Далантай өвгөн
Огноо 2009-06-17 at 10:05 UnknownДалантай өвгөн далан улаан үхэртэй, далиу ухаа бухтай юм гэнэ. Нэг өдөр Далантай өвгөн далан улаан үхрээ услаад зогсож байж гэнэ.
Тэгсэн чинь арван салаа толгойтой атгаалжин хар мангас хүрч ирээд “За, Далантай өвгөн чи, далан улаан үхэртээ хайртай юу? Далиу ухаа бухандаа хайртай юу? Далан давхар харвиндаа хайртай юу?” гэж асуужээ. Далантай өвгөн “Би далан улаан үхэртээ ч хайртай. Далиу ухаа бухандаа ч хайртай. Далан давхар харвингий минь ид дээ. Гагцхүү далан давхар харвингий минь Тонтий гуайн тонгорогноос өөр юу ч даадаггүй юм шүү дээ” гэж.
Өнөөх мангас Тонтийд очоод “Тонтий гуай, Тонтий гуай, тонгоргоо өгөөч” гэж хэлэв. Тонтий “Миний тонгоргийг Бинтий гуайн билүүгээр билүүдэхээс нааш юу ч даадаггүй юм шүү дээ” гэж хэлжээ. Мангас “Бинтий гуай, билүүгээ өгөөч” гэж гуйв. Бинтий “Миний билүүг Хантий гуайн хасаг тэрэгнээс өөр юу ч даадаггүй юм шүү дээ” гэжээ. Мангас “Хантий гуай, Хантий гуай, хасаг тэргээ өгөөч” гэж хэлэв. Хантий “Миний хасаг тэргийг Тантий гуайн том цагаан азарганаас ондоо чирч чадах юм үгүй” гэж хэлэв. Мангас “Тантий гуай, Тантий гуай, том цагаан азаргаа өгөөч” гэж хэлэв. Тантий “Миний том цагаан азаргыг Унтий гуайн урт цагаан уурганаас өөр барьдаг юм үгүй” гэв. Мангас “Унтий гуай, Унтий гуай, урт цагаан уургаа өгөөч” гэж хэлэв. Унтий “ Миний урт цагаан уурга гадаад далайн цаад захад бий” гэв. Мангас “Тэр уургыг яаж авдаг билээ?” гэжээ. Унтий “Миний уургыг авахдаа хүзүүндээ том чулуу зүүгээд далайг гатлаж авдаг юм” гэжээ.
Мангас тэр ёсоор авах гэж яваад далай дотор живж үхжээ. Эдгээр таван юмны эзэд нь Далантай өвгөний ах дүү нар тул хамтаар дайснаа дарсан нь тэр гэнэ.