэ гээд барихаар завдтал нэг туулай явж байгаад тэр хоёрыг үзмэгц,
- Та хоёр юу хийж байгаан бэ? гэж асуув. Тэд үнэн байдал учраа тоочсонд тэр туулай морины аминд орох арга бодож ийн өгүүлрүүн,
- Үгүй, чоно гуай та ийм сайхан том эр байтал уутанд хийлгэж ам нь боолттой хэвтэж байна гэдэг чинь худал буй заа. Хэрэв үнэн бол би харин энэ морин дээр өөрийн биеийг шагналд нь өгч идүүлье гэв. Тэгэхэд чоно
- Үнэн, би энэ уутанд байсан гэж хэлжээ. Туулай,
- Эрхэм чоно та энэ уутанд яаж багтах билээ? Би нүдээр үзээгүйдээ үнэмшихгүй гэхэд чоно морь, туулай хоёуланг идэхээр бодож нөгөө уутандаа дахин ороод толгойгоо хараахан далд оруулаагүй байхад туулай,
- За тэр, толгой чинь багтахгүй байна гэж хашгирмагц чоно толгойгоо даруй далд оруулав. Туулай тэр даруй уутны амыг хуучин хэвээр нь боож орхив. Ингээд өчүүхэн биетэй боловч арга онолтой туулайн гавьяагаар амь гарсан залуу морь нутагтаа очоод сайн эрийн итгэлт хүлэг болоод амар сайхандаа жаргасан гэдэг.